Sunday, February 1, 2009

Ж.Пvрэв. Хvн чулууны мøрøøр

Оршлын оронд

Мөхөс би “Хүн чулууны мөрөөр” нэртэй нэгэн зохиол оролдон босгож уншигч олондоо өргөн барьж байна. Энэ зохиолыг бас нэг түүхэн сэдэвтэй роман гаргах нь гэж хүмүүс бодож магад. Тийм биш ээ. Энэ бол манай орны түүх болж хуучраагүй нэгэн сэдвийг би хөндөж байна. Зарим анд нөхөд маань намайг дадлага олсноороо түүхийн сэдэвтэй зохиол чи нухвал дээр биш үү гэж хэлж байна. Тэр сайхан саналыг би биелүүлэх тэнхээгүй боллоо. Надад “Аугаа их аян дайн” гэсэн түүхийн сэдэв байгаа боловч түүнийг эмхлэн босгох чадваргүй болсноо би ухаарч байна. Хэрэв тэр сэдвээр оролдноо гэхэд үндсэн дэвсгэр хэрэглэгдэхүүн нь байгаа боловч Чингисийн их цэргийн явсан газруудын нэр, түүнтэй янз бүрийн байдлаар харилцаж байсан маш олон янзын хүний нэрийг олж мэдэх арга алга гэхчилэн их олон зүйл надад дутагдаж байна.
Манай эх орны түүхийн сонин, гайхамшигтай баяныг өгүүлж баршгүй. Түүнээс хэн ч уйдахын аргагүй билээ. Тийм баялаг сайхан юман дээр би биеэ голонгуй нэлээд тонгочиж бичнэ дээ. Түүнээс түүхийн үзэгдлийг зохиол болгон гаргах талаар надад жаахан туршлага маягийн зүйл хуралдсан нь үнэнтэй. Гэвч би угийн болхи амьтан болохоороо одоо тэр түүхийн шар хуудастай зууралдан эмхэлж, зохиолын дүрүүдийг босгох гэж оролдох чадвар мөхөсджээ.
Уншигч авгай нар сайн мэдэж байгаа нь лавтай. Зохиолын сэдэв болгон авч байгаа тэр зүйлийг жирийн аман яриа-сургаар биш, түүний жинхэнэ бодит үнэнийг нарийн судалж байж сая дүрээ босгох ёстой. Жишээ нь, Тогоотөмөр хааны дүрийг босгоё гэхэд XII-XIY зууны үеийн Юан гүрний түүхэн амьдралыг судалж байж сая тэр дүрийг шүүх ёстой. Чингэхгүй бол уг зохиол маань үнэмшилгүй худлаа юм болж, утга зохиолд хор хүргэхэд хүрнэ. Нэгэнт би одоо тэр шаардлагыг хангаж чадахаа байснаа ойлгож байгаа болохоор дахин түүхийн сэдвээр томруун хэмжээний зохиол бичиж чадахгүй нь тодорхой байна. Ингээд би эх орныхоо аюулгүй байдлыг сахин хангах гэж бие сэтгэлээ зориулан яваа орчин цагийн зарим хүний дүрийг босгох эрмэлзэлд хөтлөгдөн энэ “Хүн чулууны мөрөөр” гэсэн нэртэй зохиол бичихээр шийдсэн болно.
Урьд өмнө нь бичиж үзээгүй сэдэв болохоор үүнийг оролдоход надад ихээхэн төвөгтэй гэх үү, шинэ ажил болох нь мэдээж. Гэвч тэр бэрхшээлээс халшраад суувал юу ч бүтээж чадахгүйн учрыг би ойлгон энэ сэдэв рүү орж ажилласан учиртайг “Чи яагаад ийм зохиол бичих болов оо?” гэж сонирхон асууж байгаа хүмүүст тэр асуудалд нь хариу болгон өгүүлж байна. Манай орны буцалж байгаа их амьдрал дундаас ямар ч сэдвийг авч бичиж болох боловч бичиж дийлнэ гэж сэтгэлд бууж байгаа зүйлээ авч оролдох нь илүү их урам зориг-хүчийг бүтээгч хүнд өгдөг, тэгэж эрмэлзсэн зүйлийг зогсоох ч аргагүй байдаг аж. Ер нь урлан бүтээж чадах сэдэв бол тэр хүний сэтгэл оюунд хөндлөнгийн ямар ч хүний түлхээсгүй өөрөө орж ирж бүрэлддэг жамтай ажээ. Энэ талаар нэг жишээ дурьдахыг хүсэж байна.
Эртний Ромын Сэргэн мандлын үеийн нэг аугаа их уран барималч Эгийн тэнгист аялал хийж яваад Афины хойгийн өмнөд эрэг дээрээс нэг том гантиг чулуу олж, түүнийгээ газраас малтан гаргаж аваад “Энэ бол гоо дагина байна” гэж босгох дүрсээ хэлсэн дороо Рим хотод аваачихаар саланд ачиж, далайд хөвүүлсэн байна. Тэгэж явахдаа Римийн дүүрэгт байгаа гэртээ хүрэлгүй, далай дээр тэр чулуугаа цүүцдэн засаж эхэлсэн гэдэг. Ийм янзаар сэтгэл булааж бууж орж ирсэн тэр сэдэв бол зохион бүтээгчийг юунд ч татагдалгүй, өөрөө биедээ татан ажиллуулдаг учиртай аж. Чухам уг дүрийг хэрхэн үнэн зөв, уншигч үзэгчийн сэтгэлийг эзэмдэж чадахаар болгох эсэх нь түүнийг урлагийн ухаан-чадвар авъяас мэдэх хэрэг болж төгсдөг байна.
Би “Хүн чулууны мөрөөр” гэж нэрлэж байгаа энэ зохиолыг бичихсэн гэж хорхойтон нилээд хугацаагаар сэтгэлдээ тээж яваад 2002 оны хүйтэн салхитай хавар эхэллээ. Гэхдээ энэ зохиол дээр миний чадвар мөхөс, урьд нь бичиж үзээгүй сэдэв учир янз бүрийн мадаг, буруу зөрүү дүрсэлсэн байдал, гоомой дутуу бодож шийдсэн алдаа эндэгдэл нэлээд байгаа нь гарцаагүй. Тэр нь миний л ухаан мөчиг, оюуны тэнхээ сулаас гарч ирсэн нь лавтай. Иймд чадан ядан оролдоод дийлээгүй тэр бүх мадгийг уншигч авгай Та уучлан өршөөж, мөхөс наддаа алдаа мадгийг хэлж өгч туслахыг би таны өмнө бөхийн хүсэж байна. Үүнийгээ хэлэхдээ ямар ч хэлбэрээр хандсан би хүлээн авах болно гэдгээ Танд нэмж айлтгахдаа сэтгэл дүүрэн байгаа болно.
Та биднийг Тэнгэр бурхан, монгол түмний ариун их хувь тавилан өршөөх болтугай гэж би сөгдөн залбиръя.

Зохиогч

Нэгдүгээр бүлэг

Уяа хүлээсийн үзүүр гарт тэмтрэгдэв

Алсыг ширтсэн өнчин хайлаас нь
Хурыг хүсэж яваад байна.
Амрагаа бодсон миний зүрх
Цээжин дундаа догдлоод байна.
Ардын дуу “Эрүү цагаан болжмор”

Мөөгний хүрээ тойрсон алхаа

Өдөржин зүсрэн орж байгаа бороон дундуур Төмөрийн Шархүү улаан “ЯВ” мотоцикл унаад Улаанбаатараас гарч, аав ээж дээрээ очиж цөөн хоног амрахаар шавар шавхайтай зууралдан явж ирлээ. Хотын тэр дэгжирч эхэлсэн залуу дусаал гоожин, чийгний үнэр ханхалсан хөдөөний гэрт орж ирэхэд, түүний аав, ээж, дүү нар нь цочирдон дуу алдаж:
Хүү минь ирлээ таминь ээ! Хараач хөөе!
Ээ үр минь! Усан бороон дундуур яаж явж ирэв ээ?
Ах биш ч юм шиг, бүр шолбойж орхижээ гэсэн өнгө бүрийн дуу гэрт түгэж, жигтэй хөл хөсөөн үүслээ. Шархүү хальсан цуваа яаран тайлж, ээж аавдаа үнсүүлээд, хоёр дүүгийнхээ толгойг илж үнсэн таалсан дороо, сая сөхөө авсан янзаар том амьсгаа авч, үнэрхүү ч юм шиг байдлаар:
Би өчигдөр оройхон хотоос гарлаа. Шөнөжин шавар шавхай дундуур түгдчин салгаллаа. Намайг Лүн сум арай хүрээгүй явтал бороо асгарч эхэлсэн. Би яваад л, заримдаа ус шаварт цүл хийн орж шөнөжин пижгэнэсээр арай ядан Шарын даваан дээр үүрийн гэгээтэй золгов. Энэ муу “ЯВ” маань шавхай дунд халтиран унаж чөмөг хуга таших гээд явуулдаггүй шүү гэж ирсэн замынхаа паянг тоочиж эхлэв. Түүний хувцас хунар шал ус.
Ээ үр минь дээ. Замдаа Лүн сумын буудалд ороод унтаж орхихгүй. Алив Должин минь хуурай дээл гаргаад хүүд нөмрүүл! Бүр осгож үхэх дөхөө байна шүү, энэ минь гэж Төмөр хэлээд, хошуулдсан өрхөө уурганы ёзоороор дээш сөхөн онгойлгож гэртээ гэгээ гаргалаа.
Хүүгийн нь гонзгойдуу шар царай бороо салхинд нилээн чилж ядарсан байдлыг тусган, жаахан үрчийсэн ч юм шиг боловч цаанаа залуугийн жавхаалаг байдлаа хадгалан гялалзаж харагдана.
Шархүү хацраа илбэн, хуучин заншлаараа хий нясалж бодолхийлснээ:
Аав ан гөрөөнд явж байна уу? Ээж өрөм их хурааж байгаа биз дээ? гэж төлөвхөн царай гарган асуухдаа цаанаа ямар ч зорилгогүй, гэр орныхоо байдлыг мэдэх гэж л үг өдөж байгаа янз нь энэ ээ. Тэрээр богц уудлан хоёр дүүдээ чихэр боовны зүйл гарган өгч инээмсэглэх ая үзүүлэн нүдээ талимааруулаад:
Миний дүү нарын ном сурах хэрэг ч тэнгэрт тулаад л байгаа биз дээ? гэвэл эцэг Төмөр нь хажуунаас нь доогтой янзаар инээн:
Чиний том дүү Гончиг хонь төхөөрдөг хүн болох юм байх аа. Сая наймдугаар анги төгсгөх гээд чадаагүй, тэг дүн аваад давхиж ирсэн дэг. Бага дүү Навчаа нь ахаасаа арай дөнгүүр, үүрэгтэй шүү дүн аваад зургадугаар ангиа шургалах шүү болж ирсэн. Чи хоёр дүүгээсээ хамгийн эмзэг юмыг нь олоод асуучих шив гэж хэлэхэд Шархүү хэнэггүй царайлан:
Тэгвэл Гончиг хичээл сурлага яах билээ гэж сэтгэл зовох юмгүй, одоо хутга хурцалж зүүгээд, хонины хөл дээш нь харуулж явах замдаа шулуудан орж байгаа юм шив гэж егөөдлөө. Хүүгээ тийм өнгийн ёж үгтэйг гэрийнхэн нь юун эс андах вэ. Гэрт наргиан шуугиантай байв.
Шархүүгийн ээж сая хөөрүүлсэн халуун сүү хүүдээ аягалж өгөөд:
Үр минь, дулаацаад хэвт гэж хурган дотортой дээл гарган мөрөнд нь нөмөргөж тавив. Эцэг нь хавар Улаанбаатар орж хүүтэйгээ уулзаад ирсэн болохоор тэд бие биеийнхээ байдлыг мэдэж байгаа билээ. Шархүү халуун сүү ууж, гарч мотоциклээ янзалж тавин, эргэн орж ирээд аавынхаа орон дээр үстэй дээл нөмөрч хэвтээд, нам унтаж бараг ойндоо хүртэл өндийлгүй нойрслоо. Хэн ч түүнийг татж чангаан сэрээсэнгүй, нам тайван байв.
Хөөрхий үр минь гэрийнхээ утааны үнэр авч, ээж эцэг, дүү нарынхаа барааг хараад, сэтгэл нь бүр тайвшран унтах шив гэж ээж Должин нь хэлээд, гэрийн дотор элдэв чимээ шуугиан гаргахыг хориглон байлаа.
Бороо нэг шиврэн, нэг ихсэж шуугин орсоор оройжин, шөнөжин үргэлжлэв.
Шархүү маргааш нь үд хэвийж байх үеэр босоод гарч харвал бороо татран, орчин тойронд зузаан манан татаж, хамаг уул толгод, Агьтын дээд хөндий харанхуй байлаа. Хүү энэ мананд цагаан мөөг яасан их ургаж байгаа бол гэхээс түүнийг түүх хорхой сэтгэлд нь оргилон, гэрээсээ хойш байгаа харанхуй хөндийг баахан харж зогсов. Тэр хөндийд чухам юу хүлээж байгааг энэ эр даанч тааварлан хэлэх арга алга. Шархүүг гэртээ эргэж ирэхэд эх нь эелдэглэн цайгаа уугаад, жаахан байж байгаад айраг уу гэж хэлээд, өрөм хөвүүлсэн шар цай аягалж өглөө. Залагдан морилж ирсэн дээдэс адил байгаа хүү жаахан алмайран:
Юун айраг вэ? Та нар надад зориулан айлаас айраг гуйж аваа юу гэж асуувал Должин авгай эелдэглэн инээж хүүгээ хараад:
Манайх айлаас айраг аваагүй. Чамайг дуртай болохоор ирэхэд чинь өөрийн гараар эсгэсэн айраг уулгая гэж бодоод гурван гүүгээ айлын Дуламдоржийн дөрвөн гүүтэй нийлүүлэн, хэдэн унага уяж байгаа. Тэгээд өдөр болгон гэртээ нэг хувин илүү айраг авдаг юм. Унага уях, гүү саах ажлаа хоёр гэр хамжаад хийж орхидог. Бусад айлтайгаа нийлээд цагаан идээ хийх ч сайхан юм байна шүү гэж сонирхууллаа.
Шархүү бага наснаасаа гүүний айрганд гоц дурладаг болохоор ээжийн энэ үг магнай тэнийлгэм баярлуулав. Ингээд хүү өглөөнийхээ өллөгийг тайлсны дараа уруул чимчигнүүлэн, хамар сэт татах шахсан айраг залгилан баясаж, дүү нартайгаа тоглох аядан, гэрийн утаанд бие сэтгэлээ хангаж, ёстой л ингэж байх гэж ирсэн мэт хөөр баяртай байлаа.
Хөдөөний айл гэдэг чинь дэр дэвсгэр нь шороо тоостой, хана унь нь утаатай, аргалын утаа нүдэнд хавчуулагдан, юм бүгд нь бүдүүн хадуун оргиод тийм гоё байдаггүй ч гэсэн, өөрийн төрж өссөн орон гэр гэдэг чинь ямар ч дээдсийн шил толь гялалзуулсан эрдэнийн чулуун ордоос сэтгэл зүрхэнд хамаагүй илүү дулаан, зөөлөн гэх юм уу, биед наалдангитай, нүдэнд ээлтэй, сэтгэлд өег байдгийг хэлж баршгүй ажээ. Ийм гэртээ хотын утаа тоосонд дарагдсан, эхүүн агаартай, чих бачимдуулсан чимээ шуугиан дунд байдаг хүнд юутай ч зүйрлэхийн аргагүй өег сайхан аж. Ийм байдал дунд хэдхэн хоног ч гэсэн байгаад буцахад ажилд нь урам, биенд нь хүч, сэтгэлд нь эрч өгсөн мэт байдаг. Ийм л сэтгэлтэйгээр Шархүү гэртээ, эхийнхээ хуучин торгон дээлийг нөмрөөд, паалантай бэсрэгхэн хувин дүүрэн цалгилж байгаа шаргалдуу өнгөтэй айрагны эзэн болоод, зэгсэн ханагар эрийн царай гарган сууж байснаа гадаа гарч шингэн агаар амтлахаар гэрээсээ гарав.
Тэрээр хөмрөөстэй байгаа бургасан шээзгий дээр сандайлан сууж өмнө зүг рүү зогсоо зайгүй нүүж байгаа үүл харан, цаанаас нь байн байн гарч ирэх цэнхэр хөх огторгуйг сая үзэж байгаа адил харж байлаа. Ингэж хүү элдвийг сонирхон харж суутал хотны баруун урд захад бэсрэг том гэртэй байгаа Дуламдорж гэдэг айлаас хувин барьсан нэг бүсгүй, өөр нэг хөдөөний байдалтай хархүүгийн хамт гарч ирээд, хотны урд талд татсан гүүн зэл рүү явлаа. Тэд гүүгээ саахаар адуунд очиж байгаа нь бололтой. Ажиглавал, хот маягийн алхаатай тэр бүсгүйг урьд нь үзэж харсан танил биетэй нэгэн мөн бололтой нүдэнд нь тусаад цаанаа нэг өөр харагдах нь гайхалтай.
За байз юу билээ? Энэ бүсгүй хэн байж таарах вэ? Энэ хүүхэн маань Дуламдорж гуайн охин болж таарах нь уу гэж Шархүү ганцаараа шивэгнэн ярьж, саваагүйрхсан янзаар тэр саальчны араас нүд салгаж чадахгүй шохоорхон, сонирхон зэнтэж хараад, шээзгий дээрээ хөдлөхгүй байлаа. Долоон гүү саах юун удах билээ. Бүсгүй ч бараг л гүү болгоны дэргэд хүрч суугаад л тэр ажлаа дуусгаад байгаа янзтай харагдах нь сонин.
Гүү саагч бүсгүй хувинтай сүүгээ бариад наашаа алхах нь яахын аргагүй таньдаг эмэгтэй мөн болохоор барахгүй, Улаанбаатарт байгаад хоёр жилийн өмнө алдаж орхиод, эрэл сурал болоход нь “Хөдөө багшлахаар явсан. Хаашаа явсныг нь мэдэхгүй” гэсэн сохор сураг сонсогдон, нааш цаашгүй болсон хүн нь мөн байлаа. Шархүү жаахан алмайрч хараад Цэрмаа мөн гэж баттай таньсан дороо бүсгүйг өөдөөс нөмгөн нөмөрсөн дээлээ салбагануулан гүйн очиж уулзсан дороо тоглоом үзсэн хүүхдээс илүү олзуурхан:
Сайн байна уу? Цэрмаа хэмээн дуу алдах шахан мэндлэв. Бүсгүй ч нүдээ том болгон, барьж явсан сүүгээ цацах дөхөн:
Хөөе Шархүү! Чи хаанаас гараад ирэв ээ гэж дуу алдлаа. Тэд бие биеэ гайхширсан, олзуурхсан нүдээр ширтэлцэн мэндэлж гар баримар аядаад, ёстой л эвэртэй туулай үзсэн мэт болж гайхширч:
Танайх чинь энэ Дуламдорж гуайнх юм уу?
Үгүй. Манай ахынх. Чи гэртээ сая ирж байгаа юм уу гэж танилцах асуулт тавин, учир явдлаа мэдэх гэж орооцолдсон утасны уяаны үзүүр тайлах гэсэн байдалтай эх адаггүй яриа үүсгэв.
Тэд бие биеэ ширтэлцэн хэсэг зуур яриа болсонд Цэрмаа охин хөдөө сумын төв дээр багшилсаар, зуныхаа амралтаар ээжийнхээ төрсөн эгчийндээ хэд хоног байхаар ирээд явж байгаа нь энэ гэнэ. Өөрөөр хэлбэл, Төмөрийнхтэй айллан, хэдэн гүү нийлүүлж бариад байгаа энэ айл бол Цэрмаа охины ээжийн эгчтэй суусан хүргэнийх нь аж.
Бүсгүй бол Шархүүг Багшийн их сургууль төгсдөг жил тэр сургуулийн хоёрдугаар дамжаанд суралцаж байсан. Тэгэхэд энэ хархүү сургуулиа төгсгөөд, шинэ ажилд томилогдон, аль тэртээ Дорноговь аймагт хоёр жил ажиллахаар хуваарь авч тийшээ түргэн явах шаардлага гараад явж орхисон байжээ. Шархүү Цэрмаатай тэр цагт лавхан танилцаагүй боловч сэтгэл дотроо мөрөөдөл хадгалаад яаж ч завдалгүй, зөвхөн хайр сэтгэлийн анхны харц тэмдэг бүсгүй рүү шидээд алдаж орхисон. Бүсгүйг чухам хаана, ямар газар багшлахаар явсныг хөөцөлдөж мэдэлгүй, түүнийг хүсэн мөрөөдсөн сэтгэл нь зүүд зэрэглээ адил юм болж, балартан алга болох шахаж яваа билээ. Тийм ч учраас Шархүү ингэж хөдөөд нэгэн хот айлын гадаа түүнтэй нүүр тулан, гарыг нь атгаж уулзана гэж огтхон ч зүүдлээгүй явсаар өнөөдрийг хүрсэн ажээ. Цэрмаа ч гэхнээ энэ хархүүг чухам хаанахын, ямар албаны хүн болсныг мэдээгүйгээр барахгүй, түүнтэй урьд цагт гэх үү, дөрөв таван жилийн өмнө бараа бараагаа харалцаж, хааяа нэг “эгдүү” хөдөлгөм үг сонсож явснаа бараг мартах шахсан байлаа. Бодоожийн гар хуруугий нь атган, хайр дурлалын үг шидэж, тэчъяадлаа тайлах гэж савсганан явдаг залуусыг аль тэр гэх вэ. Шархүүг тийм амьтдын өрөөсөн дугуй гэх үү, хайр дурлалын үгээр амны заваа гарган шалиглаж, хоног өнгөрөөх дэл сул юм хайж явдаг хормойн донтонгуудын нэг нь биз хэмээн бүсгүй бодохоос өөр аргагүй байлаа. Ийм янзын сэтгэл өвөрлөн явсан хоёр энэ өдөр ямар нэгэн далдын хүчний түлхээсээр энэ Агьтын хөндийд уулзан, бие биеэ цаанаа учир хадгалсан нүдээр ширтэлцэн зогсож буй нь ажээ.
Хоёр хосын хэрэг учрал цааш яаж даамжрахыг хүлээцтэй харж байя.
Чи энд удаан байх уу? Хэзээ сургууль руугаа буцах вэ?
Би гурав дөрөв хоногоос сумын төв рүүгээ буцна. Энд юугаа хийж...
Чамайг цаана чинь хүлээж байгаа, чи ч очих гэж яарах хүн байгаа биз дээ?
Тийм ээ. Намайг сумын төв дээр хүлээж ядан байгаа эрчүүд зөндөө байгаа. Чи түүнийг таагаад мэдэж орхив уу? Сүрхий ухаалаг шинжээч юм аа, чи. Тэд хоёулаа инээлдэж хөгжилдөв. Шархүү нүдээ тормолзуулан харж:
Нээрээ чи гэдрэгээ буцах гэж яараад байгаа хүүхэн үү?
Би юундаа яарч буцах гэх вэ? Төв дээр аав минь, хоёр дүү минь байгаа. Тэд надгүй болоод л байна. Энд би удаад байх хэрэггүй. Хэдий өөрийн ахан дүүс ч гэсэн хоолонд нь шигдээд байгаа ч юм шиг, тэгээд ер нь айл хэсэж амьдардаг хүн одоо байхгүй. Ямар ч аятайхан байлаа гэсэн хүний гэрт бүр нэг сэтгэл дүүрэн салбайж сууна гэж байхгүй шүү дээ. “Хар гэртээ хаан, бор гэртээ богд” гэдэг үг учиртайхан гараа биз гэж Цэрмаа хэлээд, жаахан бодолхийлснээ Шархүүд хандан:
Чи хэзээ буцах вэ, Улаанбаатарын хархүү минь гэж асуулаа.
Би гурав хоноод буцах болно. Тав хоногийн чөлөө авч ирсэн юм.
Ингэхэд та тань хаанахын, ямар газрын юу гээч дарга нь вэ гэж асуулаа. Шархүү жаахан алиалмаар санагдан инээж:
Би бол Улаанбаатартаа дээгүүрт ордог их том газрын нэг дээд ноён нь шүү дээ. Тэгээд л төрийн хэргийн бодлогоо боловсруулаад тун завгүй байдаг хүн гэвэл Цэрмаа хүүгийн марзаганаж байгааг гадарлан:
Нээрээ тийм бололтой шүү. Дуу нь бүдүүрээд, хоолойгоо шахаж дуугаран, газар харахгүй, тэнгэрийн хаяа алсалж ширтээд, явж алхаж байгаа нь цаанаа л нэг өөр, үнэхээр том дарга яваа бий. Би айж байна гэв. Тэд инээлдлээ.
Шархүү царайгаа төв болгон Цэрмаагийн дээлийн товчноос барьж:
Би Улаанбаатарт өнгөрсөн хавар бүрмөсөн шилжин ирж суусан. Тэгээд нэг яаманд албаны ажилтан болсон. Чөлөө зав муутай, өөрийн дураар тонгочиж явах боломж багатай, нэг тийм хатуухан газарт алба хашдаг. Чи хожим мэдэх биз ээ. Би ч чамд өөрийгөө гүйцэд танилцуулах хүсэлтэй байна гэв.
Цэрмаагийн барьж явсан хувинтай сүүг түрүүн нэг хүүхэд гүйж ирээд, аваад явчихсан болохоор түүнд яарах юм алга бололтой тайван зогсоно. Тэд хоёулаа тэнгэр харж, цэлмэж эхэлсэн огторгуйн өнгийг хараад баясах байдлаар таалан байснаа Шархүү өөр нэг санаа өдөн бүсгүйд хандаж:
Өглөө эргэн тойронд их манантай байсан. Мөөг ямар сайхан ургаж байгаа бол. Хоёулаа мөөгөнд явъя. Би багадаа энэ уулсын бэлээр явж мөөг түүдэг байсан. Тэгэхэд цагаан мөөг ёстой л ярайж байдагсан гэлээ.
Цэрмаа бодолхийлснээ эргэн тойрныг хараад:
Чи мөөгөнд дуртай юм уу гэж асуув. Хүү инээн баясах байдлаар:
Дуртайгаар барах уу? Мөөг ямар ч тарган махнаас илүү амттайг яана.
Шархүү! Би өнөөдөр мөөгөнд явахгүй. Юм оёж байгаа гэж цааргалав.
Тэгвэл маргааш эртхэн явъя! Өнөөдөр явбал яана гээ вэ гэж асуувал Цэрмаа гэр өөдөө харснаа толгой сэгсрэн:
Манай эгч, ах нар намайг хотоос ирсэн нэг хархүүг үзмэгцээ түүнийг дагаад л хээрээр сэлгүүцэж эхэллээ гэж бодох биз. Тэгээд ч надад чамайг үзсэн дороо л наалдаад гүйх нь эвгүй байна гэж санаснаа шууд хэллээ. Энэ нь бүсгүй дотроо өмхий санаалан байгаа биш, ил цагаан сэтгэл гаргаж байдлаа илэрхийлсэн хэрэг байлаа. Үүнийг Шархүү ойлгож ухаарав. Тэд орой гэрийн гадаа уулзаж ярилцах, маргааш өглөө гэрийнхэндээ хэлээд мөөгөнд явахаар хэлэлцэн шийдлээ. Ингээд хоёр тийшээ явж гэр гэртээ орлоо. Шархүү Цэрмаатай ингэж санамсаргүй уулзсандаа сэтгэлээ баясган, “Энд уулзана гэж болзсон юм шиг сонин юм болов оо. Цэрмааг би энэ нутгийн бүсгүй гэж зүүдлээ ч үгүй байв. Ил цагаан яриатай, аятайхан бүсгүй шүү. Би оюутан байхад нь эргүүлж тойруулж дагаж давхиагүй л дээ. Тэр цагт би ичимхий, бусадтай харилцаж нүүр хагарч сураагүй, бас яаж хүүхэн хүнтэй ойртдогийг мэддэггүй байжээ. Цэрмаа ч нилээн их зантай, хэрийн хүнийг тоож үздэггүй болов уу гэмээр шилбэлзээд л ганцаараа голдуу үргэсэн зээр адил цойлж гүйсэн амьтан байв даа. Тэгээд өнөөдөр уулзахад ихээ намуун, дорд зантай, яриа хөөрөө элбэгтэй хүүхэн болсон байх шиг. Амьдрал үзнэ гэдэг нь энэ байх даа” хэмээн бодон энэ бүсгүйг сэтгэлийнхээ гүнд санаашрах янзанд автаж билээ.
Үдэш унага тавих үеэр Шархүү Цэрмаа хоёр гүүн зэлэн дээр уулзан, саалийн дараа нь хотны хөлд бие биеэ бараадсан юм шиг зэрэгцэн зогсож бас баахан ярилцлаа. Тоймтой юм юу байх вэ, сургуульд хамт суралцаж байсан нөхдөө хаана ажиллаж байгаа, Цэрмаагийн ажиллаж буй Чандмань-Уулын сургуулийн байдал, Шархүүгийн ажиллаж байсан Дорноговь аймаг, Сайншанд хотын үйл ажиллагаа зэргийг хамж шимэн хүүрнэлдэв. Энэ хоёр дээр хүүгийн дүү Навчаа гүйж ирж үг чагнана. Яриа хөөрөө нийцүү гэх үү, хүн олны амьдралыг үзэх тэдний үзэл хоорондоо төсөөтэй байлаа.
Би завгүй ажилтай. Улсын хил ойрхон, заримдаа тэр нь жаахан үймнэ. Төмөр замаар янз бүрийн хүмүүс нааш цааш хөлхөнө. Тэр бүхний байдлыг мэдэж байх үүрэг хүлээсэн хүн чинь зав чөлөөгүй л байна. Би Сайншанд хотод хоёр жил гаруй суухдаа энэ гэртээ огт ирээгүй. Улаанбаатарт хугацаатай ажлаар дөнгөж хоёр орж ирээд, сүүлчийнхэд нь зориуд зав гарган Багшийн их сургууль дээр очиж чамайг сураглаад “Хөдөөд багшаар томилогдон явсан” гэж там тум сураг сонсоод л буцсан. Би чамайг сэтгэлийнхээ угт санан бодсоор явсан гэж жаахан зулгуйдах маягтай үг Шархүү хэлж байв.
Цэрмаа жирийн өдөр тутмын зүйл гэх үү, хөдөөний хүүхдүүдтэй ажиллах нэг талаар үгэнд сайн ордог болохоор амархан, нөгөө талаар сургуулийн суурь дэвсгэр тааруухан, зарим эх эцгийн байдал нь соёл багатай учир хүүхдэд сэлбэг өгч сурлагад нь дэм үзүүлэх талаар тааруу байдаг гэхээс цааш хэтэрсэн сонин юм гарган ярихгүй байлаа. Тэр нь бүсгүйн хашир зангаас шалтгаалан буй бололтой. Ийм яриагаар тэд үдшийг бараад, гэр гэртээ орж элгэн тараг, халуун сүү уун, дулаан дэвсгэртээ хэвтжээ.
Маргааш нь Цэрмаатай хамт мөөгөнд явна гэхээс Шархүүгийн сэтгэл зэнтэн нойр нь хүрэхгүй, нэлээд хөрвөөсөн байна. Аав нь хүүдээ хоёр номхон морь эмээллэж өгөөд, түүний мөөгөнд явахыг нь дэмжлээ. Ээж нь хэдхэн хоногоор гэртээ ирээд дураараа л байг гэж урамшуулсан байна. Уут сав ганзгалан, хатгах шор барьсан хоёр Агьтын хөндийг өгсөн нилээд явж Дулаан уулын ар бэлээр, хөндийн баруун хажуу даган гэрийн буйрнаас том томоор дугуйран харагдах мөөгний хүрээг даган, заримдаа бие биеэсээ жаахан салаад олз олох ажлаа хийж эхлэв. Мөөг ч ёстой “Май даа, хүүхдүүд минь” гэсэн янзтай сая газрын хөрсөн доороос хага яран бултайж гарч ирсэн нь гайхалтай.
Зарим нэг томоохон хүрээнд найм-арвантаваас цөөнгүй мөөг бөндийж ярайн харагдах нь энэ эд урьд ийм элбэг баян байхыг Шархүү үзээгүй гэдгээ Цэрмаад ярьж “Миний төрсөн нутаг ийм баян” гэж гайхуулах хөг аяс оруулж явлаа. Мөөгний зарим нь чигчий хурууны үзүүр адил, зарим нь алга дарам том болж, гаднах арьсаа зад яран томорсон нь гайхалтай. Хүү бүсгүй хоёр хорь хүрэхгүй хүрээ тойрон алхаад л уут саваа ихэнцээрлэн, сэтгэл нь ханаж эхлэв. Их борооны дараа суусан мананд үнэхээр мөөг газрын хөрсөнд багтаж байх аргагүй болсон мэт дээшээ булт үсрэн гарч иржээ. Тэд нэг том хүрээний мөөгийг шордон гаргаж гүйцсэнийхээ дараа түүнийгээ цуглуулан түүж авахаа төвөгшөөсөн мэт орхиод хүрээний гол дунд нялх ногоон дээр зэрэгцэн суугаад амрах аясад Шархүү бүсгүйд хандан:
Эрхэм ээ! Би чамайг зүгээр ингээд хараад явж байж чадахгүй нь ээ. Чи надад хацраа өгөөч гэж хэлсэн дороо бүсгүйн шингэн агаарт өнгө засан улаан туяа суусан хацар дээр нь үнсэж орхилоо.
Цэрмаа эгдүүцэн босон харайж, царайгаа хувирган эмзэглээд дуугаа чангалан:
Чи яаж маяглаж байна вэ? Намайг хэн хошуу цорвойсны шүлсээр нүүрээ цардаж явдаг завхуул эм гэж чи бодоо юу хэмээн түүний туранхай толгойн хаанаас нь ийм их уур гарна вэ гэмээр юм хэлэв.
Хүү чухам яаж түүнтэй харьцахаа мэдэхгүй алмайрснаа инээх маяг үзүүлэн:
Цэрмаа! Би чамайг басамжлан доромжлох гээгүй, өөрийнхээ үнэнхүү хүслийг илэрхийлж байгаа янз минь энэ. Би чамайг дэндүү их хүсэж байна гэж хэллээ.
Цэрмаа хүүгийн энэ үгийг сонсоод царайгаа хувирган хэсэг зуур дуугүй байснаа, биенээс нь холхон зайгаа барьж суугаад:
Энэ мөөгний хүрээ ямар гайхалтай сонин юм бэ? Бие биенээсээ овоо холхон зайтай, орчин тойрныхоо хамаг газрын сайн шороог тунгаан ялгаруулан авсан юм шиг дугуйруулан цуглуулж тогтоно. Тэгээд энэ ялгаруулан авсан газар дээрээ өөр ногоо огт ургуулахгүй, халцгайрч харлан, зөвхөн энэ сонин сайхан үнэр, амттай цагаан мөөгөө л ус чийгий нь тааруулаад ургуулна. Яахаараа ийм байдаг байна вэ гэж Шархүүгийн өөрт нь халдах гэсэн байдлыг мартуулах гэсэн юм шиг, түүнээс огт өөр өнгийн яриа үүсгэв.
Тийм байна шүү. Чи сайн ажиглаж байх шив. Мөөгний хүрээ бол онцгой сонин, шимтэй ногоотой байна. Ийм сонин гэх үү, өвөрмөц шороог байгаль өөрөө л ингэж ялгаруулан авч, ингэж цувруулан дугуйруулж тавиад, хадгалан байна даа.Байгаль гэдэг цаанаа сүрхий эзэнтэй, тэр эзэн нь маш их ухаантай, уран, дэндүү ажилч гэмээр юм аа даа. Бодоод байхад үнэхээр сонин байна.
Хэлээд яахав. Хүн гараараа хийхэд бэрхтэй, биднийг тойрон хүрээлж, явсан газар болгонд эрээн хивс адил байгаа энэ бүх өнгө бүрийн цэцэг навчийг ч байгаль л урлаж байна. Байхгүй өнгө, хэлбэргүйгий нь яана.
Тэгээд зогсохгүй, энэ газрын шим ямар их арвин байна вэ. Бодоод үз л дээ. Хамгийн гоё, сайхан үнэртэй цэцэг газраас, дэндүү сайхан амттай жимс, шимт ногоо газраас, том том аргил мод газраас, үр тариа газраас, хүн амьтан идээд л үхдэг хорт ногоо газраас л ургана. Ямар гайхалтай сонин юм бэ гэж Цэрмаа хэлээд, бодлогоширон эргэн тойронд ярайж байгаа хурган цагаан цэцгийг харж алмайран сууснаа Шархүүг харж дооглонгуйгаар инээн:
Чи энэ газар дэлхий шиг ийм их ид шидтэй бол яаж байх вэ хэмээн асуулаа.
Хүү босож бүсгүйд ойртон очиж хажууд нь суугаад:
Би чамд Бээжингийн хятад хүний үйлдсэн нэг зүйлийг яръя. Чи сонс доо гэж хэлээд өгүүлсэн нь: За бараг нэг зуун жилийн өмнөх хэрэг юм аа тэр. Ерөнхий сайд хан Намнансүрэн нутагтаа нэг удаа очжээ. Тэгтэл түүний хүрээний дэргэд байдаг Хишигтийн пүүсний нэг салбарын данжаад ноёнд бараалхая гэх хүсэлт тавин хүрч ирж, Намнансүрэн гуайг өргөөндөө байхад нь бараалхаж хуучин танил ёсоор тонголзон бөхөлзөж уулзаад:
Ай би танай энд дөчин жил суулаа. Таны эцэг Төгс-Очир ноёныг их сайн таньдаг байсан. Тэр ноён манай пүүснээс торго хоргой их авдаг байсан, их сайн ноён байж билээ. Одоо би нас ахиж та нартай хамт байж чадахаа байгаад Бээжинд бүрмөсөн очиж суун, тэнд нүд анина гэж шийдсэн. Тэгээд тантай уулзан салах учраа хэлье гэж бодож ирлээ. Танд би бэлэг болгон хоёр дээлийн хамба торго баръя гэж айлтгажээ.
Намнансүрэн аялаг зангаар данжаадтай ярилцан байснаа ая тавих янзаар:
Данжаад гуай! Одоо таны буцахад ямар зүйл дутаж байна вэ гэж асуужээ. Данжаад нэрэлхүү байдал үзүүлэн, толгой сэгсэрч суугаад:
Ай надад юу ч хэрэггүй. Харин би Монгол газар сууж байснаа дурсан харж хааяа үнэрлэж байхын тулд танаас гуравхан шуудай мөөгний хүрээний хар шороо надад өгөхийг гуйж байна гээд тонгойжээ.
На сайд бодолхийлэн Ло овогтныг харж намуухан дуугаар:
Их данжаад танд би тийм шороо өгч мэдэхгүй юм байна. Надад төрсөн нутгийнхаа шороог дур зоргоороо шуудай шуудайгаар нь харийн хүнд өгч байх эрх мэдэл байхгүй. Би тийм юм хийж байх зарлиг хүлээгээгүй гэж шуудхан хэлжээ.
Ло овогт нүдээ том болгон ноёныг харж толгой сэгсрэн бодолхийлснээ:
Ай та юу хэлнэ вэ? Та улсын их сайд, ганц хормой шороо мэдэхгүй гэж хэлж болохгүй байх аа. Тэр бол юу ч биш шүү дээ гэж хэлсэн байна.
На сайд дамар цохин бараа бологчоо орж ирэхээр түүгээр дамжуулан Даръяа бойдааг дуудуулан ирүүлээд, түүнд зарлиг болгохдоо:
Чи үүнийг аваад яв. Энэ данжаад надад бэлэг болгож байна. Энэ бэлгийн хариуд чи данжаад гуайд үхрийн хоёр сайн шир барь гэж хэлээд торгыг бойдаад өгч уулзалтыг төгсгөж гэнэ. Хожимхон нь Ло овогт Сайн ноёны хошуу тамгын газрын жасаа түшмэл, мээрэн Цэрэнхүүд дээлийн чисчүү, хэдэн цай “бэлэг” болгон өгөөд, хүссэн гурван шуудай шороог тэр түшмэлээс авч Бээжин явсан байна. Нилээд хожим эндээс Бээжинд очсон нэг монгол худалдаачин зориуд Ло овогтныд танимхайран очвол тэр хятад суудаг хөх туйпуун байшингийнхаа үүдэнд дөрөв таван онгоц тавиад, дотор нь цагаан мөөг бөндийтөл нь ургуулсан байж харагдсан гэнэ. Манай энэ хүрээний шороог хятад хүн тийм сүрхий ажигч нүдээр хараад, өөрийнхээ нутагт аваачин ашиг олж байж шүү хэмээн Шархүүг ярихад, Цэрмаа гайхшран чагнаж сууснаа:
Энэ чинь тийм их шимтэй шороо байжээ. Бид ингээд дээр нь гишгэчээд тоохгүй явдаг чинь таарахгүй л юм байна гэж хэлэв.
Энэ тэрхнийг харж суусан Шархүү байгаа хөндийнхээ эхийг ажиглаж хараад:
Тэр юу вэ? Энд чинь нас барагсдыг оршуулдаг болоогүй баймаар гэж хэлээд, нүдэнд нь торойн харагдаж байгаа нэг гозойсон чулуу маягийн юмыг заалаа. Цэрмаа тэр бараан юмыг саравчлан хараад:
Энд юу байдгийг нь би мэдэхгүй л дээ. Хөшөө чулуу шиг л юм харагдаж байна гэв. Шархүү нүдээ том болгон тэр чулууг харж байснаа:
Явъя! Хоёулаа түүнийг очиж үзье. Миний багад ийм юм тэнд байгаагүй шиг санагдаж байна гэж хэлээд, тушаатай байгаа морь руугаа явлаа.

No comments:

: