Friday, March 20, 2009

С.Чулуун: Чингүнжавын удам тасраагүй


Хотгойд түмэн хоймортоо залах судартай болжээ. Энэ тухай МУИС-ийн багш, түүхийн ухааны доктор, профессор С.Чулуунтай уулзаж зарим зүйлийг тодрууллаа.

- Хотгойд түмэн гэхлээр юун түрүүнд шадар ван Чингүнжав санаанд буудаг. Тэгээд ч энэ жил Хотгойдчууд эх оронч хүүгийнхээ алдрыг мөнхжүүлэхэд багагүй зүйлийг хийж байна. Хотгойд судар бүтээсэн нь ч үүнтэй холбоотой байх. Тийм үү?
- Монгол угсаатныг бүрдүүлж буй олон угсаатны бүлгүүдийн нэг нь хотгойдууд. ХҮI-ХҮII зууны зааг дээр Халхын баруун гар Засагт хан аймгийн баруун хойд, Хөвсгөл нуураас Увс нуур хүртэлх өргөн уудам нутагт Гэрсэнз Жалайр хунтайжийн угсааны Шолой Убаши хун тайжийн захиргаанд Хотгойд хэмээх нэгэн угсаатны бүлэг захирагдах болсноор хотгойдууд түүхийн тавцнаа гарч ирсэн байдаг. Харин хойч үеийнхэн өөрийн чинь хэлдгээр шадар ван Чингүнжав гэхлээр Хотгойдын эрэлхэг баатар, яагаав өнөө Манж нарын гарт эхнэр хүүхэд, охин дүү, өндөр настай ээжийнхээ хамт цаазлагдсан гэдгээр нь анддаггүй.
Тэрхүү эмгэнэлт явдлаас хойш 240 жил өнгөрсөн ч хотгойд түмэн үеийн үед дурсан санагалзаж, эх оронч хүүдээ, тэдний үр хүүхэд, төрөл төрөгсдөд зул өргөн буян үйлдсээр ирсэн. Энэ жилийн тухайд 240 жил гэх утгаар нь хотгойдууд урьдын адил зул өргөөд өнгөрүүлсэнгүй. Монголын ард түмний эрх чөлөөний төлөө Манжийн эсрэг тэмцэн боссон шадар вангийнхаа эх орноо гэсэн ариун үил хэргийг нь мөнхжүүлэх талаар санал бодлоо нэгтгэн нэлээд зүйлийг санаж сэдэж эхлүүлсэн нь Хотгойд судрыг бүтээсэн явдал юм. Уйгаржин монгол хэлээр хэвлүүлсэн уг судар хотгойд айл бүхний хойморт залагдах учиртай. Үүний цаана маш гүн гүнзгий агуулга бүхий өргөн утга оршиж буй хэрэг.
- Ховд аймгийн Мянгад сумынхан эрэлхэг баатар хүүгээ эргээд ирэхдээ таниг гээд хар үүд, хөх хаяавч хэрэглэдэг байсан гэдэг. Одоо цагт бол Хотгойд судраар таних болох нь ээ дээ?
- Дан ганц Мянгад сумынхан ч бас биш юм. Хөвсгөлийн Арбулаг, Төмөрбулаг, Цэцэрлэг, Цагаан-Уул сумынхан Мянгадуудын нэгэн адил саяхныг хүртэл хар даалимбаар хаалганыхаа эсгийг бүрж, хөх даалимбаар хаяавч хийдэг байсан. Одоо ч тийм айлууд зөндий бий.
- Хотгойд судлаачийн чинь хувьд асууж сонирхох хэд хэдэн зүйл байна. Чингүнжав хувь хүнийхээ хувьд ямархуу хүн байсан юм бол оо. Энэ тухай түүх шаштирт тэмдэглэсэн байх юм уу?
- Энэ тухай Оросын жуулчны тэмдэглэлээс уншиж байхад өөрийн үзэл бодолдоо үнэнч, номхон дөлгөөн зантай хэмээн онцлон тэмдэглэсэн байсан.
- Ах дүү нараа Манжид дагаар орохыг ятгасан атлаа өөрөө ороогүй үлдсэн мэтээр зарим судлаачдын дүгнэлтэд өгүүлсэн байдаг юм билээ. Та энэ тухай судалж үзсэн үү?
- Энэ тухай сонирхож, холбогдох баримт материалыг судалж үзсэн. Миний үзэж буйгаар бол түүхэн нөхцөл байдал энэ хүнийг ийм шийдвэр гаргахад хүргэсэн гэж бодож байгаа. Манжийн эсрэг хийсэн тэмцэл эргээд өөрийнх нь амь насанд хүрэхээс гадна ах дүү төрөл саданд нь гай болохыг тэрбээр мэдэж байсан учраас удам судраа авч үлдэхийн төлөө хийсэн алхам байж болох юм.
- Ингэхэд Чингүнжавын удмын хүн гэж байдаг уу?
- Шадар ван Чингүнжавын үед Хотгойд нь "Тоос халиугчин, Шэжнүүд, их хотгойд, Бага хотгойд, Мянгад гэсэн отогт хуваагдаж байсан байгаа юм. Тэдгээр отгууд доод тал нь 50, дээд тал нь 200 гаруй өрхөөс бүтэж байсан гээд бодохоор удам нь тасрах учиргүй байгаа биз. Нөгөөтэйгүүр, шадар ван дээр дурдсанчлан төрөл саднаасаа сэтгэл бууруулсан явдал нь удам судраа бодолцсон хэрэг. «Хотгойд судлалын төв"-өөс Чингүнжавын удам судрыг судалж, тэдний овгийн хүн буй эсэх талаар судалгаа явуулан уулзалт зохион байгуулахад 20 гаруй хүний өвөг дээдэс нэр устайгаа гарч ирсэн.
Тодруулбал, Ахай бээс Цэдэндоржийн угсааныхан, Дүүрэгч вангийн угсааныхан, Дамдин авшайн хүү Цогтой вангийнхан гээд л. Ганцхан жишээ дурдахад, Жамцын Бадраа агсан өөрөө Жалханц хутагт Дамдинбазарын алтан ургийнх байхад гэргий нь Цэдэндорж ноёны удмын хүн гэхлээр Чингүнжавын удам тасраагүй хэрэг. Бас нэг сонин тохиолдлыг хэлэхэд, уулзалтад ирсэн 80 гаруй насны хөгшин өөрийгөө өнөө болтол Чингүнжавын алтан ургийн хүн гэдгээ мэдээгүй явсан байдаг. Би нэрийг нь сайн санахгүй байна.

Ч.Чулуунцэцэг

1 comment:

Anonymous said...

Хотгойд судлалын төв"-өөс Чингүнжавын удам судрыг судалж, тэдний овгийн хүн буй эсэх талаар судалгаа явуулан уулзалт зохион байгуулахад 20 гаруй хүний өвөг дээдэс нэр устайгаа гарч ирсэн. Ene humuusiin nersiig olj avah gesen yum haanaas olj avah ve holbogdoh dugaaraa ilgeej tus bolnuu nyamtulga88@yahoo.com

: