Sunday, February 1, 2009

Чингисийн бунхан ба гадаад дахь хөл хөөрцөглөл

Гурван голын эхэнд харийнханыг бүү гишгүүлтүгэй


Бидний хэсэг Монгол эрдэмтэд, судалгааны туслах баг болон уран бүтээлчдийн баг зохион байгуулан дөрвөн жилийн туршид хөлс хөдөлмөрөө зарцуулан байж Их Монгол улсын 36 их хаадын бунхан оршуулга байж болох газруудыг судалж тогтоох судалгааны ажил явуулсаны дунд Монголын анхны дөрвөн их хааныг оршуулж бунхалсан газрыг тогтоосон билээ. Бидний зохион байгуулсан судалгаа нь археологийн харьцуулалт ажиглалтын аргаас гадна Монгол, хятад, перс сурвалжуудын мэдээ занги болон холбогдох судалгааны зохиолуудыг дахин дахин нягтлан үзсэний эцэст их хаадыг, тэр дотроо Монголын эзэнт гүрнийг үндэслэн байгуулагч Чингис хааны ариун цогцосыг эх нутагт нь хүртэл авчирах зам гудсын аяныг нууцлах арга хэмжээ авч хэрэгжүүлсэнээс бус төрсөн нутагт нь тээн авчирсаны хойно бунхлан нутаглуулахдаа нууцлан оршуулаагүй гэдэг дүгнэлтэд баттай хүрсэн билээ.
Хэнтий аймгийн нутагт хийсэн нарийвчилсан судалгааны явцад бидний дэвшүүлсэн таамаглал нотлогдож, Их Хэнтийн уулсын салбар Бурхан Халдун уулын оройд орших Их овоо Чингис хааны бунхан овоо мөн болох нь тодорхой болсон юм. Өөрөөр хэлбэл орчин үеийн гоефизикийн тандалт судалгааны багажаар Их овоонд 108 цэгт соронзон болон радиометрийн хэмжилт судалгаа хийхэд дээрх овооны зүүн хэсэгт соронзон орны ажиглалтаар төмөр байж болохуйц 3 илэрц илэрсэн бөгөөд хэмжилтийн утга нь ердийн түвшингөөс харьцангуй их 59200 нанотесло байлаа. Түүнчилэн овооны хэсэгт болон орчины радио идэвхит бодис ажиглагдахгүй боловч талбайн баруун ба зүүн хэсэгт орчины радио идэвхжилт өндөр, зүүн хэсгийн цацрагжилт төвдөө 20 м-ээс баруун тал уруу 100 м гаруй сарнин тархсан байлаа. Талбайд илэрсэн соронзон болон радиометрийн гажлын хэсгүүд нь давхцаж байгаа нь эртний чулуулаг ба булш оршуулгатай холбоотой байх өндөр магадлалтай гэсэн геофизикийн судалгааны дүгнэлт гарсан. Энэ нь Их овоог энгийн нэгэн овоо бус, мөн байгалийн тогтоц биш гэдгийг баталсан судалгаа болж өгсөн юм.
Мөн түүнчилэн агаараас хийсэн геофизикийн тандан судалгаа болон түүхэн газарзүй, түүхэн угсаазүй, аман домгийг судалсан судалгаа нь Бурхан Халдун ууланд Их хааныг оршуулсан гэх Монгол, перс сурвалжуудын мэдээг баталж өгсөн билээ.
Эцэст тэмдэглэн хэлэхэд академич Х.Пэрлээ, доктор С.Бадамхатан нар агсаны олон арван жилийн судалгаа Чингис хааны бунхан овоо яг хаана байгааг тогтоож чадаагүй боловч тэдний олон талт судалгаа нь Их Хэнтийг Бурхан Халдун буюу Ихсийн газар, Их хориг мөн гэдгийг ямар ч эргэлзээгүйгээр тодорхойлжээ. Энэ утгаараа бидний судалгаа тэдгээр эрдэмтэдийн судалгааг улам бүр гүнзгийрүүлсэн, шинэлэг хандлага, оновчтой таамаглал, шинэ аргачлалаар амжилтанд хүрсэн төгсгөлийн шат боллоо гэж хэлж болох талтай.
Бид судалгааныхаа тайлан дүгнэлтүүдийг иш үндэс болгон эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж хэвлүүлсэн бөгөөд мөн түүнийгээ англи, франц хэлнээ орчуулан канад, америк, англи, францийн эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд нийтлүүлж, өрнөдийн тэргүүний хөгжилтэй орнуудын эрдэм шинжилгээний байгууллагуудын судлаач эрдэмтэд, их дээд сургуулиудын эрдэмтэн багш нарын хүртээл болгосон билээ.
Бидний өгүүлэл өрнөдийн эрдэм шинжилгээний нэр хүндтэй сэтгүүлүүдэд нийтлэгдэн дэлхийн мянганы хүнээр тодорсон Чингис хааныхаа бунхан оршуулгыг Монгол эрдэмтэд өөрсдөө олсон гэдэг мэдээ тархсаны дараа тэнд Индиан Жонсын гэлтэй жинхэнэ хөл хөөрцөглөл эхлээд байгаа бололтой. Тухайлбал АНУ-ын Калифорнийн их сургуулийн Албер Ю Мин-лин гэгч нутагтаа хэвлэлийн бага хурал зохион байгуулан Чингис хааны бунханг сансараас тандан судалж, Монгол орны нутгийг сөөм сөөмөөр нь шинжин судалж байгаад олж тогтоох зорилгоо хэрэгжүүлэх асар их хэжээний мөнгө олсоноо зарлаж дуулиантуулжээ. Түүгээр ч зогсохгүй тэр эрхэмтэн аль хэзээний Монголд яваад ирчихсэн Монголын газар нутгийг сансараас тандан судлах зөвшөөрлөө авахаар манай сайд дарга нартай уулзан эргүүлдэж яваа ажээ.
Жижиг улсын иргэдийг яасан ч яадаг юм гэж ханддаг их гүрний дээрэнгүй үзэл бодолтой зарим нэгэн тиймэрхүү хүмүүсийн нэг төлөөлөгч болсон энэ эрхэм Монгол эрдэмтэдийн хэдэн үеийн нөр их судалгааны үр дүн, эдүгээгийн нээлт, нээлтээ хамгаалах эрхийг үл тоомсорлон гутлынхаа улан дор гишигчиж хаяхаар тэнгис далай гатлан Индиан Жонсынхоо адилаар хил, тив алгасан ирсэн бололтой. Энэ эрхэм манай сайд дарга нараас зөвшөөрөл авч чадвал Монгол эрдэмтэдийн олон жилийн судалгааны үр дүнд Ихсийн газар мөн гэж тогтоогдсон Бурхан Халдун уулаас бусад нутгийг маань сөөм сөөмөөр сансараас тандан судалсаар их хааны бунхан булшийг Монголчууд бидэнд олж өгөх гээгүй нь ойлгомжтой. Харин Монгол эрдэмтэдийн нээлтийг башир арга буюу “сансараас тандан судлах” гэдэг сүртэй сүржин гуншинтай учраас боловсрол муутай хүн айж сүрдмээр орчин үеийн бороохойгоор далайлгаж байгаад тойруу аргаар булааж авах гэсэн ганцхан санаархалтай гэдэг нь ойлгомжтой байна.
Тийм бөгөөс далайн чанадын эрхэмсэг ноёнтон та чихээ дэлдийтэл сайн сонсож, сайтар чээжилж автугай! Монгол улс “Зохиогчийн эрхийг хамгаалах тухай” олон улсын Бернийн конвенцид аль эрт нэгдэн орсон учраас бидний зохиогчдын эрх олон улсын хэмжээнд хамгаалагдсан, хэрвээ эрх маань зөрчигдсөн тохиолдолд бид энэ конвенцийн дагуу эрхээ сэргээж авна.
Монгол эрдэмтэд бидний нээлт дэлхий дахины сонорт аль хэдийний хүрчихсэн, бидний нээлтийг итгэл төгс хүлээн авсан олон орны эрдэмтэд таны башир аргаас бидний нээлтийг хамгаалж чаднаа. Тиймээс биднийг таны хятад гаралтай “америк” шүд зажилж дийлэхгүйг ухаарахтун! Монгол эрдэмтэд бидний нээж тогтоож чадсан Бурхан Халдун уулан дээрх Их овоо өнө эртний Их Монголын агуу их сүр хүчний бэлгэдэл лугаа адил Монгол нутаг дээрээ эдүгээ сүрлэг, ихэмсэгээр оршсоор байна.
Монгол үндэстэний дээд шүтээн болсон энэ ариун дагшин газрыг Монгол хүн мэлмий тольдох ёстой болохоос бус харийнхан ч амьсгаа ч хөндөх ёсгүй учиртай билээ.

Доктор З.Батсайхан
Доктор Ж.Бор

1 comment:

Anonymous said...

Монгол ч Их гүрэн байхдаа жижиг орны иргэдийг дээрэлхэж л байсан байх л даа. Одоо бид өөрсдөө төрийн бодлогын ба улс орны хэмжээнд их түүхээ, эх орноо хамгаалж хадгалах нь чухал байх.

: