Saturday, February 14, 2009

Амарбаясгалант хийд


Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумын нутаг байгалийн сайхан цогцлон бүрэлдсэн Бүрэн хан уулын өвөр Ивэн голын хөвөөнд орших Амар баясгалант хийд нь соёл урлаг, уран барилгын хосгүй нандин бүхнийг шингээсэн, Монгол даяар алдар цуутай том хийд юм. Түүнийг “Өндөр гэгээний “ буюу “зарлигаар бүтсэн хийд” ч гэж нэрлэдэг.

Монголын анхдугаар Богд гэгээн Занабазарын зохиол, үйлс, эрдэм билиг, авьяас, ур ухааныг сүсэглэн дээдэлж Өндөр гэгээнд зориулсан хийдийг Монгол нутагт байгуулахыг Манж Чин улсын эзэн хаан Энх – Амгалан 1722 онд зарлиг буулгажээ. Номлол бүтээлийн шашны гарахуйн орон, хуврагийн их хүрээ “ Амарбаясгалант “ хийдийг ер бусын гоёмсогоор байгуулж өгөхөөр 10 түмэн лан буюу 3730 кг мөнгийг улсынхаа сангаас төлөвлөн гаргаж, хийдийг байгуулах газрыг судлан, шинжилж тогтоосноор 1726 оны улаан морин жил бариулж эхлэн 1737 оны улаан луу жил хийдийн барилга байгууламж бүрэн дууссан тул Хийдийн аравнайг өргөжээ.

Хийдийн барилгын ур хийц, гоёл чимэглэл нь Монголд төдийгүй Ази тивийн хосгүй гоёмсог уран барилгын нэг байв. Хийд гадна талаараа хэрэмтэй. Хэрмийн гадна 6 аймаг, хэрмийн дотор хурал ном, сургалт эрдмийн 10 дацан буюу хүрээлэн ажиллаж, Буддийн гүн ухааны эрдмийн дээд цол аграмбын дамжааг ч барьж хамгаалдаг байв. Зарлигаар бүтсэн Амарбаясгалант хийд хурал ном хурж, ид цэцэглэн дэлгэрч байх үедээ 50 гаруй дугантай, Бурхны хүлцэнгүй ёсны зохист мөрийг барьсан гэлэн, гэцэл 6000 гаруй лам хувраг бүхий номлол бүтээлийн их гарахуйн орон байжээ.
(medeelel.mn)

No comments:

: