Sunday, February 22, 2009

Монгол оронд феодализм хөгжсөн болон феодалын нийгмийн бутралын үеийн уран зохиол буюу XY-XYII зууны үе


Энэ үе нь үндсэндээ Монголын Юан улс мөхөж /1968 он/ Монголчууд, Хятадын Мин улсын хоорондын олон удаагийн дайн үргэлжилсэн, дайны хөлд Монголын нийслэл Хархорум хот бүрэн сүйтгэгдсэн, монголын феодалууд их хааны эрх мэдлийн төлөө тэмцэлдэж нэгдсэн монгол гүрнийг задлан бутаргаж тархай бутархай, эв нэгдэлгүй болгосон. Нийгмийн үйлдвэрлэх хүчний хөгжлийг саатуулсан түүхэн бууралтын үе бөгөөд Манж Чин улсын дарлалд орсон гурван зуугаад жилийг хамарна.
Хэдий их гүрэн задарсан, бутралын байсан боловч монголын соёл иргэншил устаж арилаагүй түүхэн жам ёсоороо хөгжиж байжээ. Үүнийг үнэн зөв үнэлж академич Б.Я.Владимирцов “Монголчуудын нийгмийн байгуулал” /1943/ бүтээлдээ: Монголчууд өөрийн түүхийн тэр харанхуй үед ч гэсэн соёлынхоо өвийн нилээдийг хадгалан үлдээж чадсан бөгөөд… утга зохиол үсэг бичиг нь мөхөж сөнөнсөнгүй гэжээ. Соёл гэгээрэл. Түүх судар шашдирт тэмдэглэгдсэн ба бодитой уламжилсан зүйлээс үзэхэд эдийн соёл тодорхой хөгжилд хүрсэн нь тэдгээрт найман талт дуулга алт суулгасан болд дуулга, өвч хуяг, хотгор илд, их хошуут эвийн тухай өгүүлдэг нь төмрийн ур дарх өндөр хөгжсөнийг илтгэдэг бол алтан мөнгөн буйл, мөнгөн тогоо, цар, аяга, алтан аяга, алт мөнгөн чимэгт эмээл, хазаар саадгийн тухай өгүүлсэн нь алт мөнгөний урлал хөгжсөнийг харуулна. Нэг тодорхой баримт бол Түмэдийн Алтан хаанаас Хятадын Мин улсын хаанд явуулсан захидалд, угалз хээтэй алтан эмээл хазаар явуулсныг тэмдэглэжээ. Бас далай ламд учралын бэлэг болгохдоо таван зуун лан шижрээрээ бүтээсэн эрдэнэ мөнгөн мандал, гучин шижир алтан аяга, эрдэнэсээр чимсэн алтан эмээлтэй арван цагаан морь өргөж байсныг Саган сэцэн “Эрдэнийн товч”-доо дурдсан байдаг.
XYI зууны II хагасаас бэхэлсэн хотын шинжтэй орон хийд орд харш барьж эхэлсний дурсгалууд нь Цогт тайжийн цагаан байшин, Хар хул хааны балгас зэрэг байгаа бол XIY зууны сүүлч XY зууны эхэн үеэс Монголд шашин дэлгэрч түүнийг дагалдан сүм дуган барих ажил эхэлсэн нь уран барилгын хөгжилд нөлөө үзүүлжээ. Үүнд: “Чавчаал боомтын хаалган дээрх бичиг”-т Юань улсын засгаас сүм хийд барьж байгуулсныг магтан бичсэн байдаг бол Автай сайн ханы үед шарын шашинг дэлгэрүүлж эхэлсэн явдал үүнтэй холбогдох уран барилгын дурсгал нь Орхон голын хөвөөнөө байгуулсан Эрдэнэ зуугийн хийд, түүний чимэглэл, ханын зураг, сийлбэр баримлууд болно. Үүнд: 108 мөнгөн суварга, суваргын чимэг зүүлт дуган сүмийн гоёл, том хонх, сангийн бойпор, бурхад, түүнчлэн цамын баг хувцас, хагжмийн зэмсэг зэрэг нь үнэхээр үзсэн харсан хэний ч нүд булаам уран сайхан бүтээл байжээ. Хөгжмийн урлаг их хөгжсөн нь. Түмэдийн Алтан хааны ордны хөгжим буюу утсан хөгжим дэлдэх хөгжмийн зургууд нь манай үед уламжилжээ. Нөгөө талаар төмөр, зэс, хүрэл, мөнгө, алт зэргээр цутган хийх урлал, их хөгжжээ.
Монголын цутгамал урлагийн зүйлс нь хэлбэрээрээ гоёмсог сайхан, хийцээрээ нягт нарийн байдаг тул ихэд алдаршсан байна. Үүний тод баримт нь Монголын уран барималч Г.Занабазар /1635-1723/-ын язгууран таван бурхан Очирдарь, наймар суварга, хорин нэгэн дарь эх Цэвэгмид зэрэг алт шармал олон хүрэл цутгамлууд бөгөөд судлаачид түүний эдгээр бүтээлийг Италийн сэргэн мандалтын суу билэгт Микеланджелогийн бүтээлтэй зүйрлэсэн байдаг юм. Малын арьс шир, ясаар гоёл чимэглэлийн зүйлс хийх болон эрдэнийн чулуу, модоор сийлбэр хийх урлаг хөгжиж гэр ахуй гоёл чимэглэлд их анхаарч байлаа. Оюуны соёлын салбарт ч ихээхэн ахиц дэвшил гарсан байна. Үүний тодорхой баримт нь энэ үед монголын сонгодог бичгийн хэл бүрэн боловсорч хэлзүйч эрдэмтэн Гунгаа Одсэр “Монголын 108 үсэг хэмээх” хэлзүйн номыг зохиож XVIII зууны үед Рабжамба Гунгаажамц, Гүн Гомбожав зэрэг хүмүүсийн Төвд-Монгол хэлний толь бичгүүд гарчээ.
XVI зууны эцсээс Төвд хэл монголчуудын соёлын амьдралд их үүрэгтэй болсон нь Монголд сүм хийдийн сургууль ном хэвлэл номын сангууд олноор байгуулагдсантай холбоотой ажгуу. Буддагийн номлол 200 орчим хөлгөн судар зохиолыг орчуулсан ойрд монголын Намхайжамц /1599-1662/ “Тодорхой толь” хэмээх 1234 хуудас бүхий түүхийн зохиол бичсэн халхын Лувсанпэрэнлэй /1642-1715/, одон орон, анагаах ухааны талаар 4 боть зохиол бичсэн Лувсанданзанжалцан зэрэг эрдэмтэн хүмүүсийн бүтээл гарчээ.
Мөн эртний Энэтхэг, Төвдийн элдэв ном судар зохиолыг монголчлох ажилд сэргэлт гарчээ. XYI зууны эцэс XYII зууны эхээр орчуулах бичгийн ажил их хийжээ. Энэ нь үлэмж далайц олж Лэгдэн хааны үед хэлмэрч Гунгаа-Одсэрийн удирдлагаар олон монгол хэлмэрчид эртний Энэтхэгийн судрын цуглуулга 108 боть Ганжуурыг монгол хэлнээ бүрэн хөрвүүлжээ.
Гэрийн сургууль хөгжиж байсан нь Аюуш гүүшийн дэргэд олон шавь ном үзэж байснаас гадна том хүрээ хийдэд гүн ухааны цанид дацан, уншлага зан үйлийн жүд дацан, анагаах ухааны мамба дацан, одон орон-зурхайн дацанд суралцах, Энэтхэг, Төвдөд очиж элдэв ухаанд суралцдаг байлаа. XYI-XYII зууны үед уран зурагт бурхны хөрөг зурах ажил их өргөжиж цаас, даавуу, арьс, модон самбар дээр зурах, сүм дуганы чимэг зурагт диваажин, там, үлгэр домгийн сэдэвт зургууд их байр эзэлдэг боллоо. Монгол үсэг бичгийн зэрэгцээ үсэг бичгээ сайжруулах шинэтгэл оролдлого багагүй хийж байсны баримт нь харчин Аюуш гүүшийн монгол галиг үсэг буюу Али-галийн үсэг /1587/ ойрдын зая бандид Намхайжамцын монгол бичгээ засварлан тодорхой болгосон тод бичиг /1648/ халхын өндөр гэгээн Занабазарын монгол, санскрит, төвд үг бичихэд зориулсан соёмбо үсэг /1680/ зэрэг зохиогдсон явдал болно.
XYI зууны эцэс XYII зууны үед монголын түүх бичлэгт дахин сэргэлт болсон бөгөөд энэ үед “Хураангуй алтан товч” /1604/, гүүш Лувсанданзаны “Алтан товч” /1634/, зохиогч нь үл мэдэгдэх “Их шар тууж” /XYII зууны эхэн хагас/ Ордосын Саган цэцэн хунтайжийн “Эрдэнийн товч” /1662/ халхын Түшээт хан аймгийн эрх дайчин тайж Жамбын “Асрагч нэртийн түүх” /1677/ зэрэг сурвалж бичгүүд гарчээ. Эдгээр түүхэн сурвалж зохиолуудад түүх ба түүхэн хэрэг явдлыг өгүүлэхдээ түүхийн найруулгын зэрэгцээгээр үйл явдлыг баатарлаг туульс, домог, хууч яриа, шүлэглэл зэргээр уран сайхан дүрслэн бичсэн бас хуучны уран зохиолоос ашигласан тул уран зохиолын түүх судлалд ч чухал хэрэглэгдэхүүн болдог ач холбогдолтой юм.
Уран зохиол. Ардын аман зохиол их хөгжиж нүүдэлчин малчдын туйлын эрмэлзлийг илэрхийлсэн олон сайхан туульс зохиогдов. Тэдгээрт сайн хэрэг үйлс ялж ард олонд дайсагнасан харшилсан бүхэн дарагдаж сөнөж байгаагаар дүрсэлсэн бөгөөд түүний баримт нь монголын хуучин уран зохиолын оргилууд болсон “Гэсэрийн тууж”, “Жангарын тууль” зэрэг туульсын ном зохиолууд төгс боловсорсонявдал юм. “Халдаар бүү од, халдаж ирэгсдээс бүү буц” гэсэн эрх чөлөө тусгаар тогтнолоо хамгаалан гол үзэл санаа илтгэсэн “Гэсэрийн тууж монгол овогтны дунд аман болон бичгийн олон хувилбартай юм. Үүнд: “Монгол лин гэсэр” /1959/, “Номч хатны гэсэр”/1960/, “Заяын гэсэр”/1960/, “Цэвээний гэсэр”/1960/, “Тод үсгийн гэсэр”/1960/, “Бээжин барын гэсэр”/1716/ гэх мэт болно. Академич Ц.Дамдинсүрэн “Гэсэрийн тууж” бол ард түмний хүсэл эрмэлзлийг илэрхийлсэн ардач шинжтэй, түүхэн хүний хэрэг явдлаас гол үндэстэй төвд, монгол, буриад Гэсэрийн туужууд тус тусын өвөрмөц шинжтэй болсон гэж дүгнэжээ. Тэгвэл “Жангарын тууж” нь баатарлагийн мөчлөг тууль бөгөөд монгол туульчдын туурвисан суут бүтээл XV зууны дунд үед үндсээрээ зохиогдож дууссан ойрд монголчуудын дунд ихэд дэлгэрч Жангарчид хэмээх туульчдыг төрүүлсэн бүтээл юм. Жангарын туулийг асар олон бүлэгтэй байсан тухай мэдээ байх боловч одоо олдоод байгаа 30 гаруй бүлгийн хэдэн арван мянган мөр шүлгээс ажиглахад уг дуулал нь чухам монгол яруу найргийн олон хэлбэр маягийг багтаасан асар том цоморлиг зохиол /Д.Цэрэнсодном/ болох нь тодорхой юм. XV-XVII зууны уран зохиолд бөө мөргөлийн яруу найраг багагүй байр эзэлдэг нь мөн монгол шүлгийн үнэт дурсгал болдог бөгөөд шүлгийн урлагийн хувьд чухал зүйл болно. Бичгийн уран зохиолд ард түмнийхээ түүхэн амьдралыг тусгасан, феодалийн дайныг шүүмжилсэн зохиолууд зохиогдох болов. “Зургаан түмэн монголын магтаал” бол Батмөнх даян хаанаас /1460-1543/ монгол улсыг нэгтгэн засаг захиргааны нэгж тогтоохдоо 6 түмэн монгол гэж нэрлэсний алдар гавъяаг магтсан шүлэг юм. Жишээ нь: Хангай ханд сууж, Харин ирэхийн харуул болсон Халуун аминд түшээ болсон, Халх түмэн гэх мэтээр тухайн түмний шинж байдал, үүрэг үйлс, гавъяа зүтгэлийг гаргасан байна. "Мандухай сэцэн хатны домог”, “Убаши хун тайжийн домог” , ”Хув Нагаварлын тууж” зэрэг нь цөм монголын феодалын бутралыг шүүмжилж эв нэгдлийн үзэл санааг дүрсэлснээрээ энэ үеийн уран зохиолын түүхэн хэрэг явдалд үндэслэсэн онцлогтой бол монголын феодал ноёдын өнгөнд шунаж үжид тачаалын улмаас эв нэгдэлд хор хүргэсэнийг хурцаар шүүмжилсэн үргэлжилсэн үгийн зохиол уламжилжээ. Эдгээр түүхэн сэдэвт зохиолуудын зэрэгцээ ААЗ-ын нөлөөнд бичгийн уран зохиол урагшилж байсны баримт болсон “Эндүүрэл хааны тууж” /1662/ зэрэг сайхан зохиолууд зохиогджээ. Гүн ухааны яруу найраг хөгжиж байсны үлдэц нь “Цогтын чулууны бичиг” гэж алдаршсан бичиглэл болно. Ийм байдлаар энэ үед домог тууж магтаал гүн ухааны яруу найраг зэрэг уран зохиолын олон төрөл зүйл хөгжиж тэдгээрт ААЗ голлох нөлөө үзүүлжээ. Уран зохиолын үндсэн чиглэл нь феодалын бутрал хоорондын дайныг хурцаар шүүмжлэн эв нэгдэл энх амар амьдралыг хүсэн мөрөөдөх санаагаар нэгдмэл байсан ажээ.

medeelel.mn

No comments:

: