Sunday, February 15, 2009

ЧИНГИС ХААНЫ ТАМГАТАЙ ЗАРЛИГ ЦАГААН ҮҮЛИЙН СҮМД БУЙ

Г.МЭНД-ООЁО

Чингис хаан Хорезмыг дайлаар мордохын өмнө Хятад газрын зүүн өмнөд аглагт даяанчлан суугаа бомбын шашны хутагт Чан Чунь аршид урилга илгээжээ. 1219 оны билгийн улирлын 5-нд монгол бичгээр үйлдсэн эл урилга Бээжин дахь Цагаан үүлийн сүмд 790 жилийн турш нандигнан хадгалагдаж буй аж.

Гол мөрнийг гатлахын тулд онгоц салыг үйлдмүй
Дэлхий дахиныг илбэн засахын тулд оюунт мэргэдийг залмуй

хэмээсэн гүн яруу утгат үгс бүхий энэ захидалд түмэн уулыг давж, мянган голыг гаталж Чингис хаантай уулзан найман сарын турш шадарлан дэлхийн эзэнд ном айлдсан Чан Чунь бомбо гэж хэн байсныг товч тодорхойлсныг үзвэл “Сурвалжлан мэдвээс Цю багш / Чан Чунь/ таны дүр байдал гэгээн тунгалаг, зан суртахуун чигч, үзсэн нь түгээмэл, сонссон нь оновчтой, эрдэм гүн, мэдлэг өргөн, ёсон ариун, зан төлөв эрхэм, Богд хүний оврыг агуулж эрхэм хувилгаадын суртлыг бүрдүүлжээ” хэмээсэн байна.

Чингис хаан Чан Чунь аршийг урьж буйн учир шалтгаанаа захидалд дурдахдаа “Багш та алс холын элсэн говийг бэрх хэмээн ажралгүй миний бие сэтгэлийг тохинуулах бодлыг өвөрлөн морилон ирвээс таны ширээн дээр хаан би биеэ ариутган үйлчилж багшийн сургаалийг эрхэмлэн хүлээмүй” гэжээ. Монголын түүхийн ховор чухал дурсгалт бичгүүдийг хадгалж буй Цагаан үүлийн сүмийг бид зоривой. Бээжин хотын баруун урд дүүрэгт орших бомбын /даогийн/ шашны эл сүмийг Чингис хаан мэддэг байсан ажгуу. Бээжинд суугаа эрдэмтэн, нэрт орчуулагч Я.Ганбаатар биднийг газарчилан Монголын түүхийн халуун мөрийг гэрчлэх дурсгалт газруудаар аялуулсны нэгэн сондор нь энэ болой. Чингис хаан энэ сүмийг хутагт Чан Чунь аршид соёрхон бэлэглэсэн гэх бөгөөд хожим нь Чан Чунь аршийг жанч халахад энд нь бунхлан оршоосон юм байна. Чан Чунь аршийг жанч халахаас гурван сарын өмнө тэнгэрт хальсан их эзэн Чингис хаанд зориулсан тахилын сүмийн үүдэнд Чингис хааны отгон хөвгүүн Тулуй төр барьж бүхийдээ 1228 онд бариулсан тухай хятад, англи хэлээр бичсэн байх юм. Сүмийн нэг дуганд “Чан Чунь бомбын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”-ийн дагуу уран баримлаар үйл явдлыг томруун сүрлэгээр дэлгэн үзүүлсэн нь энэхүү түүхэн агуу хоёр хүний уулзалтыг нүд хийгээд сэтгэлд тодорхойяа өгүүлэх ажээ.

Чингис хаан морин дэл дээр явж дэлхий дахиныг төвхнүүлэн тохинуулж дуусах цаг нэн дөхсөн хийгээд насны наран дээр хөөрсөн цаг дор тухайн үед ихээхэн алдартай хувилгаан Чан Чунь аршийг урьж мөнхрөх хийгээд урт наслахын ухааныг таньж мэдэхийн хамт мориноосоо буугаад улс хотлоор амар тайван аж төрөхүйн мэргэн сургаал юуныг өөрөө болон мэргэд сайдууддаа айлдуулахыг хүсч байжээ.

Чан Чунь арш улс, хотлоос урилга заллага олонтоо авсан боловч Чингис хааны урилгыг эрхгүйеэ хүлээн аваад нас хэвийсэн 73-ны жилдээ 20 шавиа дагуулан алсын аянд гарч хоёр жил орчим аялан одоогийн Афганстаны нийслэл Кабул хотын Гиндугушийн нуруунд 1222 оны өвөл очиж Чингис хаантай уулзжээ. Түүнийг дагалдан явсан шавь Ли Чжаны “Чан Чунь бомбын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл” хэмээн алдаршсан замын тэмдэглэл сурвалж бичгээс үзвэл Чан Чунь, Чингис хааны дэргэд бараг найман сар орчим байж олонтоо уулзаж, зам мөрийн сургаал хийгээд урт наслахын нууцын талаар ном айлджээ. Бомбыг буцахын Чан Чунь “Хаан хэлсэн нь: “Тэднийг алба гувчуураас чөлөөлөх хэрэгтэй гээд түүнд эзэн хааны тамга бүхий зарлиг гардуулав” гэжээ. Ийнхүү Чан Чунь аршийн Чингис хаантай уулзаад ээл ивээлд нь багтаж, санаж ирсэн хэргээ ч бүтээсэн аж. Чингис хааны зарлигийг дараах аль ч хаан үл өөрчлөх төрийн уламжлал олон зуун жил үргэлжилсэн нь мөнөөх зарлигийн бичиг сүм дор бат хадгалагдахын түлхүүр болсон биз ээ. Чингис хааны өрлөг сайдууд болон шадар ноёд ч мөн хэд хэдэн удаагийн айлтгалд нь суусан байна. Чан Чунь Монгол нутгийг зүүнээс баруун тийш нэвт туулан аялахдаа Хэрлэнгийн хөдөө аралд Чингис хааны отгон дүү Отчигинтой, Алтайн нурууны арын ордод хааны нэгэн хатантай уулзсан хийгээд Хэрлэн голын хөвөөн дэх Киданы суварга бүхий Хэрлэн барс хотын балгасыг үзэж, тэндээс кидан бичигтэй тоосго олдсон тухай чухал мэдээ уг тэмдэглэлд буй. Түүнчлэн Алтайн нурууны ард нэгэн балгаст ирэхэд тэнд будаа тариалангийн газар үргэлжлэн байсныг тэмдэглэсэн нь Чингис хааны зарлигаар Алтайн ард тариа тарьж байсан мэдээтэй таарч байна. Чингис хааны дотнын хүн Чингай чинсан энд Чан Чунийг угтан авч олон цэргээр хамгаалан баруун зүгт хамт аялсан байна.

Чан Чунь энд саатан үлдэж Чингис хааныг буцахад нь угтахаар богино хугацаанд Бомбын шашны олон дугантай сүм бариулж, есөн шавиа үлдээсэн байна. Цагаан үүлийн сүмийн хэрмийн дотор талд Чан Чунь аршийн аялалын замыг газрын зурагт томоор дэлгэн үзүүлснээс харвал хутагт бээр нутгаасаа холын аянд мордсон өдөр нь 1219 оны нэгдүгээр сарын 18 байх аж.

Судлаач, орчуулагч Я.Ган­баатар, түүхч П.Дэлгэржаргал бид сүмийн хэрэм дотор энэ мэтийг сониучирхан үзэж, элдвийг ярилцаж байх зуур Бомбын нэгэн залуухан лам хүрэлцэн ирэв. Я.Ганбаатар тэд урьдын танил ажээ. Өнгөрсөн жил манай Ерөнхийлөгч энэ сүмд зочлоход тэд уулзсан юм байна. Ламын нэр Ли Шинзун гэх бөгөөд сүмийн музейн эрдэм шинжилгээний ажилтан бөгөөд биднийг Монголын түүх, соёлын ажилтан, зохиолчид болохыг мэдээд

-Чингис хаан Чан Чунь гэгээнтэн хоёрын ярианы дэлгэрэнгүй эх нь янз бүрийн номд ороогүй нь хаан өөрөө нууцаа задруулж болохгүй хэмээн зарлигдсан болой хэмээн тайлбарласан. Бид түүнээс хэдэн зүйл тодруулсан юм.
-Танай сүмд Чингис хааны зарлиг бичиг хадгалагдаж буй талаар дуулсан.
-Тиймээ Чингис хааны хоёр бичиг байгаа
-Жинхэнэ эх нь мөн үү?
-Тийм.
-Монгол бичгээр байна уу?
-Монгол бичгээр бичсэн хоёр эх бичиг байгаа. Нэг нь Чингис хааны Чан Чунь гэгээнтнийг залсан урилга, нөгөө нь Чан Чунь багшид энэ сүмийг соёрхсон зарлиг бичиг юм. Хятад Улсын түүхийн нэгдүгээр зэргийн ховор чухаг дурсгалд бүртгэлтэй байдаг.
-Хоёр бичиг тамгатай байна уу?
-Тиймээ, хоёулаа тамгатай!
-Бид бичгийн эхийг үзэхээр ирсэн юм. Та үзүүлж болгооно уу?
-Одоогоор боломжгүй. Онцгой хамгаалалтад байх учраас олон газраас зөвшөөрөл авдаг журамтай. Тахилын сүм, зарим дуганд засвар хийж байгаа. Удахгүй засвар дуусаад түүхийн ховор чухаг эх дурсгалыг дэлгэн тавина. Тэр үед ирж үзэхийг уриад
-Чингис хаан, Чан Чунь гэгээнтний уулзалтын тухай эл эх бичиг энх тайван, дайн дажин, амар амгалангийн тухай олон чухал зүйл өгүүлсэн. Чингис хаан, Чан Чунь гэгээнтэн хоёр гурван сарын зөрүүтэй тэнгэрт хальсан бөгөөд тэд юу ярьсан, ямар нууц дохиогоор холбоотой байсныг хэн ч мэдэхгүй хэмээсэн.

Нэн удахгүй манай эрдэмтэн мэргэд найман зууны тэртээх монгол бичиг хийгээд хааны тамганы дардас бүхий нэгэн чухаг дурсгалыг судлан шинжлэх боломжтой болох нь ээ. Агуу их хүчирхэг тэнгэрийн мутраараа дарсан Чингис хааны тамганы дардас бүхий XIII зууны монгол бичиг, түүх соёлын хоёр гайхашигт дурсгал түүхийн товрог дундаас товойн гарч ирэх хугацаа нэн холгүй болжээ хэмээн бид бэлэгшээн ярилцаж тахил шүтээнд нь хүж өргөж сүмийн доторх мянган наст модноос адис аваад эгвэй.

Бээжинд төрийн томилол­тоор ажиллах хугацаандаа Монголынхоо түүх соёлын олон дурсгалын тухай судалж сурвалжилан ном бүтээлүүд туурвисан Я.Ганбаатар маань Ерөнхийлөгч Н.Энхбаярын захиалгаар “Чан Чунь бомбын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”-ийг монгол хэлнээ орчуулж дууссан аж. Энэ тэмдэглэл дотор Чан Чунь гэгээнтний бичсэн олон сайхан шүлэг, монгол нутаг, монгол ахуй, монгол газарт төрсөн сэтгэгдэл дүүрэн гэнэ. Чан Чунь гэгээнтний монгол газар бичсэн шүлгийн бадгаас Я.Ганбаатарын орчуулгаар толилуулбай.

Алтайн уулсын өмнө хормойгоор ус баруунш урсаад
Аглаг уулсад айлчилсан түмэн газрын намар.
Үзмэн сарны тунамал гэрэл зүүн уулнаас мандахуйяа
Охьюу өнгөт шүхэр усан болорыг хүлхэх мэт ээ.

Алтайн уулсын түмэн завьяа хүнгэнэх дуун тод,
Уулын агаар цэвэр ариун, шөнийн тэнгэр цэлмэг.
Төө биеийг илбэн гийгүүлэх тэргэл гэрэл илгээгч
Тэнгэрийн заадал, тунгалаг саранг нэн ч хайрламуй

Монголын хөх тэнгэр дор, мөрөн голын уснаас нь амсаж, цэнгэг агаараар нь амьсгалж бичсэн хутагтын шүлгүүд хүн төрөлхтний яруу найргийн сан хөмрөгт ийнхүү найман зууны дараа орж ирвэй. Түүх алсрах тусмаа бүдгэрдэг бус, агуу их түүх бол харин түүхийн манан дундаас гэрэлтэн тодордог хувь тавиланг, мөнх тэнгэр адисласан бус уу.

No comments:

: