Монголын Бурханы шашинтны төв, Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн, Их Хамба лам, гавж Дэмбэрэлийн Чойжамц ламтан
Ярилцсан хувраг Түвдэн Довдан, Цахим Өртөөчин
Ярилцсан хувраг Түвдэн Довдан, Цахим Өртөөчин
-Их Хамбатан та гарч байгаа жилийн өнгийг айлдана уу?
-"Үхэр" гэдэг амьтан аядуу тайван, элдэв цухалгүй, цагаан сүүгээрээ бусдыг тэжээж байдаг буянтай амьтан. 12 амьтнаар нэрийдсэн жил тухайн амьтныхаа шинжийг ямар нэгэн хэмжээгээр агуулдаг болохоор ургаж байгаа шарагчин үхэр жил ч мөн адил монголчуудад үр өгөөжөө хайрлаж, хөгжил дэвшил тээсэн, төр улс төвхнөж, түмэн олон амарлисан сайхан жил болно гэдэгт итгэх хэрэгтэй. Гарч байгаа жилийн хувьд, хорвоогийн жам юм хойно сайн, муу; салхи савир харагдаж л байна. Гэвч Бурханы сургаалийг баримтлаж явдаг хувраг хүний хувьд хэлэхэд, хүмүүн бид өөрийнхөө үйл ажлаар өөрийнхөө үйл амьдралыг цогцлоодог учиртай шүү.
-Зурхайд чухам ямраар зурагдсан байна вэ?
-Бурхан багшийн айлдсан Цагийн хүрдний язгуур үндсээс одон зурхайг номлосон бөгөөд хүмүүний жаргал, зовлон тэргүүтнийг шүтэн барилдлага лугаа уялдуулан тайлбарласан төгс төгөлдөр бурханы сургааль юм аа.Ер нь, "зурхай" гэдэг санаж сэрэхэд зориулсан магадлалын ухаан гэдэг үүднээсээ, жил жилд гараг эрхэсийн орчлоос хамаарч жилийн өнгө, хүмүүний явдал адилгүй байдаг. Гэвч ийм тийм хэмээн магадлахаас илүүтэй хүмүүсийн үйл ажиллагаанаас улс орны, хувь хүний хувь төөрөг ихээхэн шалтгаалдаг юм. Хүн гэдэг ухаант амьтан, эрдэнэт төрөл. Тэгэхээр хүмүүс ямар үйл үйлдэж, ямар "үр тариа" суулгасан байна тэр хирээрээ "ургац" авдаг учиртай. Иймээс аль нэгэн зурхайчид амь амьдралаа даатгахаас илүүтэй хүн бүр цаашлаад улс орноороо өнгөрсөн үедээ жаргал, зовлонгийн тухайд ямар үйл үйлдвэр үйлдсэнээ сайтар эргэцүүлж, түүнээс нь ямаршуухан үр дагавар боловсрох вэ гэдгээ илүүтэй тунгаан бодох ёстой. Өмнөх жилдээ сайн сайхан зүйлийг хийж, эрдэм боловсрол, ажил үйлдээ зөв эхлэл, бат сууриа тавьж чадсан бол үхэр жилд сайхан үр цэцэглэнэ гэж итгэх ёстой юм.
-Монголчууд Төгс буянт шинэ зурхайн ёсыг хэрэглэх болсон түүхэн нөхцөл шаардлага нь юу байсан юм бол?
-Цагалбарыг хэн нэгэн хүний өмч мэтээр, "тэрний, энэний зурхай" гэж нэрлэж байгаа нь андуу явдал. "Зурхай" гэдэг олон мянганы улбаатай, өнийн түүхтэй, Бурханы шашны бага таван ухаанд харъяалагддаг, Бурхан багшаас эхлэн багшаас шавьд дамжин өнөөг хүрсэн, төгс боловсорсон эрдэм юм.Монголыг манжууд эрхшээлдээ байлгасан он жилүүдэд, колончлогч орны журмаар хятадын хар зурхайн он тооллыг даган мөрдүүлж байсан түүх бол бий. Харин 1911 онд монголчууд Наран гэрэлт, түмэн наст VIII дүрийн Богд ламаа Хаан ширээнд өргөмжилж, алдсан тусгаар эрхээ олж, Монгол улсаа тунхаглахдаа, туурга тусгаар улсын энгээр сэтгэж олон зүйлийг өөрчилсний нэг чухал хийгээд ач холбогдолтой явдал нь, Богд хааны зарлигласанаар он тооллыг манжийн эрхшээлд байснаас өөрчилж, хятадын ёсоор бус монгол мэргэдийн эх нутгийнхаа газар орны энгээр тооцож туурвисан зурхайн ёсыг авч хэрэглэхээр болсон нь монголчууд бид туурга тусгаар улс гэдгээ нотлоод зогсохгүй, өөрийн гэх мэдлэг оюуны охь манлайтай ард түмэн болохоо харуулсан хэрэг юм.Ингээд ардын засаг ялсны хойно нар сарны явдлыг хослодог уг тооллоор төрийн цаг хугацааг тоолохоос халж оронд нь зөвхөн нарны явдлаар баримжаалдаг, дэлхий нийтээр нэгмөр хэрэглэж буй, Григорийн тооллыг албан ёсоор төрийн хэмжээнд хэрэглэсээр өнөөг хүрлээ. Харин их хэлмэгдүүлэлтийн дараа 1940-өөд оноос Гандантэгчэнлин хийдийг дахин сэргээхэд, тэр үеийн лам хуврагууд одоогийн бидний хэрэглэж буй, Богд дээдсийн зарлигтай, монгол мэргэдийн туурвисан "Төгс буянт шинэ зурхайн ёс"-оор жил бүрийн цаг улирлын бичгийг тооцон гаргаж, түүгээрээ шашин номынхоо зан үйлийг явуулж ирсэн түүхтэй юм.XVII зууны үед аж төрж асан Сүнбо Ханба Ишбалжирийн туурвисан, монгол орны газар нутаг, өргөрөгийн хуваарьт зохицсон энэхүү нар ба сарны хосломол тоолол нь гараг эрхэсийн хөдөлгөөнийг алдалгүй танин барьдаг, одот тэнгэрт орчиж буй үзэгдлийг чухам бодитой хэлдэг учраас бурханы шашинт монгол ба төвдүүд үүнийг ашигласаар байгаа юм. Чухам ийм бодит үнэн учраас л, бурханы шашинтнууд Төгс буянт зурхайн ёсоор шашны зан үйлээ гүйцэтгэж, нийт олноороо аж амьдралаа төвхнүүлж ирсэн түүхэн уламжлалтай.
-Сүүлийн жилүүдэд Хаврын тэргүүн сар хэзээ эхлэх вэ гэдэг маргаан үүсэх боллоо?
-Маргалдаад байгаа аль ч тооллыг нь буруутгах үндэслэл угтаа үгүй юм. Учир нь энэ хоёр тооллоос нэгээс нөгөөг нь хүртэл тооцон гаргаж болдог нарийн боловсрогдсон ухаан. Харин тухайн улс үндэстэн өөрийн уламжлал, түүхэн гарвалаа хүндлэн дээдлэх үүднээс үүнд хандах ёстой. Ухаандаа, монголчууд бид мориндоо зүүн талаас нь мордохоо хэнээр ч хэлүүлж, ямар ч хуулиар зохицуулаагүй атлаа эцэг өвгөдөөс уламжлагдсан заншил гэж дээдэлсээр ирсэн. Гэтэл моринд баруун талаас нь морддог үндэстэн цөөнгүй бий. Тэдний хувьд үүнийг буруутгах аргагүй. Эцсийн зорилго нь, аль талаасаа мордох вэ гэхээсээ илүүтэй моринд мордох явдал бөгөөд үүнтэй адил гагцхүү уламжлалаа даган мөрдөж, түүнээ дээдэлж байх нь үндэстэн бүрийн хувьд чухал зүйл юм. Товчхон хэлбэл, шинэ мянганы эхлэлийг 2000 оноор уу, эсвэл 2001 оноор тооцох гэх мэт маргаантай асуудал байдагтай утга ив ижил гэж ойлговол зохилтой.Угтаа "зурхайч" гэдэг бол зохих шатны шашны боловсролыг бүрэн гүйцэд эзэмшиж, шаггүй шалгуур давж байж хүрдэг нэр зэрэг юм шүү дээ. Наад зах нь л хорь гучаад ном үзэж байж зурхайч болдог учиртай юм.
-Төрийн зүгээс эл маргаантай асуудлыг нэгмөр шийдэж болдоггүй юм болов уу? Ардчилсан Монголын шинэ Үндсэн хуулийг батлалцсан хүний хувьд та юу гэж боддог вэ?
-Энэ асуудалд төрийн шийдвэр гэхээсээ илүүтэй монгол хүн бүхэн эцэг өвгөдөөс уламжлагдсан уламжлалаа хүндэтгэж хандвал зөв хэрэг болно. Нэг талаасаа, орчин цагт дэлхий нийтээрээ нарны он тооллыг нийтлэг журмаар мөрдөж байна, нөгөө талаасаа, шинэ Үндсэн хуулинд хүн бүрийн шүтэж бишрэх, итгэл үнэмшилтэй байх эрхийг баталгаажуулсан байдаг. Гэвч монголчуудын зонхилох, уламжлалт шашин нь Бурханы шашин бөгөөд Гандантэгчэнлин хийдийн баримталдаг Төгс буянт зурхайн ёсны дагуу Монголын Цагаан сарын шинийн нэгэнд Монгол төрийн гурван эрхэм Гандантэгчэнлин хийд дээр заларч, төрийн их шүтээн Мэгжэд Жанрайсиг бурханд нийт монголчууддаа даатгадаг уламжлалтайг монгол хүн бүхэн мэднэ. 1911 онд Манжийн эрхшээлээс гарсан тусгаар монголын Цагаан сарын төрийн их золголт эхлэхдээ, Богд эзэн хаан Баруун өргөө буюу Автай сайн ханы өргөөнөө морилж, төрийн гал голомтыг хэт цохин бадраадаг байсан сайхан уламжлал ч байсан гэдэг юм. Энэ жилийн хувьд 2-р сарын 25-нд Гандантэгчэнлин хийд шинэлнэ.
-Их Хамбатан та монголчууддаа шинэ оны мэнд айлтгана уу?
-Гарч байгаа жилдээ элгээрээ энх тунх, төрлөөрөө төвшин жаргалтай, барцадгүй мэнд, цаг бусын зовлонгүй, үр хүүхэд өнөр өтгөн, эд таваар элбэг дэлбэг, санасан бүхэн нь номын ёсоор сэтгэлчлэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өргөн баръя.
_
Цахим Өртөө
No comments:
Post a Comment