Sunday, February 1, 2009

Ж.Пvрэв. Хvн чулууны мøрøøр

(үргэлжлэл 13-р)
.
Тавдугаар бүлэг
.
Түүхийн сургамжийг эс анзаарвал мөхөл
.
Санаа заяа хоёр нийлдэггүй
Сахал хөмсөг хоёр нийлдэггүй”
“Санасан бүхнийг дэмий битгий ярь
Сайтар оносон санааг нөхөрт битгий булаалга

“Монгол цэцэн үгийн далай”
.
Санасан дуулсан бүхэн үнэн байдаггүй

Шархүү хэлтсийн дарга, дэд хурандаа Сономын баталсан гүйцэтгэх ажлын төлөвлөгөө ёсоор сая гарсан хүн амины хоёр хэргийн учир шалтгаан, тэр явдлыг үйлдсэн этгээдийг олох ажилд гарлаа. Энэ хэрэг шив шинэ байгаа боловч түүнийг олно гэхэд мөр нь даанч далд бүдэг байгаа нь их түвэг учруулах янзтай. Сураглан яваад Банзарыг анхлан үзсэн түргэний эмч Гэ-тэй уулзвал, тэр эмч анхлан ихэд цочирдсон янзаар шүүрс алдан:
Тийм ээ. Би тэр хүүхнийг Дамбадаржаагийн автобусны эцсийн зогсоол дээр унаж орхисон байхад нь яаралтай дуудлага утсаар аваад давхин очиж үзсэн. Идэрхэн насны золбоолог бүсгүй надтай тулгарсан. Ийш тийш нь авч явах цаг зав ч алга. Тэр дор нь сайн санаат хүмүүсийн хэвтүүлсэн гудамжны сандал дээр анхны үзлэг хийж үзвэл зүрх нь дөнгөж цохилж байсан. Нүүр ам, нүдний хараа, хэл, хоолой нь хачин их улайж, хүчтэй хоронд хордсон шинжтэй байсан. Ажиглахад уг нь тэр эмэгтэй ямар нэгэн хурал юм уу, уулзалтанд оролцохоор явсан болов уу гэмээр биеэ аятайхан хувцаслаж үнэртэн түрхсэн, үс гэзгээ ч гоёж янзалсан байдалтай харагдсан. Тэгээд би сувилагчтайгаа түүнийг дамжлан тэргэндээ оруулбал амьсгал хурааж орхисон. Бид түүнийг дүүргийн тусгай байранд авчраад цагдан сэргийлэхэд хэлж хүн ирүүлсэнд түүнийг Балжин гэж таниад, Дамбадаржаад байдаг гэрт нь дуулгаж, манайх эндээ шинжилгээ хийж үзвэл гарцаагүй хоолны хордлогоор хамаг гэдэс дотор нь хувиран өөрчлөгдөж, улмаар амьсгалах эрхтэнд нь нөлөөлжээ гэсэн дүгнэлт гарсан гэж ярилаа.
Эмч Гэ-гийн тэр яриаг эмнэлгийн дарга, шинжээч эмч, гудамжинд анхлан үзлэг хийхэд очсон сувилагч бүсгүй бүгд ам зөрөхгүй батлан хэлж байв. Харин түргэн тусламжинд хэн утсаар хэлсэн нь мэдэгдэхгүй, эмнэлэгт жижүүр хийж байсан хүүхний үгээр бол ахимагдуу насны нэг эмэгтэй нэлээд бачуурсан дуугаар “Энэ Дамбадаржаагийн буудал дээр нэг бүсгүй хүн автобуснаас буусан дороо унаад хөдөлж чадахгүй байна. Түргэн ирж үзээч” гэж хэлээд утсаа тасалжээ. Энэ холбоо баригч бол жирийн сайн санаат нэгэн байсан нь гарцаагүй хэрэг.
Шархүү Дамбадаржаагийн дэнжид очиж Банзар агсны гэрээр зориг гарган орох болов. Тэгэхдээ НАХЯ-наас тэтгэвэр болгон олгож байгаа овоо хэдэн тоотой төгрөгийг аваачиж эхэд нь өгөх далим олж очоод тэр юмаа яамнаас өгч байна гэж хүнд ярих хэрэггүй хэмээн захижээ. Сайхи эр нулимс унаган суугаа ээжтэй нь ярилцахдаа тайван байдал сахиж:
Талийгаач тэр өглөө ямар хоол унд ууж идээд, хаашаа юунд явна гэж гарсан бэ гэж асуулаа. Буурал эмгэн түгдчин байж хэдэн үг хэлэв.
Охин минь ер нь өглөөд нэг их юм ууж иддэггүй. Ганц аяга цай ууж, зүсэм талхан дээр тос юм уу, чанамал жимс түрхэж үмхээд л ажилдаа явдаг байсан. Яг тэр янзаараа өглөө гэрээсээ гараад явсан. Юунд, яах гэж явж байгаагаа надад хэлээгүй. Би юу ч гэж хэлэх билээ дээ. Охиндоо таарах гутал олно гэж нэг үг сонсогдож байсан. Тэгээд охиноо сургууль дээрээ очиж бүртгүүлээрэй гэж захиж байж дуулдсан. Тэр өглөө хуучин заншлаараа охиныхоо үсийг самнаж өгөөд, битгий задгай тавьж бай! Одоо чи завхуул охидыг дуурайн үсээ маяглуулах гэж оролдох хэрэггүй шүү гэж хэлж байхыг нь би сонсоод:
Зөв дөө, үр минь гэж хажуунаас нь ташуур өгч суусан гэж эмгэн яриад өөр гогцоолдож авмаар зүйл юу ч ярьсангүй. Банзар асны тэр өдөр хаагуур явсан зам мөрийг олоход туслах зүйл эднийхээс олдох болов уу гэж Шархүү хамгийн их горьдож ирсэн нь бүтсэнгүй. Ингээд энэ эр тэднийхээс гарахдаа эмээ, охин хоёрт тэр муухай бараан өдрийн явдлаас та нарт юу сонсогдоно, түүнийг мэдэж аваад надад хэлээрэй гэж захисан байна.
Банзарын тэр өдөр хотод чухам хаагуур явсан нь даанч бүрхэг аж. Автобусны буудал дээр ирсэн, тэрэгнээс буугаад унасан гэдгийг сонсоход тэр хүн өглөөгүүр хотын төв оржээ. Тэгээд хаана, хэнтэй уулзаа бол? Хаана ямар юм идэж хордоо бол? Тэр нь санамсаргүйгээс биш, цаана нь үхлийн цайг бэлтгэж идүүлсэн эзэн заавал байх ёстой. Тэр яагаад? Талийгаач бол жаахан савсагдуу өнгө үзүүлдэг байсан болохоор түүнд нууц “дэгээ” хаяад, түүнийгээ бүтэхгүй болохоор ухвар мөчид этгээд хорон муу санаа санаж яваад, тийм хэрэг тарьсан байж болох уу? Бололгүй яахав. Гэхдээ тийм явдлын уршгаар Банзар алга болоогүй. Сая болсон манай байгууллагын богино зөвлөгөөнөөс харийн этгээдүүдийн том тагнуулын бүлэг манайд ажиллаж байна гэж үзсэн. Энэ бол 1937 онд “байсан” шиг тийм зохиомол зүйл биш, жинхэнэ бодитойгоор байсаар байгаа хэрэг. Тиймгүй бол яалаа гэж Лю Жиминг Банзартай Сэлбийн голд явж байсны дараа тэр хужаа хүнийг үл таних этгээдүүд гэрт нь орж алсан байх вэ гэж Шархүү бодож явлаа. Тэгэхээр Банзарыг гарцаагүй далдын туршуул л алсан гэж сайхи хүн өөртөө дахин сануулан хэлж билээ. Ингээд бодоход энэ эр ч бас өөрөө далдын хүмүүсийн хараанд, тэдний заналын дор яваа нь лавтай гэж түүнд бодогдож байв.
Лю овогт засварчинг хөнөөсөн хэрэг, Банзарыг үхүүлсэн явдалтай гарцаагүй гинжин холбоотой, хөнөөх нэг л үзүүртэй. Тэгтэл би Лю овогтын амийг бүрэлгэсэн тэр явдлыг бас нарийн судлан үзэх ёстой. Тэгээд тэр талийгаачийн орон байраар орж үзэхгүйгээр түүнийг мэдэж болохгүй. Засварчин хужаагийн байдаг Долоон буудлын тэр хавьд хятадууд нэлээд бөөгнөрч байрласан. Тэнд би очно гэдэг бас шилээрээ тэнгэр харна гэсэн үг. Тэгэхээр тэнд очсон цагдаагийн албаны хүмүүсийн мэдээг л судлах болжээ гэж Шархүү бодон тэр хавийг хамаардаг сэргийлэхийн байгууллагын албан тасалгаанд хүрч очлоо.
Тэнд таньж мэдэх Чи гэдэг дарга сууж байв. Цагдаагийн дарга Шархүүг энд юу хийж явааг асуултгүй мэдэж байгаа учир тэд амар мэндийн солио хийсэн дороо шууд Лю овогт яаж хорлогдсоныг шүүн тунгааж үзэх байдлаар ярилцаж эхлэв. Конторт гаднын өөр хүнгүй байлаа.
Энэ хэрэг гарцаагүй улс төрийн шинжтэй байгаа юм. Лю овогтыг сүхээр цохиж хөнөөсөн алуурчид тэднийхээс ямар нэгэн эд юм, мөнгө төгрөг авалгүй шууд мөр буруулан алга болсон байна гэж хошууч Чи танилцуулан ярилаа. Энэ цагдаагийн газрын бичсэн мэдээ-танилцуулгыг Шархүү урьд нь уншиж мэдээд ирсэн. Тэглээ ч тэнд ажиллаж байгаа хүнээс давтан сонсох нь зохистой байв.
Засварчин хужааг цохиулж үхсэнийг эхлээд хэн яаж мэдээ бол?
Түүнийг эхлээд авгай нь мэдсэн. Тэр монгол хүүхэн гол руу явж Дэлгэр гэдэг хоёр үнээтэй айлаас урьд авдаг ёсоороо хоёр литр сүү аваад гэр рүүгээ яарсхийн хүрч ирээд байрандаа орвол өвгөн нь унтлаганыхаа өрөөний үүдэнд уначихсан, толгойноос нь зөндөө их цус асгаран шалан дээр тунасан, дэргэд түлээний хурц иртэй сүх нь хэвтэж байжээ. Алуурчид өвгөнийг сүхний ирээр цохиогүй, алхан талаар нь тархины ясыг цөмөртөл нь цохиж нам унагаасан байна. Эхнэр нь дуу алдан гарч айлдаа хэлээд, тэдний нэг бүсгүй гүйж бидэнд хэл хүргэсэн. Би яаран эндээс хоёр цагдаа явуулж үзүүлсэн. Тэр хэл хүргэдэг айлын хүмүүсээс уг явдал болоход бусдын анхаарал татсан юм юу болсныг асуухад, бидэнд мэдэгдэх гоц юм юу ч болоогүй, элдэв содон чимээ анир ч гараагүй гэж байгаа. Тэр хавиас хэргийн халуун мөрөөр сурвалжилбал, талийгаачийн байрны гадаа гулгуур дээр тоглож байсан гурван жаахан охин ам нийлж хэлэхдээ:
“Лолоо гуайнхаас (тэр хавийн хүмүүс Лю овогт засварчныг “Лолоо” гэж нэрлэдэг) биднийг энд гулгаж байхад хоёр ах гарч ирээд хажуугаар түргэн түргэн алхаад машин зам руу явахдаа манай тоглоомын явган хашаанд тээглэн унах дөхсөн” гэнэ. Энэ нь алуурчид яаруу сандруу явсны шинж биз. Манай мөрдөгч тэр гурван хүүхэдтэй бас хэдэн үгний солио хийсэн гэнэ. Тэгээд өнгөрчээ.
Мөрдөгч хүүхдүүдээс юу асуугаа бол гэж Шархүү лавлав. Хошууч Чимэд дэвтэр нээн, тэмдэглэл харж хэлэхдээ “Тэр хүмүүс ямар хувцастай явсан бэ” гэхэд охид:
Нэг нь богино хар цамцтай, нөгөө нь хүрэн савхин цамцтай байж харагдсан гэжээ. “Тэд гартаа юу барьж явсан бол” гэхэд хоёр охин толгой сэгсэрсэн. Нөгөө нь “Тэр ах нар гартаа юмгүй байсан. Нэг ах толгой нүцгэн, нөгөө нь урт саравчтай хөх малгайтай явсан” гэж хэлээд, өөр янз бүрийн юм асуухад хүүхдүүд бие биеэ харж инээн, гайхаж толгойгоо сэгсэрч байсан гэнэ. Тэд тоглож юм ярих завгүй, тоглоом руугаа хамаг санаагаа чиглүүлээд, зарим асуултад хөхрөлдөн бужигнаж байв гэнэ” гэж мэдээлсэн байна. Энэ нь бас нэг чиг гаргаж байгаа мэдээ байв.
Би төвд утсаар хэлээд мөрдөн шинжигч ирүүлэн зургийг нь авч, гар хурууны мөр хээ байгаа эсэхийг шилжүүлсэн. Тэгэхэд анхаарал татах ямар нэгэн юм олдоогүй. Үүнээс үзэхэд уг хэргийг зориуд бэлтгэн, маш их далд байдлаар сэмхэн хийж чадсан байна. Өвгөн хужаа нэг муу ханиад хүрч гээд хоёр гурав хоног ажилдаа яваагүй, гэртээ байсан гэж авгай нь ярьж байгаа. Алуурчид өвгөний тэр байдлыг нь хүртэл мэдсэнийг бодвол, эднийхийг таньдаг хүн уг хэргийг үйлдсэн нь гарцаагүй гэж хошууч Чимэд яриад:
Үүний эзнийг олоход их төвөгтөй болсон. Яагаад гэвэл алуурчид мөрөө сайн нууж чадсан. Нохой тавиад ч юм олоогүй. Би хоёр нохойтой хүн ирүүлээд тавихад тэдний ул мөр олны хөлд дарагдсан учир нохой огт явахгүй, хий хоосон хуцаад л байх юм гэж хошууч нэмж өгүүлж байлаа.
Энэ хоёр аллагын эзний тарьсан хэргийн гогцоо тийм ч амар олдохгүй шинжтэй байв. Шархүүгээс гадна энэ хэргийн мөрийг хайсан НАХЯ-ны болон Цагдан сэргийлэхийн өөр хүмүүс бас ажиллаж байгааг өгүүлэх юуны тус. Тэд зав чөлөөгүй гүйж байна. Сайхи ажилтан хэдэн өдөр дараалан хоёр хүн амины хэргийн мөрийг хайсаар хот даяар явлаа. Түүнд ялангуяа Банзар агсны амь үрэгдсэн явдлын мөрийг тодорхойлон гаргах их сонирхол байв. Талийгаач бүсгүй сүүлийн мэдээгээ өөрт нь өгсөн. Урьд нь таньдаг, бие сэтгэлээ ойртуулж явсан. Хэдий өөрийн талын ажлын хүн байсан гэдгийг нь хожуу мэдсэн ч гэсэн Шархүүгийн санаанд Банзарын байдал тод хадгалагдан үлдсэн байв. Нөгөө Лю овогт засварчныг харийн хүн гэж гадуурхан үзэхгүйгээр бас “Манай төлөө санаа тавьж явдаг сайн сэтгэлт хүн байж дээ” гэж бодохоос тун өрөвдөлтөй байлаа. Өөр нэг бодох зүйл нь тэр амь насаа гээсэн хоёрыг энд тэнд хааяа гардаг хүн амины хэрэгтэй зүйрлүүлэн, цагдан сэргийлэх л учрыг нь олох биз гээд орхиж болохгүй, яг Шархүү нарын хөөцөлдөж яваа хэрэгтэй утга нэг, улс төрийн хэрэг, тэгэхдээ бүр үзүүр ёзоор нэгтэй, нэг амьсгаатай зүйл болохоор анхаарал илүүтэй татах нь зүй байлаа.
Талийгаач хоёрын хорлогдсон шалтгаан судалгаанаас улам тодорхой болов. Юу вэ гэвэл, Лю овогт хүн Бээжинд Монголын эсрэг хорон санаатнууд төвлөрөн, аюул занал учруулах гэсэн хорт санаа боловсруулж, тэр хэргээ гүйцээх гар, савар болсон этгээдийг нааш нь илгээж байдгийг сайн мэдсэн. Мэдээд ч зогсоогүй Монгол Улсын талд мэдээлсэн. Тэр нарийн мэдээг Лю овогтоос Банзар мэдсэн. Тэр бүсгүй уг зүйлийг нэг чихээрээ сонсоод нөгөө чихээрээ гарган гээж явах эм биш гэдгийг хорон санаатнууд лавтай мэдсэн. Тэгээд хөнөөгдсөн гэдгийг Шархүү бүрнээр ойлгож авсан байна. Бас уг хэргүүдийг үйлдсэн этгээдүүдийн улаан нүүр нь үзэгдээгүй байгаа боловч түүний зүг чиг нь зөв гарч ирсэн байна. Өөр нэг ноцтой зүйл нь Улаанбаатарт Хятадын Засгийн газрын бус тагнуулын том бүлэг ажиллан, бүр тэр нь даамжирч хөнөөн сүйтгэх ажиллагаандаа шилжин орж байгаа ч байж магадгүй болов. Ийм хэргийг гардан авч хөөцөлдөн боловсруулна гэдэг хүний сэтгэлийг агшин зуурт ч зүгээр суулгахгүйгээр шаналгаж буй нь гарцаагүй.
Шархүү уг хэргээ гүйцээх санаагаар хэдэн өдөр дараалан хотын дотор хүн харвал эргүүтсэн юм шиг тэнэхэд хүрлээ. Яая гэх вэ, энэ бол түүний эрхэлсэн ажлын онцлог юм чинь. Талийгаач Банзар охиндоо гутал авна гэж байсны нь сайхи эр санан Улсын их дэлгүүр дотор ороод амьтны байдлыг битүүхэн ажиглаад явж байтал бэлэн хувцасны тасаг дээр ажилладаг өөрийн нь танил Ягаан гэдэг залуувтар бүсгүй ажлаа хийгээд зогсож байв. Шархүү Ягаантай уулзан танимхайрч, амар мэндийн солио хийгээд, энэ тэрхэнийг хүүрнэлдэн, хэсэг зуур саатан зогсов. Яахав дээ, тэд эхлээд өдөр тутмын аар саар зүйлээр амны зугаа болгон, энэ яриандаа яаж ийж байгаад Банзар хүүхний тухай цухалзуулан гаргаж ирэх вэ хэмээн Шархүү хорхойтон байв.
Чи чинь гоё гоё бүсгүйчүүд дагуулаад л үүгээр явдагсан. Өнөөдөр яагаад ганцаараа архаг архичин адил гөлөлзөөд яваа юм бэ гэж Ягаан дооглон асуулаа шүү. Ямар сайхан шалтаг вэ, энэ чинь яриа өдөхөд гэж Шархүү бодон:
Би зүгээр дээ. Миний сайн танил Балжин гэдэг нэг сайхан хүүхэн байсан. Тэр маань сая нас барсан гэж дуулдаад сэтгэлд эвгүй оргин ... гэж сайхи эр хэлбэл
Юу гэв ээ? Нөгөө модны үйлдвэрт ажиллаж байсан хүүхэн мөн үү? Ээ халаг гэж Яагаан уулгалав.
Шархүү уруу царай гарган худалдагчийг харж:
Мөнөөр барах уу? Хөөрхий, гэмгүй цайлган зантай, бусадтай их найрсаг, хүнд тус болох л гэж бодож явдаг байдалтай бүсгүй байв даа гэвэл Ягаан шүүрс алдан лангуугаа тэгнэж ойртон ирээд томоор харж:
Ямар хачин юм бэ? Гурав билүү, дөрөв хоногийн өмнө шүү дээ. Тэр хүүхэн чинь охиндоо хөлд нь углах аятай юм авах гэсэн чинь сэтгэлд нийлэх юм алга гэж яриад, энд надтай уулзаад явсан. Тэгэхдээ тэр цонхны наана нэг өндөр биетэй, саарал костъюмтай хүнтэй уулзан их л түнш байдлаар элдвийг ярилцан бүр инээдэм болж байснаа тэд хоёулаа хамтдаа дээшээ гараад явсан. Тэгээд би Балжинг “Биеэ сайхан авч явдаг яггүй хүүхэн шүү. Одоо ямар ч эрийн сэтгэлийг өөр дээрээ татахтайгаа л байна” гэж бодон хойноос нь харж байтал худалдан авагчид ирж надаас юм асуугаад, би ажилдаа болж түүнээс хараагаа тасалсан гэж унжруулан ярилаа.
Сайхи эр Ягааны үг нэг бүрийг анхааралтай чагнаж байснаа, үүнтэй жаахан яръя гэж бодон дахин өдөж:
Тэгээд л алга болж дээ. Та хоёр хоорондоо тун их ойр байсан уу гэж асуулаа. Ягаан эмэгтэй хүний өрөвч сэтгэл гарган царайгаа хувиргаж:
Хөөрхий минь дээ. Бид хоёр тэр жил нэг удаа самар, жимс түүхээр ууланд яваад, Сэлбийн нурууны эхэнд хээрийн хоног тааралдан, ойролцоо майханд хоноод, маргааш нь ууланд хамт явж танилцсан юм. Түүнээс хойш бие биеэ мэддэг болж бүр ойртон хааяа нэг гэр орноороо ордог, гардаг болсон учиртай. Их аятайхан гэх үү, амьдрал мэддэг ухаалаг бүсгүй байлаа. Нэг овоо том болсон охинтой байх ёстой доо гэж ярьж байснаа
Яагаад нас барж орхив доо гэж лавлав.
Нарийн учир шалтгааныг би сайн мэдсэнгүй, хоолны хордлого авсан юм шиг хүн ярьж байхыг би сонслоо гэж Шархүү хэлээд, тэр хамт дээшээ гарсан хүн нь чухам ямар янзын нөхөр байв гэж асуувал Ягаан толгой сэгсрэн:
Би сайн харж амжаагүй. Нэлээд дотнын хоёр уулзав бололтой гэж санасан. Тэдний яриа хөг нийлэмжтэй байгаа янз дууны нь өнгөнөөс надад бодогдсон. Тэр хар хүн наашаа харахгүй байсан болохоор би нүүрийг нь гүйцэд харж амжаагүй, харъя ч гэж би эрмэлзээгүй, нэг зөрүүхэн харахад баруун хацар дээрээ хөндлөн сорвитой байж үзэгдсэн гэж хэлээд Шархүүг түүнийг сонирхож яваа шив гэж худалдагч боджээ. Яагаад гэвэл, энэ эрийн хаа ажилладагийг Ягаан мэддэг байлаа. Тэгээд энэ бүсгүй “Дэмий юм би бурж байж хүний ажилд саад учруулж магад” хэмээн болгоомжилж үзсэнээ гүйцэд яриагүй билээ. Гэхдээ худалдагчийн хэлсэн нь гарцаагүй болов уу?
Шархүү Ягаантай уулзаад Банзарыг тэр сорвитой хүн дагуулж яваад зохих хачиртай хоол өгч хордуулсан байж магад гэсэн дүн хийж бодлоо. Сонссон дуулсан бүхэн үнэн байдаггүй ч гэсэн эрлийн чигийг нэгэн ямхаар ойртуулсан байж мэдэх байв. Шархүүг чухам юу хөтөлж байгааг мэдэхгүй. “Тэр хацар дээрээ хөндлөн сорвитой хүн Банзарыг Балжин гэж дуудаж яваа биз. Тэд энэ Их дэлгүүрээс гараад хамт хоол идэхээр “Баянгол” зоогийн газарт очиж орсон болов уу. Юу ч болсон би тийшээ яваад үзье” хэмээн бодоод тэр газар луу гүйж очоод орлоо. Зоогийн их танхимд хүн цөөхөн байв. Гурав хоногийн өмнө өдрийн цагаар энд үйлчилж байсан үйлчлэгчийг сураглавал, тэр өдөр Гэрлээ бүсгүй үйлчилж байсан гээд, намхан тагдгар биетэй, сэргэлэн нүдтэй бор охиныг зааж өглөө.
Ажиглавал нэлээн яггүй хэрсүү болов уу гэмээр тэр бүсгүй Шархүүтэй нэг ширээний хажууд суугаад хэрэг зоригийг нь асуулаа. Сайхи эр аргагүй Гэрлээд ажлынхаа үнэмлэхийг үзүүлээд, тайван байдлаар:
Бүсгүй! Чамайг ажиллаж байсан тэр ээлжинд чинь энд туранхайвтар биетэй, нэлээд нуруулаг, гөлгөрдүү шар царайтай, зэгсэн золбоолог маягийн дунд зэргийн насны нэг хүүхэн, баруун хацар дээрээ хөндлөн сорвитой, саарал костъюмтай нэг эрийн хамт орж ирж хоол идсэн биз. Тэд аль ширээнд сууж, ямар байдлаар хооллосон бэ гэж асуулаа. Үйлчлэгч Шархүүгийн ажлын үнэмлэхийг үзээд, нүдээ онийлгон хэсэг зуур бодолхийлснээ, сая нэгийг санав бололтой Шархүүг эгцлэн харж:
Үд хэлбийж байх үед тийм хоёр хүн манайд орж ирээд, тэр булангийн ширээн дээр сууж, надаар хоол авчруулан идсэн. 200 гр Шведийн “Еxplorer” гэдэг хатуу архи авчруулан уусан. Тэр хоёр энд овоо удаан суусан. Нэлээд наргиантай ярилцаж, заримдаа чанга инээлдэж байсан. Бүсгүй нь нэг удаа босож 00 өрөөнд орсон. Тэгээд хоёулаа бараг хөтлөлцөх шахам гарч явсан. Тэдний аль аль нь урьд манай зоогийн газарт орж ирж надтай дайралдаагүй гэж ярив.
Зөв дөө. Чи үйлчилсэн хүнээ овоо гярхай харж чаддаг юм байна. Тэгэх ёстой. Тэр хоёр хүнийхээ талаар өөр надад юу хэлж чадмаар байна вэ гэж сайхи хүн нэмж лавлав. Гэрлээ хуруугаараа оролдон бодолхийлээд:
Өөр гоц юм надад санагдахгүй байна. Бүсгүй нь тэр хагархай хацартай хүнээ “Шаагаа” гэж нэрлэн дуудаж байсан ... гэж хэллээ. Шархүү энэ зоогийн газарт нэг хоол захин авч идэж суухдаа ““Шаагаа” гэдэг нь хэн байх вэ? Шарав, Шаравдорж, Шагдар, Шажмятав гээд л олон нэр байдаг. Ша гэдэг нь гарцаагүй нэрний нь эхний үсэг байж таарна” хэмээн бодсоор гарч явтал нь “Хэрэв тэр Шаагаа нь Банзарт хортой юм өгч алсан бол түүний юу болохыг ажин чих тавьж байгаад нас барлаа гэж мэдсэн бол биеэ яаралтай нууж таарна. Тэгээд яаж нуух вэ? Ягаан, Гэрлээ хоёр тэр хүнийг нэлээд бийлэгжүү байдалтай, цэвэр сайхан хувцастай байсан гэж хэлээд байгаа. Тэр бол Банзарыг Лю овогттой харийн хэргээр харилцаа барьсны төлөө гэж хөнөөсөн бол биеэ өмнө зүг рүү л нууж таарна” гэж бодмогцоо
Энэ хэргийг ингэж дутуу алсан могой шиг болгоод би орхиж болохгүй гэж санаад, цаг орой болж байгаа боловч зөөврийн тэргэнд суун Буянт-Ухаа руу хүлгийн жолоо заллаа.
Шархүү нисэх онгоцны буудал дээр очсон дороо өөрийн байгууллагын төлөөний, тэнд байгаа хүнтэйгээ яаран уулзвал цаад дэслэгч Го нь ялдамхан байдлаар учирсан дороо юуны урьд замын гэх үү, зорчих албан ёсны баримт бичгийн талаар зөрчилтэй байсан хүмүүсийн бүртгэлийг гарган, хоёулхнаа тухлан сууж үзлээ. Түүнд олон юм шүүж үзнэ гэх төвөг бараг алга.
Хоёр хоногийн өмнөх бүртгэлийг сөхөөд хартал, Ломбо овогтой Шагдар гэдэг хүн бусдын паспортыг засаж нэр, зургаа сольсон учир саатуулагдсан. Тэр хүн Хөх хот онгоцоор хүрээд, тэндээсээ галт тэргэнд сууж Утай, Гүмбэн орж мөргөл хийх хүсэлтэй яваа гэж өчсөн. Биедээ авч яваа зүйлийг нь үзвэл 1500 ам.доллар, хятад юань 2000 орчим өвөрт нь байсан. Солих хувцаснаас өөр юмгүй байжээ. Тэр этгээд паспортаа зөв болгон сольж авахаар шийдвэрлүүлэх, сая хууран мэхлэх оролдлого хийснийхээ бурууг хүлээж торгууль хүлээх болоод буцсан байна. Түүний хаягийг нисэхийн цагдан сэргийлэх тэмдэглэн авч бүртгэсэн байгаа ажээ.
Энэ бүх баримтыг Шархүү цуглуулсаны дараа “Банзар асныг хөнөөсөн этгээд олох зам нээгдлээ” гэж үзэн хэргийн явц байдлыг дэд хурандаа Сономд илтгэн мэдэгдэж, тэр Шагдар гэгч этгээдийг яаралтай баривчлах нь зүйтэй боллоо хэмээсэн саналын хуудас бичээд дээш оруулав. Энэ ажилтны тодорхой саналыг ёсоор болгож, Ломбо овогт Шагдарыг баривчлан байцааж эхэлсэнд тэр этгээд Банзартай хамт зоогийн газарт орж хоол идсэн, гашуун ундаа хэрэглэснээ анхны байцаалтаар хүлээсэн боловч хор найруулж өгснөө арай хүлээгээгүй байгаа ажээ.
Бүр нэлээд хожим Хятадын нэг баригдсан туршуулын өгсөн өчгөөр бол, Ломбын Шагдар Монголын тагнуул Балжин гэдэг эмэгтэйг хөнөөсөн нь үнэн. Тэр Шагдарыг Бээжинд аваачаад, тэндээс Утай, Гүмбэнд явуулан, Монголоос очиж байгаа мөргөлчдөд орчуулагч болгосон. Одоо их сайн байгаа гэж тэндээс нааш нь явуулж байгаа туршуулууддаа нууц байдлаар сурталчилан хэлдэг нь энд ирэх хүмүүсийг хуурамчаар зоригжуулж байгаагийн жишээ ажээ. “Одоо би яах билээ? Юу хийх вэ?” гэсэн олон асуулт Шархүүд тавигдан, түүний сэтгэлийг шаналгаасан хэвээр байв. Энэ хүний эрэл хайгуул зогсох биш, бас боржин цохионы эзнийг олох бараг үндсэн гэж хэлмээр шахам болсон сурвалжилгаагаа хийсээр байлаа. Ямар сайндаа Цэрмаа Шархүүг нэг орой ирэхээр нь бууз жигнэж өгөөд, 100 гр хундгалан барихдаа:
Муу өвгөний минь толгой тархи нь амарч, бүтэн нойртой хонох шөнө тоотойхон байх юм даа гэж хэлж байх вэ?

Элэг буруу бол санаа хүйтэн

Цаг үргэлжид нүүсэн айлын буудал шиншлэн явдаг золбин нохой шиг гадуур элдвийг хайж гүйдэг Ван овогт Сүгсээ яах нь вэ гэмээр гэрээсээ гарахаа байж, бодолд дарагдан өр алдсан данжаад гэгчээр гэдрэгээ хараад толгойгоо салаавчилан хэвтэх болов. Эхнэр Пунсал нь түүнийг хараад гайхшран ядахдаа:
Юу болоо вэ? Ажил чинь муу байна уу? Чамайг хүн загнаад байна уу гэж асуун, аргадангуйгаар цай аягалан өгч, сэтгэлийг нь тайтгаруулах санаагаар ая тавьж байв. Сүгсээ “Зүгээр” гэдэг үгнээс өөр юу ч эс ярина. “Зүгээр ч биш дээ. “Би чамаас үхэж л хагацна” гэдэг энэ хүн намайг хэдэн хүүхэдтэй минь энд орхиод нутаг буцах гэж байгаа юм биш биз. Санаа нь буруудна гэгч болж байгаа юм болов уу” хэмээн Пунсал бодож байлаа.
Хэрэг явдлын учир огт өөр байгааг мөнгөнд нь сэтгэл тавьж өвөрт нь орсон энэ хүүхэн сайхи хүний үнэн байдлыг яаж мэдэх билээ. Пунсалын сэтгэлд элдвийн л юм бодогдож байв. Тухайлбал, Энэ Ван овогт нөхөр маань анхлан намайг гэртээ авчраад “Чи миний хань авгай болооч! Би чамайг алган дээр байгаа тахианы өндөг адил энхрийлэн дураар чинь байлгана. Би ямар ч ажлыг хийж мөнгө олж чадна. Тэр олсон мөнгөө чамайг гоё сайхан явж байхад л зориулан зарна” гэж хэлж байсан. Бас “Чи бид хоёрын цус нэг төрлийн. Чи бол манай хятад хүмүүсийн ясаар бүрэлдэж бий болсон хүүхэн. Би Ар газраас ийм хүүхэн олж эхнэрээ болгоно гэж хүсэж явсан. Тэр хүсэл одоо хангагдлаа. Чиний эцэг Шандуу хотын үндсэн иргэн байсныг би мэдээд жигтэй их баярласан. Одоо надад эхнэр хүүхэн яах билээ гэж бодох юм байхгүй. Сайн ажиллаж их мөнгө олох л үлдлээ. Миний ээж аав Бээжинд байгаа ч гэсэн энэ Ар газраас амин тэжээлдээ хүрэлцэх эд мөнгө олж аваачсан юм гэдэг. Тэгэхээр би Бээжинд мөнгө явуулах хэрэг байхгүй. Олсон мөнгөө чамд л зориулна” гэж хэлж байсан. За бас энэ маань “Надад хүн хэрэгтэй. Би 10-15 хүүхэдтэй болсон ч тэднийгээ тэжээж өсгөн, эргээд хүүхдүүд маань чи бид хоёрыг тэтгэн явж байх үртэй болно. Энэ бол бидний хэтийн бодлого” гэж хэлээд, бараг шөнө болгон хэд дахин дээр гарч намайг хазаж үнхлэн байсаар одоо дөрвөн хүүхэд гаргууллаа. Тэгээд тоо нь гүйцэх болоогүй гэж энэ маань хэлдэг. Ийм байж намайг Ван овогт хаяад Бээжиндээ буцах гэж байгаа биш болов уу” хэмээн бодож байв. Гэтэл эр нөхрийнхөө далд санаа бодлыг Пунсал яахан мэдэх билээ. Яагаад гэвэл, тун саяхан Ван овогтыг гэртээ харихаар нэг орой засварын ажлаа хийж байгаад завсарлан явж байтал нь гэнэт нэг муу хөвөнтөй хувцас өмссөн навсгар хүн түүний суудаг гудамжны нь аман дээр дайралдан:
Сайн байна уу? Би танаас сампингийн эрхи асуухаар явж байна гэж хэлж уулзав. Сүгсээ гайхшран түүний нүүрийг харж ажвал, Бээжинд хоёр жилийн өмнө Хишигтийн пүүсэнд очиж, Ли овогт ноёноос “сургааль” хамт сонсож байсан Өвөрлөгч нутгийн гэгддэг Ерөөлт гэдэг тултираа хэлтэй эр мөн байлаа. Энэ хүн Бээжинд байхдаа яг хятад маягаар хувцасласан, нэлээд цэвэр дэгжин байдалтай байсан. Одоо монголжуу байдалтай болж хувирсан, яг л хар бор ажил хийдэг хүний төрхтэй харагдав.
Чи намайг таньж байна уу, Ван овогт минь ээ?
Ай, би төсөөлж байна. Бид хэд Бээжинд хамт Хишигтийн пүүсний ...
Яг тийм. Чи их сайн ой ухаантай байна. Бид Ли овогт ноёноос хишиг хүртэж байсан хэмээн амьтны хөл чагнан байж ярилцсан дороо:
Одоо байдал нарийн болсон учир бид хааяа Бээжин ёс журам баримтлан уулзаж болохгүй болсон. Тэгээд маргааш орой Туул голын Баянзүрх уулын наад гүүрний дээд талд, орой 5 цагт загас баригч байдалтай байж байхыг Бээжингээс сая ирсэн зараалын элч чамд хэлүүлсэн. Тэнд дурьдсан цагт очихыг зарлаж байна. Би Улаанбаатарт Хятадын ноос авч угаан боловсруулдаг нэг пүүсэнд ажиллаж байгаа. Дараа би тантай тавтай уулзана гэж өвөрмонгол хүн хэлчихээд Ван овогтоос бушуухан салж одлоо.
Дурьдсан цагт Сүгсээ загасны хулсан уурга барин, дугуй унаад Баянзүрх уулын наад гол дээр хүрч, очсон дороо усанд дэгээ шидэж эхлэв. Тэгтэл голын захын усан дотор урт түрийтэй резинэн гутал өмсөөд, дэгээ шидэж байгаа өмрөг бошинзтой нэг хүн аажуухан явсаар Сүгсээд ойртож ирээд, тал тал тийшээ бараа харснаа бүр нүүр нь харагдахаар дөхөж зогсоод:
Сайн байна уу? Би Ли овогт даргын бие төлөөний хүн байна. Намайг Фунтууз гэдэг. Чи таньж байна уу? Бид Бээжинд уулзаж байсан шүү дээ гэж хэлэхэд нь ажвал, нээрээ Хишигтийн пүүсэнд очиход даавуун хормогч зүүгээд цай, нугасны мах өмнө нь авчирч тавиад байсан таних нүүр харагдлаа. Тэгээд бие биеэ таньж мэдэв.
Нэг ойртон, нэг холдож загасанд дэгээ хаянгаа нэлээд хэдэн үгний солио хийлээ. Ойр орчинд хүний бараа эс харагдах нь таатай мэт. Фунтууз тоотойхон цөөн үгээр ярилцахдаа:
Энд хүнгүй байгаа мэт боловч монголчууд биднийг модон дотроос дурангаар харж байгаа шүү гэж анхааруулаад:
Бид бие биедээ хүрч, гараар юм өгч авалцаж болохгүй, далдаас зураг авч байгаа биз. Ли овогт ноён дарга чамд халуун мэнд хүргэсэн, түүнийг уламжилъя гэж хэлээд загас хөөсөн мэт цааш холдоод, эргэн ойртож ирэхдээ
Та нарыг саяхан урвагч Лю овогт засварчин болон урт хэлт эм Балжин нарыг далд оруулсан нь уг чанартаа туйлын зөв боловч арга нь буруу болсон гэж Лю овогт хэлсэн гээд, цаашаа усан дотор явж холдоод бас эргэж ойртсон дороо:
Тэднийг өөрсдөө өөрсдийгөө хөнөөсөн байдалтайгаар далд оруулах байсан. Юу нь буруу вэ гэвэл, түүнээс чинь үүдэгдээд Монгол газарт Хятадын олон тагнуул ажиллаж байна гэж тэдний Аюулаас хамгаалахынхан мэдэж аваад, та нарын эсрэг далд ажиллагаагаа улам идэвхжүүлэн, хүчтэй болгож байна хэмээн Ли дарга хэлсэн гэж ярилаа.
Яаж тэд нараар өөрсдийг нь хөнөөлгөх юм бэ? Бараг болохгүй.
Ай, болно гэнэ ээ. Тухайлбал, бүүрийхэн газар уулзаад мэс бэлтгэж өгөн, тэсвэрлэхийн аргагүй үгээр хорыг нь маажин, хамгийн хүндээр доромжлон хэлэх, бүр сонсох аргагүйгээр гүтгэлгийн муухайгаар гүтгэсэн, хараал зүхэл хэлж тэсэж суухын аргагүй болгох хэрэгтэй. Тэгээд өөрсдөө биеэ хорлохоор юм уу, та нарын эсрэг хэрэглэх зэвсгийг нь тэдэнд ойр, бэлэн байлгах ёстой байсан. Тэгээд халдвал “биеэ хамгаалан” мөр үлдэхгүйгээр учрыг нь олох хэрэгтэй байсан. Та нар тэгэж чадаагүй яарсан чинь алдаа болсон гэж энэ тухай мэдээ авсан Ли овогт та нарт зориуд хэлж сургамж болго гэсэн. Бараг энэ хэргээр би наашаа ирсэн гэж нууц элч хэллээ. Тэд усан дотор нэг ойртон, нэг холдсоор байв.
Одоо та нар гадуур битгий хол, ойр яв. Гэр гэртээ маш болгоомжтой, сайн бүгэж бай. Бүтэн гурван сар бие биетэйгээ битгий уулз. Тэгвэл Монголын тагнуулуудын нүдний хор гарна. Тэгэхдээ ажлаа далдуур улам шургуу хийж бай гэж хэлснийг би уламжилъя хэмээн Фунтууз элч хэлээд, хэсэг зуур ус сөрөн нэлээд холдон явснаа уургаа гозгонуулан эргэж ойртон ирээд:
Ван овогт оо! Бээжинд чиний дансанд 1000 юань нэмж хийсэн. Тэр харж байна уу, цаанаа байгаа том ягаан чулууг? Түүн доогуур Ли даргын чамд явуулсан хишиг-2000 төгрөгийг (хуучин ханшаар) би хийсэн. Түүнийг чи одоо аваарай. Би ямар нэгэн гуанзны газар уулзах арга байхгүй. Монголын тагнуулууд саяхан алагдсан хоёр хүнийгээ хорлосон этгээдийг олох гэж том ажил болж байгаа. Та нар ч одоо бас түүний эсрэг том ажил хийх ёстой болсон гэнэ гэж нууц элч хэлээд, загас хөөн цаашаа яваад дахин нэг ойртож ирсэн дороо бараг шивэгнэн:
Одоо манай хүмүүс Монголын орлогч сайдуудаас дээшхи тушаалын дарга, сайд нарын нууц бүртгэлийг шинээр гарга. Түүнд нам, залуучуудын эвлэл, үйлдвэрчин зэрэг олон нийтийн байгууллагын дарга нар орно. Тэр бүртгэлийг та нар гэртээ удаан хадгалж байж огт болохгүй. Ерөөлтөөр дамжуулан Хөх хотод хүргүүлж бай. Тэндээс бид нар авна. Тэр дарга, сайд нарын эхнэрүүд ямар янзын эмс байна вэ? Түүнийг нарийн сайн судалж бүртгэ! Эдний тэр өндөр албан тушаалтангуудын хэн нь эд мөнгө, эмсэд их дуртай байна вэ, түүнийг сайн мэд! Тэдний ямар авгай нь садар самуурах, салан задгайд таалалтай байна вэ, үүнийг гүйцэд мэдэх ёстой. Өөр нэг чухалчилах зүйл бол энэ орны хот, хөдөөд ямар гэмт хэрэг их гарч байна вэ? Хүн олонд төр засгийн ажлын юу эс таалагдаж байна вэ? Үүнийг тун сайн шинжиж бай! Монголчууд чухам ямар архинд дурлаж байна вэ? Манайхаас оруулж байгаа архийг шинжлэн үздэг газар хаана байна вэ? Тэнд ямар хүмүүс ажиллаж байгаа бол? Тэр шинжлэгчид ямар шан хөлс таалах нь вэ? За энэ бүгдийг нарийн судалж мэд гэж дээрээс та нарт даалгаж байна гэж нууц элч Фунтууз хэлээд, усанд дэгээ шидэн гол дагаад бүр доошоо холдон явлаа. Тэр хаана хүрч, ямар тэргэнд суун, хаашаа явахыг Сүгсээ ажиж харсангүй, голоос гарч ягаан чулуун дотроос цаасанд боож хийсэн мөнгийг сэмхэн аваад, сая барьсан хоёр ширхэг годгор загасаа дугуйныхаа бариулаас ил уяж унжуулаад хот руу хурдлан давхилаа. Тэрээр ингэж явж сурсан болохоор замд эмээж зовох ч юм алга.
Сүгсээ ажлаасаа ирээд гэртээ хэвтэж байгаад үдэш албан хаагч хүний дүртэйгээр янз бүрийн цаасан дээр баахан юм хятад үсгээр бичнэ. Энэ хүн Хянганы армид алба хааж байхдаа бичиг үсэг овоо сурсан болохоор бичгийн ажилд түүртэх нь гайгүй байв. Түүний чухам юу бичээд байгааг “Сэвэгнүүр” Пунсал яахан мэдэх билээ. Сайхи хүн тэр бичсэн зүйлээ гэртээ огт байлгадаггүй, байлгавал түүнийгээ нямбайлж, цаасанд давхар боогоод хогийн савны дор, түлээ хураадаг жижиг тасалгааны шалан дор хийн хүүхдүүдээсээ хүртэл нууц байлгана. Тэгээд өдөр ажил дээрээ иддэг талх, мантуу юмаа хийдэг савныхаа ёроолд тэр бичгээ далдлан хийгээд авч яван, тэр өдөртөө алга болно. Түүнийгээ Сүгсээ хэнд өгдөгийг Пунсал бас мэдэхгүй.
Энэ чинь юун бичиг вэ гэж авгайгаа асуувал Ван овогт уцаарлан:
Чамд огт хамаагүй дээ. Энэ бол засвар хийж байгаа мод, шавар, шохойн бүртгэл гэж хэлээд, бичиг мэдэхгүй хүнийг ч түүн рүүгээ өнгийлгөх дургүй байдаг. Юу бичдэгээ Сүгсээ зөвхөн өөрөө сайн мэддэг байлгүй яахав. Хааяа алдах юм уу, буруу биччихээрээ “Үхээрийн чоно!” гэж харааж сонсогддог болсон. Түүнд янз бүрийн цаасан дээр баахан хүний нэр бичсэн байна.
Сайд До гурван хүүхэдтэй. Түүний эхнэр цэвэр халх. Өөрөө архи нэлээд балгадаг. Уусан үедээ эхнэртээ тун сайхан зантай байдаг. Хятад янжуур, Болгар тамхинд дуртай. Байн байн гэртээ цөөн хүн ирүүлээд даалуу тоглодог. Тэр тоглоомондоо хожигдохоороо уурлаж, бусаддаа омог бардам зан гаргана. Би тэдний цонхыг засаж өгөх, хаалганы нь цоожийг сольж суулгаж өгөхөөр хэд хэд очсон. Намайг тэр сайд тоож ярьдаггүй. Харин эхнэр нь “Бээжин явж үзэх юмсан. Тэнд хуучны “мөөгөөдээ” гэдэг ноосон торго одоо байдаг болов уу” гэж надаас асууж байсан. Сайд өөрөө намайг хүн гэж юун тоож үзэх вэ гэсэн байна.
Бас Го даргын тухай нэлээд дэлгэр бичсэн аж. Го дарга эрлийз бололтой. Зүс царай нь монголоос арай өөр, нүд нь сүрхий хянуур янзтай. Архи сайн балгадаг бололтой, орж гарахдаа үнэртүүлээд явж байдаг. Эхнэрийнхээ дэргэд надтай нэг ч үгний солио хийхгүй. Авгай нь халх хүн болоод надад дургүй юм уу, аль дээд дарга нар нь “Хятадаас хол бай” гэж тушаасан байж ч магадгүй. Эднийх гурван хүүхэдтэй, тэд нар нь том болж яваа. Намайг бас хүн гэж тоож үзэхгүй, надтай ярьдаггүй юм. Тэднийх голдуу хонь, үхрийн мах ногоотой чанаад оройд иддэг бололтой. Энэ бол ганц эднийх биш, бараг л Улаанбаатарын бүх айлууд ийм хоолтой байдаг. Го дарга мөнгөнд тун их дуртай хүн байх. Энэ дарга цалингаа аваад авгайдаа тушааж өгөхдөө нарийн тоолоод, хуруугаа даран, дутлаа гэж яриад хоорондоо маргалдаад байх шиг харагдаж байсан. Тэгээд Монголын дарга нарыг мэдэхэд их төвөгтэй байна. Учир нь дарга нар хятад хүнийг гэртээ оруулах дургүй шүү дээ. Би дарга айлд ордог нүүр талтай нэг хүн олж авах гэж чармайж явна. Тэр ч миний дураар олдохгүй нь лавтай. Надтай хамт ажиллаж байгаа Цэ, Дүхоёр бол надад тэгэж туслаж явахаар тийм овсгоотой амьтад биш, урагш муутай маанагдуу амьтад. Тэгэхдээ далд хэргийн талаар миний үгнээс гардаггүй амьтад. Тэр нь бас яамай шүү хэмээн Сүгсээ Бээжинд бичээд, Монголын бүх дарга нарын байдлыг тодорхой таньж мэдэх гэж сэтгэл нь донтон яваа билээ. Энэ түүний зоргоор бүтэх хэрэг биш ээ.
Төрхүү ахлагчтай засварын хэсэг Ра гэдэг нэг том даргын байранд засвар хийх боллоо. Засварчид очиход тэднийх гэрийнхээ эд юмыг гаргаж арай л гүйцээгүй байв. Даргын гэргий нь Аюуш гэдэг нэлээд дэгжин, залуувтар насны царайлаг бүсгүй, найм, арван насны хоёр хүүхдээрээ туслалцуулан гэрийнхээ ойр зуурын юмыг гадаа зогсож байгаа улаан номертой хар тэргэнд зөөн хийж байв. Сүгсээд тэр хүүхэн тун ч аятайхан харагдаж байгаа учир шалмаглан зөөж байгаа ажлаас нь элбэлцэв. Аюуш дориун аялаг зан гарган засварчинд хандаж, ямар нэгэн зүйл ярих гээд ч байгаа юм шиг ая тавингуй байлаа. Тэд хэсэг зуур хамт ажиллаж байгаад цонхны дэргэд зогсож хэдэн дулаан үгний солио хийв. Аюуш Сүгсээд хайрцаг янжуур өгч, бусдын нүдийг манаж байснаа:
Миний өвгөн аав танай нутгийн хүн байсан гэж хэлэв. Сүгсээд энэ үг чихэр бурам шиг сонсогдон, инээх аядаад:
Чи ямар сайхан үг хэлдэг хүүхэн бэ? Даанч тэгнээ тэр! Анхлан уулзахад чиний нүдний харц надад их дулаахан байсан. Би ийм хүмүүстэй танилцах дуртай гэж хэллээ. Бүсгүй шарваганан:
Манай нөхөр чи бид хоёрыг ингээд зогсож байгааг харвал намайг “ниргэнэ” шүү гэж хэлэх нь бүсгүй нөхрөөсөө айдаг, нөхөр нь хятад хүнд тааламж муутай байдаг юм уу, энэ эхнэр гадуур сэлгүүцэн хормойгоо сөхөж явсаар байгаад эр нөхрөө хашрааж орхисон байж магад. Тэр надад ямар хамаа байна вэ хэмээн Сүгсээ бодоод Аюушид ая засах царай гарган:
Чиний нөхөр чамд их хартай юм уу? Би чамтай ойр дотно танилцан, хааяа уулзаж баймаар санагдаж байна гэж хэлээд юу гэхийг нь хүлээв. Бүсгүй инээж харан:
Уулзаж ч болох биз. Тэгэхдээ их хэцүү. Манайд зарим дарга нар ирдэг. Тэд тоглоом тоглон хоорондоо маргалдаад манайд удаан суудаг юм гэж ярьж байтал юм зөөлцөж байгаа жолооч орж ирээд тэдний үгийг тасаллаа. “За би энэ хүүхэнтэй лавхан танилцаж болох бололтой. Энэ ч том олз шүү” гэж Сүгсээ бодон ажилдаа орж, бусдыгаа ирэхээр шавар шохойнхоо юмыг хийж эхлэв. Ийм янзын олз олоод л түүнийгээ Ван овогт бичиж тэмдэглэн урагш нь мэдээлэхээр бэлтгэж байгаа билээ. Сайхи засварчин тэр зүйлээ гэртээ сийрүүлж бичээд, ажил дээрээ авчран Цэ засварчнаар дамжуулж Өвөрлөгч нутгаас ирсэн ноос угаагч ажилтай Ерөөлтөд өгч, тэр нь Хөх хотод явуулдаг замтай байлаа.
Сүгсээ энэ хэргийн хажуугаар Банзар бүсгүй, Лю Жимин хоёрыг хөнөөлгөсөн хэрэг юу болж байгаа бол гэж чих тавин сонссоор яваа аж. Чингэхдээ Шагдар баригдсан гэдгийг бусад туршуулаасаа мэдсэн. Гэвч сайхи Шагдар гэдэг сахалт наймааны хүүд Сүгсээ өөрөө биеэр даалгавар өгөөгүй, бусдаар дамжуулан хэлсэн болохоор тэр Шаагаа яаж ч өчсөн над руу үсэрхийлэх нь гайгүй болов уу? Харин Лю засварчныг далд хий гэж би яаран өөрийн хүмүүст биеэр очиж хэлсэн болохоор тэд баригдан, хатуухан байцаагдвал юу ч гэж мэдэх биз. Яадаг бол? Тэд битгий л баригдаасай хэмээн бодож сэтгэл нь зовиурлаж байлаа. Тэгээд хэсэг хугацаанд өөрөө гэртээ бүгэн амьтны нүдэнд аль болохоор харагдахгүй байхыг хичээж байгаа боловч бас Бээжингийн Ли овогт даргаасаа нууц элч Фунтуузаар хэлүүлсэн зүйлийг хань хамсаатандаа хүргэх том ажилтай байв. Үүнийгээ залгуулах гэж хааяа гарч сэмхэн гүйж байлаа. Тэгэхээс өөр арга алга.
Сүгсээ ямар совингоор юм бэ, уг нь үл таних боловч энд тэнд байн байн тулгарах шахам тааралддаг болсон Шархүүгээс тун их эмээж зугтаана. Тэр монгол ажилтны нэрийг мэдэхгүй боловч түүнтэй энд тэндхийн элдэв явдлууд дээр дайралддаг төдийгүй, бие биеэ цаанаа нэг ажигч байдлаар харж, туршуулын харцаар дагаад байдгийг нь ажиж мэдээд “Чи бол миний толгойг шороон дээр хаях монгол туршуул зайлшгүй мөн” хэмээн бодож, түүнээс сэргийлэн, аргагүй гэнэт нүүр тулан тулгарвал гар зөрүүлэхэд бэлтгэлтэй явдаг болов. Тэгээд сайхи хужаа Шархүүг чухам хаана ажилладаг, хэн болохыг мэдэх гэж дотроо бас нэг хэрэг хадгалан яваа аж. Шархүү ч түүний байдлыг аль түрүүн мэдсэн, юуг яаж хийх гэж яваагий нь далдуур ажиглаж байгаа аж. Энэ хоёрын аль алинд туслах хүчин цаана нь байгааг бас хэн хэн нь мэдэлгүй яахав.
Шархүүг Банзарын амь насыг нэхэн далд ажиллагаанд хэдэн хоног нойр хоолгүй шахам явсныг нь яам нь үнэлэн үзэж гурав хоног гэртээ амар гэж чөлөө өгснийг сайхи хүн зохистой эдлэн өнгөрөөх санаагаар найз Сэрээнэндоржтойгоо хамт агаар салхинд гарахаар бэлтгэсэн ажээ.

No comments:

: