Догсомын Бодоо гээч хэн байв?
Ерөнхий сайд. Төв аймагт (Мандшир хутагтын нутаг) төрсөн. Нийслэл хүрээнд монгол хэл бичиг сурсан. Нийслэл хүрээнд Монголын сонин бичиг сонинг гаргаж байсан. Хувьсгалын нууц бүлгэм, консулын дэнжийн байгууллагыг үүсгэгчийн нэг, Ардын намын анхны долоогийн нэг (Д. Сүхбаатар, Д. Чагдаржав, Х. Чойбалсан, С. Данзан, Д. Догсом, Д. Лосол) 1920 онд Орос улсад тусламж гуйхаар явсан. 1921 оны 3 сараас Түр засгын газрын гадаад яамны сайд, 1922 оны 8 сарын 31-нд 14 нөхдийн хамт цэл залуу 37 насандаа цаазаар авахуулсан.
Д. Бодоогийн тухай бодол эргэцүүлэл (1885-1922)
1922 оны наймдугаар сарын 30-31-нд шилжих шөнө үүр хаяарч ахуйд Нийслэл Хүрээний зүүнтээ орших Шар Хаданд Ардын намын анхны долоогийн нэг лам, зохиолч, сэтгүүлч, Ерөнхий сайд, Гадаад яамны сайд асан Д. Бодоог 14 хүний хамт төрийн цаазаар хороож Хувьсгалт Монгол Улсын ардын засаг улс орноо удирдсанаас хойш анх удаа «төмөр нүүр»-ээ харуулж буруу үзэлт хэн боловч төрийн мянган мэлмий, түмний сонорт заавал өртөнө шүү гэдгийг өргөн олонд «сургамж» үзүүлжээ. Энэ хэрэг «хэрхэн» үүдсэн, түүний чухам учир юу болохыг 1989 оноос хойш судлаачид, хууль хяналтын албад нягталсаар байна. Харин түүнээс өмнө буюу 1922-1988 онд буюу 70 шахам жилийн хугацаанд «Бодоо бол хувьсгалын эсэргүү байсан юм» гэдэг номлолыг ямагт ухуулан сануулж түүх шасдирт тэр байтугай кино урлагт хүртэл үзүүлж жигшин тэмдэглэсээр байв. Гэвч ардчилал шинэчлэл тууштай хэрэгжиж ил тод байдал, олон ургальч үзэл чөлөөтэй болсны үрээр Д. Бодоо агсан далан таван жил төрийн эсэргүү дайсан хэмээх гүтгэлгийн ялнаас ангижирсан юм. Ойрмог үес манай зарим түүхчид Д. Бодоогийн тухай бүтээл туурвиж байгаа боловч түүний тухай даацтай судалгаа одоогоор алга байна. Иймд би тэр их хүний тухай өөрийн бодол эргэцүүллийг уншигч түмэнтэйгээ хуваалцъя хэмээн горилж үүнийг тэрлэлээ.
БОДООГИЙН ГАЛБИР ТӨРХ, ЗАН ААШ, АЖ ТӨРӨЛ
Аливаа улс төрийн зүтгэлтний намтар, үйл ажиллагааг сонирхон судлаачид тухайн хүний зүс царай, дуу хоолой, биеийн галбир, төрхийг тодорхой өгүүлсэн нь цөөнгvй байдаг. Харин Д. Бодоогийн тухай ийн дурсах зүйл ховор бололтой. Партизан Далхын Ээндэнданзан агсны өөрөө бичсэн нэгэн дуртгалд өгүүлснээр бол тэрбээр өндөр нуруу, шонхор хамар, шар царай, хөнхөр нүдтэй учраас түүнийг зарим хvмvvс «Орос Бодоо», «Оросын нууц хүү» хэмээдэг байсан гэнэ. Д. Бодоо нэлээд огцом түргэн зантай, гомдох баярлах нь амархан хүн байсан гэж тэмдэглэжээ. Хиагтад төрж хорин хэд хүртлээ тэнд сууж 1921 онд нутгийнхаа үйлчин бүсгүйчүүдтэй хамт журамт цэргийн майхан, туг, хиур оёлцож явсан боловч төрсөн эцэг нь хятад байсны улмаас партизан болоогүй авч хожим нь хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн цол хүртсэн Должингийн Мядагмаа хэмээх буурал 1993 онд Д. Бодоогийн зүс царай, төрх галбирын тухай ярихдаа Д. Ээндэнданзангийн дурсан бичсэнтэй адил зүйл өгүүлээд харин Д. Бодоо сайдын нуруу тийм ч цэх бус сэрвээгээрээ бага зэрэг бөгтөр, ер сахалгүй, яаруу сандруу, монгол бичгийн дармал үсэг сайхан бичдэг, бараг хүн бүхнийг та гэж дууддаг, хэнтэй ч яриа хөөрөө өрнүүлж, байнга хүний нүд рүү эгц харж ярьдаг сонин хүн байлаа гэж нэмж ярьсан юм. Мөн Хиагт Сэлэнгийн уугуул Найдангийн Дулмаа хэмээх хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн буриад эмгэн 1993 онд Д. Бодоогийн царай зүс, зан ааш, галбир төрхийг дээрх хүмүүсийн адил тодорхойлоод Д. Бодоо морь унаж явахдаа дөрөөн дээрээ босоо явдаг, ер нь моринд тийм ч сайн биш хүн байсан шиг санагдаж байна гэж хуучилсан юм. Д. Ээндэнданзанийн дуртгалд Д. Бодоогийн эх Цэрэндулам чавганцынх тун ч ядуу, Х. Чойбалсан бид хоёрын махан захаас олж ирсэн цувдай, толгой шийрээр амттай хоол хийж бидэнд өгдөгсөн хэмээн бичсэн байдаг. Д. Мядагмаа эмгэн: Д. Бодоогийн гэргий Янжин гэж байсан юм. Тэднийх хөрөнгө хогшил тун тааруухан, үр хүүхэдгүй, маш олон хүн орж гардаг хөл ихтэй айл байлаа. Бодоогоос хойш Янжин гуай Сангийн яамны Очир гэгчтэй ханилсан боловч 1930 оны орчим Очир нь баригдаад алга болсон. Түүнээс хойш Янжин гуай таньдаг хүмүүсээсээ байнга дөлж зугатаад байдаг. Яг халж тулаад уулзахад газар ширтээд бараг юм ярьдаггүй болчихсон байсан. Бортолгой надад хэлэхдээ Янжин зүүлэг өвчтэй болсон юм шиг байна лээ гэж байж билээ. 1932 оны үеэс Л. Янжин гуай ер үзэгдэхээ байсан, бодвол өвчин хуучин нь ужгирч хэвтэрт орсон уу, эсвэл Манзуширийн хийд, Гавжийн шанд хавьд байсан өөрийнхөө садангийнх руу явсан уу ямар ч байсан сураггүй л болсон доо хөөрхий гэж хуучилсан юм.
Жич: Д. Бодоогийн ердөө хоёрхон фото үлдсэн байх бөгөөд тэр нь хүмүүстэй цуг авахуулсан малгайтай зураг юм. Тийм болохоор Д. Бодоогийн нүүр царай, биеийн төрхийг сайтар тодорхойлох боломжгүй аж.
Жич: Д. Бодоогийн ердөө хоёрхон фото үлдсэн байх бөгөөд тэр нь хүмүүстэй цуг авахуулсан малгайтай зураг юм. Тийм болохоор Д. Бодоогийн нүүр царай, биеийн төрхийг сайтар тодорхойлох боломжгүй аж.
Д. БОДОО БА ТҮҮХ СУДЛАЛ
1922-1989 он хүртэлх хугацаанд Д. Бодоогийн тухай үнэн үг хэлчих «зүрх зоригтой» хүн тун ховор байв. Энэ нь үзэл суртлын «чанд хязгаар хүрээг» зөрчсөн хэн боловч эсэргүү тэрс үзэлтэн болж янз янзаар хохирдог байсны уршиг юм. Гэвч 1921 оны Монголын хувьсгалын тухай ямар ч сэдвийг Д. Бодоогоос салангид өгүүлэх боломж байгаагүй юм. Тиймээс судлаачид Д. Бодоогийн үйл ажиллагааны зарим хэсгийг ч гэсэн цухас өгүүлэхээс өөр аргагүй байлаа. Тухайлбал, 1920-иод онд түүхч Магсар хурц «Монгол Улсын шинэ түүх» зохиолдоо Д. Бодоо 1921 оны зун Монголын байнгын Засгийн газар эмхлэн байгуулахад хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн хүн гэдгийг цохон тэмдэглээд тэрбээр тухайн үедээ Монголын төр засгийн бодлого боловсруулах, тулгамдсан зорилгыг онож шийдвэрлэхэд голлох үүрэгтэй байсныг үнэмшилтэй өгүүлсэн байдаг. Энэ нь Магсар хурц Бодоогийн Засгийн газрын гишүүн, Шүүх таслах яамны тэргүүн сайдын алба хашиж түүний шууд удирдлагад ажиллаж байсан учраас байдлыг сайн мэддэг байсантай холбоотой. 1930-аад оны эхээр МАХН-ын түүхийг дэлгэрэнгүй байдлаар боловсруулж бичих үүрэгтэй олон хүн оролцсон комиссын гишүүн, зохиолч С. Буяннэмэхийн бичсэн зүйлд Д. Бодоо бол МАХН-ыг анхлан байгуулагчдын нэг, төрийн зүтгэлтэн хэмээсэн санал тэмдэглэсэн байдаг. 1934 онд Х. Чойбалсан, Г. Дэмид, Д. Лосол нар хамтран бичсэн нэгэн зохиолдоо Д. Бодоогийн тухай олон зүйлийг дурсан тэмдэглэсний дотор 1920 оны намар тэрбээр Эрхүүгээс Монголд буцаж очоод барон Унгерний цэрэгт «элсэж» нэлээд хэдэн сар болохдоо цагаантны нэг чухал зорилго бол «Монголын хүчийг хэрэглэж ЗОУ ба Монгол Ардын намтай эсэргүүцэн байлдах» явдал байсныг ойлгож мэдсэнээ 1921 оны гуравдугаар сард Хиагтад очоод Д. Сүхбаатар нарт ярьж байлаа хэмээн дурдсан нь судлаачдын сонирхлыг ихээхэн татдаг. Гэвч тэрхүү зохиолд Бодоо бол нам, хувьсгалаас урван тэрслэгч гэдэг санал дүгнэлт гаргасан байна. 1960-1962 онд академич Д. Төмөр-Очирын удирдсан комиссын бэлтгэсэн «МАХН-ын түүх» бүтээлд Д. Бодоо, С. Данзан нарыг Монголын хувьсгалын удирдагчид байсан гэдгийг нэлээд тодорхой өгүүлж тэдний үйл ажиллагааг бодитойгоор үнэлсэн байлаа. Харамсалтай нь тэрхүү үнэлэлт дүгнэлт, нам, төрийн удирдах тушаалтан олон хүний таашаал үзэл баримталд нийцээгүйгээр үл барам Д. Төмөр-Очирыг буруутгахад ч нөлөөлсөн байж болзошгvй. Д. Бодоо бол сэтгүүлч хүн. Харбин хотноо хэвлэж байсан «Монголын сонин бичиг»-т «Болд-Илд» хэмээх нууц нэрээр бодрол, өгүүлэл, сурвалжлага, эргэцүүлэл цөөнгүйг нийтлүүлсэн байна хэмээн түүхч Г. Дэлэг 1960-аад оны дундуур нэг сэдэвт зохиолдоо анх удаа цохон тэмдэглэсэн байдаг. Энэ бол Монолын тогтмол хэвлэлийн түүхэнд төдийгүй Бодоогийн намтар судлалд цоо шинэ зүйл болсон юм. Д. Бодоогийн тухай нааштай үг хэлэх нь чанд «цээртэй» байсан тэр цагт ахмад сэтгүүлч, эрдэмтэн Г. Дэлэг ийнхүү зүрхэлсэн бөгөөд хэвлэлийн цензурыг гэтлэн давсан нь үнэхээр бахархалтай. 1954 оноос эхлэн 1985 он хүртэлх хугацаанд Монгол-Зөвлөлтийн эрдэмтдийн хамтран боловсруулсан ба манай түүхчдийн дангаараа бичсэн «БНМАУ-ын түүх» нэг боть, олон боть зохиолуудад болон 1963-1985 онд гурван удаа хэвлэсэн «МАХН-ын товч түүх», «Монгол-Зөвлөлтийн харилцааны түүх» зэрэг хэд хэдэн бүтээлд Д. Бодоог яг ижил өнгөөр буюу «эсэргүү этгээд» гэдэг сөрөг байр сууринаас тайлбарлаж байв. Ер нь 1989 оноос өмнө «эсэргүү» Д. Бодоогийн тухай судлах нь «цээртэй» байсан учраас жирийн иргэд, оюутан сурагчид түүний талаар наад захын мэдлэггүй байсан төдийгүй зарим түүхчид ч Д. Бодоо чухам хэзээ ямар хэргээр цаазлагдсаныг тойм төдий гадарладаг байлаа. Тиймээс ч 1974 онд Монгол-Зөвлөлтийн нэр хүндтэй арваад судлаач, түүхчдийн бэлтгэсэн «Монгол-Зөвлөлтийн харилцаа» баримт бичгийн эмхтгэлд Д. Бодоогийн тухай ямар ч үндэслэлгүй гүтгэлэг гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй дүгнэлт хийсэн байдаг. Тэнд өгүүлэхдээ Д. Бодоо 1921 оны хувьсгал ялсны дараа илт хувьсгалын эсэргүү бодлого баримталж Богд гэгээнийг тойрон бүлэглэсэн шашны харгис толгойлогчидтой нягт холбоотой байсан учир 1922 оны эхээр засаг төрийн бvх албан тушаалаасаа зайлуулагдаж МАХН-ын Төв Хорооны бүрэлдэхүүнээс хасагджээ. Бодоо хувьсгалаас урван тэрсэлж ардын засгийн эсрэг хуйвалдааныг өөгшүүлэн зохион байгуулагч болж япон болон Жан-Золинтэй холбоо тогтоожээ» гээд Д. Бодоо нарын 15 хүнийг 1922 оны есдүгээр сарын 10-нд, Д.Чагдаржавыг мөн оны аравдугаар сарын 10-нд цаазалжээ хэмээн бичжээ. Энэ бол Д.Бодоогийн тухай тун ч нимгэн мэдлэгтэй хүний ташаа, ойворгон дүгнэлт гэдэг нь тодорхой. Монголын түүх судлалд Д. Бодоог ийнхүү үнэлж байсны нөлөөгөөр түүнийг уран зохиол, тайз дэлгэцийн урлагт хэзээний бүтэлгvй, хорон санаатай, гуйвж дайвсан, Хvрээ Манзуширийн хийдийн хооронд давхисан асман лам байсан гэдэг хэвшмэл дүрээр харуулах болсон юм. Манай нам, төрийн удирдагчид, өндөр албан тушаалтнуудын олонхи нь зүүнтний их хийрхэл газар авсан 1929 оноос эхлэн бүхнийг мэдэгчийн дүр эсгэж эсэргүү хэмээн гүтгэлгийн хар дансанд бичүүлсэн бараг бүх хүнийг элдвээр гүтгэж үгийн муугаар зүхэж хараан «ясыг нь өндөлзүүлэх» болсон юм. Тухайлбал Ө. Бадрах МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга байхдаа бичсэн хоёр боть том зохиолдоо Д. Бодоо, С. Данзан, Ц. Дамбадорж, Н. Жадамба, Г. Гэлэгсэнгэ, Ц. Жамсран (Жамсранов) нарыг газар дор ортол нь муулж Д. Бодоо бол бүр 1920 онд МАХН хэмээх хувьсгалт нууц байгууллагын үеэс л эсэргүү байсан юм шиг ойлгоц төрүүлэхийг хичээсэн байдаг. Ер нь 1990 он хүртэлх хугацаанд нам, төр, засгийн удирдлагад байсан ихэс дээдсүүд бараг бүгдээрээ ёс мэт Д. Бодоо, С. Данзан, Ц. Дамбадорж, Н. Жадамба, П. Гэндэн нарыг өөрсдийн илтгэл, хэлсэн үг, бичсэн өгүүлэлдээ нэхэн шүүмжилдэг «зуршил»-тай байлаа. Харин Монголын төрийг арав гаруй жил тэргүүлсэн Ж. Самбуу тэдгээр «эсэргүү», «баруунтан», «зүүнтэн» нарын тухай чимээгүй өнгөрсөн байдаг нь тэр өвгөний хэн байсныг харуулж байх мэт. Ардчилал, шинэчлэл, ил тод байдал эргэлт буцалтгvй хэрэгжих болсны үрээр 1990 оны хавраас эхлэн Д. Бодоогийн тухай судалгаа нэлээд гүнзгийрч 1991 онд доктор Лха. Бат-Очир «Бодоо сайд» хэмээх бэсрэг зохиол бичсэн ба төвийн хэвлэлд хэд хэдэн өгүүлэл нийтлэгдэж тайз дэлгэцийн урлагт болон уран зохиолд Д. Бодоогийн тухай бодит үнэнийг өгүүлэх болсон юм. 1996 онд Дээд Шүүх Д. Бодоо агсны хэргийг цагаатгаснаар судлаачид төдийгүй зарим хүний эргэлзээ арилсан болов уу?! Тиймээс ч 2001 онд хэсэг зохиогчдын боловсруулсан «МАХН-ын түүхэн замнал», 2002 онд хэвлэлд бэлтгэсэн «Монгол Улсын түүх» таван ботийн төгсгөлийн боть болон бусад хvмvvсийн бvтээлд Д.Бодоогийн тухай зохих vнэлэлт дүгнэлтийг өгсөн байна. Мөн доктор Лха. Бат-Очир абугай Д. Бодоогийн бичгийн өвийг эрж цуглуулан ерэн гурван баримт бүхий «Догсомын Бодоо» (хэлсэн, бичсэн зүйлийн түүвэр) эмхтгэлийг 2001 онд хэвлүүлсэн нь төрийн зүтгэлтний том төлөөлөгч Д. Бодоогийн тухай сонирхдог хүмүүс төдийгүй хэн боловч уншиж судлууштай бүтээл болсон байна.
Жич: гадаадын эрдэмтэд 1923 оноос эхлэн Д. Бодоогийн тухай өөрсийн бүтээлдээ янз янзын өнгө аястай бичсээр байгааг энд эс өгүүлэв.
Жич: гадаадын эрдэмтэд 1923 оноос эхлэн Д. Бодоогийн тухай өөрсийн бүтээлдээ янз янзын өнгө аястай бичсээр байгааг энд эс өгүүлэв.
Д. БОДООГИЙН ДУРСГАЛЫГ МӨНХЖҮҮЛЖ БОЛОХ УУ?
Хэдийвээр хууль хяналтын эрх бүхий байгууллага Д. Бодоогийн хэргийг ултай шалгаж нягтлаад гурван удаа хуралдан хэлэлцээд түүний эсэргүү хэрэг гэгч ор үндэсгүй байжээ хэмээн цагаатгасан ба судлаачид түүнийг бодитойгоор үнэлж байгаа боловч Д. Бодоогоос одоо хүртэл цэрвэдэг, болгоомжилдог, өөрөөр хэлбэл Улсын Дээд шүүхийн шийдвэрт эргэлздэг байдал байх мэт. Ийн хэлэхийн учир гэвэл нэгдүгээр, Монголын төрд зүтгэж явсан түшээ нарын гавьяа дурсгалыг нэхэн сэргээх талаар төр засаг, нам, эвсэл холбоод, пүүс, компани, хувь хүмүүс ихээхэн анхаарч олон хүний ойг тэмдэглэж хурал зохион байгуулж байгаа боловч Д. Бодоогийн тухай «хар цагаан» дуугарахгүй байна. Хоёрдугаарт, 1991 оноос хойш нэлээд олон сургууль, хэд хэдэн хотын гудамж талбайг гаьяат зүтгэл бүхий түшээдийн нэрэмжит болгох, хөшөө барих тухай Монгол Улсын Засгийн газрын шийдвэр гарсан боловч Д. Бодоогийн нэр устай холбогдох ямар ч зүйл одоо болтол алга. 1990 оноос хойш Монголын Ерөнхий сайдын алба хашсан долоон хүний үед л лав Д. Бодоогийн гавьяа зүтгэлийг мөнхжүүлсэнгүй. Бодоход тэдгээр долоон Ерөнхий сайдын нүсэр их ажил нь Бодоогийн тухай санах завдал өгөөгүй болов уу. Харин одоогийн Ерөнхий сайд лавтай нэгийг бодож төлөвлөж байдаг буй за. Жич: Монгол Улсын Төрийн ордонд бүх Ерөнхий сайдын хөрөг байдаг гэж сонссон. Энэ нь сайшаалтай боловч түүнийг үзэх харах хүн харьцангуй цөөхөн шүү дээ. Гуравдугаарт, Д. Бодоогийн ах дүү, төрөл садангийн хүн гэж одоо ер байхгүй бололтой. Энэ нь Д. Бодоог цаазлуулснаас хойш түүний ойр төрлийнхөн айж эмээх болсонтой л шууд холбоотой байх. Түүнээс биш тэрбээр хол ойрын төрөл хамаатантай байсан нь лавтай. Өнөөгийн байдлаас ажихад гавьяат хүмүүсийн үр сад төрөл садангийнхан нь хэр зэрэг сүүхээ, санаачилга, бэл бэнчинтэй байгаагаас шалтгаалж тухайн хүнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх явдал нэлээд түлхүү байна. Үүнийг хэн ч буруутгах буюу урвуугаар ухах хэрэггүй. Харин ч сайшаах нь зөв билээ. Ялангуяа төрийн сан хөмрөг нимгэн байгаа энэхэн зуурын тохиолдолд түүхт хүмүүсийн ой, дурсгалыг үр сад, пүүс компаниудын тэтгэлэг дэмжлэгээр тэмдэлэхийг засаг төр дэмжин хөхүүлүүштэй.
Д. БОДООГ ЯАГААД ЕГҮҮТГЭСЭН БЭ?
Д. Бодоог улс төрийн эсэргүү гэмт хэрэгтэн хэмээн хилс гүжир хэрэгт түлхэж цааш харуулсан гол шалтгаан гэж заавал байх ёстой. Гэтэл энэ талаар судлаачид санал бодлоо төдийлөн илэрхийлэхгүй байна. Иймээс би энэ тухайд өөрийн байр сууриа хуваалцах гэж хичээлээ. Нэхэн эргэцүүлэхэд, тэрбээр 1921 оны дөрөвдүгээр сарын 16-наас 1922 оны нэгдүгээр сарын долоон хүртэл найман сар, хорь хоногийн хугацаанд Монгол Ардын түр ба байнгын засгийн газрыг тэргүүлэхдээ улс орноо харийн түрэмгийллээс бүрмөсөн чөлөөлж, төрийн тусгаар тогтнолоо дэлхий дахинаа хүлээн зөвшөөрүүлж Орос, Хятад, АНУ-тай найрсаг эрх тэгш харилцаатай байхыг тэргүүлэх зорилт болгож түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд нэлээд бодитой ажил сэдэж зохих үр дүнд хүрч байсан билээ. Тухайлбал, Дундад иргэн улс шинэ Монгол Улсын тусгаар тогтнолыг огтхон ч хүлээн зөвшөөрөөгүйгээр үл барам цэрэглэн халдаж болзошгүй байсныг Монголын удирдагчид ухааран ойлгож ЗОУ-ын цэргийг Монголд түр байрлуулах шаардлагатай хэмээн үзэж байв. Иймээс ч Д. Бодоо Ерөнхий сайдын хувьд ЗОУ-ын зохих байгууллага, эрх мэдэлтэнд албан ёсоор хандаж уул ажлыг хэрэгжүүлсэн юм. Үүнээс гадна Монголтой хаяа нийлсэн Орос улс бол Монголын мөнхийн хөрш гэдгийг тэрбээр мэдэхийн илүүгээр мэдэж ойлгож байсан боловч дэлхий дахинтай, ялангуяа том гүрнүүдээс Монгол Улс цэрвэж хөндийрөн зожигрох нь эцсийн эцэст ганц улсаас бүх үйлээрээ хараат дагуул орон болж хувирна хэмээн төсөөлж байсан байж тун магадгүй юм. Ийн хэлэхийн учир гэвэл ЗОУ Монголын Засгийн газрыг хүлээн зөвшөөрсөн боловч тусгаар тогтнолынх нь тухай асуудалд хоёрдмол байр суурьтай байж Дундад иргэн улстай эвсэн зохицох хандлагатай байсан төдийгүй өөрийн мэргэжилтэн, сургагч нараа Монголын цэрэг армид олноор нь ирүүлж Намын Төв Хороо, Засгийн газарт «хэмжээгүй эрхтэй» зөвлөхөө байнга суулгаж төрийн нүд чих болсон Бүх цэргийн зөвлөлийн даргаар Оросын харьяат иргэнийг томилон ажиллуулж байлаа. Энэ бүхэн нь ЗОУ-ын зүгээс Монголын бүх эрх мэдлийг өөртөө авснаас ялгаагүй байлаа. Ялангуяа Коминтерний суурин төлөөлөгч, ЗОУ-аас Монголд суугаа бүрэн эрхт төлөөлөгчийн газрууд Монголын төр засаг, түүний удирдагчдын үйл ажилагааг чанд хянаж Монголын гадаад харилцааны асуудлыг онцгойлон хянаж төвдөө байнга мэдээлж байв. Тухайлбал, 1921 оны есдүгээр сарын 15-нд Коминтернээс Монголын тухай гаргасан мэдээлэлд: «Сүүлийн үед Хаалганд суугаа Америкийн консул Нийслэл Хүрээнд ирж Хувьсгалт Монгол Хятад улс хоёрын хооронд зуучлах үүргийг өөртөө, өөрөөр хэлбэл Америк улсад авахыг хичээн үнэн худал элдэв юм ярьжээ» хэмээн онцлон тэмдэглэсэн байх боловч чухам тэрхүү консул Самуэл Сокобин Д. Бодоотой уулзсан эсэх талаар тодорхой зүйл өгүүлээгүй байв. Энэ бол Д. Бодоо, С. Сокобинтай уулзсан эсэхийг тэр үед Нийслэл Хүрээнд байсан Коминтерн ба ЗОУ-ын зохих албаны хүмүүс тодорхой мэдэж амжаагүйн нотолгоо юм. Иймээс ч Сорокин 1922 оны наймдугаар сарын 5-нд Д. Бодоог анх эхлэн байцаахдаа Америкийн консултай юун тухай ярилцсан бэ? гэж асуухад тэрбээр «Би Америкийн консул лугаа ер учирсангүй» гэж хариулсан байх. Д. Бодоо тэрхүү консултай маш нууц байдалд уулзсан учраас оросууд түүнийг огт мэдээгүй гэж итгэж байсан учраас ч Сорокинд тэгж эрсхэн хариулсан бололтой. Гэтэл С.Сокобин 1921 оны наймдугаар сарын 18-нд Нийслэл Хүрээнд ирж сар шахам хугацаанд Монголын байдалтай танилцах явцдаа Богд хаантан, Засгийн газрын бараг бүх гишүүдтэй уулзсанаас гадна Д. Бодоотой хэд хэд уулзаж ярилцсан байна. Тэр үед Д. Бодоо Монголын шинэ засгийн газрын хамгийн чухал зорилт бол гадаад орнуудаар хүлээн зөвшөөрүүлэх явдал мөн. АНУ өөрийн консулаа Нийслэл Хүрээнд ирүүлж хоёр талын худалдааг хүхиүлэн дэмжинэ гэдэгт итгэж байгаагаа тэрхүү консулд мэдэгдсэн байна. Үүнийг нотлохуйц хэд хэдэн сурвалжийг доктор Ц. Батбаяр төсөрхөн АНУ-ын үндэсний түүхийн архиваас олж авчирсан байна. Тэдгээрийн нэг нь 1921 оны намар Богд хаантнаас АНУ-д хандаж Монгол ДИУ (Дундад иргэн улс) хоёр «эв найрамдлын» дотор учраа ололцоход туслан зуучлахыг хүссэн захидал байна. Монгол ДИУ-ын хооронд зуучлах үүргийг Америкийн консул өөртөө авахаар санаархаж байсан хэмээн 1921 оны есдүгээр сарын 15-нд КИ (Коминтерн)-ээс гаргасан мэдээлэлд дурдсан нь Богд хаантны энэхүү захидлын агуулгаас үүдэлтэй ажээ. Мөн 1921 оны есдүгээр сарын 12-нд Д. Бодоогоос АНУ-ын Гадаад хэргийн яамны сайдад хандаж Монгол Улсад элчин суулгаж найрсаг харилцаа тогтоохыг хүссэн албан захидал мөн дээрх архивт хадгалагдаж байдаг ажээ. Энэхүү захидал тухайн үедээ «Уриа» сонинд нийтлэгдсэн нь түүнийг нууцлах шаардлагагүй гэж Монголын удирдагчид үзсэнийх байх. Харин уул захидлыг С. Сокобиноор дамжуулан хүргүүлсэн нь мэдээж. Уул захидлыг бичихээс хоёр хоногийн өмнө Д. Бодоо ЗОУ-д хандаж Монгол Дундад иргэн улс хоёрын хооронд зуучилж өгөхийг хүссэн байлаа. Тиймээс энэ талаар АНУ-д хандаагүй бололтой. Харин Богд хаантан Монгол, Хятадын харилцааг хэвийн болгоход туслахыг АНУ-аас хүссэн нь түүний өөрийнх нь шийдэл байсан байж магадгүй юм. Жибзундамба хаантан, Ерөнхий сайд Д. Бодоо нарын захидал хэдийвээр зохих газраа хүрсэн боловч тодорхой хариу ирүүлээгүй нь тодорхой шалтгаантай биз ээ. Ийнхүү Монголын эзэн хаан, Засгийн газрын тэргүүн нар АНУ-д найрсгаар хандсан явдалд ЗОУ ихээхэн дургүйцэж байсан нь лавтай. Өөрөөр хэлбэл Монгол Улс дэлхийд нөлөөтэй хүчирхэг том гүрэнтэй ойртож дотносвол ЗОУ Монголд ямар ч нөлөөгүй болох нь мэдээж байсныг Оросын эрх баригчид сайтар ойлгож байлаа. Тиймээс ч Д. Бодоог Ерөнхий сайдын тушаалаас өөрчилж улс төрөөс бүрмөсөн зайлуулах шаардлагатай болсон биз ээ. Мөн үүнээс гадна Д. Бодоо Монголын төр засгийн тогтолцоог шинээр төлөвшүүлэхдээ «Англи улсыг өмнөх толь болгож болно» хэмээн тууштай итгэж байв. Энэ нь хэмжээт эрхт хаант улсын төрийн хэлбэрийг хэсэг хугацаанд хэрэглэх нь зохистой гэсэн санаа байлаа. Харин «их, бага улаан үзэлт» (коммунист дэглэм З.Л) төр Монголд «огт тохирохгүй» гэж тууштай итгэдэг, түүнийгээ сурталчилдаг байсан явдал Д. Бодоог хэлмэгдүүлэх бас нэг шалтгаан болсон нь мэдээж. Д. Бодоо бага залуугаасаа гадаадын нэлээд хүнтэй танилцаж нөхөрлөдөг байсан бололтой. Тухайлбал хар ламын шавь Посаломов гэгчийн гэрээр яах гэж очсон тухай Сорокин байцаахад Д. Бодоо хариулахдаа, би түүнээс «дууны эгшиг тэмдэг» (ноот, эсвэл пянз) авахаар очсон, мөн Кондуковыг таньдаг учир бас тэднийд дахин очсон гэжээ. Бас Д. Бодоогийн гэрт байдаг нэгэн оросыг «тагнуулын хүн биш биз?» хэмээн байцаахад «тэр надаар ном заалгаж байсан миний шавь» хэмээн хариулсан бөгөөд энэ тухай Сорокин ер дахин лавлаагүй байна. Мөн тэрбээр нэг удаа орос Пудов, хятад хэлмэрч нэг лам, өөрийн гэргий нарын хамт машинаар гэртээ хүргүүлснийг болон Богд хаантны жолооч Бадамын машиныг гуйж хэрэглэсэн зэргийг Сорокин асууж магадлахад Д. Бодоогийн хариулснаас үзвэл эдгээр нь ямар ч сэжиг таавар төрүүлэх зүйл байгаагүй ажээ. Харин Д. Чагдаржав өөртэй нь хэд хэдэн удаа муудалцаж байсан гол шалтгааныг Д. Бодоо нэлээд тодорхой өчиж мэдүүлсэн байна. Тухайлбал Д. Бодоог оросууд ба Э. Д. Ринчинотой их дотно, тэдний үгийг дагаж явдаг, биднийг хайхардаггүй хэмээн Д. Чагдаржав нэг удаа уурлаж «өөрийгөө буудахаар завдахад» Х. Чойбалсан, Д. Бодоо хоёр бууг нь булаан авч түүнийг тайтгаруулсан байна. Мөн Д. Чагдаржавыг Богдын шадар сайдаар томилсны улмаас «Ринчинотой бага сага муудаж хэрэлдэн тэмцэлдсэн» хэмээн Д. Бодоо мэдүүлсэн байна. Түүний мэдүүлэг доторхи нэлээд анхаарууштай нэг мэдээ бол Богд хаантан Д. Бодоод хэлэхдээ «Засаг мэдлээ Оросын гарт оруулалгүйгээр монголчууд өөрөө эрхээ барьж байхыг бодно уу» гэж анхааруулж байсан ажээ. Эзэн хааныхаа сануулан зөвлөснийг Д. Бодоо сонсоод өнгөрөөгүй нь мэдээж. Өөрөөр хэлбэл оросуудын дур зоргоороо аашлахыг бага боловч сааруулах үүднээс АНУ-тай ойр дотно харилцаа тогтоох арга зам илэрхийлэхэд хүргэсэн байх. Тодруулж хэлбэл ЗОУ-тай хөрш зэргэлдээ улсын хувиар эрх тэгш харилцахыг гол болгож дотоод хэрэгтээ хутгалдан оролцохыг нь зогсоох гэсэн байр суурьтай болсон явдал Д. Бодоог «золигт гаргах» бас нэг шалтгаан болсон бололтой. Жич: Д. Бодоо, С. Данзан хоёрын үзэл бодлын зөрөлдөөн хурцадсаар эцэст нь Бодоо хэлмэгдсэн гэдэг санааг зарим судлаачид дэвшүүлдэг бөгөөд үүнд үнэний хувь байгааг би огт үгүйсгэхгүй. Гэвч Д. Бодоог егүүтгэхэд хүргэсэн гол шалтгаан нь Монголын бүх хэрэг явдалд ЗОУ хэтэрхий оролцож аливаа асуудлыг өөрийнхөө эрх ашигт захируулан шийдвэрлүүлэхээр санаархах болсныг тэрбээр эрс эсэргүүцэж байсан ядал юм. Ер нь Д. Бодоо Монгол Улс ЗОУ-аас шууд хараат «тоглоомын улс» болчихоос ихэд болгоомжилж төрийнхөө гадаад харилцаа, гадаад түншлэлийг аль болохоор өргөтгөх, ялангуяа АНУ-тай түншлэх хэмээсэн байр суурь байсан мэт хэмээн эргэцүүлж байгаагаа тэмдэглээд эрдэмтэн судлаач, түүх, улс төр сонирхогч эрхэм абугай нарын мэргэн санаа бодлыг сонсохыг хүсч байгаагаа ялдамд илэрхийлье.
ТӨГСГӨЛ буюy Бодлын шигтгээ
Улс Монголынxоо төрийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө чин санаагаар зүтгэж зорьсон их хэргийнхээ эхний үр шимийг үзсэн боловч цөвүүн цагийн шуурганд өртөж амиа алдсан Д. Бодоо хэмээх их хүмүүний тухай бид дэндүү бага мэддэг төдийгvй залуу хойч үе маань түүнийг ор тас мартахад хүрч буй нь дэндүү харамсмаар. Ер нь бид үе үеийн түүхэн зүтгэлтэн, түүхт хүмүүс, алдар суутнуудаа тун ч бага мэдэж байна. Үүнд хэнийг буруутгах вэ хэмээн эрэл хайгуул хийхийн оронд цаашид бид юу хийх вэ? Төр засгийн бодлого үйл ажиллагаанд тус дэм болох ёстой өргөн түмэн, судалгаа шинжилгээний хүрээлэн, төв, их, дээд сургууль, музей, урлагийн газрууд, түүхч, улс төрчид, нам, эвсэл холбоо, хөдөлгөөн, хэвлэл мэдээллийн байгууллага, албад өнгөрсөн түүхээ хамгийн ойлгомжтой дөт аргаар сурталчлан ойлгуулахад нэн чухал үүрэг хүлээх учиртай.
No comments:
Post a Comment