Sunday, February 1, 2009

Ж.Пvрэв. Хvн чулууны мøрøøр

(үргэлжлэл 12-р)

Хүлээгдээгүй байсан учрал

Ван овогт эцгийгээ нүд анисанд баярламааргүй байтал урьд өмнө үзэгдээгүй хөөр баяртайгаар Улаанбаатарт эргэж ирсэнд түүний гэрийнхэн, тухайлбал, Пунсал жигтэй гайхаж билээ. Энэ эр Бээжингээс бараг л гуяа ганзгалан ирнэ гэх шиг, гурван хүүхдийнхээ нүдийг хуурах юмгүй шахам гэх үү, атга улаан чавганаас өөр зүйлгүй, яаж хаанаас олоо вэ гэхээр авгайдаа үсний ганц дугуй сам, хүзүүнд зүүдэг хонины хорголын чинээ ээдэмтэй шар хувнаас өөр зүйлгүй гэрийнхээ хаалгыг татсан байна. Арга ч үгүй биз дээ, үхэл зовлон үзэж яваа амьтан. Харин энэ маань юундаа сэтгэл нь хөөрөө вэ гэмээр инээж орж ирсэн нь Пунсалын гайхлыг төрүүлэв.
Тэрээр талийгаач болсон эцэг, одоо амьд мэнд байгаа эхийнхээ төлөө санаа зовсон шинж ер байхгүй, эхнэрийнхээ бэлтгэж чанасан хоолыг үмхлэн, бие нь тавигдаж, санаа нь амрав уу гэмээр модон ханзан дээр тарайж хэвтээд хоёр хоног унтав. Энэ ч аргагүй, замын холд галт тэргэнд шигшигдэн ядраа биз гэлтэй.
Сүгсээ бараг л гэрийн бараа харсан дороо мөнгөний тухай яриа үүсгэн, шилээ маажаад:
Дархан хотод байгаа Төрхүү надад мөнгө ирүүлсэнгүй юу? Хүнийг зовлон үзэж явахад санаа нь зовдоггүй монгол байжээ гэж үглэн байлаа. Үнэндээ байгаа “хамаг” мөнгөөрөө онгоцны тасалбар аваад явсан учир эднийх бараг хоолны мөнгө байхгүй, хэдэн хүүхэд нь мантуу, хуурсан байцаатай хольж идэн хоног өнгөрөөж байгаа шахам билээ. Гэхдээ Пунсал хүүхний ээж аав нь Дамбадаржаагийн дэнж дээр хоёр үнээ саагаад суудаг болохоор юу ч болж байсан өлбөрч талийгаач болохгүй байдалтай аж.
Сүгсээ мөнгө байхгүй, гуйлгачин болох дөхөж байна гэж Пунсалд үглэн хэлж байгаа. Тэр нь огт худлаа болохыг “Сэвэгнүүр” яахан мэдэх билээ. Мань Ван овогтон Монголд ирээд хориод жил болохдоо далдуур хурааж хуримтлуулсан төгрөг нь нэг сая гаруй байгаа. Тэр мөнгөө суудаг байшингийнхаа туурганы шаварт хийж нуусан. Түүнийгээ гурван юманд хэрэглэнэ гээд хэн ч олж харахгүй газарт нуусан. Тухайлбал, тэр мөнгийг өөрөө Ар газраас хөөгдөж туугдвал, нас эцэслэхээрээ, сүнсэндээ хэрэглэнэ гэж байгаа. Сая Бээжинд очиход нь Ли овогтын далд байдаг даргаас “Хятад хүн яаж юмаа хадгалдагийг санаж яв” гэж хэлсэн нь Сүгсээг улам чангаар гараа атгаж явахад нэг санаа нэмж өгсөн байна. Сайхи хүнд түүнээс өөр мөнгө бас бий. Сая Бээжингээс наашаа гарахад Хишигтийн пүүсний данжаад тэнд цугларч “Зөвлөгөөнд” оролцсон дөрвөн хүнтэй уулзаад тус бүрийд тав таван мянган юань тоолж өгөөд, “Энэ мөнгийг нэн чухал эгзэгтэй үе тохиолдвол, Ар газарт холхон явах зайлшгүй хэрэг гарвал, өөрийн зорьж яваа хэрэгт чинь онцгой тус үзүүлэхээр хүнийг талдаа татаж авах хэрэг гарвал, Бээжинд нэн чухал яаралтай мэдээ өгөх хэрэг тохиолдвол зараарай. Мөнгөө монгол эмсийн салтаанд хийчихгүй шүү” гэж их үг хэлж өгсөн байна.
Эдгээрээс гадна одоо авч яасан ч болохгүй боловч сэтгэлээ зогоож цатгалан явахаар их мөнгө тэнд байгаа сургийг Ван овогт сая Бээжингээс мэдэж ирсэн. Юу вэ гэвэл, Ли Панжан нэг удаа Сүгсээтэй ганцаарчилан уулзаад аялаг зан гарган, мөрийг нь алгадаж дотночилж байгаа ааш үзүүлээд:
Ай, чи бол бидний Ар газарт байгаа нэг гол найдлага хүлээсэн түнш. Би чамд эцэг Ван Шисангаас эрхэм хүү чамдаа захиж мэдүүлээрэй гэж надад аминчлан сүүлчийн удаа захиас болгон нэг нэн чухал зүйлийг өнөөдөр дамуулан хэлье гээд өгүүлсэн нь:
Тэртээ 1920 оны намрын сүүл сард Их хүрээнд Орос Барон Унгерн баахан орос, буриад, монгол, солон цэрэгтэй орж ирээд Хятадын гамин цэрэгтэй байлдаан үүсгэхээр бэлтгэж байсан гэсэн түгшүүртэй мэдээг Го жанжин сонсоод, Хүрээнд байгаа бүх хятад пүүсний их данжаад нарт маш нууцаар “Энд дайн дажин үүсэж магадгүй байдалтай болоод байна. Их анхааралтайгаар хятад цэргийн үг-тушаалыг сонсож бай! Эд юм, хөрөнгө зоорио маш далд нууж хадгал. Тэр орос Барон Хүрээнд орж ирвэл юуны өмнө хятад пүүсүүдийг нэгжин дээрэмдэж та нарын мөнгө, юмаар хөлжиж авахыг эрмэлзэн, их үймээн дэгдээх болно шүү. Ийм болохоор мөнгө юмаа бушуу нууж далдал” гэж зарласан байна. Энэ нууц зарлалыг хятад пүүсний данжаад нар сонссон дороо юуны өмнө мөнгөө хотоос гарган хээр аваачиж нуух гэж амь тавин хөдөлсөн гэнэ. Тэгээд манай их хүрээнд байгаа Хишигтийн пүүсний данжаад хотын гадуур сэм явж газар үзээд Хүрээний баруун урд талд байдаг Сонгино уулын өвөр оройд өөртөө байгаа мөнгөө нуухаар шийдэн тэнд газар ухуулж нууц зоорь байгуулах ажил хийжээ. Тэрээр өөрийн хөлсний зарц нар, бас бус хүн олж хөлдүү шахам газарт хоёр алд том нүх ухуулжээ. Тэгээд монгол хөдөөгийн жинчдээс гамин цэргийн булааж авсан тэмээнд дөрвөн хус модон авдартай мөнгө юм ачиж шөнөөр яваад уг газарт хүрч өөрийн пүүсний хүнээр түүнийгээ ухсан нүхэндээ хийж булуулсан байна. Тэр зүйлийн хоёр авдар нь ембүү, дуут хятад янчаан зэрэг цэвэр цагаан мөнгө, нөгөө хоёр авдарт нь шүр сувд, чулуун эдлэл, хаш манан хөөрөг, гаанс зэрэг юм байсан гэнэ. Уг юмыг нууж далдалсан монгол талын хоёр хүнийг эргэж ирэхээр нь хортой архи өгч нүд аниулаад, голын бургаасан дотор аваачиж хаясан аж.
Тэр мөнгө булсан газар нь нэр дурьдагч уулын дундад өндөрлөгийн өвөр энгэр дээр байгаа авдрын чинээ шар алаг ургаа чулуунаас эгц хойшоо 22 алхмын зайтай газарт, дээр нь ердийн хэдэн том чулуу тавьсан газар байгаа. Түүнийгээ энэ пүүсний данжаад хожим нь тайвширахаараа байн байн сэмхэн үзэж байсан боловч 1932 онд яг наашаа туугдан явах үедээ явах цаг тогтоож өгсөн учир түүнийгээ очиж авч чадаагүй, дараа эргэж ирэхээрээ авна гээд үлдээсэн байна. Тэр газар дээр нь пүүсний данс баригч Ван Шисан авгай маш нууцаар биеэр эргэн очиж байсан удаатай гэнэ. Эцэг чинь “Энэ мөнгө юмыг аваад өөрийн тусгай хэрэгтээ зориулах учиртай шүү” гэж чамд аминчлан хэлж өгөөрөй гэж нас барахаасаа өмнөхөн надад захисан билээ. Одоо чи тэр мөнгийг яаралгүй сайн үзэж олоод, сэм авч манай хэрэгт зарах ёстой боллоо хэмээн хэлжээ.
Ли овогтын тэр хэлсэн үгийг Сүгсээ гүйцэд сайн тогтоож авсан байна. Тэгээд мэдээж энэ хүн тэр мөнгийг авна гэж яаран хормой шууж гүйхгүй, түүнд суурьтайхан хөдөлнө гэж бодож яваа биз ээ. Харин Ван овогт Сүгсээ түүнд сэтгэл ханаж явах учиртай биз ээ. Ийм байдалтай хүн одоо мөнгө байхгүй гэж бухимдсан царай гарган үглэх нь байж болшгүй авир баймаар даа. Гэтэл тэгдэггүй л юм байна.
Сүгсээ Бээжингээс ирээд хоёр хоног гэртээ унтаж орхиод, нэг орой гараад гүйжээ. Түүнийг хаашаа явж байгааг Пунсал мэдэхгүй. Ер нь юманд явахдаа зүг чигээ авгайдаа хэлнэ гэж Сүгсээд байдаггүй билээ.
Ван овогттой 20-иод жилийн өмнө Бээжингээс хамт Монголд ажиллана гэж ирсэн Лю Жимин хятад ажилчдыг бөөнөөр нь нутаг буцахад үнэнхүү өвчтөй, мухар олгойгоо авахуулаад монгол эмнэлэгт хэвтэж байгаад хоцорсон аж. Толгой халзан, нүд бөлцөн, хамар унжуу, ясархаг том туранхай биетэй энэ хятад хүний мухар олгой нь дотроо хагараад, буглан идээлэхэд хүрч нүд анидагийн даваан дээр тулаад эмнэлэгт ирэхэд монгол эмч нар дор нь хэвтүүлж, дэргэдээс нь салахгүй оролдсоор байгаад амийг нь аварч чадсан байна. Түүнд Лю овогт хүн ихэд баярлан “Би Монголоос явахгүй” гэж андгайлах шахам хэлээд, биеэ тэнхрүүлэн Улаанбаатарын авто засварын үйлдвэрт засварчнаар ажиллаад удсан аж. Тэрээр уг нь Тяньзин хотын зах, Шар тэнгисийн эрэгт төрсөн, цэвэр хятад цусны хүн. Лю овогт хөлс шавхан үнэнчээр зүтгэн ажиллаж байгаа учир Монголын Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонгоор удаа дараа шагнуулсан, үнэнч шударга ажилчин аж. Тэрээр монгол авгай авч, сангийн орон сууцанд суун, гурван хүүхдийн эцэг болсон байна.
Энэ хүний байдлыг Сүгсээ сайн мэддэг төдийгүй, ажилчид буцахад хамт үлдсэн гэж тал өгөн, байн байн уулзаж Хятад орны талаар ярилцдаг, бас ч хааяахан бие биенийхээ гэрээр орж будаа идэн шар айраг уудаг байв. Энэ байдал нь хэн хэндээ таалалтай санагдана.
Ван овогт Бээжингээс ирээд дав даруйд Лю овогттой уулзахаар тэдний рүү явж гэрт нь ороод, аялаг зангаар нэлээд ярихдаа Сүгсээ дотроо түүнд дээрэлхэн гайхуулах санаа өвөрлөн, аавыгаа нас баруулсан нь харам боловч нийслэл хотод тун аятайхан байлаа. Сайн санаатай хүмүүстэй уулзан, сэтгэл ханатлаа ярилцлаа гэж хөөрүү зангаар ярьсан байна. Ван овогт Лю овогтыг өөрийн хэрэгт элсүүлэн авбал Монголын талд ихэд үнэлэгдэн, бүр одонгоор шагнагдаж байсан болохоор итгэгдэн, дээдчүүдийн талаар чухал мэдээ олж чадах хүн гэж бодож байв. Энэ санаандаа сайхи хүн хөтлөгдөн Бээжинд их чухал хүнтэй уулзан, түүнээс Монголыг олон янзын нарийн аргаар өөртөө нэгтгэж авах бодлогоо эрчимжүүлэхэд чиглэсэн сонин үг сонслоо. Миний сэтгэл их уужим болсон хэмээн гайхуулахдаа ”Монголчуудын хамгийн эмзэг зүйлийг олох хэрэгтэй. Тэдний хоорондын эв нэгдлийг эвдэн бутаргах, санаа сэтгэлийг нь цаг үргэлжид түгшүүлж байх, өөрсдөд нь итгэхгүй болгох”, “Архи, хар тамхинд өргөн олноор нь их шуналтай болгох” нь бидний дав даруйд хийх ажил мөн гэж үзэж байна гэсэн зүйлийг тоймлон уг утгаар нь бүрхэгдүүлэн яриад, өөрөө ихэд итгэл өвөрлөж ирснээ илэрхийлэн:
Өдгөө Хятад орон адил дэгжин дээшилж байгаа газар алга. Манай хятад тун ч өөдрөг, хүчирхэг болж байна. Бидний найдвар өмнө зүгт байна гэж бардам гайхуулангуй ярьлаа. Гэтэл Лю Жимин Ван овогтын энэ үгийг төдийлөн тоож итгэсэнгүй байдалтай гэх үү, шүүрс алдан сонирхохгүй, харин “Бид ийм юманд сэтгэл тавьж гүйхийн хэрэггүй. Энэ бол аж төрөх байдал, хийж бүтээх ажилд санаа самгардуулах саад болно” гэх маягийн юм хариу хэлээд, тоомсоргүй царай гарган:
“Олон санаат оргож буцдаггүй” гэж Монголын нэг үнэн үг байдаг хэмээн хэнэггүй хэлж суув. Үүнд Ван овогтын санаа гутан, ихэд зэвүүцэж тэднийхээс гараад явсан байна. Чингэхдээ Сүгсээ бүр зэвүүцэн “Энэ муу халзан илжиг бүлцэн нүдээ бүлтэгнүүлэн, их гүрний ухаантан хүмүүсийн санаа бодлоос уравсан шинжийн юм хэлж суухдаа огт зовсон шинжгүй байна. Чи Монголоос паалантай эрээн төмөр авч энгэр дээрээ зүүж орхиод, түүндээ хууртан бүр бидний бодол санаанд харш үзлээр намайг хордуулах санаатай байх шив. Чи тэгэж л бай” хэмээн Лю овогтыг занасан байна. “Би Хятад орон минь гэх ариун санаа өвөрлөн, урваж шарвахыг үл мэдэх тэсвэр хатуу сэтгэлийн охь болсон, цэвэр хятад цусаар зүрхээ тэжээж яваа гэж итгэж явсан минь алдаа болжээ. Чиний сайн сайхнаа үзэх хувь тавилан чинь дутаа биз. Чи өөрөө өөрийгөө хөнөөж байгаа чинь энэ” хэмээн Ван овогт бодон тэднийхээс гарчээ.
Сайхи хүн Дархан хот руу явж засварын ажилд оролцон хөлс мөнгөө гүйцээж авахаар бэлтгэж байгаад, маргааш орой нь Долоон буудалд байрласан танил хятадуудтайгаа уулзахаар тийшээ зүглэв. Тэрээр автобусанд хэнэггүй царайтай, гэгээвчээр нь гадагш харан зугаатай явж байлаа. Тэгтэл нь Сэлбийн голын адгийн хөвөөний ногоо тарьдаг талбайн захаар Лю Жимин модны үйлдвэрт ажиллаж байсан “дэгжин” Балжинтай хамт тун ч найрсаг байдалтай гэх үү, арай л хөтлөлцөн залгалдалгүй зэрэгцэн алхаж, хоорондоо ямар нэгэн сонин зүйл аминчлан ярилцаж байгаа янзтай бие биедээ наалдан алхаж яваа харагдав. Сүгсээ тэднийг харсан дороо ёстой л эвэртэй туулай үзэв гэгчээр нүдээ сэргээж харж явснаа, зуур замд яаран тэрэгнээс бууж, айлын хашааны ёроол даган биеэ далдалсхийж нөгөө хоёр хүнийг хаачихыг ажиж эхлэлээ. Сайхи хоёр гол өгсөн хоёулхнаа бүр дээшээ яваад өгөв.
За байз, юу билээ гэж Сүгсээ бодож байдлыг эргэцүүлбэл, нэг сонирхолтой зүйл санаанд нь орж ирсэн нь: Өнгөрсөн жил Балжин хүүхэн гарцаагүй далдын туршуул бололтой нэг хар хүнтэй хамт, үдшийн бүрийгээр түүнийг нэлээд дагаж ажсан. Тэгэхэд тэд юу эрж явааг мэдэхгүй, зүгээр тэгэж бусдыг сонирхон дагах ёсгүй. Тэр явдлын дараахан нь Ван овогтын нэг гоц танил холимог цусны нөхрөөс “Энэ голын бургас шиг нарийхан биетэй сувай хүүхэн бол гарцаагүй Монголын туршуул шүү. Чи түүнээс сэрэмжилж яваарай! Энэ эм хятад айлууд байдаг байр гудамж, зах зээлийн газраар дагнан явж биднийг ажиж байдаг юм. Тэр хүүхэн хятад хазгай муруй хэдэн үгээр бидэнтэй ярих гэж их оролддог ...” гэж хэлсэн зүйл нь сайхи хүний санаанд нь орж ирлээ. Ингээд бодоход Лю овогт хятад өчигдөр надаас сонссон зүйлээ энэ ганган эмээр дамжуулан Монголын зохих албаны хүмүүст мэдэгдэж байгаагаас эс зайллаа гэсэн юм бодогдон “Би л алдаа хийж Бээжинд болсон явдлыг Лю овогтонд хэлж дээ. Тэр урвамал этгээд энд байгаа хятад хүмүүс Монголыг хүй тэмтрэх санаа агуулж байна гэж эдний ноёдын сонорт хүргэхээр яаран бачимдаж яваа биз. Энэ тахир эм Лю овогтны нэг найз нь юм байна. Энэ хоёр одоо миний Бээжингээс мэдэж ирсэн зүйлээс өөр юуг л ингэж аминчлан, бүр хээр гадаа хоёулхнаа ярилцах вэ? Эд ямар янаг амрагийн зүйл хэлэлцэв гэж. Эдний нас ч тэгэж шалиглаж явахаасаа өнгөрсөн” гэж бодсон байна. Сүгсээ тэгэж айлын хашааны эзэнгүй ёроолоор баахан гайхширч алхахдаа “Одоо яах вэ?” гэж өөрөөсөө асуулаа. Тэгэхэд “Эднийг нэн даруй амаар нь газар үмхүүл” гэсэн хатуу хариу гарч ирж санаагий нь шулуутгалаа. Ингэх хүн ч сайхи хужаад бий билээ.
Ван овогт Долоон буудлаар таних мэдэх айлаараа орж, явсан, ирснээ сонин болгон ярьж явах далимдаа өөрийн шигшигдсэн найз хоёр нөхөртөө “Цаг алдалгүй Лю овогт хужаа, Балжин хүүхэн хоёрыг маш сэмээр далд хийж, нууцаа хамгаалах ёстой боллоо. Энэ нь та нарт ч зугаатай шүү. Би маргааш хүмүүст илээр Дархан хот руу явна. Та нар тэр аминд тулсан хэргийг гүйцээж аль” хэмээн захин, Бээжингээс өөрт нь өгсөн мөнгөнөөс хоёр хоёр мянган юань тэр итгэлт хүмүүстээ өгнө гэж амлажээ.
Энэ хэргийг тун далдуур, маш нууцаар хийж, өөрсдөө биеэ айхавтар нуух ёстой. Мөрөө буруулахдаа гэнэ алдав гэж Ван овогт тэр хоёрт анхааруулсан байна.
Ийм нэг явдлыг Сүгсээ зохион байгуулж амжаад Дархан хот руу бараг л олонд зарлах шахан, жижиг хөрөөгөө даавуугаар ороож бариад явсан ажээ. Түүний ингэж явсныг хамар хашааны хүмүүс мэдсэн байна. Энэ нь уг хэрэг манарахад Ван овогт Улаанбаатар хотод байгаагүй гэж нотлох үндсийг бий болгосон байлаа. Энэ бол хашир хүний шалгарсан арга билээ.
Шархүүг өглөө ажилдаа очоод мэдээ боловсруулан сууж байтал дэд хурандаа Соном өөр дээрээ ороод ир гэж дуудлаа. Тэд бие биеийнхээ занг мэдэхтэй болсон нь мэдээж. Дэд хурандаа царайгаа шаргалтуулан, жаахан ядарсан юм уу, аль ямар нэг хэрэгт тэвдүүхэн байгаа юм уу гэмээр байв. Соном Шархүүг дэргэдээ суулгаж байгаад хэлсэн нь:
Чи одоо яваад Дамбадаржаагийн автобусны эцсийн буудал дээр хүрээд оч. Тэнд Балжин гэдэг шар царайтай хүүхэн зогсож байгаа. Чи түүнийг танина даа. Түүний уг нэр нь Балжин биш Банзар юм шүү. Чи тэр хүүхэнтэй зогсоол дээр битгий юм ярилцаарай. Бие биеэ харж дохио авалцаад цаашаа Сэлбийн зүүн салаагаа өгсөж нэлээд яваад хээр гарсан хойноо учраа ярих биз. Чи түүний хэлэх зүйлийг сайн мэдээд ир. Уг нь би түүнтэй биеэрээ уулзвал зохих байсан боловч болохгүй байна. За яв. Би чамайг очно гэж тэр хүүхэнд утсаар хэлсэн гэж тушаал болгон хэллээ.
Шархүү гайхшран нөгөө намайг сорих царай гаргаад байсан, миний танил “ганган” хочтой Балжин маань манай хүн гэж үү? Тэгнээ тэр, нэг л хачин ганган байдаг хэмээн бодсоор Соном даргын заасан газарт яаран очлоо. Тэнд унаа тэрэг хүлээсэн хүмүүс нэлээд хэд байв. Банзар хүүхэн Шархүүг тэрэгнээс буугаад ирэхэд холхоноос таньж мэдээд, түүнд биеэ үзүүлсэн дороо цаашаа ганцаараа алхаж гарах нь тэр. Шархүү ч түүнийг дагаад хэдэн алхам зай барин явсаар өргөн шар хоолойг өгсөн нэлээд яваад хойт талын нарлаг уул өөд авиран алхлаа. Тэд нүдэн бараатай явсаар нэлээн дээр гарч, хэдэн бараан чулуун дотор орсон дороо тэнд инээж уулзан суулаа. Эхлээд:
Өө, чи юм уу? Тэгнээ тэр, намайг их сонжиж байсан.
Чи ч намайг элдэвт хардаад хужаа хүүхэн болгох гээд ядаад байсан гэж учир битүүлэг үгээр тоглоом ч юм шиг биш, юу ч биш зүйл ярьж бие биенээ сая лавтай таньж байгаа шиг хөгжилдсөн байдлаар хэсэг зуур байв.
Чи ч энэ чулуун дотор янз бүрийн хүнтэй нэлээд ирж суусан биз дээ гэж сайхи эр бүсгүйгээр дооглох байдлаар бас хэлж инээвэл, Балжин энэ үгний учрыг мэдэв бололтой инээж, жижиг чулуу авч хархүүгийн нүүр өөд нь шидээд:
Чи биш дээ, би. Хүүхнүүдийг дагуулан хотын захаар зугаацаж явдгаараа чи л энд олон ирээ биз. Аягүй бол чи энд ямар нэг эмэгтэйн хувцсыг урж тайчиж явсан даа гэж бүр хэтэрсэн тоглоомын үгээр дайрч дооглолоо. Ингэж тэд уулзан, амар мэндээ сая асууж, бие биеэ гайхширсан үгээр ширтэлцэв. Балжин царай нь жаахан борлоод, нүд нь сэргэлэн гялалзан аятайхан харагдаж “Завтай болоод морьтой сон бол” гэгчээр Шархүүгийн нүд сэтгэлийг булааж байв.
Тэд хээрийн шингэн агаарт бөөр нийлүүлэн суугаад албаны чухал яриандаа орлоо. Түүний үгийг тэмдэглэж авах гэж Шархүү халааснаасаа цаас үзэг гаргавал бүсгүй түүнийг нь байг гэж хориглон, эгцлэн харж байгаад:
Зарим өмнө зүгийн хүмүүс бидэнд буруу санасан хэвээрээ байна. Энэ бол бараг ужгирсан хэрэг л дээ. Одоо тэд “Монголчуудын хоорондын эв нэгдлийг эвдэхэд гол анхаарлаа чиглүүл. Тэд бие биенээсээ илүү том байх гэж их өрсөлдөн, эвдрэхдээ амархан” гэж Бээжинд морилж байдаг ноёд нь энд байгаа туршуулууддаа заавар зарлиг буулгаж байгаа гэнэ. За монгол хүнийг хороож алга болгох аргуудыг олон салаа замаар идэвхжүүлэн эндээс явуул гэж тэндээс зааж тушаан, тэр ёсоор энд байгаа туршуулууд нь ажиллах болж байгаа юм байна. Энэ тухай би Лю овогт хужаагаас сая мэдээ аваад түүнийг та нарт яаралтай хүргэх гэж санасан учиртай ... хэмээн хүүрнэж гарав.
Ойр хавьд нь хүн амьтан алгаа. Балжин хүүхэн байн байн ийш тийшээ харан сэрэмжлэх нь хашир хүний шинж аж. Шархүү энэ хүүхний дэргэд байхдаа “Чи манай хүн байсан нь ямар сонин бэ? Тэгээд зориуд их маягладаг байж шүү. Энэ бас намайг хачирхалтайгаар сорьж сонжоод байсан” гэж бодохоос сэтгэлд нь үнэмшилгүй, гайхалтай санагдаж байв. Тэгээд би яагаад энэ хүүхэнтэй дотно танил болж үүнд сэтгэлээ өгч байсан нь ямар сонин бэ? Би Цэрмаатайгаа Агьтын хөндийд очиж танилцаагүй бол энэ хүүхнийг ижил хань минь болооч гэж гуйх л байсан биз хэмээн бодож байхдаа хятадуудын энэ явуулга нь хөдөөд босгосон тэр хүн чулууны өвөрт нандигнан хадгалуулсан бодлогын үзэл санаа. Тэр бодлогоо биелүүлэх гэсэн ээлжит ажил нь үргэлжлэн явагдаж байгаа нь энэ гэж бас бодож байлаа. Тэгээд энэ бол гарцаагүй явагдах хэрэг гэж Шархүү аман дотроо шивэгнэв. Яриа удаан үргэлжилсэнгүй. Эндээс явахыг завдахад:
Энэ бүх үгийг Лю овогт нөхөр надад өчигдөр ярьсан юм. Харин түүнд үүнийг хэн хэлснийгээ надад хэлээгүй. Би ч асууж амжсангүй. Бидэнд хандаж байгаа тэр хүн чухам ямар туршуулуудын бодлогыг өөрт нь хэн хэлсэн, түүнийг зохион бүтээсэн эзэн нь хэн болохыг надад огт дурсаагүй. Бодвол өмнө зүгийн далд этгээд л байгаа биз. Лю овогт хүн нэг нутгийнхаа хүний нэрийг гаргахаасаа түдгэлзээ юм уу, аль дараа уулзахаараа хэлнэ гэж бодсон ч байж мэднэ гэж Балжин нэмж тайлбарлан хэллээ.
Шархүү түүнд гайхсангүй.
Лю та хоёр дахиж уулзана гэж хэлэлцсэн юм уу гэж асуувал бүсгүй:
Тийм. Бид хоёр нөгөөдөр уулзана гэж тохирсон юм гэлээ. Сайхи эр дооглонгуйгаар инээж:
Та хоёр дандаа тохиролцож байдаг юм биз дээ гэвэл, Балжин бас энэ үгний далд утгыг мэдсэн янзаар инээн сэргэлэн хурц нүдээ хөдөлгөж:
Чи юм бүхнийг доод эрхтэндээ захируулан ойлгодог юм аа. Лю овогт бид хоёрт эр эмийн харилцаа байгаагүй. Чин үнэнийг хэлэхэд тэр хятад надаас бэлгийн явдал гуйж байсан удаатай. Би тэгэж хошуу цорвойсон бүхэнд биеэ тавьж өгдөг завхуул эм биш шүү. Чи харин намайг нэг гэнэдүүлсэн удаатай. Би тэр явдалд нэг их харамсдаггүй. Яагаад тэр билээ гэдгээ ч мэддэггүй явдаг мангуу толгой доо, би гэж хэлээд инээлээ. Энэ хоёрын яриа үүгээр дуусаж, газрын нам руу буугаад, хоорондоо зай барин цуварч, зөөврийн тэрэгний зогсоол руу тайван царайтай алхжээ.

Хүний амь хөзөр даалуу биш

Шархүү ууланд чулуун дотор байхдаа Банзарын гарыг атган зогсож байгаад:
Чи гайхаж ханашгүй сэргэлэн, золбоолог бүсгүй байна. Би чамд дээдийн талархалаар сэтгэлийн таашаалаа илэрхийлье гэж хэлээд
Би чамайг ийм итгэл өвөрлөсөн хүүхэн гэж даанч бодоогүй явсан минь миний эндэгдэл байжээ гэж өгүүлээд салан одсон нь эмэгтэйн санааг ихэд хөгжөөжээ. Тэгээд бүсгүй гэртээ ирсэн дороо “Би улс орноо дээдлэн хүндэлж явдаг бусад сайхан хүний таашаалыг хүлээж байгаа боловч бас мөчиг ухаантай байна. Яагаад Лю овогтоос уг хэргийн эзнийг асуусангүй вэ? Би зэвүүн муу үг сонсоод сэтгэл өвдөж дотор бачуудсанаас болж тэр хужаатай дутуу ярьсан байна. Маргааш явж заавал түүнтэй уулзана” хэмээн өөрөө өөртөө хэлсэн аж.
Балжин гэртээ хөгшин эхтэйгээ, төрүүлсэн ганц охинтойгоо Дамбадаржаад айлын жижиг байшинд амьдран сууж байгаа. Түүний эр нөхөр хэдэн жилийн өмнө олзонд шунаад хөдөө гарч худалдаа хийнэ гээд бүр яваад өгсөн. Амьдралаа холбоё гэж хоёр ч хүн түүн дээр ирсэн боловч Банзар тэдэнд зохистой хариу өгөлгүй явуулсан. Энэ далд албаны ажилд арваад жилийн өмнө орсон, байн байн чухалчлах агуулгатай мэдээг Соном даргад өгдөг, төрөлхийн аливаад гярхай нүдтэй, зэгсэн сэргэлэн бүсгүй ажээ.
Тэрээр бүр залуудаа элдэв зугаа цэнгэлд оролцон, зарим залуустай гадуур гүйдэг нь хэнд ч нууц биш билээ. Үнэндээ ч савсаг зантай залуус энэ бүсгүйг хараад зүгээр дагаад явахын аргагүй тунгалаг царайтай, бие балдир нь ч гоолиг, ааш зан нь булга халиу л байлаа. Тэгээд Банзар залуугийн жаргалыг эдлэж цалгиж явсан нь үнэнтэй билээ. Ийм нэг бүсгүйг зохих албаны хүмүүс өөртөө тус болж чадах эмэгтэй гэж үзээд далд албандаа оруулсан байна. Балжин тэр албыг нь хөсөрдүүлээгүй явааг зохих хүмүүс мэддэг, итгэдэг. Тэр итгэлийг нь энэ бүсгүй хугалж нугалаагүй ажээ.
Банзар энэ өглөө эрт босож ундаа уусны дараа хотын төв орж 7-р анги төгсөж байгаа охиндоо таарах гутал олж авах, тэндээсээ Долоон буудал юм уу, засварын газарт очиж Лю овогт наймаатай уулзан, өөрт нь өгсөн мэдээний цаад эзнийг асууж мэдэх, түүнийгээ эргээд Шархүүд хэлж өгөх санаа өвөрлөн гэрээсээ гарч гүйсэн байна. Сайхи эмэгтэй шууд явсаар Авто машины засварын газарт очиж Лю овогт хужааг сураглахад тэр засварчин даргынхаа тушаалаар өөр газарт очиж тэрэг үзэн зөвлөгөө өгөхөөр явсан, оройхон ирэх ёстой гэж байгууллагын жижүүр хэлжээ. Тэрээр эргэж Улсын их дэлгүүрт ирж бараа үзэж явтал нь хуучин танил Шагдар гэдэг эр дайралдан найрсаг ёсоор уулзаад, ээлжийн амралтаа авсан. Тэр жилийнхээ адил хоёулаа хамт Сонгинын амралтанд очиж амаръя гэж санал гарган найрсаж дагалаа. Түүнээс Банзар татгалзахад хэцүү байв. Учир нь Банзар Шагдараас нэлээд түрүүн мөнгө зээлдэн авч байсан, тэр жил мөн Сонгинын амралтанд хамт байж хөзөр тоглон, голын хөвөөгөөр зугаацаж үлэмж дотно болсон, одоо ч хааяа дайралдвал найзархан уулздаг, түүнээс заримдаа чухалд үзэх мэдээг санаандгүй янзаар сонсдог билээ.
Шагдар цайлган цагаан зан гаргаж элдэвлэн ярих дуртай, өмнөд талын орны явдлыг зэгсэн сурвалжилсан байдлаар мэдэж байдаг, тэр зүгийн цусны хольцтой хүн. Банзар мөнгөний хэрэгцээ гарахаар түүн дээр хоёр ч удаа очиж “амь тариа” хийлгэж байсан. Тэр хоёрын энэ байдлыг нөгөө талын туршуулууд сайн мэдэж байгааг энэ бүсгүй яахан тааварлаж мэдэх билээ. Түүгээр ч зогсохгүй Ван овогт Сүгсээгийн гарын зарц энэ эмийг түргэн далд оруулах даалгавар аваад яаран гүйж Балжингийн танил Шагдартай уулзан учрыг нарийвчлан хэлээд бэлтгэл хийлгэн уг хэрэгт шамдан оруулсан байв. Энэ явдлыг Балжин хэмээх Банзар яахан мэдэх билээ. Ийм хүнтэй бүсгүй маань болзоотой юм шиг Их дэлгүүрт уулзсан аж.
Чухам өөрийг нь хэн яаж эрэл сурал болон хайж явааг энэ хүүхэн бас мэдэх аргагүй байв. Цаанаа ийм утга учиртай уулзалт Их дэлгүүрийн гутлын тасагт болж, сайхи хүн дуу алдан:
Ямар сонин таатай хэрэг вэ? Чи минь сайн л байгаа биз дээ хэмээн аманд нь орчих шахан элдэвлэж гарах нь тэр ээ. Тэд бие биеэ таалан учирлаа. Банзар энэ хүний чухам уг гарал, хаанахын ямар ажилтай хүн болохыг хараахан судалж мэдээгүй, амралтын дууль дотроос наргиан дунд, тухайн цагийн хөгжөөнт сэтгэлээр анхлан танилцсан хэрэг.
Шагдар бол Их хүрээнд байсан олон хятад пүүснүүдээс элдэв төрлийн барааг авч Зүүн Хараад аваачиж худалддаг байсан Хар сахалт (монголчууд Билэгт гэж нэрлэдэг) наймааны ач хүү, гарын бэл зэгсэнтэй эр ээ.
Бөгтөрдүү өндөр нуруутай, босоо халимагтай, орсгой том шүдээ гарган бусадтай наргиж явдаг энэ эрийн үг нь шогч, наргиантай боловч дотроо чухам юу санаж явдгийг тэр болгон хүмүүс мэдэх аргагүй. Энэ хүн өнгөрсөн өдөр эрхэм андаасаа нэгэн чухал захиалга аваад, биеэ бэлтгэн зохих “эм” биедээ хийж хоноод, өглөө эртлэн босож Банзарын суудаг хашааны үүдийг хоёр дахин эргэж үзсэнээ биеэ далдлан, өөр нэг хашааны буланд орж отолт хийсэн байна. Сайхи хүн бүсгүйг гэрээсээ гараад ирэхээр түүнийг хаашаа юунд явахыг ажиглан дагаад цувраа автобусанд орж суун хотын төд ирээд, бас бүсгүйг засварын үйлдвэр лүү явахад нь араас нь дагаж анан явсаар ийнхүү Их дэлгүүрт орж ирж сая уулзаж байгаа жүжиг тоглон, түүнтэй учирсан аж. Тэгээд шагдар Банзарыг үзсэн дороо урдаас нь очиж арай л тэврэн авч үнсэлгүй “хөөр хөгжөөн” болгон инээж таалаад:
Би ээлжийн амралтаа аваад урьдын адил чамтай л хамт зугаатайхан өнгөрөөхсөн гэж хүсээд, чамайг олох гэж бүр сэтгэл хөөрөн гүйж явна. За санаа амарлаа. “Төөрч төөрч төрөл дээрээ” гэдэг болж байх шив. Хоёулаа амралтанд явъя. Хэд хоног аятайхан зугаацаж тархи толгойгоо амраагаад ирье. Чи охиноо дагуулаад явсан ч болно. Би чиний хамаг зардлыг даая гэж Шагдар аманд нь орчих шахан гувшиж, түүнийг одоо “Баянгол” зоогийн газарт орж хоол идье гэж урилаа. Балжин өглөө сайн цай ууж чадалгүй гэрээсээ гарсан, өдөр нэлээд тэнэж орхисон зэргээс шалтгаалан Шагдарын энэ урилгыг цааш түлхэх аргагүй болж, түүнийг дагаад зоогийн газар луу явсан байна.
Уужим цэлгэр тасалгаанд цэвэр цэмцгэр ширээний ард суухад бүсгүйн сэтгэлд нийлэмжтэй байгааг өгүүлэх юун. Сайхан хоолны үнэр түүний ходоодыг баясгаж байв. Шагдар ширээнд суусан дороо хугас шил цагаан дарс, зууш, халуун хоол захиалж, инээн баяссан царайгаар бүсгүйд хандан аль чихэнд тааламжтай үг урсган хөгжөөж эхлэв. Тэд амтат ундаа ууж, ходоодоо зэгсэн халааж суугаад Шагдар босож “00” өрөө орж эргэж ирээд, цэвэр аятайханыг нь гайхаж:
Хүнгүй сэлүүн байна гэж хэлэх нь бүсгүйг тийшээ очоод ир гэсэн үг байлаа. Банзар ч тэр “урилгыг” нь бас хүлээн авч босоод явахад нь сайхи эр яаран өврөөсөө бэлэн цаасан нунтаг эм гарган бусдын нүдийг манаж байгаад “найз” эмийнхээ сархадтай хундага руу гүвж орхилоо. Тэрээр Банзарыг эргэж ирэхэд нь жаахан ядраа юм уу гэмээр толгойгоо атган ширээ түшээд сууж байв. Энэ жүжиглэлтийг бүсгүй яахан анзаарч мэдэх вэ. Тэд хоолоо идсэн дороо зоогийн газраас гарч зөөврийн тэрэгний зогсоол руу явлаа. Тэд аль аль нь нэлээд халсан янзтай.
Шагдар “өрөвчийн” царай гарган Банзарыг “халамжилж”
Гэртээ хариад амарч үз. Маргааш энэ цагт энд уулзъя гээд автобусанд суулгаж өгөв.
Бүсгүйн бие тэргэн дотор эвгүй болж, толгой нь эргэн, гэдэс нь базалж ухаан балартаад Дамбадаржаагийн эцсийн зогсоолд хүрэв үү үгүй юу тэрэгнээс буухаас өөр аргагүй болж гарчээ. Тэрээр зогсоол дээр ухаан балартан унаад, тохиолдсон сайн санаат нэг хүн түргэн дуудуулж эмнэлэг рүү явсан боловч замдаа амьсгаа хураасан байна. Чухам юу болсныг эмч нар ч мэдэх аргагүй, эмэгтэй маань “Шаг..., Шаг...” гэсэн нэг үг шивэгнэж байгаад эцсийн амьсгалаа авч зүйл дууссан ажээ.
Банзарт тохиолдсон энэ эмгэнэлт явдлыг Соном дарга, ахмад Шархүү нар хоёр хоногийн дараа мэдсэн аж. Мэдээжийн тэдэнд хэн юу мэдэж шуурхай мэдээ хүргэх билээ.
Энэ харамсалтай явдлын дараа өөр нэг эмгэнэлт явдал бас гарсан байна. Тухайлбал, Долоон буудлын газарт шавар байшиндаа суудаг, автомашины засварчин Лю Жиминг яг Банзарыг амь алдаж байх тэр үед гэртээ нөмгөн сууж байтал үл таних хоёр хүн айл асууж орж ирээд хаалганы ард байсан түлээний сүх авч, ганц үгний ч солио хийлгүй тархи руу нь хүчтэй цохин тэр дор нь нам алжээ. Энэ үеэр талийгаачийн эхнэр нь сүү авахаар нэг таних айл руу явсан, том хүүхэд нь сургуульд, бага нь хүүхэд саатуулах газарт явсан байжээ. Ийм сиймхийг гаднаас ажиж байсан хүмүүс олоод, уг хэргийг яаран үйлдсэн нь лавтай байна. Лю овогтын авгай бидонтой сүү бариад гэртээ орж ирэхэд өвгөн нь унтлаганыхаа өрөөний үүдэнд толгойноосоо цус асгаруулан хэвтэж байжээ. Түүнийг сэрээх гэж эхнэр нь татаж оролдвол аль хэдүйн амьсгаа хураасан байв. Ингээд тэр айлд хагацлын шуугиан дэгдэж, аймшигтай явдлын мөрийг албаны хүмүүс ирж хайсан боловч сураг ажиг гарах зүйл олдсонгүй. Тэр сайн санаат хятад хүний хэдэн хүүхэд, хань ижил нь болж байсан монгол эмэгтэй хагацалд учрах нь тэр.
Дэд хурандаа Соном, Шархүү нар нэг өдөр, бараг нэг цагт Банзар, засварчин Лю овогт нар нүд анисныг жаахан хожуу олж мэдээд энэ хэрэг зориудын далдын явууллагаар болж байна. Банзар харийн туршуулын гараар хөнөөгдлөө. Энэ гарцаагүй гэж ярилцан, түүнээс ямар дүгнэлт хийх ёстой болж байна вэ гэдгээ бас хэлэлцсэн байна.
Бүх хэрэг тодорхой боловч түүнийг чухам хэн үйлдэв ээ гэдэг нь мэдэгдэхгүй байлаа.
Тийм л дээ. Хорон санаат этгээд яалаа гэж би үүнийг үйлдсэн гээд өөрөө хэлж ирэх вэ? Бид л үүнийг илрүүлэн олох ёстой шүү дээ гэж Соном даргыг хэлэхэд Шархүү бодол болон сууснаа нэгийг санав бололтой духаа маажин, даргыгаа харж:
Миний бодоход энэ хэргийг зохион байгуулсан этгээд ойрхон байгаа. Надад сэжиглэн тааварлаж байгаа этгээд ч байна гэлээ.
За хэн бэ гэж Соном дарга олзуурхан асууж ахмадыг ширтэв.
Тэр үү? Ван овогт Сүгсээ гэдэг наймаа байж магадгүй гэж бодож байна. Тэр хүн бол миний явсан газар болгон нүүсэн айлын буудал шиншилж яваа банхар адил явж байдаг, ямар нэгийг эрэлхийлсэн этгээд. Талийгаач Банзар төлдөр уулзахдаа түүний нэрийг гарган “Энэ олигтой хүн биш. Лю овогтоос шал ондоо хүн” гэж хэлж байсан. Энэ үг цаанаа учиртай байгаа биз. Би ер нь санамсаргүйгээр тэр Сүгсээтэй хэд хэдэн удаа тулгарч уулзсан. Хүнээс дагнан нүүрээ буруулна. Монголоор нэг ч үг ярихгүй. Хаа хэрүүл шуугиан болно, тэнд л бас явж байдаг, арай л хоёр нохой яс булаацалдахад хараад зогсож байдаггүй хүн дээ гэв.
Энэ хүний тухай яриа үүслээ. Энд хамт байгаа хүмүүс янз бүрийн санаа гаргаж ярив.
Тэр этгээд буруу санаатай бол түүнийгээ өөрөө илчлэх гэсэн юм шиг тэгэж будлиан самуун дагаж явахгүй, биеэ аль болохоор нууна шүү дээ.
Олз олохын тулд хаа ч явж болно.
Тийм ээ. Тэр этгээд Бээжинд эцэг нь нас барлаа гээд түрүүхэн яаралтай явсан мэдээ агаарын онгоцоор зорчигчдын бүртгэлд байгаа. Тэр хүн Бээжин явж зохих эзнээсээ даалгавар авсан байж болох учиртай.
Тэр Ван овогт хүн галт тэргээр 5 хоногийн өмнө Бээжингээс Улаанбаатарт ирсэн сураг байгаа.
Өө, бид Сүгсээ гэж нэрээ монголчилсон тэр хүнийг мэдэлгүй яах вэ? Тэр чинь модны үйлдвэрт ажиллаж байгаад цалин бага байна гээд тэндээсээ гарсан. Одоо Төрхүүгийн багт ороод барилгын засвар хийж байгаа. Монгол эхнэртэй, гурван хүүхэдтэй, эхнэр нь бас бие давхар, барилга, модны ур чадвар сайтай гэгдэж байгаа хүн. Бээжингээс ирсэн дороо Дархан хотод ажиллаж байгаа баг дээрээ очихоор явлаа гээ биз дээ. Ер нь бодол санаа нь тодорхой мэдэгддэггүй хүн гэсэн шүү үг хүмүүс хэлэв.
Аа, тэгвэл тэр Ван овогт энэ хэргийг гарахад Улаанбаатарт байгаагүй юм шив дээ. Гэхдээ байлаа ч гэсэн тэр хэргийг өөрөө хийхгүй, түүний гар хөл нь л хөдлөө биз. Гарч байгаа өөр түйвэргэх хэргүүдийг үүсгэн санаачлагчид нь өөрсдөө үйлдэхгүй, биеэ худалдсан этгээдүүд нь хийж байгаа байдал бидэнд тов тодорхой мэдэгдэж байгаа биз дээ. Ер нь тэгэх л ёстой гэсэн яриа тасалгаанд боллоо. Эцэст нь, ямар ч болсон сая хөнөөгдсөн хүмүүсийн гэр орныхонтой уулзаж үгий нь сонсох, Цагдаагийн байгууллагын ажилтнуудтай холбоо тогтоох, тэднийг оршуулахад хэн яаж байх нь вэ гэдгийг ажих хэрэгтэй болж байгааг зөвлөлдөн ярилцлаа.
Нас барагсдыг оршуулахад хөнөөсөн этгээд өөрсдөө яагаад ч бараагаа харуулахгүй. Харин яах вэ, ямар ажиг сэжиг ажиглагдах нь вэ гэдгийг мэдэх санаагаар сайндаа л төлөөнийхөө хүнийг очуулах биз. Тэр очсон хүн нь уйлж унжих зэргээр жүжиглэх болно байх гэсэн үг бас сонсогдож байлаа. Энэ богино зөвлөлгөөний эцэст Банзар агсны эх, охин хоёрт мөнгөн туслалцаа үзүүлэх, цаашдаа тэднийг харж хандаж байх талаар дарга нар бодвол зохистой байна гэсэн санал Шархүү гаргаж хэллээ.
Хэлмэгдэгсдийг хөдөөлүүлэх ажлыг цаад гэмт этгээдийг нь илрүүлэхэд тус болж болох зүйлийг хайх байдлаар бид ажиглая гэж бас шийдсэн байна. Энэ ч ердийн байдаг ажил билээ.
Шархүү Банзар агсныг оршуулах ажилд танил хүний ёсоор очиж байлцав. Үрээ алдсан хөгшин эх, эхээ алдсан сурагч охин хоёрыг харахад тэсэхийн аргагүй эмгэнэлтэй байлаа. Охин нь эхийнхээ толгойг тэврэн наалдаад уйлж цурхирах нь дэндүү өрөвдөлтэйг тоочиж хэлэхийн арга алга. Түүнийг үзсэн хэн боловч харамч нүднээсээ дусал савируулахгүй байхын арга даанч үгүй байлаа. Шархүү албаны хэрэгтээ тус болох зүйл эндээс олж үзээгүй ч гэсэн анхаарал татсан нэг үг сонссон нь: Бүрзгэр хөх царайтай, зузаан уруултай, тэдний танил нь болов уу гэмээр аяс гарган хандаж байгаа идэрхэн насны эр хэнэггүй царай гарган:
Одоо яая гэх вэ. Хүн заавал алга болдог жамтай юм чинь яах ч арга алга. Өвчин хэлж ирдэггүй, хийсэж ирдэг гэдэг биз дээ хэмээн хэд хэд хэлэх нь “Энэ явдал ерийн байдаг зүйл. Үүнд их эмзэглээд байх хэрэггүй” гэсэн санааг тэнд ирсэн цөөн хүнд төрүүлэх гэсэн далдын санаатай болов уу гэмээр байв. Ажиглахад тэр хүн арай ч ердийн халх хүн биш байдалтай нь сонин. Шархүү энэ хүнийг сэтгэлийнхээ мухарт тогтоож авахдаа өөртөө бас нэг ажил тарьж байгаа хэрэг байлаа. Өөр элдэвтэй юм энд ажиглагдсангүй, хэрэг дуусав.

No comments:

: