Friday, March 13, 2009

Монгол улсын анхны ерөнхий сайд Төгс-Очирын Намнансүрэн

Сайн ноён хан

Халхын сайн ноён хан Монгол улсын анхны ерөнхий сайд, Онгийн голоор нутагтай ноён Төгс-Очирын Намнансүрэн 1878 оны бар жилийн бар сарын бар өдөр эрдэнэ хатан Хандмаагаас одоогийн Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт мэндэлсэн.
1884 онд (6 нас) Сайн ноён хан Төгс-Очир хүү Намнансүрэнгээ бэйс Чимэддорждоной (хожим Цэргийн яамны дэд сайд), түшмэд Шийлэг нартай багш шавийн барилдлагаа бариулжээ.
1896-1919 онд (18-41 нас) Догшин цоохор ноён Төгс-Очир нас хальж 2-р хүү Т.Намнансүрэн залгаж Сайн ноён хан 23 жил суужээ.
1897 онд (19 нас) сайн дураар мөнгөөр тусалсан учир гурван нүдний тогосын отго хаджээ.
1899 онд (21 нас) Улиастай хотыг сэлбэхэд тусалсан учир гурав тэмдэглэсэн зэрэг өгчээ.
1900 он (22 нас) орчим өөрөөсөө 7 дүү Магсаржавыг хатан болгон авчээ. Хүү Батсүх төрсөн.
1903 онд (25 нас) хязгаарыг сэргийлэхэд хүчин зүтгэсэн гэж нэмсэн зэрэг олгожээ.

Богд хаант Монгол улс

1911 оны хавар Манжаас тусгаарлах Халхын 4 ханы нэрээр Хаант Орос улсаас тусламж гуйх бичигт гарын үсгээ зуржээ.
1911 оны 12-р сарын 28 (16?)-нд Манж Чин улс унаж Монгол улс тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж, Богд Гэгээн Жамзандамбыг Төр, шашиныг хослон баригч хаанаар өргөмжилж, Богд Хаант Монгол улсаа байгуулав. Түшээт хан Дашням хаан суух бодолтой байв. Богд Гэгээн таван яамтай (Гадаад, Дотоод, Цэрэг, Сан, Шүүх) засгийн газраа бүрдүүлж, Шадар сайдаар Сайн ноён хан Т.Намнансүрэн, Гадаад яамны сайдаар Хаант Орос улсад явж тусламж гуйсан Чин ван Ханддорж, Дотоод хэргийн яамны сайдаар Да лам Цэрэнчимэд (1869-1914), Цэргийн яамны сайдаар Эрдэнэдалай ван Гомбосүрэн, Сангийн яамны сайдаар чуулган дарга, Түшээт ван Чагдаржав, Шүүх яамны сайдаар Эрдэнэ ван Намсрайг томилжээ.
1686 онд Өндөр гэгээн Занабазар бүтээсэн Соёмбыг тусгаар тогтнолын бэлэгдэл болгов.
1912 оны хавар Ховдын хязгаарыг чөлөөлүүлэхээр Магсаржав, Дамдинсүрэн нарыг илгээжээ.
1912 оны 3 сарын 10-нд Манж Чин гүрэн унаж Бүгд Найрамдах Хятад улс (Дундад Иргэн Улс) Монголоос 3 сарын хойно тусгаар тогтножээ.
1912-1913 онд Өвөр Монголын 6 чуулганы 49 хошуунаас 35 нь хаант Монгол улсад нэгдэж буйгаа илэрхийлжээ. Мөн Цахар 8 хошуу, Хөх нуур, Цайдамын Монголчуудын 4 засаг, Алшаа, Эзний голын монголчууд бүгдээр даган орсон нь том амжилт байжээ.

Ерөнхий сайд

1912 оны (34 нас) 7 сард Бүгд Ерөнхийлөн захирах сайдын тушаал бий болгож Богд хаант тусгаар Монгол улсын Засгийн газрын анхны Ерөнхий сайдаар Сайн ноён хан Т.Намнансүрэн томилогдов.
1919 оны (41 нас) 4 сар таалал болтолоо Монгол улсын Ерөнхий сайдаар 7 жил ажилласан Зөвлөх сайдаар Сэцэн хан Навааннэрэн, дэд сайдаар Өвөр Монголын Жирмийн чуулганы засаг ноён, жүн ван Гончигсүрэнг томилжээ.
1912 оны 7 сард Хаант Орос улс Японтой нууц хэлэлцээр хийн дорнод хэсгийг японы мэдэлд өгсөн байв.
1912 оны 12 сарын 2-нд Монгол-Оросын хооронд Найрамдлын гэрээ бичиг тогтоосон.
1912 оны 10 сарын 21-нд энэ талаар Эрхүү мужийн губернатор 139 хуудас илтгэл оруулж, 2 газрын зураг хавсаргасан байна. Үүнд Монголын нутагт Өвөр Монгол, Тува нутаг орсон байлаа.
1912 оны 12 сард Ерөнхий сайд Т.Намнансүрэн Монгол улсын цэргийг шинэчлэн байгуулах анхны дүрмийг гаргажээ.
1913 оны 1 сарын 22-нд Петербургт айлчлал хийх талаар цахилгаан утас илгээжээ.
1913 оны 2 сарын 3-нд Монгол-Орос улсын Монгол цэргийг бэлтгэх сургах тухай хэлэлцээрт гарын үсгээ зурав. Цэргийн яамны тэргүүн сайд Эрдэнэ далай ван Гомбосүрэн оржээ.
1913 онд Ерөнхий сайд Монголд анх удаа дэвшилт ардчилсан агуулгатай <Шинэ толь хэмээх бичиг> сонинг гаргуулжээ
1913 онд Т.Намнансүрэнгийн тэргүүлсэн Монгол улсын Засгийн газраас Эрдэнийн Очир одонг 3 зэргээр буй болгов (Чингис хаан, Автай сайн хаан, Богд Өндөр гэгээний одон гэжээ).
1913 оны (35 нас) эхээр Монгол-Төвдийн хооронд хэлэлцээр байгуулсан.
1913 онд Германаас 1000 буу, их буу зэргийг авсан мэдээ бий.
1913 оны эхээр Хятадууд цэргийн хүчээ Өвөр Монголд оруулж цуст тулаан болоход Өвөр Монголд цэрэг илгээж тусалжээ.

Хаант Орост айлчилсан нь

1913 оны 10 сарын 1-нээс анхны төрийн дээд айлчлалыг Хаант Орос улсад Ерөнхий сайд Т.Намнансүрэн, Гадаад хэргийн сайд Чин ван Ханддорж нар тэргүүлэн явав. Бүрэлдэхүүнд Засагт ван Удай, Гадаад яамны дэд сайд, хичээнгүй гүн Б.Цэрэндорж, Цэргийн яамны дэд сайд, бэйс Чимэддорж, Да лам Пунцагдорж, Ерөнхий сайдын улс төрийн зөвлөх Ж.Цэвээн эрдэмтэн нарын 28 хүн. Мөн Өндөр Гонгор, Цэнд зэрэг бусад хүмүүс оржээ. Орос Хятадын 1913 оны Бээжингийн тунхаглалыг эсэргүүцэж, Барга, Өвөр Монгол, Хөх нуурын Монгол зэрэг Монгол туургатаныг багтаасан тусгаар Монгол улсыг Хаант Орос улсаар зөвшөөрүүлэх, зэр зэвсэг авах, элчин консулыг суулгах явдал байжээ.
1913 оны 10 сарын 27-нд Эрхүү хотноо бууж зочилж, Ерөнхий сайд Хиагтад сурч байсан 5, Эрхүүд сурч байсан 9 монгол хүүхдэд 15 мөнгөн төгрөг, багш нарт их хадаг барьжээ.
1913 оны 10 сарын 28-ны өдөр Оросын Эзэн хааны ордны албанаас илгээсэн ёслолын бичигтээ 11 сарын эхээр Санкт Петерсбург хотноо Монголын нэгдүгээр сайд Сайн ноён хан тэргүүтэй өндөр зочид ирэх болно гэжээ.
1913 оны 11 сарын 5-нд Орос Хятадын хэлэлцээр болов.
1913 онд Монголын тухай Орос-Хятадын хамтарсан тунхаглал гарсаныг Хаант Орост айлчлах замдаа дуулж, эсэргүүцэн мэдэгдэв.
1913 оны 11 сарын 19-ний өдөр Хаант Оросын нийслэл Санкт Петерсбург хотноо хүрэлцэн очиход Оросын Гадаад явдлын ямнаас угтан авчээ.
1913 оны 12 сарын 4-нд Хаант Оросын Засгийн газарт нот бичиг өргөн барьжээ. Зэвсгийн туслалцаа гуйхад Хаант Орос улс Барга, Өвөр Монголоос Монгол улс цэргээ татахыг шаарджээ.
1913 оны 12 сарын 21-нд Петербургт байхдаа Англи, Америк, Япон, Хятад, Швейцар, Франц, Герман, Итали, Турк, Голланд, Дани, Австри зэрэг 10 улсын элчинд тусгаар тогтнолын тусгай нот бичиг хүргүүлж Хятадаас бусад нь хариу ирүүлжээ.
1914 онд цэрэгт алба хаах явдлыг байнгын болгожээ.
1914 оны 1 сарын 26-28-ний өдөр Эрхүү хотноо 3 хоног саатаж Эрхүүд ирээд 6 сар болсон Монгол сурагч нарт (Х.Чойбалсан, Г.Гүрсэд, М.Бат-Очир) шагнал өгчээ. Айлчлалын үер дэлхийн соёл, шинжлэх ухааны ололтоос Монголдоо олон шинэ зүйл танилцуулсны нэг гэвэл Монголд кино авчирчээ.

Хиагтын гэрээ

1914-1918 онд Дэлхийн 1-р дайн болов.
1914 онд 2 сард Европын парламентын жишгээр Улсын дээд, доод хоёр хурлыг байгуулсан. Дээд хурал 50-60 хүнтэй Т.Намнансүрэн даргалж, доод хурал 70-80 хүнтэй томилсон хүн даргалдаг байв.
1914 онд Дотоод хэргийн сайд Да лам Цэрэнчимэд (1869-1914) зуурдаар таалал болсон.
1914 оны (36 нас) Монгол, Орос, Хятад гурван этгээдийн Хиагтын бага хуралд Монгол улс тусгаар улс байх үзлийг илэрхийлж, Монголыг Хятадын эзэн эрх бүхий автономит улс гэхийг эсэргүүцэв.
1914 оны 6 сард Монгол улсын Засгийн газар Сайн ноён ханг төлөөлөгчдийн тэргүүнээр томилсон ч өвчтэй тул чөлөө гуйжээ. Энэхүү хэлэлцээрт Дотоод яамны сайд Нэйс билигт гүн Дашжав, Сангийн сайд түшээт чин ван Чагдаржав, Шүүх яамны дэд сайд засагт ван Удай, Цэргийн яамны зөвлөх сайд Манлайбаатар, Гадаад яамны дэд сайд хичээнгүй гүн Цэрэндорж, зөвлөн шийтгэх гүн Жигжиджав, орчуулах түшмэл гүн Цэнд, Мишиг, Ж.Цэвээн, Цогтбадамжав, Насантэширхүү, Сайнжаргал, Норомпил, Санжмятав нар оржээ. Орос, Хятадын тал төлөөлөгчдийн тэргүүн Да лам Дашжавыг, мөн Манлай ван Дамдинсүрэнг түрэмгий гэж буцаахад, Дашжавын оронд Шүүн таслах яамны дэд сайд Эрдэнэ жонон бэйс Ширнэндамдинг томилжээ.
1914 оны 8 сарын 26-нд Орос Монголын хилийн жижиг хот Хиагтад Монгол, Орос, Хятад гурван этгээдийн хэлэлцээр бүтэн 9 сар үргэлжилжээ.
1915 оны 5 сарын 28-нд Хиагтын гэрээ дуусчээ.
1915 онд олон сар үргэлжилсэн Хиагтын Гурван улсын гэрээгээр тусгаар тогтносон Монгол улсын эрхийг хязгаарлав.

Цэргийн яамны сайд

1915 оны Хиагтын бага хурлын үед Хаант Оросоос Монголд цахилгаан мэдээний шугам төмөр зам тавих онц эрхийг Орос улсад олгох тохиролцоонд гарын үсэг зурав.
1915 онд Нийслэл хүрээний сонин бичиг хоёрдах сонинг гаргуулав.
1915-1919 онд (37-41 нас) Цэргийн яамны сайдын албыг хавсран хашсан. Орос улсаас буу зэвсэг худалдан авч урд хилээ хамгаалж, аюулгуй байдлын ачааг үүрчээ. Гурван улсын хэлэлцээрээс хойш Хятадын цэрэг илэрхий цөмрөн орж ирэх болжээ.
1916 оноос Богд хааны бие чилээрхэж мэлмий мууджээ.
1916 оны 10 сарын 10-нд Оросын элчин сайд А.Орловтой гэрээ байгуулжээ.
1917 онд дээрхи гэрээний дагуу 8 сарын 1-нээс 1 жилийн хугацаатай монголын 200 морьт цэрэг, бүгд 400-г сургахаар Орос цэргийн түшмэл иржээ.

Гамин цэрэг

1918 онд Хамтран зүтгэгч хошой Чин ван Ханддорж (гадаад яам, 1871-1915), Да лам Цэрэнчимэд (дотоод яам, 1869-1914), түшээт ван Чагдаржав (сангийн ям, 1880-1922), Эрдэнэ ван Намсрай (??-1920) нарын зэрэг сайдууд хятадад хорлогдон харамсалтайгаар нас барж Шанзуб Бадамдоржийн нөлөө ихэсч Сайн ноён хааны үйл ажиллагааг боогдуулж эхэлсэн байна. Шанзуб Бадамдорж 1912 онд Шашин, төрийн сайд байснаа, 1915 онд Дотоод хэргийн сайд, 1919 онд Т.Намнансүрэнгийн дараа ерөнхий сайдын эрхийг түр барьжээ.
1918 оны 8-р сард Хятадын цэрэг Монголыг улааны аюулаас хамгаална гэх шалтгаар Нийслэл хүрээнд оржээ.
1919 оны сүүлээр Хятад цэргийн эрхтэнууд Нийслэл хүрээг эзэлж Монгол цэргийн зэвсгийг хураахад 5779 винтов зэргийг хураажээ.
1919 оны 4 сард Сайн ноён хан Т.Намнансүрэн Нийслэл хүрээнд хорлогдон 41 насандаа нас баржээ.
1919-1921 хүү Н.Батсүх Сайн ноён хан аймгийн 17 дахь засаг ноён байсан.
1922 онд хаадын оршуулгын булш бунханыг харж хамгаалах харуулын албыг халжээ.
1924 онд хуралдсан намын 3-р их хурлаас сайн ноён ханы үлдээсэн хөрөнгийг хураан улсын болгосон.
1925 онд Оросын эрдэмтэн Козловын удирсан шинжилгээний анги Онгийн гол орчмоор явж Сайн ноён ханы булш, бунханыг нууцаар ухжээ.

No comments:

: