Tuesday, March 31, 2009

О.Цогт-Очир "Од ярьж байна"

(үргэлжлэл-4)

ШАЛГАЛТ

Хөх хотын монголчууд голдуу буудаг хоёр давхрын хүрэн тоосгон байшин бүхий буурчийн газар хоёр өрөөтэй байр авч тухлав. Буурчийн өрөөний хажуу дахь нэг өрөөнд паспорт, үнэмлэхээ үзүүлэн хаанаас ирснээ ирж бүртгүүлэхэд хашир янзын тав эргэм насны эр, нүүр рүү ажиглангуй харснаа Жамбын эгц харцнаас эвгүүцэн далдрахыг анзаарав.
- Хаанаас явна вэ?
- Буутаас
- Овог нэр
- Эрэнцэнгийн Жамба
- Хэд хонох вэ
- Тав хононо.
- Найман номерын өрөөнд ороорой гээд, үйлчлэгчийг дуудахад, 26, 27 насны зууван цагаан царайтай хүүхэн Жамбыг дагуулан нарийн хонгилоор явж мухрын нэг хаалгыг заан
- Энд гэж инээмсэглэн тал өгөөд эргэв.
- Өрөөнд ороход чийглэг эхүүн үнэр хамар цоргих нь хүн ойрдоо байсангүйн шинж ажээ. Өрөөн доторх тавилган дээр цагийн хийцтэй царс модоор хийж хүрэн будгаар өнгө зассан байв. Жамба цэнхэр цуваа тайлж өлгөөд бамбалзсан зөөлөвчтэй сандалд налан хана ширтэн түр сууснаа хонхыг дарж үйлчлэгч хүүхнийг дуудав. Төдөлгүй үйлчлэгч хүүхэн нүүрэндээ энгэсэг будаг тавьж улам ч хөөрхөн болсон юм шиг агаад тэр хаалга нээн жуумалзан орж ирэв.
- Ах гуай танд юу таалагдах бол ? гэж гартаа дөрвөлжин цаас барьчихсан, хүзүүгээ үл ялиг гэлжигнүүлэн өөрийн гоолиг биеэндээ намба тааруулан зогсоно.
- Өнөө оройдоо люванз мантуу цай болно биз дээ. Өглөөний хоолонд хөнгөн зүйл авна. Бор шувууны хуурсан толгой бий биз гэж хачин чамин хоол иддэг хүн гэсэн сэтгэдэл төрүүлэх гэж зориуд хэлэхэд
- Байлгүй яахав баавгайн тавхайт ширээ захисан ч болно. Би таныг япон хүн гэж бодлоо гээд гилжийн аальгүй янзтай хэлэхэд
- Япон хүн байсан бол .. . гэж лавлахад,
- Яахав дээ миний эцгийг сая худал хэрэгт сэрдэн барьж хатуу эрүүдсэнээс болж нас барчихсан. Үүнээс хойж энэ муу нарангийхныг харахаар нүүр рүү нь нулиммаар санагдах юм. Яая гэх вэ? Тэгж л болохгүй дээ гэж гүн санаа алдан эргэнгүүтээ,
- Таны захисан зүйлийг одоохон авчирна гээд л үг хэлэх завгүй гараад явчихав. /Ямар сонин юм болж байна энэ хүүхэн яагаад ийм юм ярих болов. Хэрэв үнэн байгаад аль нэг явуулын хүнд энэ хүүхэн ингэж яриад байвал эцгийнхээ хойноос орно гэсэн хэрэг. Эсвэл нарангийнхан явуулын Монгол хүнд ингэж хэлээд ойртож турш гэсэн даалгавартны нэг нь байж таарна. Харъя даа, яах нь вэ? Ийм учралыг анзаарахгүй өнгөрвөл үйл хазгай болно. өнөөдөр цагдаагийн албаны шалгалт ирэх л байх. Үүдний гялалзсан нүдтэй, шовх хамарт эр надтай харц тулгарсныхаа учрыг олох гэх байлгүй дээ. Хардлага өдөөгдвөл сайн юм болохгүй.Хэрэв үнэмлэх дээр байгаа тэмдэгний дагуу /Гүл хөхийн хошуу руу лавлавал муу юм болно/ гэж бодож нүүр гараа угаахаар зэргэлдээ тасалгаанд оров.

***

Жамба хоол идээд хажуулан хэсэг дуг хийжээ. Хол газар янз янзын уналга сольж явснаас бие алжаасан байв. Жамбын дотор үйлчлэгч хүүхний түрүүн хэлсэн үг сэрхийн оров. /Хэрэв үнэн бол эцэг нь ямар хүн байж таарах вэ? Нүүр рүү нь нулимах гэв үү? Хөөрхий таарсан тэмцэл хийх нь дээ. Үйлчлэгч хүүхний хэлсэн үгний цаана үйл ойлгогдох ямар нэгэн далд учир бий дэг. Надад сайн уу? Муу юу? Учрыг шүүх л юмсан гэж бодно. Гудамжинд гарч агаарт жаал байхаар хаалгаа түгжин гарав. Шатаар доош буухад үүдний сахиулаас өөр хүн харагдсангүй. Хаалга хаагаад эргэхэд сахиулын арын өрөөний хаалга онгос хийхэд үйлчлэгч хүүхний нүүр цухас харагдан далдрах шиг санагдахад, түр түдэн нүдний булангаар ахиулан харавч хаалга дахин онгойсонгүй. /Үйлчлэгч хүүхэн тэр өрөөнд байдаг юм байж. Намайг гарах сацуу хаалга онгойсхийснээ хэн ч тэндээс гараагүй. Жирийн байдлаар тэгсэн юм болов уу? / гэж бодон байшингийн зүүн талд тарьсан модны хажууд нам сандал руу дөхөн очсноо, /суугаад ч яах вэ / гудамжинд жаал явья гээд Буурчийн хэрмэн хашааны гол хаалга руу алхав. Энэ хэрмэнд гойд юмгүй.Буурчийн ажилчид бололтой хүмүүс зэргэлдээ намхан байшингаас сав суулгатай юм барьж, орж гаран хөлхөнө. Жамба гудамжинд гарахад буурчийн том дааман хаалга чигтэй цагдан сэргийлэхийн хувцастай хоёр хүн ирж яваа харагдав. Жамба чигээрээ аажуу алхалсаар зуушны газрын дэргэд очсоноо эргэн, буурчийн газрыг өдөр бүр хотын цагдан сэргийлэх газраас хүн ирж хаанаас ирсэн, хэн гэгч байгаа зэргийг шалган асууж, дараа нь зарим өрөөгөөр орж зорчин явагчдын паспорт үнэмлэхийг үздэг гэсэн. Хэрэв тэднийг орвол өрөөндөө байя. Аятай угтаж боловсон хүний ёс горимийг дагаж хүндэтгэл үзүүлэн өнгөрөөе гэж эргэн явсаар буурчийн хаалгаар оров. Шатаар өгсвөл түрүүчийн үйлчлэгч хүүхний нүүр хальт харагдсан өрөөнөөс цагдаагийн ажилтан гарч ирэхийг Жамба мэдүүт юмны юмны чиг нь гараад ирлээ. Залуу хүүхэн намайг тул тулгуу догиох гэсэн байж таарна. Мөн ч/ гэнэ хонгор/ бол доо. Хөх хотын цагдаагийн тагнуулуудын анхны догиолт залуу хүүхнээр эхэллээ. Удаах нь юугаар яаж дуусах бол/ гэж бодон тасалгаандаа орлоо. Удсангүй хэн нэгэн хүн хаалга тогшив. Жамба хаалга онгойлгоход цагдаагийн ахлагч бололтой өндөр залуу орж ирээд ёслох байдал үзүүлэн гараа өргөснөө,
- Та өөрийн баримт бичгээ үзүүлээч гэхэд, паспортоо гарган өгөв. Паспорт дахь биеийн зургийг үзүүд Жамбагийн нүүр өөд мөн эсэхийг шалгах янзтай харснаа,
- Хаанаас яваа вэ?
- Буутаас
- Алв хүрэхээр
- Жанчхүү орно
- Энд ямар хэргээр саатав? Гээд юу гэхнэв гэсэн шиг царай руу ширтэх нь ямар нэг тэвдэж сандрах сэжиг бүхий байдал илэрч байгаа эсэхийг мэдэх гэсэн нь ил байв. Төмөр замын ашиглалтын асуудлыг Харбин дахь эрхлэх товчоо хариуцдаг. Би энэ ажлаар явна. Май албан үнэмлэх гээд Харбины төмөр замын эрхлэх товчооны шунхан тамга бүхий томилох бичгийг үзүүлээд:
- Та бүхэ юу андах вэ? Одоо тээвэр харилцааны асуудал чухал болоод байгааг. Бид ойрын хэд хоногт үүгээр хэрэгцээтэй олон вагон ачаа.. . гаргана гэж тэдэнд /Чухал юм/ гэсэн битүү утгаар ойлгуулах байдлаар баруун гараа зангахад, цагдаагийн ахлагч,
- Та Харбинаас гараад удав уу гэлээ.
- Удлаа хориод хоног болов уу даа гэв. Цагдаа зам зуур хотын цагдаагийн газрын шалган бүртгэсэн тэмдэглэлийг ахин дахин үзнэ. Жамба дуугүй бахаас ярих нь дээр гэж бодоод,
- Зам жаахан сааталтай байна. Төмөр замын хариуцлагатнууд гурав хоногийн дотор амжуулна гэж надад амлаад байгаа юм. Надад амлах бага хэрэг. Одоо хойд зүг юу болж байгааг харцгаа. Манайх зүүн өмнө юу хийх гэж буйг та нар надаар хэлүүлэхгүй мэднэ. Ер ноёд та нар ч нэн чухал зүйлд хөндий байвал зүүн өмнөт Азид хийх эзэн хааны их үйлсэд муу өлөө болох юм шүү дээ. Би энд удахгүй л санаатай, замд саатах шиг тусгүй юм байдаггүй, хотын даргад хандах зүйл ч гарах янзтай даа гээд албархуу яриа үүсгэтэл цагдаагийн ахлагч аргагүй дээд газрын чухал ажилтай яваа хүн байна, энэ ажил надад ямар хамаатай биш гэж бодсон бололтой,
- Төмөр замын заслага хоёр хоногоос дуусах юм гэсэн, за ийм шив дээ гээд мэдэмхий дүр үзүүлэн паспортыг Жамбад эргүүлэн өгөв.
- Энэ буудалд ажиллаж байгаа хүмүүсийг та нар сайн мэдэж байгаа биз. Нэг үйлчлэгч /хонгор/ эцэг байцаалт дийлэлгүй үхсэн ч гэх шиг зохисгүй үг ярьж байх юм. Би л тийм үг гаргаж манай их наран улсын чухал албаны ажлыг тааралдсан хүнд задруулагчийг зүгээр орхихгүй байхыг эрмэлздэг. Тэр хүүхэн дор гээд Уамба цааш ярих гэтэл цагдаагийн ахлагч ярвайн яршиг зүгээр яах юм бэ? гэсэн ойлголт өгөх гэсэн бололтой гараа дохиод гарч одов.Жамба хаалга түгжин сандал дээр суун янжуур асаав.

***

/Чойжил оо ! гэж хүн араас дуудвал яах вэ? Би эргэн харвал ёстой л алд дэлэм алдах нь тэр . Одоо Жамба нэрэндээ дасъя гэж бодож явлаа. Хөх хот гэж хүний нүд булаамгүй шавар тоосго хэрмээр дүүрсэн газар юм. Гудамжаар дамнуур дэнжигнүүлсэн хятад, морь хөтөлсөн монголжуу ястай, уранхай нөхөөс болсон хувцастай авгай, хүүхэд, зарц ажилчид, япон цэргийн цайвар шар хувцастай офицер зэрэг зүсэн бүрийн улс амьтан хөлхөнө. Хүн олон хотын барилга шигүү болоод тэр үү дотор бачимдана. Япон цэрэг суулгасан машинууд дохио өгч гудамжинд хүржигнэх нь хүмүүсийн анхаарлыг эрхгүй татан чимээ шуугиан болцгооно. Төвийн даалгаврыг Чойжил, /ээжийн захиас/ гэж ярьж байхаар тохирсон байв. Ээжийн хоёр дахь захиасыг биелүүлэхээр энэ хотод ирээд нэг хоножээ. Хөх хотын төмөр замын буудал руу явах зуур араасаа дагуул байгаа эсэхийг ажих ёстой байв. Эхлээд явсан гудамжаараа шулуун явж, баруун талд нь байгаа бараа хадгалах пүүс рүү зам хөндлөн гарч оров. Настай хятад иргэн худалдаа хийх бөгөөд орсон хүмүүс тавиастай торго, дурдангийн сэжүүрээс үзэх зуураа үнийг асууна. Жамба пүүсэнд оруут тавиурт байгаа ягаан өнгийн чисчүүг үзэх зуур хаалгаар хойноос хэн орж ирэхийг сэм ажсан боловч сэжигтэй гэмээр юм алга. Пүүснээс гарч хотын захын төмөр замын ачаа бараа ачиж буулгадаг газар чиглэн гудамжны баруун зүүн талд сэлгэн гарч явах зуураа тааралдсан пүүсүүдээр орж янжуур чүдэнз төдийхнийг худалдан авна. Галт тэрэгний зогсоолд ойртов.
Үе үе галт тэрэгний толгой бүрээдэн уухилах нь тод. Нарийн гудамж ороотол хятад хийцний хөх саарал хүрэм өмссөн зүс таних эр нүүр тулгарав. Тэр хажуугаар өнгөрөх гэснээ
- Хүүе сайн уу, гээд инээмсэглэх дүр албаар үзүүлж ярзайн зогсох нь Жамбад тун хүйтэн санагдав.
- Сайн, сайн байна уу, газрын хаанаас гараад ирэв гэхэд,
- Та ч гэсэн хаанаас вэ? Гээд тэр хүн ойртон ирэв.
- Сайшандад хоршооны худалдагч байхдаа Японы тагнуулын даалгавартай гээд Даржаа гэгчийг бариулж байсан Дорж мөн шив гээд муу новш энд байдаг байжээ. Энэ чинь манайхыг эрж хайж яваа бизээ. Төвөөс үүнийг устгах даалгавартай гэж хоромхон зуур бодоод царайгаа төв болгож их л албаны сүр үзүүлэв.
- Чи их наран улсын эсрэг ямар шиг нүгэл хийж байсныг би мэднэ. Ингэж таарсан нь ямар учрал вэ? чамайг бодвол наран эзэндээ үнэнчээр зүтгэсээр байгаад ирсэн хүн шүү гэхийг сонссон Доржийн царай үнсэн хөх болж,
- Яалаа гэж тэгэх билээ, чи худал хэлж байна гэж мэлзэн хэлээд цааш эргэхэд нь Жамба ханцуйгаас нь угзарч,
- Чи муу зальхай миний гараас мултарна гэж бүү бод. Чамайг зохих газар хүргэнэ. Намайг Завсар хот дахь Нарангийн онцгой яаманд чухал албанд байгааг сонсоогүй юу гэхэд,
- Үгүй шүү даанч үгүй , та намайг бүү зовоо. Би дотогшоо зугтааж явна гэхэд, Жамба сүрхий харж
- Гэвч бид хоёр монгол хүн байна. Хотын зах гарч ярилцъя .. . .гээд алхахад тэр дурамжхан даган явав.
Дорж бол аюултай урвагч, харин намайг дагаж яваагүй биз. Үүнийг цааш харуулаагүй цагт тун осолтой. Ямар ч гэсэн хүнгүй газар аваачна. Үүнээс ямар ч өчиг дуулаад хэрэггүй., гай удна хэмээн шийдэж
- Доржоо оо? Надтай хамт Завсар хот ор! Тэнд чамд юм бүхэн сайхан болно. Чи ч наран эзэнд нүглээ хэлэлгүй өнгөрсөн биз. Би чиний мууг үзээд ч яахав дээ гэж тал өгөн өгүүлэхэд,
- Дорж ийм тийш хулмалзан харж,
- Эндээс хол л явмаар байна гээд өмнө зүг гараа зангав.
- Чи надтай явахыг татгалзаж байна уу? Яахав өөрөө мэд, хоёул зоогийн газар оръё, бид хоёрыг нэг нутгийн хоёр хүн ингэж явна гэж хэн мэдэх вэ? гэж хэлэхийг сонссон Дорж ихэд баярлан
- Тэгэлгүй яахав.. Жаахан юм ууя энэ бол эр нөхрийн хийдэг зүйл гэж олзуурхав.
Жамба аргаар үзэж Доржийн учрыг олохоор шийджээ. Зоогийн газар хүн олон тул тэр хоёр булангийн ширээнд суув. Хоол зөөгч хятад хоолны нэр тоочин ирлээ. Жамба түүнд хандаж
- Шөлтэй хоол, хар архи хоёр зохимжоор дээр биз гэхэд Дорж инээд алдан:
- Тэгэлгүй яахав гэж шүлсээ залгин өгүүлэв. Тэр арай тайвширан, нүд сэргэж гар нь чичрэхээ больсон байв. Ширээний ард суумагцаа бас л духны хөлсийг бурзайлгасан хэвээр хутга сэрээг барьж тавин, байж ядна.
Хонины жижиглэсэн махтай шөлнөөс халбагдах гэсэн ч халбагаа хангир жингэр дуу гаргах нь салга юм шиг, Жамбын амнаас юу гарахыг тэсэж ядан хүлээж бодлогширох байдал ил бөгөөд амандаа зуусан янжуураа зогсоо зайгүй савсан утаа баагиулна Эх орон гэж түүнд одоо бодогдох юм юу ч байхгүй, зөвхөн зугаа цэнгэлийг хүсэн хар амины төлөө /хүн алж хүрээ талахаас/ буцахгүй болж өөрийн нь өчүүхэн цогцсыг сүүдэр шиг дагаастай доромжлол басамжлалыг хүлцэн /бурхнаас оноосон хувь заяа/ минь энэ гэж сэтгэлээ зогоон харийн хүний эрхэнд яваагаа аз хэмээн үзэж байгаад нь Жамбын эгдүү хүрч дор нь нударга буулган таг чиг болгочихмоор санагдавч биеэ барьж тал өгсөн дүр үзүүлнэ.

***

Шуудайнаас олсон үхсэн хүний учрыг олох гэж Хөх хотын цагдаагийн газрын эрэн сурвалжлах ажилтнуудад бөөн ажил нэмэгджээ. Амь үрэгдсэн хүн хэн болох нь тогтоогдож, гадаад монголоос /улс төрийн хэргийн учир/ оргон ирж олон дахин шалгалт мөрдлөгөд өртөж байж /учир нь олдоод /цагдаагийн газрын харьяа Аюулаас хамгаалах тасгийн мэдэлд шилжсэн хүн байв. Үхсэн байдлыг газар дээр нь шинжилснээс үзэхэд тэр хүн хоолойгоо огтлон үхсэн байж болох шинжтэй, түүний хэрэглэж явсан хутга нь цустайгаа дэргэд нь байжээ. Согтоох ундааны зүйл их хэрэглэсэн гэдэг эмнэлэгийн шинжилгээ гарсан, хутганы бариулд үхдэлийн баруун гарын гурван хурууны хээ байсан зэргээс гадны хүн хорлосон байх гэсэн сэжгийг үгүйсгэжээ.
Хятад хар архины шавхруутай шилэнд үхдэлийнхээс өөр хурууны хээ илрээгүй, мөрч нохой үнэр авсангүй учир нь үхдэл унахдаа шилтэй архиа хагалснаас шалтгаалав.
Хэд хоногийн дараа улс төрийн цагдаагийн Аюулаас хамгаалах тасгийн тагнуулын нэг ахлах ажилтан дээд газарт явуулах бичигтээ/Монгол улсаас энэ оны эхээр оргож ирсэн Дорж гэгчийг мөрдөн байцаахад өөрийн байдлын талаар тодорхой мэдүүлсэн мэдүүлгийг үүний урьд танд хүргүүлсэн тул томилсон буй заа. Тэр, Монголын дотоод яамнаас нааш ирүүлж байгаа тагнуулын хүмүүсийг олж илрүүлэх үүргийг сайн биелүүлэх төлөвтэй байсан боловч архинд дуртайн хар гайгаар хэт ууж шатаж үхсэн нь тогтоогдов. Гадны хүн хорлосон гэх зүйл илрээгүй гэж бичээд хэрэв хутгаар хоолойгоо огтолсон/ гэж илтгэвэл бөөн яршиг удна. Нэгэнт үхсэн юм чинь ингэх нь хал балгүй гэж чулуу хөөлгөж аргалснаар хүн амины хэрэг нам жим өнгөрчээ.

No comments:

: