Friday, March 13, 2009

Ч.Надмид: Эрдэм ухаан, эгэл даруу зан нь буурал аавыг минь өндөр хэргэм зэрэгт хүргэсэн гэдэг

Г.БATЦЭЦЭГ

“Сайн Ноён Хаан” сангийн захирал Ч. Надмидтай уулзан Тусгаар тогтносон Монгол Улсын ууган Ерөнхий сайд, Улсын Дээд хурлын анхны дарга, Цэргийн яамны сайд, Түмэнхэнномун эзэн Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн амьдрал, үйл хэргийнх нь тухай ярилцлаа. Тэрбээр түүний гуч охин билээ.

-“Монголын хөгжлийн тулах хүч” төрт ёсны баярын үйл ажиллагааны нээлт өнөөдөр болно. Энэ тухай та ярихгүй юу?
-Манай сан 1998 онд “Замнал” нэртэйгээр Эзэн Чингис хааны алтан ураг Монгол Улсын ууган Ерөнхий сайд, Улсын дээд хурлын анхны дарга, Цэргийн яамны сайд Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн амьдрал, үйл ажиллагааг мөнхжүүлэх зорилготой анх байгуулагдсан юм. Монгол төрт ёсны түүхэн уламжлалыг сэргээн, үндэснийхээ үзэл санааг нэгтгэж, Монгол хүний монгол төр, монгол эрхэмсэг оршихуй гэдгийг олон түмэндээ баталгаажуулах, төр, нийгмийнхээ зүтгэлтнүүдийн үйл хэргийг алдаршуулъя, монгол түмнийхээ оюуныг хөгжүүлье гэсэн эрхэм зорилго тавьсан.
-Танай сангийн зорилгоос сонирхвол.
-Монгол төрөө дээдлэх, Монгол хүн болж төрснөөрөө бахархах омогшлыг ард түмэндээ төрүүлэхэд сангийн маань гол зорилго оршиж байгаа. Одоогоос 300-аад жилийн тэртээ гадны түрэмгийлэгчдээс эх орноо хамгаалан тэмцэж, тусгаар тогтносон Монгол улс байгуулагдсаны 100 жилийн ой 2011 онд тохиох юм. Тийм болохоор бид монгол төрийнхөө зүтгэлтнүүдийн тусгаар тогнолынхоо төлөө тэмцэн, эрх чөлөөг олсон улс тунхагласны баярын өдөр Сайн ноён хан аймгийнхны төрт ёсны хүндэтгэлийн баярыг зохион байгуулж байгаа юм. Энэхүү төрт ёсны баяр нь Сайн ноён хан аймгаас төрсөн үе үеийн алдар суутнууд, төр нийгмийн зүтгэлтнүүд, соёл урлагийн алдартнууд, эрдэмтэн мэргэд өнгөрсөн 100 жилд юу хийж бүтээснээ төр, ард түмэндээ хүргэж буй тайлан юм.
-Сайн ноён хан аймагт ямар аймгууд багтдаг вэ?
-Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Хөвсгөл, Өмнөговь, Булган, Говь-Алтай аймгийн Тайшир сум багтдаг. Сайн ноён хан аймаг засаг захиргааны 32 нэгжтэй, хутагтын найман хошуутай байсан. Өнөө цагт монголчууд нутаг нугаараа бус дэлхийн дахины эвсэн нэгдэх ёсонд хамтран нэгдэж, эдийн засаг, оюун ухаан, авьяас, мэдлэг, эрч хүчээ дайчлах хэрэгтэй болоод байна.
-Энэ нутгаас төрсөн төр нийгмийн ямар зүтгэлтнүүд байдаг вэ?
-Аливаа хүн төрөлхтний түүхийг залуу хойч үе нь өвлөж үргэлжлүүлдэг. Монголын төрийн түүхийг энэ нутгаас төрсөн төр нийгмийн зүтгэлтнүүд өдгөө бичилцэж явна. Ээдрээтэй цаг үед хүч, оюун, хичээл зүтгэл, эр зориг, эрдэм ухаан, эд баялаг тэгширсэн төрийн түшээдийг ард түмэн маань сонгожээ. Монгол улсын түүхийн хуудсыг эргээд сөхөхөд Сайн ноён хан аймгаас Монгол улсын дээд хурлын есөн дарга, найман ерөнхий сайд төржээ.
-Тухайлбал.
-Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ерөнхий сайд С.Баяр, Батлан хамгаалахын сайд Лу Болд, Хүнс хөдөө аж ахуйн сайд Т.Бадамжунай, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга, УИХ-ын дэд дарга Г.Батхүү, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн сайд Б.Долгор мөн УИХ-ын Байнгын хорооны дарга. Ц.Баярсайхан, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Ц.Батбаяр, Д.Оюунхорол, Д.Лүндээжанцан, Р.Гончигдорж, Н.Батбаяр, Б.Ганхуяг, Л.Гүндалай, Ц.Сэдванчиг, Ц.Даваасүрэн, Д.Зоригт, З.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, Г.Занданшатар, Д.Тэрбишдагва, Э.Мөнх-Очир, Х.Бадамсүрэн, Ш.Сайхансамбуу, Ц.Цэнгэл, Д.Одхүү, Д.Дамба-Очир, З.Алтай гээд төр нийгмийн зүтгэлтнүүд энэ нутгаас төрж Сайн ноён ханы үйл хэргийг өртөөлөн үргэлжлүүлж явна.
-Урлагийн тоглолтоо “Тэнгэр аялгуу” хэмээн нэрлэсэн нь бас учиртай биз?
-Сайн ноён хан аймгийн нутгаас төрсөн хөгжмийн зохиолчдын сэтгэл зүрхнээс ундарсан бүтээл тул ингэж нэрлэсэн юм.
-Сайн ноён хан аймгийг эрдэмтэй, оюунлаг хүмүүсийн өлгий нутаг гэдэг юм билээ.
-Тийм ээ. Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай “Аливаа улс орны түүхийг тухайн нутгаас төрсөн хүмүүс тодотгож явдаг юм.Сайхан нутгаас сайхан хүн төрдөг гэж би ойлгодог” гэж хэлж байсан. Энэ нутгийн ард түмэн оюунлаг, хүнлэг энэрэнгүй сайхан сэтгэлтэй. Ихэвчлэн эрдэмтэн хүмүүс төрсөн байдаг юм. Үүнийг тэнгэр заяат ард түмэнд минь байгалиас хайрласан буян хишиг гэж ойлгодог.
-Т.Намнансүрэн гуай нутгийн ард олондоо юугаараа илүү үлгэр дуурайл болж үлдсэн бэ?
-Сайн ноён хан Намнансүрэн Эзэн Чингисийн хааны алтан ураг Батмөнх даян хааны удмын Түмэнхэн номун эзэн Төгс-Очирын хүү. 1911 оны Манжийн дарлалаас Монгол орноо тусгаарлахын төлөө өөрийн эрдэм ухаан, эр зоригоо харамгүй зориулж зүтгэсэн төр нийгмийн зүтгэлтнүүдийн нэг билээ. Түшмэд хүний эрдэм ухаан төгөлдөр, энэрэнгүй сэтгэл, төрийн хүний хосгүй эрхэм чанарыг өөртөө шингээсэн, алсын хараатай хүн байсан хэмээн ард олон одоо ч дурсан ярьж, хайрлан хүндэлдэг. Буурал аав маань Монголын төрт ёсны түүхэн уламжлал, төрийн хүн гэж чухам ямар байдаг, түмнийхээ төлөө цохилох зүрх, алтан амиа хайрлахгүй зүтгэж чаддагаа ард олондоо биеэрээ үлгэрлэн үзүүлсэн. Тэрбээр ядууст нинжин сэтгэлээр хандан өглөгийн сан байгуулж байсан гэдэг. Улсын Дээд хурлын анхны дарга байхдаа доод хурал тасалсан хүнийг гурван жилийн шар тос, дээд хурлыг тасалбал гүзээ шар тосоор торгодог байжээ.
-Т.Намнансүрэн гуайг яагаад Ягаан ноён гэдэг байсан юм бол.
-Монголын төрд үлдээсэн эрдэм авьяас, дайчин чанар, эрэмгий зориг, сайхан сэтгэл, зүс царайгаар нь нутгийн ард олон нь бахархан, Ягаан ноён хэмээн хүндэлдэг байж. 1914 онд Орос улсад айлчлахад II Николай хааны хатан “Та тун царайлаг хүн юм аа” гэсэнд Ягаан ноён “Би учиргүй сайхан биш ээ. Надаас сайхан нь Монголд зөндөө бий” хэмээн хэлсэн гэдэг. Тэгэхээр буурал аавын минь цэцэн цэлмэг ухаан, дотоод сэтгэлийн сайхан чанар, авьяас билэг, үйл хэрэг нь олон хүний сэтгэлийг татаж чаддаг байсан байгаа юм.
-Орос руу ямар гэрээ хэлэлцээр хийхээр явсан юм бол.
-Буурал аав маань Доной бэйсийн хамт 1914 онд Оросыг зорьж, цагаан хаан II Николайтай уулзан улс орныхоо эдийн засгийг хөгжүүлэх, тусгаар тогтнолоо баталгаажуулах, цэргийн зэр зэвсэг нийлүүлэх, сургууль байгуулах, Монголд төмөр зам тавих талаар гэрээ хэлэлцээр хийсэн гэдэг юм билээ.
-Таныг гуч охин нь гэж сонссон юм байна.
-Тийм ээ. Монгол Улсын ууган Ерөнхий сайд, Улсын Дээд хурлын анхны дарга, Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн мэндэлсний 130 жил, Сайн ноён хан аймгийн “ Цэцэрлэг голын чуулган” байгуулагдсаны 280 жилийн ойг тохиолдуулан буурал аавынхаа хөргийг төрийн ордонд залах санал тавихад УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж дуртай хүлээж авсан. Ийм сайхан хүндэтгэлтэй боломж олгосон УИХ-ын гишүүд болоод Г.Батхүү сайдад баярлаж талархсанаа илэрхийлье. Үүнийг Монгол Улсын төр монгол түмнийхээ үндэсний бахархлыг дэмжиж хүндэтгэлтэйгээр хүлээж авч байна гэж ойлгож байгаа. Би буурал аавынхаа амьдрал, үйл хэргийг мөнхжүүлэх зорилгоор сан байгуулаад үйл ажиллаагааг нь хариуцан ажиллаж байна. Манай сангийн бүс нутгийн зөвлөлийн ажлыг УИХ-ын дэд сайд Г.Батхүү хариуцаж байгаа.
-Буурал аавынхаа амьдрал, үйл хэргийг өгүүлсэн ном гаргах бодол байна уу?
-Бий, бий. Сайн ноён хан аймгаас төрсөн өнөөгийн төр нийгмийн зүтгэлтнүүдийн амьдрал үйл хэргийг өгүүлсэн ном гаргахаар зэхэж байна. Мөн буурал аавынхаа 1914 он хүртэл амьдарч байсан Хайстын ордонг 130 жилийнх нь ойн өмнө босгохоор зорьж байгаа. Мөн амьдрал, үйл хэргээр нь өөрт байгаа хөрөг зураг, өдгөө амьд сэрүүн байгаа өвгөдийн дурсамж яриа, баримтаар баримтат кино хийх бодолтой байгаа.
-Буурал аавын тань тухай өгүүлсэн “Их хааны удам”нэртэй кино таны сэтгэлд хэр нийцсэн бэ?
-Сайхан бүтээл л дээ. Гэхдээ энэ кино буурал аавын минь зан чанар, хувийн амьдралыг түлхүү харуулсан. Харин төр, нийгмийн зүтгэлтнийх нь хувьд эх орноо гэсэн тэмцэгч дүрийг төдийлөн гаргаж чадаагүй.
-Гадаад оронтой нууцаар холбоо барьж байсан тухай яриа байдаг юм билээ.
-Тийм ээ. Япончуудтай холбоо тогтоох гэж Япон улсын элчин сайдын яам дээр шөнө хувцсаа сольж очдог байсан гэдэг. Тэгэхээр буурал аавынхаа Монгол төр, ард түмнийхээ сайн сайхны төлөө зорьж, тэмүүлж байсан эрдэм ухаан, авьяас чадварыг өнөөдөр бид өвлөн авах хэрэгтэй байна. Сайн ноён ханы хоёр тамга бидэнд удам дамжин хадгалагдаж ирсэн. Гуч охины хувьд өөрийгөө буурал аавынхаа үйл хэргийг мөнхжүүлэн үргэлжлүүлэх үүрэгтэй хүн гэж боддог.
-Нутгийн хөгшид буурал аавыг тань зан чанараар ямар хүн байсныг дурсан ярьдаг уу?
-Сайн ноён ханы аав олноо “догшин цоохор” Төгс-Очир хэмээн алдаршсан түргэн ширүүн зантай хүн байсан гэдэг. Гэтэл Ягаан ноён ааваасаа огт өөр зөөлөн сэтгэлтэй, эгэл жирийн ардынхаа адил амьдардаг хүн байсанд ард түмэн ихэд хүндэлдэг байж. Нутгийн олон “Догшин цоохор ноёноос зөөлөн сэтгэлтэй ийм сайхан хүү төрсөн нь гайхмаар шүү” гэж ярьдаг байсан гэнэ билээ. Буурал аав минь зөөлөн сэтгэлтэй өссөний учир нь түүнийг таван настай байхад аав нь Чимэддорж Доной бэйсэд өргүүлжээ. Доной бэйс таван улсын хэл зэгсэн сайн мэддэг, Монголын үндсэн хуулийг бичилцсэн эрдэм авьяастай, даруу төлөв хүн байсан. Үрчилж авсан аавынх нь эрдэм ухаан, эгэл даруу зан нь Сайн ноён ханыг өндөр хэргэм зэрэгт хүрэхэд их нөлөөлсөн гэдэг.
-Сайн ноён хан бусад хан аймгийн ихэс дээдэстэй хэр эв түнжинтэй хүн байсан бол.
-Бүгдтэй нь эвтэй сайхан харилцдаг байсан гэдэг. Түшээт хан Л.Дашням өөрийгөө Богд хаант Монгол Улсынхаа тэргүүн болно гэж боддог байж. Гэтэл Сайн ноён хан эрдэм ухаан, авьяас билгээр илүү хэмээн үнэлэгдэж, Монгол Улсын ууган Ерөнхий сайдаар томилогдож байсан түүхтэй. Тэр үеийн төрийн тэргүүнээс Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэдтэй их дотно нөхөрлөдөг байжээ. Энэ гурав Богд хаантай зөвлөлдөн Монгол орноо Манжийн дарлалаас хэрхэн чөлөөлөх тухай санал бодлоо солилцдог байсан гэдэг. Сайн ноён хан аймгийн сайн ноёны хошуу одоогийн Найман нуурын дэргэд 1910 оны наймдугаар сарын эхээр дөрвөн хан Богд хаантай нэгдэж, харийн дарлагчдыг эх орноосоо хөөн зайлуулах анхны нууц хэлэлцээрээ Өвөрхангай аймгийн Уянга суманд хийж байсан тухай тэмдэглэгдэн үлдсэн байдаг.
-Сайн ноён хан аймаг анх байгуулагдсан тухай баримт байдаг болов уу?
-Байдаг. Одоогоос 350 жилийн өмнө Манжийн хаан гурван хан аймгийн өөдөөс сөрж зогсох зорилгоор Сайн ноён хан аймгийг байгуулсан байгаа юм. Гэтэл Сайн ноён хан, гурван ханаа нэгтгэн захирч, манжийн хааны эсрэг тэмцсэн. Эх орныхоо төлөө манжийн эсрэг тэмцэн, зоосны нүхээр биеэ сүвлүүлж амиа алдсан эх оронч Чингүнжав Хотгойдоос төрсөн шүү дээ. Хотгойдынхны тэмцэгч, шударга зангаар одоо ч ард түмэн бахархдаг. Тэгвэл Сайн ноён ханыхан оюунлаг хүмүүстэй гэдэг нь энэ нутгаас төрсөн эрдэмтдийн үйл хэргээс илүү мэдрэгддэг.
-Буурал аавынхаа түүхийг та хэдий үеэс эхэлж судалсан бэ?
-Би эрдэмтэн судлаач биш ээ. Эдийн засагч мэргэжилтэй. Гуч охины хувьд буурал аавынхаа явуулж байсан үйл хэрэг, амьдрал, сайн ноён хан аймгаас төрсөн төр нийгмийн зүтгэлтнүүд улс эх орныхоо төлөө юу хийж бүтээв, өнөөдөр энэ нутгаас төрсөн хойч үе үйл хэргийг нь залгамжлан хэрхэн үргэлжлүүлж байгааг ард түмэндээ толилуулах юмсан гэж бодож, зорьж явдаг.

No comments:

: