Sunday, February 15, 2009

Жамуха Чиносын хөвүүдийг далан тогоонд чанаж буцалгасан уу?

ШУТИС-ийн Түүх-Антропологийн багш Алдар овогт Юндэнбатын Болдбаатар

МНТ-ны 129-р зүйлд тайлбар нэмэрлэх нь:

Чингис Жамуха нарын хоорондох анхны тулааныг түүхчид бүтээлдээ Арван гурван хүрээний, бас Далан Балжудын байлдаан хэмээх болсон нь МНТ-нд:
“Дэгү Тайчирыг алагдав хэмээн Жамуха тэрэгүтэн Жадаран арван гурван харин нөхүцэж гурван түмэт болж Алагугууд, Турхагудаар даважу Чингис хаган-дор морилжу айсуй хэмээн Ихирэсээс Мүдхэ Тутаг, Боролдой хоёр Чингис хаганыг Хүрэлхү-дэ бүхүй-дор хэлэн хүргэн ирэжүхүй. Энэ хэлэн мэдээд Чингис хаган арван гурван хүрэгэд бөлөгэй. Гурван хү түмэт болжу Жамуха-йин эсэргү ину морилжу Далан Балжууд да байлдужу Чингис хаган Жамуха-да тэндэ хөтөлгэгдэжү Онон-у Жэрэнэ хавчугай-а хурба. Жамуха өгүлэрүн Онон-у Жэрэнэ-дэ хургаба бидэ хэмэжү харирун чинос-ун хөбэгүд-ийг далан тогога-ду буцалгажу Нэгүдэй Цагаган Уга-йин тэригүү инү огтолжу морин-у сэгүл-дүр чирчү одчухуй”/15;222-225/
гэж өгүүлснээс үүдсэн бөлгөө. МНТ-ны дээрх 129-р зүйлийн төгсгөл дэх судлаачдын анхаарлыг гойд татдаг "Чинос-ун хөбэгүд-ийг далан тогога-ду буцалгажу” гэсэн мэдээг бид энд бас онцлон авч, нягтлан шинжихийг зорьж буй болно.

Эл хачирхалтай сонин хэрэг явдлыг эрдэмтэд тайлбарлахдаа дараах гурван саналд хуваагджээ. Үүнд:
Нэгдүгээрт: Судлаачдын олонхи МНТ-ны галигийн эл хэсгийн хажуугийн хятад орчуулгыг баримтлан Далан тогоонд чанаж буцалгасан хэмээн ойлгож, орчин цагийн олон хэлнээ хөрвүүлсэн байна.
Хоёдугаарт: Өвөр Монголын түүхч Хөх Өндөр “Талан /дээрэмдэж/ тууж буцаасан” гэж үзсэн. /22.104-108/
Гуравдугаарт: Далан тогоонд /тогоо гэж хэлж болохоор олон тооны хонхор бүхүй газар/ буцалгасан /чанаж буцалгасан бус тарчлаан зовоосон утгаар/ гэсэн саналыг Ж.Төмөрцэрэн /18;99-104/ гарган академич Ш. Нацагдорж /10;51/, Д.Цэрэнсодном /16;258-259/ судлаач Б.Батсүрэн /3;159/ нар дэмжжээ.

Мөн перс, нанхиад хэлээрх монголын түүхийн зарим сурвалжид энэ тухай хэрхэн өгүүлснийг толилуулвал: - Монгол хэлнээ профессор Ц. Сүрэнхорлоогийн хөрвүүлсэн Рашид-ад-дины Судрын чуулганд:
“Тайчууд цэрэг дайлаар мордоод, Алаут тараутын гүвээг даван Далан балжунд ирээд, Чингисийн эсрэг тулж зогслоо. Хоёр тал тулалдаанд орлоо. Бүхний дээд үнэн Чингэс хаанд авралаа хайрласан учир тэрбээр энэ арван гурван хүрээгээрээ дайсны гучин мянган морин цэргийг хядан ялав. Чингис хааны хийморийн нарын сацарсан туяанд дайсны цэрэг огторгуйд хийссэн тоос адил замхран үгүй болов. Удут Бүрдүт нарын тэргүүлсэн удуг бурдут аймгийнхан тэдэнд дагаар орлоо. Тэр нутгийн голын захаар ихээхэн ой модтой ажгуу. Тэнд Чингис хаан буудаллаад гал түлж, далан тогоо тавь гэж зарлиг буулгав. Баривчилсан самуун дэгдээгч дайснуудыг амьдаар нь хийж чанасан байна.”/2;239/

- Нанхиад хэлнээс Асралт, Хөх Өндөр нарын хөрвүүлсэн Богдбаатар биеэр дайлсан тэмдэглэлд: “Далан хоёр тогоонд чонын бэлтрэг чанаж идсэн” /18;99-104/ гэсэн бол Б.Баганы орчуулгат: “Далан хоёр зуух галлаж чоно чанаж идэв” /14;211/ гэжээ. Эдгээр мэдээнээс үзвэл далан тогоонд буцалгасан эзэн, буцалгагдсан зүйл зөрөөтэй байна. Энэ нь тухайн түүхэн хэрэг явдлыг анхлан тэмдэглэсэн худам монгол бичгээрх НТ-ны жинхэнэ эх дэх мэдээг хожим /өгүүлж буй сурвалжууд XIY зуунд холбогдоно/ харь хэлнээ ташаарч ойлгон, хөрвүүлсэнтэй холбоотой хэмээн үзэж болох бөгөөд үүнд эдүгээ бидэнд эргэлзээ төрүүлж буй Нууц товчооны хятад орчуулга ч холбогдоно.

МНТ-нд "Чинос-ун хөбэгүд-ийг далан тогога-ду буцалгажу” гэдгийн Чинос-ун гэсэн овгийн нэрийг нанхиад хэлнээ газрын нэр хэмээн хөрвүүлжээ. Үүнийг академич Д.Цэрэнсодном гуай Монголын нууц товчооны орчуулга тайлбартаа:
“… чухам бодьтой явдал гэж үзэхэд баахан эргэлзээтэй санагдаж байгаа юм. Бидний санавал энэ нь НТ-нд хэдэнтээ гардаг “Далан Балжиуд, Далан Нэмүргэс” гэдэг шиг Далан тогоод” юм уу “Далан тохой” гэсэн газрын нэрийг ямар нэгэн шалтгаанаар сүүлд гуйвуулсан байж магадгүй юм гэж үзээд миний бие эдүгээ НТ-ны газар орны нэрийг сонирхон судлаж байгаа өвгөн эрдэмтэн Хуацай Дугаржав гуайгаас эл учрыг асуусанд тэрээр 1988 оны 11-р сарын 14-нд надад бичсэн захидалдаа: “Таны хэлж байсан “Нууц товчооны” 129-р зүйлд байдаг "Чиносын хөвүүдийг далан тогоонд буцалгаж” гэх үгийн тухай би угийн монгол үгийг хятад үсгээр галигчилж бичсэн дэвтрийг үзлээ. Гэхэд үүнээс өөрөөр хэлсэн зүйл үзэгдэх үгүй. Гагцхүү уг дэвтрийн “чиносын” гэх нэрийн хажуугийн хятад орчуулга нь гэсэн байгаа гэхэд энэ “чинос” гэдэг бол газрын нэр биш, овгийн нэр болох нь тодорхой. Иймээс энэ нь ташаа болно. Харин “Далан тогоод” гэхийн хажууд “газрын нэр” гэж бичих гээд байрыг нь буруу бичсэн байж магад гэхэд тус өгүүлбэр нь бүтэц муутай болох юм шиг. Одоо бидэнд олдож байгаа гол болох уг дэвтрээс монголчлон буулгахад өөрөөр хэлэхийн арга үгүй. Таны дурдсан шигээр “далан тогоод” гэгч нь олон хонхор газар байсан магадгүй гэдгийг үнэхээр судалж болох байна. Гэвч миний бие энэ талаар дурдах юм алга байгаа нь үнэхээр харамсалтай байна” гэж тэмдэглэсэн билээ. НТ-нд өгүүлж буй энэ хачирхалтай хэллэгийн зөв, бурууг нотлох, үгүйсгэх аль алиных нь ноттой баримт бидэнд одоогоор олдоогүй учир хх. орчуулга хийгээд олон судлагчдын саналыг даган “Далан тогоод буцалгаж” гэж орчин цагийн монгол хэлээр хөрвүүлэхдээ “буцалгаж” гэх нь “буцаалгаж” гэсэн үгийн гуйвуулсан хэлбэр биш байгаа гэсэн асуулт тавив”/20;258/ гэжээ.

Цэ академичийн эл эргэцүүлэл нь өгүүлж буй хэрэг явдлын учрыг тайлах утасны нэгэн чухал үзүүрийг бидэнд атгуулав. Саналаа доор өгүүлэх болно. Үүний зэрэгцээ Лувсанданзаны Алтан товчийг анхааран нягтлаваас дараахь зүйл ажиглагдав. Алтан товчид: “Далан тоган-дур буцлажу. Нэгүдэй цаган Хоо а-йин тэрэгүн-и ину огтолжу, морин-у сэгүл-дор чирчү одбай” гэж Нууц товчооны адил өгүүлжээ. /1;35/

Гэхдээ эл хэсэгт гэж бичсэн нь сонирхолтой хийгээд энэ нь уг зохиолын 146-р талын
“Сартагул отог-ийн Хүчүг нэрэтү хүмүн арга бэр мөнгөн тогога-йиг огтолжу орхибэ. Тогоог гээснийг хаан мэдээд илгээх итгэлт хүмүн хэн болов гэжү зарлиг болба. Тэндээс Хүчүг эчэсү гэж хаанд мэдүүлэв”,

мөн 150-р талын
“Өхин болхула үсүн инү самла, нугун болхула гоол ину самла гэжү элчи илэгэбэй. Элчи-йи үзэгэд Солонход-ун Санхулдари-йин эм Харагчин Тайбучин Болунай-йи буу хөдэл гэжү тогога-бэр хөмөричү дэгэрэ инү аргал читхубай”
гэсэн хэсгүүд дэх жинхэнэ хоол цай чанаж буцалгадаг тогооноос өөр дүрсээр тэмдэглэгдсэн ажгуу. Ийнхүү гэж дүрс ялган бичсэн явдал нь нэг талаар энэ үгсийн утга ижил бусыг, нөгөөтэйгүүр НТ-ны хятад орчуулга ташаа болохыг нотлож байна. Энэ нь өгүүлж буй хачирхалтай хэрэг явдлыг өөрөөр тайлбарлах бололцоог басхүү бидэнд олгож байна.

Тайлбарлах нь:
Чинос-ун хөбэгүд - энэ бол газрын нэр бус овгийн нэр болох нь эргэлзээгүй. Энэ овгийн тухай Рашид ад дин
“Чирхай Лингумын хоёр хөвүүдээс сурвалжлан гарчээ. … Тэр ахынхаа авгайг гэргий болгож аваад түүнээс нь хоёр хөвүүн гарсны нэгийг нь Гэндү чоно /азарган/, нөгөөг нь Өлөгчин чоно гэсэн … Үүнээс гадна энэ аймгийн зарим хэсгийг Нохос /нүкүз/ гэж нэрлэжээ”/2;141/ гэсэн бол МНТ-д Хайдугийн дунд хүү Чирахай Линхугийн хөвүүн Сэнгүм билгэ. Амгайтан тайчууд овогтон болов гэжээ. /8;176/ Юу боловч тайчууд чинос овог нь Чирхай Линхугаас салбарлажээ. /20;136/ Мөн МНТ-ны 207-р зүйлд чинос гэхийг овгийн нэр хэмээн нанхиад хэлнээ хөрвүүлсэн нь 129-р зүйлд газрын нэр гэж эндүүрсэн болохыг гэрчилж байна. Ташрамд: МНТ-ны 218-р зүйлд Чингис хаан Нэгүдэй Цагаан гуагийн хөвүүн Нарин Тоорилд “… эцгийнхээ тусад өнчдийн авлага автугай хэмээхэд Тоорил өгүүлрүүн: Соёрхвоос Нэгүс ах дүү минь харь тутамд бутран тарсан буй. Нэгүс ах дүү юүгээ цуглуулсугай. Хэмээвээс Чингис хаан зарлиг болруун: Тийм бөгөөс Нэгүс ах дүүгээ цуглуулж чи ургийн ураг хүртэл мэдэж . . .”
хэмээн өгүүлжээ. Энд Нэгүд, Нэгүс гэж байгаа нь дээр өгүүлсэн Чинос аймгийн зарим хэсгийг нохос, /нүкүс/1 гэж нэрлэдэг /2;141/ гэсэнтэй холбоотой болох нь харагдаж байгаагын зэрэгцээ Хори түмэдийн ноён Хорилардай мэргэн, Баргужин төхмийн эзэн Баргудай мэргэн, басхүү Боржигдой мэргэн гэдгийн адил Чинос, нэгүс овгийн тэргүүн нь Нэгүдэй Цагаан гуа болохыг гэрчилж байна.

Далан Балжуд, Далан нэмүргэс, далан тогоо гэдгийн даланг үгийн хувьд судлаачид далан нөхөөс, далан үг дэлгэх гэдгийн адил олон тооны утгаар ойлгож иржээ. Энэ үгийн тооны бус утгыг Я. Цэвэлийн толиос үзвэл:

ДАЛАН I.
1. ус намгийг хааж шороо чулуугаар хийсэн бооц; шороон далан;
2. усыг хаасан арал; далан арал;
3. усыг хаасан нарийн зурвас газар бооц далан;
4. тариалан тарьсан газрын хоорондын зай буюу журам газар; шаа далан;
5. урт гөвгөр нуруу буюу аараг хуруу ихтэй хуудсарсан газар; далан нуруу;
6. юмны бүлхийн унжсан газар, хаваас суларснаас буюу өнгө дотрын аль нэг нь агшиж нэг нь сунаж унжсан газар; дээлийн далан.
ДАЛАН II
барилгын дээврийн хөмрөн тавьсан ваар; дээврийн далан ваар.
ДАЛАН III
1. адуу луус зэрэг амьтны дэл ургасан газар;
2. адууны дэл бүхий газрын дагуугийн зурвас цулцан; адууны далан; Даага далантай, бяруу булчинтай;
3. зарим газар харвинг далан гэх нь бий; харвин далан хорш..
ДАЛАН IY
модны ур. /19;183/ гэсэн тайлбарууд байна.
Эдгээр далан хэмээн нэрлэгдэж буй зүйлс хэлбэр төрхийн хувьд үргэлжилсэн урт гөвгөр бүхий нийтлэг хэв шинжтэй ажээ.

Адууны далан гэдэг нь дал, сэрвээний хэсгээс эхлэн толгой хүртэлх хүзүүний дээд цулцан хэсэг агаад харин түүний дээд хэсэгт дэл байдаг. Эндээс дал, далан, дэл гэсэн үгс нь үндэс бүтээврийнхээ хувьд нэгэн гарвалтай нь ажиглагдана.
Монголын газар усны нэрсийн дотор Дэл уул, Дааган дэл гэх нэр нэн элбэг. Эдгээр нь адууны дэл мэт урт үргэлжилсэн сэрэвгэр хад бүхүй бэсрэг уулс байдгаас ганц жишээ татвал Дундговь аймгийн Өлзийт сумын Тагт багийн нутаг дахь нүүдэлчдийн эртний түүх соёлын дурсгалын цогцолбор, тодруулвал хадны зургийн гайхамшигт галирей хэмээн хэлж болхуйц хуудсархаг занарын чулуулгаас бүтсэн олон эгнээ Дэл уулсыг хэлж болно. Харин Далан нэртэй уулсыг ажиглавал хэдийгээр хэв шинжээрээ Дэл уулстай төстэй боловч хэмжээний хувьд олон арван км үргэлжилсэн томоохон уул, нуруу байна.
Үүний жишээ нь Далан Хар уул /Өвөр Монголын Улаан цав/, Далангийн нуруу2/Баянхонгор аймгийн Баянбулаг сумын нутаг дахь энэ уулыг өтгөс буурлууд бас Урт шар далан хайрхан гэх нь буй/ зэрэг болно. Харин Далан түрүү, Далан задгад гэсэн газрын нэрс нь жинхэнэ тооны утгаар байгаагийн зэрэгцээ монголчуудын усыг эрхэмлэн Баян Бүрд, Баянбулаг, Цээл, Дэлгэр гэхчилэн үргэлжид ундарга нь арвин, урсгал нь тунгалаг байхын бэлэгдэлийн утгыг бас агуулж байгаа болно. Энэ бүхнээс Далан Балжуд гэдгийн Далан гэдэг нь Балж голын хойд биеийг даган үргэлжлэх урт уул нуруу, Балжуд нь Балж гол, хийгээд дээрх урт үргэлжилсэн нурууны олон амаас урсан нийлэх жижиг голуудыг хэлжээ хэмээн үзэж болно. Учир нь монголчуудын газар усны нэрэнд уул, усны нэрийг хоршуулсан нь Хар зүрхний Хөх нуур, Дарьганга, Хөгнө Тарна гэх зэргээр өдий төдий жишээ дурдаж болох хийгээд энэ нь эдүгээ ч уламжлагдсаар ажгуу. Далан хэмээн нэрлэгдэх уул нь олон арван км үргэлжилсэн томоохон нуруу учир олон ам, сархиаг үүсгэдэг. Хэрвээ хангай хөвчийн уул байваас түүний ам бүрээс гол, ус урсаж гарах нь эргэлзээгүй бөгөөд тэдгээр нь Далан нурууны хормойд нийлж, уул нурууны дагуух хөндийгөөр голдирол үүсгэн урсах боломжтой. Далан Балжуд, Далан Нөмөргөс /Далан уул, Нөмөргийн гол/ гэсэн газар орон нь тогтоцийн хувьд дээрх шинжтэй ижил төстэй мэт.

Ийнхүү бид Далан Балжудыг уул, усны нэрнээс хоршиж үүссэн хэмээн үзэв. Харин Далан тогоог хоол, цай чанаж, буцалгадаг тогоо бус Далан Балжудын дэвсгэрт багтсан басхүү газрын нэр хэмээн үзэж байна. Энд Далан Балжуд, Далан тогоод гэдгийн Далан гэдэг нь нэг нэр бөгөөд энэ нь эдүгээх Орос Монголын хилийн дагууд баруунаас зүүнш 90-ээд км урт үргэлжилсэн Онон Балжын нурууг хэлж байна. Нурууны өврөөс олон гол Балж голд нийлэх хийгээд Далан Балжуд гэхийн учир энэ болно. Арван гурван хүрээний гэх энэ байлдаан голлон дээрх нурууны Балжийн хэсэгт болж, улмаар чиглэлийн хувьд баруунаас зүүнш Ононгийн хэсэгт шилжсэн нь Ононы Жэрэнэ хавцгайд хурснаас илэрхий.

Далан Балжуудын тулаанд Тэмүжиний удирдсан арван гурван хүрээний цэрэг Жамухын талд ихэд дарагдан ухарч, улмаар байрлал, байлдааны зохион байгуулалтаа алдан, тарж бутрахад хүрсэн. Энэ эгзэгтэй үед Тэмүжин тарсан олон цэргээ Зээрэн хавцгайд хуруулж, тэнд хориглон байлдах тактикийн оновчтой зөв шийдвэр гаргасан хийгээд тийнхүү хурах явцад Нэгүдэй Цагаан Гуагийн тэргүүлсэн Чинос овгийн хөвүүд байлдаж байсан байрлалаасаа шалтгаалан их цэргээс хоцорч улмаар дайсан этгээдэд Далан /нуруу/ тогоо, эсвээс тохойд /манай гол мөрдийн хөндийд элбэг тохиолдох дөрөвдөгчийн галавт буй болсон голын дэнж /терраса/ даган дугуйрсан хуурай тохой байж болох/ бүслэгдэн шахагджээ. Тэнд Жамухын цэрэг Чинос овгийн хөвүүдийг бачимдуулж, айлган сандаргаж буцалгасан хийгээд харин тэднийг тэргүүлж явсан Нэгүдэй Цагаан гуагын тэргүүнийг огтлон морины сүүлэнд чирч одсон хэмээн бид үзэв. Гэхдээ Чиносын хөвүүдийг тэр бүр хөнөөж устгаагүй болов уу гэж бид үзэж байна.

Учир хэмээвээс МНТ-нд Чингис хаан Жамухад “Шалтгаан үгүй аминд хор хийвээс үл зохино” /20;131/ буюу “Хүний амийг хорлоход хүндэтгэх шалтгаан хэрэгтэй”/8;176/ гэсэн нүүдэлчдийн язгуур нэгэн зарчимтай холбоотой бөгөөд чиносын хөвүүд бол Тэмүжиний талд байлдаж байснаараа олон тогоонд чанагдаж хөнөөгдөхөөр өшөөт дайсан болох боломжгүй, тэгээд ч тэд Жамухын талд байсан тайчуудтай гарвал нэгтэй овог болно. Учир нь энэ тулаан Хамаг монголчуудын хооронд болсон билээ. Ийнхүү Далан тогоо, эсвээс тохой хэмээн газрын нэрээр ойлговол дээр өгүүлсэн Цэ академичийн Далан тогоод гэдгийн хажууд “газрын нэр” гэж бичих гээд байрыг эндүүрэн сэлгэж тавьсан байж магадгүй гэсэн эргэлзээний хариу олдож, нанхиад орчуулгын ташаарал тодорхой болж байна.

Энд бид буцалгажу гэсэн үгийг чанаж буцалгасан бус чиносын хөвүүдийг бачимдуулан, айлган сандаргасан буюу нэрт монголч эрдэмтэн Мостартын толиос Төмөрцэрэн гуайн ишилсэн “шоргоолж нүхнийхээ амсар дээр буцалж байна” /18;103/ гэдэгтэй, тодруулвал үүрийг нь хэрэв сандааваас үй олон шоргоолж үймэн, аймж буцлах үзэгдлийн адил утгаар тайлбарлаж байна. Үүний зэрэгцээ 1688 оны Халх Ойрдын дайнаас дүрвэн Орост ойж гарсан эдүгээх Хиагт, Сэлэнгийн цонгоол буриад зонд3 тэр цагийн самууны тухай “Сайн хаанай самарганай, бошогто хаанай буhалганай” /7;65/ гэсэн хэллэг байдаг. Энэ нь сурвалж бичигт ч / / “... Сайн ноёной самаргаанhаа, Бошогто хаанай буhалгаанhаа боложо сэрэгэй хүл болоhондо тэрээнhээ айж … ”/21;195/, /6;533/, /13;87/ хэмээн тэмдэглэгджээ. Үүнийг нягталваас Сайн хаан /Түшээт хан Чахундорж4/ эхлэн самаргасан хийгээд түүний дараа Бошигт хаан /Галдан бошигт/ буцалгасан тухай өгүүлсэн хэрэг. Гэхдээ энэхүү самарган, буцалганыг цай самарсан, буцалгасанаар ойлгож болохгүй нь үзтэл илт учир үгийн утгыг тодруулах үүднээс тухайн дайны төгсгөлийг түүх сурвалжаас үзвэл:
“… намрын тэргүүн сарын шинийн тавдын үеэр (1688) Олгой нуур хэмээх газар учиралдан гурван өдөр хутгалдан байлдсаны эцэст Ойрдын ширүүн дайралтыг халхын ноёдын цэрэг, тухайлбал Шамба5 эрх дайчингийн хороо /9;69-р дэвтэр/ үл тэсвэрлэн тулалдааны талбараас дэг эвдэн зугтаасан учир нийт цэргийн хүрээ эвдэрч Түшээт хан хамсаатныхаа хамт бут цохигдсон”/9;244/
гэсэн бол тэр цагт монгол газар явж байсан манж сайд Арнай, Ананд нар тухайн хэрэг явдлыг ажиж
“Халх бүхэн цөм монгол гэр, сав, зэвсэг, морь, тэмээ хонийг орхиж тоосрон зүг зүг тийш эрж өдөр шөнөгүй буруулан амуй”
гэж тэмдэглэжээ./18;4.9/ Эндээс бид буцалган гэсэн үгийн утга, үзэгдлийн мөн чанарыг байлдааны явцад цэргийн хүрээ эвдэгдэн цэгцгүй болж, дайсны хүчинд илт дарагдахуйд үймж айман зүг зүгтээ буруулах хэмээн ойлгож болох байна.

Энэхүү гурван зуу гаран жилийн /1688/ тэртээх түүхэн үйл явдлын буhалган нь найман зууны /1189/ тэртээх Далан Балжудад . . . Чиносын хөвүүдийг Далан Тохойд буцалгажу гэдгийн үйлийн жинхэнэ утгыг энд бидэнд тодорхойлон өгч байна.

Тайлбараа тодруулах нь:

MНТ-ны хятад орчуулгыг баримтлан Жамуха Чиносын хөвүүдийг үнэхээр 70 тогоонд чанаж, буцалгасан гэхүл энэ хэрцгий үйлдлийг дундад эртний нүүдэлчин овог аймгуудын дайн тулаанд дайснаа олон янзаар хэрцгийлэн хөнөөж байсны ердийн нэг жишээ гэж үзээд энэхүү ёсны урьдын улбаа хийгээд хожмын уламжлал буй эсэхийг түүх сурвалжаас шүүрдэхүйд дээрх тохиолдол нэгээхэн ч болов давтагдахгүй байгаа нь хачирхал төрүүлж байна. Басхүү дээрх хэрэг явдал арван гурван харин буюу жадаран, тайчиуд, барулас, баарин, горлос, хонхотон, сүлдүсүн, бэсүд, сижиут, ихэрэс, ноёхон зэрэг овгийг тэргүүлсэн Жамуха сэцний нэгэн удаагийн хэрцгий аллага гэвэл энэ нь Чингис хаан Жамухаас өшөө авах ноцтой шалтаг болж, хожим түүнийг шадар нөхөддөө баригдан ирэхэд амийг нь хайрлах боловч, аргагүйд хүрч, цаазлахын өмнө Жамухын урьд үйлдсэн буруу зан, бульхай явдлыг тоочихдоо тэрвээр энэ тухай эрхгүй дурсах ёстой байсан болов уу.

Түүнчлэн НТ-г хятад хэлнээ хөрвүүлэгч болон Алтан дэвтрийг ашиглан перс хэлээр Судрын чуулганыг туурвигсдад энэ хэрэг явдлыг ташаарч ойлгохын нөхцөл шалтгаан нь юунд хэмээвээс Монголын нууц товчоо бол харь хэлтэн хийгээд хар тэргүүтэн битгий хэл язгуур сайт монголын ноёд ч унших байтугай үзэхүйеэ бэрх, гагц Чингисийн алтан ургынханд буюу наран ургахуйгаас шингэхүй доорх дэлхий даяарыг төвхнүүлэх их аянд мордсон хаан хөвүүдэд чинад хадгалагдсан, хуулбарлаж олшруулахуй нь хориотой нууц түүх байсанд оршино.

Эдүгээ бидний ашиглаж буй МНТ бол Монголчуудын мандаж байсан цагт бус нэгэнтээ бууран доройтсон хойно харийнхны /Мин улс/ гарт орж, тэдний захиалгаар ханз үсгээр галиглагдан, нанхиад хэлнээ хөрвүүлэгдсэн НТ билээ. Хэдийгээр ханз үсгээр галиглаж, хятад хэлээр орчуулсан тэр цагийн гүүш нар монгол ёс заншил, бичиг соёлыг нэвтэрхий мэддэг ч монголчуудын уугуул нутаг, нүүдэлчдийн ахуй орчноос хол хөндий бичгийн хүмүүс байснаас хоёр зуу шахам жилийн өмнөх түүхэн хэрэг явдлыг худам монгол бичгээс ташаарч ойлгон чиносын хөвүүдийг газар усны нэр (Богд баатар биеэр дайлсан тэмдэглэлд чонын бэлтрэг), далан тохой гэсэн газрын нэрийг 70 тогоо, буцалгаж гэдгийг чанах гэсэн үндсэн утгаар хөрвүүлсэн болов уу. Түүнчлэн ташаа ойлгох бас нэгэн шалтгаан гэвэл дээрх үгсийн хоорондын утгын холбогдол /контекст/ нь 70 тогоонд буцалгаж хэмээн юун түрүүнд сэтгэж ойлгохоор байгаад оршино.

Үүнийг мунхаг миний бие мөхөс сэтгэн үлгэрлэж тэнэглэвээс “Дарь Овоонд их тулаан болж, улмаар ялагч тал дайсныг Дарьгангад дэлбэлсэн” хэмээн сурвалжид байлаа гэхэд хэзээ хойно харь хэлнээ орчуулагч Дарь овоо, Дарьганга гэдэг нь хоёул газрын нэр болохыг, басхүү топоним талаас самгарьд гарвалтай үг болохыг мэдсэнгүйгээр гагц дэлбэлсэн гэдгээс үүтгэж юу дэлбэлсэн дарь дэлбэлсэн, хаана дэлбэлсэн ганга жалганд гэж хэт ташаарч ойлгож, орчуулсантай ижил мэт...
Ийнхүү бид далан хэмээхийг тоо бус уул нурууг хэлж байна гээд Далан Балжудыг уул, усны нэрнээс хоршиж үүссэн нэр. Харин Далан тогоог хоол, цайны тогоо бус Далан Балжудын дэвсгэрт багтсан басхүү Далан тохой гэсэн газар орны нэр гэж үзээд тэнд Жамухын цэрэг Чингис ханы арван гурван хүрээний тэргүүнд хатгалдаж /16;145/ байсны учир Жэрэнэ хавцгайд хурхаас хоцорсон Чинос овгийн хөвүүдийн хүрээг эвдэн, цэгцгүй болсон тэднийг бачимдуулж, айлгаж сандарган буцалгасан хийгээд чинос, нэгүсийн тэргүүн Нэгүдэй Цагаан Гуагын тэргүүнийг огтлон морины сүүлэнд чирч одсон хэмээн тайлбарлаж байна.

Энэхүү буцалганд Чиносын хөвүүдээс алагдсан, дайсны хүчинд дарагдан дагаж орж амь гарсан, зүг буруулсан аль аль нь л бий байх. Юутай ч энэ тулаанаас хойш Их Монгол улсыг байгуулагдах хүртэл /1189-1206/ чинос, нэгүс овгийнхон нэгдмэл бус бутархай байсан нь МНТ-ны 218-р зүйлд Цагаан гуагын хөвүүн Чингис хаанд “Нэгүс ах дүү минь харь тутамд бутран тарсан буй” /20;145/ хэмээн өгүүлснээс тодорхой байна. Энэ мэдээ нь Далан Балжудын байлдаанд чинос, нэгүс /нохос/ овог бүр мөсөн устгагдаагүй болохыг нотолно. Нөгөөтэйгүүр түүхчид Далан Балжудын байлдаанд Чингис, Жамуха нарын нэг хүрээ нь 500-700 цэрэгтэй /3;156-158/ байсан гэснээс үзвэл Нэгүдэй Цагаан гуагын тэргүүлсэн чиносын хүрээнээс Жамухад хичнээн нь баригдсан, 70 тогоонд хичнээн хүн чанаж буцалгагдсан, тэдгээр тогооноос хожим хүмүүс хоол идэх эсэх, хөнгөн морин цэргийн тогоо ямар эзлэхүүнтэй байх вэ гэгчлэн олон асуудлыг тавьж эргэцүүлж болох агаад, сайтар нягталваас эдгээрийн хариу бидний дэвшүүлж буй саналыг баяжуулж, дээр өгүүлсэн няцаалтуудыг батжуулах болно.

Жамухын хувьд энэ хүрээг бутаргаж, буцалган дарж, тэргүүлэгч Цагаан гуагийн толгойг огтолсноор /Энэ нь МНТ дахь хүний толгой огтолсон гурван тохиолдлын нэг болно./12:143-157/ Далан Балжудын байлдаанд ялж төгсөв. Ийнхүү үзэх нь нүүдэлчдийн эртний уламжлалаар дайсны туг сүлд, тамга, зэрэг эрхэм нандин шүтээн бүхүй үнэт зүйлс, түүнчлэн овог, аймгийн тэргүүн, хатдыг олзлох нь дайн тулаанд ялсны бэлэг тэмдэг болдгийн утгаар Чингисийн арван гурван хүрээний манлайд хатгалдсан тэргүүн хүрээг буцалгаж, тэргүүлэгчийн нь тэргүүнийг огтлож авсны учир болно. Үүнийг эртний скиф, галл аймаг болоод XYII-XIX зууны Америкийн индианчуудад байсан скальп авах ёс буюу XIII зууны монголчуудын цуст тоног авах ёсны /алсан дайсныхаа хуйхыг хуулж авдаг ёс/ нэг хэлбэр гэж үзэж болно. /4:91/

Бидний судлаж байгаагаас үзвэл хүний сүр сүлд тэргүүндээ, тэгэхдээ толгойн оройн туг үс (хөхөл), хуйханд оршидог гэсэн ойлголт өнө эртний нүүдэлч өвөг дээдсийн маань ертөнцийг үзэх үзэлд байжээ. /Бурхан шашны үзэл сургаальд ч үүнтэй ижил зүйл байдгийг бид эртний нүүдэлчдийн сүлдний тухай дараагийн өгүүлэлдээ тодруулах болно./ Энд хуйхаар нь бус толгойг уураг тархитай нь бүтнээр аман хүзүү хатан хүзүүгээр салган ясан сүнсийг чөлөөлж, сүр сүлдийг нь морины сүүлэнд чирч одсон нь Тэмүжин Чингис хийгээд түүний харъяалсан бусад хүрээдийн сүр сүлдийг бултаар нь дарж доройтуулж буй зан үйлийн илэрхийлэл болно. Монголчууд бид бие эрхтний дотроос толгойг хамгаас эрхэмд үздэг. Тиймээс ч Хэрэйдийн Ван ханы толгойг Найманы Таян хан тахиж, Мэргэдийн тэргүүн Тохтоа бэхийн толгойг түүний хөвүүд авч, алс баруунш одсон буюу ...
ШУТИС-ийн Түүх-Антропологийн багшАлдар овогт Юндэнбатын Болдбаатар

Тайлбар :

1 - Монголчуудын Эргүнэ Хунгийн домог дахь Никузыг бас нохос гэж Г. Сүхбаатар багш үзсэн байдаг. /16;176/
2 - Нутгийнхан ярихдаа далан өвөлжөө, таван даваатай уул гэдэг. Миний бие хэдэн жилийн өмнө тус сумын өтгөс буурлуудаас газар усны нэр лавлан, цуглуулахуйд Далангийн нурууны ар, өвөр, оройн өвөлжөө бууцны 56 нэрсийг тэмдэглэн авсан хийгээд үүнд ихэрлэсэн, хулжсан эртний бууцыг ч оруулсан билээ. Баруунаас зүүн тийш 30 гаран км үргэлжилсэн энэ нурууны Далан гэсэн нэр нь олон өвөлжөөтэйн учир улирах он цагийн урсгалд далан гэсэн тооны утгат шилжсэн ажээ.
3 - Хонгоодор, ашбагад, хатагин, хүхүйд, сартуул зэрэг Орост ойн гарч нутаглагсад болно.
4 - Түшээт хан Чахундоржийг зарим тулгар баримтад “Самуун цагийн сайн хаан” гэж нэрлэсэн нь тэр үед нэг талаар Халхын улс төрийн байдал ихээхэн түгшүүртэй, үймээнтэй байсан, нөгөө талаар Чахундорж нь өвөг эцэг Абтайн “Сайн хаан” цолыг өргөмжлөн явсны гэрч аж. /4;231/
5 - Чингис хааны 18 дахь үеийн ач Түмэнхэн Сайн ноёны гуч. Шамба гэхээс гадна бас Жамба, Бямба гэх нь буй. Түүний төвд нэр нь монголоор Асрагч гэсэн утгатай хийгээд Шамба эрх дайчин нь Монголын түүхийн чухал сурвалжуудын нэг Асрагч нэртийн түүхийг бичсэн билээ.

Ишилсэн ном зохиол:
1. “Алтан товч”, Лувсанданзан УБ., 1990
2. /Рашид-ад-дин “Судрын чуулган”, I боть /Хөрвүүлсэн Ц.Сүрэнхорлоо/, УБ.,2002
3. Батсүрэн Б. “Даланбалжудын байлдаан: Цэрэг улс төрийн дүн шинжилгээ”, /Үлэмжийн Их Чингис хаан, Эрхэлсэн Ж.Болдбаатар/, УБ., 2002
4. Гаадамба Ш. “Нууц товчооны нууцсаас”, УБ., 1976
5. Гонгор Д. “Халх товчоон”, I боть, УБ., 1970
6. Грумм-Гржимайло “Западная Монголия и Урианхайский край”, Т.II, 1926
7. Гунгаров В. Ш. “Буряад Монголнудай уг гарбал тухай домогууд”, /БУРИАД-МОНГОЛЧУУДЫН УГСАА-ТҮҮХИЙН ЗАРИМ АСУУДАЛ/, УБ., 2000
8. Дамдинсүрэн Ц. “Монголын нууц товчоо”, УБ., 2000
9. “Зарлигаар тогтоосон гадаад монгол хотон аймгийн ван гүнгүүдийн илтгэл шаштир”, 69-р дэвтэр
10. Нацагдорж Ш. “Чингис хааны цадиг” УБ., 1991
11. Нацагдорж Ш. “Халхын түүх”, УБ., 1963
12. Пунсаг А. “Монголын нууц товчоон дахь сүнстэй холбогдсон зан үйлээс”, Tomus XIII. Fasc.16, /Угсаатны судлал/, УБ., 2001
13. Румянцев Г. Н. “Селенгиские Буряты (происхождение и родо племеннои состав)”, /Материалы по истории и филологии центральной Азии. Вып.2/, Улан-Үдэ, 1965
14. Сайшаал “ ”, дээд дэвтэр, Хөх хот, 1986
15.“Монголын нууц товчооны үсгийн галиг”, /Сумъяабаатар Г/, УБ., 1990
16. Сүхбаатар Г. “Монгол нирун улс”, УБ., 1992
17. Сүхбаатар Г. “Монголын түүхийн дээж бичиг”, УБ., 1992
18. Төмөрцэрэн Ж. “Далан тохоот бучалхажу гэдэг хэллэгийн учир”, /“МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНЫ”-НЫ 750 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ - I /, УБ., 1995
19. Цэвэл Я. “Монгол хэлний тайлбар толь” УБ., 1966
20. Цэрэнсодном Д. “Монголын нууц товчооны орчуулга, тайлбар”, УБ., 2000
21. Цэрэн-Анчиг Дугар-Нимаев “Бишыхан записка” тухай, /БУРЯАДАЙ ТҮҮХЭ БЭШЭГҮҮД, /, Улаан-Үдэ, Буряадай номой хэблэл, 1992
22. Хөх Өндөр “Монголын нууц товчоон дахь “Чиносын хөвүүдийг далан тогоонд буцалгаж” гэж орчуулсан үгийн тухай”, /Өвөр Монголын Нийгмийн шинжлэх ухаан сэтгүүл - №4, 1987/22. “Энх Амгалан хааны бодлогын бичиг”, УНС., 4, 9 дүгээр дэвтэр

No comments:

: