Tuesday, March 31, 2009

О.Цогт-Очир "Од ярьж байна"

(үргэлжлэл-2)

УУЛЗАЛТ

Чойжил, /лам/ -ынд ирээд үүргэн дотор юмаа далд хийж үүргээ ил тавив. /Лам/ сайн сууж байгаа гэжээ. /Лам/ энэ сүмд шавилан суусаар бараг л таван жил болж буй тул овоо тохижсон байлаа. Тэр ирсэн өдрөө /лам/ -ынхаас гарсангүй. /Лам/-тай цаашдын ажил хэргээ зөвлөв. Дэ вангийн төв орох зам зуурт хөл залгах бүх зүйл урьд бодож хийснээр бэлэн болсон нь түүнийг баярлуулжээ.
/Лам/, хааяа орон байр шалгалан нэгжих явдал гардаг. Японы дуулгаварт амьтад манайхыг мундахгүй олон үзсэн. Хэн хэнгүй тэрнээсээ залхаж байгаа байх гээд сахлаа имэрч суух нь яггүй даваануудыг давж эмээх нь бага болсных бизээ.
/Лам/-ын байшингийн ханан дахь далд хаалга хэнд ч ажиглагдахааргүй хийгджээ. /Лам/-тай элдвийг ярилцан /ээжийн захиас/-ыг бүтээсэн болзоот цагтаа цөмийг мэдээлэхэд бэлэн болгосон зэргээ хөөрөлдсөөр орой болгож нойрсжээ.
Нэг мэдэх нээ хэрэмний хаалгыг омогдуу балбах сонсдов. /Лам/ ирлээ шүү гэж мэдэгдэн гарах завсар, Чойжил ханын цаана орж амжив. Ер нь ийм болж магадгүй гэж бэлтгэлтэй байсан нь оножээ.
- /Хэн бэ?/, /юу гээв, Аан?/ гэж /лам/ дуулаагүй юм шиг олон дахин шалгаасны эцэст хаалга тайлсан нь цаг хожих гэсэн арга байв.
- Яагаад удаав? гэсэн захирангуй дуу гарах нь японы тагнуулын тасгийн даргын туслах харчин Лу мөн ажээ.
- Дуулсангүй бөх унтжээ. Өнөөдөр хурал олон байсан тул ядраа юм байх золиг чинь. Одоо хойд үе болж буйн тэмдэг юм байх даа. Та нарыг гэж санасангүй шүү гэж хэлнэд байшиндаа дагуулан оров.
- Танайд энд тэндээс саявтар хүн ирэв үү? гэж нүдээ хялалзан ёжтой асуусны учрыг лам гадарлан эд үнэр авсан байж болох юм гэж бодоод,
- Бараг үгүй шив дээ. Өнөөдөр Цагаан-Овоо сүм суудаг гэсэн байхаа үүрэгтэй нэг бадарчин ороод гарсандаа гэв.
- Тэр хаашаа явсан бэ?
- Мэдэхгүй ээ, би түүнийг буцаад явах юм болов уу гэж бодсон. Нэг ядуу бадарчиндаа. /Лу/ гуай бараг үзвэл танина байх, ноднин зун үүгээр явж л байсан таньтай ч уулзсан гэсэн байхаа гэхэд,
- Аан тийм өрөөсөн хөлөөрөө хойш нахиг нахиг гэсэн сажлуур амьтан байна уу?
- Яг тийм, нэг доожоогүй юм бий гэж ламыг хариулахад,
- Тийм тийм , түүнийг дахин үзэгдвэл манай сүмд бүү ир гэж байна гээрэй гээд байшин дахь сүүмэлзэх гэрэл сэтгэлийг нь хангаагүй болтой, ханцуйгаа гозогнуулан гар чийдэн тусгаж байшингийн доторхийг сүрхий ажиглана.
Чойжилд тэдний яриа тод агаад чангахан амьсгалах нь ч дуулдмаар, би чинь биеэ барьж сууж сураагүй нэг согогтой юм байна. Хоолой дээр шүлс зангираад байх нь юу вэ.Тэсэх л хэрэгтэй гэж амаа нударгаараа дарж, хоолойгоо аяархан илж чимээ гаргахгүйг хичээн царайгаа минчийлгэн сууна. Энэ үед ханиаж орхивол яах вэ? , бүхнийг орвонгоор нь эргүүлж, шидсэн бут шиг замхарна гэсэн үг хэмэн тэвчиж яадан байхдаа миний хоолойн энэхэн хэсэг чинь ухаан санаанд захирагддаггүй байх гэжүү, урьд нь тэгж бодоогүй сонин юм. Яая даа байз гэж бодон өндийтөл, ашгүй тэд гарч хаалга хаах чимээ сонсдоно Чойжил ханцуйндаа сэм ханиав.
/Лам/ энэ хэрэглэсэн арга зөв болов. Японы тагнуулынхан хөлсний гар хөл бологчиддоо хатуу даалгавар өгч энд тэндгүй ажиглалт хийлгэж байсан болохоор аль нэг нь /бадарчин/-г /лам/ -ынд ирснийг ажиглачихсан байжээ.
- Баатарыг маргааш ирэхэд эд мэдлээ ч гэсэн яахав. Та хоёрын яриа зөв талаараа эргэж болох байх.Баатар ч тийм увайгүй хүү биш.Эцэг нь цаст цагаан ууланд цантай үзээгүй нударгатай эр байсан хойно. Баатар тийм л байж таарна гэж /Лам/-ыг хэлэхэд
- Тийм гэж би итгэж байна. Та ч Баатарыг гадарладаг хүн шүү дээ гэж Чойжил хариулав.

-----

Гол сүмийн баруун урь дахь нарийн тахир гудамжны шавар хэрмэн дэх хөх тоосгон жижиг байшинд авга ах лам, Баатар хоёр богино хөлтэй мэлхий хүрэн ширээний хажууд өөд өөдөөсөө харан сууцгаана.
- Тийм ээ ! Бид хоёр ар халхаас ирсэн гэдэг үнэн. Чамаас үүний нуух гээгүй. Хэзээхэлэх вэ гэж цагийг хүлээж байсан юм. Бид хоёр өөр ах дүү төрөл садангүй гозон толгойнууд бишээ. Төрсөн эцэг маань ч энх тунх байгааг чи дуулаад баярлах ёстой. Чиний авга ч ганц би биш, гурван ид дундын насны эрчүүд бий. Чи нагац наргүй гэж бүү бод мундахгүй хэдэн сайхан нагац бий. Энэ газар намайг юу хийж сууна гэж чи асуух биз. Би Монгол улсын төлөө хар толгойгоо бодолгүй яваа юм. Би ганцаараа биш.Монгол туургатны тусын тулд Япон гэгч эрээ цээрээ алдсан сорон мөлжигчдийн боол болохгүй. . . гэж олондоо тусалж яваа хүнийг алийг тоочих вэ? гэж лам хэлээд Баатарын юу гэхийг ажив.Баатар хар цагаан дуугүй байв.Түүнд мөнгөн товчний учир хэдийд яаж тайлагдах бол гэсэн бодол сэрдхийн төрөв. Авга лам түүнийг харж байснаа,
- Өөртөө чинь, аавын чинь дотно нөхөр уулзах гээд хүлээж байгаа. Бүх юм тодорхой болно. Одоо үед эх нутаг газар шороо, элгэн саднаа л гэх сэтгэл залбирал байхгүй явбал нэг л мэдэхэд үнсэнд хаягдсан шалж шиг болно гэж хэлж дуусуут байшингийн ханын хэсэгхэн далд хаалга онгойн ханхар биетэй идэрхэн эр гарч ирээд нэвт шувт ажсаар ойртон,
- Сайн байна уу хэмээн мэндэлж гараа сунгахад Баатар ялиггүй цочисхийснээ биеэ төв болгон хариу мэндлэв. Гарч ирсэн хүн Баатарын нүүр рүү харж эгцлэн суухын завсар манан хөөрөг гарган тамхилахдаа мөнгөн товч торхийн унахыг ажсан Баатарын царай хувисхийн тэдвэнгүй янзтай болохыг Чойжил хэдийнээ мэдэв. Мөнгөн товч өнхрөн Баатарын хөлний дэргэд тогтон бөндөгнөнө.
- Дүү минь наадахыгаа аваад өгөөч цамцны сугандах товч уначихсан юм. Нэг ижлийг нь одоо олоогүй байгаа гэхэд Баатар дороо займарснаа, тонгойн мөнгөн товчийг авч хуруундаа имрэн нүд салгалгүй харсаар эзэнд нь өгөхдөө /яах аргагүй аавын өгсөн товчны ижил мөн байна. Ийм хүнтэй уулзах байсан хэрэг үү . Тун сүрхий ажиглаж байна. Товчны тухай ямар байдлаар үг өдөхийг хүлээнэ. Надад байгаа эсэхийг асуувал юу гэх вэ? Огт мэдэхгүй царай гарган өнгөрөөх үү. Нада товч байгааг хэн ч мэдэхгүй юм чинь. Аав мөнгөн товчоо надад өгнө гэж энэ хүнд хэлсэн байж уу, Авга ах лам яагаад энэ хүнийг орогнуулж байна. Монголын тагнуултай нүүр учирав бололтой. Аав улааны тагнуулын гар хөл нь байж байсан болж байна уу. Төрсөн эцэг минь ийм хүн байсан бол наран эзэн нууцгай чухал сургуульдаа намайг авч сурган, тэр албандаа яахан ажиллуулах билээ. Аавын захисан үг, бас ээжийн надад хэлсэн бүхэн одоо энэ болж буй явдлыг холбоод бодвол тун далд утгатай, тэгээд аймшигтай хэрэг болох нь дээ, яадаг билээ гэж бодож суутал
- Дүү минь элдэв нарийн юм бодох гэдэг нь зөв. Муу нуухаар сайн илчил гэдэг үг байдгийг сана. Алив ээ аавынхаа өгсөн товчийг гээд гараа тосоход Баатар тулгамдан далдирснаа юу ч бодож амжилгүй тэрлэгнийхээ суга руу гараа хийж гэнэт шар! Мөнгөн товч гарган ирэхдээ түүний гар үл мэдэг чичирхийлэхийг Чойжил мэдэв. Энэ ярианы үед авга ах лам далд хаалгаараа ороод алга болсныг Баатар сая ухаарав. Наран эзэн сургууль төгсөхөд гар буу өгч байснаа гэртээ чөлөөгөөр явахад нь хурааж аваагүй байсан бол түүнийг гаргаж ирэх л байсан байх.Буу өгөөгүй нь надад итгэдэггүйн хар гай юм болов уу? хэмээн бодож дараачийн болох учрлыг хүлээн хүлцэнгүй суув.
- Аав чинь таалал болсонд туйлын их харамсана. Амьд ахуйдаа чамд ирээдүйн сайн сайхан үйлсийн тухай эрх биш өгүүлж байсан байх. Тийм үү? Гэж Чойжилийг шуудхан асуухад Баатар юу гэж хариулах вэ гэсэн янзтай байснаа:
- Тийм гэж дуугарав.
Чойжил энэ үгийг сонсоод /Баатар, эцгийн захиас үгэнд гуйвалтгүй итгэж ээ. Үүнийг бүх байдлыг ажиглахад гаж буруу зан, эргэлзэх, сөргөсөн бодолгүй байв. Ингэхлээх аав чинь ямар хүн байв гэдгийг илэн далангүй ярьж өгөх нь зөв юм / гэж шийджээ.
- Аав чинь төрж өссөн өлгий нутаг, монгол сайхан эх орныхоо төлөө амь хайрлахгүй явж хувьсгалт засаг төр, ард олныхоо даалгаврыг найдвартай биелүүлж байсан Монголын нэгэн шударга иргэн билээ. Насан эцэс болтлоо эх орон, элгэн түмнээ хайрлах, хэзээ ч гандаж үзээгүй үнэнч нандин сэтгэлээрээ бидээтэйгээ цуг байсан цогтой хань нөхөр гэдгийг төрсөн хүү чи мэдэж авах нь бахархалтай хэрэг. Аав чинь ардын хувьсгал ялсны дараахан намайг бага байхад ариун хэргийн төлөө нутгаасаа энэ харь газар ирсэн юм. Японы харгис цэрэг тагнуулынхан гучаад оноос энэ нутгийг эзлэн ард олныг тонон дээрэмдэж үзэшгүй дарлал зовлонд унагаасан үе байсан. Тэд одоо эндээсээ манай Монгол Ард Улсыг дайран эзлэх зорилготой байгааг чи мэднэ. Манай улсыг японыхон юу гэж худал муучлан гүтгэж эндхийн монгол туургатны сэтгэл санааг үймүүлж байдагийг ч гадарлана байхаа. Танай тэр сургуулийн багш нар чинь ийм л зүйл их ярьдаг биз гэхэд Баатарын толгой дохихыг ажсан Чойжил:
- Эрхэм дүү чамайг аавынхаа ариун үйлсийг залгамжлана гэж итгэж байна. Эх болсон өлгий сайхан орон, ах дүүс төрөл төрөгсөд чинь чухам үүнийг хүсэж байгаа шүү. Бидний дайсан хэн бэ? гэдгийг зөв танин мэдэх нь чухал. Эх монгол гүрэн байгуулна. Наран улс Монгол хүн хоёр ах дүүгийн цусан барилдлагаатай гэдэг чинь шал хуурамч үг. Энэ чинь нэг нь нөгөөгөө довтлон алалцаж Япон завших гэсэн ёстой чонын муу санаа юм. Ингэхлээр тэд манай дайсан мөн. Дайсны эсрэг, төрөлх монгол эх орондоо заналхийлж буй аюулыг мэдэж арилгах сэргийлэхийн төлөө бидний ажил, зориг хүч маань чиглэнэ. Ингэхлээр бид хоёрт ярих юм мундахгүй их гэдгийг сонсож суусан Баатарт элдвийн зүйл бодогдох бөлгөө. /Нээрээ үнэн л юм. Аав ч яг ингэж хэлдэг байсан. Японыхон өөртөө таалагдаагүй хэнийг ч гэлээ цааш харуулдаг. Насанбатыг яалаа даа! Манай Өвөрмонголынхон яаж ч байлаа далай дахь давчуу арлын япон новшнуудад ямар хамаатай вэ гэснээс болж түүнийг алчихаад усанд үхсэн болгосон шүү дээ. Манай саахалт нутагтай Бат гуайг тэд цааш харуулчихаад тэд мориноос унаж үхсэн гээд цуу үг тараасан гэнэ лээ. Багш нар Гадаад монголын тухай ийм тийм гээд мөн ч их юм ярьдаг байсан. Ер нь худал заль байна гэдэг нь ил болдог доо. Монголоос оргож ирсэн гээд нэг хүнээр бидэнд гадаад Монголыг зөндөө муучилсан юм яриулж билээ. Гэтэл тэр нь гадаад Монголоос ирсэн биш зэргэлдээ хошууны өвөрлөгч хүн байсан нь мэдэгдэж доог тохуу болж өнгөрсөн билээ.
Надтай ярьж буй энэ хүн бол гадаад Монголоос ирсэн аавын надад битүүхэн хэлж байсан хүн мөн нь эргэлзээгүй. /Аврагч дээдэст танигдан хайрлагдвал асар холоос боловч өршөөн тэтгэдэг/ гэж аавын хэлсэн үгний учир ийм болъюу. Нэгэнт монгол нутгийн хөрсөн дээр энэ бие унаж, эзэн нь болж заяаснаас хойш төрсөн нутгийхаа төлөө, төрөл садангийхаа тусын тулд аавын хийх ёстой бүгдийг гүйцээх болно. Аав минь тийм л хүн байж. Би тийм л болъё. Япончууд энэ янзаараа бол мөд эндээс хөөгдөнө. Монгол туургатан хэн ч гэсэн тэдний муу залийг мэдээд далдуур үзэн яддаг болсон. Даанч ил гаргаж чадахгүй юм. Намайг Монгол улсын төлөө ажиллаж байна гэж япончууд зүүдлэх ч үгүй байх. Гэлээ ч нарангууд бидэнд хэзээ ч итгэхгүй, бас гараар минь могой бариулна, өөрсдөө араас хутга барина гэж муу санадаг болохоор болгоомж л чухал байх хэмээн бодож, Чойжил руу дөлгөөн харснаа.
- Ойлголоо. Аавыгаа ч хүндэтгэнэ, таныг ч хүндэтгэнэ, Эх нутгаа ч бодно. Аав миний нүдийг нээсэн болохоор таны үгнээс зөрөх учиргүй билээ. Хэн хэний маань үйлс бүтэмжтэй болоосой гэж бодож байна гээд инээмсэглэх нь Чойжилд ер бусын баярлах сэтгэл төрүүлжээ.
- Зөв ингэнэ гэж итгэж байсан юм. /Эх нутгийн төлөө ариун тэмцлээс өөр эрхэм нандин нэр төр байдаггүй/ гэдгийг аав чинь билэг хурц хүний хувиар сургаал өгүүлдэг байсан бизээ …. гэж Чойжилыг хэлэхэд
- Эх орноо нүдээр үзэж, аав ээжийнхээ төрөл садантай учран танилцах юмсан. Төрсөн нутаг ус минь энэ газар биш гэдгийг ааваасаа дуулсан тэр цагаас эхлэн миний эх орон тэнд бий гэж наран шингэх хойд зүгт харахад сэтгэл нэг л аятайхан болжбодол минь тэртээ алсад хулждаг болсон юм. Үнэнээ хэлэхэд би хил даваад нутаг руугаа оччихмоор санагддаг хэмээн Баатар догдолсон сэтгэлээ барьж ядсан мэт санаа алдав.
- Үүнийг буруу гэхгүй . Унасан газар угаасан ус бол хүнд нэг л заяадаг эх орон билээ. Чин үнэн хүсэл сэтгэлчлэн бүтэх ёстой. Тийм боломжийг эх орон чинь дээдийн ерөөлөөр өөрт чинь олгов гэж би бодож байна. Таны хүсэл биелэх цаг тун холгүй шүү гэдгийг батлан хэлье. Хий гэснийг эр цэргийн ёсоор гүйцэтгээд, эх орон хэзээ ир гэсэн үед жинхэнэ хүүгийн ёсоор очих нь дээр гэхэд
- Тийм ч тийм дээ гэж Баатар зөвшөөрөн өгүүлэв.

No comments:

: