Sunday, March 29, 2009

ТҮҮХИЙГ ҮНЭН БАТАЛДАГ


Би 6-тай байж. Багын юм ямар санаанаас гарах биш. Сонин тохиолдол гэрэл зургийн хальсанд буулгасан шиг л үлддэг байлаа. Тэнгэр сайхан үдэш аав минь ээж бид хоёрыг дагуулж гадуур гардаг байв. Гол төлөв хотын төв хэсгээр л явна. Сүхбаатарын талбайн өмнөд хэсэгт байдаг цэцэрлэгийг тохижуулж байсан юмуу, аль эсвэл тэр хавийн барилгууд дээр ажилладаг байсан хэрэг үү баахан олзлогдсон япон цэрэг байх. Би аав, ээж хоёроос салаад тэдэн рүү гүйчихнэ. Урьд нь хятад “Шийянз” /хятадын клуб/-д олзлогдсон япон цэргүүдтэй хөтлөлцөн хэд хэдэн удаа тэдний хамт кино үзсэнийг минь аав ээж хоёр мэдэх учир элдэв юм бодохгүй, “эх нутаг, гэр бүл, үр хүүхдүүдээсээ алс хол яваа хүний үрс хэн нь ч ялгаа юу байхав, хүүхэд харахаараа уярдаг биз” гэцгээнэ. Үнэхээр ч олзлогдсон япон цэргүүд хүүхдэд их сайн байсан юм. Ам руугаа хуруугаа хийж, ээж аав руу зангацгаана. “Ээж ааваасаа тамхи аваад ир” гэсэн дохио байлаа. Намайг гүйгээд очихоор аав хайрцагтай янжуураасаа хэд хэдийг аваад өгнө. Энэ бүхнийг харсан тэднийг манаж буй монгол цэргүүд юу ч хараагүй юм шиг хээвнэг өнгөрөөнө. Харин япон дарга нар нь харвал сүрхий чанга дуугарч цэргүүдээ хөөж тараагаад, харин бидэнд баярлаж гялайсан сэтгэлээ харцаараа илэрхийлдэгсэн. Ингэж би “ардын муусайн японууд”, “самуурайнууд” гэж радиогоор ярьж, сонин хэвлэлд бичдэг байсан япон хүмүүстэй анх нүүр учирч билээ. Аавын янжуурыг би ч мөн ч их зөөж, япончууд надад олон гоё нарийхан харандаа өгсөн дөө…
Түүнээс хойш “капиталист япон”-ыг сонирхолгүй өсөж бойжив. Харин хоёр орны харилцаа дэлхийн жишгээр сайжирч, түүгээр ч үл барам Япон улсын Ерөнхий сайд Кайфу гэдэг хүн Монголд анх удаа айлчилж улмаар монгол нутагт буй олзлогдогсод, цэргүүдийнхээ шарилыг нутагтаа аваачихаар манай засгийн газартай тохиролцохыг сонсоод нөгөө гоё нарийхан харандаа өгсөн япон ах нараа өөрийн эрхгүй саналаа. Угтаа тэд нар маань чухам ямархуу хүмүүс байсан юм бол, надад гоё харандаа өгсөн нөгөөх япон ах нарын хэн нэг нь эдүгээ амьд сэрүүн байгаа юм биш байгаа, өөрсөдтэй нь эс боловч үр хүүхэдтэй нь уулзах юмсан, тэгвэл надад тэдэнд аав нарынх нь тухай хуучлах багын дурдатгал бишгүй нэг бий дээ гэсэн “гэнэн” бодол сэтгэл гижигдэв. Тэгээд бага насаа, аав, ээж хоёроо санагалзаж, японы олзлогдогсдын тухай тодруулж элдэв сонин юм сонсоё гэж шийдээд сайхан танилцсан, 1945 оны үед японы олзлогдсон цэргүүдийн харуулын даргаар ажиллаж байсан ахмад дайчин Чимэдцэрэнгийн Лувсан-Очир гуайтай уулзаж ярилцсан минь энэ ээ.
-Та тэр үед ямар ажил хашиж байсан юм бэ?
-Би 1945 оны дайнд оролцсон хүн. Гэхдээ дайны ялалтын мэдээ сонсоод л буцаж ирсэн гэхэд хилсдэхгүй. Буцаж ирсний дараа одоогийн автобус баазын суурин дээр 5-р фабрикийн байранд байрлуулсан хошууч Номура даргатай японы олзлогдсон цэргийн нисгэгчийн лагерийн харуулын даргаар намайг томилсон юм.
-1945 оны дайнаар манай цэргүүд хир олон япон цэрэг олзолсон юм болоо?
-12318 япон цэрэг олзолсон юм билээ. Японы зарим хэвлэл 13800 … гэхчлэн бичдэг, үнэн тоо нь 12318. Үүнээс 10705 нь хожим эх орондоо буцсан, монголын нутагт 1615 нь элдэв өвчний улмаас нас барсныг 16 газар оршуулсан. Дамбадаржаад 835, Угтаал-Жаргалантад 34, Сүхбаатар хотод 198, Ерөөд 96, Аргутайд 33, Налайхад 12, Шохой-Цагаан булагт 10, Борнуурын Үхэр чулуутад 4, Сэлэнгийн Алтанбулагт 8, Зүүнхараад 44, Баруунхараад 43, Батсүмбэрт 2, Зүүнбүрэнд 19, Балж /Түнхэлд/ 1, Архангайн Өгийнуурт 5 япон цэргийн шарил бий.
-Яахаараа ингэж энд, тэндгүй оршуулсан юм бол?
-Япон цэргийн олзлогдогсод 1945 оны өвөл ид хүйтнээр 11, 12-р сард 6 удаагийн цуваагаар монголд ирсэн юм. Тэд гол төлөв барилга дээр ажилласан. Барилгын мод, материал бэлдүүлэх, тоосго цохиулах, заримыг нь өөрсдийнх нь хоол хүнс ногоо тариулах, загас бариулахаар зохион байгуулж, Улаанбаатар хотоос гадна Төв, Сэлэнгэ, Архангай аймагт аваачсан юм. Тэндээ өвдөж нас барсныг нь газар дээр нь оршуулсан хэрэг.
-Японы олзлогдсон цэргүүд ямар барилга дээр голчлон ажилласан бэ?
-ЗГ-ын ордны өргөтгөл, “Бөмбөгөр ногоон” театр шатсаны дараа барьж эхэлсэн Улсын төв театр, ГЯЯ, Сталины нэрэмжит Улсын нийтийн номын сан, Элдэв-Очирын нэрэмжит кино театр, “Алтай” зочид буудал /одоогийн Улаанбаатар хотын ардын хурлын гүйцэтгэх захиргааны барилга/, Намын дээд сургууль, МУИС, Нүхт, Сонгины амны зочид буудал зэрэг барилга дээр ажиллаж байсан. “Эдгээр барилгыг японы олзлогдсон цэргүүдийн хүчээр барьсан” гэж японы нэлээд хэвлэлд бичсэн байдаг юм. Энэ бол хэтрүүлэг. Дээрх барилгуудыг манай улс 1941 оноос эхлэн барьж эхлээд эцсийнхийг нь тавиад онд дуусгасныг хэн хүнгүй сайн мэднэ. Харин эдгээр барилга дээр япон олзлогдсон цэргүүд оролцон ажилласан, оролцох оролцохдоо идэвхтэй сайн ажилласан гэвэл илүү түүхийн үнэнд нийцнэ. Ер нь японы хэвлэлүүдэд хэтрүүлэг нэлээд байдгийг би япон хэл дээр гадарладгийн хувьд уншиж танилцсан зүйл нэлээд бий.
-Та заримыг нь тодруулж болохсон болов уу?
-1990 оны 12-р сард Бүх японы олзлогдогсодын нийгэмлэгийн урилгаар манай улсын Улаан загалмайн нийгэмлэгийн дарга Шура бид хоёр уригдан очиж, монголд байсан японы олзлогдсон цэргийн асуудлаарх Симпозиумд оролцсон. Ийм асуудлаар японы тал урьд нь зөвлөлтийн талтай симпозиум зохиосон бөгөөд хятадын талтай мөн зохионо гэж байсан. Уг симпозиум дээр нөхөр Шура үг хэлж, би японы талын хүсэлтээр цөөн үг хэлсэн. Биднийг маш өндөр хэмжээнд хүлээн авч, сар шахам хугацаанд япон орныг хөндлөн гулд аялуулж үзүүлсэн. Ингэж явахад японы залуус, япон хүмүүс 1939, 1945 он, Халх голын дайны талаар янз янзын бодол ойлголттой байдаг нь илт ажиглагдсан. Тэдэнд түүхэн үнэнийг ойлгуулж өгөх нь зүйтэй гэсэн бат ойлголт миний л хувьд лав төрсөн. Тийм дайн, түрэмгийлэл үнэн хэрэг дээрээ гарсныг ч мэдэхгүй япон залуус сая, саяараа байх шиг санагдсан. Тийм дайн, түрэмгийлэл гарсан, монголын арми япон цэргүүдийг олзолсныг нүдээр үзэж, япончуудтай ажиллаж байсны хувьд би явсан газар болгондоо илэн далангүй хэлсэн. Японы зарим сурвалжлагч “ЗХУ-д олзлогдсон манай цэргүүдээс үхэж үрэгдсэн хүний тоог хувилаад үзэхэд танай нутаг дээр үхсэн хүний тооноос бага гардгийн учир юу вэ? Бөөсний халдварт өвчнөөр манай олон олзлогдсон цэрэг үхсэн гэдэг үнэн үү? Монголын харуулын цэргүүд манайханд хэр хандаж байсан бэ? Гэхчлэн сонирхсон, сониучилсан, сэжиглэсэн элдэв асуулт тавьж байсан. Үнэн юм үнэнээрээ л байх ёстой. Үнэнийг хүмүүс мэдэж, түүхийг зөв дүгнэх учиртай. ЗХУ-д японы 60 мянган олзлогдсон цэрэг байсан юм гэнэлээ. Тэдний хэд нь ямар шалтгаанаар үхсэнийг яаж мэдэхэв, Орос, Япон хоёр улсын хоорондоо шийдвэрлэх сонирхох асуудал. Манайд 60 мянга биш 12318 япон цэрэг байсныг дээр хэлсэн. Японы сурвалжлагчид үхэж үрэгдэгсэдээ яаж хувилж харьцуулсныг би бас сонирхохгүй байна. Архивын мэдээ сэлт болон өөрөө мэдэх зүйл, тэр үед японы олзлогдсон цэргийн лагерийн дарга, эмч зэрэг алба хашиж байсан манай ахмад хүмүүстэй уулзаж, сонирхсон зүйлээс /олонхи нь бурхан болжээ/ үзэхэд японы олзлогдсон цэргүүд өвлийн ид хүйтнээр зуны хувцастай олон хоног явж ирсэн, ногоо голцуу хоолтой хүмүүс монгол малын маханд пологтож гэдэс дотор нь хямарсан, замд даарч хөрснөөс салхинд цохиулж, хатгалгаа авсан зэргээс замдаа болон ирсэн хойноо олон хүн нас барсан юм билээ. Мөн хүн гээч амьтанд тохиолддог тархи судасны нарийсал, мухар олгойн хүндрэл, бөөр зүрхний архаг болон хурц өвчнөөр нас барсан гэх оношлогоотой хүний хэрэг архивын материалд нэг ч алга байна. Манай нам засгаас онцгой анхаарч японы олзлогдсон цэргүүдийн дунд бөөсний халдварт өвчин гаргахгүй байх бүхий л арга хэмжээ авч лагерийн хариуцлагатнуудад хатуу шаардлага тавьж хяналт, шалгалт дээд зэрэгт хийж байсан. Улсын онцгой комисс ажиллаж байсан. 1946 оны 1-р сарын 4-нд БНМАУ-ын СнЗ-ийн дэргэд олзлогдогсдын хэрэг эрхлэх газар байгуулж хотын намын хорооны нарийн бичгийн дарга нөхөр Сосорбарамд шууд генерал цол шагнаад даргаар нь томилогдсон юм. Уг газар дотроо хоёр газар, 15 хэсэгтэй байсан.
Японы цэргийн олзлогдогсдыг хүлээж авмагц монгол цэрэг нэхий дээл, эсгийн гутал, өвлийн малгай, хөвөнтэй цамц зэрэг дулаан хувцасаар дор нь хангасан. Харин япон хүн дулаан хувцас өмсч чаддаггүй юм билээ. Нэхий дээлийг үрдэг гээд өмсөхгүй, эсгий гутлыг нухдаг гээд түрийгий нь тайрчихна. Хөвөнтэй өмд, цамцыг л өмсдөг байсан. Махан хоол хүнддээд байхаар нь өөрсдөөр нь ногоо тариулж, загас бариулахаар хөдөө явуулах ажил зохион байгуулж байсныг дээр хэлсэн. Монгол харуулуудын “хатуу ширүүн”-ий тухайд гэвэл харуулын бага дарга байсны хувьд “тун зөөлөн” ханддаг байсан гэж шууд хэлнэ. Монгол жаалууд талх, тамхи зэрэг зүйл авчраад япон цэргүүдэд шидээд өгчихнө. Бид жижиг юм гэж бодоод мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрөөнө. Энэ бүхнийг дарга нарт нь ховлоод байвал тохиолдол бүрт цэргийн жагсаалын өмнө “алганы амт” амсуулахад хүргэх байсан юм. Бидэнд тийм хүсэл байгаагүй. Дээрээс дарга нараар нь ажил хийлгэдэггүй, зөвхөн цэргүүдээ л захирах, зохион байгуулах үүрэгтэй байлгасан. Японы олзлогдсон цэргүүдтэй тун хүнлэг, соёлтой харьцах хатуу үүргийг маршал Чойбалсан, Цэдэнбал, Лхагвасүрэн нараас эхлээд удирдах тушаалын дарга нар лагерийн удирдлагад чанд тушаадаг байсан. Япон цэргүүдтэй зөвхөн дарга нараар нь дамжуулж, онцгой соёлтой боловсон харьцахыг үүрэг болгоно. “Япончууд соёлтой ард түмэн шүү” гэж байн байн анхааруулдагсан. Ингэж харьцаж байсан гэж монголд олзлогдсон цэргийн лагерьт байсан эдүгээ японд байгаа болон манай монголд жуучилж ирсэн олон хүн ярьж, талархаж, байсан газраа хэрэг болгон очиж, тэнд буй өнөөгийн монгол хүмүүстэй дурсгалын зураг татуулж байсан олон тохиолдлыг нүдээр харсан. Ер нь Японы олзлогдсон цэргүүдтэй холбогдсон элдэв цуу яриа манайд ч бишгүй байдгийг би сонссон. “Дандар баатар япон олзлогдсон цэргүүдийг хядаж байсан юм гэнэлээ, япон дарга нар олзлогдсон цэргүүдээ уур нь хүрэхээр бууддаг байсан гэлцдэг гэх зэргийн яриа гарсан. Дандар баатар олзны японыг хядах нь бүү хэл алаг морио уначихаад лагерийн удирдлагууд, харуул манааныхантай уулзахаараа “япончууд сүрхий нягт нямбай, гойд соёл боловсролтой хүмүүс, та нар монголынхоо нэрийг бодож, тэдэнтэй хүнлэг соёлтой харьцаарай таминь” хэмээн аминчлан сүрхий захьдаг байсн гэж лагерийн удирдлагад ажиллаж байсан олон ахмадаас би чихээр сонссон. Япон дарга нар цэргүүдээ буудах нь бүү хэл, тэдэнд буу ч байгаагүй, Жихэ хотоос Мүгдэн хүрэх замд японы олзлогдсон цэргүүдийн дарга нарыг зөвхөн хүйтэн зэвсэг сэлэмтэй нь явуулаад, Мүгдэнээс нааш сэлмийг нь хураасан. Япончуудын дунд ч цуу гэх үү, сэжиглэл гэх үү элдэв яриа тээнэгэлзэл бас байдаг юм билээ. “Сталин дайны олз гэж монголчуудад манай олзлогдсон цэргүүдээс бэлэг болгож өгсөн юм. ….Монголчууд барилга барьж чадахгүй болохоороо барилгаа бариулах гэж оросуудаас манай олзлогдсон цэргүүдийг гуйж авсан” гэдэг яриа байдаг, ингэж ч зарим хэвлэлд бичсэнийг мэднэ. Бид олзны цэрэг хүнээс гуйгаагүй, түрэмгийлж ирсэн дайсныг бут ниргээд өөрсдөө олзолж авсаныг хатуухан хэлүүштэй байна. Монголчууд 19-р зууны дөчөөд онд биш мянга хоёр зуугаад оноос эхлээд барилгаа барьж, бас “байлдан дагуулж” муугаар хэлбэл дэлхийг, японыг ч бас чичрүүлж явсан үе бий. Ярьвал их юм бий. Энэ бол түүх. Түүх гол нь үнэнээрээ л байх учиртай.
-Түүх үнэнээрээ байх учиртай гэснээс та монголд байсан япон цэргийн олзлогдогсдын тухай ном бичсэн гэлүү?
-Японы олзлогдсон цэргүүдийн тухай буруу зөрүү ойлголтод бодит үнэн хариулт өгөхийг хичээж “Түүхийн үнэн” гэсэн нэртэй ном бичсэн. Архивын материал үзэж, тэр үед ажиллаж байсан лагерийн дарга, эмч зэрэг хүмүүстэй уулзаж дурдатгал яриаг нь сонсож, өөрийн дүгнэлт, бодлоо нэмэрлэж бичсэн. Шура редакторлож Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн шугамаар хэвлэгдэнэ. Судлаачдад өчүүхэн боловч тус болоосой гэж сэтгэлээсээ бодсон юм. Эс ингэвээс монголд байсан япон цэргийн олзлогдогсдын тухай япон, манай хоёрын аль алиных нь хэвлэлд буруу ташаа хийсвэр ойлголт өгөхөөр зүйл бишгүй гарах шинжтэй. Элдэв сэжиглэл, хэтрүүлэг, тээнэгэлзэл хоёр орны харилцаа, хүмүүнлэг ёсонд том гай хор уршиг тарьж мэднэ.
-Японы тал олзлогдсон цэргүүдийнхээ шарилыг нутагтаа аваачихаар манай засгийн газартай тохиролцсон тухайд та юм хэлмээр байна уу?
-Япон ёсонд ямар байдгийг би сайн мэдэхгүй юм. Монгол ёсонд бол талийгаачийн шарилыг элдвээр хөндөхийг онцгой цээрлэдэг. Тэгээд ч Чингис хааны шарилыг эрж хайх ажлаа зогсоож, энэ хэрэгт хутгалдахгүй байхыг манай ухаалаг хүмүүс япончууд болон өөрсдийнхөндөө тун зөв сануулсан гэж би хувьдаа талархан боддог. Хэрэггүй юм хэрэггүй л байдаг юм. Бурхан болоочдын шарил, сүнсээр бүү оролдоосой гэж хүсэж байна. Сайн юм болох нь юу л бол.
Дээр үед манай монголчууд бурхан болсон хүнийг хээр гадаа ил тавьж орхин, түүнийг хүчит тас шувууд бурхны оронд хүргэдэг байсан нь жирийн хэрэг огт биш. Талийгаачийн шарил сүнсийг хэзээ ч элдвээр оролдуулж ухаж, төнхүүлж ясыг нь өндөлзүүлэхгүй гэсэн мэргэн санаа. Үүнийг дотоод гадаадын “хэт” ухаантай хүмүүс шүүмжилсэн байдаг. Монгол хүн юмыг бодож цэгнэж байж хийдэг гэдгийг л хэлмээр байна. Тэр тусмаа манай ахмад үе…
-“Шувууд буцах намар” гэдэг монголд байсан японы олзлогдсон цэргүүдийн тухай телевизийн уран сайхны кино танд ямар сэтгэгдэл төрүүлсэн бэ?
-Угтаа би тэр киног бүтээгчдийн нэг. Бидний хамтын бүтээл. Намайг киноны зөвлөхөөр ажиллуулахыг хүссэн юм. Уран сайхны л кино. Зохиолч, найруулагч нь уран сайхны чиглэлд нь их анхаарсан. Аргагүй биз, залуу хүмүүс. Харамсаж, гашуудаж өрөвдмөөр хайр дурлалын тухай кино юмаа даа. Би гол нь уран сайхныг нь биш, түүхэн үнэнийг нь л голлож, гаргахсан гэж хүссэн. Тэгээд ч багагүй маргасан. Зарим зүйлийг, төгсгөлийг зөөлрүүлж, үнэнд ойртуулахыг хичээсэн. Зохиогчид миний зөвлөснийг авахыг нь авч, авахгүйгээ аваагүй. Та харин манайд байсан япончуудыг “японы олзлогдсон цэргүүд” гэж зөв яриад байна. Манайхан “япон хоригдлууд” гэж буруу ярьж буруу ойлгодог. Ийм маяг ч энэ кинонд байгаа. Үнэндээ тэд хоригдол биш олзлогдсон цэргүүд байсан. Манай засаг төр, хуулийн байгууллагууд ч тэдэнтэй олзлогдсон цэргийн ёсоор, энэрэнгүй, хүнлэг ёсоор харьцаж хандаж байсан. Энэ бол онцгой чухал ойлголт. Үүнийг япончууд ч сүрхий зөв ойлгох учиртай. Ялангуяа тэдний сонин хэвлэлийнхэн, сурвалжлагчид. Японы олзлогдсон цэргүүд дан ганц цэргийн зохион байгуулалттай байсан. Монголын тал тэдэнтэй зөвхөн дарга нараар нь л дамжуулан байсныг дахин хэлье.
-Японы олзлогдсон цэргүүдийн талаар дээрх уран сайхны кино хийсэн зарим уран бүтээлч “Өлзий” пүүсийн шугамаар баримтат кино хийж байгаа гэсэн сураг сонссон үнэн үү?
-Намайг зөвлөхөөр ажиллахыг урьсан. Бодож л байна. Баримтат кино гэдэг тун хариуцлагатай, нарийн нягт ажил. Энэ бол уран сайхны кинотой адилгүй. Дан ганц сэтгэлийн хөдөлгөөнөөр хийж огт болохгүй. Баримтат кино гэдэг түүхийн үнэний алтан сан. Монголд авах ёстой зургуудаа авчихлаа. Японд очиж зургаа авна гээд байгаа юм. Дөчөөд онд японы цэргийн олзлогдогсдын лагерьт ажиллаж байсан манай удирдах хүмүүс, ахмадуудын яриа дурдатгалуудыг бичиж, зургийг нь авах ёстой юм. Тэд бол хамгийн үнэтэй амьд гэрч мөн. Тэр бүрийг авч чадаагүй, авах талаар уйгагүй хөөцөлдөөгүй санагдсан. Харамсалтай нь зарим нь өөд болчихлоо. Баримтат киноны гол баатар гол гэрч нь тэд гэж би үзэж байна. Тэдэнгүйгээр энэ кино кино болохгүй. Түүхийн үнэнийг ч олигтой тайлж, үзэгчиддээ бодит ойлголт өгч чадахгүй. Баримтат киноны зохиолыг нь би үзээгүй. Японд очвол монголд олзлогдож байсан гэх цөөн япон хүний дүрс, яриа л авна шүү дээ. Гол нь монголд амьд сэрүүн буй жинхэнэ ажиллаж зовлон жаргалыг нь бодитойгоор мэдэх хүмүүсийн яриа дуртгал зураг хөрөг л хамгаас чухал байх ёстой….

1992 он

No comments:

: