Sunday, February 1, 2009

Ж.Пvрэв. Хvн чулууны мøрøøр

(үргэлжлэл 3-р)

Сарнай дэлгэрсэн ойн захад

Шархүүгийн сэтгэлд хоёр юм уяастай явсаар Улаанбаатар орох замдаа түүнийгээ бодсоор байв. Өөр бусад зүйл хүүгийн хувьд нүдэнд товойж эс харагдана. Юу вэ гэвэл, нэгд Цэрмаагийн гуалиг өндөр нуруундаа зохицсон гунхсан сайхан бие, түүний зүүн зовхин дээрх тод хар мэнгэ, дэрвэгэр цагаан шүдээ яралзуулан орчноо гэрэлттэл инээдэг хөгжөөнт инээдэм, нар салхинд хувирч борлосон төлөв дулаан өнгийн царай Шархүүгийн өмнө торолзон харагдах шиг, түүний ёжтой нь аргагүй, давхар утга агуулсан намуун дууны аяар урсдаг, сэтгэлд нийцэмтгий яриа хоёр чихэнд зэрэг сонсогдоод байх шиг болно. Нөгөө гэвэл, яагаад Агьтын хөндийн эхэн дээр, тэр өнгийн цэцэг алаглан дэлгэрсэн уудам ногоон талыг өдөр шөнөгүй харуулдан ширтэж байхаар хүн чулуу бий болдог билээ? Түүнийг ямар утгаар, хэн, яах гэж, тэнд босгов оо? Тэр тэгш зөөлөн шороон хөрстэй уудам ногоон талыг өөрийн болгон үүрд эзэмшин байх гэсэн хэн нэгэн хүний мөрөөдлийн илрэл үү? Түүний дотор нандигнан хийсэн, төмөр дээр бөхлөн бичсэн хачин утгатай хэдэн үг ямар учиртай вэ? “Энд монгол хүн байжээ” гэдэг үг чинь өнгөрсөн төлөвийг зааж байгаа. Тэгэхээр монгол гэж өдгөө байхгүй, урьд нь л тийм хүн энд байсан гэсэн санааг гаргаж байгаа нь гарцаагүй биз дээ. Тийм л байна. Түүнээс өөрөөр хаашаа ч зайлах арга алга даа, тэр үг. Тэгэхээр хаанахын хэн, яаж тэр тал хөндийг эзэгнээд, тэнд монгол хүн яаж алга болон, урьд тийм нэртэй хүмүүс байжээ гэдэг нь хөшөө чулуун дээр, тэр нь дуурсагдан үлдсэн байх болж байна. Энэ бол тийм болгох хүслэнтэй хүний мөрөөдөл болж таарч байна уу гэсэн бодол Шархүүгийн сэтгэлийг замын туршид үгтээн, “Үүнийг үзлээ. Би яах ёстой вэ?” гэсэн асуулт сэтгэлийн нь угт уягдан давхисаар, энэ бодлоо харъалах даргадаа хэлэхсэн гэхээс яаран догдолж, замдаа хоёр дахин шатахуун сэлбэж аваад амралгүй давхисаар нийслэлд орж ирлээ. Олон тэрэг усны урсгал адил жирэлзсэн хотын гудамж түүний нүдэнд содон харагдаж, таримал ногоон мод нүдэнд нь чимэг болж байв.
Хүү сангаас эзэгнүүлсэн ганц тасалгаа байрандаа үдшийн бүрийгээр орж ирээд, авч ирсэн хэсэг мөөгөө нар үздэггүй цонхон дээр өлгөж, ганзгалж ирсэн өрөм ааруулаасаа халуун хар цайнд хийж идэн, орондоо орлоо. Сэтгэлд нь замын туршид бодогдсон хоёр зүйл уяатай хэвээр байв. Шархүү өглөө босмогц бие, юмаа янзалж аваад ажил руугаа гүйж очсон дороо өөрийн тасгийн дарга, хошууч Соном дээр амьсгаа жаахан дээгүүртэй орж явчихлаа. Тэд цэрэг хүний байдлаар ёс хийн уулзав.
Нөхөр хошууч аа гэж Шархүү номхон зогсоод мэндлэв.
Хөдөө сайн явж ирэв үү? Явсан газраар сонин юм юу байна вэ гэж хошууч эелдэглэн асууж ам нээлээ. Шархүү жаахан түгдрэнгүйгээр хөдөөд үзсэн харсан бүхнээ илтгэх байдлаар хэлбэл, Соном бодолхийлэн, хүүг анхааралтай сонсоод, нэмэлт цөөн зүйл асууж тодруулснаа ажигч нүдээр хүүг харж:
Чи зөв юм ярьж байна. Бид бол аливааг давхар нүдээр харж, тэр дор нь уг явдлын учрыг сийрүүлэн тунгааж бодоод дүгнэлт хийж байх ёстой. Тэр хүн чулуунд хандсан чиний хандлага зөв байна. Хийж байгаа дүгнэлт чинь ингэж бодох зүйл мөн байх. Тэр чулуун дор байгаа бичээстэй зүйлийг аваагүй чинь бас зөв юм шиг надад санагдаж байна. Чи надад ярьж байгаа энэ зүйлээ өнөөдөр илтгэх хуудас болгон тодорхой бичээд ир. Би түүнийг чинь удирдлагад танилцуулъя гэж даргын журам ёсоор хэлэв. Шархүү хошуучийн үгийг “За” гэж хүлээж аваад, гарч өөрөө ажилладаг тасалгаандаа ороод, үзэг цаас барин суулаа.
Эхлээд дарга Сономын ясархаг өндөр нуруутай, тогтуун байдалтай боровтор нүүрэндээ зохицсон хүрэвтэр нүдтэй, дөлгөөн дүр нь түүний бичгийн цаасан дээр тодрон харагдах шиг болж “Энэ надад ярьж байгаа зүйлээ, тэр чулуун хүнд өгч байгаа дүгнэлтээ чи дахин сайн бодоод гүйцэд бичээрэй” гэж хошуучийн хэлсэн үг бүрэн эхээрээ санагдаж байв. Шархүү илтгэх хуудас бичиж суухдаа “Яагаад тэр чулууг Агьтын хөндийд эзэн болгон суулгав аа? Хятад үсгээр хадмалан хэлсэн үгээ бичнэ гэдэг чинь цаана нь түүнийг харж цагдаж байх эзэн өмнө зүгт бий гэсэн үг. Тэр чулууг буулгаад, дор нь байгаа бичгийг үзэх хожим хойчийн хүн бас байна гэсэн үг. Тэгэхээр тэр маань цаанаа нэлээд лав углуургатай болж таарч байна” хэмээн бодож байлаа. Энэ бодол залуугийн санаанаас гарч салахгүй зовооно. Түүний хажуугаар бичиж суугаа юмны нь мөрний завсраар дөлгөөхөн харцтай, намуухан дуут Цэрмаагийн боровторхон царай, хувинтай сүү бариад гэдэгнэн яваа түүний үзэсгэлэн гоо бие үзэгдэх шиг болон сэтгэлд нь урган гарч ирээд, бусдад үл сонсогдом байдлаар “Чи минь одоо хаана юу хийж байна вэ? Намайг ч огт бодохгүй байгаа биз дээ?” Аа, чи намайг наашаа явахад юу гэлээ? Тийм тийм. “Чамайг сумын наадмаар ирэх юм бол би баярлана” гэж хэлсэн шүү дээ. Тэр үг нь үнэн болов уу? хэмээн амандаа үглэж суув. Ийм л байдалтайгаар Шархүү ажиллаж байлаа. Түүний хийх ёстой зүйл ганц илтгэх хуудас биш, бусад судлан боловсруулбал зохих зүйл нэлээд байв.
Шархүү үдэш гэртээ сууж байгаад Цэрмааг бас бодон, түүнд анхныхаа захиаг бичлээ. Өгүүлсэн нь: “Хайрт минь ээ. Чи сайн харьсан уу? Танай аав, дүү нар чинь сайн байна уу? Чи сумынхаа наадамд бэлтгэж байна уу? Би сайн явж ирсэн. Замд “улаан морь” минь саадгүй явсан. Хотод намайг тоосонд дарагдсан, суудаг тасалгаа минь уйтгартай, зэвгэр байдлаар угтлаа. Би нутгаасаа түүж ирсэн мөөгөө хатаан, чамайг ирэхээр амттай шөл хийж өгнө гэж бодож сууна. Намайг эзгүй хойгуур хүлээгдсэн ажил нэлээд байгаа учир зав чөлөө муутай байна, би. Мэдээжээр Улаанбаатарт гудамжны гэрэл чийдэн гялалзаад, радио телевизээр шинэ сонин юм сонсогдон, хөгжил баясалтай байна. Тэгэхдээ чи энд байхгүй учир надад үзсэн харснаа ярьж хүүрнэлдэх хүн дэргэд үгүй, миний сууцанд байгаа бүх зүйл надад уйтгартай харагдан, байгаа жаахан эд маань уур уцаартайгаар намайг харж байх шиг бодогдоод, цаанаа л нэг цэвдэг оргин байна. За энэ талаар олныг нуршихаа болъё. Чамдаа халуун мэнд хүргэж, чамайг мөрөөддөг сэтгэл саяны уулзалтаар дээд оргилдоо хүртэл сэргэн бадарсан учраа үнэн мөнөөр нь хэлье. Чи минь наддаа ирж, миний сэтгэлийг амрааж өгөөрэй. Чинийхээ баясгалантай тунгалаг царайг би удахгүй харна байх гэж итгэн бодож сууна. Чамайгаа сайхан тэвэрье. Чиний Шархүү” гэж бичсэн захиагаа дугтуйлан, дээр нь “Чандмань Уул сум. Дунд сургуулийн багш Тамжидын Цэрмаад” гэж хаяглан, Төв шуудангийн хайрцганд хийжээ.
Шархүү ажилдаа гүйж, энэ тэрийг боловсруулан, судалж шалгах даалгавар даргаасаа авч ажилласаар байлаа. Энэ бол ердийн хийх ёстой ажил нь байв. Хоёр долоо хонож байтал нэг өглөө дарга нь дуудаж тасалгаандаа аваачаад урдаа суулган, нүүр өөд нь эгцлэн харж ажиж байснаа:
Бид чиний саяхан бичсэн илтгэх хуудастай танилцаж, түүнийг цааш нь лавшруулан судалбал зохих зүйл мөн гэж үзлээ. Тэгэхээр чи хоёр хүнтэй хамт маргааш тийшээ яв. Та нарт унаа гаргаж өгнө. Та нар тэр хүн чулууны гэрэл зургийг аваад, дор нь байгаа нөгөө бичгээ бас аваад ир. Тэгэхдээ уг чулуугаа хөдөлгөсөн янзгүйгээр эргүүлээд уг байсан хэвээр нь аятайхан суулгаарай гэж тушаал болгон хэллээ.
Шархүү хошууч Сономын үгийг сонсоод бодолхийлснээ:
Хошууч аа! Надад таны хэлж байгаа зүйл дээр хоёр санал байна. Нэгд тэр бичгийг аваад оронд нь “Энэ чулуун хүнийг босгосон хүний өөрийн нь толгой өнхөрнө” гэсэн бичиг төмөр дээр бичээд оронд нь хийж орхиё. Тэгвэл түүнийг ирээдүйд онгилон үзэх этгээдэд “Монголчууд чинь яггүй сийрэг ухаантай, сэрэмж анхааралтай хүмүүс байна” гэсэн ойлголт өгөх биз. Нөгөө нэг санал нь, би энэ далимаар цаашаа яваад Чандмань Уул суман дээр очиж, тэндхийн хүмүүсийн байдал, уур амьсгалыг нь жаахан ажаад ирье. Хүн чулуунаас цаашаа 170-аад км зайтай газарт сумын төв байдаг гэсэн гэлээ.
Соном ажилтан хүүгийнхээ үгийг сонсоод:
Тэр сумын төвийн хүмүүсийг ажиглах ямар хэрэг байна вэ гэж асуулаа. Шархүү энэ асуултанд өгөх хариугаа бэлтгэсэн учир:
Миний дүү Гончиг нэг жилийн өмнө тэр чулууг босгосон хүмүүс баруун хойшоо Чандмань Уул сумын төвийг чиглээд явчихсан гэж надад хэлсэн. Ер нь тэнд ямар шүү хүмүүс голлож байдаг. Тэнд чулуугаар юм хийдэг хүн хэн байна вэ, тэр хүнийг би мэдмээр байна гэж хариуллаа.
Соном нүдээ эргэлдүүлэн бодоод:
Чи ч юмыг овоо суурьтай боддог л юм байна. Чиний энэ саналыг би дээш нь уламжилан хэлье. Тэгээд чамд маргааш хариуг хэлье. Чи Чандмань Уул суман дээр очоод юу хийхийгээ төлөвлөгөө болгон бичээд ир!
Дарга аа! Ингээд явахад надад унаа уналга, шатахуун энэ тэр гэж байгаа бол би өөрийн “Яв” мотоциклээ унаад тэдэнтэй хамт явж болно шүү дээ гэж илтгэлээ.
Чи энэ явдлын далимаар гэрээрээ орох гээд байгаа юм биз дээ.
Үгүй шүү. Бид манай гэрт бууж аав ээжид хэлэх ч хэрэг байхгүй гэж Шархүү хэлэв. Тэдний энэ удаагийн уулзалт яриа үүгээр дууслаа.
Хоёр хоногийн дараа хошууч Соном Шархүүтэй бас уулзан, түүний саналыг зөвшөөрч байгаагаа мэдэгдэн, “Ачааны “ГАЗ-69” тэргэн дээр “ЯВ”-аа ачиж яваад хүн чулуунаас цааш чи тэр мотоциклээрээ яв. Чи тэр суман дээр хоёр хоногоос илүү байлгүй, наашаа ирээрэй” гэж тасгийн дарга хэллээ.
Шархүүгийн хөл газар хүрэхгүй шахам баясаж, нөгөө төмөр дээр хийх хэдэн үгээ, дээр нь тэр үгээ хятад үсгээр яамныхаа гадаад хэлний хүмүүсээр бэлтгүүлж авав.
Яг Чандмань Уул сумын наадам хоёр хоноод болно гэж байхад нь Шархүү хотоос гарч гурвуулаа давхилаа. Тэд гурвуулаа Агьтын хөндийн эхэн дээр долдугаар сарын сүүлчийн тэр нэгэн өглөө нар мандаж гарахын өмнөхөн очиж уг ажлаа хийж эхэлсэн байна. Бүх зүйл илтгэх хуудсанд дурьдсан ёссор байлаа. Тэнд хийх ажлаа ч Соном даргын тушаасан ёссор хийж, маримгар хүн чулууг хазайлган байж бөгсийг нь ухаж хөндийлөн, бэлтгэж авчирсан өөр хэдэн үгтэй төмрийг түүний гэдсэнд хийж суулгаад бүх зүйлийг хуучин байсан ёсоор нь засаж байрлуулав. Энэ ажил дээр гурван нөхөрт санал зөрөх зүйл юу байх билээ. Тэд эндээс зам салан, Шархүү Чандмань Уул сумын төвийг чиглэн моторт мориороо үсэрлээ. Тэрээр хагас зуун км яваад замдаа гаднаа унага уясан айлд бууж, сая хөхүүрээс гаргаж байгаа айргаар өллөгөө тайлж, тэндээсээ цааш давхин нэг нарийн голын хөвөөн дээр бууж, “улаан мориныхоо” дэргэд хэвтэн жаахан унтаж амарлаа. Нозоорч байсан бие нь овоо аятайхан сэргэжээ.
Шархүү үд хэлбийж байгаа үеэр Чандмань Уул сумын төв дээр дэгдэн очиж буулаа. Эднийх анхлан сангийн аж ахуйн төв болж байгуулагдаад хорь гаруй жил болж байгаа, овоо тохижсон гэх үү, контор, дэлгүүр, клуб, номын сангийн барилга гээд нэлээд хэдэн барилга шинэвтэр барьсан, бас мэргэжилтэн, багш, зарим албан хаагчдын сууц гээд долоо, найман нэг загварын жижиг байшинтай, яг төв дундаа явган хашаа барин ногоон цэцэрлэг маягийн юм тэрлэж эхэлсэн, цэвэр байдалтай суурин байв. Төвийн ихэнх хэсгийг монгол гэр эзэлжээ. Тэр төвийн зүүн урдуур Шавартайн гол гэдэг нэртэй, чамламгүй устай тунгалаг урсгалт гол тахирлан мухирлан баруун урагш чиглэн урсаж байна. Сумын төвийн баруун хойд талаас салхи савир нөмрөлсөн байдалтай зогсох дөрвөлжин ногоон уулын зүүн урд талд нь байгаа өтгөн ногоон ой нүд булааж харагдав. Тэр модтой уул барагцаалбал, арваад км-ийн зайтай байгаа болов уу? Төвийн ойролцоод унага уяж, гүү барьсан айлууд мэр сэр байгаа нь замд ажиглагдаж байв. Ийм газарт Цэрмаа хүүхэн сууж багшилдаг ажээ.
Шархүү сумын төвд ирмэгцээ зочид буудлыг нь сураглан, жижиг хүрэн дүнзэн байшингийн үүдэн дээр очлоо. Тэгтэл харуулдан харж хүлээж байсан юм шиг Цэрмаа бүсгүй энэ эрийг холоос таниад гараараа далласаар хүрч ирж дотноор мэндчилэн уулзаад, буудлын үйлчлэгчид танилцуулан, “Миний ор захиж байсан хүн энэ” хэмээн хэлж тэнд буулгах болов. Тэд бие биеэ ялдам сайхан байдлаар угтаж учраад, “Энд ороо заалгаж аваад манай гэрт оч! Гэрт аав, дүү нар байгаа” гэж Цэрмаа элгэмсэг зангаар ая тавилаа. Бүсгүйн хэлсэн ёсоор Шархүү эзэгтэйг даган явж сумын төвийн захад зуслан маягтай шинээр буудалласан бэсрэгхэн цагаан гэрт очлоо. Тэднийх нүдэнд дулаахан, ширмэл ширдэг тойруулж дэвсээд, цагаан толгойтой төмөр ор хоёрыг зассан, эрээн будагтай авдар дээр том толь, жаазтай зураг сэлтийг тавьсан, ил бурхан байхгүй, өнгөлөг айл байлаа. Бүсгүй эцэг Тамжиддаа Шархүүг хуучин танил, хамт Багшийн сургуульд байж бие биенээ мэддэг болсон, зэргэлдээх зүүн талын сумын хүү. Эдний аавынх нь Агьтын хөндийн хөлд Дуламдорж ахынхтай айл зусаж байгаа. Би сая очихдоо энэ хүнийг хотоос гэртээ ирэхээр нь уулзаж, хуучин танилаа сэргээсэн гэж аялаг зангаар ярьж танилцуулав.
Хүү энэ айлд цай уун Тамжид гуайтай энэ тэрийг ярьж суух үедээ гаднаас “улаан мориндоо” ачсан богцоо оруулж ирж, гэрийн эзэн эрд нэг шил сархад, Цэрмаагийн хоёр дүүд жаахан чихэр боов, танилдаа нарийн мөнгөн гинжин оосортой хүзүүний чулуун зүүлт гарган өгч гар цайлгалаа. Бэлгийг гэрийнхэн таалалтай авч, Цэрмаа сая өөрөөс нь захиа авснаа ааваасаа нуулгүй хэлэх нь зочин эрд “хэрэг явдал зөв тийшээ эргэж байх шив” гэсэн сэтгэгдэл төрүүлж билээ. Тэд найрсгаар ярилцан:
Би тантай уулзах, энэ сумын төвийн байдлыг сонирхох гэж ажлын далимаар ирж байна. Маргааш танай сумын наадам эхлэх бол би жаахан үзнэ гэж Шархүү намуухан байдлаар ярихдаа “Би таны хүү чинь гэх үү, хүргэн чинь болох санаатай шүү” гэдгээ арай ил хэлж чадахгүй, үг яриагаа хамжааргатай байлгахыг чармайж байлаа. Тэр байдлыг нь ч Цэрмаа багцаалан мэдэж байв. Шархүү нэгэнт энд зорьж ирснээ санан Цэрмаагийн гэр орны байдлыг мэдэхийг хичээн байдлыг ажиглавал, эцэг Тамжид нь удаан зөөлхөн үг яриатай, гүдэс шулуун зантай болов уу гэмээр үгээ зөөж тавин ярьдаг, халзан толгойтой, духандаа хэдэн гүн үрчлээ суусан, ов товхон цоохор, хүрэндүү царайтай, халх хүний өргөн шанаатай төрхийг хадгалсан, 60 гаруй насны эр байна. Цэрмаагийн хоёр дүү байгаагийн том нь арав нэлээд гаруй насны, долоо наймдугаар ангид сурдаг болов уу гэмээр, шингэвтэр хүрэндүү үстэй охин аж. Бага дүү нь эгчээсээ хоёр насаар дүү болов уу гэмээр, өөрийн нь бага дүү Навчаатай төсөөтэй, инээсэн хөөрхөн ааштай охин гэрт орон гаран дэгдэж байж харагдсан. Тэдний томыг нь Гэрлээ, багыг нь Очирмаа гэж дуудаж сонсогдов. Ийм янзтай дөрвөн хүн нэг гэрт амьдардаг аж. Бодож үзвэл, Тамжид гуай эхнэр авч голомтоо сахихгүй гэх байдалтай. Хоёр охины аль нь ч эрд гарч голомтоо сахин аавдаа хань болох арай л болоогүй шинжтэй. Тэгвэл Цэрмаа л аавыгаа өргөх үр нь байх. Ингээд бодоход би энэ бүсгүйтэй дэр нийлүүлдэг юм аа гэхэд энэ айлд хүргэн орох журмаар толгой холбож таарах нь ээ. Тэгдэг юм бол миний үүрэх ачаа надад хүндрэх үү? Тамжид гуай тэтгэвэртээ гарч эрхи эргүүлсэн өвгөн болоод суух арай ч болоогүй болов уу. Цэрмаа лав гучин жил багшаа хийж цалин авна. Тэгэхээр миний толгой дээр дарах хүндийг хуваалцах хүн байх шив. Эднийд хураасан хөрөнгө зоорь гэх юм хомстой, хоёр үнээ бий гэж эртүүд Цэрмаа ярианы завсар оруулан хэлж байсан. Энэ сумын төв дээр нэг яйжгий банзан хашаа, пин бий биз хэмээн бодож амжлаа.
Шархүү гэрт цай ууж, өвгөнтэй энэ тэрхнийг ярьж байгаад Цэрмаад хандаж
Хоёулаа сумын төвөөр жаахан явах уу? Би зүгээр энэ сууринг жаахан таньж авмаар санагдаж байна гэв. Тамжид гуай гийчнийхээ үгийг хажуунаас сонсоод охиндоо хандаж:
Цэрмаа! Чи наад хүүдээ хань болоод гадуур жаахан яваач. Манай энд сэтгэл булаамаар онц юм байхгүй дээ гэж хэлэх нь өвгөн охиноо Шархүүд ойр байлгах сэтгэлтэй байгааг илэрхийлнэ. Ингээд хүү, бүсгүй хоёр гэрээс хамт гарч энэ тэрийг алсханаас харан ярилцахаар явлаа.
Хэдхэн зуун алхам яваад дээрээ чулуун овоотой, мөөмөн хэлбэртэй толгой дээр хоёулаа гарч, хавтгай чулуун дээр зэрэгцэн суулаа. Эндээс тэр тосгоны хамаг юм алган дээр тавьсан мэт ил. Өндөр нам, дөрвөлжин, гонзгой хэлбэртэй шургааг, банз холилдсон хашаа бүхий гурав дөрвөн гудамжтай юм байна. Хүний, мал эмнэлгийн газар гээд суурингийн захад хоёр ч жижиг байшинг тойрсон гэр бүхий хэсэг байна. Төвийн хэсэг нь уг нь аятайхан тэрлэж босгосон байдалтай. Тосгоныхоо урд захад, голын ногоон зүлгийг бараадуулан саравч босгож, гурван асар майхан босгосон нь маргааш наадам хийх газар нь гэнэ. Тэр бүхэн нь нүдэнд чимэгтэй харагдаж байлаа.
Айлуудын хашааны зүүн үзүүрт хоёр овоо урт дан байшинтай, нилээд дорвилог маягийн хашаа бусдаасаа арай илүү тохижилттой тэр хашааг Шархүү сонирхон харж байснаа “гарын уртай хүмүүс юуг ч хийнэ” гэж бодон:
Тэнд юу байдаг юм бэ гэж асуувал Цэрмаа тоомсоргүйхэн байдлаар:
Тэр үү? Нэг нь нэг хятад өвгөнийнх, нөгөөдөх нь бас нэг эрлийз айлынх. Бусдаас арай өөр харагдаж байна уу, чамд гэж хариу асуулаа.
Нэг их гоц ялгаатай юу байхав. Улаанбаатарт Долоон буудал хавиар байдаг айлуудтай төсөөтэй ч юм шиг. Энэ бас хятад айл байдаг юм бий гэж Шархүүг хэлэхэд бүсгүй санаандгүй байдлаар тэр хоёр хашааг заан:
Тэр наад талын намхан байшинд бүр эрт Заяын бааюу гэдэг газарт ногоо тарьж сууж байгаад энд ирсэн, нэг өвгөн луухаан монгол хөгшинтэйгээ, хүү нь гээд бас нэг луухаан царайтай хар хүн, эхнэртэйгээ, түүний хоёр хүүхэд нь хамт байдаг бололтой билээ. Цаад хашаанд нь 56 онд манайд ирсэн нэг хятад хүн монгол авгай аваад суучихсан, долоон хүүхэдтэйгээ байдаг. Тэднийх жигтэйхэн ажилч, хүүхдүүд нь нилээд дүрсгүй боловч сурлагаар муугүй, гадуур дотуур гүйж элдэв мод чулуу цуглуулан, гэр орондоо тус хийх гэж харайлгах нь онцгой доо. Луухааныг нь Цагаан гуай гэдэг. Цаад хүнийг нь Далайхүү гэж нэрлэдэг гэж ярилаа.
Шархүү энэ яриаг сонирхон:
Эднийхнээр энд тэндээс хүн амьтан их ирдэг үү? Тэд юу хийх вэ гэж асуувал Цэрмаа жаахан бодолхийлснээ зочин эрийгээ харж:
Эднийхнээр Улаанбаатараас хааяа хоёр ч янзын машин тэрэгтэй хүмүүс ирээд, хонууд өнжүүд байж байгаад буцдаг бололтой байдаг гэв.
Өө, тэгвэл тэд чинь их хөлийн хүмүүс байх нь ээ. Тэд өөрсдөө ямар ажил хийж хоолоо олж идэж байдаг бол? Их л юм хийж байгаа даа хэмээн Шархүү асуух байдлаар хэлбэл бүсгүй гайхсан янзгүйгээр:
Цагаан луухаан тэр дор жаахан газар голын захад хагалаад төмс, сонгино, яншуй ногоо тарина. Түүнийгээ бага багаар худалдана. Тэр ногооны газраасаа огт салахгүй сармис их сайн гэж ярих боловч тэр ногоог олигтой тарьж болохгүй байна гэж гаслан байдаг. Цаад Далайхүү барилга барина, хийхгүй юмгүй, мод харуулдаж айлын үүд хаалга, гэр орны модыг засаж өгнө. Тун их хөдөлгөөнтэй шүү.
Чулуугаар юм хийх үү? Байшин барилгын үүдний довжоо, нас барсан хүний оршуулган дээр тавих “хөшөө” юм цохиж хийдэг үү, тэр Далайхүү?
Тийм чулуугаар юм хийдэггүй байх аа. Юу ч дуулддаггүй шүү гэсэн яриа болж, хос хоёр гэрт буцаж ирээд цай ууснаа Шархүү явж буудлаа эргээд ирье гээд Тамжид гуайнхаас гарлаа. Тэрээр байшин барилгуудын үүд хаалганы гишгүүр, бас бус зүйл ажиглан харж явсаар нөгөө өмнөд нутгийн хоёр айлын хашааны гадуур нэлээд алхан, юу хийдэг байдлыг нь ажиглав. Гол нь чулуу цохиж юм хийдэг эсэхийг нь мэдэх санаатай байлаа. Тийм юм оролддог шинж огт мэдэгдсэнгүй, чулуу хагалж засаад хийсэн довжоо энэ сууринд алга шиг байна. Ингээд “олз” их олж магадгүй гэж бодож явсан хүү сав хоосон Тамжид гуайнд буцаж ирлээ. Тэднийх өдрөөр хоол чанаж бэлтгэсэн байлаа.
Шархүү жаал амран байснаа нар уулын толгой руу буух үеэс Цэрмаагаас хамт давхиад гадуур жаахан зугаацъя гэж гуйлаа. Бүсгүй зөвшөөрч, тэд “ЯВ” дээрээ сундалдаад, баруун хойд талд дүнхийж ногоорон харагдах уулын бэлээр тоос хадаан пажигнуулан давхилаа.
Хос хоёр багширсан ногоон ойн захад хөл тавих газар захаас аван олдомгүй, сарнай цэцэг дэлгэрсэн сахлаг ногоон дунд ирж буув. Хавь орчинд нь жиргэх ойн шувуудаас өөр юмны чимээ алга. Шархүү газарт хөл тавимагцаа Цэрмаагийн гараас хөтлөн явж аргил бүдүүн хуш модны араар ормогцоо бүсгүйг тэврэн авч, үг сөггүй уруулыг нь хөхөж гарав. Хэн ч тэднийг харж ичгэлж байгаа юм алга. Хүү бүсгүйн гоо нарийхан нуруугаар тэврэн авч, биед нь халдахын эрхээр халдан, ертөнцийн жаргалд дуудлаа. Тэд хэсэг зуур орчлонд юу болж байгааг анзаарч мэдэх сөхөөгөө алдан, аргил модны сүүдэр дор хээрийн анхилам цэцгийн үнэрт согтууран, цэнгэлийн дээдэд хүрч амжсан байна. Тэр нь юутай тансаг, сэтгэлд ямар гайхалтай таалал өгнө вэ?
Цэрмаа босож хувцсаа засах зуураа Шархүүг эгдүүцлийн бус нүдээр харан:
Чи ч эрээ цээргүй байдлаар дайрдаг хүн юм аа. Энэ улаан мотоцикл та хоёр ингэж л хотын бүсгүйчүүдийг дайран, Богд хан уул өөд үсэргэж явдаг байх даа гэв.
Шархүү бүсгүйд аялаг агаад тайван байдлаар хандан:
Чи намайг битгий тэгж бод доо. Би ёстой л алаг бяруу шиг томоотой явдаг эр шүү. Чи намайг өнөөдөр биш ч маргааш танин мэдэх биз ээ гэж хэлбэл, Цэрмаа энэ үгийг тосгуулан авч сулхан инээгээд:
Ээж чинь чамайг явсан өдөр намайг гэртээ оруулан өрөм хайлж дайлаад, надад нэг алаг шийртэй охин бяруу заан өгч “олон тугал гарган ижил олуулаа болоосой” гэж хэлсэн гэж ярилаа. Энэ үгэнд Шархүү баясан инээж бүсгүйг дахин тэврэн авч үнсэх ялдамдаа, аялаг байдлаар:
Юм юм чи бид хоёрт өгөөмөр хандаж байгаа шив. Би үүрд чиний дэргэд байдаг баясгалант цаг ойртон ирж байгаа байж л дээ гэж хэллээ.
Тэд ойн захад сарнай цэцгийн тунгалаг агаараар дүүрэн амьсгалж зэрэгцэн суугаад хэсэг зуур живсэн юм шиг нам гүм байснаа:
Цэрмаа минь ээ. Чи одоо минийх болсон шүү. Би чамаас салж холдохгүй явж насыг барах хүсэлд автлаа. Чи минь намайгаа чухамхүү үнэн сэтгэлээс өрөвдөн үзэх биз дээ. Би үүнийг л чамаас гуйх гэж энд ирсэн гэв.
Бүсгүй Шархүүгийн энэ яриаг дүйвүүлэх гэсэн янзаар тэртээ давхиж яваа нэг морьтой хүнийг заан:
Наадамчдын түрүүч нь ирж байх шивээ. Манай аавын дүү нь гэж нэг салбаганасан эр эхнэр хүүхдээ дагуулаад өнөө орой юм уу, маргааш өглөө давхин ирнэ гэж хэлээд хүүгийн мөрөн дээр хацраа нааж тавилаа. Үүнээс өөр ямар өгөөмөр хариуг Шархүү энэ бүсгүйгээс авах вэ?
Тэд нар шингэх хүртэл сарнай дунд сууж бие биеэ таалан ёстой л салж хагацамгүй байлаа.
Чи хэд хэд хонох юм бэ, Шархүү?
Би энд чиний дэргэд ингэж наалдаад л үргэлж баймаар байна. Гэвч надад өгсөн чөлөө дуусах болж байгаа учир маргааш орой буцаад гэлдрэх болдог байх даа гэж хэлээд гунигтай царай гаргав.
Чи орой явж хэрэггүй дээ. Шөнийн харанхуй дундуур зугтаж яваа юм шиг давхиад яадаг юм бэ? Нөгөөдөр өглөө эрт гараад пижигнүүлж орхихгүй юу гэж бүсгүй нүүр өөд нь торомгор нүдээрээ ширтэж хэллээ.
Хос хоёр сумын төв дээр эргэж ирсэн дороо гэрт тавтайхан сууж Тамжид өвгөнтэй энгийн боловч цаанаа ямар нэгэн утга санаа агуулсан янзтай зүйл ярьж эхлэх нь тэр. Цэрмаа гурил зууран хоол хийж эхэллээ. Эзэн өвгөн гэрийн гадна гийчин хүүтэй тохмон дээр зэрэгцэн суугаад ярилцах нь сонин аж.
Манайх гэдэг айл чинь энэ сумын төв дээр хадаастай юм шиг байдаг айл даа. Охин минь багшлаад, би сургуулийн байрны захирал нэр хүлээн, хөдөөний баахан хүүхдүүдтэй шуугилдаж байх нь тэр. Тэгэж байх нь надад аятайхан байдаг юм гэж эзэн хүн яриа үүсгэв.
Та тун сайхан юм хэлж байна. Хүн дүүрэн ажилтай байхаас илүү сайхан юм юу байх вэ? Гэхдээ би та хэдийг Улаанбаатарт аваачмаар л байгаа.
Аа, чи бүр иймэрхүү юм бодож яваа хүү бий. Би энд ажилтай, хоёр хүүхэд сургуульд, охин маань гурван жил энд ажиллана гэж дээш нь ам өгч байж ирээд хоёр дахь жилдээ явж байна. Бид ингэж энд хадагдсан амьтад.
Өө, яахав дээ. Тэгэж байгаад арга нь олдох биз гэж Шархүү тайван царай гарган хэлэв. Тамжид энэ үгийг сонсоод бодол болон тэнгэр ширтлээ.
Энэ хоёрын ярианы хөг өөрчлөгдөн Тамжид өвгөн нутаг орныхоо байдал, хүн олны аж төрөл зэргийг ярьж байснаа энд идээшин суусан зарим хятад хүмүүсийн тухай ярианд гулган орлоо. Ингээсэй гэж Шархүү хүсэж байв.

Ядам хурууны өндөгний хээ тодорчээ

Үүрийн шаргал туяанаар Цэрмаа Шархүү дээр ирж гарган өгөв. Бүсгүй жаахан өрөм, бяслаг цаасанд боон авчирч өгөхдөө амин үг болгож:
Замдаа яарч битгий хэт хурдлан давхиарай гэж захисан байна.
Золиг толгой нь алдахгүй дээ. Чи даруй хот руу орж муу нөхөртэйгээ уулзахыг хичээгээрэй гэж Шархүү хэлээд, бүсгүйн саваа шиг нарийхан нурууг тас тэврэн, сэтгэлээ ханатал үнсэж аваад, “улаан морин” дээрээ мордсон аж.
Энэ эрийг замд явах үеийн туршид өчигдөр орой хадам аав болох Тамжид гуай тайван царай гарган сууж ярьсан зүйл санаанаас нь гарахгүй бодогдсоор байлаа. “Тийм ээ. Манай энд 1950-иад оны дундуур 20 шахам хятад ажилчид ирж байшин барих ажил эхэлсэн. Тэд уг нь барилгын мэргэжилтэй ажилчид нэрээр ирсэн. Ажиглахад бүгдээрээ 25-30 насны ихэд цэрэгжсэн эрчүүд байв. Тэдний дотор нэг ч эмэгтэй байхгүй. Хожим сонсоход тэр хятадууд бүгд цэрэг байгаад, хэдэн сар наашаа явах бэлтгэл хийсэн. Тэр бэлтгэл нь “Ар газар очоод яаж байх. Юуг гол болгон анхаарч байх” тухай гэл үү, хойд газарт байдаг монголчуудыг яаж өөртөө татан, сэтгэл санаагий нь эргүүлэн авах тухай сэдвээр олон цагийн хичээл хийсэн хүмүүс байсан гэдэг. Тэр хятад хүмүүс энд олигтой ажиллаж өгөөгүй, хэдэн жижиг барилга эхэлж барихад нь манайхан элдэв хэрэглэгдэхүүнээр нь хангаж өгч чадахгүй, назгайрсан. Тэр хятад барилгачид сул зогссоны хөлс, багажны хөлс, бороо цастай байсны мөнгө, өвөл 20 хэмийн хүйтэнд ажил хийсний нэмэгдэл гээд өдий төдий мөнгө авна гэж сангийн аж ахуйн захиргаанаас шаардан, ажил хаяж жагсаал маягийн юм зохион байгуулж эхэлсэн. Тэгээд юм юмаар манайтай таарахгүй болсон байх шүү.
Тэгээд яагаад тэд эндээс явсан юм бэ гэж Шархүү өвгөний яриаг тасалдуулан асуужээ.
Тамжид тэр үед сангийн аж ахуйн нэг бригадын дарга байсан учраас тэдний байдлыг ажиж мэдэх боломжтой явсан гэнэ.
За яахав дээ. Тэд хот хөдөөгүй л байгаа газартаа миний хэлдэг янзаар ихээхэн тоотой мөнгө нэхэж байгаад сүүлдээ ”амь даатгал авна” гэж ярих болсон гэсэн шүү. Тэгээд л энд таарч ажиллаад байх аргагүй болоод буцаая гэж манай дээр газраас шийдсэн дэг үү дээ. Тэдний зоргоор бид байшин бариулна гэхэд нөгөө барилгад төсөвлөн өгсөн мөнгө нь яагаад ч хүрэх аргагүй болсон. Тэд бас бус явдлууд энд тэнд хийсэн гэнэ билээ. Мөн ч айхавтар далд санаатай гэх үү, манай орныг хөгжүүлэхэд туслах биш, эдийн засгийг тамирдуулан, мөнгөний уналт бий болгох хандлагад оруулах янзтай болоод л хятад ажилчид буцсан даа гэж Тамжид ярив.
Ер нь хичнээн хүн урдаас ирсэн хэрэг вэ, тэгэхэд?
Би нарийн тоогий нь мэдэхгүй, хориод мянган ажилчид, тэднийгээ удирдах хэдэн зуун дарга ирсэн гэж би сонссон.
Тэр хятадууд бүгдээрээ буцаж чадсан юм уу?
Олонх нь буцсан байх. Зарим цөөн хятад эндээс эхнэр авч хоцорсон. “Энд байж биеэ эмчлүүлэх хүсэлтэй”, “Өмнө газартаа улс төрийн явдлаар байж таарахгүй болж, манайд орогноё” гэхчилэн шалтгаанаар тун цөөн хүн ил далд байдлаар үлдсэн дэг үү ч. Жишээ нь, манай энэ төв дээр Далайхүү гэдэг нэг хятад монгол бүсгүйтэй гэрлэж бүртгүүлсэн гээд л бараг нуугдах шахам байдлаар үлдсэн. Одоо тэр Далайхүү 6-7 хүүхэдтэй, тэднийгээ сургуульд оруулаад, өөрөө барилга бариад л гүйж байна. Ажилд овоо зүтгэлтэй хүн гэж хүмүүс үнэлдэг юм билээ. Ийм янзаар хоцорсон хүн мэр сэр бий.
Танай энд Цагаан гуай гээд л бас нэг лут луухаан байна уу даа?
Аа тийм ээ. Тэр чинь бүр эртний энэ ар газар суусан нөгөө урьдын арван таван мянган худалдаачны нэг дээ. Тэр хятад Архангайн Заяын бааюу гэдэг газар сууж байгаад энд сангийн аж ахуй анхлан байгуулахаар ”Шимтэй сайн газарт би ногоо тарина. Яаж нарийн ногоо тарьдаг аргыг би монголчуудад хэлж өгнө” гэж манай дарга нарт хэлээд, наашаа ирж суусан хүн. Би мэднэ гэж Тамжид гуай халзан толгойгоо маажин сууж ярилаа.
Одоо энэ хятад хүмүүс ямар шүү үг яриатай байдаг бол?
Эд үү? Дотуур тамиртай, далд санаатай даа. Тийм болохоороо тэр бодож санаж яваа зүйлээ гаргаж хэлнэ гэж зангүй. Цагаан данжаад /эндхийн хүмүүсийн өгсөн нэр/ “Би сармисаг тарих гэсэн юм. Энд тэр ногоо олигтой ургах газар, цаг агаар муутай байна” гэж ярина. Үнэндээ сармисаг тарих гээ юу, өөр юм тарих гээд ч байгаа юм уу, мэдэх арга алга. Уг нь сармисаг бол хүний биенд их хэрэгтэй ургамал даа. Энд байгаа хоёр хятад аль аль нь гэмгүй, ажилсаг хүмүүс шиг байгаа. Дотроо юу бодож явдаг юм бэ, хэн мэдэх вэ? Хятад цэрэг наашаа ороод ирдэг юм аа гэхэд, тэд тэр цэргийн өөдөөс хамгийн түрүүнд л хоол цайгаа бариад гүйх байх. Аль аль нь олон хүүхэдтэй, тэр хүүхдүүд нь ямар санаа бодолтой хүмүүс болох юм бол. Тэр хүүхдүүддээ эцэг нь ямар бодол санаа шингээж байдаг гэхэд бол лав л манай Монголыг эх орон чинь шүү гэж хүмүүжүүлэхгүй л болов уу гэж би хувьдаа санадаг. Хүн хүн янз бүр бодож байгаа байх. Манай охин Цэрмаа л гэхэд тэр хятадуудад өгч байгаа дүгнэлт нь надаас өөр байж болно шүү дээ. Бид дэндүү гэнэн цагаан сэтгэлтэй, хятад хүмүүс далд санаатай даа. “Монгол хүн билэгээр, хятад хүн хожоогоор” гэсэн үг байдаг. Тэр бол нэлээд ажиглаж байж гаргасан үг биз. Тийм үү гээд Тамжид гуай хэлээд чанга гэгч нь инээлээ. Өвгөний энэ яриа Шархүүгийн бодож явсан зүйлийг зэгсэн чийглэж, улам соёолуулан ургах байдлыг нь засаж өгсөн байна. Тийм ч учраас тэр яриа энэ эрийн санаанаас гарахгүй байгаа хэрэг.
Шархүү замд Тамжидын ярьсан ийм зүйлийг аман дотроо давтан өгүүлж “Ийм нэгэн хал үзэж хашир таньсан хүний дэргэд байвал надад их тус өгнө биз ээ. Ямар ч болсон эднийх надад өмөг түшиг болох нь лавтай шив” хэмээн бодсоор бас тэнд үзсэн наадмыг нэхэн санаж явав. Монголчууд наадамд дуртай болохоороо түүнийг явуулсан ногоон талбай дээр өнгөтэй хувцсаа өмссөн олон хүн цугларав. Эрээн торгон дээлтэй, цагаан сийрсэн малгай духдуулсан хүүхнүүд наадмын талбайг ярайтал нь чимж, өчигдрийн үзсэн сарнай цэцэгт ойн захаас дутахгүй өнгөлөг болгосон байв. Хурдны морь унасан хүүхдүүдийн шингэн дууны цуурай чих баясгаж байлаа. Гурван насны жараад морь уралдан, 32 бөх барилдаж эхэлсэн. Тэр наадмыг Шархүү Цэрмаагийн халуун гарыг атган сууж, түүний далд гүйх илчээр зүрхээ цэнэглэн байж уг наадмын эхний өдрийнхийг үзсэн нь энэ эрд зөвхөн сохирхолтой төдийгүй, сэтгэлийнхээ угт хадгалан явах бас нэг дурсгалтай зүйл нь болж үлдсэн ажээ. Хүүд наадам үзсэнээсээ илүү Цэрмаагийн гарын илчээр зүрхээ дулаацуулж байсан нь мартагдашгүй зүйл гэлтэй. Насны ааг, хайр сэтгэлийн дөл хоёрт энэ залуугийн чилүүр хайлж замхран үдшийн гялаан одтой уралдаж гэртээ иржээ. Нөгөө тоосонд дарагдсан гэр нь түүнийг халуун үгээр мэндлэх адил угтав. Юм юм хэвийн байлгүй яахав.
Шархүү ирсэн дороо ширээн дээр цаас дэлгэн тавиад “Хайрт минь, сайн байна уу? Наадмаа сайхан үзэв үү? Би мэнд амар хотдоо ирлээ. Сая гэрийнхээ цоожийг нээхэд төмөр ор, модон ширээ, түлэгдсэн цайны данх л намайг уйтгарт царайгаар угтлаа. Энэ байдал ёсоороо байгаа нь энэ. Танай суман дээр очиход намайг чиний гэгээн царай, аавын ярьсан сонирхолтой зүйл хэмжээгүй их баясгалаа. Чамтайгаа сарнай цэцгийн дунд байж сэтгэлийнхээ үгийг чамд хэлж чадсанаа би хэзээ ч мартахгүй. Саяын аялалаар би чамайг бүрнээ олж авч өөрийн болгож чадлаа гэж гэж бодож сууна. Энэ бол би өөрийгөө хуурсан болхи эндүүрэл биш. Чамайг хань минь болж намайг үүрд гийгүүлж байх зам баттай тавигдлаа гэж би бүрнээ итгэж байна. Чамайг гэртээ үргэлж байлган, гэгээн тунгалаг нүдийг чинь цаг үргэлжид харж байдаг үе ирээгүй байгаа цагт би уйтгартай байх нь эргэлзээгүй. Гэлээ ч би ямар ч уйтгарыг тэсвэрлэн дааж, чамайгаа ирэх өдрийг хүлээж чадна... За баяртай. Чинийхээ ариун сайхан биеийг би үүрд бодож суух болно. Чамайгаа даруй дахин харах болтугай. Аавд миний халуун мэндийг хүргээрэй” гэсэн утгатай захиа бичиж, маргааш өглөө нь түүнийгээ шуудангийн хайрцагт хийсэн байна.
Шархүү ажилдаа очсон дороо явсан тухайгаа илтгэх хуудас болгон бичиж, түүнийгээ барьсаар хошууч Соном даргын хаалгыг тогшив. Энэ эр Чандмань сумын төв хавиар үзсэн харснаа илтгэж хэлээд бодолхийлэн байж:
Тэр сумын төв дээр хүн чулууг хийгээгүй болов уу? Харин түүнийг “урласан” хүмүүс тэр сумын төв дээр суудаг зарим хужаа нартай холбоотой байж болох шинж байна ... гэж хэллээ. Хошууч ажилтантайгаа уг зүйлийн талаар нэлээд дэлгэрүүлэн ярилцаад, тэр чулууны дороос авсан зүйлийг сорилын шинжилгээнд өгөөд үзье гэж мэдэгдлээ. Үүгээр Шархүүгийн Чандмань Уул суманд очсон ажил дуусгавар болсон гэж тэр бодлоо.
Шархүү тогтмол хийдэг ажлаа бодон гүйсээр байлаа. Түүнд бодож боловсруулах зүйл, шалган шинжлэх хэрэг явдлууд нэлээд байгаа болохоор уйтгарлан гиюүрч суух зав ч алга. Шөнийн бор хоногт байрандаа ирж хоол цай бэлтгэж хэрэглээд, шаардлагатай ном судар уншиж, заримдаа бараг шөнөжин шахам цаас шагайж суух нь ердийн хэрэг байлаа.
Шархүүгийн сэтгэлд уяатай байгаа нэг зүйл нь Тамжид өвгөний аяга ёроолдон цай ууж суугаад ярьсан үгнүүд нь байсан билээ. “За байз. Өвгөний хэлж байгаа зүйлүүд дотроос нэг юм надад ойлгогдохгүй хоцорчээ. Юу билээ гэвэл, Цагаан луухаан сармисаг тарих гээд болж өгөхгүй байна гэж үглэдэг. Тэр нь үнэн юм уу, аль өөр юм тарих гэж санаархаад байдаг ч юм уу гэж хэлсэн. Тэр луухаан өөр юу тарих гэж санаархсан байж болох вэ? Янз бүрийн амтат ногоо юм болов уу? Манайд одоогоор тарьдаггүй сонин ногоо байж болох юм. Тэр луухаан шинэ, сайхан шимтэй газар ногоо тарина, түүнийг монголчуудад зааж өгнө гэж Чандмань Уул суманд ирсэн гэсэн. Тэгээд шинэ газар юу тарих гэсэн байж болох вэ? Хар тамхины цэцэг тарих гээ юм болов уу? Хар тамхи хүний биеийг эхлээд сэргээж байгаа аяс үзүүлэн дурлуулдаг. Дараа нь наашаа ч хөдлөх аргагүйгээр хамаг биеийг нь хордуулан, түүнээс гарч чадахгүй байсаар байгаад үхдэг гэдэг биз дээ. Ямар сайн юмыг дэлхий дахинаар хэрэглэхийг хориод байв гэж. Манайд түүнийг хэрэглэх ч бүр цаазтай гэдэг биз. Цагаан луухаан хар тамхины ургамал тарих л гээ байгаа. Тэгэж боддог бол тэр нь Агьтын хөндийд суулгасан хүн чулууны санаатай цаагуураа нийлж байх шив. Тэр чулууны гэдсэнд хадгалагдсан үг нь монголыг ор сураггүй болтол нь үгүй хийх гэсэн санааг өгүүлж байгаа. Тэгээд яах гэсэн санааг тэр чулуу босгогчид эрмэлзсэн байх вэ? Монгол хүнийг тэр газар дээр байхгүй болгоод хар тамхи дур зоргоороо тарьж байх гэсэн санааг агуулж байгаа юу? Тэгэхээр Цагаан данжаад тэр бодол санааг дэмжигч, түүнийг биелүүлэхийн тулд хүчин зүтгэгч болж таарах нь уу” хэмээн Шархүү бодож эхлэв.
Хэд хонож байтал хошууч Соном уулзъя гэлээ. Түүний ажлын тасалгаанд орвол тасгийн дарга нь тогтуун харж уулзаад, өмнөө суулган:
Чиний явсан ажлын зарим үр дүн гарч байна. Чи ч алж мэдэх эр байх янзтай шив гэж өөрөө байн байн хэлж байдаг үгээ хэлэв. Хошууч юмыг нарийсган бодох бүрийдээ “Алж байна шүү” гэж хэлдэг.
Шархүү даргынхаа хэлэх үгийг чагнаж суувал хошууч бодолхийлээд:
Чиний илрүүлсэн хүн чулууны бичгийг хийсэн хүний ядам хурууны өндөгний нь хээ шинжилгээгээр тодорсон. Нарийн ажиглавал тэр хүний зүүн гарын хурууных гэмээр байна. Бас бичигтэй төмөр дээр байгаа будагны өнгө ч гүйцэд мэдэгдэж байна гэж хэлээд ажилтныхаа нүүр өөд ширтэн харж тамхиа аажуу сорон суулаа.
Чулуунд байсан төмрийн будаг бороо шороонд нороогүй, нар салхинд гандаагүй далд байсан болохоор өнгө нь гүйцэт сайн мэдэгдэх ёстой доо гэж Шархүү өгүүлэв. Соном толгой дохин сууснаа нүдээ онийлгон ажилтнаа хараад:
Энэ бол ажлын зөвхөн эхлэлт болох биз. Тэр явдлын цаад учир гэх үү, бичигт чулууны цаана нь бугласан хорт хавдрыг бид гүйцэд илрүүлэх ёстой байна. Үүнд тун их ажил гарч таарах биз. Чи ч түүнийг алаад өгнө биз дээ гээд инээлээ. Шархүү бас бодолхийлэн сууснаа:
Тэгэж л таарах биз дээ, хошууч аа! Тэр хүн чулууг хийсэн, тэнд аваачиж суулгасан эзнийг бид олох ёстой. Тэр бичгийг хэн үйлдэв гэдгийг олоход таны хийлгэсэн шинжилгээний дүн гол хэрэглэгдэхүүн болох биз гэв.
За яахав дээ. Бид эхлээд хурууны хээ хэнийх болохыг эрье. Бас тэр төмөр дээр бичсэн бор саарал будагны өнгө хаана байна вэ, түүнийг эрье. Тэгэх ёстой биз дээ. Тэгэхээр энэ эрэл сурвалжлагыг чи өөрөө голлож хийх хэрэгтэй. Бид чамд туслалцах хүмүүс гаргаж өгнө. Энэ хэрэг дээр ажиллах хүмүүсийг маргааш ирүүлээд, хэдүүлээ нийлж суугаад яаж ажиллах тухайгаа тусгайлан ярилцаж, гүйцэтгэх ажлын төлөвлөгөө зохиоё. Тэгэх нь зөв биз дээ. Тийм үү гэж Соном дарга хэллээ. Энэ үгийг Шархүү зөвшөөрөн, олон юм хэлсэнгүй.
Мэдлээ. Гүйцэтгэе. Би танд төлөвлөгөө зохиож оруулъя гэж хэлж уг шийдвэрийг талархалтай угтав.
Энэ ажилтан даргынхаа тасалгаанаас гарч, өөрийнхөө ажлын байранд очоод уг шийдвэрийг яаж биелүүлэх вэ гэдгийг бодож үзэхэд толгойтой үс нь босоод ирэх шиг болж, олон зүйл хоорондоо өрсөлдөж байгаа адил зэрэг зэрэг санаанд нь орж ирж, тэр бодолдоо автан хоёр гараа элгэндээ зөрүүлэн зангидаж бариад, хэнтэй ч дуугаралгүй нэлээд удаан суусан байна.

No comments:

: