Манай сонин “Эх орон сумаас эхэлнэ” булангаа нийтлэл хэлбэрээр уншигчдадаа хүргэдэг. Энэ удаад бид Увс аймгийн Зүүнхангай сумын тухай нутгийн уугуул, сэтгүүлч Г.Бадамсамбуутай ярилцсанаа толилуулж байна.
- Таныг Ханхөхийнх гэж мэдэх юм байна. Увс нутгийн цөөн тооны халхчууд. Ер нь ямар үүх түүхтэй хүмүүс вэ?
- Манай Ханхөхий их л сонин нутаг даа. Түүх, соёл, байгалийн хаа талаас давтагдаш гүй онцлогтой. Ханхөхийд одоо сууж буй хүмүүс элжгэн халхчууд. Гурван зуун жилийн өмнө Архангайгаас нүүдэллэж очсон гэдэг. Одоогийн Архангай, Хөвсгөл, Булганы заагаас нүүдэллэж очсон байгаа юм. Хуучны засаг хошуугаар нь яривал, Засагт ханы Ачит вангийн хошуу гэж байсан. Сайн эр, хурдан сайн морь, сайхан хүүхнээрээ алдартай нутаг. Вандан, Ламжав гээд хуучны алдартай бөхчүүд чинь энэ хошууных юм шүү дээ. Одоо ч сайн сайн бөхчүүд байж л байна. Улсын заан Ганболд, Ганбат гээд яривал нэлээд бий. Манай Ачит вангийн хошуунд Манжийн төрийн үед Манжийн эсрэг тэмцдэг сайн эрчүүд олон байсан гэдэг юм. Элжгэнүүдийн хувьд язгуурын том улсууд шүү дээ. “Монголын нууц товчоо”-нд элжгэний Аргусан хуурчи гэж гардаг даа. Манайхны угсаа гарвал эх сурвалжид тэмдэглэгдэн үлдсэн нь тэр. Биднийг Увсад болохоор халхчууд гээд, энд болохоор увсынхан гээд “гадуурхаад” байдаг тал бий шүү, их сонин.
- Танай Зүүнхангай сум, хуучнаар Лу гүний хошууныхан Чингисийн Төрийн их цагаан сүлдийг тахиж байсан хамгийн сүүлчийн овгийнхон гэж сонссон юм байна. Энэ ямар учиртай юм бол?
- Нүүдэллэж очихдоо XIII зууны цагаан сүлдийг авч очсон хүмүүс л дээ. Монголд Төрийн их цагаан сүлдийг авч үлдсэн цорын ганц овог. Энэ сүлдийг хадгалж ирсэн хүмүүс тугчин овгийнхон гэж одоо ч Зүүнхангайдаа нутаглаж байна. Эднийхэн Цагаан сүлдийг 1950-иад оны дундуур Улсын төв музейд өгсөн юм билээ. Сүлд цэнгүүлэх ёслол гэж эртний төрийн зан үйлийн уламжлалыг ганцхан энэ нутагт авч үлдсэн байдаг. Сүлдийг цэнгүүлэхэд өвч зэвсэглэсэн 18 морьтон тугаа авч явдаг байсан байгаа юм. Одоо улсын наадмаар цагаан сүлдийг цэнгэлдэх рүү авч явдаг шүү дээ. Энэ ёслолд тугаа эхлээд тугчин овгийн хүнээр хөндүүлж байж авч явдаг болгосон ч болохгүй гэх газаргүй.
- Та сая Манжийн үед сайн эрчүүд олонтой байсан гэлээ. Сайн эр гэснээс танай нутгаас төрж гарсан дээхнэ үеийн шилийн эр байна уу. Засагт ханы Цахиур Төмөр арай танайхаас гаралтай юм биш биз?
- Завханыхан өөрсдийгөө Засагт ханы хөх харчуул гэж их ярих болж. Үнэндээ бол Засагт ханы хөх харчуул гэдэг чинь манай Ачит вангийнхан байгаа юм. Ер нь их тэмцэгч хүмүүс байсан. Хошуу ноёд нь хүртэл энэ чанараараа түүхэн хэрэг явдалд оройлж байсан түүхтэй юм. Өнгөрсөн зууны эхээр гарч, түүхэнд Улиастайн 2000 цэргийн бослого гэж алдаршсан томоохон бослогыг Энхтайван хүнд гэж том түшмэл толгойлж байсан. То ван, Лу гүн хоёрыг аваад үзье л дээ, энэ хоёрыг монгол төрийн төлөө их юм хийсэн хүмүүс гэж үздэг. Ачит ван Гончигдамба, Зоригт ван Наваанцэрэн хоёр Ховдыг чөлөөлөх дайнд их гавьяа байгуулж байсан. Дараа нь Гончигдамба нь Дотоод яамны дэд сайдаар, Наваанцэрэн нь Баруун хязгаарыг тохинуулах сайдаар томилогдож байсан юм билээ.
- Танай нутгийн заан Ганболд Бөхийн холбооны удирдлагуудтай Бөхийн өргөөний талаар сүүлийн жилүүдэд нэлээд зарга үүсгээд байгаа. Энэ зүгээр ч нэг тохиолдлын хэрэг биш байх нь ээ?
- Тэгж хэлж болох байх аа. Манай нутгийнхны цусанд нь байдаг тэмцэгч чанар нь харагдаж байгаа хэрэг л дээ. Засагт ханы хөх харчууд юм юм хийдэг, ямар ч хэрэг явдалд оройлж байдаг хүмүүс. Хэрэг зарга шийдэхэд ч нэлээд рольтой байсан байна лээ. Засагт ханы “махан товъёг” гэж хочтой Буянжаргал тайж гэж байсан. Тэр үед хэрэг шийдүүлэх гэсэн хүмүүс энэ хүнээр л асуудлаа шийдүүлчих юмсан гэдэг, тэгээд заргаа аваад л буцдаг байсан гэнэ лээ. Хожим нь энэ хүн хошуу захирагч болсон. Нутгийнхан Буваа захирагч гэдэг, миний элэнц өвөг юм. Ер нь манай нутаг эрдэмтэн мэргэд ч олонтой. Шинэ үеийн Монголын гүн ухааны оройлогч их гүүш Академич Жүгдэр гуай гэхэд л манай сумын хүн. Наяад оны үед өөд болсон доо. Мөн техникийн ухааны доктор, академич Ч.Авдай гуай байна. Техникийн ухааны салбараас төрсөн ганц академич нь шүү дээ. Яриад байвал нэлээд олон байна аа, 20-иод эрдэмтэн байна.
- Зүүнхангай сум хурдан мориор хэр вэ?
- Хурдан мориороо алдартай шүү. Баруун нутагт хоёр л хурд эртнээсээ зартай байсаар ирсэн. Ханхөхийн хурд, Хотгойд хурд энэ хоёр угшил одоо ч улсын наадамд түрүү авч байна. Дээр үеэсээ алдартай, домог болон үлдсэн Лу гүний сайвар халтар гэж сайхан хурд байлаа. Богдын даншигт гурван удаа түрүүлж байсан гэдэг.
- Та “Аяллын цаг” нэвтрүүлгээрээ хаа сайгүй л явдаг хүн. Нутаг орондоо ойрхон очиж байна уу?
- Хүн болгонд нутаг нь сайхан байдаг. Манай Ханхөхийг харах гэж зорьж очдог хүмүүс олон. Байгалийнхаа талаас бүр онцгой сонин үзэсгэлэнтэй. Алтан бүштаг уул, Алтан бургас, Тост Доонын уулс гээд Ханхөхийн нурууг бүрдүүлж байдаг үнэхээр үзэсгэлэнтэй уулс байна. Тэр дотор миний төрж өссөн Баясгалангийн нуруу, Баруун Дооны уулс, Хавтгайн гол, Таван цонж гээд гайхамшигтай үзэсгэлэнтэй газрууд бий. Цонж гэж их сонин тогтоцтой үргэлжилсэн урт ханан цохио байна. Зөвхөн энэ Цонж гэхэд л Таван цонж, Оройн цонж, Хаалга цонж, Олигор цонж гэхчилэн таван янзын хадан цохио байх жишээтэй. Жуулчид энд их ирнэ ээ. Гадныхан Цонжийн цохиог гайхан биширдэг. 40, 50 метр өндөр цохионууд. Ан амьтан араатан жигүүртэн, ургамал ногоо тэгш дүүрэн, төгс нутаг даа, манай нутаг. Болж л өгвөл Ханхөхийдөө очмоор санагддаг. Ар халхын дунд диваажин гэж эртний сударт тэмдэглэсэн байдаг юм гэсэн. Монголоос Түвдэд бурхны шашин номд суралцахаар очсон шавь нартаа тэндхийн том том лам нар гурван зүйлийг л захидаг байсан гэнэ лээ. Ханхөхийн нуруунд ургадаг “Уушиг дуурахын барагшин”, “Хүнхийн гиван”, “Шархны шар цэцэг” энэ гурвыг Түвдийн мэргэд их л аминчлан захидаг байсан гэдэг юм. Ховор эмийн ургамал юм шиг байна лээ.
- Ханхөхийгөөс “Аяллын цаг”-аар хэдэн нэвтрүүлэг хийв. Нэлээд олон нэвтрүүлэг гарна биз?
- Дөрвөн нэвтрүүлэг хийсэн юм байна.
- Ханхөхийн нуруу яг хэдэн километр урт бол?
- Урт нь 200 шахам километр юм уу даа. Монголын хамгийн баруун тийш түрж орсон уулс. Хэрвээ Ханхөхий байгаагүй бол Увс нуурын хотгорын цөл маш ихээр түрж байгаль цаг уурын хувьд асар хүнд нөхцөл үүсэх байсан байх. Тиймээс энэ бол бүс нутгийн цаг уур, байгалийн бүс бүслүүрийн тэнцвэрийг барьж байдаг тийм онцгой тогтоц юм даа.
- Энэ нутгийн тухай сонин содон домог яриа ер нь цөөнгүй бий биз?
- Янз бүрийн домог бий. Гэхдээ нэг сонин зүйл ярихад, Эртний их далай тэнгисийн дундаас Ханхөхийн нуруу өргөгдөж гарч ирснээр Увс нуур, Хяргас нуур хоёрыг заагласан гэдэг. Эрдэмтэд ингэж үздэг юм билээ.
- Зүүнхангай суманд үндсэндээ элжгэн халхчууд л амьдардаг уу?
- Элжгэнүүдээс гадна баядууд амьдардаг. Гэр нь гэхэд их сонин шүү дээ. Хөх хаяавчтай, хар хошлонтой байдаг. Энэ ямар учиртайв гэхээр, халхын хаяаг манаж байна гэсэн утгатай гэсэн. Баруун талаараа баядуудаас, хойд талаараа тувачуудаас хамгаалдаг гэж эртнээс үздэг юм билээ.
- Одоо ч гэсэн хаяавч нь заавал хөх байх уу?
- Одоо ч хэвээрээ. Зарим нэг зүйл өөрчлөгдсөн ч ер нь голдуу хөх хаяавчтай шүү.
- Ханхөхийг маш сүрлэг уулс гэдгийг бараг л сургаар нь мэдэх төдий юм, бид. Тахиж тайдаг заншил байна уу?
- Бүр эрт үед л төрийн тахилгатай байсан юм билээ. Одоо бол тийм заншил байхгүй. Дээр нь, Отгонтэнгэр, Бурхан халдун, Богд хан гурав эртний уламжлалтай төрийн тахилгатай уулс. Харин сүүлийн үед нутаг орон болгон л өөрийнхөө уулыг хөөцөлдөж байгаад төрийн тахилгатай болгочихдог болж. Алтанхөхий, Алтан-Овоог тахидаг болсон байна лээ. Одоо Өмнөговийнхон Говь гурван сайханаа, Архангайнхан Суварга хайрханаа төрийн тахилгатай болгохоор Ерөнхийлөгчид санал оруулаад байгаа сураг сонсдсон.
- Уул усаа тайж тахина гэдэг угтаа хайрлаж хамгаалах зорилго цаана нь бий шиг байгаа юм. Ханхөхийн ой, ан амьтан, баялаг нь одоо хэр байгаа бол?
- Ойн нөөц нь социализмын үед нэлээд багассан. Тэр үед баруун гурван аймгийн модны хэрэгцээг зөвхөн Ханхөхийгөөс хангадаг байлаа шүү дээ. Одоо бол тэр хавийн нутгийнхан түлшээ тэндээс татаж байна. Ан амьтан нь ч их цөөрсөн дөө. Би Завханд сурвалжлагаар явж байхдаа Ханхөхийн нуруунд хэрхэн ан хийж, бугын эвэрт явсан адал явдлаа нэг хүн ярьж байгаатай хүртэл тааралдаж байсан.
- Ой мод нь хэр хугацаанд нөхөн төлжих бол?
- Голдуу хар модон болон шинэс ой болохоор нөхөн төлжихөд наад зах нь 30-40 жил болж байж дөнгөж зулзаган ой гарна. Тэгэхээр бүрэн гүйцэд нөхөн төлжихөд бараг 100-гаад жил болно гэсэн үг шүү дээ.

Н.Пагма
No comments:
Post a Comment