Tuesday, March 31, 2009

О.Цогт-Очир "Од ярьж байна"

(үргэлжлэл-7)

ОТОЛТ

Монголын хилийг нэвтрэн тагнуул хийх хүмүүст эцсийн даалгавраа өгч, Гуяма тун ихэмсэг байгаа нь өмнөх хүмүүсийн сэтгэлд өгсөн даалгавар яав ч биелэн амьд мэнд буцаж ирэх юм гэсэн, итгэл төрүүлэх ов байв. Гуяма хил орчмын газрыг өнгөөр ялган зурсан зургийг зааж энэ өндөрлөг бол Монголын хилийн заставаас хорин км-т орших тул аюул бага аа. Та нарын дөрөө амгайг янзалсан тул дуу чимээ гарахгүй. Морины хөлийн чимээ хорин таван метр газар, салхи дундын хурдтай байхад сонсогддохгүй. Шивнэсэн яриа арван метр зайд үл ялих мэдэгддэг. Салхи 5-6 м хурдтай үед та нарын дуу 140 метрээс мэдэгдэнэ. Энэ явах хугацаанд салхины хэмжээ онц өөрчлөгдөхгүй гэдгийг бид тооцолсон юм. Сэтгэл зоволтгүй, гэвч болгоомжил. Бүх зүйл өөрсдөөс чинь шалтгаална. Би араас чинь хянаж байна. Холбоог сайн барьж байна. Та нарын хийсэн ажлын амжилт бүр их наран улсад үнэнчийн гэрч мөн учир сайн сайхан учрал та нарыг угтана гэдгийг дахин хэлье гээд жоотгонон инээмсэглэж тун боловсон дүртэй ёсорхог харагдана.
Японыхон Өвөрмонголын нутгийн хойт захаар цаг уурын мэдээлэх салбаруудыг энд тэндгүй байгуулсан нь далд учиртай. Далай дахь хэсэгхэн арлын их наран улсын /соён гийгүүлэгч/ гэж өөрсдийгөө нэрлэдэг иргэд эндэхийн хуурайлаг цаг агаарт ядаж хувцасаа тааруулан хөлдчихгүй дасахад хэрэг болно гэж бодохын хамт зүүн өмнөд Азийн дайнд ялалт хийгээд дараа нь гадаад монгол руу довтлон цааш оросыг байлдан эзлэхэд ашиглах гэсэн ажээ. Үүнийг нуух гэж /өвөрмонголд туслаж цаг агаарын станц байгуулж байна/ гэж сүртэй ярьцгаах авч хэдхэн том хотын радиогоор зарлах төдийгээс үл хэтрэнэ. Өвөрмонгол дахь цаг агаарын мэдээнүүд нь БНМАУ-ын цаг уурыг судлахад хэрэгтэй болохоор эд ингэж хүч хөрөнгө гаргадыг мэдэх хүн тун цөөн. Үүнийг онцгой яамныхан тун олзуурхан, бие биеээсээ гайхуулах нэг арга болно.

***

Сүмийн гол дуганаас зүүхэн тээх тахир гудамжны эхэнд шавар хэрмэн дэх хөх тоосгон навтгар байшинд Гуяма хүрэн будагтай модон ширээний ард аль нэгийг сэтгэн гөлөрч сууснаа гартаа цаас барин орж ирсэн бахим биетэй бүрзгэр үстэй япон холбоочин залуугийн бичгийг авч шуналтай гүйлгэн уншаад нүүрэнд нь инээмсэглэл тодрон арзгардуу жижиг шүдээ ярзайлаган холбоочин өөд харж,
- Сайн байна ажлын эхлэл овоо. Манай хэд яггүй бэлтгэл хийсний ачаар монголын хил давчихлаа. Одоо учир бий гээд үзгээ чөөчигнүүлэн байж ширээн дээрх цаасанд хэдэн үг бичээд хурандаа явуул гэж холбоочинд өгөв.
Хаалга тогшиж зөвшөөрөл аваад Баатар орж ирэв.Гуямагийн царай урьдынхаа хөгжилтэй харагдана. Гуяма баярласан янзтай.
- Манайхан монголын хилийг хэвтрээд гялалзлаа шүү гэж бардамхан хэлэхийг сонссон Баатарт тун эвгүй санагдав ч царайгаа төв болон юу ч мэдэхгүйг хичээн баярлангуй дүрээр:
- Ээ яасан сайн юм бэ? Монголын хилийг нэг нэвтэрсэн болохоор дажгүй биз гэхэд
- Одоо яана л гээч, хийх юмаа хийчихээд нэг л шөнө эргээд ухасхийвэл болох нь тэр хэмээн Гуяма соохгор өгүүлэв. Баатар /би цаг алдаагүй мэдэгдсэн. Яагаад хил дээр бариад аваагүй юм бол эсвэл дотогш оруулаад учрыг нь олох гэсэн юм болов уу, Гуяма их л сагаж байна. Хэрэг болбол чамайг ч уургалан авчихад амархан бий. Хил рүү шиншлээд нэг ойртоход цаад руу түлхчих юмсан. Үүнийг аваачвал нилээд ют яриулж болох байх/ гэж бодно.
Гуяма /Шарга уул/ маань амжилттай болбол би Сихарагийн басамжлалд нэг сайн хариу өгч мадлана. Чухам яаж мадлах бэ гэж янз янзаар бодох зуураа, энэ Баатар өнгөн дээрээ наран улс гэх болов ч цаанаа ямар бодолтой бол доо. Наран бидэнд дотроо дуртай хүн энд ховор. Өвөрлөгч хүний сэтгэл санааг хууран эзэмдэнэ гэдэг хэцүү юм. Бидний ухуулж хэлэх ятгалага маань мундахгүй байна. Гэхэд энэ муусайн өвөрмонголчууд үнэмшиж байгаа шинж алга. Манай даалгаварт амьтад тал тал руу шогших л юм. Базаалтай зүйл сонсоод ирж чадахгүй байна гэж бодох сацуу хил давсан /Шарга уул/ ийн хэд сэтгэлээс нь гарахгүй зовооно.
Хоёр дахь мэдээг холбоочин авчрав. /Сааталгүй ирэв. Ажил эхлэв/ гэснийг хальт мульт харуут тэр, дуу алдах шахан өндөсхийн босож бүх зүйл миний бодсоноор болжээ. Одоо дараачийнхдаа орно гэхэд Баатар бүр гайхав. /Тэд очих газраа очоогүй баригдсан байх ёстой. Өнөө шөнө сайн морьтой ухасхийхэд нэг л учир бий дээ. Эх нутгийнхаа шороон дээр хөлөө тавиад цэнгэг агаарыг нь цээж дүүргээд ирэх юм сан. Эндээс тун ойрхон байна/ гэж бодсноо, /цаг нь одоо болоогүй ээ/ гэж Чойжилийн хэлсэн нь санагдаж /ямар ч заавар авалгүй дураар ажиллавал алдаа гарч муу юм болно. Тэд баригдчихвал энэ муу Гуяма ийм маасгар байхгүй/ хэмээн санаж түүний нүүр өөд харахад Гуяма инээд алдан
- Баатар аа! чи энэ зургийг үз гээд ширээн дээр дэлгэсэн газрын зураг руу зааж
- Эд маань, энд хүрчихээд байгаа хэрэг шүү. Овоо гайхалууд юм энэ бол Өндөрхааны төв энд монголын цэргийн ангиуд бий. үүний хүч зэвсэглэлийг сайн мэдэх хэрэг байгаа юм. Бидний, төлөвлөгөө энэ их зам дагуу юм хэмээн Жанчхүүгээс Улаанбаатар хот хүртэлх жингийн хуучин замыг тэмдэглэсний дагуу харандаагаа бөмбөрүүлж
- Энэ зам бол арай чиг, дөт. Бид газар орны байдлыг овоо судалж мэдсэн тул найдвар байгаа. . гээд Баатар луу харснаа
- Чамд найдвар их бий. Эзэн хаан болж ч болно. Наран улсын ач ивээлээр эрдэмд боловсрон сурч юмны учир мэдэж нүд нээсэн хүн. Манай наран улс та нарт л найдвар тавьдаг. Ийм үг чамд хэлэх завшаан надад олдсонд би таатай байна. Ингэж л манай дээд дарга нар надад хэлсэн гэх нь цаанаа доогтой, тэгээд яах бол гэж янз үзсэн байдал ил байгааг мэдсэн Баатарын дотор арзасхийн эгдүүцэл төрөв. Гэвч Баатар биеэ барьж
- Баярлалаа. Ноён Гуямаа, миний ингэж наран эзэнтэй сэтгэл хүсэл нийлэн бие зэрэгцэн нууц албаны чухал хэрэг хүүрнэн байгаа маань та бүхний л ач шүү дээ. Би таны тухай юу гэхийг биелүүлэхэд бие сэтгэлээ өгөх дээдсийн тушаал заалттай юм болохоор та бүхнийг дээдлэн хүндэтгэж ажиллах учиртай билээ гэхийг Гуяма сонсоод сэтгэлд нь таарав бололтой толгогоо үл мэдэг мэхийн дохисхийлгэж
- Таныг ч бас хүндэтгэх ёстой. Наран улс бол танай мэт ийм улс гүрний төлөө л чин сэтгэлийн сайн санаа тавьж байгаа болохоос биш амиа бодсон өчүүхэн ч муу зүйл хийхгүй гэж мөчөөгөө өгөхгүй санаатай хариулав.

***

Дайсны /Шарга уул/-ын сөрөг авах /Отолт/-ыг явуулах бэлтгэлийг хангасан тул үйл ажиллагаа төлөвлөсөн дагуу эхэлжээ. Уулын бэл дэх хонхорт нууцгай барьсан хоёр жижиг ногоон майхны баруун талынхад хэлтсийн дарга хурандаа Дугаржав, холбоочин дэслэгч намхан бол залуугийн хамт байх ажээ.
Холбоочин ээлжийн харилцааг /Од/-той барихаар чагнуураа чихэндээ хийж долгиолон ирэх мэдээг саадгүй хүлээж авахад бэлтгэнэ. Хурандаа /Од/-оос ямар мэдээ ирэхийг тэсж ядан хүлээж, түүний тухай сэтгэлдээ төсөөлөн элдвийг эрэгцүүлнэ. /Од/-ын саяын мэдээнд, Жанчхүүгийн японы онцгой яамныхан удаан хугацаанд сургасан долоон тагнуулчныг урьдаас судалж сонгосон газраар цувруулан монгол улсын хилийг нэвтрүүлэх гэж хилийн ойр орших жижиг сүм дээр тун нууц очуулсныг дурдсан тул ...-р хэлтсийнхэн тэднийг барих ажиллагаа отолтыг явуулах ажлыг хурандаа хилийн ойр байрлаж, газар дээр удирдахаар ирээд байгаа нь энэ билээ.
Хилийн ...- отрядаас биечлэн туслах хоёр групп томилон түүний дотор хэд хэдэн чекист ажилтнууд оролцжээ. Манай авагдсан мэдээнээс, дайсан гурав хоногийн дотор хил даван ирж болзошгүй гэсэн дохио байсан учир хилийн группынхэн гурав хэсэг газрыг хүчлэн хянах ажилдаа орсон байв. Дээд командлалын өгсөн заавраар бол хилийн чанадаас илгээсэн дайсны тагнуулчдыг юуны өмнө илрүүлэн, хүн хүчийг тогтоон мэдэж, тэдний чиглэж ирсэн газраар нь манай хилийн дотор саадгүй оруулж огт сэжиг авахуулахгүйгээр ямар үйлдэл явуулахыг тагна мөшгиж, буцах замыг боон, үйл ажиллагааны тухай хурандаад цаг тухай бүр мэдээлж удирдлага авах ёстой ажээ.
Отолтын эцсийн зорилго бол дайсны тагнуулууд, өөрийн хийх гэсэн зүйлээ эхлэн явуулж байгаа үед нь баривчлах явдал байв. Тэдгээр хил зөрчигчид, гурваас тав хоногийн хугацаагаар манай нутгийн гүнд байрлаж, тагнуул хийх, манайхаас цэргийн хүнийг барьж аваачих эс чадвал дайралдсан хүнийг барьж байцаан цэргийн ангийн байрлалын тухай мэдээ авч дор нь алаад Гуямад итгүүлэх тэмдэг болгон тэр хүний чих юм уу хамрыг огтлон аваачиж гэрч нотолгоо болгох учиртай байжээ.
/Од/-ын мэдээ, 1944 оны есдүгээр сарын 15-нд долоон хүн Цагаан хадны сүм рүү явав. Цөм винтовоор зэвсэглэсэн дивизийн байрлалд нэвтрэн хүн авчрах гол үүрэгтэй. Гуяматай /мөнгө товч/ хамт явсан, хилийн орчим очих болно гэснийг хурндаа үзээд маргааш /гийчин/ ирнэ. Үүргээ соргог биелүүл гэж группүүдэд мэдэгд! гэж холбоочинд тушаав. Хурандаа бүх зүйл төлөвлөсөн дагуу явагдана. Харин дивизээс наана ажиллах нууц группэд нэмэгдэл үүрэг өгье. Хил нэвтрэгчдээс зарим нь үлдэж сэм манайхныг мэдвэл байдлыг өөр болгож түвэг удна.
Гуяма хил нэвтрүүлсэн долоогийнхоо хойноос сүүл дагуулахыг хэн байг гэх вэ? гэж бодохын завсар сэтгэл нь зовж буй нэг зүйлийг олон дахин эргэцүүлнэ. Юу гэвэл, дайсны тагнуулыг гэнэдүүлэн хоромхон зуур барихгүй бол биеэ хорлох эсвэл манайханд хохирол учруулах аюултай. Чулуун маань төв сургууль төгсөж ирээд удаагүй ч, зоригтой шаламгай залуу даа. Харин зориг нь дэндээд тэдэнтэй уулзахдаа зэвүү нь хүрвэл гранатаа шууд л дэлбэлчихэж сүйд болохгүй байгаа. Залуу ажилтанд ганц дутагдах зүйл нь сэтгэл санааны хатуужил тэсвэр дутаж хурдлаад огцом шийдчих гээд байдаг нь ажлын эцсийн үр дүнд гоомой юм харагдахад хүргэдэг талтай.
Дайсан цэргийн залуу офицерийг гэнэт уулзуут шүлсээ залгин урхидах гэх байх. Тэр үед айлган гар хөдөлгөлгүй суулгаж авах нь чухал. Энэ үед групп тал талаас амжиж очих биз. Гэвч үүнд цаг хугацаа шаардана. Чулуун маань хэр байхаас гарз үзэхгүй дийлнэ. Залуу ч гэсэн тэвдэхгүй байх. Тэгэхлээр уужуухан аргалж болох вий хэмээн залуу ажилтандаа итгэл дүүрэн байв.

***

Есдүгээр сарын 17-ны орой 11 цагт хоёр дахь группээс /гурван морьтой хүн хилийн . . . тоот өндөрлөгийн баруун сугаар дотогш нэвтрэв гэсэн мэдээ авсны дараа /Шөнийн 00 цагт хилийн .. . тоот өндөрлөгийн зүүн урд дэрс бүхий хонхорт хэдэн морьтой хүн нэг цаг хэртэй бүгж байгаад хил дотогш хөдлөв/ гэсэн нэгдэх группийн мэдээг үзсэн хурандаа Дугаржав, ахмад Дондогийг орж ирүүт
- /Од/-ын мэдээ төгөлдөр боллоо. Угтах группийнхэн дайчин ажиллагаа хэрэгтэй. Дайсны талаас хил нэвтрэгчид долоо наймуул гэдэг ортой.Эд тусгайдаа явж тагнуул хийх үү. Нэг газарт нийлэх нь үү гэдгийг сайн тагнан мэдэх нь чухал. Ард нь холбоо баригчид далд дагаж байгаа эсэхийг хурдан шалгуул. Бага дэслэгч Чулууныг ирүүл. Явах хүмүүсээ бэлэн байлга! гэж тушаав.
Бага дэслэгч Чулууныг ирэхэд, Дугаржав дэргэдээ суулгаад
- Нөхөр бага дэслэгч явахад бэлэн үү? Сэтгэл санааны хатуужил гэдэг бол манай энэ нууц чухал ажлын амжилтыг шийдэх зүйл шүү гэхэд,
- Бэлээн! Нөхөр хурандаа. Би таны анхааруулсныг ойлгов. Биелүүлнэ гэж Чулуун зоримог хариулав.
- Зүйтэй. Дайсныг буулгаж авах гэтэл чам руу нэг нь буудах гэвэл чи яах вэ? гэж хурандаа асуувал
- Өрсөнө гэж эрс хэлэхийг сонсоод хурандаа сэтгэл ханамжтай
- Тэгж л таарна. Тиймээс бэлэн самбаатай байвал дайсан өөрийн эрхгүй чиний тэр зориг сүр хүчинд дарагдах болно. Сүх жанжин гамингуудыг яаж ганцаараа буулгасан билээ гэж сургамжлан өгүүлэв.
- Хилийн хоёр дахь группээс мэдээ ирэв гээд холбоочны өгсөн мэдээг хурандаа үзээд
- Дайсны хил нэвтэрсэн хоёр хэсэг, хоорондоо долоон км зайтай байснаа ойртжээ. Тэднээс хоёр хүн шөнө явж дивизэд таван км ойр очиж агтны байранд нуугдах гэхэд нь эсэргүүцэл үзүүлэх зав өгөлгүй баривчилсан нь сайн. Үлдсэн нь нэг хоногоос илүү байх учиргүй болов гээд дэргэдээ сууж байсан Дондогт
- Одоо явцгаая. Морьдоо авчир! Зохих тэмдэгт байруудыг сэм эзэлж Чулууныг явуулах болно гэв.
***
Намрын хонгор салхи сэржигнэн үлээж, говь тал газрын өвчний толгойг ганхуулах аясаар өвс шар! шур! хийснэ. Том жижиг сэрэвгэр хүрэн хамхуул сархины аяс даган нэвсэг нэвсэг хийн өнгөрөхөд хонхорт тушсан морьд чихээ сортолзуулан дороо эргэлдэнэ. Хурандаа морьдоос гурван зуун метрийн зайтай орших хадтай толгойд байрлаж дуран авайгаар тал тал руугаа хяналт хийнэ. Энэ хяналтын байр, хил зөрчигдөөс хоёрхон км зайтай тул тэдний байдлыг бүрэн харах боломжтой байв.

***

- Хүүе! хүүе! хөтөлгөө морьтой хүн гараад ирэв. Үүнийг амдацгаая гэж хил зөрчигчийг яаруу хэлэхэд бусад нь
- Тийм байна. Цэргийн хүн, тэгэх тусмаа дарга гээч хэмээн ам амандаа олзуурхан
- Одоо тал талаас нь амдан баръя гэж нэгнийгээ хэлүүт нөгөө нь
- Яг биднийг чиглээд ирлээ.Юу ч гэсэн хоорондуураа гаргах байдлаар отож зэрэг дайръя. Хэрэв биднийг буудвал морийг буудаад явган болгочих юм шүү гэв.
Шууд дайрч болохгүй, буудалцаад түүнээс ганц ч үг дуулахгүй алдчихвал ашиггүй. Би явган өмнөөс нь тосож очьё. Мориноосоо ойчоод хөдөө үхэн хатан явна гээд цангаж ойчих гэсэн байдал үзүүлье. Тэгэхэд тэр бууж намайг босгон аваачих гэх байх гэж нэг нь хэлбэл,
Ахлагч шар царайт:
- Цаг алдсан дэмий юм яриад яах вэ? Сэжиг авчихгүй юу. Ямар тэнэг эд вэ? Олон үг хэрэггүй гээд ийш, тийш гар зангахад бусад гурав нь заасан чигт армаг тармаг чулуу дамжин гүйж байраа эзлэн нугдайв.

***

Чулуун тэдний байгаа газрыг мэдэх учир тал тал руугаа бөгтийн гүйхийг ажин /намайг барих гэж сүйд бол байгаа нь ил байна. Морийг минь буудаж явгалах гэж байгаа нь ил байна. Хэрэв тэгэхгүй цөмөөрөө над руу шаваад ирвэл аргы нь олж болно доо/ гэж бодон ямар ч сэжиг аваагүй мэт ергүүлэн явснаа хил зөрчигчдөд ойртохын хамт мориныхоо амыг татан/ сэрсэр жавар салхи салхилаад байна хөө. Цэн цэнгийн хур бороо тусаад байна хөө/ хэмээн эрдүүн цээл хоолойгоор аялан товцог дээр гарах янзтай аяар алхуулав. Чулуун юунаас ч айхгүй зоримог зантай. /Яахав ингэчих, тэгчих / гээд тулгамдсан асуудалд тун эв дүйг олчихдог ухаалаг, самбаатай залуу. Хил зөрчсөн тагнуулуудыг баримчлахад хоёр янзын арга хэрэглэх ёстой байв. Нэг нь гранат дэслэхээр айлган үг дуугүй буулгах, эсвэл тэдэнд баригдсан дүр үзүүлэн /та нарыг манайхан бүслээд байна. Одоо бууж өг! Эргэн тойрноо харцгаа хэмээн манай группүүдийн довтлон очих цагийг хүлээх байсан ажээ. Аль арга хэрэглэх нь хил зөрчигчид, Чулууныг яаж барих вэ гэхээс болох байв.
- Зогс! Зогсохгүй бол буудлаа шүү. Аминдаа хайргүй бол хөдлөөрэй гэлцэн омогтой дуугаран винтов барьцгаасан /дөрвөд цэрэг/ босож нэг нь Чулууны морийг цулбуурдан,
- Гараа өргө! Мориноосооо буу гэж омогдов.
- Та нар чинь галзуурч байна уу. Юу болов. Би дивизийн жагсаал ангийн дарга Довдон байна. Танихгүй байна уу? гэж Чулууныг учирлангуй байдлаар өгүүлэхэд
- Юуны чинь жагсаал анги, үг дуугүй буу. Чиний муусайн цэрэг чинь бид биш. Их наран улсын идэрчүүд гэхийг дуулуут
- Та нар бүслэгдээд байгаа, харцгаа! Энэ гранат эсэргүүцвэл дор чинь дуусгана гээд халаасан дахь гранатаа гарган дэлбэлэх дүр үзүүлтэл, \
- Болъё Болъё Амь. . .амь . . авар гэхэд хөндий зогсож байсан навтгар хар хүн гар буу гаргах нь нүдний буланд тусуут Чулуун, бэлэн байлгасан буугаа гаргав. Арай хожимджээ. Буу тас хийн хээрийн нам нүмийг цочоов. Чулууны эгэм шархдав. Чулуун гохоо дарав. Тэр дайсан өнхрөв. Хурандаа баруун талаас нь, хоёр дахь группийнхэн зүүнээс нь морины хурдаар давхин ирэхэд бага дэслэгчийн гарт гранат, нөгөө гарт нь буу бариастай ухаан алдахын даваан дээр ганхана.
- Гараа өргө гэсэн команд сонссон гурван дайсан буугаа хэдийнээ хаяж гараа өргөн нэгэнт монголын дайчдын бат атганд орсноо мэдэж сүр сүлд нь арилж гэлтэй.
Хурандаа мориноосоо үсрэн буунгуут Чулууныг тэврэн авав. Дайсны буу зэвсэг, радио, дуран, утасны яриа чагнагч цув зэрэг нь газар хөглөрөн новширч харагдана.

***

- Баларчээ! гээд Гуяма толгойгоо хоёр гараараа тулан дув дуугүй тонгойн суухад Баатар учрыг гадарласан боловч!
- Юу болов. Дэд хурандаа хэмээн дэргэд нь очиж сэтгэл зовсон байдалтай зогсов. Гуяма хэсэг чимээгүй байснаа:
- Тэд цөм баригдсан гэхэд
- Хаанаас даа. Үгүй байлгүй. Хэнээс та тэгэж мэдэв гэхэд
-Үнэн үнэн гээд байшингийн буланд жижиг тавиурын дор нүдээ анив анив хийлгэн ядарсан бололтой хэвтэж буй тагтаа өөд толгой дохин, гар зангав. /Тагтаа нууцгай авч яваад баригдах үедээ сэм нисгэсэн байх нь. Тэд манайхны гараас мултарч чадахгүй байсан юм. Болж гэм/ гэж Баатар дотроо баярлан,
- Хачин юм даа. Монголын хилийг нэгэнт давж аюулгүй орсон юм чинь, аргалаад ирж болоогүй юм байх даа. Эрх биш нэг нь эргээд ирэх бий/ хэмээн Гуямагийн сэтгэлийг зассан горьдлого тасраагүй мэт аялгахад Гуяма нүдээ бүлтэлзүүлэн,
- Бүр өнгөрсөн. Монголын дотоод яамныхан мэдснээс балрав. Хэн үүнийг тэдэнд мэдээлж байна вэ? Бидний дотор чонын гөлөг байна.Хэн бэ? Хэн бэ? хэмээн уурлан өмнөх ширээн дээр гараа пад пад алгадаад Баатар руу ёозгүй харав.
- Харин ээ. Хэн байж таарах вэ? Тийм сэжиглэх хүн таны сэтгэлд байсан бол анхаарах нь зөв. Нөгөө хэдийн чинь дотор урвасан муу этгээд байгаад бусдыгаа бариад өгчихөөгүй байгаа гэсэн сэжиг төрөөд байна шүү. Ээ нэг эрх хав шиг долгиносон шар амьтан уу, аа мэдэхгүй. Та сайн л шалгасан юм биз гэхэд,
- Тийм ч байж болно. үгүй ч байж мэднэ. Миний даалгаварыг хэд хэдэн удаа үнэнчээр биелүүлсэн удаатай тул би түүнд итгэдэг байсан гэж Баатарын үгэнд үл итгэх байдал гаргахад,
- /Хүний эрээн дотроо/ гэдэг үг бий. Өнгөн дээрээ сайн хүний чинь дотор юу ч нуугдаж байж мэдэх бий дээ гэж эргэлзэнгүй хэлэхэд,
- Хариугаа авах л болно гэж Гуяма шүд зуун хорсолтой өгүүлээд өрөөн дотуур тэнтэр тунтар алхахдаа / Сихарагийн өмнө сэхэлтгүй сөхрөв. Хайран сайхан нэр минь. Одоо жанжин штабын чухал албанд дэвшин очих байтугай, Жанчхүүд тогтох нь өнгөрөв бололтой. Ийм аз харьж бурханд буруу үзэгдэнэ гэж даанч бодсонгүй. Сэжигтэй муусайн шааруудыг маргаашаас эхлээд нэг өдөр нарт ертөнцөд амьдруулахгүй дээ. Баатарын хэлдэг ч ортой байж болно. Новш чинь намайг хуураад байсан хэрэг байх. Өнгөрсөн зун тэр золиг монголын нутагт очоод нэг хүнтэй таарч авчрах гэтэл тэр нь эсэргүүцсэн тул алаад чихийг авчрав гэж хумайсан хар юм авчирсан. Нэг сарын дараа захын харуулын зангиас мэдээлэхдээ, нас бараад хөдөөлүүлсэн нэг хүний чихийг огтолсон явдал гарав гэж байсан зэргийг одоо бодоход Баатарын хэлдэгт итгэхгүй байхын арга алга. Нэрээ цэвэр авч гарах ямар арга байна вэ? Шалгараагүй муу хүнийг /Шарга уул/-д ажиллуулав гэж энэ Баатар хэлчих вий. Залуу хүн яаж мэдэх вэ, Сихарад ам алдвал надад улам дараа болно. Баатарын тухай томилолтын нууц түлхүүртэй бичигт Япон улсын төлөө үнэнч зүтгэх /сэтгэл зөв/-тэй залуу гэсэн байсан.
Үүнд ч итгэж бололгүй яахав. Баатар залуу хүн атал тийм цаасан дэвүүр шиг хүн биш нилээд хянуур тул уг байдлыг аятайхан хэлбэл миний талд бага ч гэсэн хандив болох юуны магад гэж бодон харц нь байшингийн буланд нугдайн хэвтэх тагтаан дээр тусав. /Эцсийн эцэст хэл ам мэдэхгүй ч гэсэн энэ муу л хэрэг болов Ямар энэ намайг хуурна гэж байх биз. Овоо сайн сургасан тагтаануудыг минь хэдэн гуйлгачин хулгайлаад идчихсэн дээ. Ингээд бодохлоор миний ажил үйлс цаанаасаа уруудах гээд байна уу. Эсвэл миний өөрийн муугаас болоод байна уу?/ гэж сэтгэл тавгүйтэй уймарна.

***

- /Од/ газар орныг сайн мэддэг бас овоо танилуудтай болсон тул үнэ цэнэтэй мэдээ ирсээр байна. Харин Жанчхүү хот дахь японы тагнуулын техникийн албаныхан сэжиг авч радио станц эрдэг болов гэж сүүлчийн мэдээнд цухас дурдсан байгаа нь ноцтой юм шүү. Энэ талаар /Од/-д заавар өг! Одоо байрлалыг хэд хэдэн удаа соль гэх нь зүйтэй. Тэдний хяналтын солбилцолд өртөхгүй байхыг бодох нь зүйтэй гэж хурандааг хэлэхэд ахмад Дондог,
- Ээлжийн харилцааг гурав хоногийн дараа барина, тэр үед энэ талаар зөөвөр өгье гэв.
- Чулууны шарх хөнгөвтөр болоод сайн эдгэрч эмнэлээс гарав. Залуу хүний бие урхаггүй л бол дороо л хуучин хэвэндээ орно. Гэлээ ч анхаарал тавьж байх нь чухал. Ажил гээд биеэ хэт ядраах вий гэж хурндаа, ахмадад зөвлөв.
- Мэдлээ, тэгэлгүй яахав гээд Дондог тасалгаанаас гарав.
Хурандаа /Од/-оос ирсэн мэдээнүүдийг дэс дараалан танилцав. /Японы цэхгийн тусгай тасгийн холимог бригад Жанчхүүд саяхан байгуулагдав. Жамбий хотын эргэн тойрон газар ухаж хамгаалалт хийж байна. Үүнийг цэргийн том маневр хийхэд ашиглах юм/
Дараачийн нэг мэдээ:/ Дилов хутагт Жамсранжавын харъяаны хошуунаас тагнуулын сургуульд сургах нэр бүхий хүмүүсийг татан авчрав. Тэднийг монгол улс руу явуулах зорилготой гэнэ. Ар халхын Жавзандамба хутагт Баруун зуу /Түвдийн Лхасс/ -д хувилан тодорсон гэж тусгай сүм байгуулах гэж наадам хийсэн боловч одоо чимээгүй болов. Японы зохиосон арга юм/ гэснийг хурандаа уншин, /Хүний тархи толгойг ингэж эргүүлэн, бас манай эсрэг үүнийгээ цуурхуулж, Монголын ард олныг төөрөгдүүлэн өөртөө татна/ гэж бодоцгоож байгаа юм байх, ёстой инээдмийн юм. Япон, өвөрмонголын нутаг дээр тогтохын тул яаж ч авирлахаас буцахгүй. Дайны бэлтгэлээ яггүй хийж байна. Цэргийн яаманд энэ байдлыг нь мэдээлэх шаардлагатай.. /Шарга уул/-аа баларсны хариу болгон манай руу бас л хэдийг хөөх гэж ухаан малгайгүй гүйцгээж байгаа биз.
Хоёр дахь даалгавраа /Од/ сайн биелүүлбэл японы цэргийн төлөвлөгөө, хэрэглэх тактикийн тухай овоо л зүйл мэдэж авах учиртай хэмээн бодож суух зуур хаалга тогшьв. Орох зөвшөөрөл өгүүт, мөрдөн байцаах хэлтсийн орлогч орж ирэв.
/Шарга уул/-ынхан хэргээ тун шулуун мэдүүлж байна. Шинээр мэдэгдсэн зүйл гэвэл тэд өөрсдийн байрласан газраас таван зуугаад метр зайтай нэг хадны ёроолд тусгай сургасан холбоо барих тагтаа байлгасан гэнэ. Тэр тагтааг хил зөрчигчид баригдах аюул зайлшгүй учирсан үед буудах дохио өгөхөд, тагтаа сэм таван зуун алхам газар нисэлгүй яваад агаарт хөөрөн японы тагнуулын хилийн ойр байгаа Цагаан хадны сүм дээр очих ёстой байж. Тэр ёсоор хийгдсэн гэнэ. Бага дэслэгч Чулуун руу буудсан явдал нь нэг ёсны дохио ажээ/ гэхэд,
- Аа тийм байж уу. Үүнд бид сонор сэрэмжээ алдаж дээ. Муу анхаарсан тул тэр тагтааг нисэхийг олж илрүүлээгүй хил давуулан алдсан байх нь гэж хурандаа харамсан өгүүлэв.
- Хурандаа аа! Манай алдаа байж болох авч тэр тагтаа чинь сайн сургуульиай учир хийг олж хэнд ч мэдэгдэхгүй явчих амьтан байж шүү. Ийм тагтааг Баруун сөнөдийн тавд нэлээдийг сургаж байгаа гэнэ. Цаашид бид алдахгүй байвал болов биш үү гэж хурандааг тайтгаруулах гэсэн шиг мөрдөн байцаах хэлтсийн орлогч дарга хэлэв. \
- Тийм ээ. Энэ алдааг давтахгүй байх арга хэмжээ яаралтай зохиох нь чухал болов хэмээн хурандаа зөвшөөрөв.
- Жанчхүү дэх онцгой яамын Гуяма нэг оргодолд овоо арга заль зааж өгсөн байх чинь. Үун хил нэвтэрч ирсэн нэг хүний мэдүүлэгээр илэрсэн юм. Та санаж байгаа байх гэж орлогч даргыг сануулахад
- Аа тийм, гэмээ тун сүрхий ухаарсан /хувьсгалч/ эрийн яриа юу гэж сануулахад,
- Тэр этгээд /би эднийг та нарт барьж өгөх гэж ил газар хуурч авчирсан, нууц бичгий нь нэг зай гарвал хулгайлж авчрах байсан юм ч/ гэх шиг хэнэггүй залж байхгүй юу гээд инээмсэглэхэд,
- Гэнэн хүмүүсийг хуурч болно гэж бодоо биз. Ийм арга тус болохгүй гэдгийг японы онцгой яамны Сихара, Гуяма нар одоо зах зухаас нь ухаарсан бий гэж хурандаа өгүүлэв.

No comments:

: