Sunday, February 1, 2009

Чингис хааны тухай товч тайлбар - 2

ЖЕЛАЛ-АД-ДИН

Желал-ад Дин бол хорезмын султан Мухамедын хөвгүүн бөлгөө. 1221 оны 1 сарын 11-ний өдөр Мухамед султан үхэхдээ султан ханы ороо отгон хөвгүүн Узлакшагаар залгамжлуулна гэж тогтсоноо өөрчилж хөвгүүн Желал-ад-Дин-Мүнх-Биртигаар залгамжлуулахаар шийдэж, өөрийн сэлмээ авч Желал-ад-Динд зүүлгэлээ гэдэг юм. Тэр өдрөөс хойш Хорезмын султан Желал-Ад-Дин болжээ. Карл Маркс түүний тухай <<Желал-Ад-Дин бол хуурай газрын барс, мөрөн голүн гүмбэр мама шиг зоригтой эр мөн байж>> гэж бичсэн байдаг.
Мухамед султан Чингисийн цэргээс зугтаж байхад султаны шударга зарим жанжин болон хөвгүүн Желал-ад-Дин нар Хорасан, Иракийг бүх хүчээр хамгаалж, Амурдарья мөрнөөр хориглолтын шугам болгож, монгол цэргийг бүх хүчээр эсэргүүцэж байв.
Желал-Ад-Дин Пэрван хотын орчимд Шихихутаг ноёны захирсан 30000 цэргийг бут цохив. Желал-Ад-Дин эцгийгээ бодвол үхээнц дорой амьтан биш, эр зоригтой цэрэг дайны үйлсэд чадамгай хүн болохыг мэдээд эртхэн биеэр очиж дарахгүй бол улам эрэмшиж дийлдэхгүй болно гэж Чингис хаан өөрөө их цэргээ авч мордов.
Чингис хаан Желал-Ад-Динг Инд мөрний орчим гүйцэв. Хоёр этгээдийн цэрэг гурван өдөр туйлын ширүүн тулалдсан байна. Желал-Ад-Дин монголын цэрэгтэй галзуу барс шиг тулалдаж байхыг Чингис хаан их л бахархан харж цэргийн дарга нартаа султаныг заавал амьдаар нь барьж авах хэрэгтэй гэж зарлиг буулгаж байв. Желал-ад-Дин хамаг цэргээ алуулж долоон зуухан цэрэгтэй үлджээ. Монголын цэрэг түүнийг шахан шахсаар Инд мөрний эрэгт тулж, Желал-ад-Дин дайсанд амьд баригдахгүйн тулд урьдаар бүх хатад охидыг мөрөнд үйж алах тушаал өгчээ. Дайсны гарт амьдаар орохгүйн тулд мөрний эрэг дээр буй хадан халил өөд моритойгоо давхиж гараад нэг гартаа улсынхаа тугаа өндөр өргөж нөгөө гартаа илд бамбайгаа барьсаар мөрөн рүү шууд үсрэн нөгөө эрэгт сэлэн гарч монголын цэргийг чичин занаж байсан гэдэг. Чингис энэ явдлыг ихэд сэтгэл хөдөлсөн байдалтай <<Эцэг хүн ийм хүүтэй байгууштай>> гэж айлдсан гэдэг.
Хожим Желал-ад-Дин, Чингис хааныг таалал төгссөнийг сонсоод, их урам алдарч, надтай тэнцэх сайн эр үхжээ, би одоо хэнтэй тэмцэх болж байна гэж харамсан гасалж байсан гэдэг аман домог байдаг.
Желал-ад-Дин, Чингисийн цэрэгт дарагдсаны дараа удалгүй тэнхэрч цэрэг элсүүлэн Энэтхэг, Ирак-бага ази, Гүрж, Азэрбаяжаний нутгаар хөндлөн гулд довтлон явж, заримыг нь эрэхшээлдээ оруулж явахдаа галдан шатаах, алж талах зэргээр монголчуудаас дутуугүй зэрлэг догшин авирлажээ. Энэ үед Монголын их хаан Өгөөдэй болсон билээ. Монголын цэрэг Өгөөдэй хааны зарлигаар Желал-ад-Динг баривчлан сөнөөхөөр 1230-1231 онд Азэрбаяжанд ирж удалгуй эзлэн авчээ. Желал-Ад-Дин түүний урьд өөрийн уулгалан байсан орнуудын эрх баригчдад элч явуулж тусламж хүсчээ. Гэвч Желал-Ад-Диний урилгыг хэн ч хүлээн авч хариу өгсөнгүй. Желал-ад-Диний урам зориг суларч, уун согтуурах болжээ. Нэг орой тэрбээр ухаан мэдрэлээ алдтал согтож унасан үед монголын цэрэг түүний лагерийг дайран ороход арай баригдсангүй тэндээс мултарч гарчээ. Монголын цэрэг Желал-ад-Динээс салалгуй мөрдөн хөөсөөр байв. Желал-ад-Дин буруулж яваад Күрд нутгийн нэгэн бяцxан сууринд хүрч очиход тэнд байсан дээрэмчид түүнийг баривчлан авчээ. Желал-ад-Дин дээрмчний тэргүүнд <<Та нар намайг бүү ал, би Хорезмын хан байна. Хэрэв та нар намайг тавин явуулбал та нар баян эрхийн туйлд хүрнэ, ноён болно>> гэж хэлжээ. Тэр үгийг сонсоод дээрэмчдийн тэргүүн түр ажлаар явахдаа эхнэртээ Желал-Ад-Динг сэргийлэн байхыг захиад явсан байна. Гэтэл нэгэн Күрд хун ирж Желал-ад-Динг үзээд энэ ямар хүн бэ гэж эхнэрээс асуухад энэ бол Хорезмын хан гэж хэлжээ. Нөгөө Күрд хүн үүнийг сонсоод энэ юуны султан байх аж гэж хэлээд жадаар хатгаж алжээ. Тэр Күрдийн ах буюу дүүг Хорезмынхан алсан юм байжээ. Тийнхүү хорезмын сүүлчийн султан эрэлхэг зоригт Желал-ад-Дин золгүй үхлээр амьдралаа төгсгөжээ. Энэ явдал 1231 оны 8-р сарын 17-нд буюу 20-нд болжээ.

ЖИВГЭ

Чингисийн дүү Хасарын зөвлөх. Лувсанданзаны <<Алтан Товч>> зохиолд: Хасарт Живгэгийг түшүүлэв гэж бий. Жалайрийн Живгэ бол Мухулайн авга ажээ. Чингис, Хасар хоёрын зөрчил хурцдахад Живгэ ихээхэн үүрэг гүйцэтгэжээ. Чингисийн эсрэг Хасарын үгсэл хуйвалдаан илрэхэд Жалайрын Живгэ, Баргужин оронд зугтсан байна. Харин Хасар бууж өгч ахдаа буцаж иржээ.

ЖVРЧИДЭЙ

Жүрчидэй бол урууд овогтны дээдэс, Начин баатрын ахмад хөвгүүн Уруудайн зургадугаар үеийн ач болно.
<<Арван гурван хүрээний байлдаан>>-ы дараа Жамухад харьяалагдаж байсан Урууд нар Жамухаас салж Тэмүжинд нийлэн иржээ. Тэр үед урууд аймгийн түрүү нь Жүрчидэй байжээ. Жүрчидэй бол ухаалаг жанжин эрэлхэг баатар хүн билээ. Жүрчидэйг ирсэнд Чингис хаан баясаж Ононы шугуйд их найр хийжээ. Түүнээс хойш олон удаагийн тулалдаанд Жүрчидэй уруудаа удирдан, мангудын Хуйлдартай хамт их цэргийн манлайд явж байлджээ.
1203 оны <<Муу өндрийн байлдаан>>-д Чингис хаан Жүрчидэйд итгэн манлайд байлдахыг санал болгожээ. Энэ тулалдаад Хуйлдар шархдаж, Жүрчидэй уруудаа удирдан Жүрхин, Түмэн, Түбэгэн, Донхайд зэрэг аймгийн цэргийг дарж мөн Хорь Шилэмүн тайжийн мянган шадар цэргийг довтлон даржээ.
1204 онд Найманыг дайлахад Жүрчидэй Хуйлдарын хөвгүүн Мөнх, Халз нарын хамт урууд мангуудаа удирдан дөрвөн хошуучийн гэзэгт байлдаж найманыг даржээ.
1206 онд Чингис хаан Жүрчидэйг наян найман гавьяатны зургадугаарт шагнажээ. Жүрчидэйн хөвгүүн Хэтэй Мунчу эрдэм чадвар төгс тул эцгийнхээ хамт мянганы ноёноор өргөмжлөгдсөн бөгөөд Алтан улсыг дайлсны дараа Жиюн вангаар өргөмжлөгджээ.

ЗVЧ

Чингисийн ууган хүү, монгол цэргийн том жанжны нэг бол Зүч юм.
Их монгол улсыг байгуулсныхаа дараа Чингис хаан хөвгүүддээ хувь хувиарлан олгохдоо Зүчид 9000 өрх айл соёрхсон байна. Алтан улсыг эзлэх (1211-1215), мөн дунд Азийн улсууд, Дэшт-и-Кипчакийг (1219-1221) байлдан дагуулахад тэрбээр биечлэн оролцож, цэргийн хэргийг сайн мэддэг, байлдааныг чадамгай удирддаг авьяас бөхий жанжин болохоо нотлон харуулсан байна.
1225 онд Чингис хаан эзэлсэн улс орон нутгийг хувиарлахдаа Эрчис мөрнөөс Уралын нурууу хүртэлх, мөн түүнээс баруун тийш орших уудам нутгийг ууган хүүдээ соёрхон олгосон нь Алтан Ордны улс, заримдаа Зүчийн улс хэмээн түүхэнд тэмдэглэсэн байдаг.


ЗЭВ

Зэв бол Бэсүд овогтон бөгөөд түүний өвөг дээдэс нь Бэсүдэй гэдэг байжээ. Түүний хойч үеийн ач нар Бэсүдэй нэрээр нь удам угсаагаа нэрлэн овог болсон ажээ. Зэв анхандаа Чингис хаантай дайсагнан байлдаж байсан Тайчуудийн Агучу баатрын цэрэг бөгөөд Зургадаадай нэрт хүн байжээ. Чингис хаан Хүйтэн гэдэг газар тайчуудтай байлдаж явахдаа хүзүүнийхээ тус газар шархджээ. Байлдаан дууссаны дараа хаан өгүүлэрүүн: <<Хүйтэн гэдэг газар урагшлах, ухрах зэргээр байлдаж байхад уулан дээрээс харваж, миний байлдааны ам цагаан хул морины аман хүзүг хэн шархтуулав?>> гэвэл нэгэн бэсүд хүмүүн хэлсэн нь:
Уулан дээрээс харвасан хүн би билээ
Одоо хаан намайг
Алъя гэвэл ал
Алганы төдий газрыг
Алаг болгож өмхийрөх
Алд бие байна
Аваръя гэж санаад
Амий минь соёрховол
Халд гэсэн газарт чинь
Харайж очоод би
Хар усыг цалгитал
Хад чулууг хэмхэртэл
Харь дайсныг довтолж
Хаан чамд тусалъя
гэв.

Чингис хаан өгүүлрүүн: <<Дайсны хүн дайсагнаж хорлож явснаа нууж худал хэлэх бөлгөө. Гэтэл чи дайсагнаж хорлосноо нуухгүй шудрага хэлж байна. Ийм хүнтэй нөхөрлөж болно. Чиний Зургаадай нэрийг халж, ам цагаан хул морины минь аман хүзүүг зэвээр харвасан тул Зэв гэж нэр өгъе. Миний дэргэд зэв мэт хамгаалж яв>> гэж зарлиг болов.
Чингис хаан Зэв жанжины байгуулсан гавьяаг үнэлж мянганы ноёнд өрмгөмжилжээ. Алтан улс, Хорезм руу хийсэн аян дайнд Зэв жанжин толгойн цэрэгт явж, эрэлхэгээр байлдан гавьяа байгуулжээ.
1218 онд Зэв жанжинаар удирдуулсан хоёр түмэн монгол цэрэг Хар Киданыг эзэлж авчээ. Чингис хаан Хорезм улсыг өөрийн биеэр дайлахдаа шах Мухамед зугтаж, 1219 оны хавар Зэв, Сүбээдэй нар 20 000 цэрэг авч Мухамедын хойноос нэхэн хөөжээ. Мөн 1220 оны 12 дугаар сард Зэв, Сүбээдэйн цэрэг Азэрбаяжаний нутгаар нэвтэрч Муганий талд өвөлжин, 1221 оний 1 дугээр сард Гүржийн Лаша ханы 60 000 цэргийг бут цохижээ. Тэгээд умард Кавказыг давж 1223 онд хар тэнгист цутгах Калка голын хөвөөнд Оросын вангуудын цэрэгтэй анх тулалджээ. Энэ бүх тулалдаан Зэв жанжны цэрэг удирдах авьяасыг нэн даруй харуулж байна. Зэв бол Чингис хааны суу билэгт жанжидын дотроос дээгүүр байрт эзлээд зогсохгүй өрнө зүгт аялсан Бат хааны их цэрэг, дорно зүгт аялсан Өгээдэй, Мөнх хааны цэргийг хошуучлан явж байжээ. Зэв, Сүбээдэй нар Мухамед султаныг хөөж яваад замдаа Гүрж, Болгар, Оросуудыг бут цохиод буцаж ирэх замдаа нас барсан гэдэг. Чингис хаан Сүбээдэйгээс түүний нас барсан тухай асуухад Сүбээдэй, Зэв бол өвчнөөр үхэх хүн биш. Харин түүний үхэх цаг болоод үхсэн гэж хэлсэн ажээ.

ЗЭЛМЭ

Зэлмэ бол Урианхайны Жарчиуд овгийн хүн. Түүний эцэг Жарчиудай нэрт Төмөрчин өвгөн болно. Бурхан Халдуны өврөөр нутагладаг байжээ. Чингис хаан, Бөртэ үжинийг богтлон авч Хэрлэн мөрний эх Бүрги эрэгт нутаглаж байхад Жарчиудай өвгөн хөөргөө үүрч Зэлмэ хөвгүүнээ дагуулан ирж Чингис хаанд үйлчлүүлэгч болгожээ. Чингисийн идэр залуу үеэс Зэлмэ дагалдсан анхны туслагч нь байсан болно. 1202 онд Чингис хаан Тайчуудтай байлдах үед нэгэн удаа их хүнд шархдахад шархны цусыг амаараа сорж зогсоон, шөнө дөл болоход биеэ нүцгэлэн сэм явж дайсний хүрээнд нэвтрэн орж хөхууртэй тараг олж авчран хааны биеийг амаржуулжээ. Үүний дараа Хэрэйд, Найман аймгийг дагаар оруулахад Зэлмэ их гавьяа байгуулсан байна. 1206 онд Чингис их ор сууж гавьяатныг өргөмжлөхөд Зэлмэ Мянгатын ноён болжээ.

ИНАНЧА БИЛГЭ ХАН

Арван хоёрдугаар зууны сүүлчийн хагаст Найманы орыг Унанча билгэ хан гэгч эзэгнэж байжээ.Тэр Гүрбэсү гэгч хатантай билээ.
Тоорил эцгийн дүү нар болон өөрийн дүү нараа алж Хэрэйдийн хан ширээнд суухад түүний дүү Эрх хар гэгч найманы Инанча ханд зугтан очжээ. Тэгээд Инанча хан Эрх харыг цэргээр дэмжин Хэрэйдийг байлдан Ван ханыг Хар Кидан өөд зугтаалгажээ. Энэ явдал 1196 онд болсон болно. Инанча билгэ хан 1197 онд үхсэн гэж То Ний бичсэн байдаг.
Түүний үхсэний дараа Тайбух, Хүчүгүд гэгч хоёр хөвгүүд нь хан ор булаацалдаж, Найман улс хоёр хэсэг болон задарчээ. Тайбух Найманы өмнөд хэсгийг захирч биеэ <<Таян хан>> гэж өргөмжилжээ. Хүчүгүд Найманы умард хэсгийг захирч өөрийгөө <<Буйруг хан>> гэж нэрлэжээ.
Цухас дурдахад тэр үед Найман нь монгол ханлиг аймгуудын дотроос хамгийн өндөр соёлтой улс байжээ.

ИНАНЧ ХАН

Чингис хааны цэрэг 1220 оны 2-р сарын эцсээр Бухар хотыг довтлов. Тэр үед хотын цэргийг Инанч захирч байлаа. Монгол цэрэг дөрвөн талаас нь бүслэн хороож, зүг зүгээс давшиж хотыг бүтэн гурван өдөр бүслэн байлдахад Инанч хан нэмэгдэл хүч ирэхгүй болмогц хотыг орхиж, амь зулбан зугтаажээ. Монгол цэрэг түүнийг хойноос нь нэхэн Аму Дарья мөрний орчим гүйцэн бут цохижээ.Инанч хаан цэргээ авч зугтсан өдрөөс эхлэн хотын сүм хийдийн лам нар, баячууд монгол цэрэгт бууж өгсөн байна.

ИНАЛЖУГ

Хорезмын Отрар хотын дарга. Чингис хаанаас Хорезмын Шах Мухамедэд явуулсан элч худалдаачдыг эд бараанд нь шунаж, хувьдаа ашиглах хомхой сэтгэлээр алж хороожээ.
Иналжуг тэдгээр худалдаачдыг Чингис хааны тагнуулч байнам гэж Шах Мухамедэд айлтгажээ. Шах Мухамед учрыг нарийвчлан хяналгүй бүх худалдаачдыг цаазлан алах тушаал өгчээ. Чингис хаан өөрийнх нь 400 гаруй хүнээс бүрэлдсэн худалдаачдыг Отрар хотын дарга Иналжуг цаазалсаныг сонсоод маш их хилэгнэж, хорссоноос уйлж, уулын орой дээр гарч, гурван өдөр, гурван шөнө тэнгэрт мөргөж өшөө хариугаа авахад туслахыг даатгажээ.

ИХ ХУРИЛДАЙ

Шинэ хаан сонгох, байлдах, найрамдах зэрэг онцгой чухал асуудлыг Их Хурилдай хэмээх улсын ихэс дээдсийн чуулганаар хэлэлцэж байв. Тухайлбал, 1206 онд Онон мөрний эхэнд есөн хөлт цагаан тугийг мандуулан Их Хурилдай чуулж, Тэмүжинг их хаан өргөмжилж, Чингис хаан хэмээн дуудах болсон. Хархорум хотод 1235 онд Их хурилдай зарлаж, баруун зүгийн орнуудыг байлдан эзлэх хэргийг зовлон хэлэлцжээ.

ИХ ЧЭРЭН

Татаарын нэг овгийн толгойлогч. Чингис хааны Есүй, Есүгэн хоёр хатны эцэг. Чингис хаан татааруудтай байлдаж дийлээд улс иргэнийг нь яах талаар алтан ургаа цуглуулж, нэг гэрт ороод их зөвлөлдөөн хийжээ.
Тэр зөвлөлдөөнийг Бэлгүтэйгээс Их-Чирэн асууруун:
- Та нар ямар үг зөвлөлдөв гэв. Бэлгүтэй өгүүлрүүн:
- Та бүгдийг тэнхэлгийн цүүд хэмжиж, түүнээс өндөр нуруутныг цөмийг хядахаар тогтов гэжээ. Энэ үгийг сонсоод Их-Чирэн олон татаарт тунхаг зарлаж, хороо бэхлэлтэд цуглуулжээ. Тэдний бэхлэлтийг эвдэхийн тулд Чингисийн цэргүүд их хохирол амсав. Бэхлэлтэд цугласан татааруудыг арай гэж эзлэн авч тэнхлэгт чацуулан хядахад татаар нар, хүн тутам <<Дэр авч үхье>> гэж хутга ханцуйлж байсан учир түүнээс Чингисийн цэрэг багагүй хохирсон байна.

МОНГОЛ АЙМАГ

Монгол газар хагас сая жилийн тэртээ хүн сууж байсны дурсгал монголын говиос олонтаа олддогийн нэгэн адил Монгол оронд анхны төр улс байгуулсан монгол удмын овог аймгийн тухай бичгийн болон эд өлгийн баримт хоёр мянган жилийн өмнөөс мэдэгддэг юм. Нийтийн он тооллын өмнөх 15-11 зууны үед Шанжун, Ян юн, Хүн-ю гэдэг нэртэй нүүдэлчин аймаг эртний хятадын умард этгээдэд байсан тухай нангиад сурвалжинд гардаг. Тэдгээрийн нэгэн залгамчир нь Хүннү буюу Ху аймаг гэдэг. Үүнийг бас өөрөөр хор ч гэнэ(төвдөөр). Тиймээс төвдүүд эртний монгол аймгийг <<Хар>>, <<Сог>> гэж нэрлэх ба Хятад, зүрчид нар <<Со Фүцүб>> нэрийддэг аж.
Ийнхүү монголчуудын эртний өвөг дээдэс нь Хүннү нар болж байна. Хүннүгийн хаан (Шанью) Модун (МЭӨ 209-176 онд төр барьсан) Хүннү улсыг байгуулсан бөгөөд эл улс МЭӨ 1 зууны үед хоёр хуваагдан бутарсан юм. Хүннү улсын бүрэлдэхүүнд монгол болон монгол бус олон холилдон багтаж байсан нь: 1. Динлин буюу түглигүүд (түрэг, уйгур, хасаг, хиргизийн дээдэс), 2. Си-ху буюу баруун ху; 3. Ху буюу умард ху; 4. Дунху буюу зуун ху (Сихуй, Чоба, Мугон, Кидан) хор аймгийн удам зэрэг болно. Түүнчлэн Хүннүгийн дотор Сүнтэни буюу Зүрчид болон Солонгос аймаг багталцаж явжээ.
Хүннүгийн халааг авсан Сянби (Сүмбэ) улсын цагт (МЭӨ 2-4 зуун) тэдний бүрэлдэхүүнд Ебэни, Дувачи (хүннү гаралтай), Мугон, Тоба, Туфа, Хэ-фү зэрэг аймгууд орж байв.
Хүннү нийтдээ 19 аймаг 4 том овог байсны дотор Хуяань хэмээх эрхэм овог нь ноёлдог байв. Энэхүү Хуяань овог нь яваандаа Сянбигийн Тоба, ЖуЖаны Нирун, Кидан, Монголын Хиад (хиад боржигин) болсон гэдэг.
Харин Хүннүгийн харьяанд байгаад дараа нь сүндэрлэн гарч ирсэн Сянби буюу Сихуй нь дотроо умард сихум, өмнөд сихум, Тобу сихум, дай-сихум(дайчууд-тайчууд), гэж ялгарах ба тэдний төрөл Тоба аймагт Юлянь (эгүлэн буюу уул), Чину (чинуа буюу чоно), гэдэг овог байсан нь хожим Киданын Елиу, Монголын Чинос болжээ. Энэчлэн Сянбигийн нэгэн төрөл Ухуани хожмын Лохан; улохоу нь олхонуд (13-р зууны хамаг монголын худ аймаг, хожмын халх олгонуд) болсон ажээ.
Үүнчлэн Кумоси нь Кумун-Кумус (хүн) гэсэн утгатай монгол нэр болох бөгөөд энэ аймаг нь 10-13-р зууны үеийн Киданын хамгийн ойр төрлийн аймаг болжээ. Ийнхүү улс төр, нийгмийн шалтгаанаар олон овог аймаг холилдож шинэ аймаг гарч ирсэний жишээ нь Хүннү-Сиянби хоёрын холимог Тоба аймаг ажээ.
Монголын эртний нэгэн дээдэс болох 10-12 зууны үед их улс болж асан Кидан гүрэн нь бас л олон аймгаас бүрэлдэж байв. Иймээс түүхэнд тэднийг 8 кидан гэдэг. Киданий бүрэлдэхүүнд орж явсан аймагууд нь: 1. Сивэндани, 2. Хэдахэ, 3. Фуфого, 4. Сойлин, 5. Ляни, 6. Тзэ, 7. Ли, 8. Тулуган болно. Эдгээр овог аймгуудын дотроос ноёлох овог нь Дахэ, Иони, элиеү, сяо зэрэг овгууд болно. Үүнээс хожим залгамжлагдан үлдсэн Дахэ овог нь Дахури буюу Дагуур аймаг болсон гэдэг.
8 киданд: Баруун си, Синбай уулын арын си, дамуси, дахуси, бага жужа си, аванжи си, Жиэрбү си, хувайтой(шар толгойт) сити си, нали аймаг онгин си нар багтдаг гэсэн мэдээ ч бас буй. Харин хожим монгол аймгийг бүрэлдүүлсэн 70 отгийн дотор багтсан дарлигин, нирун, хоёр аймаг байсан ба үүнээс ноёрхох Нирун (Ниругун) хиад дараах 19 аймаг болж байв. Үүнд: 1. Хатангин, 2. Салжиут, 3. Тайчууд, 4. Хартахан, 5. Сэжигүд, 6. Чонос, 7. Нояхан, 8. Уручуд(урууд), 9. Мангуд, 10. Дорбэд, 11. Баарин, 12. Барулас, 13. Хадархан, 14. Жадаран, 15. Ботагад, 16. Дуклад, 17. Ийсут(бэсүд), 19. Сухан, 20. Кучгият. Нөгөөх Дарлигин нь 18 аймаг байв. Уунд: 1. Нукус, 2. Урианхан, 3. Хонгирад, 4. Ихирэс, 5. Олхонуд, 6. Горлос, 7. Илжиган, 8. Харануд, 9. Хонгилачуд, 10. Хонхотан, 11. Арулад, 12. Хилингуд, 13. Кунжим, 14. Гүжин, 15. Сүлдусун, 16. Илдурхин, 17. Баячуд, 18. Ортачуд (кингит) эд болно.
Дээрх аймгуудыг язгуурын монгол аймаг гэх бөгөөд Дарлигин нь монголын нэгдсэн улс байгуулагдахаас бүр өмнө Чингис хааны дээд овог Добу мэргэний бэлбэсэн гэргий Алангоогоос урьд байсан овог аймгийн нэрийтгэл нэр аж. Нирун гэдэг нь мөнөөхөн Алангоогийн хөвгүүдийн шууд удам угсаа болохын дээр яваандаа язгуурын монгол аймагуудын дотор ноёлох давхарга Чингисийн алтан ургийн үүсэл суурь болсон байна.
Чингээд 13 зууны үе болж ирэхэд монгол газар хамаг монгол, тайчууд, жалайр, хэрэйд, мэргид, найман татаар, ойн иргэд (ойрад, хори, бургуд, түмэд, булгачин хэрэмчин, урианхад) зэрэг олон том нэгдэл аймгийн холбоод болоод байв.
Янз бүрийн нэр зүүсэн, нийгмийн хөгжлийн харилцан адилгүй түвшинд байсан эдгээр аймгууд 13-р зууны эхээр Монгол хэмээх нэрийн дор нэгдэж төвлөрсөн нэгэн тор улсыг байгуулсан юм.
Тийнхүү монгол улсын бүрэлдэхүүнд хамаг монгол, Тайчууд, Жалайр, Татаар, Хонгирад, Мэргэд, Хэрэйд, Найман аймаг, Кидан, Онгуд, Ойрад, Хоритумэд, Урианхан зэрэг олон аймаг багтсаны ихэнх нь монгол хэлтэй, монгол угсааны аймгууд байсны гадна Онгуд урианхай зэрэг монголжсон болон монголжиж байсан түрэг хамниган аймаг хийгээд найман зэрэг түрэгжиж байсан аймгууд орсон байна.

МЄНГЄЛVНГОО

Мөнгөлүнгоо нь тайчуудын Жамухын эхнэр билээ. Тэр их үзэсгэлэнтэй хүүхэн учир Богд эзэн чингис хаан таалж явдаг байжээ.

МЄНХ ХААН (1208-1259)

Чингис хааны отгон хөвгүүн <<Төр баригч>> хэмээх Толуйн ахмад хүү Шиязун Мөнх хаан 1251-1259 онд төр барьсан, монгол гүрний анхны дөрвөн их хааны нэг болно. Эх Сорхогтани нөхөр нь эрт өнгөрсөнөөс хойш өнчин хүүхдүүдээ сурган хүмүүжүүлж алдартай хүмүүс(их Мөнх, Хубилай, ил хаан Хүлэгү гэх мэт) болгосон мэргэн эх юм.
Мөнх бага залуугаасаа эцэг өвгийг дагаж Алтан улсыг дайлах, сартуул болон өрнө зүгийн дайнд идэвхтэй оролцож явсан гавьяатайн дээр Монголын төв нутаг, шадар Хишигтэний дунд онц эргийг хадгалсан хүн байлаа.
Өгөөдэйн хөвгүүн Гүюг хаан 1249 оны 4-р сард нас барсны дараа хатан Огул каймаш нь төрийн хэргийг мэдэх болсон тул төрийн эрхийн төлөө тэмцэл ихэд хурцадсан байна. Чингисийн алтан ургийнхан хоёр тал болж нэг хэсэг нь Бат хааны дэмжсэн Толуй, Зүчийн удам, нөгөө нь Цагаадай Өгөөдэйн угсааныхан болсон бөгөөд Батын чиглэл ялж Толуйн угсааг төрийн тэргүүнд гаргаж чаджээ. 1251 оны зургадугаар сард асар их цэрэг зэвсгийн хүчин дор Хурилдайг хуралдуулж Мөнхийг хаан ор суулгасан юм. Энэ үед Мөнх 44 настай байв.
Мөнх их хаан болоод Хар хоринд ерөнхий захирагч бий болгох, Янжин(Бэйжинг), Бишбалийк, Аму гол хэмээх гурван газар төрийн засгийн гурван салбар байгуулах, дэг журмыг чангатгах зэргээр зохион байгуулалтын нэлээн шинэчлэл хийсэн байна. Үүний зэрэгцээгээр дорно, өрнө зүгт аян дайн хийх өвгөдийн хэргийг үргэлжлүүлэн Хубилайг 1251 оноос дорно зүг дэх их захирагч болгон 1252 онд нөгөө дүү Xүлэгүг Иранийг захирах их захирагчаар томилж тухайн газар орныг төвшитгөхөөр илгээжээ.
Мөнх хаан өмнөд Сүн улсыг дайлах бодолгыг эс орхин, бэлтгэлээ сайтар хангаад 1256 онд болсон цэрэг дайчдын хурилдай дээр зорилго бодлоо ярилцаж хаан өөрийн биеэр дайлаар мордох болсноо мэдэгджээ. Ингээд 1258 оны 2-р сард Мөнх хаан их цэргээ өмнө зүг хөдөлж Хатан голыг гэтлэн сийчяни хүрсэн юм. 1259 оны эхээр монгол улсын цэрэг олон, хүч ихдээ түшиглэн дайсныг ихэд дийлж байх зуур цэргийн дотор халуун хижиг өвчин гарч жанжин баатар цэрэг эрс олноор нэрвэгдэж сүйрч эцэст нь Мөнх хааны бие мөн оны 7-р сард өвчин хүрч хуарандаа нас эцсэлжээ.
Түүний үйл хэргийг дүү Хубилай нь залгамжлан авч их цэргийг нутаг буцаалгүй барьж, өмнөд Сүн улсыг эзлэх бодолгыг үргэлжлүүлэн явуулсан юм. Мөнх хаан нь Асудай, Олдаши, Сэрихин зэрэг гурван хүүхэдтэй байв.

МУХУЛАЙ

Залайр аймгаас гаралтай, үе улиран Онон голын зүүн биеэр нутаглаж явжээ. Тэлэгэт баяны үр сад юм. Мухулай 1179 онд мэндэлжээ. 1197 онд Чингис хаан Жүрхэн нарыг байлдахад Тэлэгэт баян хөвгүүд, ач нараа дагуулан ирж Чингистэй нөхөрлөн Чингисийн дүү Хасарт тэднийг өгч идэрхэн үеэс нь үйлчлүүлжээ. Тэр цагт Тэлэгтийн хүү Мухулай залуухан байв. Ингээд Мухулай өсөж эрийн цээнд хүрч, энэ цагаас Мухулай Чингисийн хамт дотоод, гадаадад олон дайнд зэрэгцэн явж сүүлдээ хойд Хятадыг (алтан улсыг) захирсан их ноён болсон байна. Иймээс түүнийг Гуо ван буюу улсын ван гэдэг.
Өрлөг жанжин Мухулай тэр үеийн олон үйл хэрэгт оролцон явсаар 1223 онд нас баржээ. Го Мухулайн албат нь одоо Монгол улсын Халхын доторхи Залайр овгийнхон хийгээд Өвөр монголын өөртөө засах орны Ордос нутагт суугаа Шар дархадын нэг хэсэг болно.

МЭНЛИГ ЭЦЭГ

Мэнлиг нь хонхотаны Чарха өвгөний хөвгүүн билээ.
Тэмүжинийг есөн настай байхад Есүхэй баатар түүнийг Дэй сэцэнийд орхиж буцах замдаа татааруудад хорлогдож, гэртээ хүрээд улам дорой болж өгүүлрүүн: Дотор минь муу байна. Зэргэлдээ хэн байна гэвэл Хонхотаны Чарха өвгөний хөвгүүн Мэнлиг байна гэвэл түүнд Есүхэй өгөөлрүүн: - Мэнлиг хүү минь! Хүүхдүүд маань балчир бөлгөө. Би Тэмжүн хүүгээ хүргэдэд талбиж ирэх зуур татаар иргэдэд хорлогдлоо. Дотор минь муу байна. Нялх хоцорсон дүү нараа, бэлбэсэн бэргэнээ асрахыг чи мэд. Хүү минь Тэмүжинийг хурдхан явж авч ир. Мэнлиг хүү минь гээд нас нөгчив. Мэнлиг эцэг ч хурдан явж Тэмүжинийг авч иржээ. Үүнээс хойш Мэнлиг Есүхэй баатрын гэрээсийн дагуу Өэлүн эхэд түшиг болж байжээ. Энэ тухай Тоссоний зохиолд, Есүхэй баатар нас барсан хойно Тэмүжиний эх Өэлүн үжинтэй энэ Мэнлиг залган суулаа гэдэг. Гэвч энэ нь тодорхой баримтгүй.
Ах дүү Тайчууд бэлбэсэн Өэлүн үжинийг их бага хөвгуудтэй нь орхин нүүхэд Мэнлиг эцэг ч айл өрхөө салган нүүсэн гэдэг.
1190 онд Далан Балжууд гэдэг газар болсон Арван гурваны гарын байлдааны дараа Жамухын захиргаан дор байсан Уруудын Жүрчидэй, Мангуудийн Хуйлдар нар аймгаа удирдан мөн Хонхотаны Мэнлиг эцэг долоон хөвгүүнээ дагуулан Чингис хаанд нийлэн иржээ. Эдгээр хүмүүсийг ирэв хэмээн Чингис хаан баясаж Ононы шугуйд том хурим хийжээ.
Харагчин гахай жил буюу 1203 оны хавар Жамух, Нялх Сэнгүм нар хуйвалдан Чингисийг барих арга зохион мөнөөхөн тэд Чаур-бэхийг гуйсан бөлгөө. Одоо багалзуур идэхээр урьж ируулж барихаар шийджээ. Чингис хаан уригдаж арван хүнтэй явах зуураа Мэнлиг эцгийн гэрт хоновоос Мэнлиг өгүүлруун: Чаур-бэхийг гуйхад биднийг доромжилж үл өгсөн бөлгөө. Эдүгээ яахан эргэж багалзуур идуулэхээр урих болов.Өөрсдөө ихэрхэгч хүмүүс яахан гэнэт эргэж өгье хэмээн урих бөлгөө? Зөв үү, тав уу ямар сэтгэл буй. Хөвгүүн ухаж одох биз. Хавар болов. Бидний адуу туранхай буй. Адуугаа тэвээрүүлье хэмээн шалтаг илгээе гэж үл одон өөр хүн илгээж, Чингис хаан Мэнлиг эцгийн гэрээс харив. Ингэж Мэнлиг эцэг Чингис хааныг зайлшгүй аюүлаас аварсан билээ.
1206 онд Чингис Монголын Нэгдсэн улсын хаан болоод, гавьяатныг шагнахдаа Мэнлиг эцгийн ач тусыг магтан, ялангуюа Ван хан, Сэнгүмийн хуйвалдааныг илчилсэн тухай дурдаж, энэ тэргүүн суудал суулгаж, он бүр осолдохгүй, сар бур саатахгүй сайшаал шагнал өгч бай хэмээн зарлиг болжээ.
Мөн 95 хүнийг мянгатын ноёд болгосноос эн тэргүүнд Мэнлиг эцгийн нэрийг дурьджээ. Мэнлиг эцгийн ургийнхныг ч мөн өндөр албан тушаалд тавьсан. Үүнд түүний хөвгүүн Хөхчүг төрийн зайран болгож, мөн өөр нэгэн хөвгүүн Их Нэгүринг түмэн хишигтний мянган хүний захирагчаар томилжээ. Бас нэг хөвгүүн Толон чэрби нь мянганы ноён байсан.
Гэвч Мэнлигийн хөвгүүн Хөхчу нь Чингис хаантай сөргөлдсөнөөс амиа алджээ. Чингис хаан Мэнлиг эцэгт хэлрүүн: Хөвгүүдийнхээ авир занг үл ятган бидэнтэй тэнцэхийг бодож явсаар Тэв Тэнгэрийн толгойд хүрэв та нар! Дээгүүр авираа татсан бөгөөс Мэнлиг эцгийн урагт хэн тэнцэх бөлгөө хэмээжээ.
Үүнээс үзэхэд Мэнлиг эцгийн хүргэсэн тусыг Чингис хаан хэрхэн үнэлж байгаа нь харагдаж байна.

НАЯА НОЁН

Нүцгэн Баарины ширээт өвгөний хүү. Тайчуудийн иргэн. Чингис хаан Тайчуудтай байлдахад түүний талд орж, хан эзэн Таргудай Хирилтугийг эцэг эх хоёрынхоо хамт барьж авчиржээ. Тэгээд хэлсэн нь:
- Одоо Таргудай Хирилтугийг эндээс тавьж буцаагаад бид Чингис хаанд биеэр очиж ингэж хэлье: Бид Чингис хаан чамд хүчээ өгөхөөр ирэв. Бид Таргудайг барьж ирж явтал хан эзнээ харийн хүнд яаж барьж өгөх вэ гэж халшран өрөвдөж замдаа тавьж буцаагаад, өөрсдөө танийг бишрэн дагахаар ирэв гэж хэлье гэвэл Наягийн үгийг эцэг хөвгүүд нь зөвшөөрч Таргудай Хирилтугийг Хутухул нугаас тавьж явуулав.
Нааяа ноён Хулан хатныг Чингис хаанд цэвэр ариунаар хүргэн ирж итгэгдсэн болой. Нааяа ноён төвийн түмний захирагч байв.

ӨГӨӨДЭЙ(1186-1241)

Чингис хааны их хатан Бөртэгээс төрсөн гурав дахь хүн. Чингис хааны дараа Өгөөдэй монголын их хаан болжээ. Өгөөдэй нь эцэг Чингисийг амьд байхад Ван хааны цэрэгтэй байлдан шархдаж байв. Алтан улс, Хорезмын эсрэг дайнд цэрэг удирдан оролцож байв.
Өгөөдэй багаасаа ухаалаг, уян зөөлөн сэтгэлтэй, голч, шударга, зарчимч, юмны нарийн учрыг олохыг эрмэлздэг, үсэг бичиг мэддэг болж өсчээ. Тийм ч учраас гурван хүү нь Хорезмыг эзлэх дайнд бие даан мордохдоо:
- Бид хэнийхээ үгээр явах вэ? хэмээн өчиж илгээвээс чингис хаан:
- Өгөөдэйн үгээр явагтун гэж зарлиг буулгажээ.
Чингисийн дараа Монголын их хааны орыг зүй нь ахмад хөвгүүн Зүчи залгамжлах ёстой байжээ. Гэтэл Зүчи Бөртэ хатан мэргидэд олзлогдож байхдаа гэдсэнд олж ирсэн хүүхэд гэж Чингисийн алтан ургийнханд шоовдорлогдож байжээ. Хоёр дахь хөвгүүн Цагаадай бол догшин шируун араншинтай хүн байв. Түүнийг хаан өргөмжлөх гэхэд Зүчи бас зөвшөөрөхгүй байв. Иймээс гурван хөвгүүн Өгөөдэйг их хааны орыг залгамжлуулахаар Чингис хаан өөрөө шийдвэрлэжээ. Энэ хэрэг Дундад Азийг байлдан дагуулахын өмнө болсон юм. Энэ талаар Монголын нууц товчоонд тодорхой өгүүлсэн байдаг. Зүчи, Цагаадай хоёр их хааны оронд Өгөөдэйг өргөмжлөхийг эцгийнхээ дэргэд зөвшөөрсөн юм. (Ахмад хөвгүүн Зүчи нь Чингис хааныг амьд байхад нас баржээ).
Чингисийг нас барсаны дараа эцгийнхээ гал голомтыг сахиж үлдсэн отгон хүү Тулуй төрийн хэргийг түр хамаарч байгаад 1229 онд Хэрлэнгийн Хөдөө арал гэдэг газар их хурилдай хийлгэн Өгөөдэйг хаан өргөмжилжээ.
Өгөөдэйг хаан өргөмжлөх ёслолд Зүчийн хөвгүүд Бат, бэр нар, Цагаадай хан хөвгүүнийхээ хамт, Отчигин, Бэлгүдэй, Алчидай нарын зэрэг ойр төрлийн ноёд зүг бүрээс ирж оролцсон байна. Өгөөдэйг хаан өргөмжлөхөд бүгдээрээ малгайгаа авч бүсээ тайлан хүзүүндээ тохож, Цагадай баруун талаас, Тулуй зүүн талаас түшиж, Отчигин ар талаас тулж хаан ширээнд өргөн суулгажээ. Тулуй авгатаа сүү өргөн барихдаа бүх хуралдагсад ёсон удаа сөгдөн Их хаан гэж өндөр дуугаар дуудан өргөмжилжээ.
Чингис хааны амийг сахиж байсан хэвтүүл, хорчин, мянган торгууд, хаан эцгийн шадар явсан түмэт хишигтнийг Цагадай, Тулуй хоёр Өгөөдэй хаанд өгөв. Голын улсыг мөн ёсоор Өгөөдэй хаанд өгчээ.
Өгөөдэй төрөл төрөгсөд, бүх цэрэгтээ гурван өдөр дараалан хишиг өглөг тарааж, бас улсын дотроос дөчин тооны гоо үзэсгэлэн охидыг сонгон авч торго магнаг өмсгөн алт, эрдэнийн чулуугаар чимэн зассаны дараа аргамаг хүлэг морины хамт алж, эцэг Чингис хаанд эртний заншил ёсоор тахилга өргөжээ.
Өгөөдэй хаан болоод эцэг Чингисийн төрийн бодолгыг цаашид үргэлжлүүлэв. Чингис хааны үед дагаж шийтгүүлж байсан бүх зарлиг тушаалд ямар ч өөрчлөлт нэмэлт оруулахгүй хүчин төгөлдөр хэвээр явуулна гэж тусгай зарлиг гаргажээ.
Чингисийн дэргэд алба хашиж байсан бичгийн хүн Елюй-Чуцай Өгөөдэй хааны зөвлөхөөр ажиллав. Тэрбээр Морин дээр байгуулсан улсыг морин дээрээс жолоодож болохгүй гэж сануулаад хятад мэтийн орнуудыг Хятадын өөрсдийн нь хуулиар захирах хэрэгтэй гэж зөвлөжээ.
Өгөөдэй 1234 онд Алтан улсыг эзлэн авав. Өгөөдэй алба татварын ажлыг эмх цэгцтэй болгох зорилгоор 1229 онд хааны санд хураах улсын нэгдсэн алба татварын хууль гаргажээ. Өгөөдэйн авч явуулсан бас нэг арга хэмжээ бол уургын улааг устгаж, улсын өртөөг өргөтгөн байгуулсан явдал юм. Өртөө замыг зөвхөн Монгол орны дотор төдийгүй бүх Монгол гүрний уудам нутагт байрлуулсан байна. Өгөөдэй хааны зарлиг ёсоор Цагадайн улс, Батын улс тус тусдаа салбар өртөөг угтуулан байгуулжээ.
Өгөөдэй нийслэл Хархорумд 1235 онд орд харш байшин барилга нэмэн бариулж, хотыг тойруулан бэхлэлт хэрэм босгуулжээ.
Өгөөдэй хятадыг байлдан дагуулах ажлыг үргэлжлүүлэв. Түүний зарилгаар Чурамган ноён 1230 онд тсэрэг авч омнод Азэрбажианийг эзлэн аваад дараа н 1235-1239 онд Умард Азэрбаяжан, дорнод Гүрж, Армейнийг дахин довтолж, Гянжэ, Шамхор, Ани, Карс, Дэрбэнт зэрэг хотыг эзлэн авчээ. Монгол цэрэг 1231 онд Солонгост цөмрөн оржээ.
Өгөөдэй 1235 онд Хархорум хотод их хурилдай зарлаж, баруун зүгийн орнуудыг байлдан эзлэх хэргийг хэлэлцсэн байна. Баруун зүгийн орнуудыг байлдан эзлэх хэргийг тэр зүгийн газар орныг эзэмших эрхийг Чингис хаанаас соёрхогдсон Зүчийн хүү Бат хаанд эрхлүүлжээ.
Цагадай ханы зөвлөснөөр мөн дайнд Өгөөдэйн ахмад хүү Гүюг, Цагадайн хүү Бүри, Байдир, Тулуйн хүү Мөнх нар болон Чингис хааны Хулан хатнаас төрсөн Хүлгэн бас оролцжээ. Бат хааны зөвлөгчөөр 1223 онд цэргийн аялал хийж байсан Сүбээдэй жанжин явжээ.
Өгөөдэйн 1241 оны 12-р сарын 11-нд нас баржээ. Түүнийг бусдад хорлогдон үхсэн гэдэг яриа таржээ. Юан гүрний сударт, Өгөөдэй хаан хээрийн ордондоо Лалын худалдаачин Абдурхмантай шөнө орой болтол дарс ууж байгаад үхэв гэсэн байдаг.

1 comment:

Anonymous said...

Монголчуудад аллага, сүйрлээс өөр соёл иргэншил байхгүй, түүхийн номонд ч манай оронд үйлдсэн Холокостын гэмт хэрэг, харгис хэрцгий байдлын талаар өгүүлээгүй ч өнөөдөр та нар сул дорой улс болжээ.

: