Sunday, February 8, 2009

Тvvхэн шигтгээ цуврал

Шигтгээ: Лигдэн хааны хувьд Монголчуудаа нэгтгэх гэж оролдож байсан нь төдийлөн амжилт олоогүй юм. Цахар бол 3 голын Монголчуудын удам. Батмөнх даян хаан ч үнэндээ Цахарын хаан байсан. (бүх Монголын гэхэд хэцүү, хэсэг хугацаанд нэгтгэж чадсан боловч тун удалгүй задарсан байдаг)

Лигдэний өмнөх үе буюу Түмэдийн хүчирхэгжилт, Цахарын доройтол
Түмэдийн Алтан хан (1507-83) нь 1542 онд Түмэд улсаа (баруун түмний нэг аймаг байсан) байгуулсан. Уг нь Зүүн 3 түмнийг цахарын хаад захирч, баруун 3 түмнийг ордосын жонон удирдах учиртай байв. Гэтэл Түмэдүүд эхэлж ордосын мэдлээс гарч улмаар эрхэндээ оруулсан байна. Дараа нь зүүн түмний улсуудыг шахаж, хууль ёсны Монголын Их хааныг хамгаалагч нэр зүүх нэрийдлээр үнэн хэрэгтээ цахарын нөлөөг хумих бодлого явуулсан бололтой. Их хаан Дарайсун *хаан* нэртэй боловч Түмэдэд дээрэлхэгдэн Хянганыг даван дөлжээ. Ингэж зүүн түмнүүд манж угсаатнуудыг оролдож эхэлсэн бололтой. Манжууд (зүрчидүүд) ч өмнө түүхэндээ Чингис хаанд, дараа нь Эсэн тайшид хиар цохиулж байснаа мартаагүй тул энэ өөрчлөлтөөс асар их болгоомжилж байсан нь тодорхой.
1560 онд Түмэдийн Алтан хан Хөх хотыг байгуулжээ.
Түмэдийн Алтан хан хятадын цэргийн техникчдийг ашиглан тухайн үеийн Монголдоо хамгийн их хөнөөх хүч чадалтай арми байгуулж чадсан байна. Мөн эдийн засаг, худалдааны асар их баялаг бүтээж чаджээ. Энэ нь нүүдэлчидийг баялаг бүтээх чадваргүй гэсэн хятадын уламжлалт ойлголтыг эвдэж байв. Ер нь Монгол хаад дайн байлдааны аргаар их баяждаг байсан байдаг (испани, англичууд мөн адил). Гэтэл энэ уламжлалт аргаас өөр зам байх буюу Худалдаа хийх нь дайн хийхээс 5 дахин илүү ашигтай гэдгийг тооцоолж чадсан нь Түмэдийн Алтан хан байжээ. Түүний Хөх нуур, Турфан руу хийсэн аян дайн нь цэвэр худалдааны зорилготой байсан бололтой. Мэдээж цэрэг, эдийн засгийн хувьд Монголдоо л супер-пауэр болоод зогссонгүй соёлын талд Түвдийн шашинг Монголд оруулж иржээ. Тухайн үед Түвдэд шашны мөргөлдөөн гарч байгааг ашигласан байна. Түвдүүдэд Монголчуудын цэргийн хүч хэрэгтэй байсан бол харин Монголчуудад Түвдийн шашны нөлөө хэрэгтэй байсан гэх зэрэг хүчин зүйлсийг харгалзсан байдаг. Түмэдийн Алтан Хан нь ард түмнийг зөвхөн цус төмөр хоёроор бус, харин шашнаар хялбар захирч болохыг ойлгож байжээ гэдэг нь эндээс харагдана. Энэ үед Халхад Цахарын нөлөөнөөс гарах эрмэлзэл байгааг Алтан хан онцгой анхаарч Ар халхыг Цахараас тасалж авчээ. Ингээд Ойрдуудтай хиллэдэг газраа жийргэвч бүс болгохын тулд Түшээт хан ханлиг байгуулахыг анхаас нь дэмжиж иржээ. Энэ үйлдлүүд нь Цахаруудад огтхон ч таалагдахгүй байсан юм.
Түмэдийн Алтан хан 1583 онд нас барав. Түмэдийн нөлөө ч алга болов. Гэхдээ л их улсын инэрци хадгалагдсан хэвээр л байлаа.

Лигдэний зөв зорилго, буруу тэмцэл
1604 онд Лигдэн хаан ширээнд 12 настайдаа залрав. Тэр багаасаа, тусгаар оршихыг эрмэлзсэн Түмэд болон бусад баруун түмнүүд болох Ар Халх, Ордос, Харчин нарыг буцаан нэгтгэж, зүүн түмнүүдэд (нарийндаа бол Зүүн Монголын гол цөм Цахарт) захируулах учиртай гэсэн үзлээр хүмүүжиж өссөн бололтой байдаг. Тэгээд ч Лигдэн нь Чингис хааны алтан ургийн хүн. Хууль ёсны Их хаан.
Манжийн Нурхачи (1559-1626) энэ үед Чин гүрэн үүсэх эхлэлийг тавьж, манж аймгуудаа нэгтгэж байлаа. Нурхачи нь эхэлж амжиж манж доторхи зөрчлөө нэг мөр болгохын тулд *боломжит дайсан* зүүн түмнүүдэд асар их ая тал зассан бодлого явуулж байлаа. Тэгээд ч Лигдэн нь Нурхачийг *жирийн муу загасчдын толгойлогч* маягаар харж үл ойшоодог байв.
1618 онд Манжууд эхэлж Хятад руу дайрчээ. Хойд Хятад нь Монголчуудын худалдааны болон цэргийн нөлөөний бүсэд хамаарагдаж байсан учир Лигдэн үүнд асар их дургүйцжээ. Манжууд тэгсгээд зогссон байна. Учир нь манж дахь монгол угсааны аймгууд Нурхачийн эсрэг хөдлөх болов. Нурхачи нь монгол угсааны манж аймаг болох Иехэ-гийн ханыг хороожээ. Гэтэл тэр хүн нь Лигдэний хадам аав байв.
Лигдэн, Нурхачи нар ингэж байлдах нь тодорхой болов. Гэвч Лигдэн айлган сүрдүүлэх арга хэрэглэхээр шийдэж дараахи захиаг бичжээ:
(1619 оны 11 сарын 27 нд)
"- Би бол Баатар Чингис хааны удам бєгєєд 400 мянган Монголын эзэн билээ. Чи бол усны 30 мянган Зvрчидийн эзэн. Хэрэв чи миний ємнєєс дайрах гэж байгаа бол сайн бодоорой. Чи Хятад улсад гай гамшиг их тарьжээ. Хятад бол миний сонирхолын бvс гэдгийг мэдтvгэй. Ийм учир энэ зун би КуанНин хотыг эзлэв. Чи хэрэв энэ хотыг дайрвал миний газар нутаг руу єнгєлзсєн гэсэн vг. Yvнийг би хэрхэвч тэвчихгvй болохыг мэдсvгэй." Нурхач хариуд нь : (1620 оны 2 сарын 20)
"- Чи юундаа 400,000 Монголоор намайг айлгав. 1368 онд та нар Дайдугаас хєєгдсєнийхєє дараа хиартал цохиулсаар 60,000 нь л vлдээ биз дее. Тэдний олонхи нь чамаас нvvр буруулжээ. Ордос 10,000., Монгголчин (10 Тvмэд) 10,000 ., Харчин (+Асуд, Еншєєбvv) 10,000 ., Эдгээр баруун 3 тvмэн чамд захирагдахгvй. Yлдсэн зvvн тvмнvvд нь ч гэсэн чамд харьяалагдах билvv? Хуучирсан их тоогоор намайг айлгаж миний их улсыг єчvvхэн хvнтэй гэж тохуурахыг тэнгэр эцэг, газар эх тэвчихийг чи мэдэхvv. ..... ... чи бид 2 Хятад хэмээх хамтын дайсны эсрэг тэмцэгч тэнгэр заяат ах дvv хоёр бус уу. Би Хятадыг дайтна. Чи нэг бєгєєс хамтар vгvй бол бvv саад хий" гэсэн утгийг илэрхийлжээ.
Ингээд дайн болсонгүй. Манжууд Лигдэнтэй байлдахын өмнө Монгол ноёдыг хахуулидаж талдаа татаж эхэлжээ. Хамгийн түрүүнд Хасарын удмын Хорчин, тэгээд өвөр Халх болон Урианханы ноёд Манжид дагаар орж Лигдэний эсрэг холбоо байгуулав. Учир нь Лигдэн Манжтай байлдахын өмнө Цахарын нөлөөнөөс гарах санаатай байсан зүүн түмний эдгээр аймгуудыг довтолж, *ухамсар суулгах*-ын зэрэгцээ асар их алба авч байхаар болгожээ.
Нурхачийн дараа түүний хүү Хунтайж хаан болов. Хунтайжийн 14 охины 9-ийг нь Монгол ноёд авч суужээ. Мөн хожмын Энх-Амгалан хаан ч монгол эмээтэй байсан гэдэг.
1627 онд Лигдэн баруун түмний харачинг довтлов. Дараагийн зорилго нь ч тодорхой байлаа. Иймд зүүн түмний Авга болон Ордос, Түмэд, Ар Халх гэсэн баруун түмний улсууд нийлж Лигдэний эсрэг байлдаад 40000 Цахарын цэргийг хяджээ. Ингээд өвөр Халхуудын үлдсэн аймгууд ч гэсэн Лигдэнээс зугтаж манжид дагаар оржээ. 1631 онд Лигдэн заналт дайсан Ар Хорчинг дайрав. Хорчингууд Манжаас тусламж гуйгаад хамтарсан хүчээр Лигдэнг хиар цохижээ. 1632 онд зун Манжийн их цэрэг болон Манжид дагаар орсон Монголчууд нийлж нэгдсэн өргөн фронтоор Цахарыг баруун тийш түрж эхлэв. Цахарууд Хөх Нуур руу зугтаж явахдаа Ар Халх, Ордос, Түмэдийн армиудын отолтонд орж дахин нэг цохиулжээ. Ингэж 100,000 хүнээ авч зугтаж гарсан боловч нүүдлийн замд бохир болон халуунаас шалтгаалах (мөн цэвэр ус дутагдаж) халдварт өвчин гарчээ. Ингээд Лигдэний арми бүр мөсөн сүйрчээ. 1633 онд Цахарын нөлөөний Хишигтэн (Чингисийн удам) аймаг манжийн асар их цэргийн эсрэг байлдаж толгой даруулан хядуулаад эзлэгджээ. Үзэмчин, Авга, Сөнид аймгууд манжтай байлдаж үзсэн боловч дорхноо ялагдаж Ар Халх руу зугтан орж, тэндээ нийлжээ. Лигдэний хүү Эрх Гонгор Хөх нуурт нилээн тэнхэрч аваад эргэж ирсэн боловч ордос нарт хууртан баригдаж, манжид хүргэгдсэн байна. 1635 онд Ордосууд ингэж Манжийн хаанд гавьяа байгуулсан боловч сайн юм болсонгүй. Манжууд тэртээ тэргүй Цахарын Лигдэнтэй тэмцэж тамирдаад байсан ордос руу дайрч түйвээв. 1636 онд Манжууд Түмэдийг эзлээд баян тансаг Хөх хотыг үнс нурамтай нь хольжээ. Ингээд өвөр Монгол Манжид эзлэгдэв. Манжууд улмаар өвөр Монголтой хамтарч Хятадыг дайрч 1644 он гэхэд Бээжинд Чин гүрний нийслэлийг төвлөрүүлэв. 1669 онд Лигдэний отгон хүү Манжийн эсрэг бослого гаргаж байгаад баригдаж, Мүгдэнд хоригджээ. Түүний хүү зоригт Бүрни Манжийн эсрэг байлдаж бага сага амжилт олж байсан ч удалгүй Хорчиний армид бут цохиулжээ.
Лигдэн нь Улааны шашныг дэлгэрүүлж, түүгээрээ дамжуулан Монгол улсын эв эеийг нэгтгэх гэж санаж байсан бололтой. Түүний үед их бурханы шашны судруудыг монголчлох ажил эрчимтэй өрнөж байжээ. Лигдэн улааны шашинг сонгосон нь түүний Түмэд нарт болон тэдний шарын шашинд дургүйтэй нь холбоотой байсан байж болох юм.


Ар Монгол бол Манжийн дараагийн зорилго
Манжууд зүүн болон баруун түмнүүдийг эзэлж дуусгаад харахад зүүн Монголоос Ар Халх л үлдсэн байлаа. Гэтэл ар халхын ноёд Далай ламтай холбоо барьж улмаар шарын шашинт баруун Монголчуудтай (Хошууд, Зүүнгарын Ойрдуудтай) эвсэл байгуулсан юм (1640 онд). Манжууд ч Хошууд нарын хүч чадлыг зөв үнэлж байсан учир шууд дайн хийхээс эмээж байв. Ар Халх, Ойрд нартай шууд дайн хийх нь бас л их эрсдэлтэй байсан биз. Ингээд Түвдүүдтэй нийлж маш хорлонтой гэрээ байгуулж, Монголын эсрэг бодлогоо улам нарийсгаж эхэлсэн байна.
Хасарын удам Хорчингийн ноёдын алдааг хожим Түшээт хан Чахундорж давтсан байдаг.

Галдангийн товч түүх
Галдан манжтай нэлээн тулжээ. 1690 онд Халх голын хөндийд цөмрөн орж өвөр халхуудаас алба татвар авч байхаар болжээ (учир нь Ар халхад ган, зуд нүүрлэсэн жилууд эхэлсэн байлаа). Удалгуй Халх, манжийн арми хамтран их хүчээр Галдантай халз байлдаад ялагджээ (Улз голын тулалдаан). Энэ тулалдааны Манжийн хамгийн гарамгай жанжин удирдсан ч хамаг цэргээ хядуулж орхиод, амь сахигч цөөн цэрэгтэй зулбан гарч Бээжин руу зугтсан байна.

Улаанбудан
Дээрх дайны ялагдалд хорссон Манжийн хаан шинэ довтолгоог тэр дор нь зохион байгуулав. Энэ удаад Манжийн эзэн хааны төрсөн дүү, их цэргийн жанжин Фу Чуан биечлэн асар их цэрэг цуглуулж Галдангаас өшөө авах бэлтгэлийг шуурхай базаажээ. Түүнчлэн Бээжингээс хар хятадын их бууны хороог татан авчирсан байв. 1690 оны 7 сар гэхэд Галдан 20000 цэргээ авч өвөр Халхуудтай байлдаж тэднийг түрсээр Улаанбудан гэдэг газар ирэхэд манжийн их цэрэг давшин иржээ. Манжууд бүтэн өдрийн турш их буугаар буудсаны эцэст асар их цэргийн хүч давшуулав. Ойрдууд тэмээгээ эгнүүлэн хэвтүүлж бэхлэлт хийгээд орой болтол буудалцаад сумаа дуусмагц гардан байлдаанд орж шөнө болтол байлджээ. Энэ тулаанд манжууд асар их хохирол үзээд Галдантай түр энхийн гэрээ байгуулаад ухарсан байна. Ойрдууд ч талаас илүү хүн хүчээ алджээ. Галдан энэ тулаанд ялж гарснаар асар их нэр хүнд олж авч Манжид дургүй монголчууд түүнд олноор даган орсон тул цэргийн хүч нь урьдынхаас их буюу 30000-40000 болжээ. Галдангийн хүч нөлөө өдрөөс өдөрт нэмэгдэж байсан тул Манжууд яаравчлан хөдөлж Долооннуурын чуулганыг хуралдуулж Халхын ноёдыг манжийн албат болгов.

Сэм хорлон сүйтгэх манж арга
Манжууд Галданг цэргийн хүчээр дайрах тактикаа өөрчилж, Монголчуудын дунд Галданг Муслимын тагнуул гээд Далай лам Галдан нарыг хоорондоо муудалцсан байна гэсэн утга бүхий цуу мэдээ тараалгажээ. Галдангийн жанжин нарыг талдаа татахыг оролдох, мөн Хошууд Зуунгарыг Галдангийн эсрэг ашиглах арга хайж эхлэв. Галдан гадагшаа худалдаа хийх ямар ч аргагүй болсон тул өлсгөлөн, өвчин гаарч хүн ам нь асар хурдан хорогдож эхэлсэн байна.

Зуун модны туладаан
1696 онд Манжийн эзэн хаан өөрийн биеэр их гүрний шилмэл 100,000 цэргийг удирдан ирж, дөнгөж хаврын урь орж байх үед ар Халхыг довтолжээ. Галдан энэ довтолгоонд бэлтгэлгүй байсан тул яаран Ховд дахь бэхлэлт руугээ ухарсан боловч Зуун модонд отолтонд орж тулалдаад, зугтсаар Орхоны бэхлэлт хүрч тэндээ түр тэнхээжиж аваад Ховд хүрэх замдаа Алтайн нуруунд өвчнөөр нас баржээ.
Чин гүрний эзэн хааны тушаал ёсоор бол, Зуун модны тулалдаанд Галданг амьд үхсэн заавал барих ёстой байв. Галдан 10000 орчим цэрэгтэй байсан боловч армийнх ни удирдлага дотор Цэвээнравданг болон Манжийн хааныг дэмжигч нар гарч Галданг ганцаардуулсан байна. Монголчууд зэвсэг бариад ирсэн дайсны өөдөөс халз тулаад дийлддэггүй байв. Харин хоёр нүүр гаргаад ирсэн манжуудын хорон арга, уран залинд амар дийлджээ. Манжууд Лигдэнг ганцаардуулж, урвагч нарын хүчээр Өвөр Монголыг эзэлсэн. Энэ аргаа ч бусад Монголчуудад амжилттай давтсан байна.
Өвөр Монгол 1636 онд,
Ар Монгол 1697 онд эзлэгдсэн.
Халимагаас зугтаж ирсэн Торгуудууд 1771 онд манжийн харьяанд орсоноор баруун Монгол бас Чин гүрний бүрэлдэхүүнд багтах болжээ. 1911 онд Монголчууд тусгаар тогтнолоо эргүүлэн олж авсан. 1911-1771=140 жил Манжийн дарлалд байжээ гэж болохоор байна.

No comments:

: