Sunday, February 22, 2009

Зурхайн ухаан ба цаг тооны бичгийн тухай товчоо


Зурхай нь нэн эртний түүхтэй бөгөөд өргөн утгаараа од, эрхэс хийгээд хүн байгалийн шүтэлцээ холбооны тухай ухаан юм. Тийм болохоор од, эрхсийн хөдөлгөөн байршлыг өөр өөрийн орны нутгийн хуваарьт тохируулан тооцоолох нь зурхайн хамгийн гол хэсэг бөгөөд үүнийг одон орон судлал гэнэ.

Бидэнд мэдэгдэж байгаагаар одон зурхайн дорвитой бүтээл туурвисан анхны монгол хүн бол “Ламын гэгээн” гэж алдаршсан, анхны хүрээ хамба Лувсанданзанжанцан юм. Тэрээр XII жарны гал туулай жил /1687/ “ Зурхайн гол судар авч, огоорохыг тодотгогч гэрэл”, “Бүтээлийн зурхай тэргүүтний гарын авлага” зэрэг зохиолоо бичиж, монгол оронд одон зурхай дэлгэрэх баттай суурийг тавьсан байна. XIII жарны гал туулай жил /1747/ монголын түүхч, гүн ухаантан, зурхайч Сүмбэ хамба Ишбалжир /1704-1788/ төвдөд дэлгэрсэн Цүр, Пүг хэмээх хоёр ёс /сургууль/-ыг монгол орныхоо газрын хуваарьт тохируулан “Төгс буянт шинэ зурхай” хэмээх монгол одон орон зурхайн сургуулийг байгуулжээ. Энэ сургуулийн гол төлөөлөгчид болох Цахар гэвш Лувсанцүлтэм /1740-1810/, дээд монголын Сэрдэг гэгээн Лувсанчүлтэмжамц /1865-1915/, ар халхын Говь түшээ гүний хошууны зурхайч Доёдбалдан /1860-1920/ зэрэг олон мэргэд зурхайн чиглэлээр тус бүр нэгэн боть ном туурвиж, монгол орны өргөн уудам нутаг дэвсгэрт шинэ зурхайн ёсыг түгээн дэлгэрүүлжээ.

Улмаар Их Хүрээнд 1789 онд “ Зурхай дацан” хэмээх нэртэй, “Тантара ража”, “ Калачакра тантара ражаан их тайлбар сарны хиргүй гэрэл” болон Сүмбэ Хамбын “ Төгс буянт шинэ зурхайн гол” зэрэг ном судрыг сургалтын гарын авлага болгосон мэргэжлийн зурхайч нарыг бэлтгэн гаргах зурхайн сургууль байгуулагдсан ба Монголын томоохон Хүрээ хийдүүдэд ч зурхайн дацан олноороо гарчээ. Зурхайн талаархи онолын номуудад гүнзгий мэргэжиж, “Зийрэмбийн дамжаа” хэмээх номын хурал маргаанд оролцож амжилттай дүн үзүүлсэн хүмүүст “Зийрэмбэ” буюу “Зурхайн зэрэгтэн” гэдэг эрдмийн цол хүртээдэг байжээ. Монголын зурхайч, зийрэмбэ нар зурхайн онолын болон од эрхсийн хөдөлгөөнийг хөөн бодох аргыг боловсруулсан ном, бүтээлийг олноор туурвиж, түүндээ тулгуурлан, цаг улирлын тооллын бичгийг зохиож, амьдрал ахуйдаа хэрэглэсээр иржээ.

XX зууны эхэн гэхэд Зурхай дацан нь Богд хаант Монгол Улсын үеийн жил тутмын цаг тооны бичгийг бэлтгэж, Их Хүрээний “Сүм бүм” хэмээх бар хэвлэлийн газраар хэвлүүлэн түгээдэг байсан байна.
Үндэсний Төв Архивын сан хөмрөгт одоогоор 1912-1930 оны хооронд хамаарагдах Шашин Төрийг Хослон Баригч Хаант Монгол Улсын үеийн есөн хадгаламжийн нэгж цаг тооны бичиг, Монгол Улсын үеийн мөн есөн цаг тооны бичиг нийт арван найман хадгаламжийн нэгж, үүн дээр нэмэгдэх нөөц хувь арван таван хадгаламжийн нэгж нийт гучин гурван хадгаламжийн нэгж цаг тооны бичиг хадгалагдаж байна.

1912 онд Шашин Төрийг Хослон Баригч Хаант Монгол Улсын үеийн цаг тооны бичгийг анх шар зурхайн ёсыг баримталж, хэвлүүлэн тараажээ.Ингээд жил тутам Зурхай дацангаас цаг тооны бичгийг тасралтгүй эрхлэн тарааж байгаад 1925 он болоход Дотоод явдлын яамнаас эрхлэн гаргаж тараадаг болжээ.
Зүүнтэн буюу коминтерны төлөөлөөгчид “баяжихыг уриа болгодог” баруунтны үзэлтнүүдийг нухчин дарсны дараа зүүнтний хүчнийхэн хүчээ авч ЗХУ-ын туршлагыг судлаж хэрэглэх болсон тэр үест буюу 1930 онд цаг тооны бичигт арга улирлыг гол болгож, билиг улирлыг товч хавсаргаж шинэчлэн тараахаар тогтсон байна.

Үндэсний Архивын Газар

No comments:

: