Saturday, February 14, 2009

Хиргисүүрийн тухай өгүүлэхүй


Хиргисүүр нь хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үеийн өвөрмөц дурсгал юм. Манай орны нутаг дэвсгэрт хиргисүүр маш өргөн хэмжээгээр тархсан байдаг. Хиргисүүрийг үйлдэгчид нь хүрэл төмөр зэвсгйин түрүү үеийн нүүдэлчид байсан гэдэг нь түүний дөрвөлжин булш, буган хөшөөтэй нэг дор нэгэн цогцолбор болон оршин байдгаас илэрхий. Манай орны нутаг дэвсгэр дээр байгаа хиргисүүрүүд нь гаднах хэлбэр төрх зохион байгуулалтын хувьд янз бүр байдаг.

Судлаачид Монгол орны төв болон баруун бүс нутаг даруй гуч гаруй төрлийн хиргисүүр байгааг олж тэмдэглэсэн байна. Гэхдээ энэ бүгдэд зохион байгуулалтын нэг арга хэлбэр ажиглагддаг. Энэ нь бүх хиргисүүрүүд том хэмжээний дугуй овгор чулуун дараастай байдагаар нотлогдож байна. Уг дараасаа тойруулан чулуу эгнүүлэн зоож дугуй, дөрвөлжин хүрээ татсан байдаг бөгөөд энэ хүрээний дотор болон гадна талаар чулуу овоолон шигтгэсэн олон тооны дөрвөлжин, дугуй жижиг байгууламжуудыг байгуулсан байдаг.

Зарим хиргисүүрүүдийн хүрээ нь давхар байх ч тохиолдол байдаг. Мөн зарим хиргисүүрүүдийн голын овгор дараасаас эхлэн хүрээ хүртэл дөрвөн зүгт нь чулуу шигтгэн суулган зам буюу цацраг гаргасан тохиолдол ч байна. Хиргисүүрүүд хэмжээний хувьд харилцан адилгүй байдаг бөгөөд зарим газарт 100 гаруй метр голдоч бүхий хиргисүүрүүд тааралддаг. Одоогийн байдлаар манай орны нутаг дэвсгэрт цөөн тооны хиргисүүрийг малтан судлаад байна.

Хиргисүүрийг малтах явцад дараас чулууны дороос газар ухалгүй онгон хөрсөн дээр тавьж дээрээс нь чулуугаар дарсан хүний оршуулга гарчээ. Хүний толгойг баруун тийш хандуулан тэнэгэр байдалтай дээш харуулан хэвтүүлж оршуулсан байна. Хүнээ дагалдуулан тавьсан ямар нэгэн эд өлгийн зүйл олдоогүй боловч дараас чулууг цэвэрлэх явцад чулууны завсар хоорондоос хүрэл ооль олдсон байна.

Судлаачид хиргисүүрийг МЭӨ 2000 жилийн төгсгөл МЭӨ 1000 жилийн эхэн үед холбогдуулан авч үздэг бөгөөд бүтэц зохион байгуулалтыг нь авч үзвэл нас барагсадаа гол төлөв баруун болон баруун хойд зүгрүү чиглүүлэн тавьдаг байсан нь тодорхой байна. Мөн ихэнх тохиолдолд булшны нүх ухалгүй газрын хөрсөн дээр хүнээ тавин чулуугаар дарж оршуулдаг байсан нь тогтоогдсон.
(medeelel.mn)

No comments:

: