Түрэгийн тайлгын онгоны нэгэн бүрэлдэхүүн хэсэг нь болох хүн чулуун хөшөө нь тухайн үеийн хүмүүсийн төрх байдал, увидас өмсгөл, эд хэрэгсэл гоёл чимэг, зэр зэвсгийн төрөл зүйл, тэдгээрийн онцлог зэргийг сэргээн тодруулж судлахад онцгой ач холбогдолтой эх сурвалж баримт төдийгүй тэр үеийн дүрслэх урлагийн хөгжил, гоо сайхны үзлийн хэмжээ түвшинг илтгэн харуулдаг байна.
Монгол нутагт эдүгээ 500 гаруй хүн чулуу олж илрүүлэн бүртгээд байгаагийн 400 гаруй нь түрэгийн үед холбогдох ба цаашид ч шинээр нэмэн олдох боломжтой юм. Ийм төрлийн дурсгалыг манай оронтой хил залгаа орших Алтай, Туваа болон Дундад Азийн нутгаас Орос Зөвлөлтийн эрдэмтэд их хэмжээтэй илрүүлэн сайтар судлан тодорхойлж эрдэм шинжилгээний томхон бүтээлүүд олныг нийтлүүлсэн нь манай нутгийн хүн чулууны судлалд ч нарийн нягт холбогддог.
Хүн чулуу хэмээх нь боржин, гантиг, хүрмэн чулуу, элсэн чулуу занар зэрэг чулуугаар хүний дүрс оруулан хийж тахил тайлгын онгоны бүрэлдэхүүнд оруулан босгодог хөшөө юм. Түрэгийн хүн чулууг хэнд зориулан босгож байсан талаар судлаачдын дунд эсрэг тэсрэг үзэл бодол оршсоор иржээ. Нэг хэсэг судлаачид эдгээр хөшөө нь нас барсан баатар эрийн хамгийн хүчит дайсан этгээдийг дүрслэн үзүүлсэн дурсгал гэж үздэг бол нөгөө зарим нь нас барсан баатрыг өөрийг нь дүрслэн түүнд зориулж босгосон хөшөө гэж үздэг байна.
Түрэгийн тахилийн онгонууд нь хүн дүрстэй чулуун хөшөө, түүний өмнөөс зүүн урагш чиглүүлэн цувуулан зоосон балбал буюу зэл чулуу хэмээх хоёр үндсэн хэсгээс бүрэлддэгээс үүдэн эдгээрийг хооронд нь хольж хутгах явдал гарч ийн зөрүүтэй үзэл бодол үүсэхэд нөлөөлжээ. Гэвч одоо дийлэнх судлаач, хүн чулуун хөшөө нь нас барсан баатар дайчныг дүрслэх ба цувуулж тавьсан зэл чулуу /балбал/ нь түүний алж устгасан дайсан этгээдийг буюу оршуулга тайлгын ёслолд оролцсон хүмүүсийг төлөөлүүлсэн гэсэн саналыг баримтлах болжээ.
Ихэнх тохиолдолд тахил тайлгын онгоны бүрэлдэхүүнд буюу чулуун хашлагын дэргэд нэг л хүн чулуу тавьсан байдаг. Эдгээр нь босоо зогссон буюу завилан суусан дүрстэй, гартаа сав суулга барьж, зүүн гараар бүснээс зүүсэн сэлэм буюу хутганы бариулаас атгасан байх ба ихэнх хүн чулуунд хөл дүрслээгүй байна. Алдар цуутай хаад ноёдын онгоны нүсэр цогцолборын бүрэлдэхүүнд олон хүн чулуу тавьсан байдаг. Тухайлбал Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Өнгөтийн хөшөө хэмээх тахилын том онгоны бүрэлдэхүүнд 28, Культегин ноёны онгонд 10, Шивээт Улааны онгонд 9, Их хөшөөтөд 6, Тоньюкук болон Билгэ хааны онгон, Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг дахь Онгийн голын дурсгал зэрэгт 5 хүн чулуун хөшөө мэдэгдэж байна.
Анх эдгээр дурсгалыг цогцлон байгуулах үед чухам хэдэн хүн чулуу тавьсан нь тодорхойгүй, гагцхүү одоо байрандаа үлдэж хоцроод байгаа нь ийм тоотой аж. Ийнхүү нэг дор ийм олон хүн чулуу байгаа тохиолдолд тэдгээрийн ур хийц дүрслэл нь өөр өөр байгаа нь уг хүмүүсийн угсаа гарал, зэрэг дэвийн ялгаанаас шалтгаалсан байна. Тухайлбал онгоны эзэн язгууртан ноёны хөрөг дүрсийг завилан суусан байдлаар, онгонын байгууламжийн хоймор хэсэгт байрлуулах ба зарим онцлог тохиолдолд хатных нь хөргийг мөн зэрэгцүүлэн тавьсан байх нь бий.
Үүнд Билгэ хаан болоод Культегины онгоны аль алинд тэдгээрийг хатных нь хамт хийж дүрсэлсэн байх ажээ. Түүнчлэн эдгээр ихэс дээдэст үйлчлэх шадар дагалт, зарц зэрэг хүмүүсийн дүрсийг уг байгууламжийн үүдэн талд босоо зогссон буюу сөхрөн суусан байдлаар урлан хийж тавьдаг байжээ. Эртний Нангиадын түүх сударт түргүүдийг зөв энгэртэй дээл өмсдөг мэтээр тэмдэглэсэн байх боловч хүн чулууны хэрэглэгдэхүүнээс үзэхэд буруу, зөв энгэртэй аль аль нь тохиолддог.
Тэгэхдээ түрэг хувцасны хэв маяг жигд, хоёр тийш эргүүлсэн өтгөн захтай дээл байх ба тал дүгрэг буюу дөрвөлжин товруутай, олон унжлага бүхий агсарга бүс бүсэлсэн байна. Бүснээс шулуун урт илд, махир чинжаал хутга, дүгрэг хэлбэртэй хавтага сар зэргийг унжуулдаг байжээ. Хүн чулуунд дүрсэлсэн эд өлгийн эдгээр зүйлс нь мөн үеийн булшны малтлагаас биет байдлаараа олдож байсан нь цөөнгүй бөгөөд тэдгээр дурсгалын он цаг хийгээд хэрэгцээ зориулалтыг тодорхойлох найдвартай баримт нотолгоо болдог.
Хүн чулууд нь түүхийн урт удаан хугацааг туулж өнөө бидний үед уламжлагдан ирэхдээ толгой нь хугарч алга болох, энд тэндээсээ хагарч хэлтрэх, байгалийн хүчин зүйлээс элэгдэж мөлийх зэрэг янз бүрийн хэлбэрээр гэмтэж муудсан байдаг. Гэмтэл эвдрэлийн шалтгааныг судлаачид тайлбарлахдаа Түрэгийн дараа Төв Азийн түүхэнд тодрон гарсан Уйгарчууд эвдэж гэмтээх зэрэг олон шалтгаан байсан гэж үздэг.
Толгой нь бүтэн үлдсэн хүн чулуудыг ажиглахад ихэвчлэн монголжуу өргөн шанаатай, жартгар нүдтэй, нэлээд тохиолдолд махирлаж эргүүлсэн живэр сахалтай байх ажээ. Толгойн үсээ урт ургуулж олон салаа гэзэг, эсвэл ганц бүдүүн гэзэг унжуулах зэрэг байдлаар засч янзалдаг байсан нь түүх сударт тэмдэглэн бичсэнтэй үндсэндээ тохирох ажээ. Түүнчлэн зарим үедээ огт гэзэг байхгүй үсээ хуссан мэт тохиолдол байдаг.
Гэзэг үсээ ийнхүү янз бүрийн хэлбэрээс засч янзлах, мөн буруу болон зөв энгэртэй дээр зэрэгцэж байх зэрэг нь Түрэгийн хаант улсын бүрэлдэхүүнд өөр өөр заншилтай олон овог аймаг багтаж байсныг харуулж байх бололтой. Энэ бүхнээс үзэхэд түрэгийн хүн чулуу нь тухайн үеийн угсаатны зан заншил, дээл хувцас эдлэл хэрэглэлийн онцлог, Түрэгийн бүрэлдэхүүнд байсан овог угсаатны бүрэлдэхүүнийг тодруулан гаргахад нэн ач холбогдолтой дурсгал юм.
(medeelel.mn)
No comments:
Post a Comment