Sunday, February 22, 2009

Өвөг дээдэс маань ном бүтээхдээ төгс мэргэн явжээ

(зypaг “Шидэт хүүр үлгэр”)
Багад манай Бандихай дээр Хатагин овогт Ц.Дамдинсүрэн гуай айлчлан ирээд, хөөрөг зөрүүлж, хуучлан суудаг байсан агшин зүүд, зэрэглээ шиг санагдаж, хэлж ярьж байсан нь ой тойнд бүдэг бадаг байна.

Дамдинсүрэн гуай өгүүлрүүн: “-Манай монголчууд эртнээс номыг сайн хэвлэдэг байсан юм. Цаас ховор байсан дээр үед Орос муутуу цаасан дээр томоохон тугалган бараар алдаа мадаггүй, нямбай хэвлэдэг байсан юм билээ. Yсэг нь том болохоор хонины хоргол шиг үзэгдэж, түүнийг хорголжин бар гэж нэрлэдэг байв. Одоо өвөрлөгч хошуунд их жижигхэн үсгээр хэвлэх юм. Настай хүнд бол үзэгдэхээргүй жижиг юм. Хорголжин бар биш шоргоолжин бар болж дээ” хэмээсэн нь сэтгэлд байна. Энэ үнэхээр үнэн ажээ. Интeрнэтийн буянаар Google дээрээс би 1868 онд Германд хэвлэсэн нэг ном оллоо. Тэр номон дотор “Шидэт хүүрийн үлгэр”, “Арж Бурж хааны тууж” хоёр Дамдинсүрэн гуайн хэлсэн хорголжин бараар хэвлэгдсэн байна. Энэ номонд 52 хуудсаар орсон “Шидэт хүүрийн үлгэр”-ийг эхлээд уншлаа. Уг зохиолыг үнэхээр алдаа мадаггүй, уламжлалт бичгийн хэлээр нямбайлан бичжээ. Одоогийн бидний хэл ярианаас зөрөх юм нэгэн бээр алга байна. “Одоогоос 140-150 жилийн өмнө монголчуудын бичгийн соёл дээд цэгтээ хүрсэн байжээ” гэж дүгнэж болмоор санагдав.

Энэ хоёр зохиолыг Буриад монгол лам Галсан Гомбожав орос хэлэнд орчуулж, 1858-60 онд Казанийн их сургуульд хэвлүүлсэн байна. Монгол судлаач, алдарт эрдэмтэн Жосиф Кавалевски oрос хэлнээс гeрман хэлэнд буулгасныг Бeрнард Жулг 1868 онд Иннсбрукт ийнхүү хэвлэжээ. Энэ хоёр туужийг нарийвчлан уншвал бичсэн арга барил нь эртний энэтхэг, персийн зохиолуудтай тун төстэй, монголчууд бидний танил болсон “Таван сургамж”, ”Мянган нэгэн шөнийн үлгэр” зэрэг зохиолуудтай нэн адил боловч, монгол уламжлал, бурхан шашины нөлөө нэлээд шингэсэн, үлгэрийн чанартай зохиолууд болж байна. Тухайн үед Гeрман, Франц, Хаант Орос зэрэг хөгжингүй орнуудад Mонголын уран зохиолыг нарийвчлан судалж байсан нь бас л гайхалтай сонин санагдана. Манай улсын номын сан, архивуудад одоогоос 150 жилийн өмнө монголчуудын хийж бүтээсэн ном хэр олон хадаглагдан үлдсэнийг би сайн мэдэхгүй, гэхдээ ийм мэдээлэл нийтийн хүртээл болж байсан нь ховор юм шиг байна. Бодвол cудлаачдын хүрээнд энэ талаар нэлээд бичигдэж, яригдсан биз ээ.

Энэхүү мэдээллийг олж хараад төрсөн бодол минь нэгдүгээрт, өвөг дээдэс маань ном бүтээхдээ төгс мэргэн явжээ, хоёрдугаарт монголчуудын оюуны ертөнцийг тухайн үед барууны ертөнцөд хүлээн зөвшөөрч, хүндэтгэн судалж, дэлхийн өв соёлд оруулж байжээ. Бусад олон улс үндэстэн урд өмнө хийсэн бүтээснээ улам боловсронгуй болгож, ирээдүйдээ өвлүүлэн өгдөг. Yүнийг дорно дахиндаа гэхэд Xятад, Япон орнуудын жишээн дээрээс харж болно. Гэтэл бидний монголчуудад энэ талаарх сэтгэлгээ нэг л дутагдалтай байна уу даа.

Орчин үеийн зохиолч, бүтээлчдийг хараад байхад урд өмнө ингэж хийж бүтээсэн юмыг би энэ талаас нь сайжруулжлаа гэхээсээ урдад хийснийг хoцрогдсон бурангуй гэж үзэж, эсвэл үл дурдан өөрсдөө агууг бүтээж буй мэтээр харуулахыг хичээдэг бололтой. Иймд залуус бид урд өмнө өвөг дээдсийн хийсэн бүтээснийг бахархаx, дурдаx, баяжуулах сэтгэлгээнд давхар суралцмаар байна. Уламжлал ёсыг байнга сэргээж, хөгжүүлж, түгээж байж төгс арвин болмой.

Ш.Бaатар

No comments:

: