Sunday, February 1, 2009

НИЙГМИЙН ДЭВШЛИЙН ЗАМААР

.
2001 онд бичсэн өгүүллээ дахин хэвлэж байна. Энд: 1) түүхэн үйл явдлыг бүхэлд нь харах, 2) холбоотой, зөрчилтэй, цуварсан олон үйл явдлыг ач холбогдлоор нь эрэмбэлэх, 3) монголд болсон түүхэн үйл явдлыг гадаад орчинтой холбоотой авч үзэх, 4) системийн хандлагыг ашиглах зэрэг зарчмуудыг ашигласан. Мөн хараахан түүх болж амжаагүй байгаа 1990-ээд оноос хойшхи үйл явдлуудыг огт хөндөөгүй. Уншигчдад таалагдах эсэх олон асуудал энд мэдээж үүснэ. Гэхдээ түүхэн үйл явдал бидэнд таалагдах эсэхээс үл хамааран болоод л өнгөрдөг. Энэ өгүүлэл бол хэн ч хөндөхийн аргагүй “мундаг” зүйл огт биш, харин системийн шинжилгээний нэг л хувилбар гэдгийг онцлон дурдаж байна. Иймээс олон юм руу “хадууралгүй” дээр дурдсан зарчмуудын хүрээнд шүүмжлэн хэлэлцэж, мэтгэлцвэл тун сайн гэж бодож байна. Ер нь түүхэн гүн ухааны шинжтэй дүгнэлтүүд байн байн хувираад байдаггүй юм шиг байна лээ.

2001 оны 7 дугаар сарын 11-нд бид Ардын хувьсгалынхаа 80 жилийн түүхт ойг ёслол төгөлдөр тэмдэглэж өнгөрүүллээ. Энэ бол ХХ зууны дийлэнхийг эзэлсэн ч түүхэн цаг хугацааны хувьд харьцангуй богино хэрчим агаад чухам тэр үед л манай улс тусгаар тогтнолоо дахин олж, монгол үндэстэн мөхлийн замаас ангижирч сэргэн мандсан билээ.Монголын нийгэм ингэж хөгжиж дэвшсэн тохиолдол ХIII зуунаас хойш манай түүхэнд гараагүй юм. “Номадизмын сүүлчийн үлдэгдэл”, “Нүүдлийн феодализм” гэж эрдэмтэд нэрлэж ирсэн уламжлалт нийгмээс орчин үеийн нийгэмд дэвших агуу их үйл явц чухам тэр үеэс эхэлж, одоо ч гэсэн үргэлжилж байна. Энд би орчин үеийн гэдгийг нэлээд өргөн утгаар авч үзсэн бөгөөд эдийн засаг дахь машинт үйлдвэрлэл, төр, нийгмийн орчин үеийн зохион байгуулалт зэргийг бүхэлд нь оруулж байна. Мөн түүнчлэн капитализм, социализмын аль нь давуу болох тухай улиг болсон асуудлыг хөндөөгүй, ердөө л үлэмж хоцрогдсон уламжлалт нийгмээс орчин үеийн нийгэмд шилжсэн нэн өвөрмөц, нарийн түвэгтэй, зөрчилт үйл явцыг шинэ зууны босгон дээрээс эргэн харж эрэгцүүлэхийг эрмэлзсэн болой.Шинэ зууны босгон дээрээс туулсан замаа эргэн харж алдаа оноогоо шүүн тунгаах аваас ХХ зууны Монголын түүх нь бүхэлдээ нийгмийн дэвшлийн түүх байсан агаад түүнийг эхлүүлсэн, тодорхойлогч, гол зангилаа үйл явдал нь 1921 оны Ардын их хувьсгал байжээ гэсэн дүгнэлтийг бүрэн үндэстэйгээр хийж болохоор байна. Энэ тухай өгүүлсү.

* * *

Хувьсгалын эрин үе

ХХ зуун гарсаар Их гүрнүүд дэлхийг хувааж Ази тивийн ихэнх хэсэг, Африк тив бүхлээрээ тэдний колони болж, дэлхийн хүн амын хагасаас илүү хувь нь колонийн дарлалд байлаа. Мөн аймшигт I дайн дүрэлзэж, дорно дахинд хувьсгалын зурвас үе эхлэв. 1905 онд Иран болон Орост хувьсгал гарснаар феодализм, колоничлолын дарлалд байсан Ази тив, Дорно дахин бүхэлдээ нойрноос сэрж, хувьсгалаар оргин буцалсан юм. Хятадад Сун Ят Сен, Японд Сэн Катаяма, Вьетнамд Хо Ши Мин, мөн Орост бидний сайн мэдэх Ленин нар тодрон гарав.Энэ үеийг түүхчид хувьсгалын хоёр дахь их дэлгэрэлтийн үе гэж нэрлэдэг бөгөөд түүний оргил шат нь 1917 оны Октябрийн Их Хувьсгал болсон гэж үздэг. Бидний монголчууд дэлхий нийтийг хамарсан энэхүү хувьсгалын эрин үеийн давалгаанд татагдан орсон нь жам ёсны үйл явц байсан бөгөөд монголчуудын хувь заяанд үндсэн эргэлт болсон юм.

Оросыг түшсэн хөгжлийн хандлага

Чин Улсын төр удаан наслахгүй нь ойлгомжтой болсон үеэс эхлэн монголчуудад олон жилийн мөрөөдлөө биелүүлэн бие даасан төр улсаа сэргээн байгуулах түүхэн боломж бий болов. Үүний тулд тэд гадаад түшиг тулгуурыг идэвхтэй хайж эхэлсэн бөгөөд тухайн үеийн монголын гадаад орчин, хүрээллээс хамгийн дэвшилттэй, ирээдүйтэй нь Орос Улс байсан юм.1895 онд да лам Бадамдорж, 1911 онд Ханддорж, Цэрэнчимэд, Хайсан, 1912 онд Ханддорж нар, 1913 онд Намнансүрэн нар умар зүг хандаж, 1911 онд Коростовец Монголд ирсэн, 1912 онд Орос-Монголын гэрээ байгуулсан зэрэг үйл явдлууд нь тохиолдлын хэрэг биш байсан бөгөөд монголчуудын манж-хятадын эрхшээлээс гарах гарц ганцхан байсныг нотолдог. Ийнхүү Оросыг түшсэн хөгжлийн хандлага эхэлж, 1911 оны Үндэсний хувьсгал хаант Оросын дэмжлэгээр ялсан бол, 1921 оны Ардын Их Хувьсгал Зөвлөлт Оросын дэмжлэгээр ялсан билээ. Нийгмийн байгуулал солигдсоноос үл хамааран Оросыг түших хандлага цаашид тогтвортой үргэлжилсэн бөгөөд үүний ачаар монголчууд үндэстний хувьд мөхөх аюулаас сэргийлэгдэж чадсан юм.Монгол Улс Оросын колони байсан, Монгол Улс тоглоомын бүгд найрамдах улс байсан гэдэг яриа бол хэт туйлшруулсан үзэл юм. Монгол нь ЗХУ-ыг тууштай түшсэнээрээ түүний онцгой халамжид байж, хожим нь социалист системийн орнууд дотор өвөрмөц байр сууриа эзлэн, социалист системийн ивээлд багтагч нэг объект болсон юм. Шинэ нийгмийн суурийг бүтээхэд зайлшгүй шаардагдах анхдагч хуримтлалыг Монгол улс шиг шууд, бэлнээр нь урт удаан хугацаанд гаднаас авч байсан тохиолдол түүхэнд ховор. Үүгээрээ БНМАУ нь их гүрний нөлөөнд байсан хэдий ч бусад ямар ч улсаас ялгаатай байж, тусгаар тогтнолоо бататган, нийгмийн томоохон дэвшилд хүрч чадсан юм.

Панмонголизм буюу монголчуудын боломж

ХХ зууны эхэн үеийн монголчуудын үндэсний сэтгэхүйд нэг үзэл нийтлэг оршиж байв. Энэ бол Хятадын өвөрмонгол, шинжаан, барга, Оросын алтай-урианхай, тагна тува, бас буриадыг нэгтгэсэн Их Монгол Улсыг байгуулах эрмэлзэл буюу панмонголизм юм. Гэвч энэ нь колонийн систем ид цэцэглэж, дэлхийн хоёр дайн дараалан дэгдсэн тэр үед ерөөс үл гүйцэлдэх зүйл байсан юм. Энэхүү хэмжээ хязгааргүй хүсэл, түүнийг гүйцэлдүүлэх гэсэн практик алхмууд их гүрнүүдийн бодлоор дэндүү даварсан хэрэг байв.Оросоос мөнгө, зэвсгийн тусламж авангуутаа Өвөрмонгол руу дайлаар орсон монголчуудыг зогсоож бие даасан байдлыг нь гадаад монголын хүрээнд нь зөвшөөрөх болзлыг тулган хүлээлгэсний тод илрэл нь 1915 оны гурван этгээдийн Хиагтын гэрээ болсон юм. Энэ гэрээг янз бүрээр харааж, Орос болон Хятадыг зэмлэх үндэслэл болгодог авч харьцангуй бие даасан автономит Монгол улсыг байгуулж чадсанд түүний хамгийн гол үр дүн оршино. Уг гэрээгээр Монгол нь хятадын мэдлийн болсон нь үнэн. Гэвч хэрэг дээрээ Монгол нь Оросын нөлөөлөлд орсныг үгүйсгэхэд туйлын төвөгтэй. Хүсэл эрмэлзлийн үүднээс л үүнийг чамлаж болно уу гэхээс биш, бодит байдал, хожмын үр дагаврын хувьд энэ бол бидний олж болох дээд боломж байсан юм. 1915 оны Хиагтын гэрээ Монгол Улсын гадаад орчны нөхцөл байдлыг удаан хугацааны туршид тодорхойлж ирснийг энд дурдах нь зүйтэй.

Ардын Их Хувьсгал

1911 оны Үндэсний хувьсгалын дотоод хүчин зүйл нь тусгаар улсаа байгуулах гэсэн үндэсний ухамсрын сэргэлт, түүнд тулгуурласан нийт ард түмний тэмцэл байсан. Харин гадаад хүчин зүйл нь хаант Оросын цэрэг, эдийн засаг, дипломатын тусламж дэмжлэг байлаа. Мөн Хятадын хувьсгал, түүний дотоод зөрчилдөөн зэрэг нь шууд ба шууд бусаар хүчтэй нөлөөлөл үзүүлсэн.Энэ бол үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцсэн үндэсний хувьсгал байсан юм. Феодалын нийгмийн харилцаа, хаант төр, хамжлагат ёс, угсаа залгамжлах ёс хэвээрээ байсан учраас энэ бол ардчилсан хувьсгал байгаагүй. Хувьсгалын үр дүнгээр тогтсон төрийн байгууламжид дээд, доод хурал маягийн ардчилсан зарим элементүүд бий болсон боловч энэ нь төр болон нийгмийн шинж чанарт зарчмын өөрчлөлт оруулж чадаагүй, түүнийг бүхэлд нь тодорхойлох хэмжээнд хүртэл хөгжөөгүй юм. Түүний гол үр дүн нь тусгаар улсыг бий болгосонд оршино.ХХ зуунд дэлхий дахинд нөлөөлсөн цар хүрээ, ач холбогдлоороо Октябрийн хувьсгалтай дүйцэх агуу үйл явдал байхгүй билээ. Энэ бол Европ тивийг бүхэлд нь зуу гаруй жил доргиосон 1791 оны Францын их хувьсгалын нүргээнийг евроазийн эх газарт дахин эхлүүлсэн их хувьсгал байлаа. Эдүгээ Октябрийн хувьсгалыг хичнээн хараасан ч гэлээ түүний дэлхий болон ази тив, ялангуяа Монголд үзүүлсэн нөлөөллийг үгүйсгэх боломжгүй юм. Энэ хувьсгалын нөлөөгөөр Монгол төдийгүй дэлхий дахин сэргэн буцалж байсныг түүх бодитойгоор сануулдаг.Оросыг түшсэн хөгжлийн хандлага, гамин, бароны хүчирхийлэл, нийгмийн дэвшлийн үзэл санааны татах шинж, зөвлөлтийн туршлага нөлөөлөл, феодалуудын арчаагүй байдал, нийгмийн тэсвэрлэшгүй дарлал зэрэг нь социалист үзэл санаа монголд дэлгэрэх шимтэй хөрс болж байлаа. Үеэ өнгөрөөсөн феодалын байгууллыг халсан ямар ч хувьсгал монгол орны хувьд хөгжил дэвшил авчрах нь гарцаагүй байсан. Чухам энэ үүргийг биелүүлснээрээ 1921 оны хувьсгал нь Монгол орны тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн үүдийг нээж өгсөн юм.1921 оны хувьсгал нь харийн түрэмгийлэл, феодализмыг эсэргүүцсэн нийт үндэстнийг хамарсан ардын ардчилсан хувьсгал байлаа. Зарим хүн үүнийг үндэсний ардчилсан хувьсгал гэж нэрлэдэг. Нэр томъёоны хувьд үндэсний ба үндэсний ардчилсан, ардын ардчилсан зэргийн хооронд асар их зөрүүгүй. Харин феодализмыг халсан шинэ байгууллыг яаж нэрлэх, яаж үзэхтэй холбоотой зарим ялгаа байдгийг цаашид нягтлууштай.Зөвлөлт Оросын тусламж дэмжлэг, оролцоотойгоор монголын малчин ардын хийсэн энэ хувьсгал нь нийгмийн шинэ харилцааг үүсгэж, Монгол орон хөгжил дэвшлийн замаар замнах хэтийн төлөвийг нээж өгснөөрөө нэн шинэ түүхийн агуу их эргэлт болсон юм. Дундад зуунаас хойш Монголын түүхэнд нийгмийг бүхэлд нь хувирган шинэчилсэн ийм аугаа үйл явдал болж байгаагүй билээ. Эл учраас түүнийг Ардын Их Хувьсгал гэж нэрлэх гарцаагүй бөгөөд хангалттай үндэслэл бидэнд бий.Буурай хөгжилтэй жижиг улсад ард олон хувьсгал хийж, засгийн эрхийг аваад Үндсэн хуулиа батлан, тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж харьцангуй бие даан өвөрмөц маягаар амжилттай хөгжсөн цөөн орны тоонд Монгол гарцаагүй орно. Жижиг буурай олон улсын бие даан хөгжих хүсэл мөрөөдөл дэлхийн II дайны дараа, ялангуяа колонийн систем нуран унасан 1960-аад оноос л биелэх бололцоотой болсон. Гэхдээ ийм боломж ямагт бусад том улсын нөлөө юм уу ивээл дор бодит байдал болдгийг маш олон орны туршлага харуулсан.1921 оны Ардын хувьсгал нь 1911 оны үндэсний хувьсгалын шууд үргэлжлэл, давталт байгаагүй. Хэрэв тийм байсан бол 1921 онд Засгийн эрхийг авсны дараа Богдыг хаан ширээнд залаад бүх асуудал дуусах байсан. 1911 оны үндэсний хувьсгалын алдагдсан үр дүнг сэргээх зорилго тавьснаараа 1921 оны ардын хувьсгал уламжлалт шинжийг агуулж байсныг үгүйсгэж болохгүй нь мэдээж. Гэвч энэ нь 1921 оны Ардын хувьсгалын хоёр зорилгын зөвхөн нэг нь л байсан. 1921 оны ардын хувьсгалын түүхэн ач холбогдол нь үеэ нэгэнт өнгөрөөсөн феодалын байгууллыг халсанд орших бөгөөд чухам үүгээрээ 1911 оны үндэсний хувьсгалаас бүтэн эрэмбээр дээгүүр байж, түүнээс дахин нэг алхам урагшилж нийгмийн хувьсгал болж чадсанд оршино.Эдүгээ хоёр хувьсгалыг зөрчилдүүлэн үзэх, 1921 оны ардын хувьсгалын ач холбогдлыг бууруулах суртал нэвтрүүлэг зогсолтгүй явуулж байна. Ийм санааг нотлох гэвэл юуны өмнө ХХ зууны эхэн үеийн монголын феодалын нийгэм бусдаас дэвшилттэй байсан хийгээд түүнийг хэвээр хадгалах нийгмийн зайлшгүй шаардлага байсныг батлах ёстой.1924 онд Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, шинэ ардчилсан Үндсэн хуулиа баталсан нь монголын нийгмийн томоохон дэвшил болсон юм. Манжийн үеийн хууль цааз, Богд хаант Монгол Улсын “Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичиг” зэрэгтэй харьцуулахад 1924 оны шинэ Үндсэн хууль нь жинхэнэ утгаар ардчилсан хууль байлаа. Уг хууль Зөвлөлтийн хуулийн монгол хувилбар байсан нь үнэн. Гэвч энэ нь түүний дэвшилтэт үүрэг, ач холбогдлыг бууруулах үндэслэл болж чадахгүй. 1990 оны шинэ Үндсэн хуулийг ч барууны хуулиудаас хуулсан нь бас л үнэн билээ.ХХ зууны төгсгөл үеийн ардчиллын үнэт зүйлийн шаардлагыг 1924 оны анхны ардчилсан Үндсэн хуулиас өнөөдөр нэхэх нь огтоос утгагүй зүйл мөн. Колонийн системийн ид цэцэглэлтийн үед тусгаар тогтнолоо зарлаж, ардчилсан Үндсэн хуулиа баталсан нь монголчуудын хувьд зол заяа байсан юм. Шинэ тутам байгуулсан Ардын төрөө ард түмэн талархан дэмжиж сүүлийн хэдэн зуун жил үзэгдээгүй улс төрийн өндөр идэвх гарган хүрээлж байсныг түүх гэрчилнэ.

Феодализмын бурангуй ёсны эсрэг

Нийгмийн хувьсгал засгийн эрхийг авснаар дуусдаггүй, харин ч эхэлдэг билээ. Ардын хувьсгал феодалын монгол орны олон зуун жилийн хоцрогдлыг даван туулах их үйлсээс гараагаа эхлэв. Монголын нүүдлийн соёл иргэншил манжийн 220 жилийн дарлал, шарын шашны хэт тэлэлт зэргээс болж ХХ зууны эхэн үе гэхэд мөхлийнхөө ирмэгт тулж ирээд байлаа.Тэр үед шарын шашны гүн ухаан, энэрэнгүй үзлийн дэвшилтэт язгуур үндэс ихээхэн бүдгэрч, сүм хийд, лам нарын тооны өсөлт хэвийн хэмжээнээс хавьгүй хэтэрч, шашны үзэл суртал мухар сүсгийн доод хэмжээнд хүртэл буурсан учраас шарын шашин бүхэлдээ гүн гүнзгий хямралд орсон байв. Шашны гүн ухааны мөн чанарыг гаргууд мэддэг цөөн тооны жинхэнэ сэтгэгчид энэ бүхнийг, ухамсарлан ойлгож, хэт мунхаг байдлыг эрс шүүмжилж, шашны шинэчлэл хийхийг оролдож байсан нь цөөнгүй байдаг. Шинэ цагийн алхааг гүйцэхгүй шашны үзэл суртлын оронд тухайн үед ид хүчээ авч байсан социалист үзэл санаа большевик хэлбэрээр орж ирэх нь гарцаагүй байсан юм.Монголын феодализм, түүний бурангуй ёс, харилцаа, дадал заншил нь шинэ дэвшилттэй бүхнийг эсэргүүцэж, түүнийг сөрөн зогсож байлаа. Шинэ төр бүх юмыг цоо шинээр хийх хэрэгтэй болсон. Эдүгээ Монголын ямар ч салбар, байгууллагын үүсэн байгуулагдсаны ой ямагт 80-аас доош тоотой байдаг нь их хувьсгалын няцаашгүй нотолгоо болдог.Сургууль боловсрол байтугай бичиг үсэгт тайлагдахыг, эмнэлэг эрүүл мэндийг байтугай ахуйн наад захын ариун цэврийг эсэргүүцдэг, соёл, урлаг, шинжлэх ухаан техникийг ярьдаггүй юмаа гэхэд өргөн хэрэглээний бараа таваар хэрэглэхийг хүртэл эсэргүүцэж байсан мунхаг харанхуйтай тэмцэх нь зөв шударга, дэвшилтэт үйлс байлаа. Энэ ариун бөгөөд их үйлсийг МАХН гардан удирдсанаараа монголын ард түмний өмнө хэзээ ч гандан бууршгүй гавьяа байгуулсан. Энэ их үйл явдалд ангийн тэмцлийн агуулга бага, харин шинэ хуучны тэмцлийн агуулга илүү зонхилж байсан.МАХН-ын хүлээн авсан онол үзэл санаа нь анхнаасаа л ард ангийн ашиг сонирхлыг илэрхийлсэн учраас практик үйл ажиллагаа нь мөн тийм шинжтэй болох нь гарцаагүй байв. Феодализмын хоцрогдолтой хийсэн шинэ хуучны тэмцэлд коминтерны дарамтаар ангийн тэмцлийн утга түлхүү оруулсанд МАХН-ын алдааны гол шалтгаан оршиж байсан. Тухайн үед ид цэцэглэж, дэлхий дахинд түгж байсан коммунист үзэл суртлаас шууд татгалзах, түүнийг даван гарах боломж, хүч чадал тэр үеийн монголын удирдагчдад тун хомс байсан. Харин ч манай удирдагчид монгол орны онцлог байдлыг харгалзан өөрийн гэсэн үзэл бодолтой байж, зарим талаар Коминтерны даралт шахалтыг эсэргүүцэх сэтгэлийн тэнхээтэй байсан юм.Монголын феодализм нь төрийн талыг барьсан хар феодалын давхраа, оюун санааны талыг барьсан шашин-сүм хийдийн тогтолцооноос бүрдэж байв. Ардын сонгож байгуулах ардчилсан засаг тогтоож, хамжлагын харилцаа, угсаа залгамжлах ёсыг халснаар хар феодалын эрх ямба аяндаа эвдэгдсэн билээ. Тэдний ихэнх нь ирж буй шинэ цагийн хандлагыг ойлгон, ардын засгийн үйл хэрэгт олноороо зүтгэж байлаа. Харин монголын нийгмийн оюун санааны амьдралыг бүхэлд нь шахам хянаж, эдийн засаг, үзэл суртлын хувьд асар хүчтэйн зэрэгцээ харьцангуй бие даан оршиж байсан шашин-сүм хийдийн тогтолцоо нийгмийн дэвшлийн хамгийн гол саад тотгор болж байв.Мухар сүсэг, харанхуй мунхаг дадал зуршилтай тэмцэх, гэгээрэл, боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүлийг хамгаалах шинэ тогтолцооны эхийг тавьж, улс ардын аж ахуйн орчин үеийн салбарыг бий болгоно гэдэг тэр үедээ ёстой тамын ажил байлаа. Ардын хувьсгал ялснаар унадаг дугуй, чийчаан, ээрпалаан, оёдлын машин, мандлин, бягтруул, сүүдэр ший, ном сонин монголын тал нутагт нэвтрэв. Боловсон эмнэлэг үүсч хүнийг нь яр тэмбүү, сүрьеэ, улаан, цагаан бурхан өвчнөөс, малыг нь шүлхий, боом, годрон, хамуу өвчнөөс бүрэн ангижруулав. Ард түмэн бичиг үсэгт тайлагдаж, ардын сургуулиуд бий болж, соёл урлаг дэлгэрч, шинэ үеийн сэхээтнүүд бий болов. Арми нь хүртэл боловсрол, соёлын байгууллагын үүргийг давхар гүйцэтгэж байлаа.Энэ бүхнийг хийсэн бүтээсэн хүмүүсийн тэргүүн эгнээнд МАХН болон МХЗЭ-ийн гишүүд явсан юм. Тэд мунхаг харанхуйтай тэмцсэн соён гэгээрүүлэгчид, соёлын үрийг таригчид байлаа. Тухайн үеийн нийгмийн зөрчил, феодалын хэт хоцрогдлыг Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой”, “Үзэгдээгүй юм”, “Ламбугайн нулимс”, Ц.Дамдинсүрэнгийн “Гологдсон хүүхэн”, М.Ядамсүрэнгийн “Анхаарч биширсэн чавганц, атаархаж хорссон лам”, С.Буяннэмэхийн “Харанхуй засаг”, Б.Ринчингийн “Шар хувалз нарт” зэрэг олон зохиол бүтээлүүдэд тод томруун харуулсан байдаг. Хирээ угаах, дотуур хувцастай болгохоос эхлээд өөрөө бичиг үсэгт тайлагдах, хүүхдээ сургуульд явуулах, эмнэлэгт очих хүртэлх бүх зүйлийг зааж сургаж, нэлээд тохиолдолд албадлага хэрэглэж байсан нь тухайн үеийн нийгмийн ухамсрын түвшинд тохирч байсан. Үндэсний мөхлөөс аврагдах, олон зуун жилийн хоцрогдлыг даван туулахын тулд энэ бүхнийг зайлшгүй хийх шаардлагатай байсан.Шинийг бүтээх, нийгмийн дэвшилд хүрэх агуулгаараа МАХН-ын үйл ажиллагаа улс төрийн нам гэхээсээ шинэ нийгмийг байгуулах ард түмний хөдөлгөөний /фронт/ шинжийг илүүтэй агуулж байлаа. Дашрамд дурдахад МАХН-ын удирдан чиглүүлэх ролийн асуудал бүр сүүлд 1960-аад оноос яригдах болсон.

Коминтерны Монгол дахь хөрс суурь

1920-иод оны сүүлчээр ЗХУ-ын удирдлагын зүгээс Монголд улс төрийн талаар өөрийн бодлогыг тулгаж, дотоод хэрэгт оролцох явдал Коминтерны шугамаар идэвхжив. Коминтерн МАХН, засгийн удирдлагын дотор “барууны хэлбэрэлтэй” тэмцэх хуйвалдааныг зохион байгуулж байсны улмаас тус нам, засгийн бодлого, үйл ажиллагаанд “зүүний” үлэмж уршиг бүхий ноцтой алдаа завхрал гарахад хүргэсэн билээ. Үүний улмаас 1932 оны эсэргүү бослого дэгдсэн бөгөөд тэр нь зарим талаар иргэний дайны шинжтэй болсон юм.Феодализмыг халсан аливаа хувьсгалт өөрчлөлт иргэний дайн самуунгүйгээр явагдсан тохиолдол дэлхийн олон орны түүхэнд бараг байхгүй юм. Коммунист үзэл суртлын хялбаршуулсан хэлбэр, шашны догматик сэтгэлгээ хоёр нийлээд ирэхээрээ үзэл санааны өвөрмөц маягийн хольцийг бий болгосон бөгөөд энэ нь коммунист маягийн диваажинг хүсэн мөрөөдөх үзэл санааг аяндаа бий болгож байв.Иймээс зүүний нугалааны үед гарсан инээдэмтэй бөгөөд гунигтай олон хөгийн зүйлсийн нэлээд нь хэт хувьсгалчдын өөрөө бодож олсон зүйл байсан. Ийм үзэгдэл одоо ч манайд түгээмэл байгаа. Дээр үеийн хувьсгалчид амин хувийн эрх ашгаа умартан ажиллаж байсан бол одоогийн хэт ардчилагч нийгмийн нийтлэг эрх ашгийг умартан ажиллаж байгаагаараа зарчмын ялгаатай бөгөөд энэ хоёр хандлагын аль аль нь туйлшрал юм гэдгийг нотлоход нэг их түвэг орохгүй.

Өргөн хэлмэгдүүлэлт

Монголын дорнод хил дээр бүр 1934 оноос японы зэвсэгт өдөөн хатгалга эхэлж улам бүр эрчимжин Монгол Улсын тусгаар тогтнолд бодит аюул учрав. Япончууд Манжго улсыг тунхаглаж, манайтай дорнод талаар шууд хиллэх болж, монголыг умард хөрштэй тулалдах ирээдүйн дайны талбар болгохын тулд хилийн мөргөлдөөн гаргаж, өөрийн шаардлагыг тулган, тагнан турших, хорлон сүйтгэх сүлжээ байгуулахыг эрмэлзэж байв.Гамшиг нөмөрсөн 1937 онд монголын хүн ам 740 мянга орчим байсны 180 мянга орчим нь насанд хүрсэн буюу цэргийн алба хаах чадвартай эрчүүд байжээ. Тэдгээрийн 80 мянга нь буюу 44.4 хувь нь лам нар байхад Монгол ардын хувьсгалт цэрэг 10 шахам мянган хүнтэй байв. Дэлхийн II дайны гал юу юугүй дүрэлзэх гэж буй үед буу барьсан нэг цэрэгт найман лам ноогдож байжээ. Дорно зүгтээ бат найдвартай хамгаалалтын систем байгуулах гэсэн зөвлөлтийн цэрэг-стратегийн сонирхолд энэ нь огт нийцэхгүй байснаас Сталин монголд зэвсэг хэрэглэл нийлүүлэх нь хангалтгүй, өөрийн цэргийг байрлуулахыг эрмэлзэж байв. Япон-манж готой дорнод хил дээрх мөргөлдөөнийг хурцатгалгүй, дайнд хүргэхгүйг хичээж байсан монголын удирдагчдын байр суурийг Сталин хардан хандаж байсан ба түүний хардлагыг улам гааруулахын тулд японы зүгээс элдэв явуулга хийж байв. Энэ бүхэн нь өргөн хэлмэгдүүлэлт явуулах үндсэн бөгөөд гол шалтгаан болжээ.Монголын тусгаар тогтнолыг монголчууд өөрснөө эхлэн хамгаалах ёстой, лам нараа цэрэг болгодоггүй юмаа гэхэд нийгмийн тусгай хөдөлмөрт оруулах ёстой гэсэн агуулга бүхий Сталины логикод үнэний хувь байсныг хүлээн зөвшөөрөх нь шударга хэрэг болно. Дурдан буй үед ЗХУ-д ч өргөн хэлмэгдүүлэлт явагдаж, олон сая хүний амь насыг бүрэлгэснээс эргэцүүлэхэд хэлмэгдүүлэлт нь хоёр орны ард түмнийг нэгэн адил нэрвэсэн их гамшиг байжээ. Бараг гурван жил үргэлжилсэн цуст хэлмэгдүүлэлт нь манай түүхийн хамгийн хар бөгөөд гунигт хуудас болон үлдсэн бөгөөд энэхүү хүмүүн бус харгислалыг ямар ч хэлбэрээр дахин гаргахгүй байх гадаад, дотоод баталгаа, нөхцөл бий болгохыг өнөө үеийнхэн биднээс шаардаж байгаа түүхийн гэрээс болон дуурсаж байна.

Халхын голын дайн ба дэлхийн П дайн

Халхын голын дайн нь дэлхийн II дайны нэгэн эхлэл байлаа. Халхын голын ялалтын дараа япон нь БНМАУ-ын бүрэн бүтэн халдашгүй байдлыг хүндэтгэх үүргийг Зөвлөлттэй байгуулсан гэрээгээр хүлээсэн нь Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд чухал ололт байлаа.Чухамхүү Халхын голын ялалтын ачаар манайд шууд заналхийлж байсан аюул зайлуулагдаж, монголчууд дэлхийн II дайныг хүн хүчний хамгийн бага хохиролтойгоор даван туулах үндсэн нөхцлийг бүрдүүлсэн юм. Сүүлийн үеийн судалгаагаар Халхын голын дайнд 237 хүн, 1945 оны чөлөөлөх дайнд 78 хүн монголын талаас амь үрэгдсэн байдаг. Үүнээс ургуулан бодож үзвэл өргөн хэлмэгдүүлэлтэд өртсөн 30 гаруй мянган хүний амь насыг дэлхийн II дайнд монголчуудын төлсөн төлөөс, үзсэн хохирол гэж үзэх бүрэн үндэстэй юм.Халхын голын дайн болон дэлхийн II дайнд монголчууд дайнд нэрвэгдсэн аль ч ард түмнээс дутахааргүй хүнд бэрх зовлонг амсч, боломжоосоо олон дахин хүнд ачааг үүрэлцэн өнөөгийн энх тайван тогтоох үйлсэд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж чадсан билээ. Хэрэв ЗХУ-ын шүхэр дор оролгүй дайн самууны хөлд шууд нэрвэгдсэн бол Монгол Улс тусгаар тогтнон, зөвхөн хоёр хөршийн төдийгүй дэлхийн бусад гүрэнд хууль ёсоор зөвшөөрөгдөх нь сэтгэшгүй зүйл.Монгол улсын тусгаар тогтнолын төлөө амь эрсэдсэн, шархадсан Зөвлөлт-Монголын 26 мянган дайчин эрсийн гэгээн дурсгалыг монголчууд бид үеийн үед санаж явах үүрэгтэйн зэрэгцээ энэ агуу үйлсэд гол үүрэг гүйцэтгэсэн зөвлөлтийн, ялангуяа Оросын ард түмэнд хэзээ ямагт хүндэтгэл үзүүлэх ёстой.

Гадаад орчны алтан үе

Дэлхийн II дайны дараа Зөвлөлт байгууллын үнэн зөв, хүч чадалтайд итгэхгүй хүн байтугай, эргэлзэх хүн ч ховор болов. 1949 онд БНХАУ тусгаар тогтнолоо зарлаж, ЗХУ, Хятад хоёрын харилцаа сайжирснаар Монгол Улсын гадаад орчны алтан үе эхэлсэн юм. Чухам энэ үед монголчууд бид сэтгэл амар амьдрах боломж бий болсон. Мөн энэ үед Москва-Улаанбаатар-Бээжингийн төмөр замыг барьсан нь одоо ч гэсэн стратегийн үүргээ биелүүлсээр байна.БНХАУ Улаанбаатар-Налайхын засмал зам, шил, шүдэнз, спирт бал бурмын зэрэг үйлдвэрүүд, 50 болон 120 мянгатын орон сууцны цогцолбор, Энхтайвны гүүр, Улсын Их дэлгүүр зэргийг өөрсдийн ажилчдын хүчээр барьж бэлэн болгон хүлээлгэн өгч байв. ЗХУ бүр ч өгөөмөр тусламж үзүүлэв. ЗХУ 1921-1970 онд эдийн засгийн том ач холбогдол бүхий 450 томоохон объект /жижгийг нь тоолох боломж байхгүй/ барьсны тал хувийг нь 1960-70 онуудад барьж, тусалж, бэлэглэсэн байдаг. Энэ бүхнийг эдүгээ дурсан санах хүн бараг байхгүй болж, хоёр том хөршийг занан зүхэгсэд олширж байгаа нь яав ч сайны ёс биш. Гадаад орчны алтан үе удаан үргэлжлээгүй боловч ихээхэн сургамжтай юм.Эндээс хэрэв Монгол Улс юуны өмнө хөршүүдтэйгээ эвтэй найртай харьцаж чадвал түүний гадаад орчин таатай байх болно гэсэн дүгнэлт хийж болно. Эдүгээ гадаад орчны нөхцөл байдал тэр үеийнхтэй харьцуулахад зүйрлэшгүй өөр болсон боловч дээрх дүгнэлтийн ач холбогдол өнөө ч буураагүй хэмээн санана. Арай хожим монголыг социалист системийн давуу талыг харуулах нэг объект болгосноор социалист системд багтаж байсан орнуудын үзүүлсэн тусламжийг мартах юмуу үгүйсгэвэл нүгэл болно. Дэлхийн бусад улсуудтай эвтэй найртай харьцаж чадвал улсаа хөгжүүлж болдгийн жишээ энэ юм.1950-иад оны сүүлч 1960-аад оны эхээр бид бүхний харьцангуй сайн мэдэх их бүтээн байгуулалтын үе залгана. Энд соёлын довтолгоо, хоршооллох хөдөлгөөн, атар газрыг эзэмшсэн, хашаажуулах, усжуулах хөдөлгөөнүүд орох бөгөөд энэ үед улс ардын аж ахуйн орчин үеийн салбарууд төлөвшиж, олон зуун үйлдвэр, хот, суурин байгуулж, урлаг, соёл, боловсрол цэцэглэн хөгжсөн. Дөнгөж саяхан 50-60-аад оноос л бид бөөс, хир, өвчин гурваасаа салж эхэлснийг эдүгээ нуугаад байх онцын шаардлага байхгүй юм. Хэрэв бидний бүтээн байгуулсан юмыг бага газар нутагтай улс оронд хэрэгжүүлсэн бол үр дүн нь илүү тод харагдах байсан буй за.1921 оны Ардын их хувьсгалын үндэсний ач холбогдол нь феодализмын олон зуун жилийн хоцрогдлыг даван туулж, монгол үндэстнийг сэргээн мандуулж, тусгаар тогтносон Монгол Улсыг дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн болгосонд оршино. Төр болон нийгмийн тогтолцоо нь нийгмийн хөгжил дэвшлийг хангагч байгаад тодорхой нөхцөлд саатуулагч болон хувирахад уг системийг зайлшгүй өөрчлөх шаардлага гардаг бөгөөд энэ нь манайд 1990 онд болжээ. Гэвч энэ нь 1921 оны ардын их хувьсгалын хүрсэн үр дүнг буюу ахмад үеийнхний хөдөлмөр, тэмцлийг үгүйсгэх ямар ч үндэслэл болж чадахгүй бөлгөө.

* * *

Дэлхийн соёл иргэншлийг судлаачид, түүхийн онолчид Монголыг бие даасан соёл иргэншил гэж одоо болтол хүлээн зөвшөөрдөггүй юм. Хятадын буюу Күнзийн, эсвэл шашнаар нь дамжуулж Түвдийн, эсвэл Оросын, заримдаа лалын соёл иргэншилд ч хамааруулдаг явдал бий. Соёл иргэншил гэсэн ухагдахуун одоо болтол нэг мөр болж чадаагүй болохоор арга ч үгүй биз. Монгол орныг хальт ч гэсэн мэддэг, гадарладаг хүн бол түүнийг дээр дурдсан соёл иргэншлүүдийн алинд нь ч багтаах аргаа олдоггүй юм. Учир нь бид олон зуун, мянган жилийн туршид өөрсдийн хүрээлэн буй том хэмээгдэх соёл иргэншлүүдээс алинаас нь ч эрс тэс ялгаатай явж ирсэн нь бодит баримт юм.Би Монгол орноо бие даасан соёл иргэншил гэж батлан шинжлэх ухааны нээлт хийх гээгүй байна. Гагцхүү аль нэг соёл иргэншилд хамааруулж үзсэн том эрдэмтдийн шалгуур үзүүлэлтүүд ихээхэн эргэлзээтэй байдгийг л дурдаж байна. Энэ талаар сүүлийн жилүүдэд гадаад, дотоодын олон эрдэмтэн ихэд анхаарч судалж байна. Цөөн хүн амтай мөртлөө түүхийнх нь тухай тийм их зүйл бичигдсэн улс үндэстэн нэг ч байхгүй юм. Цаашдаа тийм байх төлөвтэй. Хэрэв соёл иргэншлийг улсынх нь том жижгээр хэмждэг бол нэг өөр, түүхэнд үзүүлсэн нөлөөгөөр нь хэмждэг бол нэг өөр. Ямар ч гэсэн Монгол газар нутаг дээр олон сонирхолтой үйл явц хэд хэдэн удаа болж, дэлхийн түүхэнд асар их нөлөө үзүүлдэг байсан нь тодорхой юм. Тэгсэн атлаа нийгмийн бүх эрчим хүчээ бусад соёл иргэншилд уусган шингэж өөрөө бууран доройтдог явдал манай түүхэнд хэд хэдэн удаа тохиолдсон билээ.Бууран доройтохын нэгэн доод хязгаар нь ХIХ-ХХ зууны зааг үе байсан нь тодорхой байсан. Монгол үндэстнийг мөхлийн ирмэгээс 1921 оны Ардын хувьсгал аварч, нийгмийн дэвшилд хүргэсэн бөгөөд өнгөрсөн зууны туршид монголын нийгэм иргэншиж, нийгэмшиж, соёлжихын замаар замнасан юм. Манай зам нэн өвөрмөц байлаа. Бид суурин, үйлдвэржсэн, соёлжсон, сэргэн мандлын үеийг туулсан нийгмээс биш, Төв азийн дорнод хэсэгт олон мянган жил тогтвортой хадгалагдан үлдсээр ирсэн нүүдлийн нийгмээс орчин үеийн нийгэмд шилжсэн юм. Энэхүү нүүдлийн нийгэм ч гэсэн сонгодог утгаар бидний ойлгож ирсэн европын феодализмаас эрс тэс өөр байсан юм. Өөрөөр хэлбэл монголын уламжлалт нийгмийг феодалын нийгэм гэж нэрлэх нь бас л харьцангуй юм.Манай нутагт олон мянган жил нэн тогтвортой байсан нүүдлийн нийгмийн байгууллыг аль нэг соёл иргэншлийн оюун сэтгэлгээний үнэт зүйл, зарчмын үүднээс үнэлж дүгнэх нь учир дутагдалтай. Түүнийг өөрийнх нь мөн чанараас, өөрийнх нь ахуйгаас ургуулан бусадтай холбоотойгоор судлах нь нэн чухал гэж би үздэг. Харамсалтай нь ийм төрлийн судалгаа хомс байна. Харин ч монголын нүүдлийн нийгэм-соёлыг харанхуй бүдүүлгийн доод туйл гэж үзсээр ирсэн Европод олон зуун жил хэвшиж тогтсон ойлголт хүчтэй хэвээрээ байна. Харин монголчууд бид дэлхийн олон үндэстний адил, тэднээс илүү гардаггүй юмаа гэхэд дутахгүй соёлтой байсан ба байгаа гэж нотлох эрхтэй бөгөөд үүрэгтэй. Чухам энд л шинжлэх ухааны сонирхолтой эрэл хайгуулын учиг байгаа гэж итгэлтэй хэлж болох юм. Магадгүй, өнөөдөр хүн төрөлхтний өмнө тулгамдаад байгаа олон глобаль асуудлыг шийдвэрлэхэд монгол соёл иргэншлийн ул суурьтай, шинэ арга зүйгээр хийсэн судалгаа хариу өгч чадна гэдэгт би итгэдэг юм.Өнгөрсөн зуунд бидний туулсан зам ч гэсэн нэн өвөрмөц байсан. Хэвшмэл ойлголтоор илэрхийлбэл феодализм, социализм, капитализм гэсэн дараалал нь солигдсон нийгмийн байгууллыг хэрхэн тайлбарлах вэ, шинэ зуун гарч байхад хот суурин газар руу хүмүүс тэмүүлэхээс гадна уламжлалт мал аж ахуй руу зүтгээд байгаа хачин зөрчилтэй үзэгдлийг юу гэж тайлбарлах вэ, нарийндаа яривал дөнгөж 1950-иад оноос эрчимжиж эхэлсэн хотжилтын үйл явц саяхны нүүдэлчдэд болон нүүдлийн ахуйд хэр нөлөөлөв, хүмүүс, тэдний зан үйл, үнэт зүйлс, эрхэмлэл, үнэлэмжийн баримжаа хэрхэн өөрчлөгдөв зэрэг олон асуулт хариугаа хүлээж байна. Энэ бүх асуулт, түүнд өгөх хариулт нь түүхийн асуудал биш, манай өнөөгийн олон асуудлыг шийдвэрлэх гогцоо шижим болох нь ойлгомжтой юм.Ямар ч гэсэн ХХ зуунд монгол орон нийгмийн дэвшлийн замаар замнаж ихээхэн амжилт олсон нь эргэлзээгүй бөгөөд бодитойгоор туулсан түүхийн тодорхой үеүдийг хооронд нь сөргүүлэн тавилгүйгээр монголын нийгмийг өөрөөс нь ургуулан, өөрөөр нь төвлүүлэн судлаж ухамсарлах аваас нийт үндэстний эрх ашгийн үүднээс цаашид ахиж дэвших үзэл санааны эш үндсийг олж болно, ингэж чадна гэдэгт эргэлзэхгүй байж болох юм.

Энэ өгүүлэл “Социологи” сэтгүүлийн 2001 оны анхны дугаарт нийтлэгджээ.
.
Судлаач Д.Ганхуяг

1 comment:

Anonymous said...

gaihaltai yumaa. Цөөн хүн амтай мөртлөө түүхийнх нь тухай тийм их зүйл бичигдсэн улс үндэстэн нэг ч байхгүй юм. ongorson tuuhee hamgaalj ireh ireeduigee hairlay

: