Sunday, February 1, 2009

Ж.Пvрэв. Хvн чулууны мøрøøр

(үргэлжлэл 2-р)

Шарсан мөөгний тансаг амт

Хос хоёр ууттай мөөгөө ганзгалаад давхиж ирвэл ногоо сагсайн ургасан тэгш талбай дээр хүн чулуу бололтой нүүр ам нь балархай нэг юм өөдөөс нь харалган “нүдээр” ширтсэн шүү болж байгаа юм шиг зогсож байв. Сонирхогч хоёр мориноосоо буугаад тэр чулууг тойрон явж үзлээ. Тэнд хүн чулуунаас өөр илүү, дутуу юм алга. Тэр л ганцаараа цээлхэн ханхай хөндийг эзэгнэн байгаа янзтай мармийж хөхрөөд байж байх нь энэ.
Шархүү түүнийг үзсэн дороо царайгаа хувиргаад, хүн чулууны орчин тойрныг жигтэй гайхшран ажиглаж, ямар нэгэн зүйл эрэлхийлж эхлэв. Цэрмаа хүүг ажиглан “Яахаараа энэ хүн энд байгаа чулууг үзмэгцээ ингэж эхдээ зодуулсан хүүхэд адил урвайж орхино вэ?” хэмээн гайхав.
Би багадаа энэ хөндийд хонь мал хариулаад бишгүй л явж байсан. Манайх тэр харагдаж байгаа уулын наад, цаад суганд нутаглан, хавар намар энд ирж байдагсан. Тэгэхэд энд ийм хүн шиг чулуу байгаагүй дээ гэж хүү гайхшран ярилаа. Тэр чулууг тойрон бүр сайн үзвэл, түүнийг цүүцдэн цохиж хийсэн ор нь арилаагүй хэвээрээ байж харагдана. Түүний тойронд элдэв хүн амьтан оршуулж, “хөшөө” маягийн юм болгон босгосон шинж огт алга. Энэ чулууны дор ч тийм юм булаастай байгаа шинж үл ажиглагдана.
Энэ ч гарцаагүй хүн чулуу юм аа. Тэгэхдээ ур муутай оромдсон янзаар хийж дээ. Нүд ам нь ч бүдэг балархай гэж Цэрмаа хэллээ. Түүний үг үнэн байв.
Би учрыг нь ч олохгүй байна. Яагаад энд ийм чулуу бий болдог билээ гэж Шархүү хэлэхдээ дотроо нилээд гүнзгий зүйл бодож байгаа болов уу гэмээр нүүрэндээ шаргал өнгө тусган бодолхийлсэн байв.
Цэрмаа Шархүүгийн байдлыг харж байснаа гайхширсан янзаар:
Чи яагаад энэ чулууг сонирхоод байгаа юм бэ гэж асуув.
Энэ үү? Миний ажилд холбогдож магадгүй юм шиг.
Ямар ажил эрхэлдэг хүн бэ, чи? Өчигдөр чи хийдэг ажлаа надад хэлээгүй шүү дээ. Чулуугаар юм хийдэг газарт чи ажилладаг уу?
Үгүй дээ. Би НАХЯ-нд ажилладаг.
Танай яамныхан ингэж газар орон шинжилж байдаг юм уу?
Манай яамны ажилтан хүн улс орныхоо янз бүрийн юмыг харж судлан таньж мэдэж байх ёстой юм аа, Цэрмаа минь. Чи үүнийг хожим бүр сайн мэдэх болно.
Өө, Шархүү! Энэ хүн чулуугий чинь саяхан энд босгосон юм байна шүү дээ гэж Цэрмаа нэг зүйл санаа авахуулан хэлэв.
Чи саяхан босгосныг нь яаж мэдээ вэ, Цэрмаа?
Чи харахгүй юу. Цементээр газартай “нааж” бөхлөн тогтоосон байна. Чи хар л даа. Энэ чулуу эрт урьдын юм бол тэр цагт цемент гээч энэ хадны “цавуу” байгаа биз дээ. Цементийг сүүлийн үед хүн бий болгосон эд гэж би сонссон юм байна. Тийм үү, үгүй юу гэж бүсгүй хэлэв.
Шархүү байдлыг харж, дахин чулууг эргэн тойрч алхаж байснаа:
Чи зөв юм ажиж хэллээ. Үүнийг цементэн зуурмагаар шавж энд тогтоосон байна гэдэг чинь тун хачирхалтай юм байна. Тэгээд хүн энд яах гэж энэ зэлүүд хөндий дотор ийм хүн чулууг зориуд цементээр бөхлөн суулгадаг билээ? Үүнд ямар учир байж болох вэ хэмээн хүү бүсгүйд хандан асуулаа.
Тэд хоёулаа бодолхийлэн, орчныг харж нилээд зогсов.
Үүний доор хүн алт мөнгө, эд юмаа нууж булаад, түүнийгээ эрж олох тэмдэг болгон босгож тавьсан байж болох уу? Барон Унгерний алт нуусан газарт тийм тэмдэг бий, ийм хэмжээтэй газарт тэд олзоо нуусан гээд л учир нь үл ойлгогдох зүйл хүмүүс яриад байдаг биз дээ гэж Цэрмаа хэллээ.
Тийм ээ. Тэр ч бодууштай үг. Тэгэхдээ энэ хүн чулууны доор эд эрдэнэ булаастай байж таарахгүй. Толгой нь хамуурсан амьтан л хамаг амьтны нүдэнд ил, ийм цагаан газар нандин юмаа булах байх даа. Тийм биз, Цэрмаа?
Аа тэгвэл, үүгээр тэмдэг болгоод, энэ чулуунаас тийшээ, ийшээ төдөн метр юм уу, алхам газарт тийм юм байгаа гэж тэр “эзэн” этгээд тэмдэглэн тогтоож авсан байж болох биш үү? Энэ чинь чиний хэлж байгаа ёсоор нэг учиртай байж болмоор ч юм шиг. Түүнийг нь тааж олоход миний ухаан хүрэлцэхгүй юм байна.
Чи бас л бодууштай юм хэлж байна. Тэгэхдээ тааж бодон учрыг олохгүй дээ, Цэрмаа минь. Одоо юмыг таавраар тогтоодог цаг өнгөрсөн.
Аа, яаж ийм битүү хатуу юмны учир сэлтийг олох гэж? Чи надад хэлж өгөөч!
Би чамд тэр аргыг бүрнээ хэлж өгч чадахгүй л дээ. Одоо цагт хэрэг явдлын учир шалтгааныг зөвхөн судалгаа шинжилгээний бодит аргаар олж тогтоодог болсон. Тэр бол үнэн зөв болдог учиртай шүү, хонгор минь.
Би нэг их “хонгор” байхдаа яахав дээ. Ямар адуу мал биш гэж Цэрмаа хэлээд час час инээв. Шархүү бүсгүйн энэ үгнээс дөгөө авсан янзаар түүнийг гэнэт барьж аваад хацар дээр нь шов хийлгэж орхилоо.
Бүсгүй дороо огло үсрэн бие зайлж, царайгаа хувирган:
Чи далим гарган, намайг мартагнуулж байгаад дөнгөх санаа дотроо агуулаад л энэ бүх юмыг яриад байх шив. Тэгэж ч би чиний санааны зоргоор болохгүй шүү, Шар аа! гэж Цэрмаа хэлээд, яг хийсэн хашир царай үзүүлэн, гэдийж зогсоно.
Уучлаарай Цэрмаа! Би чамайг ингэж хулангийн байдас адил догшин зан гарган, надад хандахгүй байх гэж бодсон маань буруудаж байх шив. Энэ ч чиний зөв байж магадгүй л дээ хэмээн хүү далан таваар бууж өглөө.
Тэдний яриа хүн чулуунаас хөндийрч, аж байдлын зүйл рүү шилжин, бие биенийхээ амьдарч байгаа хөг рүү аяндаа гулсан оров. Ингэхдээ түүсэн мөөгөө яаж арчлан авч хот, сумын төв оруулах тухай ярианаас үүдэгдсэн байна. Цэрмаа мөөг түүж, үүнийг арчлах тухай хэрэгт бараг анхлан орж байгаа, Шархүү бүр багаасаа ээж, аавыгаа даган үүнийг түүж иддэг байсан гэнэ. Түүнийгээ хүү сэргээн ярьж, мориндоо мордон гэрийн зүг явцгаалаа.
Цэрмаа огтхон ч нэрэлхсэнгүй, хэрийн зүйлд нэрэлхэх хүн бишээ.
Шархүү! Чи энэ их мөөгөө бүгдийг нь Улаанбаатарт аваачих уу?
Тэгэлгүй яахав. Юуны тулд ингэж түүлээ дээ, хонгор минь!
Чи чухам яаж авч авах вэ? Замд үйрч хаягдаад дуусах биш үү?
Үгүй дээ. Би дүүтэйгээ элбээд бүгдийг нарийн утсанд хэлхэж, сүүдэрт ханын толгойд өлгөн хатаа гэж захиад буцна. Манай ээж үүнийг хатаагаад хойно нь надад өгнө. Би өвөлжин хоолондоо хийж амтлан иднэ. Тэгэж болно биз дээ?
Мөөг хүний юунд сайн юм бэ? Чи яагаад их шунаглаад байгаа билээ?
Энэ мөөг үү? Хоолонд сайхан амт оруулна. Чамд би маргааш амтыг нь үзүүлнэ. Ер нь цагаан мөөг хүний биед тун сайн. “Эрхий мөөг эмтэй” гэж чи сонсоогүй юм уу? Төрж байгаа хүнд эхлээд заавал мөөгтэй шөл өгдөг. Тэгвэл ихэс нь амархан гардаг, халуурч бүлээрэх гэж байхгүй. Эхийн сүүгээр дамжин нялх хүүхдэд эм болж ороод, элдэв нянгаас хамгаалан чийрэгжүүлэхэд тусалдаг юм гэнэ билээ. Би чамд ярьсан. Яагаад тэр Бээжинд данжаад Ло овогт хан Намнансүрэнгээс мөөгний хар шороо гуйж байсан гэж бодож байна вэ? Тэр луухаан мөөгний ач тусыг сайн мэдсэн байна шүү. Урьд ч, одоо ч хятад хүмүүс яагаад цагаан мөөгөнд амь тавин, өндөр үнээр худалдан авдаг байна вэ, чи бод доо!
За өөр ямар юманд хэрэгтэй вэ, мөөг гэсэн яриа морин дээр болж явав.
Мөөг бол аль ч амьтны биеийг ариутган цэвэршүүлдэг гэдэг дээ. Чи бодоод үз. Төрсөн малын ихэс нь хорогдоод байвал жаахан мөөг буцалгаад л өгнө. Тэгээд тэр амьтан илааршина. Халуурах өвчинд гаргууд тустай. Халуун орны хүмүүс мөөг олж авах гэж амь тавьдгийн учир тэр... гэсэн яриа болж яваад тэд гэртээ иржээ. Тэдний аль аль нь ганзага дүүрэн олзтой ирж, түүнийгээ гэрийн сүүдэрт дэлгэн асгаад, захаас нь нарийн утсанд хэлхэж эхлэв. Томорч далбайсан мөөгийг хэрчиж жижиглээд хэлхэнэ. Ингээд ханын толгойд өлгөхөд гэр дүүрэн түүний сонин үнэр ханхалж, гэрийнхэн нь олзуурхана. Шархүү ч бүтэн үхрийн мах борцолж байгаа юм шиг хөөртэй байлаа.
Эднийх орой чанасан борцтой хоолондоо шинэ мөөг хийж амтархан идэцгээв. Түүний амтыг хүүхэд, томчууд сайхан байна гэж ярьцгаана. Маргааш нь Шархүү хоёр дүүгээ, айлын Цэрмааг дагуулан хээр очиж, задгай гал дээр мөөг шарж идье гэвэл ээж аав нь түүнийг зөвшөөрч, бидон саванд өрөм зөөхий хийж өгч, жижиг борвинд айраг таслан савлаж, хайруулын тогоо цэвэрлэн өгч дэмжив.
Шархүү хоёр дүүгээ, Цэрмааг дагуулан морь мотоциклтэй Агьтын хөндийг бас өгсөв. Тэд эхлээд хүн чулуун дээр очиж, тэр хавийн байдлыг дахин ажиглан шинжлээ. Хавь орчинд нь газар шагайж эд эрдэнэ гээсэн юм шиг нилээд ажиглалт хийхэд, тэр гэх тэмдэгтэй юм юу байх билээ. Ганцхан дүү Навчаа будаатай шаазан аяганы хагархай ахдаа олж өгөв. Тэр аяганы ёроол дээр хятад бичгийн хоёр үсэг байлаа. Шархүү түүнийг нэн хэрэгтэй юм олж байгаа янзаар цаасанд боогоод халаасандаа хийхдээ Цэрмаад хандан:
Энэ хүн чулууг босгосон эзний л эд дээ. Өөр юун хүн энд ирж аяга хагалж байх вэ. Чулууг босгосон хүмүүс цангаад юм ууж. Тэгээд аягаа хагалсан байна гэж ярих нь тийм байж болмоор ажээ. Үүнээс үүдэгдэн хүү хоёр дүүгээсээ энэ чулууг хэн, хэзээ босгосон, ямар хүн энд ирдэг зэргийг асуун ярилцахад хүрэв. Навчаа юу ч мэдэхгүй гэнэ. Гончиг хүү бодож үзээд:
Ноднин хавар ногооноор манайхыг энэ зусландаа дөнгөж нүүж ирсний дараа, би хээр яваа сувай үхэр эргүүлэн мориор энд явж байхад “ГАЗ-69”-тэй гурван хүн энд ирээд хөшөөг босгосон бололтой байсан. Тэд намайг саваагүйрхэн очиход ажлаа дууссан бололтой хувцсаа гүвж цэвэрлээд, надаас танайх хаа байдаг вэ? Үүгээр айл олон нутагладаг уу? Танайхыг хэнийх гэдэг вэ хэмээн асууж, надад янжуур тамхи нэгийг өгсөн. Би тамхи татдаггүй болохоор түүнийг нь аваагүй. Тэр хүмүүс ч өөр юм ярилгүй, тэргэндээ орж суугаад явсан гэж хүү ярилаа.
Шархүү бодолхийлэн байснаа Гончигоос:
Чи тэрэгнийх нь дугаарыг харсан уу гэж асуув. Жаал хүү толгой сэгсрэн нүдээ бүлтгэнүүлж байснаа бодож бодож толгойгоо маажин:
УБ-7... л гэж байсныг санаж байна. Бусдыг нь мэдэхгүй гэв. Ингээд хүн чулууны дэргэдэх яриа дуусаж, тэд бүгдээрээ хөндийн баруун талын уулын бэл дээр очиод хүн бүр таваас доошгүй бэсрэгдүү мөөг олж түүх “даалгавартай” болж таран явлаа. Юу байхав дээ, хэсэгхэн хугацаа өнгөрмөгц тэд цугларан, түүсэн олзоо газарт дэлгээд, бас хуурай аргал түүн гал асаалаа. Шархүү мөөгөндөө нямбай хандан цэвэрлэж, доод голыг нь авч хаяад, таваг аятай хонхор дээр нь жаахан өрөм зөөхий, давс хийн хуушуурын тавган дээр түүнийгээ өрж шарж эхлэх нь тэр ээ.
Тэд бүгдээрээ шинэ хоолыг сонирхон, хэзээ болохыг нь хүлээхэд гоц содон аятайхан үнэр ханхлан байв. Навчаа л гал түлж, тогоо руу өнгөлзөн харах тун дуртай байлаа. Шархүү тэр шарж байгаа зүйлээ халбагаар эргүүлж тойруулан байснаа:
Ээ, хагарч орхилоо. Одоо идэх аргагүй болов. Хайран юм гэж дуу алдвал Навчаа охин гүйн ирж харан өмгөнөөд уйлах дөхсөнөө гараа сарвагануулан:
Зүгээр л байна шүү дээ. Ах надаар тоглож байх шив гээд инээлээ. Бүгд Навчааг дагасан юм шиг инээлдэн бужигнав. Хээр тал дээр бөөн шуугиан болж, борвитой ундаагаа нээж сэнгэнэсэн айраг залгилан, шарсан мөөгөө гаргаж хавтгай чулуун дээр тавиад идэж, бас дахин угсруулаад шарж гарав. Дээр зөөхий нь буцлан, хэрдээ овоо шөл гарсан энэ мөөгний амт ёстой л “дээд уруул дүрж, дэргэдэх хүндээ амсууламгүй” гоё байлаа. Хүн бүр л амтархан, хэлэх сайхан үг эрнэ.
Цэрмаа хөгжилдөн:
Шархүү гуайн дайллага сайхан болж байна. Одоо хөгжим эгшиглэн танго юм уу, вальс эргэх л дутаж байх шив гэлээ. Энэ үгийг Шархүү сонссон дороо босож, амаараа хөгжимдөн, хоёр хүүхэд гал нэмж түлээд, мөөгөө шарах ажлаа хийж байлаа. Хээрийн зугаалга дээдийн жаргал гэдэг болж байлаа.
Чамайг үнсэхсэн гэж Шархүү Цэрмаагийн чихэнд шивэгнэн хэлбэл, бүсгүй эвгүйцэн харж, хүүг нудраад
Дүү нарынхаа дэргэд дэмийрэх нь үү гэхэд, Шархүү инээж бүсгүйн чихэнд хошуугаа ойртуулан:
Дэмийрч байгаа юм биш ээ. Үнэн хүслээ хэлж байна гэв. Бүжиглэхэд энэ бүсгүйн бие өндөр нарийхан болоод ч тэр үү, ямар эвтэйхэн, яасан уян налархай вэ? Үүнээс үүдэгдэн хүү бүсгүй хоёрын дунд сонин яриа бас үүсэн, сэм явагдлаа.
Цэрмаа! Би чамайг Улаанбаатарт очиход дайлах мөөгтэй боллоо шүү.
Чиний гэргий бас чам шиг мөөгөнд дуртай юу?
Надад элэнцгийн гэргий байх билээ дээ.
Өдий болтол авгай авахгүй юугаа хийж явсан амьтан бэ, чи?
Би юу? Миний хувь тавилан чамайг хүлээгээд байгаа биз дээ.
Өө, чи бүр ийм юм ярих санаатай байгаа хэрэг үү? Гайхалтай байна.
Гайхах юмгүй. Олон жил хураагдсан миний үнэн санаа энэ шүү. Чи намайг битгий голоорой. Чи цаанаа эзэнтэй болсон бол би яаж ч чадахгүй биз дээ гэж Шархүү дуугаа хувирган хэлээд, уйтгартай янз үзүүлэв. Бүсгүй доогтойгоор инээн:
Надад олон эзэн бий. Тэд маань намайг хүлээгээд сууж байгаа биз гэлээ. Шархүү Цэрмааг наадаж байна гэдгийг нь гадарлан инээж байснаа:
Би тэгвэл танайд очоод, чиний тэр эзэдтэй чинь эр охиноо үзэлцэхэд бэлэн байна. Тэгэх тулалдаанд биеэ бэлтгэхээс биш дээ гэсэн тоглоомын яриа болж, цэцгэн дунд дахин суугаад шинээр шарсан мөөгөө идэн, айраг залгиллаа.
Юм юм сэтгэлд дүүрэн байгаа янз хүн бүрт ажиглагдаж байв. Тэд дахин мөөг шаран, ээж аавдаа амсуулах нөөц жаахан хийв. Ингэх нь ч илүү зүйл бишийг бүгд мэдэрч байлаа.
Нэг хачирхалтай зүйл нь Шархүүгийн нүд тэртээ торойж байгаа хүн чулууны зүг цаг үргэлжид уяастай байгааг Цэрмаа ажиглан, “Тэр маримгар хүний сүг яагаад энэ хархүүгийн анхаарлыг татаад байгаа юм бэ?” хэмээн бодон гайхширч хоцорлоо. Түүний нарийн учрыг Цэрмаа байтугай хархүү өөрөө мэдэхгүй “Ямар учиртай энд хэн хүн чулуу босгоно вэ? Энэ юуны тэмдэг бол? Тийм ч сайн ёр биш болов уу?” гэсэн санаа сэтгэлийн нь угт хадагдсан байна. Чингэж байгаа учраа Шархүү яахан өөрөө тайлах вэ?
Тэд дөрвүүлээ гэртээ эргэн ирж, ээж аавдаа шарсан мөөгний амтыг гайхшран хэлж байлаа. Төмөр, Должин нар ч хээрийн хишгийг амсаж үзээд:
Нээрээ гэрийн гал дээр шарснаас илүү сайхан амттай юм шиг. Ер нь хээрийн цай хүртэл гоё амттай гэдэг. Тийм байдаг нь агаар илүү шингээд аятайхан болдог биз гэсэн яриа болж өнгөрлөө.
Должин их хүүдээ амиа тавьж байдаг. Дэргэдээ байнга байдаггүй болохоор түүндээ бүр ч янагшин:
Хэдхэн хоногоор гэртээ ирээд байгаа болохоор дур сэтгэлээ хангаж байвал болоо биз. Ажил нь ч зав чөлөө өгдөггүй хэцүү гээ биз дээ. Аав нь хот орж ирээд л хүүгээ “Дэндүү ажилд дарагдсан бололтой, өглөө оройгүй л албан газраа сууж ажилладаг юм байна” гэж хэлэв дээ хэмээн Шархүүг төрсөн оромжиндоо ирээд сэтгэлээ амраагаад буцаг хэмээн бодож байгаа билээ.
Үдэш гүү тавих үеэр Шархүү гэрээсээ гарч зэлэн дээр очоод Цэрмаатай уулзан, бас л хотны захад хоёулаа зогсон ярилцаж гарах нь тэр ээ. Эх эцэг хоёр нь хүүгээ хараад, дүү нараас нь нуусхийн ярилцахдаа:
Хүү минь, хань ижилтэй болоосой доо. Нас бие нь явчихлаа. Мөд удахгүй гуч хүрэх нь байна шүү. Нэг овоо зөв сэтгэлтэй юм дайралдвал хүүгий минь аж байдал хамаагүй дээрдээд, дэргэдээ өөрийн хань гэх ижилтэй болох шүү байгаа. Тэгвэл ч бидэнд амар байх болно.
Чухам аа чухам. Энэ Дуламдоржийнд ирээд байгаа авгайн дүү бүсгүй нь нэлээд ажилсаг болов уу гэмээр, үнээ мал саалцаад, хүргэн ахдаа шинэ дээл оёж байгаа чимээтэй байна. Аюулын л охин бололтой шүү. Үүнтэй манай хүү санаа сэтгэл нь нийлээд явчих бол эрх биш ойролцоо нутгийн юм болохоороо наад зах нь зан зангаа мэдэж хань болох нь дээр баймаар.
Хэлээд яахав. Энэ хоёр хотод нэг сургуульд хамт шахам суралцаж байгаад бие биеэ мэддэг болсон гэсэн дээ. Өчигдөр гадаа хамт байгаад Дуламдоржийн ярих нь энэ бүсгүйд ам сайтай бололтой. “Хөөрхий, эх нь өнгөрсөн жил уушигны хатгалгаа өвчнөөр төрөл арилжсан амьтан. Одоо эхийн оронд хоёр дүүдээ эх болж яваа. Эцэг нь угаас төлөв томоо бүхий хүн. Манай баруун сумын юм” гэж ярина билээ. Уг хүүхэд нь нэлээд түвшин нуруутай, гэмгүй даруу зантай. Сумын сургуульд түүх-газарүйн хичээлийн багш юм гэнэ. Аав нь сургуулийн аж ахуйн эрхлэгч Тамжид гэдэг хүн гэнэ гэсэн яриа болж, Шархүүг энэ Цэрмаад ойртон дасаасай гэсэн сэтгэлтэй байгаа ажээ. Ийм зүйл гэрт эцэг эхийгээ ярьж байхад Шархүү өөрийгээ мэдлэг сайтай гэсэн ойлголтыг бүсгүйд төрүүлэх гэж чармайсан ажээ.
Одоо чинь хүмүүс юмыг харшуулан зэрэгцүүлж үздэг болжээ. Урьдын адил таамгаар хэрэгт ханддаг хөг өнгөрсөн бололтой. Юм юм улам нарийсаад, хэрийн зүйлийг хүмүүс тоож үнэлэн үзэхээ байж шүү гэж хүү ярих нь “Би чамайг үнэлэн үзэж байна” гэсэн ойлголтыг Цэрмаад өгөх гэж бодсоных аж.
Эдний ярианы төгсгөлд, Чандмань-Уул сумын 50 жилийн ойг энэ зун тэмдэглэх болж, наадмаа наймдугаар сар лавхан гаргаад, идээ цагаа дэлгэрсэн үед хийе гэж дарга нар нь аймгаас зөвшөөрөл гуйж, түүнийгээ шийдвэрлүүлсэн гэж ярьж байгаа. Тэгэхээр наадам аятайхан болох байх. Чи ирэх сард манай суман дээр очиж болно шүү дээ хэмээн Цэрмаа хэлэх нь цаагуураа Шархүүг урьсан хэрэг байлаа. Хүү ч түүнийг ухааран эелдэглэж бүсгүйд хандан:
Чи ямар сайхан юм надад хэлнэ вэ? Би танай сумын наадамд очъё. Чи тэр үед сумын төв дээрээ байх уу? Бас ийш тийшээ амрахаар явчих уу гэв.
Би хаашаа мод тохож, морь унаад алга болох вэ? Буг оргиод сумын төвийн шороон дотор навсайгаад эргэлдэж байх биз.
Өө, чи тийм навсайсан амьтан биш шүү. Чамайг би монголынхоо нэг гоо бүсгүйн тоонд багтах охин гэж үзэн, хормой дор чинь сөгдөхөд бэлэн яваа шүү.
Чи намайг битгий тэгж егөөд дөө, Шархүү минь. Ийм марзан яриагаар яахав. Чи үнэхээр манай сумын наадамд очиж чадах юм уу гэж бүсгүйг лавлан асуухад Шархүү бодлогоширон зогсож байснаа Цэрмаагийн гараас атган авч:
Би үнэхээр танай наадамд очих хүсэлд автаж байна. Үүнд ганц саад байгаа нь надад тэр үеэр хоёр хоногийн чөлөө олддог болов уу, яах бол гэж бодож байгаагаа хүү шуудхан хэлэв. Түүнд нь бүсгүй ч үнэмшлээ.
Шархүү! Чи манай сумын наадамд очоод манай гэрт бууж болохгүй. Би чамд сумын буудалд ор захиалж орхино. Тэгэхдээ чи манай гэрээр хэд ч орж бидэнтэй уулзаж болно гэж Цэрмаа хэлэв. Хүү бүсгүйн энэ үгэнд гайхан, эргэцүүлж бодсоноо дуугаа жаахан хувирган:
Яагаад танай гэрт бууж болдоггүй билээ хэмээн эрслэн асуулаа. Цэрмаа хэнэггүй янзаар:
Чи бод л доо. Бид хоёр юу ч болоогүй байж тэгэж амьтны нүдэнд нэг гэрт хонон донжигновол амьтан буруу ойлгоод, дэмий юм болно. Тэр үед бас хөдөөнөөс аавын ахан дүүс болох хүмүүс манайд ирэх биз. Тэгэхдээ би чамайг битгий очоорой гэж байгаа юм биш, харин чамайг суман дээр хүрээд ирвэл би баярлах болно. Миний энэ үг хуурамч манж зан гээч биш шүү гэв.
Ойлголоо. Баярлалаа Цэрмаа! Би энэ “улаан морио” сойж байгаад давхиад очихыг хичээнэ. Харин наадам чинь яг хэзээ болдог бол гэлээ.
Шархүүгийн чөлөөний хугацаа дуусаж, хот руугаа буцах цаг боллоо. Тэрээр маргааш явна гэж байгаа өдрөө өглөөний үүрийн гэгээнээр дүү Гончигоо улаан “ЯВ” дээрээ сундалдан, гартаа хүрз, жоотуу бариад Агьтын хөндийг өгсөн давхиж хүн чулуун дээр очиж, түүний ёроолыг ухан, уг чулууг хазайлгаж байгаад, дор нь юу байгааг үзэв. Тэрээр ингэе гэж хэдэн өдөр бодогдон сэтгэлийг нь шаналгаж байсан билээ. Гончиг эр хүн гэсэндээ газрын ажилд ахаасаа илүү юм байна. Тэд хөшөөний дороос юу ч олсонгүй. Харин чулууны дороос нь нүх гарган ухаад дотор нь хавтгай цагаан төмөр дээр хар будгаар “Энд монгол хүн байж билээ” гэсэн дөрвөн үг бичиж хийгээд, доод ёроолыг ус оруулахгүй гэсэн байдлаар нүүрс, шатдаггүй хар цаасаар таглаад газар булсан байлаа. Шархүү энэ бичээстэй зүйлийг үзээд ихэд гайхав. Тэр бичгээ уйгаржин үсгээр бичиж, бас хятад хэдэн үг зэрэгцүүлэн тавьсан нь тэр байгаа үгээ орчуулан бичээ биз.
Энэ чинь юу вэ? Ямар сонин хэрэг вэ гэж хүү аман дотроо үглэн байснаа, “Монгол хүн байжээ” гэдэг чинь монгол бүр алга болсон байх тийм үед энэ бичгийг гарган ирж өөр хүн үзэх учиртай хэрэг болж байна уу гэсэн нэг хачирхалтай зүйл санаанд нь харван орж ирлээ.
За байз, яах вэ? Энэ хэдэн үг бичсэн төмрийг аваад явах уу? Аа, болохгүй байх аа. Үүнийг энд нь байлгаж шинжлэн үзэх ёстой биз хэмээн тэрээр өөртэйгээ ярьснаа, хамаг юмыг нь хуучин хэвээр нь буцааж хийгээд, хүн чулууг дүүтэйгээ хамжин яг байсан ёсоор нь босгож тавиад, огт гар хүрээгүй юм шиг болгох гэж булсан шороо юмыг нь эргүүлэн тавьж янзлав. Бас дүү Гончигтоо энд ийм юм байна. Бид ухаж үзсэн гэж ямар ч хүнд хэлж болохгүй, аав, ээжид ч битгий хэлээрэй гэж хатуу захисан байна.
Шархүү түүсэн мөөгнийхээ хагасыг, жаахан өрөм ааруултай хамт ганзгалан, замдаа уух жижиг борви айраг аваад, гэр орныхоо хүмүүстэй болон Цэрмаа бүсгүйтэй салахын мэнд мэдэлцээд, өглөөний наран ертөнцийг гийгүүлэн, алтан туяагаа цацруулсан цагаар улаан мотоциклээ паржигнуулан нар мандаж байгаа зүг рүү тоос босгон алга боллоо.

No comments:

: