Sunday, February 1, 2009

Ж.Пvрэв. Хvн чулууны мøрøøр

(үргэлжлэл 20-р)

Шударгыг эрмэлзэж яваад шуурганд уруудах нь бий

Ван Шисаны ач Лутхүүг баривчлан хийж байгаа мөрдөн байцаалт урьд нь эмзэглэж байсан нэлээд зүйлийг онгилон гаргаж ирэх уяаны нэг гогцоог олж татах сэжим болж ирлээ. Тэр гогцооноос татаж битүү савны тагийг нээх эрмэлзэлд Шархүү автан, зогсоо зайгүй элдвийг шүүн үзэж, холбогдол янз бүрийн хэрэглэгдэхүүн цуглуулж байв. Лю Жиминг хөнөөсөн этгээдүүд илрэх байдал гарч ирэв. Зөвхөн Хүн чулууг Агьтын хөндийд аваачиж суулгасан этгээдээр барахгүй, сүүлийн жилүүдэд гарсан зарим ноцтой хэрэг Лутхүүгийн мэдүүлгээс үзэхэд тухайлбал, автомашины засварчин Люг таньдаг байсан Сюй овогтын садан төрлийн Хо овогт, Цуй овогт (монголын харъяат) хоёр хүн, бусад нэг санаатан этгээдээсээ нэлээд их хэмжээний “хөлс” мөнгө аваад, амьтны хөлийн сиймхий харж байгаад ганцаараа үлдсэн тэр ажилчны байранд сэм орж дэргэд нь байсан түлээний сүхээр гавал руу нь цохиж алаад, мөр буруулан зугатсан. Тэд уг хэргээ чадмагаар нуун далдалсан учраас бараг арваад жил хэнд ч сэжиг авахуулалгүйгээр дарагдуулж байсан. Тэднийг алуурт дуудсан нэг гол хүн нь барилга засварын ажилчин Ван овогт Сүгсээ болно.
Сайхи хүн бол байн байн өөрийн эзнээс нэлээд хэмжээний мөнгө авдаг учраас тагнуулын болон хорлон сүйтгэх хэрэгт зарах гарын бэл сайнтай байдаг. Лю овогтыг алсан Хо овогт нь Монголын ямааны ноолуур бөөнөөр авч өмнө зүг рүү худалдаалах ажил эрхлэн нэлээд хэдэн жил ажиллаад өнгөрсөн жил гэнэт эхнэр хүүхдээ авч Монгол нутгаас бүрмөсөн гарч явсан. Одоо хаана байгааг мэдэхгүй. Түүнийг ингэж хил нэвтрэн гарахад нөгөө муу хэрэг хамт үйлдэж явсан Цуй овогт нь дахин дахин ангийн үс их хэмжээгээр улсын хил нууцаар давуулан худалдаа хийсэн хэрэгт холбогдон баригдаж мөрдөгдсөн явдал түлхээс болсон. Цуй овогтыг баригдахаар Хо овогт хүн урьд хамтарч үйлдсэн хэргээ илэрнэ гэж айн зугтаж хил давж явсан гэж Лутхүү мэдүүлэг өгчээ. Энэ хэрэгтэн этгээд өөрийгөө одоо “газар хулгайлан эзэгнэх гэж оролдсон” хэргээ хөнгөвчлүүлэх гэж санаархахдаа “Ерөөс Монгол улсын тусгаар тогтнолд занал учруулах улс төрийн гэмт хэрэг үйлдсэн”, “Эх орноосоо урван харийн тагнуулын хэрэгт биеэр туслан тэдний төлөөнөө үйлчлэх болсон” хэмээн хүнд хэрэг үүрүүлнэ гэж айхдаа бусдыгаа барьж идэх замд шууд орсон аж.
Энэ этгээд ийм аргад шилжсэн нь Монголын мөрдөн байцаагчид, түүнийг хянаж яваа Шархүү нарт ёстой л дотор нь орсон юм шиг мэдрэгдэж байлаа. Лутхүүгийн өгч буй мэдүүлэг бодитой эсэхийг шинжлэн судлаж, холбогдох газар, хүмүүсээс лавлаж үзвэл энэ хэрэгтэн үнэн зөв гэж үзэх үндэстэй зүйл мэдүүлжээ гэхээр байлаа. Хэргийн эцэст Лутхүүд чухам ямар ял шийтгэл үзүүлэх нь Шархүүд хамаагүй, түүний хэрэг нэгэнт илэрсэн учир уг явдлыг шүүхийн байгууллага шийдвэрлэх ёстой, тэр журмаараа л эцэслэх нь мэдээжийн хэрэг байв.
Шархүү өөр нэг ээлжит том хэргийн төлөө хүч дайчлан ажиллах хэрэгтэй боллоо. Тухайлбал, судлагдан илэрч байгаа бусад нэлээд ноцтой хэрэгтэй амин холбоотой гэх үү, Хүн чулууг Агьтын хөндийд аваачиж суулгасан, түүний бодол санааг тодорхойлон бичиж уг чулуунд хийсэн, тэр тэмдэгт газраа эргэн шалгаж “сэргээн” лавшруулж байгаа, Монгол улсад чин шударга үзлээр зүтгэж явсан Лю овогт иргэнийг хөнөөх хэргийг зохион байгуулсан, мөн ялгаагүй сайн сэтгэлт, улс орондоо үнэнч зүтгэл гарган явсан Цэвээний Балжин хэмээх Банзарын амь насыг сүйтгэсэн хэргүүдийг шууд, шууд бусаар зохион байгуулж, дэмжиж тэтгэн өөгшүүлж байсан Ван овогт Сүгсээ өдгөө юу хийж байгааг нарийвчлан судлаж, түүнийг илрүүлэх хэрэгт бүх хүчээ зориулан ажиллах ёстой боллоо. Ингэх ч гэж түүний удирдлага давтан даалгаж байгаа билээ.
Шархүү тэр зүгт анхаарлаа бүрэн хандуулан ажиллаж эхлэв. Уг хэрэг илэрхий байгаа мэт боловч чухам яг барьж аваад урьд нь ажиж туршсан зүйлүүдээ одоо нэгтгэн шалгаад үзэхээр нэлээд төвөгтэй гэх үү, Сүгсээ хаширлан гишгэсэн мөр болгоноо эргэн харж далдлан явдаг этгээд болохоор түүний үйлдсэн юм болгон давхар давхар бүрхүүлтэй, мөр нь далд гэх үү, хэтэрхий балархай, танил талууд нь чухам хэн болох нь гүйцэт мэдэгдэхгүй байгаа билээ. Энэ бол сайхи хүнд “этгээд”, “зориудын” гэж үүрүүлэх аргагүй гэх үү, түүнийг жинхэнэ тагнуулч хүн тэр байвал зохих ёсоороо байна гэж үзэх учиртайг Шархүү сайн мэдэж байлаа. Байдал ийм болохоор Сүгсээг урьд мөрдөж явсан замаараа шийдвэрлэхэд учир дутагдалтай гэх үү, түүнд ултай хандахгүй бол өөрийг нь дал мөрөн дээрээс шүүрч аваад хөлгүй ногоон замагтай усан дотор шигтгэж орхих аюул байгааг сайхи эр мэдэж байв. Тэгэхдээ Шархүү бас бэмбэгнэн сүрдэж ухарч болохгүй гэдгээ ч өөрөө тунгаан бодож байв. Чухам хэрэг дээрээ хүчээ авч загсарсан хоёр бууран тэмээ хоорондоо тэнхээ мэдэн тулалдах гэж байгаатай төсөөтэй явдал болж байв.
Шархүү өөрийн төлөөний ажилладаг зарим хүмүүсээ Ван овогтын тойронд тавьж хяналт хийлгэж эхэллээ. Ирж байгаа мэдээнээс үзвэл Сүгсээгийн авгай, “Сэвэгнүүр” хочтой Пунсал захын том дэлгүүрт ороод дотнын танил худалдагчдаа “Бусдад битгий хэлээрэй! Өвгөн маань нутагтаа даруй очоод ирэх бодолтой байгаа. Бээжинд хүний гар дээр тавьж орхихоор монгол маягийн аятайхан юм чамд юу байна вэ?” хэмээн сэм асуусан байна. Энэ үг Шархүүгийн чихэнд харван орж ирмэгц “За, сайхи хүн хэрэг бишдлээ шүү. Сүгсээ Лутхүүг баригдлаа гэж дуулмагцаа биеэ буруулж далд ичих ноохойгоо засаж байгаа байж. Тэгэхдээ Бээжинд нүүр алдахгүй очихын тулд гарын бэлтэй явах нь ээ? Тэгэлгүй ч яахав. Тэрээр хил даван зугтаасан оргодол шиг биш, өнгөн дээрээ хөлтэй панз маягтайгаар нүүрээ тэдэнд үзүүлэх гэж бодож яваа бололтой. Тэнд ичих ноохойгоо засаж орхиод хүүхдүүдээ эргэн авна гэж бодож байж ч магад. Эхнэр Пунсалыгаа ч хог дээр орхиод л шилээ харуулах биз. Туршлага эдэнд бий” гэж бодсон байна.
Шархүү галт тэрэг, нисэх онгоцны пиу-тасалбар бичдэг газар байгаа өөрийн сүлбээний хүмүүст Сүгсээгийн овог нэрийг өгч хяналт тавин, тийм хүн тасалбар авбал өөртөө нэн яаралтай мэдэгд гэж даалгажээ. Бас нисэх буудалд ажилладаг өөрийн төлөөний ажилтан Готовтоо “Ван овогт Сүгсээ мөр буруулах бололтой мэдээ байна ...” гэж мэдэгдсэн байна. Шархүүг ингэж зохих байгууллага, хүмүүстэй холбоо барьсаны маргааш нэн чухал хоёр мэдээ сайхи хүнд зэрэг шахам ирсэн нь: нэгд, агаарын онгоцны тасалбар түгээдэг газраас “Сая манайхаас Сүгсээ гэдэг иргэн хүн өнөөдрийн суудлаар Бээжин орох пиу авлаа” гэжээ. Энэ мэдээг Шархүү авмагцаа гэрээсээ гарахаар завдан хувцаслаж байтал утас хангинан “Нисэх онгоцны буудлаас Го ярьж байна. Манай үзлэгээр Ван овогт Сүгсээ гэгчийн тээшинд гадагш гаргах хориотой зүйл үлэмж байгаа тул түүнийг түр саатуулж байна. 40 минутын дараа Бээжингийн онгоц ниснэ. Та ирж манай ажилд туслаач” хэмээн ярьсанд сайхи хүн яаран гарч, “цоохор морь” барьж унаад, Буянт-Ухаа руу үсэргэсэн байна.
Онгоц хөөрөхөд дөнгөж 8 минут дутуу байхад Шархүү гаалийн байцаагчийн тасалгаанд оржээ. Тэгэхэд “Амар байна уу?” гэж байгаа юм шиг Сүгсээ хэмээгдэгч Ван овогт энд харгалзаанд зогсож байж харагдан, Шархүүг занахын ихээр занасан нүдээр харж, огтхон ч хэнэггүй царайлан, ихэмсэг байдалтай янжуур тамхи сорон байлаа. Тэнд ахлах дэслэгч Готов байж сайхи хүнтэй гар барин уулзаад, Сүгсээгийн тээшнээс гарсан зүйлийг дэлгэн үзүүлэв. Үүнд гол нь манай хот, хөдөөгийн олон үйлдвэр аж ахуйн газруудын гэрэл зураг байв. Тэр зургууд дотор Агьтын хөндийд суулгасан Хүн чулууны гэрэл зураг хэд хэдэн хувилбараар байлаа. Бас хятад хийцийн зураг авдаг аппарат том, бага хоёр байв. Энэ бүгдийг үзэж байтал Сүгсээ ихэмсэгдүү байдлаар дуугаа өндөрлөн, шалгагч нарт хандан:
Наад юмнуудаа та нар авбал ав! Онгоц нисэх цаг болсон. Би явъя хэмээн шаардах байдлаар хэллээ. Шархүү түүний үгийг таслан:
Та битгий яар! Энэ онгоцоор та тэртээ тэргүй явахгүй гэвэл Сүгсээ хилэгнэсэн царай гарган, дуугаа улам өндөрлөж Шархүүд хандан:
Намайг энд саатуулах ёс байхгүй. Би Бээжинд хүнд өвчтэй хүн эргэхээр яаран очих ёстой хүн. Би энд саатагдах гэм хийсэн биш. Намайг одоо явуулж аль хэмээн зоримог байдлаар хэлээд шалан дээр шүлсээ хаяж байв.
Та одоо явахгүй. Таныг саатуулах юм хийсэн эсэхийг бид энд ярилцахгүй. Одоо та надтай хамт Улаанбаатарт эргэж очоод тэнд тусгайлан ярилцах болно гэж Шархүү угийн тайван зангаараа намуухан дуугарч хэлээд, тэнд байгаа утас авч:
Би Буянт-Ухаагаас ярьж байна. Эндээс хүн аваачих машин харгалзагчийн хамт түргэхэн явуулаач хэмээн хэн нэгэн албаны хүнд хэлэв.
Ван овогт баригдаж байгаагаа мэдэж царай нь хувиран, шүлсээ хаяж байснаа дороо хоёр алхаад Шархүүд хандан, биеэ тайвшруулах байдлаар:
Би таныг эртнээс мэддэг шүү. Би жаахан назгайрч байгаад хожигдлоо. Уг нь би чамайг барьж авч болох л байсан биз гэж хэлэв.
Шархүү дотроо ихэд эгдүүцэв бололтой царайгаа улайлган хувиргаж, дуугаа чангаруулан:
Чи шүлсээрээ наад шал битгий бузарла! Олон юм бүү чалч! Чи баригдсан. Чамайг Монгол улсын хууль сахиулах байгууллага барьж байна гэж хэлээд, байцаагч нарт дахин:
Энэ этгээдийн биед дахин үзлэг хий! Биед нь ямар нэгэн зэвсэг, элдэв эмийн зүйл, мөнгө төгрөг байвал хураа хэмээн тушаангуй байдлаар хэллээ. Ван овогт Сүгсээ яах ч аргагүй болсноо мэдэж биеэ нэгжүүлэхдээ амаа ангалзуулан байснаа:
Намайг ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй гэдгийг на нар тэмдэглэлдээ бичих биз гэсэн ганц үг хэлээд уртаар санаа алдан гөлийж зогсов. Энэ хэрэгт Шархүүгийн сэтгэл хангалуун байлаа.
Цагийн зүү салхинд хийссэн шувууны өд адил хурдан өнгөрч байв. Юм бүхний хөдөлгөөн тийм байлаа. Шархүү сүүлийн үед болж өнгөрсөн, өөрөө биечлэн оролцож шалгасан хэрэг явдлуудын тайланг бичиж бас л зав муутайхан байв. Шархүүгийн гаргаж өгсөн тэр тайлан, түүний удаа дараа гаргаж харъяалах даргадаа барьсан илтгэх хуудасны дагууд хэрэгтэн Ван овогт Сүгсээгээс холбогдох албаны хүмүүс мэдүүлэг авч, байцаалт нэлээд удаан үргэлжилж байгаа боловч сайхи хэрэгтэн асуугдаж байгаа зүйлийг орооцолдуулан ийш тийш нь цацах санаагаар будлиантуулж байгаа ч гэсэн яг тулган асууж байгаа зүйлээс бултаж чадахгүй, зонхилох хэргийг хүлээж байгааг Шархүү сонсож мэдээд сэтгэл тайван байдлаар ажлаа хийж суув.
Ван овогтын мөрдөн байцаалт гурван сар үргэлжилсэн байна. Том хэрэг түүнээс ч илүү удаан үргэлжилдэг ёс бий. Түүнд хэн ч яаран гоомой шуурхайлж болохгүй билээ. Сүгсээ өөрийн авч гарах гэж байсан зүйл дотроос олдсон Агьтын хөндийд суулгасан Хүн чулууны зургийг тайлбарлахдаа:
Энэ зургийг би монгол газрын үзэмж болгон шохоорхон үзэж, аппаратынхаа чадлыг сорих гэж авсан. Тэр чулууг би мэдэхгүй, тэнд байрлуул гэж хүн явуулаагүй. Тэр надад огт хамаагүй гэж зүтгэж байгаа боловч байцаагчаас тавьсан:
Тэр чулууг чи гараагаа босгоогүй боловч, Монголд амьдардаг, эх тусдаа, эцэг нэгтэй дүүгээ тэр хэрэгт чи зарсан байна. Чи тэр хэрэгт зарцуулах хуучин ханшаар 5000 төгрөг өгсөн байна. Энэ үнэн шүү дээ. Бид чамайг гүтгээгүй байна. Тийм биз дээ гэж асуухад хэрэгтэн хаашаа ч зайлах замгүй болохоор баахан түгдэрч байснаа:
Би өршөөл гуйя. Болдог бол би өөртөө ногдох ялаа Хятад нутагт очиж эдлэх хүсэлтэй байна. Ингэж л намайг өршөөж болгоо гэжээ. Ван овогтод ямар ял оноох, хаана, яаж эдлүүлэх нь Шархүүд хамаагүй хэрэг билээ.
Байдал ийм янзтай явж байтал тэр нэг өглөө хурандаа Соном ахмад Шархүүг өрөөндөө одоохон ороод ир гэж дуудлаа. Бас нэг ноцтой шинэ хэрэг гараа юм болов уу, намайг ажилд зарах гээ биз хэмээн сайхи эр бодсоор газрын даргын тасалгаанд орж номхон зогсоод:
Хурандаа таны дуудсанаар ахмад Шархүү ирлээ гэж илтгэвэл Соном дарга сулхан инээмэр болж, чухал хэрэг ярьдаг ёсоороо зөвшөөрөл олгоод, түгдрэнгүй байдлаар:
За нөхөр Шархүү, та бид адилхан ажлаасаа халагдах боллоо. Энэ бол Засгийн газрын шийдвэр гэж мэдэгдэв.
Өө тийм үү? Яагаад халагдах болж байгаа билээ, нөхөр хурандаа? гэж Шархүүг асуувал Соном дарга бодол болон хэсэг зуур дуугүй байснаа:
Улсын аппаратыг цомхотгох, албан газруудын орон тоог цөөлөх зорилгоор Ерөнхийлөгч, Тэргүүн сайд нар тийм шийдвэр гаргаснаа сая манайд өгсөн байна. Бид дээд газраас гарч байгаа зарлиг шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Тэр үүргээ биелүүлэх ёстой болжээ.
Бусад газрууд бас л адилхан орон тоогоо хасаж байгаа юм уу?
За лав л Улсын прокурорын газрын Ерөнхий хяналтын алба, Ардын хянан шалгах хороо тэр аяараа, Сангийн яамны шалган байцаах хэлтэс татан буугдаж байна. Өөр бусад байгууллага яаж байгааг би мэдсэнгүй гэж дарга хэлээд үгээ дуусгав. Энэ хурандаа угийн үг цөөнтэй. “Мөн алж байна шүү” гэдэг үгийг хэлэх дуртай боловч энэ удаад тэр үгээ хэлсэнгүй, уулзалт төгсөв. Нэгэнт ажлаасаа халагдсан хүмүүс юугаа ярилцах билээ?
Шархүү гүдэсхэн зантай, шийдэмгий болохыг энд өгүүлэх хэрэгцээ алга. Сайхи эр ажлынхаа тасалгаанд орж ирээд бичгийн ширээгээ уудлан, хамаг юмаа цэгцэлж улсад хэрэгтэй болов уу гэсэн бичгийн зүйлээ ялгаж хавтаслаад, бусад элдэв ноорог, тэмдэглэл зэргээ ялган устгаад ялгасан хавтаст зүйлээ байгууллагын архивт тушааж өглөө. Ингээд хэдэн цаг ажил дээрээ байсны эцэст ном дэвтрээ ширэн цүнхэнд хийж бариад гэртээ гүйж очвол бие нь суларч өвчилсөн Цэрмаа үүд тайлж өгөн, нүүр өөд нь харснаа нэгийг ажив бололтой:
Чи өнөөдөр яагаад ийм эрт ирж байгаа билээ гэж асуув.
Өвгөн нь ажлаасаа халагдаад бүрмөсөн ирлээ.
Халагдаад аа? Чи яаж орхио вэ?
Би ганцаараа биш ээ. Манай Аюулаас хамгаалахаас 200 шахам хүн ажлаасаа халагдах болж байгаа гэнэ. Би тэдний эхний хэсэгт орж ажлын үнэмлэхээ хураалгаад ирлээ гэж Шархүү цөөн үгээр учирлав.
Пөөх! Юу гээч болж байгаа нь тэр билээ гэж Цэрмаа гайхав.
Шинэ цагийн аясаар байгууллагын орон тоог цомхотгож байгаа юм гэнэ. Манайд илүүдэл хүмүүс олон байгаа бололтой. Чи бодоод үз. 200 шахам хүн илүү байжээ гэсэн яриа гэрт болж тэд энд өөр ярилцах зүйл ч байхгүйтэй адил дуугаа цөөлөн, хамтарч үдийн цай бэлтгж эхлэв. Ингэхээс ч өөр яахав дээ.
Үдийн цайнаар Сэрээнэндоржийн авгай Туяа хуучин зангаараа “хоол буудах” бодолтой Шархүүгийнд гүйгээд орж ирлээ. Тэд найрсгаар шуугилдан уулзаж, гийчин бүсгүй буйдан дээр тавлан суугаад цай ууж эхлэв. Туяа Цэрмааг хараад жаахан ажиж байснаа эзэгтэйн биеийг овоо байгаа шив. Царай чинь өнөөдөр гялалзаж байна хэмээн эзэгтэйн сэтгэлийг урамшуулан ярьж эхэллээ.
Би өнөөдөр овоо. Хоёр хоногоос ажилдаа ордог юм уу гэж бодож байна гэж Цэрмааг хэлэхэд Туяа толгой сэгсрэн:
Чи тэгэж ажилд яараад яах юм бэ? Биеэ жаахан тордохыг бодсон нь дээр биш үү? Элэг ходоодны шинжтэй өвчин чинь тордлого шаарддаг гэдэг дээ. Чи эмнэлгээс гараад удаагүй байна. Эмийн чөлөөгөө сунгуул гэв.
Уг нь тийм л дээ. Тэгэхдээ өнөөдөр Шархүү ажлаасаа халагдаж орхилоо. Манайх гэдэг айл талхны мөнгөгүй болж хүүхдүүд өлсөнө шүү дээ хэмээн Цэрмаа учирлавал Туяа шүүрс алдан гайхширч хараад:
Яагаад Шараа ажлаасаа халагдаж байгаа хэрэг вэ? Эднийх эмзэг айл даа. Ямар дутагдал гаргаж орхисон хэрэг вэ, Шархүү гэж дуу алдах шахам асуулаа.
Би ямар ч алдаа гаргаагүй. Манайх орон тоогоо цомхотгон ажилтныхаа тэн хагасаас илүүг халж байна гэж гэрийн эзэн тайлбар хэллээ. Туяа гайхшран Шархүүг харж байснаа гэр рүүгээ утасдан Сэрээнэндоржид найз чинь ажлаасаа гарчээ гэж мэдэгдэв.
Гэрт бужигнаж байтал хаалганы хонх дуугаран Туяагийн нөхөр орж ирсэн дороо нүдээ том болгон:
Чи хө! Ямар ид шидийг үзүүлэн улсын албыг орхин ирээ вэ хэмээн амар мэндийн солио ч үгүй асуув. Сэрээнэндоржийн ийм үг яриатайг мэдэхгүй хэн байх вэ?
Шархүү гийчнээ буйдан дээр суулган болсон явдлыг дэлгэн ярьж танилцуулбал, Сэрээнэндорж толгойгоо маажин бодолхийлж байснаа:
Энэ чинь сонин сайхан явдал биш дээ. Шинээр төр засгийн толгойд гарсан хэдэн амьтад юу л хийх гэж байгаа бол? Учир явдлыг нарийн тунгааж чадах ухаан балар, бараг эх оронгүй гэж болмоор шахам хэдэн амьтан хэт дураараа загнан, улсыг хөмрөн онхолдуулах арга зам хайж ч байж мэдэх вий. Тэр Ардын хянан шалгах, Прокурорын ерөнхий хяналтын алба, танай яамны дотоодын хяналт, Сангийн яамны шалган байцаах хэлтсийг татан буулгалаа гэдэг чинь өөрсдөө ямар ч хяналт шалгалт үзэхгүйгээр улсын бүх хөрөнгөөр гараа угаана гэсэн үг. Тийм санаагаар хамаг хянадаг шалгадаг төрийн аппаратыг хусан хаяж байна. Үүнд өөр учир шалтгаан эрэлтгүй, эргэлзэх явдал байж болохгүй. Чи харж байгаарай Шархүү! Эд мөд удахгүй санхүү-эдийн засгийн хамаг өөдтэй өнгөтэй бүх юмыг луйврын аргаар хувьдаа авна. Тэр их хөрөнгийг гэр бүл, хамаатан садныхаа хүмүүст хувааж өгөөд, алт мөнгийг нь гадаадын банкинд шилжүүлэн тэнд хадгалуулж, мөнхийн угж болгон сорж суух хэтийн бодолтой байгаа бий вий хэмээн унжруудуу боловч болж байгаа хэрэгт бодитой дүгнэлт өглөө. Бодоод байхад Сэрээнэндоржийн хэлж байгаа энэ үг үнэнтэй нь илт аж.
Цаадуул чинь танайхыг юу гэж арга саам хийн аппаратын тал хувиас хэтрүүлэн хүмүүсийг нь халж байгаа бол? Хүн үнэмшмээр сонин шалтаг тэд гаргаа даа гэж Сэрээнэндорж лавлан асуув.
Яахав дээ. Манайхыг “монголчууд бид дотроо бие биеэ хянан шагайж харж байна гэдэг утгаггүй. Танайх бол төрд гадаад талаас ямар занал хийж байна вэ? Түүнийг цөөн хүний хүчээр тагнан мэдэж байвал зохино” гэж буурал сайд зарлиг буулгасан бололтой хэмээн Шархүү ажил дээр байхдаа бусдаас дуулснаа хэлэв.
За тэр дээ. Дотроо сайн муу ямар ч юмыг төр харах нүдгүй таг сохор болгож байгаад тэд улсын бүх хөрөнгө юмыг хувааж идэх далд санаагаар үүнийг хийж байна. Бодвол цаадуул чинь танай аль овоо мэдлэг чадвартай, ажлын дадлага олсныг нь халаа биз. “Бирдийн нүдэнд далай харам” гэдэг ардын үг үнэн шүү гэж Сэрэнэндорж хэллээ. Цэрмаа Туяа хоёр хамжин жаахан хоол хийж ширээн дээр таваг өрлөө. Гийчин эр замдаа дэлгүүрээс авсан шилтэй цэнхэрээ гарган ширээн дээр тавив. Хоол амттай, найзын үг үнэнтэй байлаа.
Гэрт яриа үргэлжлэн Сэрээнэндорж Шархүү, Цэрмаа хоёрыг дотроо энэрэх санаа өвөрлөн байхдаа “Эдэнд би яаж туслах вэ? Цэрмаа бие муутай болсон. Сая овоо хэд хоног эмнэлэгт хэвтээд жаахан засрал олсон боловч тэнхээ муутай байгаа. Уг өвчин нь ч нэлээн ужиг, удаан эмчилгээ шаардах байдалтай гэж эмч хэлсэн гээ биз дээ. Уг нь эр нөхөртөө халамжтай, багш хүн болохоороо хүүхдүүдээ сайхан хүмүүжүүлдэг. Бусадтай эвсэг. Ер нь л хэлэх өө багатай авгай сан. Одоо сэтгэл нь нэлээд зовуурьтай болж байгаа янзтай шив. Арга ч үгүй биз дээ” хэмээн бодож сууснаа Шархүүд хандан:
Өвгөн нь одоо чамд тус болох юу хэлэх вэ? Чи зах зээлийн их шуурганд өртөж эхлэв бололтой. Энэ бол юу ч биш. Бид ч бас тэр шуурганд балбуулна. Өөр бүр их хүчтэй давлагаан ирнэ гэж бодож байх ёстой. Түүнийг давахад сэтгэлийн тэнхээ мэднэ шүү! Миний найз одоо өөрөө бардам хийж чадах ажил олж хийхгүй бол амьдрал хүндэрнэ. Бид одоо өөрөө л өөрийгөө мэдэж шийдэх ёстой болжээ. Шархүү минь юуны өмнө Цэрмаагийн биеийг тэнхрүүлэх хэрэгтэй байна. Одоо энэ багш ажилдаа орно гэдэг таарахгүй дээ. Тэгээд байдлыг жаахан ажъя. Чи бол улсад хэрэгтэй юм хийж ирсэн. Уг нь чамайг элсэнд орхисон шалз адил хаях ёсгүй баймаар. Гэвч толгой дээр гарсан ноёдод тийм сэтгэл байхгүй, тэд өөрсдөө л гэдсээ цүндийлгэж авахыг урьтал болгож яваа шинжтэй. Туяа бид хоёр та нарт чадах бүхнээрээ туслахыг чармайна ... гэж элэгсэг дотно үг хэлээд гийчид маань явахдаа та нар дутагдаж гачигдаж байгаагаа нэрэлхэлгүй бидэнд хэлж бай гэж Шархүү, Цэрмаа хоёрт сануулаад тэднийхээс гарч одлоо.

Төгсгөл

Дээсэн дөрөөн дээр дэндэгнэсэн он жилүүд

Өдөр шөнө, өвөл зун ээлжилсээр цагийг элээх нь дэндүү амархан ч юм шиг. Нэг мэдэхэд цанаар гулгаж, нэг мэдэхэд уулын тагт гарч жимс түүнэ. Нэг мэдэхэд толгойд мөнгөн сор нэмэгдэж, үрийн үрийг тэврэн бүүвэйлж сууна. Ингэж нам дороос уулын оройд гарах сан гэж амьсгаадан, өндрийн хяр дээрээс намд буух сан гэж ойчиж босон гулсана. Ингэж байх нь энэ хорвоогийн жам мөн хэдий боловч тэр ёс горимыг хүч түрэн эвдэж, эргэх тойргоос нь гаргах гэж хар хүчээрээ ухаан балрууд зүтгэх нь төр түмэнд халгаатай аж. “Гай газар дороос, гахай модон дотроос” гэдэг үг ийм бартаан дунд мэндэлсэн биз.
Төмөрийн Шархүү нэлээд хугацаагаар ажил эрэн, өдий төдий албан газрын хаалгыг онголзуулсан боловч царайгаа нааш хандуулсан нь үгүй. Энэ нь сайхи хүн түмэнд нүүрээ барснаас биш, тус улсын 600 үйлдвэр хаагдан, 400 мянган хүн ажилгүй болоод, баахан сандал суудал хураагдсаны гай гэлтэй. “Танилын хуучин нь, дээлийн шинэ нь” гэгчээр Гонгорын Сэрээнэндорж уг нь “халуун тогоонд чанагдсан, сонор сэрэмж сайтай, хараа хурц хүн” гэж үнэнийг хэлж гүйсээр байгаад Шархүүг шинжлэх ухааны нэг хүрээлэнд ээлжийн жижүүр хийдэг ажилд оруулжээ. Энэ ч том тус. Их бага нь ялгаагүй ямар ч болсон хэдэн бор төгрөг бууж ирнэ. Энэ нь өвчин эмгэгтэй хүнд эм авах үнэнд нэмэр болдог. Байдал ийм байхад Цэрмаа хүүхний бие муудан байн байн эмнэлэгт хэвтэн эмчлүүлнэ. Тэр нь ч тун төвөгтэй. Тун саяхан цэвцийн гялалзаж байсан эмнэлэгт дэр дэвсгэр, цагаан даавуугаа авч очин хэвтэх болсон. Энэ ч гайгүй хэрэг. Эмийн үнэ огцом дээшээ үсрэн уудаг, тарьдаг нь ялгаагүй 1000-3000 төгрөгнөөс доош буухгүй болов.
Цэрмаа бас цөсний чулуу авахуулах мэс засал хийлгэх болов. Хөнгөн гартай, чадварлаг мэс засалч дайралдан тэр эмчилгээг төвөг багатай хийсэн боловч хагалсан биеийг оёдог утас нэгэн төө орчим арьс оёход хүрэлцэх нь даруй 50 мянган төгрөгний үнэтэй. Энэ мөнгийг өвчтөн хувиасаа гаргана. Шархүүгийн ээж аав хэдэн мал үлдээж дүү Гончиг, Навчаа нарын гар дээр өвлүүлсэн нь түүний ариун хишиг туслаж байлаа. Энэ дүү нар ахдаа тохиолдож байгаа зовлонг хуваалцаж байв. Цэрмаагийн дүү Гэрлээ, Очирмаа хоёр ч чадах чинээгээр гар сунган сүүтэй цайгаар таслахгүй байв.
Шархүүтэй хамт ажиллаж байгаад халагдсан бусад их бага хүмүүс мөн ялгаагүй гашуун юм амсан хорвоог элээж яваа ажээ. Тэдний өчүүхэн цөөн нь зах зээлийн жам ёсоор “гахай” чирэн Эрээн хот, Эрхүү, Чита хотоор нүүрээ улайлган явж гутал хувцас, алчуур саван, оо энгэсэгний будаг нааш цааш гүйлгэн тав арван юм цуглуулж амь амьдарлаа залгуулж яваа нь баярлууштай. Зарим хэд нь ганц нэг үнээ мал авч хөдөө гараад, тэр малынхаа дэлэнг шувтарч гол зогоож яваа аж. Зарим нь тариа ногоо тарьж ургуулан ашигтай ажил хөөцөлдъе гэтэл бүх сангийн аж ахуй, саалийн ферм, тэжээлийн станцууд цөм тарж бутран, бусдыг байтугай өөрсдийнхөө ногоочин, тариачин, техникчидээ яая гэх болжээ. Харин хотын ойролцоо хэдэн ам дөрвөлжин метр газар олж аваад, түүнийгээ уллаж хагалан төмс байцаа тарьсан ганц нэг нь шарж идэх ногоотой байгаа. Хоёр мэгж аваад түүнийгээ бордсон нэг эр тогоо тослох өөхтэй болов. Бас 15 ангаахай аваад түүнийгээ бордсон нэг нь зах дээр хувин дүүрэн өндөг бариад борлуулан хөл жийрэглэх гутал худалдан аваад явж байхыг Шархүү үзлээ. Энэчилэнгээр янз бүрийн л ажил нөхөд нь хийж эхэлсэн байна. Тэдний дотор албан хаагчийн ширээний ард суусан нь хуруудаж тоолохоор гэхэд болохоор байв.
Ингэж хөдөлмөрөөрөө амьдарна гэдэг үнэхээр бахархал. Бусдын бүтээсэн зүйлийг үнэн худал нь мэдэгдэхгүй элдэв улс төр, худалдаа-эдийн засаг гэсэн том үгээр халхавчилж байгаад хууран мэхлэж, луйврын аргаар авч баяжсанаас хөлсөө асгаруулан хөдөлмөрлөж яваад олсон юмыг өмсөж эдлэхэд, идэж уухад хоолойд тээглэхгүй, сэтгэл өвтгөхгүй нь бахдалтай. Уг нь зах зээлийн харьцаа гэдэг ингэж л хүн бүр хөлс шавхан юмжихын нэр байх. Гэтэл түүнийг хялбарчлаад, улс олон нийтийн юмыг уран үг, худал инээд, шунахай сувдаг сэтгэлээр жолоодуулан, ичих нүүргүйгээр дээрэмдэн баяжиж байгаа явдал шив гэж Шархүү бодох болжээ. Бодох гэж түүнд толгойгоо гашилгаж суух ч юм байхгүй, хамаг байдал нүдэнд ил байгааг хэлэх нь илүү үг дээ.
Шархүү бие муутай гэргийгээ асрах, ажлаа залгуулах гэж зогсоо зайгүй гүйсээр байгаа билээ. Эцгийгээ энэ байдалд хаврын яргуй адил цэцгэлж яваа Алтансүх, Гансүх хоёр чадах бүхнээрээ дэмжиж буйн зэрэгцээ тэд бас гэргий аваад хүүхдийн эцэг болж ажил нэмж байгааг дараашаан үзэх учиргүй. Энэ бол байгалийн жам ёс. Тэгэхдээ бие султай ээжид нь тэр зүг санаа тавих нэг том ачаа мөрөн дээр нь буун ирж байлаа. Хоёр хүүгийнхээ эхнэр, хүүхдэд Шархүү, Цэрмаа хоёрын аль нь ч бэрхшээсэнгүй, харин тэднийхээ бүлээн амьсгаанд сэтгэлээ дулаацуулан тэвэрч байхсан гэдэг хүслэнд автаж, ач нараа хараад инээж баясдаг болов.
Амьдралын тэрэгний дугуй ингэж өнхрөн танил найз нь Шархүүгийнд ирж, орчлонгийн наад цаадыг хүүрнэлдэн ярьсаар, Цэрмааг эмнэлэгт хэвтэхэд нь түүн рүү халуун савтай цай барин гүйсээр байгаа билээ. Энэ бол хүн чанарын том шалгуурын нэг мөн байв. Энэ л журмаараа Сэрээнэндорж намрын тэр нэгэн өдөр жижиг бидон савтай айраг барьсаар Шархүүгийнд орж ирэв.
Энэ эрдэмтэн амралтаараа хөдөө гарч нэг сувилалд очиж хэд хоноод ирэх санаатай Туяатайгаа хамт яваад Шаргалжуутын рашаанд очжээ. Тэнд дөрөв хоноход нэг ч шөнө нойр авахуулан амраасангүй. Ажиглаж байхад тэр амралтын дэргэд бүр захын худалдаа нээж орхисон, архи дарсыг нэмэгдэл үнээр өглөө оройгүй, тэр байтугай шөнө үүр цайтал худалдаж байх нь хачирхалтай санагдаж гэнэ. Тэнд Улаанбаатарт бий болсон хэдэн зуун ресторан, баарнаас илүү гарахаар согтуучууд зай завсаргүй гуугалан хашгирч байлаа гэнэ. “Ямар ч их мөнгөтэй, яасан ч завтай хүмүүс тэнд очиж бөөрөнхий толгойгоо алхан толгой болгож хувиргасан байна вэ? Бид бүр залхаж гүйцээд тэндээс гарч дүүгийнхээ муу ямбий тэргээр салгалан Хужиртын их алдартай байсан сувилалд ирлээ. Тэгсэн чинь энэ амралт олонх байр байшингаа хааж хаалгыг нь дарж хадаад, хэдхэн тасалгаанд цөөхөн архичин цуглаад бас л улангасан орилолдож байна. Яахаараа улсын амралт сувиллын газрууд ингэж хогийн сав, архичны үүр болдог байна вэ? Улс орон доройтохоороо юм бүгд нь зэрэг зэрэг нурж унадаг, эзэгнэсэн хүмүүс нь галзуу чоно нохой мэт болж дампуурахын ихээр дампуурдаг байна вэ? Би гайхаад учрыг нь олохоо байлаа. Бид Хужиртаас салж наашаа ирэх замдаа газар орны байдал харж явав. Урьд хөндий болгонд түмэн мал тойрч дүнгэнэн байсан нөгөө олон моторт худаг цөм байхгүй болж, байсан буурин дээр нь цементэн эвдэрхий онгоцны сэг, ёрдойсон төмөр хоолойны хугархай л байна.
Бид замдаа ус хайж худаг байсан 9 газар очиход цөм арилж үгүй болсон байх юм. Би даанч дээ, улс орон арай ч ийм болно гэж огт бодоогүй байжээ” хэмээн Сэрээнэндорж толгойгоо барин гайхширч яриад :
Үүнийг хэн ийм болгов оо гэж эзнийг нь эрэхэд монголчууд бид өөрсдөө л өөрийнхөө юмыг ингэж баллажээ гэж бодогдон “улсын эзэн” гэгдэж бидний толгой дээр сууж байсан хэдэн балай хүмүүсийг яагаад хууль сахиулах байгууллагууд дархлан “хүндэлж” орой дээрээ залах шахам байлгаж байгаа хэрэг вэ? Энэ бол түмэн олонд жигшигдсэн хэрэг. Өмнөд Солонгосыг хар даа! Тэнд хүмүүсийг хэлмэгдүүлсэн, улсын хөрөнгийг авлигын аргаар зальт этгээдийн халаасанд хийсэн Ерөнхийлөгч байсан хоёр хүн нь хууль ёсныхоо дагуу хугацаагүйгээр гянданд хоригдон сууж байна. Солонгос манай хоёр адилхан зах зээлийн харьцаат орон биз дээ. Гэтэл өдгөө улс орныг сүйрүүлсэн ардчилал, хүний эрх, зах зээлийн журам гэдэг хуурамч үгээр баг өмсгөл хийн олонд алдаршсан этгээдүүд улайран өрсөлдөж байж “дархан эрх” олж аваад, улсаас уутлаж авсан мөнгөөрөө өөрсдөдөө орд харш байгуулан, олон улсын хилийг дамжиж давхин наадаж байна. Тэд өөрсдийнхөө нурааж замбараагүй болгосон хамаг сүйрлээ урьдах нийгмийн буруу болгон тийш нь чихэж шилжүүлэх арга олж аваад их найрагч Данзанравжаагийн хэлсэнчлэн:
“Тангараг доройн бузарыг түгээж түгээж
Таньсангүй шиг суух тэмбүүтэй ертөнц” гэдэг л болж байна даа гэж Сэрээнэндорж ярихдаа улс орныхоо балран сүйрч байгаад харамссан сэтгэлээ барьж дийлэлгүй нүдэндээ нулимс цийлэгнүүлэн, царай нь янз бүр болж хувиран байлаа.
Уг нь монголчууд маань эх орноо ингэж сүйтгэмгүй сэтгэлтэй баймаарсан. Цагийн урсгал гэдэг энэ юм байх даа гэж Шархүү хэлэв.
Тийм ээ. Монголчууд эх орныхоо газар шороо, бусад бүх юманд гайхалтай их хайртай. Эртний Хүннү гүрний эзэн Модун Шанью хэлэхдээ “Хэн ч яаж ч сүрдүүлсэн сөөм ч газар битгий өг” гэж байсан, Баруун монголын хан Галдан “Бурхан гуйсан ч ямх газар өгч болохгүй” гэж хэлж байсан гэдэг дээ хэмээн хэлээд бодол болж сууснаа:
Уг нь манайх ч хүн олны маань шударга хөдөлмөрийн үр шимээр чамгүй зүйл хуримтлуулж чадаж л байсан юмсан. Одоо гудамжаар хэдэн зуугаараа гүйж яваа хөл нүцгэн хүүхдүүд, бөөн бөөнөөрөө хогийн сав ухан хатсан яс олоод мэрж байгаа хүнийг харахаар “Монгол хүн даанч ийм болж орхих гэж дээ. Би сүүлийн 50-60 жил гуйлгачин үзээгүй явсан” гэж бодохоос элэг эмтрэх шиг болох юм гэлээ.
Тэгээд бид одоо яах юм бэ гэж Шархүү асуув.
Бид яах юм бэ? Олдож байгаа ажлаа л үнэнч сэтгэлээр хийх хэрэгтэй биз дээ? Ажил хөдөлмөргүйгээр амьдрах арга алга. Эрхбиш ингэж мунгинаж яваад алсдаа зөв замаа олох шүү байгаа. Зөв зохистойгоор нь чиглүүлээд явбал ардчилал маань хэрэггүй юм биш л дээ. Манай эзэд улс орноо ардчилахаасаа урьдаар өөрсдөө халаасаа дүүргэж, их юмны эзэн болж авах гэж өрсөлдөн, улс орноо баллаж орхилоо

No comments:

: