Tuesday, March 17, 2009

Б.Ринчин: Ардынхаа хөгжмийн баялгийг хэрэглэе


Урлагийн хэрэг эрхлэх хорооноос нэлээд олон жилийн турш манай оркестр ансамблиудыг хангаж байгаа хөгжмийн зүйлийг үзвэл монголчууд морин хуураас өөр хөгжмийн зэмсэггүй юм болов уу гэж санамаар байдаг. Гэтэл бичиг түүх сөхөөд үзвэл үлээдэг, хуурддаг, цохидог ямар олон янзын хөгжмийн зэмсэг манайхан урьд хэрэглэж байсан юм бэ гэж гайхмаар байна. Наад зах нь хуучин монгол толь бичгээс хөгжмийн зэмсгийн зүйл гэдэг зүйл ангийг сөхөөд үзвэл монголчууд хөгжмийн талаар нэлээд юмтай байсан нь илэрхий үзэгдэнэ. Тэр хөгжмийн зэмсгийн зарим нь хэлбэр байдлаар ч маш сонин зүйл бий. Одоо үед мартагдаад байгаа хөгжмийн зэмсгийн зарим нэг нь орон нутгаар хааяа үзэгддэг боловч манай хөгжим найруулагч, хөгжмийн онолч нар түүнийг өөд татан хөгжүүлэхийг төдий л оролддоггүйгээс мэддэг хүн улам л цөөрөн ховор болж байгаа хэрэг. Ардын дуу хөгжмийг сайн судалж үг аяыг нь нот үсгээр нарийн тэмдэглэдэггүй дээрээс театрын зарим дуучид хүн бүхний мэддэг ардын их дуртай сайхан дууны аялгууг хүртэл шал хамаагүй өөрчлөн дуулж ардын дуу аяны чанарыг алдагдуулж сонсогчдын сонирхлыг бууруулдаг явдал ч үзэгддэг шүү дээ.

Манжийн байлдан дагуулагч нарт талхигдуулж, шашны шар феодалуудад хавчигдаж байх цаг үед манай соёлын сайхан өв балрахад хүрснийг бид мэдэж байна. Лам нар шашны нөлөөг их болгох гэж ардын зарим хөгжмийн зэмсгийг шүтлэгийн зүйлд хэрэглэснийг бид бас мэднэ. Одоо бид ардынхаа хөгжмийн өв уламжлалыг яаж цааш нь чадамгай сайхнаар ашиглах вэ гэдгийг чухалчлан яриуштай байна.

Манай оркестр, ансамлийг улам яруу сайхан болгох хуурдах хөгжмийн зүйлээс нэгийг ч гэсэн дурдвал, жишээ нь шанаган хуур гэж аятайхан юм бий. Xөгжмийн аялгууг цуурайтуулах хайрцаг нь шанаганы хэлбэртэй тэр хуурт заримдаа тэр хайрцгийн нэг хэсгийг аварга могойн арьсаар бүрж түүний доргиогоор хөг дууг нь нэмэгдүүлдэг шанаган хуур байжээ. Чавхдан цохидог хөгжмийн зэмсэг дотроос бийвалиг гэж байдал дүрс сонин сайхан, олон янзын хэлбэртэй хөгжмийн зүйл бий. Бас ховис гэж нэг сонин хөгжмийн зэмсэг бий. Доод тал нь шанз шиг могойн арьсан бүрээстэй, түүгээрээ дуунд нь чадал ордог хөгжим байжээ. Ховис гэдэг нь эртний монгол хэлээр кобис гэж байсан үг. Украины хэлэнд тэр үг нь одоо кобза гэж нэгэн зүйл хөгжмийн зэмсгийн нэр болсон билээ. Монголчууд бас цохидог хөгжмийн зүйлээс янз бүрийн харанга, хэнгэрэг, хэц зэргийг хэрэглэж байсан нь хэлбэр маяг, дуу аялгуу нь сонин, олон янз байсан нь бүжиг зэргийн зүйлд их чимэг оруулдаг, бас хөдөлгөөнийх нь байдалд зохицдог байсан билээ. Дударам гэж зузаан нимгэн, жижигхэн цан шиг юмаар бүрдсэн нэгэн зүйлийн хөгжим, европчуудын "модон хуур" шиг янз бүрийн аялгуу оруулах сонин хөгжмийн зэмсэг байлаа. Урлагийн хэрэг эрхлэх хороо энэ олон янзын сайхан хөгжмийн зүйлийг одоо сэргээн хэрэглэж үзвэл таарах юм биш үү? Үлгэр жишээ авъя гэвэл ардынхаа соёлын өвийг гайхамшигтай сайхнаар сэргээн хэрэглэж байгаа Хятадын ардын оркестроос ч жишээ санаа авч бодвол, монгол ардын хөгжмийн сайхан оркестр байгуулах нөхцөл бололцоо байна шүү дээ. Урлагийн хэрэг эрхлэх хороо бас ардын болон эртний дуу хөгжмийг судлан тэмдэглэж улмаар хөгжүүлэн бадруулах цаг аль хэдийн болоод байна. Энэ талаар сайхан дууч хөгжимч хүн манай ард түмний дунд байгаа тул тэднийг олж гарамгай авьяасыг нь улмаар хөгжүүлэх хэрэгтэй. Урьд монголчууд кеманча, дутар, сааз гэх зэргийн хөгжмийн зэмсгийг ч мэддэг байсан. Түүнийг одоо ЗХУ-д гайхалтай сайхнаар боловсруулж тусгайлан ардын үндэсний хөгжмийн зэмсэг хийдэг фабрикт өдий төдийгөөр хийдэг боллоо. Түүнээс захиж хэрглэвэл, наанадаж дундад Азийн хөгжмийн уламжлалыг хадгалсаар байгаа манай Баян-Өлгийнхэнд ч хэрэгтэй юм биш үү?

Үнэн, 1956.1.14

No comments:

: