Монгол угсаатны хувцас нь тус орны байгаль цаг уурын нөхцөл, эрхэлдэг аж ахуй, хэвшиж дадсан заншил төдийгүй түүхэн цаг үеийн онцлог, нийгмийн байдлыг тов тодорхой тусгаж ирсэн эдийн соёлын чухал дурсгал билээ. Хүн төрөлхтний балар эрт үеийн хувцас нь ерөнхийдөө төстэй байсан гэдэг бөгөөд мал аж ахуй эрхэлж морь унадаг нүүдэлчдийн хувьд зонхилох хувцас нь өмд, цээживч байсан ба хожим энгэртэй дээл хэрэглэдэг болсон гэж судлаачид үздэг.
Хүннү нарын хувцас өмсгөл нь биетээр олдсон Монгол хувцасны хамгийн эртний дурсгал юм. Археологийн малтлагаар олдсон Хүннү нарын хувцасны судалгаанаас үзэхэд тэд баруун зүүн тийш зөрдөг энгэр бүхий дээл, агсарган бүс, сөөхий маягийн ээтэн хоншоортой гуталтай байжээ. Хүннү нарын халааг авч төр улсаа мандуулсан Сяньби, Жужан нарын хувцас ч мөн хожмын Монгол хувцастай төстэй байсан нь сурвалж бичгээс мэдэгдэж байна. Монгол нутагт оршин тогтнож байсан эртний улсуудын дотор Хятан нарын хувцас эртний Монгол хувцасны уламжлалыг гүнээ хадгалсныг судлаачид тогтоосон байдаг. Тэдний дээл нь зөв дарсан ташуу энгэртэй, гутал нь ээтэн хоншоортой, толгойн өмсгөл нь хив малгай, юүдэн, алчуур болохыг харж болно.
Дундад зууны үед Монголчуудын хувцас, чимэглэл нь улам төгөлдөржиж, Мөнх (1252), Хубилай (1275) нар тайлга ёслолын хувцасны хуулийг тогтоожээ. Ийнхүү хуульчлан тогтоосноор тухайн хүний зэрэг дэв, оролцох үйл явдлын дагуу хувцас, өмсгөл нь ёслолын, цэргийн, албаны хувцас хэмээн ангилагдах болжээ. Энэ үеийн Монгол дээл нь зөв ташуу энгэртэй байсан бөгөөд бүдүүн цэмбэ арьсан дээл өмсдөг байснаа хожим торгомсог бөс дээл өмсөх болжээ.
Манж Чин улс 17-р Хятад Монгол зэрэг орныг эрхшээлдээ оруулснаар Манж хувцасны зарим хэв маяг дэлгэрсэн байна. Манж чин улсаас “ Гадаад Монголын төр засах явдлын яамны хууль зүйн бичиг” Монгол ван, гүнгүүдийн цол хэргэм зэрэг дэвийн хувцасны хэв маяг хэрэглэх зүйлийг хуульчилсан байна. Ингэснээр монголын ноёд тайж нар ван, гүн, бэйс, бээл зэрэг шинэ цол хэргэмтэй болж Манж ямбаны хувцас өмсөх болжээ. Манжийн ноёрхолын үед Монголын эрчүүд манж маягийн тав гэзэг тавьж дөрвөлжин энгэртэй дээл өмсөх болсон ба дээлийн ханцуй нударгатай болжээ. Харин лам болон эхнэр хүний дээлэнд эртний монгол хүний дээлний мөөрөлжин энгэр хэвээр үлдсэн.
Эртний монгол эхнэрүүд өндөр оройтой богтого малгайтай хоёр сараалж сүлжин дугтуйлсан (үсний гэрэнд хийсэн) үстэй байснаа 17 зууны үеэс зарим ястны тухайлбал Мянгад, Халх эхнэрүүд дэргэр үс самнах болж дээлэнд нь өөрчлөлт орж дөрвөлжин энгэр түнтгэр мөр дэлгэрчээ. Үсээ дэрийлгэн хавчих болсноор толгойн боолт, үсний хавчаар, үсний гэр хэрэглэх болж, мөнгөөр урлах болжээ. Халх эхнэрийн толгойн боолт нь эрт үеийн богтого малгайнаас улбаатай байдаг. 1911 оноос Монгол улсын хаан, хан, ван, гүн, бээл, бэйс, тайж, түшмэдийн өмсгөл эдлэл хэрэглэлийн хэв маягийг шинэчлэн тогтоосон боловч Манжийн үеийн хувцсанд бага сага өөрчлөлт оруулсан. Богд хаант Монгол улсын үед лам нарын ямбаны хувцас цэргийн дүрэмт хувцасны хэв маягийг бас журамлан тогтоожээ. 1921 оны Ардын хувьсгалын дараах үеэс монголын хуучны төрийн ямба ёслолын хувцас орхигджээ. Ялангуяа 1930-аад оноос нийтээр энгийн хийцтэй дээл хувцас хэрэглэх болсны сацуу хотшил, үйлдвэржилт, оросын соёлын нөлөөгөөр европ хувцас дэлгэрч эхэлсэн.
Халх Монголчуудын хувцас, гоёл чимэглэл
Эрэгтэйчүүдийн дээлний зах болоод энгэрийн эмжээр нь дан, энгэр уужим тавиу, ханцуй өргөн, урт, ар хормой нь урд хормойноосоо тавиу байдаг. Монгол эрчүүд гоёлын дээл хувцаснаас гадна эмээл хазаар, сайн модоор хийж, яс мөнгөөр чимэглэсэн ташуур, урт сайхан уурга бугуйл эдлэн гангардаг байжээ. Мөн уран хийцтэй мөнгөн хэт хутга, соёо цохилуур, хаш манан соруултай ганс, үнэт чулуун хөөрөг, мөнгөн аяга, алт мөнгөн бөгж тэргүүтнээр гоёдог байжээ. Халх эхнэр хүн түнтгэр мөр, урт ханцуйтай дээлийг гол төлөв тод өнгийн торгоор хийж өмсдөг. Бас дээлийн гадуур өмсөх ууж хэмээх өмсгөлтэй байжээ. Халх эхнэр дээлийнхээ ханцуйг гол төлөв хоргойгоор хийдэг. Эхнэр хүний дээлний нударганы хэлбэрийг цомбон туурай, дэлбэн туурай хэмээн ялгадаг бөгөөд залуу хүмүүс цомбон, настай хүмүүс дэлбэн нудрага хэрэглэнэ. Эхнэр дээлийн гадуур өмсөх ууж нь ханцуйгүй, энгэр нь тууш задгай өмсгөл юм. Уужны урт дээлний урттай тэнцүү, оноо нь дээлнийхээс ялигүй богино байдаг. Уужийг гоёлын болон энгийн гэж ялгахаас гадна цээж ууж, урт ууж гэж хоёр янзаар хийдэг. Ууж нь гэрийн эзэгтэйн ёслол, хүндэтгэлийн өмсгөл болдог. Халх эхнэрийн чимэглэлд түүний эдлэж буй чимэглэл болох толгойн боолт, үсний гэр, үсний хавчаар, энгэрийн гуу, хүзүүний зүүлт, ээмэг, бөгж тэргүүтэн алт, мөнгө, шүр ,сувдан эдлэл ордог.
Ойрд Монголчуудын хувцас, гоёл чимэглэл
Дөрвөдүүд өвөлд бусад халхуудтай адил нэхий хурганы арьсаар оёсон дээл, зус бөс торго чиччүүгээр хийсэн тэрлэг өмсдөг байжээ. Энэхүү үстэй дээлийг “дэвэл “, “үч” гэж ялгана. Дэвэл нь гадар татаагүй цагаан нэхийгээр оёсон дээл байдаг бол бүс торгоор өнгө татаж оёсон дээлээ үч гэнэ. Зун лавшиг буюу тэрлэг. Дөрвөдүүд нөхөрт гараагүй бүсгүйг сэвгэр гэх ба тэдний өмсдөг дээлийг лавшиг уужийг цэгдэг гэнэ. Дөрвөд хувцасны нэг өвөрмөц соёл нь тасам, киаз юм. Энэ нь хүмүүсийн нас хүйс намбанд тохирсон байна. Эрэгтэйчүүдийн өвлийн дэвлийн тасам нь хар хурганы үс, хар хилэн байдаг бол эмэгтэйчүүд дээлийнхээ энгэр, ташааг нийтэд нь хараар тасамдаж (каазлаж) ирмэгийг улаан ногоон өнгийн бүсээр өнгө ялган эмждэг.
Ойрд эхнэр хүний дээл нугалаастай том цагаан захтай байдаг. Хүүхдийн дээл өвөл, зуны улирал болон хүйсээр ялгагдах зүйлгүй, уламжлалт “үч”, “дэвэл” өмсдөг байв. Дөрвөдүүд толгойн өмсгөлөө малхай хэмээн нэрлэдэг. Дөрвөд малгайн онцлог нь эртний Монголчуудын хэлбэр маягийн улбааг хадгалсан гадуураа хүрээтэй, ардаа уртавтар шилтэй, орой нь намхан болжээ. Мөн өвөлд малгай буулгахгүй явах зориулалт бүхий “хулхивч” хэмээх үнэг хурганы арьсаар доторлож бөсөөр өнгөлсөн нэгэн зүйл өмсгөл хэрэглэнэ. Дөрвөд эмэгтэйчүүд хээ угалзаар чимэглэсэн холхивч их өмсдөг байжээ. Эртний Монголчуудын гутлын хэв маягийг илүүтэй хадгалж ирсэн нь ойрд монголчуудын гутал юм. Түүний нэгэн тод жишээ бол дөрвөд госон юм. Энэ гутлын онцлог нь түрүү, толгой үргэлж, эсгий улгүй, харин гадна талаас нь ширээр улладагт байсан аж.
Дөрвөдүүд дөрвөд гос, харчин гос, монгол гутал, канчин хэмээх 4 янзын гутал өмч иржээ. Монголчууд эртнээс алт, мөнгөөр урлан дархалж эрдэнийн чулуун чимэглэл шигтгэсэн, гоёл чимэглэл зүүж, гоёж ирсэн түүхтэй. Дөрвөдүүдийн чимэглэлд мөнгөн чимэглэл зонхилно. Эмэгтэйчүүд чих, гэзэг, гар, хуруундаа мөнгөн чимэглэл ихээр зүүж ирсэн байна. Дөрвөдүүд охид хөвгүүнээ 18 нас хүрэхэд нь нас бие гүйцлээ гээд гэзэг үс тавьдаг заншилтай байна. Хөвгүүдийн үсний үзүүрт ширээсэн буюу залгаа, охидын үсэнд боодог хэмээх чимэглэл зүүж өгнө. Боодог нь хар мяндсан утсаар гөрж сүлжээд үзүүрт цацаг гаргасан нэгэн зүйл гоёл юм. Хуруундаа бөгж, хүзүүндээ мөнгөн гуу, чихэндээ төдөг хэмээх дан мөнгөн горхи зүүнэ. Сэвгэрүүд дээлийнхээ энгэр ташаанд хэтэч сүүвч хэмээх 7 цацагтай чимэг, өнгө өнгийн утсан хатгамалтай жижиг хавтага зүүж гоёно. Ойрд монголын эрэгтэйчүүд мөнгө болон гангаар хийсэн хэт хутга, мөнгөн, аяга, сахлын чимхүүр, үнэт чулуугаар урласан хөөрөг гаанс эдэлж хэрэглэсээр иржээ.
Баяд эрчүүд өвөлд хоолой энгэр, хормой, ташаагаар хар хилэн тасам эмжээртэй цагаан нэхий дээл өмсөж байв. Зун цагт эрэгтэйчүүд гоёлд хөх, цэнхэр өнгийн чисчүү дээл өмсдөг ба өдөр дутам даавуу даалимбан лавшиг өмсдөг байв. Морин хийлэнгээс гадна лавшигны зах энгэртэй адил энгэртэй цамц өмсөнө. Үүнийгээ өвөр хийлэн гэнэ. Баяд эрчүүд хэвнэг өмсгөлийг бороонд өмсдөг байжээ. Нөхөрт гарч гэрлэсэн эхнэр хүний хувцас нь эхнэр дээл гэдэг. Цагаан захны хуниас 8,12 гэсэн тэгш тоотой, захын ирмэгийг тойруулан эргэн тойрон улаан ногоон утсаар дөрөв шаглаж чимэглэнэ. Сээтгэр малгай тойруул тоорцог, дуулха, лоовууз гэх зэрэг олон төрөл малгай өмсөж эдлэж байжээ. Баядууд ихэвчлэн улаан өнгийн гутал өмсдөг. Энэ нь тэмээний утсаар ширж давхар бүс даавуугаар бүрж оёсон ширмэл ултай улаан госыг хар модны золтосны хандаар улаан өнгөтэй болгож элдэж талхисан арьсаар оёдог байсан бөгөөд уг гутлаа ажилд өмсдөг байж. Гутлынхаа доогуур эсгий оймс, мөн эсгий бойтог өмсөнө. Баяд эрчүүдийн ажлын өөр нэгэн гутал нь эсгийгээр доторлоод уланд нь эсгий дэвсэж, гутлын түрийний дээд ирмэгийг булигаар, илгээр даруулан хийдэг ажээ.
Дарьгангын хувцас, гоёл чимэглэл
Дарьгангачууд хэмээн монгол даяар нэрлэгдэх болсон угсаатны бүлэг нь дарь уул, Ганга нуурын нэрээр нэрлэгдсэн ард түмэн юм. Тэд манжийн эзэн хааны дархан сүргийг маллах болсон ард иргэдээс үүсэлтэй. Зуны улиралд бүс даавуун тэрлэг өвөл бусад Монголчуудын нэгэн адил хонины нэхийгээр оёсон үстэй дээл, хавар намрын сэрүүнд “хамжаар-хантааз” давхац хүрэм өмсдөг. Эхнэрүүд нь дулаан цагт эхнэр дээл, урт ууж, өвөлд мөн адил хийцийн нэхий дээл өмсөж байжээ.Дарьгангачууд хилэн малгай, тоорцог, товь, маахууз, овоодой, шовгор оройтой малгай өмсөхөөс гадна чихэвч бас алчуур зангидна. Гутлын хэлбэр загвар нь ерөнхийдөө монгол гутлынхтай адил. Гутлыг хавчуулж оёсон сарьс, түрий зулагт байгаа угалзын тоо, улны хийц төрхөөр 3 сарьстай, 36 угалзтай зурмал улт, 2 сарьстай, 18 угалзтай наамал улт, 4 сарьстай ширмэл улт гутал гэх зэргээр нэрлэдэг.
Эмэгтэйчүүдийн гоёл чимэглэлийг охидын, эхнэр хэмээн ялгаж болно. Тэдний гол чимэглэл нь толгойн өмсгөл чимэглэл юм. Охидын даахыг багад нь хоёр салаа өвөр болгон засаад дараа нь тав гэзэгтэй болж, нас бие гүйцэхийн хамт үсээ ургуулан нэг салаа гэзэгтэй болсон үедээ чихэндээ гархи зүүж, үсэндээ шүр сувдтай мөнгөн даруулга хаддаг. Эхнэрүүд нь халх эхнэрийн нэгэн адил эхнэр дээл, хилэн малгай, урт ууж, ээтгэр хоншоортой монгол гутал өмсдөг байжээ. Дарьганга эхнэрүүдийн гоёл чимэглэл нь өвөрмөц хийц бүхий “татуур” толгойн боолт, “хавчаар” “сүйх” “шивэргэл” үсний гэр, ар мөрний “гуу” “шалиг” бэл зэрэг болно. Тэдгээрийг мөнгөөр урлаж, шүр, сувд номин эрдэнийг шигтгэн чимэглэнэ.
(medeelel.mn)
No comments:
Post a Comment