(Дуртгал)
Билгийн улирлын арвантавдугаар жарны цагаагчин тахиа жил, аргын улирлын 1921 оны зун, миний бие Ардын Түр Засгийн Алтанбулаг хотноо сууж, Умард хязгаарын хэргийг таслан шийтгэгч сайдын яамны тал бичээч байлаа. Манай багш Билигсайхан, хязгаарын яамны сайд болохдоо нэг бичээчийн орон тоонд шавь нараасаа одоо өмгөөлөгчийн ажилтай Хандыг нэг тал бичээч, нөгөө тал бичээчээр нь намайг авсан билээ. Би тэр үед Зөвлөлтийн хоёрдугаар шатны хөдөлмөрийн нэгдсэн сургуулийг төгсгөсөн орос хэлтэй гэж сайд багштайгаа, заримдаа Лосолтой(тэр үед Лосолчойжин гэж нэрлэдэг байсан бөгөөд лам захтай дээлтэй цагаан хялгас сүлжмэл тоорцогтой явдаг хүн асан), заримдаа Хатанбаатартай Дээд Шивээ гэдэгт Зөвлөлтийн консул Макстенек гэдэгтэй ардын журамт цэрэгт хэрэглэх зэвсгийн зүйл, Барон Унгерний цэрэгтэй байлдаж тэдний үлдэгдлийг даран сөнөөж байсан Зөвлөлтийн улаан цэрэгт нийлүүлэх хүнс зэргийн асуудлаар хэлэлцэхэд нь хэлмэрчлэн явдаг байлаа.
Ярилцах хэлэлцэх зүйлийг одоогийн адил нарийн тэмдэглэл хийдэггүй, зөвхөн амаар хэлэлцэж тал бичээч миний бие орос монгол хоёр хэлээр нэвтрүүлж гүйцэтгэдэг байж билээ. Чингээд нэгэн өдөр сайд багш минь намайг дагуулан Дээд Шивээ орж Бухольцев гэдэг айлын байшинд суудаг Макстенек консултай уулзаж билээ. Одоо миний бодоход тэр консул латви хүн байсан бололтой. Дунд зэргийн нуруутай, нилээд зузаан шар хүн байсан. Үргэлж уулздаг тул биднийг сайн таньдаг, маш элэгсэг, байшинд нь огт гоёл чимгийн зүйл байхгүй, нэг өрөөнд бичгийн ширээтэй, цэргийн хээрийн утастай, цэрэг ногоон ортой, хоёрын зэрэг сандалтай, хоол ундыг нь зөөдөг нэг цэрэг хөтөчтэй.
Биднийг орж ирэх үес яг үдийн хоолны үе тааралдаж, хөтөч нь цэргийн хавчиг ногоон саванд ногоотой шөл, хэдэн хэрчим хар талх, хэмхдэг цагаан чихэр авч ирсэнд бид хоёрыг хоол ид гэж сэнжтэй аяга авчруулан надад хийж өгөөд өөрөө тэр хавчиг ногоон савнаасаа халбагадан гурвуулаа улаан цэргийн хоол хуваан идэж багш тэр Макстенек консултай ярилцахдаа Бишрэлт гүн Сундуйн биеийг түүний монгол цэргийн хамт Бароны хамт явж улаан цэрэгт баригдсаныг буцааж авах тухай хэлэлцлээ. Консул ч Сундуй гүн цэргийн хамт Монголын харьяат тул шилжүүлэн өгч гүйцэтгэхээр боллоо. Тэгээд сайд багш тэр Сундуй гүнг цэргийн хамт Алтанбулаг хотноо тушаан авалцах өгөлцөх хугацааг хэлэлцэн тогтож урдаар цэргийг нь чингээд зохих албан бичиг харилцааны зүйл гүйцэтгэж гүн Сундуйг буцаах тухай хэлэлцэж тохирсонд сайд багш "Сундуйг би сайн таньдаг юмсан. Одоо түүнтэй уулзаж хэдэн үг солих арга юу байна?" гэлээ. Макстенек утсаар ярилцаад биднийг Сундуй гүнтэй уулзуулах зөвшөөрлийн бичиг олголоо. Салах ёс хийх үес Макстенекийн захисан нь: - Сундуй гүн Барон Унгернтэй хамт нэгэн дор хориостой байгаа. Та нар Сундуй гүнтэй уулзаж ярихдаа юу ярих нь та нарын хэрэг. Гагцхүү тэр Баронтой ярьж болохгүй юм шүү. Тэр хүн манай шүүхээр хэргээ таслуулах гэмтэн тул та нар тэр хүнээс битгий юм асуу. Барон та нараас юм асуувал хариу юм битгий хэл. Тэр тэнь бас монгол үг бага сага гадарладаг хүн гэж мэдээрэй гэж захиж билээ.
Чингээд багш бид хоёр албаныхаа моринд мордон өнөөх Сундуй гүн, Барон Унгерн хоёрын хориостой газар заалган очлоо. Тэр үед Барон жанжин гэж их хэлэцдэг тэр амьтан ямаршуу янзын хүн байдаг бол гэж сонирхон бодож дундад сургуульд герман хэл үзсэн тул Барон Унгерн фон Штернберг гэдэг овог цол нь надад тун хачин санагдаж билээ. Штерн гэж одон гэсэн үг, берг гэж уул гэсэн үг, нийлээд Штернберг гэж Одон уул гэсэн нэр болдог нь дундад эртний үеийн герман феодал ноёд ямар нэгэн уулын оройд шилтгээнээ босгож тэр шилтгээн уулынхаа нэрээр овоглон нэрлэдэг байсан тул, Бароны дээдэс нь Балтийн тэнгис, германаар Остзее гэж гэж Дорнод тэнгис гэдэг газар нэгэн уулын оргилд шилтгээнээ босгосноор фон Штернберг гэж Одон уулын гэсэн нэртэн болж ирсэн угсаны хүн юм байна, Унгерн гэдэг нь германаар ямар нэгэн юманд сэтгэл ханаагүй учир ярвайсан муухай зан гаргасан гэдэг утгатай нэр хочоор овог болгосон нь, Одон уулын Муухай зант гэдэг цол овогтой нь, түүний дээдэс мөн ч муухай харгис улс байж дээ, Балтийн тэнгисийн эстон, латви нарыг дээр цагт айхтар эзэрхэн дарлаж байсан герман загалмайтан ноёдын угсааны хүн байж дээ гэж, багшдаа тэр Барон гэгчийн овог нь тийм хачин юм байна гэж ярилцсаар тэр хоригдсон газар нь хүрч очоод харуулын дарга нарт Макстенек консулын хийж өгсөн зурвас бичгийг нь үзүүлж дотогш орох зөвшөөрөл олж цэргийн дарга нар дагуулан нэг хашаанд орвоос гарааш мэтийн их тоом хаалгатай, хаалган дээрээ нарийхан шил цонхтой, тал талдаа буутай цэрэг зогссон байшинд хүрч очлоо. Гараашийн хаалга шиг том хаалганы цоож түлхэж нээгээд биднийг оруулваас зүүн баруун талд нь хоёр цэрэг ногоон ор тавиастай. Нэг булангаас баахан шээсний үнэр ханхалсныг үзвэл нэг хувин тавиастай. Зүүн талын орон дээр наранд гандсан хөх торгон дээлтэй, дал мөр өргөн мөртөө цээж хэнхдэг хавчиг хавтгай, олон хоног хусаагүй шуайз шиг шар сахалтай, зулай үс халцарч хожгор болж яваа бяцхан толгойтой, аягүй хүйтэн царайтай, муухай гэгчийн харцтай нэг шар европ хүн биднийг ороход өөдөөс маань ширтэн сууж байв. Баруун хойд талын ногоон орноос нэг залуухан монгол хүн, дээл нь бүсгүй, баруун гараараа өмднийхөө зах атган бариад босон ирж багшийг ёслов.
Багш, Сундуй гүн хoёрын ёсны үг хэлэцэж байх үес би нөгөө Муухай зант гэгч ийм хүн байдаг байжээ гэж сонирхон ажиж байтал тэр хүн босоод элгээ тэврэн хойш урагш алхан явж эхлэв. Манай багшийг их л ажин явах бөгөөд нуруу өндөр, толгой нь арай л жижигхэн төрсөн хүн юм байна даа, харц нь яасан аягүй хүйтэн, ямар муухай нүдтэй хүн бэ гэж би гайхан харж байлаа. Хөх торгон монгол дээл нь дал мөрөндөө наранд цайж гандсан бөгөөд мөрөн дээрээ алга дарам өргөн уртлаг газар өнгө нь гандаагүй хөх хэвээрээ тул мөрөн дээр нь нэг юм хадаастай байж дээ, түүнийг нь ханз татаж авсан юм байна гэж харж байтал багш маань амар мэндийн үг хэлэлцэж гүйцээд "Зөвлөлтийн консул сайдтай ярилцан тогтлоо, таны цэргийг манай хязгаарын яаманд тушааж өгөхөөр боллоо. Таны биеийг бас эндээ албан бичиг харилцааг гүйцэтгээд мөн манай яаманд хүргүүлж өгнө. Таны шадар хүмүүсээс бас хэн байгаа вэ?" гэхэд Банзар гэлүү нэг эмчийн нэр хэлж билээ. Монгол эмчтэй явсан хүн байж л дээ.
Чингээд энэхэн тэрхэн гэж ярилцаж байсаар Сундуй гүн Бароныг бариулж зөвлөлтийн улаан цэрэгт тушааснаа ярьж гарав. Барон элгээ тэврээд хялан хялан харж хойш урагшаа зүүн туурганыхаа түүгээр явж байхдаа Сундуй гүнгийн үгийг чих тавин чагнаж байв. Сундуй гүн монгол хүнтэйгээ ярилцах завшаан тохиолдсонд их л баяртай, бас мөдхөн тавигдана гэхдээн сэтгэл нь хөдөлсөн шинж царайд нь мэдэгдэн Одон уулын Муухай зантын муухай харж хойш урагшаа алхлахыг нь огт ажихгүй ярьж байсан үгийн дотор орос монгол хүний нэр олныг, явсан газар, Бароныг барьсан газрын зураг нэрийг нэгэд нэгэнгүй тоочин ярьж байсан боловч би энэ завсар түүнээс хойш даруй 46 жил болж буй учир тэр олон хүн, газрын нэрийг онхи мартжээ. Сэтгэлд тэр Сундуй гүн, Одон уулын Муухай зант хоёрын царай, хоригдож байсан газрын байдал нь цээжинд тов тодорхой(гүнгийн хэлж байсан үгийн тойм нь тодхон боловч нэр усны төдийг тэмдэглэж аваагүйн учир умартжээ).
Сундуй гүнгийн хэлсний тойм нь:
Бароны цэрэгт хүчин туслахаас аргагүй болсонд хошуу нутгийнхаа хэсэг цэрэгтэй түүний орос цахар буриад цэргийн хамт явалцаж монгол нутгаас орос нутагт цөмрөн орсон хойно гэминг хөөн зайлуулсан, үүнд цаашлан өөр улсын нутагт байлдаж явах нь ашиггүй, хүний төлөө амь бие хохирох хэрэг болж байна гэж монгол цэрэг нутагтаа буцах сэтгэл төрлөө. Салаад буцая гэхэд Бароны захиргаанаас гарах аргагүй. Чингээд завшаан олдвол монгол нутагтаа буцна гэж явтал Барон ч улааан цэрэгт дарагдаад ЗОУ-ын нутагт цаашдын довтлох горь нь тасраад Монголын баруун хязгаарт буй цагаан намын цэрэгтэй хүч нийлэх гэдэг боллоо. Бароныг майхандаа байхад нь орой монгол цэрэг холоос буудаад ч үзсэн удаа бий. Оноогүй учраас майхан дотроо дэнгээ дор нь унтрааж орхисон гэж ярьж байхад нь өнөөх Барон хажуугаас нь Сундуй гүнг муухай муухай харан алхалж байсан нь миний сэтгэлд тодхон байдаг. Тэгээд Сундуй гүн цэрэг дотроосоо хэдэн бөх хүнтэй хэлэлцэж Бароныг барихаар хэлэлцэн тогтсон боловч арга сүв нь олдож өгөхгүй, майхандаа буудуулснаас хойш хардах сэрэмжлэх нь бүр ч их болжээ.
Чингээд нэгэн өдөр орос нутгаас монгол газар орно гэж тэр тэр харуулаар нэвтрэн орно(үүнд би газрын нэр мартжээ) гэж хэлэлцэн тогтоод явахад нь Сундуй гүн урьд хэлэлцсэн итгэмжит монгол бөх цэргээ биедээ шадар дагуулан явж Бароны хамт аялах үес улаан цэрэгт Бароныг тушаана гэж тогтоод Бароныг барих дохиог цэрэгтээ хэлж өгөөд явж байхад нь Барон борогч гүүгээ унаад баруун гараа өвөртөө хийсэн гар буунаас салгадаггүй маш хартай тул халдахын аргагүй. Чингэж явтал одоо нэг тамхилаад ухасхийе гэж Сундуйг хэлэхэд зөвшөөрч тамхиа асаах гэж баруун гараа өврөөсөө гаргахад нь хоёр талд нь зэхээстэй явсан монгол бөх цэрэг Бароны хоёр гарыг нь шүүрэн барьж агдлан хүлээд Бароныг барьсан мэдээгээ улаан цэрэгт яаран мэдэгдэх гэж нэг хэлмэрч буриад хүнийг явуулжээ. Тэгээд хариу хүргэж ирэхийг хүлээгээд байтал огт чимээгүй тул удтал Бароныг агуулах аргагүй алдаж суллуулаад бүгдээрээ Баронд хядуулахаас болгоомжлон Бароныг өөрийн биеэр улаан цэрэгт тушааж өгөхөөр морджээ. Бароны орос цэрэг ч жанжнаа монгол цэрэгт баригдсанд эсэргүүцсэнгүй, урьд нь улаан цэрэгт удаа дараа дарагдсан учир сүр сүлд нь бууж өгсөн цаг ажээ. Чингээд улаан цэрэг хаана байгааг харуул хайгуул үл андах тул тэр зүг одсоор улаан цэргийн урагшлуур ангид хүрч учир байдлаа хэлээд Бароныг тушаах үес улаан цэрэг Баронтой адил ард олныг талан дээрэмдэж явдаггүй, маш нарийн сахилгатай цэрэг байгааг би нүдээр үзсэн гэж Сундуй гүн улаан цэргийн журамтай сайхныг магтан ярьж, тэр явуулсан буриад цэргийн гутал хувцас цөм шинэ байсан учир улаан цэрэг Барон олзлохоор гадуур хувцас хунарыг нь хурааж авсан байлаа. Түмний газраас ирсэн цэргийн эрс чингэх нь аргагүй юм, манай энэ хүн бол хувцас байтугай хүний арьсыг амьдаар нь өвчүүлдэг байсныг би нүдээр үзэж их л жигшин зэвүүцсэн, одоо ч гэсэн түүнийг санахад дотор арзасхийдэг гэж Сундуй гүнгийн хэлж байхад Барон тун ч муухайгаар хялайн хялайн харж байсан нь миний цээжинд тодорхой. Бароныг барьж аваад одоо энүүнтэйгээ хамт хоригдон сууж байна, энэ байшин дотор бас цэрэг байдаг тул дэргэдээ харуул манаатайдаа айх зовох юм үгүй боловч хойч өдөр юу болохыг мэдэхгүйдээ сэтгэл зовиуртай байлаа, өнөөдөр эрхэм сайдаас учир байдлыг мэдэж дотор онгойлоо, чингээд Бароныг хэрхэн хаана барьж авснаа толилуулан хэллээ гэж манай багшид дараа баяртай учрахын билэгт үг хэлээд яриагаа гүйцээсэн билээ.
Би тэр үед нас бага, тэр Сундуй гүнгийн хэлсэн үг, хүний нэр, газрын нэр, он сар зэргийг тэр үедээ мартаагүй байгаа дээр нь тэмдэглэн аваагүй. Хожим түүхэнд холбогдолтой сонин тохиол байна гэж огт бодоогүй билээ. Бароныг хэрхэн барьсныг уг барьсан хүний амнаас анх удаа Бароны дэргэд сонссон хоёр хүний нэг нь одоо би үлдээд байгаа тул ... Дээд Шивээ гэдэг монгол нэртэй тэр үед Тройцкосавск гэдэг орос нэртэй хотод үзсэн тэр хотын нэрийн учир нь Манж Орос хоёр гүрний хил тогтоох явдалд оролцсон орос хаант засгийн сайд Савва Рагузинский гүн, хил дээрээ Христусын гурван эрдэнийн дүйцсэн өдөр Шивээ хот байгуулж, тэр дүйцсэн өдрийг өөрийнхөө нэртэй хослуулан Тройцкосавск гэж нэр өгөн байгуулсныг нь монголчууд тэр гүнг Сава гүн гэж нэрлэдэг байсан нь тэр үеийн албан бичиг, аман зохиолд гардаг бөгөөд байгуулсан хот нь Дээд Шивээ гэж, түүний цаана орос наймаа нарын дүүрэг байсныг Дунд Шивээ гэж, түүний адагт манж заргачин суудаг хотыг Хиагтын Наймаа хот гэж албан нэртэй, ардын аман хэлэнд Доод Шивээ гэдэг байсан нь дээд, дунд, доод Шивээ гэж хилийн бэхлэлттэй шивээ хот байсан ажээ. Сундуй гүнгийн ярьж байсан нь тэр үеийн тооллоор Монгол улсын арван нэгэн оны зун цаг, долдугаар сарын үес болно.
Барон хэрхэн баригдсан тухай түүний өчиг мэдүүлгэнд лав тодорхой, Зөвлөлтийн архивт хадгалаастай байгаа хэрэг. Монголын талаас Сундуйн тэр тухай яриаг тэмдэглэж авсан зүйл огт үгүй бөгөөд сонссон хоёр хүний нэгнийх нь хувьд тоймыг нь ч гэсэн энд цухас тэмдэглэе гэж бичлээ.
Бароныг гардан барьсан хоёр бөхийн нэрийг нэхэн санавал Шар Дэндэв, Намжил гэдэг хоёр хүний нэр сэтгэлд орном бөгөөд цөм тэр үеийн Бишрэлт гүнгийн хошууны хүн байсан мэт санагдана. Тэдгээр хүмүүс одоо байвал өндөр настай өтгөс байх учиртай бөгөөд миний энэ дуртгалыг унших буюу сонсох аваас хожмын түүхэнд сонирхолтой тэр үйл явдлын тухай өөрийн үзсэн мэдсэн зүйлээ дэлгэрүүлэн тэмдэглэж ямар нэртэй газар тийнхүү Бароныг барьсан зэргийг одоо түүхэн холбогдолтой бөгөөд манай зохиолч нарт ч түүхэн сэдэвтэй уран зохиол бүтээл бичихэд нь хэрэг болох дуртгалаа бичин тэмдэглэж "Утга зохиол, урлаг" сонины газар ирүүлэх болоосой. Бас тэднээс урдын тэр сонин явдлыг дурдан ярьж байсныг нь сонссон хүн байвал мөнхүү сонины газар тэр тухайгаа тэмдэглэн ирүүлэх болов уу гэж хүсье.
Утга зохиол, урлаг
1967.08.04
No comments:
Post a Comment