Sunday, February 15, 2009

ИХ ХААНЫ ОРДНЫГ ХӨДӨӨ АРЛААС ИЛРҮҮЛЖЭЭ


Аль эрт бичиж нэгэн нэгэн сурвалж лагыг "Археологи" -тоо орууллаа. Цаг хугацааны хувьд хоёр жилийн өмнөх юм шүү. Гэхдээ сонирхсон хүндээ сонин байж магадгүй гэж бодов... Монгол- Японы хамтарсан "Шинэ зуун" төслийн хүрээнд хийгдсэн археологийн судалгаагаар 13-р зууны үеийн Монголын нийслэл хотын туурийг илрүүлсэн байна. Чингисийн Аураг орд буюу Аврага хот хэмээн түүхийн эх сурвалжуудад дурдагддаг энэ хосгүй чухал байгууламжийг Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дахь Хэрлэнгийн хөдөө арлын орчмоос олжээ. Мөн энд төмөрлөгийн үйлдвэр байсан тогтоцыг илрүүлсэн нь дэлхий дахинд шуугиан тарьж мэдэхээр байна. Монгол Улсын Ерөнхийлөгч "Буурал түүхийн жимээр" хийж буй аяллын маршрутынхаа дагуу Хэнтий, Сүхбаатар аймагт саяхан ажиллаад ирлээ. Энэ үеэр археологичид дээрх үнэ цэнэтэй мэдээллийг Ерөнхийлөгчид дуулгасан юм. Буурал түүхийг хөрсөндөө нууцалсан тэрхүү газарт өнөөдөр талын сэвэлзүүр салхи агь таанын үзүүр илбэх агаад газрын шарх хэдийнэ хээрийн буйд бэлчир болон эдгэжээ. Найман зууны тэртээ их хаан өргөөгөө засаж их цэрэг өртөөлөн буудаллаж байсан ор мөр үнэр ч үгүй эдгэсэн энэ газрын элгэнд Чингисийн Аураг орд түүхийн он дарааллын бичээсээ нууцлан оршиж байгааг хамгийн орчин үеийн металл хайгчаар хийсэн геофизикийн судалгаагаар тогтоосон байна. Уг газрыг манай нэрт археологич Х.Пэрлээ агсан 1960-аад оны үед судалж энд төмөрлөг боловсруулдаг үйлдвэр байжээ гэсэн таамгийг дэвшүүлж байсан байсан гэнэ. Аураг ордны нийт талбайн хэмжээ 1200*400 метр орчим ажээ. Мөн энд хоёр давхар хэрэм бүхий томоохон байгууламж байгаа нь түүхийн гурван чухал үед буюу Чингисийн, Өгөөдэйн, Юань гүрний үед хамаарагдаж байгаа юм байна. Энд нэгдсэн малтлага хараахан эхлээгүй ч он цаг тогтооход хангалттай баримт материал олдож байна хэмээн археологийн багийн гишүүд ярьж байхад манай нэрт археологич, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Д.Баяр нарын хүмүүс түүхийн сурвалж бичиг, аман домог, баримтуудад түшиглэн олдворуудыг таньж мэдэх боломж хийгээд харьцуулсан судалгааныхаа талаар Ерөнхийлөгчид тайлагнаж байлаа. Аураг орд нь эртний нийслэл Хархорингоос өмнөх Монгол улсын улс төрийн гол төв, нийслэл хот байжээ гэдэг нь хөдөлшгүй баримтуудаар нотлогдож байна хэмээн ШУА-ын Ерөнхийлөгч, академич Б.Чадраа онцлоод төлөвлөгдсөн судалгааны 90-ээд хувь нь хийгдээгүй байгаа ч дээрх дүгнэлтэд итгэлтэй байна гэдгээ Ерөнхийлөгчид хэлсэн. Дашрамд дурдахад Японы Засгийн газрын "Өвсний үндэс" хөтөлбөрийн санхүүжилтээр уг газрыг хашаалсан хайс барихаар болсон байна. Танилцуулгын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр Их хуралдай хуралдсан энэ газарт УИХ-ын чуулганы хуралдааныг бодитоор нэгэн удаа хийхэд ч болохгүй гэх газаргүй хэмээн бодож байгаагаа ярина билээ. Цаашлаад Ерөнхийлөгч Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт орших Хөргийн хөндий хэмээх хүн чулуудын "хотхон"-д хүрэлцэн очиж эртний монголчуудын чулуун хөргүүдтэй "уулзлаа". Хүн чулуун дурсгалыг зөвхөн Түрэгийнх хэмээн саяхныг хүртэл нотолж байсан бол уг газарт байгаа дурсгалууд нь цөм Монголынх гэдэг нь бас л тогтоогджээ. Сонирхолтой нь эндэхийн хүн чулуудын өмсгөл, дээл хувцасны хээ нь мөнөөх Аураг орд бюу Аврагын балгаснаас олдсон дээлний хээ угалзтай адилхан гэнэ. Тэрчлэн Хэнтий, Сүхбаатар аймгийн нутаг дахь хад чулууны бичээс, тэндээс олдсон олдворууд нь бүгд нэг нэгнээсээ улбаалсан нарийн сэжмээр холбогдож байгаа талаар ч түүхчид ярьж хэлж байсан. Дарьганга сумын ойролцоо Ноён, Хатан, Хүү, Бэр нэртэй дөрвөн хүний чулуун хөшөө байх агаад тэдгээр нь их хэлмэгдүүлэлтийн шуурган жилүүдэд толгойгоо цавчуулж эрэмдэг болсныг хожим нутгийнхан нь боржин чулуун "хиймэл толгой"-гоор орлуулжээ. Энэхүү дөрвөн хөргийг өөр өөр төрлийн, өнгө зүс ялгаатай чулуугаар харилцан адилгүй ур чадвар гарган хийсэн боловч ерөнхий хэлбэр байдал, дүрсэлж гаргасан хувцас, эд хэрэглэл нь нэгэн цг үе, нэг соёлын хүрээнд хамрагддаг юм байна. ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Д.Цэвээндорж Бэр хөшөөг эрэгтэй хүний баримал гэдгийг судалгаагаар тогтоосныг яриад нутгийн оршин суугчид ахуй амьдралдаа ойртуулах замаар домоглон Бэр хөшөө хэмээн нэрийддэг байсан гэж байлаа. Мөн үеэр археологч, эрдэмтэн судлаачид шинжилгээ судалгааныхаа бүтээлийн эмхэтгэлийг Ерөнхийлөгч болон түүнийг дагалдан яваа Сүхбаатар аймгийн уугуул, Шадар сайд Ч.Улаан, Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Арвин нарт бэлэглэж байв. Түрэгийн үеийн дурсгалуудын дээлийн энгэр нь буруу байхад Монголын үеийн дурсгалын энгэр нь зөв байдгаараа онцлог гэнэ. Мөн Хөргийн хөндийн хүн чулуудын дунд хос бэлэгтэй болон нүцгэн хүний баримлууд байгаа нь онцгой сонирхол татаж байгаа бөгөөд судлаачид үүнийг тайлбарлахдаа, тухайн үед томоохон эрх дархтай байсан язгууртан хүнийг алдаа эндэгдэл гаргасных нь төлөө гэсгээх зорилгоор ийнхүү дүрсэлсэн байж болох талтай гэж ярилаа. Хөргүүдийн дүрслэлийн хамгийн нийтлэг зүйл нь бүгдийг ямар нэг юман дээр сандайлан сууж байгаа байдлаар дүрсэлсэн явдал бөгөөд энэ нь түрэгийн хүн чулуунаас ялгарах гол онцлог нь болдог ба өөрөөр хэлбэл тэдгээр нь 13-14-р зууны монголчуудад хамаарах зүйл болохыг баталдаг байна. Мөн ихэнх хөргийг малгай, гуталтай атал биедээ хувцасгүй нүцгэнээр дүрсэлж, цээжинд нь товгор хөх гаргахын сацуу эр хүний хүйсийн тэмдэг дүрсэлж сийлсэн нь ямар нэг хорио цээртэй зан үйлийн ул мөр байж болох талтай гэнэ. Дээрх хүн хөргүүдтэй холбоотой төрөл бүрийн домог яриа байх бөгөөд тухайлбал хөргийн хөндийн хүн чулуудын талаар: Эрт дээр цагт энэ нутагт нэгэн ноён албат ард, ахан дүүсийн хамт нутагладаг байжээ. Тэгээд нэгэн удаа албат ардаа цуглуулан их ан авд гарч Хөргийн хөндийгөөр зээр хөөн авлаж, хөндийн хойд үзүүрт байх Бичигт хэмээх эгц цавчим хадат ангал руу хашин шахаж үй олноор нь хаднаас унаган хүйс тэмтэрч устгажээ. Тэгээд үүнээсээ болж тэнгэрийн цээрлэл хүртэн удам угсаагаараа сүйрсэн гэдэг. Тэр ноёныхныг гэр бүлээр нь хөргийн хөндийд нутаглуулан эд хөрөнгийг нь дагалдуулан хийж хүн чулуу босгон Бичигтийн хадан дээр "Хойч үеийнхэн ийм явдал дахин бүү гаргатугай" гэсэн утгатай бичиг сийлэн үлдээсэн гэж ярьдаг байна. харин судлаачид Дарьгангын хүн чулууд бол эзэн Чингис хааны алтан ургийн тахил тайлгын онгон хөшөө дурсгал хэмээн үздэг бөгөөд энэ нь ч нэлээд зүйлээр батлагддаг байна. Өнгөрсөн сард Хөвсгөл аймгаас эхэлсэн "Буурал түүхийн жимээр" гэх энэхүү аялал 3000 гаруй км-ийг туулж үзсэн харснаа дүгнэн ярилцах үес ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Чадраа Ерөнхийлөгч Н.Энхбаярт хандан нэгэн зүйлийг цохон тэмдэглэхийг хүссэн юм. Тэрээр хэлэхдээ, "Аливаа ард түмэнд судсанд нь цохилох бахархал хэрэгтэй. Тиймээс Монголыг их язгууртай үндэстэн гэдгийг гэрчлэх энэхүү чухал эд зүйлсийг хадгалах, хамгаалах төрийн бодлого үгүйлэгдэж байна. Үүнийг болгоон үзэж судалгаа шинжилгээний зардал, хадгалалт хамгаалалтын нэгдсэн тогтолцоог буй болгох нь эрхэм чухал" хэмээн үзэж байна гэсэн юм. Түүхийн үнэ цэнэтэй ховор дурсгалууд хээрийн дэвсэгт бороо шороонд эвдэрч гэмтэн өөрийн гэх өнгө төрхөө улам бүр алдсаар байгаа нь судлаачдын сэтгэлийг ихээхэн эмзэглүүлж байдаг, иймээс эх хувийг нь нийслэлд төвлөрүүлж музей байгуулах, оронд нь дуураймал загвар хийж тухайн байсан газарт нь залах зэрэг арга хэмжээг цаг алдалгүй авах хэрэгтэй гэж үзэж байгаа юм байна. Мөн гадаад дотоодын судлаач шинжээчид түүхийн эл дурсгалуудын зураг, загвар, хэвийг авч дэлхий дахинд үзүүлэн таниулж эхэлсэн нь монгол нутаг дахь хүн чулуудын хувь тавиланд заналхийлж, үнэ цэнийг нь хямдруулах сөрөг үр дагавартайг ч энэ үеэр ярьж хэлж байсан билээ. Чулуунд нас гэж байдаг, энэхүү насны хэмжил одоо бараг дуусах дөхөж байна хэмээн тэд шогширч байсан. Ерөнхийлөгч Сүхбаатар аймгийн нутагт ажиллах үеэрээ Хилийн цэргийн 17-р отрядын Ламтын заставт зочилж тус заставын хариуцсан хэсэг дэх хилийн 999-р тэмдэгт баганыг эргэсэн юм. Мөн заставын хойхно талд орших хос чулуун хөшөөн дээр очсон нь энэ нутагт байгаа чулуун хөшөөдөөс өнгө хийцээ алдаагүй цорын ганц дурсгал нь гэж хэлж болохоор байлаа. Шаргал өнгийн элсэн чулуугаар уран гоёмсог сийлж хийсэн бөгөөд хоёул түшлэгтэй исэрт сууж байгаа дүртэй. Чулуун хүмүүс энгэртээ хундага маягийн юм барьсан нь тахилга тайлгын холбогдолтой ажээ. Ер нь ихэнх хүн чулуун хөшөөд биеийнхээ цээжин хэсэгт хундага барьсан байх агаад тэр нь нас барагч өөрөө хойлгын тахилга, идээнд оролцож байна гэсэн утгыг илэрхийлдэг гэнэ. Эдгээр хүн чулууд нь дүрэг хэлбэртэй, голыг нь хотойтол ухсан чулуун овоолгын төв дунд байсан гэнэ. Чулуун овоо тус бүрийг малтан шинжихэд хүн оршуулсан булш биш, харин онгон тахилгын шинж чанартай дурснгал болох нь мэдэгдсэн байна. Түргийн хүн чулуудад эзэнтэй дурсгал олон байхад Монголынход эзэнтэй дурсгал бараг байдаггүй аж. Харин Дорнод аймгийн Халх гол сумын нутаг дахь Шонх таван толгойд байдаг бүтэн хүн чулууг Чингис хааны отгон хүү Тулуйн дурсгалд зориулсан гэх таамаглал байдаг байна. Манай улс дахь хүн чулуун хөшөөдийг судлах шинжлэх ажил Оросын эрдэмтэн В.А.Казакевичийн удирдлагаар 1980-аад оноос эхэлжээ. Энэхүү 20 гаруй жилийн судалгаа шинжилгээний нөр их ажлын үр дүнд хөшөө чулуудыг зөвхөн Түрэгийн үеийн дурсгал биш Монголын дурсгалууд бас нэлээдгүй хувийг нь эзэлж байгааг тогтоосон нь Монголын түүхийн үечлэлийг тодруулахад ихээхэн хувь нэмэр болжээ. Одоогоос 50-60 мянган жилийн өмнөх олон арван дурсгал Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаанд байдаг ба Хэнтий Сүхбаатар аймаг нь эртний түүхийн өлгий нутаг гэдгээрээ Монголд төдийгүй дэлхий дахинд алдарших цаг ойрхон байгаа юм болов уу гэсэн сэтгэгдэл төрж байлаа. Аураг орд буюу Аврагын балгасыг олсон нь Монголын ард түмэнд төдийгүй биднийг анхааран ажиглаж байгаа дэлхий нийтийн сонирхлын гадуур өнгөрөхгүй гэдгийг Ерөнхийлөгч тэмдэглээд Монголын тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойг Хархоринд товлосон нь арай эртэдсэн ч байж болох талтайг цухас дурдаж байсан. Тиймээс ч Хэрлэнгийн хөдөө аралд /Аураг орд-д/ УИХ-ын чуулганыг нэгэн удаа хуралдуулж хүндэтгэл үзүүлэх нь зүйтэй гэсэн хувийн саналаа ивсэн болов уу. Юутай ч Монгол төрийн сүлд ивээж өндөр дээдсийн голомт өөдөө харагдахын эхлэл ийнхүү тавигдлаа. Ерөнхийлөгчийн орон нутагт ажилласан энэ удаагийн томилолт арвин их мэдээлэлтэй амтархах содон үйл явдлуудаар дүүрэн байсныг хэлэх нь зүйтэй байх. Тэрхүү сонин содон үйл явдлуудын захаас цухасхан дурдахад ийм байна.

Б.Занданхүү

No comments:

: