Проф.Олхонуд Баярхүү

Иймдээ ч ДХБ-аас хөгжиж буй гишүүн орнуудаа дотор нь ялгавартай үзэж, жижиг ба эмзэг хэсэгт нь хөнгөлөлттэй хандахыг илүүд үзэх болжээ. Яг жижиг эмзэг эдийн засгийн талаар ДХБ-ын хэлэлцээр, баримт бичгүүдэд зарим нэг заалт дурдагдсан байдаг ч хэн нь хэн бэ гэдэг талаас тусгайлан авч үзсэн нь үгүй. Ямартай ч эдийн засгийн чадавхи сулхан орнууд нь гадаад худалдаанаас ихээхэн хамааралтай, эдийн засгийн үзүүлэлтүүд нь гол төлөв доогуур байх нь ердийн. Дэлхийн Банк, Хамтын нөхөрлөлийн Common Wealth Secretariat-аас энэ чиглэлээр тусгай ажлын хэсэг зохион байгуулж, 1998 оноос эхлэн зарим судалгаа, үнэлгээ хийсээр иржээ. Тухайн орны хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, эдийн засгийн чадавхи зэргээс хамаарч, “жижиг улс”, “жижиг эдийн засаг”, түүнчлэн эдийн засаг нь тогтворжсон эсэх, дэд бүтцийн дорой хөгжил, нөөц баялгийн хомс байдал, далайд гарцгүй болон салхи, шуурга, үер усны гамшигт хялбар өртөх зэрэг олон шалгуураас хамаарч “эмзэг эдийн засаг”, “жижиг-эмзэг эдийн засаг” гэсэн хэд хэдэн томьёолол гаргаж, Дэлхийн Банкнаас эмзэг орнуудын индексийг түүгээрээ шалгуур болгон нийтэлж байна.
ДХБ-ын хүрээнд бол энэ “жижиг, эмзэг” гэсэн ойлголтыг гол төлөв худалдаанд учирч буй саад бэрхшээлтэй нь холбон үзэж байна. Тухайлбал, тухайн орны гадаад худалдааны эргэлтийн хэмжээ маш бага байх, эдийн засаг нь худалдаанаас хамааралтай бөгөөд дэлхийн зах зээлд эзлэх хувь хэмжээ нь 0.00 гэсэн хэд хэдэн “тэг”-ээр тооцогдож буй, экспортын барааны нэр төрөл, тоо хэмжээ бага, зарим тохиолдолд ганцхан бараанд түшиглэсэн байх эсэх, гадаад зах зээлд нэвтрэх бололцоо хомс зэрэг орж байна. Үүн дээр далайд гарцгүй байдал нь жижиг эдийн засгийн худалдаанд учирч буй хамгийн эмзэг асуудал юм.
“Жижиг эдийн засаг” гэдэг нэр томьёо Хонконг, Тайвань, Макао зэрэг гишүүдийн хөгжлөөс үл хамаарч, статусаар нь ДХБ-ын хүрээнд хэрэглэгддэг тул Монголтой хэрэг дээрээ адил зиндааных бололтой. Эсвэл 10 хүрэхгүй сая хүн амтай, далайд огтын гарцгүй, хөрсөн дорхи баялаг ба малын тоо толгойгоор манайхаас хол хаягдсан Австри, Швейцарыг жижиг эдийн засаг гэх үү? Энд тэд ба бидний хооронд харьцуулшгүй үзүүлэлт гарах тул Дэлхийн Банкны шалгуур бас өөрөө зөв биш юмаа. Тэгвэл үүнийг глобалчлал хэмээх их урсгал дунд хэн нь сэлүүрдэж, хэн нь хөвж яваагаар үнэлэн дүгнэж болох хувилбар ч байна.
Глобалчлалд тодорхой нэг улс орон хэрхэн оролцож, энэ үйл явц хэр хэмжээгээр гүнзгийрч байгааг хэрхэн хэмжих вэ? Олон улсын худалдааны цар хүрээ, интернэт мэдээлэл, сүлжээний бизнес дэх оролцоо, гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ, эдийн засаг, зах зээлийн нээлттэй байдал, гадаад ертөнцтэйгээ хэрхэн холбогдсон, тэр ч бүү хэл гадагшаа утсаар хэр их ярьсан, гадаадад хэчнээн хүн нь аялж жуулчилсан гээд маш олон үзүүлэлт байдаг бололтой. Хамгийн ихээр глобалчлагдсан орны тоонд Нидерланд, Швед, Швейцар, Сингапур зэрэг орон глобалчлалын индексээрээ хамгийн дээгүүрт ордог байна.
Бидний хувьд глобалчлал нь Монголд дан ганц сайн сайхныг авчрах мэтээр төсөөлөх, эсвэл түүний эсрэг тал нь эерэгээсээ давах болно гэсэн болгоомжлолын аль аль нь байна. “Газар зүйн байрлалын хувьд хүндрэлтэй, дэлхийн худалдаанаас хэт алслагдсан Андын өндөр уулсын бүс, Ирак, Иран, Афганистаны уулархаг нутаг, Африк тивийн тэхий голд нь түгжигдсэн Руанда, Бурунди, Буркина-Фасо, эсвэл Төв Азийн зарим бүс нутаг бий. Эдгээр улс оронд глобалчлал нэг их ашиг тус өгөхгүй. Тэдэнд глобалчлалын гай гамшиг, саад бэрхшээлийг давах гарц байхгүй” гэж бидний сайн мэдэх профессор Жэффри Сакс бичсэн байна. Энд арай л “Азийн өндөрлөгт түгжигдсэн Монгол” гэж хэлээгүй байх шиг. Надад бол хэлснээс ялгаа алга. Тэрээр цааш нь бичихдээ “Үндэсний хөгжлийн стратеги чухал ач холбогдолтой. Дэлхийн зах зээлд оролцохоос татгалзаж, хүчтэй протекционист бодлого явуулж байсан орнууд сүүлийн 20 жилд хөгжлийн хувьд хол хоцорчээ. Зөвхөн чөлөөт худалдаа хөгжүүлж, экспортоо нэмэгдүүлэхэд бус, харин шинжлэх ухаан, технологи, дээд боловсролд их хөрөнгө оруулалт хийж ирсэн улс орнууд л хамгийн их амжилтад хүрчээ” хэмээн цохон тэмдэглэжээ. Эндээс чухам “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гээд хэлчихэж байгаа бус уу.
14 жилийнхээ үр дүнг эргээд нэг харъя. Юу хожиж, юутай үлдэв ээ монголчууд? Манай хамгийн том хандивлагч, манай имижийг дэлхийд гаргаж өгөх учиртай Японоор жишээлж дараахь баримтыг сөхье. Японы Гадаад хэргийн яам нь харилцаатай дэлхийн бүх улс орныг стратегийн ач холбогдлоор нь A, B, C, D гэсэн дөрвөн бүлэгт хуваадаг бөгөөд АНУ, Хятад, БНСУ гэхчлэн манай хөрш, түншүүд эхний “A” бүлэгт багтдаг бол Монгол Улс маань ямагт “D” бүлэгт тооцогдсоор иржээ. Гарын салаагаар урсах мэт цутган орж ирсэн асар мөнгөний дүн бүх монгол хүнд хүртээгүй гэдгийг Японы Засгийн газраас ингэж үнэлэн дүгнэж байгаа хэрэг. Японы Засгийн газар дахь Монголыг харьяалах элдэв албад “зээл тусламжийн” гэх малгайнаасаа салахгүй явсаар 15 дэх жилээ үдэж байгаа нь зөвхөн монголчуудаас л шалтгаалж буй хэрэг.
“D” ангилалаасаа салаагүй цагт Монгол нь хоёр талын харилцаа, бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд хэн ч биш гэдэг утгаар эхлэн хандах, тэгснээр өөрсдийгөө нэлээд чангалж үтэр түргэн нүхнээсээ ил гарч ирсэн тохиолдолд “С” ангилал руу орж явчихвал Токиогийн нөлөөт толины тусгал огт өөрөөр эргэж, дэлхийд Монголын маань имиж нэг шат ахиж мэдэх бус уу? Хэрэв даян дэлхийд зөв, төлөв түвшинэ имижтэй байя гэвэл “А” нь болдоггүй юмаа гэхэд “В” дээр очиж зогсоогүй цагт бид хэн ч биш байх нь шүү.
No comments:
Post a Comment