Sunday, March 29, 2009

“МОНГОЛД ХОЁР ЗАСАГ БАЙНА, ҮҮНИЙ НЭГ ЛАМ НАРЫН ЗАСАГЛАЛАА УСТГА”


Оны дундуур ОХУ-ын АХЯ-ны бүртгэл- фондын хэлтсийн удирдла гуудтай ажил төрлийн уулзалт хийгээд ирсэн Улсын аюудгүй байдлыг хангах ерөнхий газрын архив бүртгэлийн албаны дарга, хурандаа Я. Батсуурьтай ажил төрлөө цэгцэлж “амсхийснийх нь” дараа уулзаж ярилцсанаа уншигч олонтойгоо хуваалцаж байна. Түүнээс юуны өмнө явсан зорилгыг нь сонирхов.
Товчхон хэлэхэд 1930-1940 онд ЗХУ /хуучин нэрээр/ -д аваачиж шийтгэсэн БНМАУ-ын төр, засаг болон Дотоод явдлын яам, Цэргийн яамны удирдах хүмүүсийн хэрэгтэй биечлэн танилцах, шаардлагатай материалыг хуулбарлан авчрах зорилготой явсан юм. Явсан хэрэг сэтгэлчлэн бүтсэнийг зориуд тэмдэглэх хэрэгтэй. Ардчилал, шинэчлэлийн салхи нөлөөлж, улмаар тус улсад суугаа ОХУ-ын ЭСЯ-ны зарим ажилтан, ОХУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-ны нөхөд зуучилж гүн туслалцаа үзүүлснийг талархалтайгаар тэмдэглэж байна. ОХУ-ын АХЯ-ны удирдлага, бүртгэл-фондын хэлтсийн ажилтнууд чин сэтгэлээс анхаарч, бололцоотой бүх тус дэмжлэг үзүүллээ гэж би ойлгосон. УАХЯ-ны архивын материалууд тэр бүр ил тод болоогүй, хэлмэгдэгсдийн эрүүгийн хэргийн материалыг зөвхөн хэлмэгдсэн хүнд нь буюу гэр бүлийнхэнд нь үзүүлж буй гэж тайлбарласан боловч ажлын явцад манай талын хүсэлт, эрмэлзлэлийг сайн ойлгож, миний биеийг яамныхаа архивт тухтай сууж, зохих материал үзэж, хуулбарлаж авахыг зөвшөөрсөн юм.
Та оросын холбооны аюулаас хамгаалах байгууллагын архивт Монгол улсын иргэн хэн хэний эрүүгийн хэргийн материалтай танилцав?
БНМАУ-ын ерөнхий сайд агсан А.Амар, П.Гэндэн, Улсын Бага хурлын дарга агсан До.Догсом, түүний орлогч Д.Лосол, МАХН-ын ТХ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга агсан Д.Лувсаншарав, МАХН-ын ТХ-ны нарийн бичгийн дарга агсан З.Шижээ, Ө.Бадрах, БНМАУ-ын төрийн яамны сайд агсан Р.Мэнд, Д.Шагдаржав, Б.Эрдэнэ, З.Пүрэвдорж, Г.Даншийцоодол, С.Галиндэв, С.Довчин, ДЯЯ-ны орлогч сайд агсан Насантогтох, Ж.Дэжид-Осор, Г.Хас-очир, хэлтсийн дарга агсан Ж.Баясгалан, Ч.Батсүх болон ДЯЯ-нд ажиллаж байгаад баригдаж ЗХУ-д хүргэгдэж шийтгэгдсэн хүмүүс, тэрчлэн Цэргийн яамны орлогч сайд агсан Ц.Лувсандоной, Г.Дамба, улс төрийн дарга асан Б.Намжил, газрын дарга С.Алтангэрэл нарын 60 шахам хүний эрүүгийн хэрэгтэй биечлэн танилцаж, тэднийг баривчилсан байдал, эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол, мэдүүлэг, ялын төлөвлөгөө, шүүх хурлын протокол, гаргасан дүгнэлт, хориглож байсан гэрэл зургийг хуулбарлаж авлаа. Энэ бүхнийг валют төлсний үндсэн дээр авах архивын журамтай боловч Оросын Холбооны аюулаас хамгаалахын яамны нөхөд манай талаас ганц улаан мөнгө ч аваагүй.
Архивын шарласан хуудсууд танд юу өгүүлэв?
БНМАУ-ын төр засаг, ДЯЯ, Цэргийн яамны удирдах албан тушаалтнуудыг 1937 оны 6, 7 дугаар сард баривчилж Чита хотноо аваачиж, 1-2 сарын хугацаатай мөрдөн байцаалт явуулсны эцэст мөн оны найм, есдүгээр сард Москва хотод хүргэж, мөрдөн байцаажээ. Баривчлагдсан монгол иргэдэд “хувьсгалын эсэргүү”, “Панмонгол”-ын үндсэрхэг байгууллагын идэвхитэй гишүүд, удирдагч, монгол-зөвлөлтийн нөхөрсөг харилцааг салгаж, Монголын ардын хувьсгалыг устгахын тулд Японы дэмжлэг туслалцаанд тулгуурлаж, хамтран ажилласан гэж РСФСР-ийн эрүүгийн хуулийн 58-ын 1, 2, 7, 11 дүгээр зүйл ангиар ял оноож шийтгэжээ. Дээрх монгол иргэд Читад байх анхны үедээ хэргээ хүлээгээгүй байна. Гэвч нэн хэрцгийгээр тамлан зовоож, зодож, занчиж, нойр хоолгүй байцааж, сэтгэл санааны хүнд дарамтанд оруулсны эцэст арга буюу тэд улс төрийн хилс хэргийг хүлээсэн мэдүүлэг өгсөн нь танилцсан материалаас илт байлаа. Энэ бүхнийг Читаас эхэлж Москвад хэрэг шалгаж дуустал монгол иргэдийн мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд биечлэн оролцож, монгол хэлний орчуулагчаар ажилласан буриад Базар Чимитович Балданогийн 1956 онд өгсөн мэдүүлэг, хилс хэрэгт мөрдөгдөж шийтгэгдсэн Хилийн цэргийн дарга агсан Б.Балжинням, ДЯЯ-ны хэлтсийн дарга агсан Г.Цэндсүрэн, Ч.Дамба, Г.Галсанпунцаг нарын зэрэг иргэдээс Москвад хүргэгдэж очсоныхоо дараа оросын мөрдөн байцаагч НКВД /Дотоод хэргийн ардын комиссариатын газар/ -ийн удирдлагад өөрсдийн гараар бичиж өгсөн мэдүүлэг, өргөдөл, хүсэлт зэрэг нь эдүгээ хууль ёсны гэрчлэх баримт болж байна. 1956 оны 9-р сарын 22-нд ЗХУ-ын Цэргийн ерөнхий прокурорын хэлтсийн ажилтан, шүүх зүйн дэд хурандаа Арсеньев, хошууч Лебедев нар орчуулагч Б.Ч.Балданог байцаажээ.
Тэрбээр 1956 онд өгсөн мэдүүлэгтээ, Намайг 1939 оны 6-р сард Чита мужийн НКВД-ийн газрын дарга Куприн дуудаж хувьсгалын эсэргүү хэрэгт баривчлагдсан монгол иргэдийг мөрдөн байцаах хэсэгт орж, орчуулагчаар нэн даруй ажиллагэж тушаасан. Мөрдөн байцаалтын ажилд орон нутгийн НКВД-ийн ажилтнууд татагдаж оролцсон. Мөрдөн байцаах хэсгийн дарга нь Наседкин, Мозулевский, Арсенович нар байсан. Хэрэгтнүүд хэрэг хүлээхгүй болохоор Очиров, Шагдарон, Бадмаин нар тэднийг хашгирч сүрдүүлдэг байсан. Мозулевский Балжиннямыг резинэн бороохойгоор жанчиж, дээлийг нь навсайтал 3 удаа зодсон. Гуравдахь өдрөө Балжинням хэргээ хүлээсэн. Мал аж ахуй, газар тариалангийн яамны сайд Пүрэвдоржийг байцаахад би байсан. Балжиннямыг Лувсаншаравтай нүүрэлдүүлэхийг би харсан. Лувсаншарав Балжиннямыг илчлэх гэхэд цаадах нь огт хүлээгээгүй. Монголчуудыг харгислан зодож, жанчсаны эцэст тэд аргагүйн эрхэнд хэргээ хүлээдэг юм гэж Очиров, Бадмаин нарын ярьж байхыг сонссон. Бадмаин ийм байдалд их дургүйцэж байсан. Хожим тэр Москвад хорлогдсон. Баривчлагдсан монголчуудыг 1939 оны 7-р сард 2 удаагийн цуваагаар москвад хүргэсэн. Би Москвад бараг бүх монгол хүнийг мөрдөн байцаах ажиллагаанд орчуулагчаар оролцсон. Янз бүрийн цаг үед Очиров, Бадмаев, Бадмаин, Боярский зэрэг мөрдөн байцаагч голлож байцаасан. Элдэв арга хэрэглэдэг байсан. Зодох, хоолоор хясах, карцерт хийх зэргээр. Чекригын Арсенович, Седов, Хват, Наседкин нар Читад байхад монголчуудыг их зоддог байсан. Харин Полянский, Марков, Намрцев, Притоманов, Чермонебов нар зоддоггүй байсан юм. Амарыг хууль бус мөрдөн байцаалтын аргаар зовоосон. Читад Тээвэр худалдааны яамны сайд Рэнцэнмэнд “Гадаадын ажилчин” хэмээх хэвлэлийн газар ажилладаг байсан Өлзийтогтох, МАХН-ын ТХ-ны нарийн бичгийн дарга Шижээ, Бага Хурлын орлогч дарга Лосол, Монголын ардын армийн орлогч жанжин Лувсандоной, МАХН-ын ТХ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Лувсаншарав, Бага хурлын дарга Догсом, Шүүх яамны Даншийцоодол, Худалдааны сайд Шагдаржав, ДЯЯ-ны ажилтан Баясгалан нарыг зодсон. Москвад Лувсаншарав, Насантогтох хоёрыг их зодсон. Мөрдөн байцаалтын протоколд сүүлд нь хэрэгтнүүдээр гарын үсэг зуруулдаг байсан юм. Айлган сүрдүүлж хэлж тулган бичүүлдэг байсан. БНМАУ-ын ДЯЯ-ны зөвлөх байсан Скоков, Мальков нар зориуд монголоос ирж, мөрдөн байцаалтын ажилд оролцдог байсан юм. Монголд буй хүмүүсийн талаар Амараас мэдүүлэг авахаар тэд ирж байсан. 1940 оны зун мөрдөн байцаах ажил дууссан боловч 1941 оны зун хүртэл үргэлжилсэн. 1941 оны 8-р сард монголчуудын хэргийг ЗХУ-ын Дээд Шүүхийн Цэргийн коллеги шүүн тасалсан. Амар хэрэг хүлээгээгүй, эцэст нь хууль бус мөрдөн байцаалтын арга хэрэглэж хэргийг хүлээлгэсэн. Насантогтох, Өлзийбадрах хоёр шүүх хурлын ажиллагаанд биечлэн оролцсон. ЗХУ-аас тусгаар, бие даасан Монгол улс байгуулах бодолтой гэж хэлж байсан. Тэгээд буудах ял авсан. Бусад шүүн таслах хурал тэгсхийгээд хуралдсан болоод өнгөрсөн. Лефортовскийн шоронд болсон. Шүүх хуралд Амар, Лувсаншарав нар огт оролцоогүй бодогддог. Шүүх хурлынхан хоол ундтай, архи, дарстай сүрхий хангалуун байсан. Орчуулагч Ульрих намайг орж хооллохыг урьсан боловч би дарга нарын зиндаанд оролцоогүй гэж мэдүүлжээ.
Улс төрийн хилс хэрэгт шийтгэгдсэн БНМАУ-ын төр, засаг болон ДЯЯ, цэргийн яамны удирдах ажилтны ихэнх нь шүүх хурал дээр өөргт нь тулгасан улс төрийн гэмт хэргийг хүлээгээгүй байна. Тэд шүүх хурал дээр “... хувьсгалын эсэргүү панмонголын үндсэрхэг байгууллагын идэвхтэй гишүүн, монголын ардын хувьсгалыг устгахын тулд японы тагнуулын байгууллагын дэмжлэг авч, холбоотой ажиллаж байгаагүй” гээд мөрдөн байцаалтын үед аливаа шахалт, гарцаагүй тулгасан хүнд байдлын дор мөрдөн байцаагчийн юу гэж хэлэх хүсэлтийн дагуу мэдүүлэг өгсөн гэдгээ хэлжээ. Гэвч шүүх хурал хэргийг дахин нягтлан шалгаж үзээгүй бөгөөд шуудхан ял оноосон нь шүүх хурлын протоколоос тодорхой байна. Ийнхүү 1941 оны зун шүүн таслах ажиллагааг явуулж, мөн сарын 26-30-ны хооронд цаазаар авах ялыг гүйцэтгэсэн байна.Манай иргэд Москва хотын Лефортовскийн шоронд хоригдож, хоол, ундны хангамж, эрүүл ахуйн нөхцөл муу байсан учраас уушиг, тэжээлийн хомсдлоор олон хүн өвчилжээ. Өвчлөгсдийг Бутырскийн шоронгийн эмнэлэгт шилжүүлэн хэвтүүлжээ. Гэвч шүүх хурлаас өмнө долоон хүн шоронгийн эмнэлэгт нас баржээ. Цаазлагдсан хүмүүсийн чандар, шарилыг хэрхсэн нь эдүгээ хүртэл тогтоогдоогүй, цаашид ч найдлага муутай байна. Оросын авулаас хамгаалах байгууллагын ажилтнууд судалгааг үргэлжлүүлж байна. Улс төрийн хилс хэрэгт баривчлагдаж мөрдөгдсөн монгол улсын иргэдээс Цэргийн яамны хэлтсийн дарга Ц.Очирбат, шийтгэгдээгүй суллагдсан Б.Эрдэнэ, С.Доржбарга, Э.Дорж, Ж.Цэвээн, М.Гомбожав, Д.Дорж, Д.Цэдэн-Иш /Гочитский/ нарын долоон хүнд 5-10 жилийн ял оноож, үлдсэн бусад хүнд буудан алах ял оноож гүйцэтгэжээ. Хорих ялаар шийтгэгдсэн дээрх долоон хүн ялаа эдэлж байхдаа янз бүрийн хорих лагерьт нас баржээ. Манай архиваас нэр гаргаж ЗХУ-д шүүгдсэн гэсэн иргэдээс ДЯЯ-ны хэлтсийн дарга агсан М.Лувсан-Ёндон, хэлтсийн орлогч дарга агсан Б.Хаймчиг, хэлтсийн дарга агсан Б.Ишдорж, Улёын прокурор агсан Н.Борхүү, цэргийн академийн сонсогч агсан Д.Гончиг, М.Төмөрдаш нарын эрүүгийн хэргийн материал олдоогүй учир цаашид эрж олох судалгааг үргэлжлүүлэхээр болов.
Манай улсын архиваас нэр гараагүй монгол иргэдийн эрүүгийн хэргийн материал тааралдав уу?
Өмнө нь бидэнд огт мэдэгдээгүй Багшийн сургуулийн багш агсан Д.Буддорж, Цэргийн яамны газрын дарга агсан Г.Найдан, Л.Гонжав, ДЯЯ-ны тасгийн дарга агсан Н.Гүррагчаа, ДЯЯ-ны хэлтсийн орлогч дарга агсан Д.Цэнд, Цэргийн яамны тагнуулын газрын ажилтан З.Өлзийбаяр, Дарьгангын хилийн отрядын пунктын дарга агсан Б.Чимиг. ДЯЯ-ны комендат агсан Л.Сэрээтэр нарын эрүүгийн хэргийг олж үзлээ.
НКВД-ийн мөрдөн байцаагчдаас шударга үнэний төлөө санаа тавьж байсан ганц боловч хүн байх юм уу?
Ой мод урттай, богинотой, олон хүн сайнтай муутай гэдэг үнэн юм. НКВД-ийн ажилтан Бүх Оросын Комунист /Большевикуудын/ намын гишүүн Васильев,орлогч гишүүн Дроботин,комсомолын гишүүн Морозов нар ЗХУ-н Дотоод Хэргийн Ардын Комиссариатын газрын удирдлагад рапорт бичиж, монголчуудыг хууль бусаар мөрдөн байцааж, мөрдөн байцаалтын протоколыг журмын дагуу гүйцэтгэхгүй, нэгэн хэв маягаар дур мэдэн бүрдүүлж, өнгөрсөн хойно гарын үсэг зуруулах зэргээр дураар аашилж, хууль зөрчиж байгаа тухай тодорхой мөрдөн байцаагчдын нэр дурьдаад даруй шалгаж арга хэмжээ авахыг санал болгосон байх юм. Уг рапорт дээр Л.П.Берия өөрийн гараар Дотоод хэргийн ардын комиссариатын орлогч дарга Меркулов, Бочков нар “нарийвчлан шалгаж, үр дүнг илтгэ” гэж 1938 оны аравдугаар сарын 27-нд цохолт хийжээ. Үүний дагуу хирэндээ шалгалт хйиж үр дүнг нь Меркулов БЕрияд илтгэхдээ, шалгалтаар дээрх дутагдал илэрснийг дурдаад, төв аппаратын ажилтнууд өөрсдөө мөрдөн байцаалтын ажлыг хууль бусар гуйвуулсныг тэмдэглэж, НКВД-ийн мөрдөн байцаах хэсгийн орлогч дарга Наседкин, Арсенович, Либензон, Хват, Мочалов нарын хууль зөрчсөн үйл ажиллагааг илчилснээ илтгэжээ.
Хэлмэгдэл завхарл гарах болсон шалтгааны талаар танд юу ажиглагдав?
Энэ талаар холбогдолтой материалтай танилцсан. Тухайлбал, 1937 оны есдүгээр сарын 10-нд Монголд хүрэлцэн ирж “Заговор”, “Хуйвалдаан” хэмээх улс төрийн хувьсгалын эсэргүү бүлгийн хэрэгт холбогдсон гэх 115 монгол иргэнийг ДЯЯ-нд гардуулан өгч, “Их баривчилгаа” гэгчийг эхлүүлж “Онцгой бүрэн эрхт комисс” гэгчийг байгуулах ажлыг гардан зохион байгуулсан НКВД-ийн дэд дарга, Фриновскийн тодорхойлолттой танилцлаа. Тэрвээр тодорхойлолтдоо: “Би ЗХУ-ын коммунист /большевикуудын / НТХ-ны даалгавараар 1937 оны наймдугаар сард МОнголд очиж зөвлөлтийн цэргийг оруулж байрлуулах, Монголын дотоодод буй хуйвалдааныг бутцохих үүргийг Ежовоос хүлээн авч БХЯ-ны дэд сайд Смирнов, Монголд шинээр томилогдсон бүрэн эрхт төлөөлөгч Мировнов нарын хамт Монголд очсон. Уг үүргийг биелүүлэхэд юуны түрүүн монголын лам нарыг баривчлах ажлыг өрнүүлж 7-8 мянган хүнийг баривчлуулсан бөгөөд уг ажлыг цааш нь М.И.Голубчик /1936-1938 онд ДЯЯ-ны ерөнхий зөвлөх байсан / үргэлжлүүлж, 25 мянгад хүргэсэн юм” гэжээ. Түүнчлэн Фриновский хэлэхдээ, “Их баривчилгааг Х.Чойбалсан хүлээн зөвшөөрч, түүний гарт бүх удирдлагыг төвлөрүүлсэн бөгөөд харин Ерөнхий сайд Амар эрс татгалзан, эсэргүүцэж байлаа” гэжээ. 1936-1938 онд ЗХУ-аас БНМАУ-д сууж байсан ЭСЯ-ны зөвлөх өгсөн А.С.Скрипко мэдүүлэгтээ: “Монголд гэм зэмгүй олон хүнийг хууль бус аргаар мөрдөн байцаааж, эрүүгийн гэмт хэргийг зохиомлоор бий болгох ажлыг Монголын ДЯЯ-нд ажиллаж байсан НКВД-ийн зөвлөх, сургагч-мэргэжилтнүүд удирдан, монголын ДЯЯ-ны ажилтнуудын гараар үйлдүүлж, төр, засгийн удирдах зүтгэлтэн Лувсаншарав, Амар, Чойбалсан нараар зөвшөөрүүлж, хийлгэсэн юм” гэжээ.
Тэрвээр цааш нь “НКВД-ийн зарим сургагчдын санаачилгаар Монголын төр, засаг, цэргийн болон энгийн байгууллагад зсэн бүрийн “хуйвалдагчид”-ыг илрүүлэх ажлыг хувийн эрх ашгийн үүднээс ч хийж байсан юм” гэжээ. Энэчлэн 1936-1940 онд ДЯЯ-нд НКВД-ийн зөвлөх сургагчаар ажиллаж байсан М.И.Голубчик, М.П.Чопяк, Л.Б.Ничиков, Ф.С.Ситиков, А.В.Сигаев, В.А.Авилов, В.Л. Светлов болон бүрэн эрхт элчин сайд байсан С.Н.Миронов нараас баривчлагдаж мөрдөгдөж байсан монгол иргэдийн талаар тэдний өгсөн мэдүүлэгтэй танилцаж хуулбар авлаа.
Танилцсан материалаас үзэхэд 1930-19740 онд Монгол улсад гарсан хэлмэгдлийг тэр үеийн ЗХУ-ын Коммунист Нам, И.В.Сталин, НКВД-ийн шууд чиглэл, удирдамж , зааврын дагуу явуулжээ. 1936 онд Сталины тавьсан “Монголд хоёр засан байна, үүнийг нэг лам нарын засаглалаа устга” гэсэн шаардлагыг хүчээр биелүүлэх, түүнчлэн монгол, буриад, өвөрмонголын зарим сэхээтний дотор буй Монгол улсаа нэгтгэх гэсэн үзэл бодлыг дарахын тулд гадаадын тусгай албадын үйл ажиллагаатай хуурамчаар холбож, улс төрийн “хувьсгалын эсэргүү” хэрэг гэгчийг зохиомлоор буй болгож, улс орны бүх давхаргыг хамруулан, өөрсдөдөө тааламжгүй болгоныг устгах, залхаан цээрлүүлэх бодлого баримталсан нь илт байна.
Нөгөөтэйгүүр 1939 оны зун манай улс төр, засаг улс орныг удирдан чиглүүлж байсан намын удирдагчид яахлаараа ДЯЯ, Цэргийн яамны гол удирдлагыг ЗХУ-д аваачиж шийтгэх болов оо? Гэсэн асуултад хариу олохын тулд нэлээд зүйл үзэж энэ талаар ярилцлаа.
Харамсалтай нь тодорхой шалтгааныг дэлгэн тавьсан материал олдсонгүй. Харин завхралыг гардан чиглүүлж хийлгэсэн НКВД-ийн монгол ажиллаж байсан хүмүүсийн мэдүүлэг, тодорхойлолтод “хэлмэгдүүлэлтийг тэр үеийн монголын нам, засгийн удирдах хүмүүсээр зөвшөөрүүлж, ДЯЯ-ны ажилтнуудаар гардан хийлгэсэн” гэдэг нь нэгийг бодогдуулж, гэм зэмгүй олон хүнийг хэлмэгдүүлэхэд оролцсон төр, засаг, дотоод явдлын яамны гол удирдлагыг зайлуулж, нүглийг нүглээр арилгах гэсэн юм биш байгаа гэсэн сэжиглэл аяндаа төрж байна. ЗХУ-д хэлмэгдсэн монгол иргэдийн олонх нь шүүн таслах хурал дээр гэмгүй олн хүнийг хэлмэгдүүлсэндээ буруутай, харин хувьсгалын эмэргүү байгууллага гэгчийн үйл ажиллагаанд оролцож байгаагүй” гэж хэлсэн нь судалж тогтоох ёстой зүйл юм.
Архивын хэрэгтэй танилцах явцад Буриадын холбогдолтой зүйл тааралдах юмуу? Манайтай холбогдсон элдэв цуу байдаг юм?
1931, 1936-1937 онд Буриадын нутагт гарч байсан зэвсэгт тэмцэл, улс төрийн зохиомол хэрэг болох “хувьсгалын эсэргүү панмонголын үндсэрхэг байгууллага”-ын идэвхтэй гишүүдийн асуудлыг шийдсэн зарим хэрэг тааралдаж байлаа.
Буриадад “гурван монголыг нэгтгэнэ” гэсэн үзэл санаа зарим хүний дунд байсныг илрүүлж, энэ нь японы тагнуулын байгууллагын шууд удирдлага, заавраар хийгдсэн ажил хэмээн зориуд улс төрийн зохимол хэрэг болгосон нь хэргийн материалаас ажиглагдлаа. Сонирхолтой нэг зүйл гэвэл уг бүлэг хэрэг гэгчид холбогдож шийтгэгдсэн буриад хүмүүсийн нэлээд нь өөрийн “хувьсгалын эсэргүү” байгууллагыг монголд буй тийм байгууллагуудтай харилцан ажиллаж, мэдээлэл солилцож байсан гэж мэдүүлжээ.
Тэрчлэн Буриадын Закаменскийн районы /манай Хөвсгөл, Булган аймгийн зарим сумтай хил залгаа/ зарим суманд 1934 онд Зөвлөлт төрийг устгаж, хуучин засгаа тогтоох зорилгоор гарсан бослого, хөдөлгөөнд оролцогсод өөрсдийгөө Ванчин богдтой холбоотой, тэр туслахаар арван мянган цэрэгтэй, монгол-хятадын хил дээр хүлээж буй, монголын нутагт байгаа зэвсэгт бослогынхонтой холбоотой гэж мдүүлсэн нь 1932 онд манай улсын дөрвөн аймагт гарсан зэвсэгт бослого, хөдөлгөөний үйлдэлтэй тун төстэй ажиглагдаж түүнийг нь дан том хэргэм, зэрэгтэй лам нар удирдсан байдал сонирхол татлаа.
Таны ажил хэргийн айлчлал үнэхээр үр дүнтэй болсон нь илт байна. Гар дээрээ юу авах болов?
Нийт танилцсан материалаас 10 мянга гаруй хуудас бичиг баримт, 30 гаруй гэрэл зураг авахаар болсон. Түрүүчийг нь хуулбарлаж авчирлаа.
Нийт ил тод болгох уу?
Оросын холбооны аюулаас хамгаалах яамны нөхөдтэй харилцан тогтсоны үндсэн дээр аажим аажмаар ил тод болгоно.
Айлын тал та бүхэнд их юм өгчээ. Хариуд нь барих юм бий юу.
Оросын холбооны нөхдийн тавьсан хүсэлт бий. Бид боломжоороо хариу барина.


ШУДАРГА ХҮМҮҮС МАРТАГДАХ УЧИРГҮЙ

СэтгҮүлч У.Амарсайхан “Хөдөлмөр” сонины 1993 оны 9 сарын 13-ны 55 дугаарт нийтлүүлсэн өгүүлэлдээ “НКВД-ийн ажилтан Бүх Оросын Коммунист /большевикуудын/ намын гишүүн Васильев, орлогч гишүүн Добротин, Комсомолын гишүн Мороков нар ЗХУ-ын дотоод хэргийн ардын комиссариатын газрын удирдлагад рапорт бичиж “Монголчуудыг хууль бусаар мөрдөн байцааж, протоколыг журмын дагуу гүйцэтгэхүй нэгэн хов маягаар дур мэдэн бүрдүүлж өнгөрсөн хойно гарын үсэг зуруулах зэргээр дураар аашилж хууль, зөрчиж байгаа тухай ...” мэдэгдэж даруй шалгаж өгөхийг хүссэн тухай бичжээ.
Энэ хэсгийг уншаад би ихээхэн сэтгэл хөдөллөө. Тэр үед хамгийн шилдэг сэхээтэн, төр засаг, намын ажилтнуудыг минь дотоод гадаадын харгисууд хамсанхэлмэгдүүлж тамлан зовоож цаазлан хороож байжээ. Ийм харгис үйлдлийг нь шүүмжилсэн, санал зөрсөн хүн бүхнийг “хувьсгалын эсэргүү нарыг өмгөөллөө, Японы тагнуултай хуйвалдлаа” гэх мэтээр буруутган хэлмэгдүүлж байсныг бид мэдэх билээ. Ийм харгис хэцүү цагт тэгж үнэнийг халж тэмцэх зоригтон ч мэдээж өдрийн од шиг цөөхөн байжээ. Гэтэл энд дурьдсан хүмүүсийг тэр тусмаа гадаадын хүмүүсийг өмгөөлөн тэмцэж байсан нь үнэхээр бахтай бус уу. Ингэж байсанд нь харийн оронд хэлмэгдэж амь насаа алдсанхүмүүсийнугсаа үндэс нэгтгэн монголчууд бид хэрхэн бахархахгүй байх билээ. Энэ тухай сонсоод л сэтгэл хөдлөхгүй зүгээр л нэг жирийн мэдээ сонссон мэт “Өө тэгчихээ юу” гэчихээд л өнгөрөх гэж үү.
Үүнд надад хэлмээр тодорхой санал байна. Өмгөөлж байсан Оросын тэр хүмүүс одоо бодоход ихэнх нь нас барсан буюу байсан ч их өндөр настай болсон байх учиртай. Тэднийг өөрснийг нь буюу төрөл садныг нь олж чин зориг гарган буянтай ариун үйлсийн төлөө тэмцэж байсанд нь талархал хүргэмээр санагдах юм.
Тэр хүмүүсийг оршуулсан газар ёслол хүндлэл үйлдмээр санагдах юм. Ер нь иймэрхүү ажлыг хэрвээ эхэлж сэдээд тэр үеийн баримт бичгийг нягтлах юм бол тэр мэт шударга нинжин сэтгэлтэн өөр гарч ирж ч болох юм. Шударга үнэнийг бишэрсэн ийм санаачилга гаргавал дэлхийн ариун санаат олон түмэн түүний дотроос Оросын ард түмэн биднийг зарчимч шударга үнэнийг бишэрсэн ийм санаачилга гаргавал дэлхийн ариун санаат олон түмэн түүний дотроос Оросын ард түмэн биднийг зарчимч шударга юмыг зүй ёсоор үнэлдэг, сайхан улс гэж үнэлж хүндлэх л болно. Аль өнгөрсөн завхарсан юмны төлөө сүйд майд болж инг,эж дөвчигнөдөг яасан маягтай нялуун хүмүүс вэ? гэж дүгнэхгүй нь мэдээж.


Д.Лувсандэлэг /Чингэлтэй дүүрэг 12-р хорооны иргэн/. 1993 он

No comments:

: