Sunday, March 29, 2009

ЭНЭ ЧИНЬ ЗҮҮД ҮҮ”


Сумхүү гуайг аюулаас хамгаалах байгуул- лагын сэдэвтэй кино хийхгүй гэж боддог юм. Тэгтэл харин энэ хүн аюулаас хамгаа- лахын сэдвээр мэргэш- сэнээр үл барам энэ талын нэртэй кино найруулагч болчихсон байх юм. Учир нь юунд байдаг бол?
-Таныг “эсэргүү” Бадрахын хүүхэд гэдэг үнэн үү?
-Үнэн. Миний эцэг НТХ-ны нарийн бичгийн дарга агсан “эсэргүү” Өлзийтийн Бадрах. “Нугалаатан”-ы хэрэгт татагдаж, “Лхүмбийн хэрэг”-т орооцолдож, үнэн хэрэг дээрээ Москва руу цөлөгдөөд, Коминтернд “гадаад хэвлэлийн төлөөлөгч” гэдэг тушаалд ажиллаж байсан юм.
Золбингийн Шижээ (НТХ-ний нарийн бичгийн дарга агсан) мөн Мосоквад байлаа. Шижээ, Бадрах нарын хэрэг гэхээр түүхчид андахгүй мэднэ. Би эхээсээ 13-уулаа. Том ах, эгч нар багадаа өвчин эмгэгээр өөд болчихсон юм билээ. 1934 онд аав, ээж, бид гурав л Москва явсан юм. Ах, эгч, отгон дүү гурав үлдсэн. Эгч Цэндсүрэн 1936 онд өөд болсон. Ах Дамдинсүрэн аавыг баригдсаны дараа 1938 онд нас барсан юм. Хүнд өргүүлсэн байжээ. Аав 1937 оны 11-р сард баригдсан. Шижээ гуай ч мөн адил. 1940 онд улс төрийн хэрэгт 10 жилээр шийтгэгдэж, аав 1941 оны 7-р сарын 20-доор буудагджээ. Эх орны аугаа их дайн эхэлсний дараа Сталин шоронд буй “улс төрийн гэмт хэрэгтнүүд”-ийг буудах тушаал өгөхөд манайхан цөм дагалдсан бололтой юм. Аавын мөрдөн байцаалтын хэрэг НАХЯ-ны болон бусад архивт байдаггүй, олддоггүй юм. НАХЯ-ны архивын нөхөд уйгагүй хөөцөлдсөн боловч юу ч олдоогүй. “Хотоос өөр газар шоронд хорьж байсан юм уу” ч гэж таамагладаг. 1990 онд НАХЯ-ны нөхөд хүлээн авч, биднээс их зүйл тодруулж хальсанд бичиж авсан. Аавыг Улаанбаатар хотод ДЯЯ-ны шоронд хоригдож байсныг үнэмшдэггүй юм. Материал байхгүй болохоор арга ч үгүй биз. Хотод ДЯЯ-ны шоронд хоригдож байсныг би батлаж өгөхөд их гайхацгаасан. Ээж бид хоёр ДЯЯ-ны шоронд ирж аавд эргэлт оруулж байсан юм. Ээж аавд зориуд пансан цамц оруулсан юмдаг. Шоронгийн хуяг “танай нөхөр чинь шоронд суугаа хүнд пансан цамцаар яах вэ гээд авалгүй буцаасан” гээд ээжид өгсөн. Ингэж ээж өөрийн бодсон аргаар аавыг ДЯЯ-ны шоронд яг хоригдож буйг мэдсэн юм. Аав тийм үед үнэхээр пансан цамц өмсөж суух хүн биш байсан юм билээ….
-Москвад танайх хаагуур байв, Москвагийн талаар таны сэтгэлд юу үлдсэн бэ?
-Манайх “Зачачевский переулок”-ийн хавьд байсан юм. Тэндээс холгүй орших бага сургуульд би явдаг байлаа. Хүүхэд болохоор орос хэлийг дорхноо сурсан. “Жюль Верн” зэрэг сонин хачин адал явдлын номыг орос хэл дээр хуу уншиж, энэ талын “ертөнц” рүү аяндаа татагдаж орсон юм.
-Тэгээд л хожим хойно элдэв сонин явдлын сэдэвтэй кино хийх болжээ дээ. Адал явдал гэдэг аюулаас хамгаалах, сэргийлэх, хилийн цэрэгтэй голдуу холбоотой байдаг. Гэлээ ч аавыг чинь эсэргүү гээд алчихсан байхад та аюулаас хамгаалахын сэдвээр бүтээл туурвих сэтгэлтэй байлаа гэж үү. Сонин л санагдаж байна.
-Адал явдлын кино хийх хорхойг Москвад бага сургуулийн сурагч байж тэр сэдвээр сонгодог олон ном уншсан явдал надад нөлөөлсөн нь яг үнэн. “Эсэргүү”-ний хүү аюулаас хамгаалахын сэдвээр кино хийсэнд гайхдаг чинь түмэн зөв. Жинхэнэ уран бүтээлч хүнд хувийн өшөө хонзон гэж байх учиргүй. Тэгвэл тэнэг хэрэг болно. Цаг үе гэдэг цаг үе. Хүмүүс бол хүмүүс. Үзэл сурталдаа ухамсараараа зүтгэдэг хэсэг байлаа. Алдар цол, албан тушаалын хойноос үхэн хатан зүтгэдэг хэсэг байлаа. Угийн үнэнч шудрага, түүнийхээ төлөө амиа өгсөн чекистүүд ч байсан. Тэр дайчин шудрага эрсийн үйл хэргийг мөнхжүүлэн дурсах учиртай. Миний аавын баригдсан, аюулаас хамгаалах байгууллагын түүх замнал, үйл ажиллагаа гэдэг тус тусдаа огт ондоо зүйлс.
-Таны бүх уран бүтээлийн талаар нэг амьсгаагаар яаж ярьж амжих вэ. Адал явдлын сонин сэдэвтэй бүтээлүүд дээр тогтож ярьмаар байна?
-Манайхан адал явдал гэдэг нэг л ойлголттой байдаг. Приключенский фильм, Детективный фильм гэхчлэн ярьдаг даа. Сэргийлэх, тагнуулр, хилл, улс төрийн сэдэвтэй адал явдлын кинонууд байдаг. Би нэлээдээр нь оролдож үзлээ. Хилчдийн сэдвээр “Хил дээр” (Ц.Уламбаярын “Энх тайвлны манаа” зохиолоос сэдэвлэсэн), сэргийлэгчдийнхээр “Агуйн нууц”, аюулаас хамгаалахынхны сэдвээр “Ичээнд нь”, “Сахиул уу, сахиус уу” уран сайхны кино хийсэн. Байтаг Богдын баатар хилчин дайчид, эрүүгийн цагдаагийн ажилтнууд, дотоодыг хамгаалахын ажилтнуудын тухай өгүүлсэн юм. “Сахиул уу, сахиус уу” киноны зохиолыг НАХЯ-ны архивын “эзэн” хурандаа Г.Дүйнхэржавтай хамтарч бичсэн. Нарийн ширийн юмыг Дүйнхэржав хурандаа дэлгэрэнгүй ярьж өгсөн. Аюулаас хамгаалах байгуулагын дотоод, гадаадад ажиллаж байсан ажилтнуудын намтар, хөөгөөгүй, олон намтрыг шүүж, үйл явдалд шилжүүлж, урлаг, “фантази” нэмж, киногоо бүтээсэн. НАХЯ-ны мөрдөн байцаах хэлтсийн дарга гавьяат хуульч, хүндэт чексит Цэрэнхүү гуай. Дотоод гадаадгүй ажиллаж, “юм үзсэн” хашир хандгай байсан. Түүний буянд киногоо хийсэн гэж боддог. НАХЯ-ны сайд агсан Лувсангомбо гуай их тус болсон. Кино маань хөөрхөн зовлон туулсан даа…
-Тэгсэн үү?
-Хоёр сери кино хийхээр төлөвлөсөн юм. Гэтэл соёлын яамны уран сайхны зөвлөл “нэг ангид багтаа” гэсэн. Дондогийн Цэгмид гуай дээр очиж учирласанд “Уран сайхны зөвлөл нэгэнт тогтоолоо гаргасан юм бол өнгөрөх нь тэр. Би яаж ч чадахгүй” гэлээ. “нэмж зардал гаргахгүйгээр плёнкоо хэмнээд нэг ангийн хальсанд хоёр анги авчихъя. Та бүхэн үзээд хэдэн ангиар гаргахаа шийднэ биз” гэсэнд Цэгмид гуай зөвшөөрөв. Ингээд 2 ангит кино хийсэн. Киног үйлдвэрийн уран сайхны зөвлөл баталчихсан. НАХЯ-ны коллеги үзээд бас баталчихсан. Соёлын яамны уран сайхны зөвлөл 2 анги гэхчлэн юм ярих шинжтэй болохоор нь УТТ-ны орлогч гишүүн байсан НАХЯ-ны сайд Лувсангомбод хэлэв. Тэрбээр би соёлын яамтай ярина гэснээр НАХЯ, Соёлын яамны коллегийг зэрэг байлгаж, дээр нь НТХ-ны нарийн бичгийн дарга Адъяа, үзэл суртлын хэлтсийн урлаг соёлын асуудал эрхэлсэн тасгийн даргыг хамтад нь урьсан. 2 ангит киногоо үзүүлсэн. Киног баталчихлаа. Адъяа дарга “чи тэр нүцгэн хүүхнээ л хасчих” гэлээ. “Тагнуулчны арга янз бүр байдаг шүү дээ” гэсэнд “Үзэл сурталд эвгүй юмаа, ядахдаа тэгвэл мөөмий нь гаргаад л орхичих” гэж билээ. Бүх юм давгүй өнгөрлөө гэж бодтол Адъяа даргыг дагаж ирсэн үзэл суртлын хэлтсийн тасгийн дарга нөхөр үлдэж хоцроод киноныхныг цуглуулж “та нар дээгүүр зан гаргаж, түүхий материалыг УТТ-ны гишүүн, НТХ-ны нарийн бичгийн дарга нарт үзүүлээ” гэж дүрэмдэв. Тэгэхээр нь би “УТТ-ны орлогч гишүүн хэнийг урьж үзүүлэхээ өөрөө шийдсэн юм” гэж хэлчихээд, хаалга тас хаяад гараад явчихсан. Манай хэдийг үнс болгох шахсан гэсэн. Хожим нь ч тэр хүн өмхийгөө тавиагүйбиднээс хариугаа авсан. Наад зах нь 2-р зэргээр үнэлэгдэх болсон киног Сочлын яамны намын хорооны дарга руу утасдаж, "наадах чинь муу кино, 3-р зэрэг болго“ гэсэн гэдэг. Би дургуй хүрч, уран бүтээлчдийнхээ хүчин зүтгэлийг бодож, түүнтэй заргалдахаар шийдэж, Дүйнхэржав, Цэрэнхүү хурандаа хоёрт хэлсэнд, тэд “Огт хэрэггүй, ялихгүй юмаар оролдоод юу хийхэв, аяндаа олон түмэн үнэлээд өгнө “гэж билээ. Би заргалдвал заргалдсан шиг заргалдах байсан юм. Хамтран зүтгэгчдийнхээ үгэнд орсон.
-Хөөрхөн юм болжээ. Өөр кинон дээр чинь иймэрхүү юм болж байсан уу?
-“Хил дээр” киног тамтаг болтол нь хассан. Зөвлөх нь хилийн “энциклопед” генерал Цэдэн-Иш гуай байсан юм. Нүсэр том байлдаан болгож монголын хилчдийг баатар болгох гэсэн юм. Үнэнд нийцэхгүй байсан. Бид зөвшөөрөөгүй. Цэдэн-Иш гуай дахин кинонд зөвлөхөөр ажиллахгүй гэж сүрхий уурласан. Мэддэг юмыг нь мэддэггүй болгох гэхээр аргагүй шүү дээ. Байтагийн хилчдийн ар гэр, төрөл садангаас захидал их ирсэн. Эрчүүдийг маань дурссанд баярлалаа, харин төсгүй хүмүүс тоглуулжээ гэж зэмлэсэн. Кино маань ч ач тусаа өгсөн гэж бодож баярлаж явдаг. Манай кино гарсны хойтон жил киноны баатарын нэг ард Бадамд БНМАУ-ын Баатар цол олгосон юм. Нөлөөгөө өгчээ гэж боддог. Адилхан хүн тоглуулаагүй нь үнэн. Бадам гэхэд зузаан хүн байжээ, бид туранхай хүн тоглуулчихсан юм. Гэрэл зураг нь олдохгүй зовлон байсан. Ахмад хилчин, хурандаа Цэрэндорж, сумангийн дарга хошууч Мадриг, БНМАУ-ын Баатар Нэхит гуай бидэнд их тус болсон. Зөндөө юм хэлж, ярьж зөвлөж өгсөн.
-“Ичээнд нь” киноныхоо тухай хуучлахгүй юу?
-“Хил дээр” киног фантазлах тал руугаа хийсэн бол “Ичээнд нь” киног түүхэн үйл явдалд түшиглэсэн. Кино зохиолыг түүхч Ш.Нацагдорж гуай бичсэн юм. Дамбийжаагийн Маажинсан ууланд байсан үйл явдлыг голлож гаргасан. Бусад үйл явдлыг түүний зүүдээр дүрсэлсэн юм. Зөвлөх нь хурандаа Дүйнхэржав. Бидэнд асар их материал байсан. Монголын анхны чекистүүдийн анхны гүйцэтгэх ажлын бие даасан том “операци” анхны ялалт юм. Д.Сүхбаатарын тушаалаар гүйцэтгэсэн. Дамбийжаа буудуулахдаа “ээжээ” гэж дуудаад үхсэн юм билээ. Бид энэ үгийг нь хэлүүлчихвэл түүний харгис санаа энэрэнгүй болж хувирна гэж ярилцаад “Энэ чинь зүүд үү” гэсэн саармаг үгийг олонтаа хэлэлцэж м аргалдсаны эцэст Дамбийжаагаар хэлүүлж үхүүлсэн юм. Төгсгөл нүсэр, яг түүхийн дагуу дүрсэлж, харуулж хийсэн. 14 атан тэмээнд дээрэмдсэн эд баялгийг ачиж монголд ирүүлсэн. 10 мянган мал оролцсон том “сцена” авсан юм. Намын ТХ-ны үзэл суртлын асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга үзээд “Монголын цэрэг хятадын нутагт цөмрөн орж, Хятадын хөрөнгө авсан гэж үзнэ. Үзэл сурталд таарахгүй” гээд киноны “оргил” хэсгийг тас хайчлуулсан. Бид киногоо уг үйл явдалд оролцож Дамбийжаагийн гэрийн гадаад манай чекистүүдийн морины манаач хийж байсан партизан өвгөнд үзүүлэхэд “Яг л ингэж явсан юм даа, та нар тун сайн сүрхий дүрсэлжээ” гэж гайхаж талархаж байлаа. Үүнийг НТХ-ны нарийн бичгийн даргад хэлэхэд, “Тэр партизан ямар хамаатай юм бэ, үзэл суртал чухал” гэж байж билээ. “Ичээнд” нь киног бүтээхэд тэр үеийн НАХЯ-ны сайд Бугын Дэжид гуай их тусалж дэмжсэн. Японы цэрэг, офицерийн хувцаслалт, дэглэм журам, зохион байгуулалт зэрэг асуудлаар хурандаа Шаарийбуу гуай тун сайн зөвлөсөн. Японд эзлэгдсэн 1946 оны хятадын байдлыг сүрхий мэднэ. “Говь, Хянганд тулалдсан нь” монгол зөвлөлтийн хамтарсан уран сайхны кинонд япон цэргийн асуудлын зөвлөхөөр Шаарийбуу гуай, иргэний талын асуудлаар Алмас зөвлөхөөр ажилласан юм. Сайн зөвлөх кинонд онцгой үүрэгтэй. Киногоо баттай хамгаалж чадна. Амьд нэвтэрхий толь гэсэн үг. Цаг их хожно. Найруулагчийг илүү дутуу унших зүйлээс чөлөөлнө. Баримт яг хэлнэ. Бид “фантаз” нэмчихнэ, кино бүтэж л таараа.
-Та жүжигчдээсээ ярихгүй юу?
-“Ичээнд нь” кинонд Цолмонбаатар сайн тоглосон. Нямсүрэн, Тунгалаг, талийгаач УГЖ Дамдинбазар нарыг нэрлэх учиртай. “Хил дээр” кинонд Равдан, Чойсон, Тунгалаг нар бас сайн тоглосон.
-Та жүжигчнийг “өөрийнхөөрөө” тоглуулдаг уу, “өөрөөр” нь тоглуулдаг уу?
-Өөрөөр нь тоглуулдаг. Найруулагчийг дуурайдаг жүжигчинд дургүй. Маргасан жүжигчинд дуртай. Маргаад намайг үнэмшүүлж чадсан жүжигчинд буугаад өгдөг. Намайг үнэмшүүлж чадвал өөрийнхөө бодллыг тулгадаг. Шинэ жүжигчинд заахаас өөр аргагүй. Хуучин хашир жүжигчин заалгавал муухай. Зөвлөлтийн жүжигчинтэй болон манай туршлагатай сайн жүжигчинтэй ажиллахад урамтай. “Полу слава”-аас л ойлгож, “ингэх үү, тэгэх үү” гээд, өөдөөс хэд хэдэн хувилбар гаргаад л тоглочихдог юм. Найруулагчаар босож, суухаа заалгадаг жүжигчин бол жүжигчин биш, сармагчнаас ялгаа юу байна…. “Жүжигчний уран чадвар” гэж сүрхий юм бий. Санаа хэлэхэд л жүжигчин л юм бол тэр “уран чадвар” гэдгээ гаргаж харуулах ёстой.
-Та жүжигчнээ яаж сонгож авдаг вэ?
-Дүрдээ тааруулж, жүжигчнээ сонгож авдаг. Түүнээс биш таньдаг юм, миний кинонд олон тоглосон юм гэж огт харж үздэггүй. Дүрд тохирохгүй жүжигчин өөрийгөө, киногоо, эцэст би тэр уран бүтээлчийг олны нүдэн дээр амьдаар нь “алчихна”. Энэ тун аюултай. Цолмонбаатар гэхэд миний нэг, Равдан хоёр л кинонд тоглосон. Харин дүрдээ тохирсон учир Дамчаа, Сувдаа хоёр хэд хэдэн кинонд тоглочихсон. Дүр таарч тохирохгүй тохиолдолд “миний найз” гэдэггүй.
-Бэлэн кино зохиол байна уу?
-Байна аа. Дүйнхэржав, Чинзориг хоёрын бичсэн хоёр ангит детектив байна. Хар тамхи, хуурамч мөнгө хийгчид, товчоор хэлэхэд Монголд жижиг “мафи” үүсч буй сэдэвтэй ю. “Спонсор” олдохгүй хоёр жил боллоо. Сэргийлэх хөрөнгөөс бусад хүн хүч, техникээр тусалъя” гэсэн. “Өргөө” кинотаетр кино зохиолыг худалдаж авна гээд болж өгөхгүй л байх шиг байна. Орчин үеийн дедектив хийчих санаатай. ИНТЕРПОЛ-той холбочих бодол бий. Хөрөнгөнд л хавчигдаад байна. Бас нэг “домог” байгаа. Энэ хоёрынхоо аль нэгэн дээр энэ онд буучих бодолтой. “Халтуур” хийчихгүй санаатай, хөрөнгөнөөс л шалтгаална даа. Нааш цааш гүйж хөдөө гадаа явж, “спонсор” хайж эрж чадахгүй юм. Танил ч, найз ч алга. Хий харж л сууна.
-“Соёлын жил” шүү дээ?
-Биднийг бурхан өршөөг.
-Та ВГИК /Бүх холбоотны кино урлагийн дээд сургууль/-ийг хэдэн онд төгссөн бэ?
-1961 онд төгссөн. 1990 онд тэтгэвэрт гарч, “чөлөөт уран бүтээлч” болсон. “Гуяа ганзагласан” учраас бусдын адил кино компани интэр байгуулж чадаагүй.
-Одоо ямар алба хашиж байна?
-Монголын үндэсний их сургуулийн кино найруулагчийн ангид гэрээгээр багшилж байна. Гурав дахь жилдээ багшиллаа. Анхандаа цагийн багшаар орсон. Ялимгүй дэвшлээ. Гэрээт багш боллоо. Анги маань энэ хавар төгсөлт хийнэ. Намар нь шинэ элсэлт авна.
-Та хэдэн оюутантай вэ?
-Долоо.
-“Юм” болчихоор оюутан байна уу?
-Бий шүү. Ёстой нөгөө талийгаач Лхаасүрэнгийн кинонд жүжиглэдгээр “надад эр нь ч, эм нь ч” байна.
-Та нэрлэхгүй юу?
-Дипломынх нь киног үзсэний дараа нэрлэе дээ.
-Та тун хашир хүн юмаа?
-Хаширсан хүнийг “хашир” гэдэг юм.
-Танай сургууль хангамж сайтай юу?
-ВГИК-тэй адилгүй. Материаллаг бааз муу. Сайжруулж, наанадаад ганц нэг видео аппарат, гэрэл, магнитафон, монтажны ширээтэй болгочих гэж шахдаг. Материаллаг баазын асуудлаар л цаашид сайн үглэнэ дээ. Материаллаг баазтай болгочихвол дотроо хямд төсөр үнээр киногоо хийчихнэ шүү дээ. Дадлага ч сайн болно.
-Монголын сүүлийн үеийн сайн кино оператор хэн бэ?
-Балжинням. Драматург сайн ойлгодог. Жигжид багшийн хүү Биндэр сайн оператор, сайн уран бүтээлч болно.
-Та уг нь зураачийн мэргэжлийн гэл үү?
-1941 онд Нийслэл хотноо анхны зургийн сургуульд орсон юм. Захирал нь ч болсон. Зураачаар ч ажилласан.
-Тэгээд яахаараа кино найруулагч болчихдог байна аа?
-Соёлын яамны орлогч сайд Л.Ванган намайг Москвад, ВГИК-д кино найруулагчийн ангид явуулсан юм…
Л.Ванган, Ламзавын Ванган гэж МУ-ын соёл урлаг, соёл урлагийнханд үнэнхүү ачтай хүн билээ. Ач буяны нь эдэлж яваа нэгэн бол МУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт кино найруулагч Бадрахын Сумхүү мөнөөс мөн болой.

У.Амарсайхан
1995 он

No comments:

: