Tuesday, March 10, 2009

Ю.Цэдэнбал ба Монгол Улсын тусгаар тогтнол


“Хүйтэн “ дайны үеийн Монгол улсын түүхийн аливаа асуудал тэр үеийн удирдагч нь байсан Ю.Цэдэнбалын үйл ажиллагаатай шууд хамааралтай.
Тэрбээр бараг хагас зуун жил Монгол улсын бүхий л өндөрлөгүүдийн жолоог атгаж ЗХУ-ын “дагуул” орон болоход хүрч байсан түүхэн хүн тул түүний гадаад, дотоод бодлогыг үзэл сурталжуулахгүй, үнэн мөнөөр нь, хартай цагаантай нь судлах нь чухал юм. Ингэхдээ Монгол улсад социализм байгуулахын тулд түүний баримталж байсан онол, Монгол-Зөвлөлт Монгол-Хятадын харилцаа, хамтын ажиллагаанд Ю.Цэдэнбалын гүйцэтгэсэн үүрэг, байр суурь, ялангуяа эх орныхоо тусгаар тогтнолын асуудалд хэрхэн хандаж байсан зэрэг асуудлыг юуны өмнө судлаж, баримт сэлтүүдэд тулгуурлан дүгнэлт хийх зорилго тавин ажиллаж байна.

Үүний явцад тохиолдож буй гол бэрхшээл бол энэ бүгдтэй холбоотой ил тод болсон архивын материал тун ховор байгаа учраас Ю.Цэдэнбалын хүү Ц.Зоригын бичсэн “Сүүлчийн долоон жил 1993 он” ЗХУ-ын дипломатч, эрдэмтэн, Монгол судлаач Ш.Г.Надировын 1995 онд нийтлүүлсэн “Цеденбал 1984 год”, ”Гэрэл сүүдэр:Ю.Цэдэнбалын хувийн тэмдэглэлээс.1992 он” зэрэг ном, зохиолуудад буй сонирхол татсан баримтуудыг ашигласан болно. Мөн энэ төсөлд оролцогч миний бие “Ю.Цэдэнбал :Түүхэн үнэний тухай бодрол” номыг 1994 онд хэвлүүлэхдээ сурвалжилж олсон баримт, сэлтүүдийнхээ заримыг нь ашигласан.

Ю.Цэдэнбалын гадаад,дотоод бодлого болон Монголд социализм байгуулах онолын талаархи асуудлуудын ихэнх нь тухайн цаг үедээ ил хэвлэл, мэдээлэлийн хэрэгсэлүүдээр олон нийтийн хүртээл болж байсан тул тэр бүгдийг нууц архиваас эрэх шаардлаггүй гэдэг нь ойлгомжтой биз ээ.
Харин “хүйтэн” дайны үеийн Монгол улсын түүхийн зарим нууц асуудлыг Ю.Цэдэнбалын хувийн тэмдэглэлээс олж үзэх боломжтой болжээ. Үүнээс ч илүү их нууц зүйлүүд, улс төрийн бодлогын нарийн санаа агуулсан гэж үзэх үндэстэй нэгэн захидалыг тэрбээр ЗХУК-ын Төв хороонд 1984 оны 8 дугаар сарын 20–нд бичсэн байх бөгөөд энэ нь түүнийг бүх албан тушаалаас нь огцруулах МАХН-ын Төв хорооны бүгд хурлыг маш нууцаар бэлтгэж хуралдуулахаас гурав хоногын өмнө бичсэн захидал юм. Харамсалтай нь тэр захидалыг нийтлэх байтугай, үзэх бололцоо Монголын судлаачдад олдохгүй байна.

Судлаж байгаа асуудлуудынхаа дотроос Ю.Цэдэнбал Монгол улсын тусгаар тогтнолын асуудалд хэрхэн хандаж байсан талаар хийсэн дүгнэлтээ та бүгдийн анхааралд одоо толилуулья.
Энэ тухай манай түүхчид,улс төрчид,сэтгүүлчид үнэмшихэд бэрх олон зүйл хэвлэн нийтлүүлж байсныг нэн хураангуйлж тодорхойлбол, нэг хэсэг нь “Ю.Цэдэнбал бол Монгол улсыг ЗХУ-ын16 дахь республик болгох гэсэн урвагч, КГБ-ын тагнуул” гэж харааж байхад нөгөө хэсэг нь “Х.Чойбалсан улс орноо ЗХУ-д нэгтгэн оруулахын эсрэг тууштай байр суурьтай байсан. Иймээс ч Кремлийн заавар, тушаалын дагуу олон мянган хүнээ хэлмэгдүүлж байж И.Сталины аманд улс орноо оруулалгүй тусгаар тогтнолоо хамгаалж чадсан юм.” гэж магтан сайшаасан байдаг. Эдгээр нь хоюулаа түүхэн үнэнийг гуйвуулж улс төр,үзэл сурталын үүднээс хэт туйлшруулсан хандлага юм. Х.Чойбалсан, И.Сталин, Л.Берия нарын уулзалт, ярианы тэмдэглэл, В.Молотовын хэлж байсан зүйл, Ч.Сүрэнжавын дурсамж зэргийг сайтар нягтлан үзэж харьцуулбал, харин ч Х.Чойбалсан Монголоо ЗХУ-д нэгтгэн оруулах саналыг 1940-өөд оны дунд үеэс эхлэн И.Сталинд хэд хэдэн удаа тавьж байжээ. Тухайлбал;

Х.Чойбалсан 1942 оны 11-р сард БХК(б)-уудын намд элсэхээр И.Сталины нэр дээр өргөдөл гаргаж байсан агаад 1949 оны 9-р сарын 30-нд Сочид И.Сталинтай уулзахдаа, ”Хэрэв дотоод Монгол манай улстай нэгдвэл яваандаа СССР-ийн холбооны улс болоход болох уу?” гэж асуухын хамт БНМАУ-ыг ЗХУ-ын бүрэлдэхүүнд оруулах тухай Б.Жамбалдоржийн 1944 онд бичсэн захидлын талаар зөвлөгөө авч байжээ.Энэ асуудлаар И.Сталин:”Танайх манай холбооны улс болох хэрэггүй. Бид гадаад,дотоод хоёр Монголыг нэгтгэхийг дэмжихдээ Оросын харьяанд ч орохгүй, Хятадын харьяанд ч орохгүй нэгдсэн нэгэн тусгаар улс байхыг хүсэж байна” гэж зөвлөсөн байна.
ЗХУ-ын Элчин сайд байсан В.Молотов манай ГЯЯ-ны сайд Аварзэдтэй Давст уулын асуудлаар санал зөрж маргалдах үедээ: ”Та нар алгын чинээ газрын төлөө их юм болох юм. Ингэж ярихад хүрвэл, танай маршал Чойбалсан чинь тухайн үед Монгол улсыг Зөвлөлтөд нэгтгэхийг гурван ч удаа хүсэж байсан явдал бий шүү” гэж мэдэгдэж байжээ.
Миний бие 1950-аад оны эхээр ЗХУ-д суралцаж байхад Зөвлөлтийн хүмүүс: ”Танай маршал Чойбалсан ЗХУ-д нэгдэж орох санал тавьсан гэнэ лээ. Одоо манай 16 дахь республик болох болоогүй юу?” гэж асуудаг байсан.

Энэ бүгдээс ургуулан бодоход И.Сталин Монгол улсыг өөртөө нэгтгэх гээгүй, харин манай талаас, тухайлбал Х.Чойбалсан тийм санал нэг бус удаа тавьж байсан нь тодорхой тул Х.Чойбалсан л тусгаар тогтнолоо хамгаалж чадсан гэж үзэх нь үндэслэл муутай юм.
И.Сталин БНМАУ-ыг үнэхээр ЗХУ-д нэгтгэх хүсэлтэй байсан бол анхлан маршал Х.Чойбалсан, түүний дараа Намын Төв Хорооноос тогтоол гаргаж ЗХУ-ын бүрэлдэхүүнд орох тухай тавьсан саналыг дуртайяа хүлээж авах байсан бус уу? Гэтэл тэгсэнгүй. 1944 оны 1 дүгээр сарын сүүлчээр Х.Чойбалсанг Кремльд урьж зоог барихдаа И.Сталин: “Чойбалсан бол ганцхан Гадаад Монголын удирдагчаар зогсохгүй, мөн нэгэн адил Дотоод Монголын удирдагч мөн” гэж хэлсэнээс үзвэл тэрбээр Монгол улсыг өөртөө нэгтгэх биш, харин тусгаар тогтносон улс болгох бодлоготой байсан нь илэрхий. Иймээс ч хойтон жил нь (1945 онд) Ялтад болсон холбоотон гүрнүүдийн тэргүүнүүдийн Бага хурлаар БНМАУ-ын статус-квог тогтоож, Японы эсрэг дайнд оролцох нэг нөхцөл болгон шаардаж Монгол улсын тусгаар тогтнолыг Дундад иргэн улсаар (Чан Кайшигээр) зөвшөөрүүлж чадсан зэрэг нь И.Сталин Монгол улсыг өөртөө нэгтгэж авах бодлогогүй байсныг улам ч тодорхой харуулсан билээ.

Тэгвэл Х.Чойбалсан, И.Сталин нарын нас нөхчсөний дараа Ю.Цэдэнбал болон Зөвлөлтийн удирдагчид БНМАУ-ыг ЗХУ-д нэгтгэх бодолтой байсан уу гэсэн асуулт аяндаа гарч ирж байгаа юм. Түүхэн хугацааны явцад энэ асуудал янз бүрийн өнгө аястай болж байсныг юуны өмнө тэмдэглэе.
Маршал Х.Чойбалсанг амьд сэрүүн байхад, Салчик Токагаар удирдуулсан Бүгд Найрамдах Тува Ард улс ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд багтан орохоор шийдвэрлэсэн 1944 оны долдугаар сард МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Улсын прокурор Б.Жамбалдорж Улс Төрийн товчоонд албан ёсоор тавьсан саналдаа: “Манай Монгол Улс Зөвлөлтийн аугаа их гэр бүлд багтах нь манай улсын цаашдын түргэн хөгжилд их л утгатай бөгөөд цаг нь болсон асуудал гэж би бодно”. “Зөвлөлтийн ард түмний эх орны дайны ... хүнд байгаа цагт монголын ард түмнээс ийм санал гаргахад манай хоёр улсын ах дүүгийн харилцаа найрамдал аль хэр бат бэх байгааг үзүүлэх нэгэн фактор болох юм. Зөвлөлтийн гэр бүлд багтах гэдэг санал бол гагцхүү над байгаа бус, олон түмэнд байгаа юм.” гэжээ.
Энэ санаа үүгээр хязгаарлагдсангүй 1950 оны 8 дугаар сард С.Авирмид, Б.Бадарч, Г.Галбадрах, Д.Төмөр-Очир, Ц.Дүгэрсүрэн, Л.Цэнд нарын нэр бүхий сэхээтнүүд “манай улсын одоогийн хөгжлийн зарим чухал асуудлуудыг лавлан асууж тодорхой хариулт авахыг хүсэн Чойбалсан, Цэдэнбал хоёрт захидал бичжээ. Түүнд дэвшүүлсэн 9 асуудлаас гадна өөрсдийн үзэл бодлоо жич бичиж хавсаргасан бөгөөд, түүнд Монгол улсад социалист нийгмийг бүрэн байгуулахын тулд материал-техникийн хүчирхэг баазтай байх ёстой. Тийм баазыг бидэнд гагц Зөвлөлтийн аж үйлдвэр тавьж өгөх ёстой. Гэхдээ бид Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд багтан орсон тухайд тийм баазтай болж чадна. Нэгэнт учир ийм болоход манай улс өөрийн амьдрал ба хөгжлийн шаардлагаар эрт орой хэзээ боловч тэрхүү холбоонд багталцан орох нь гарцаагүй болж ирнэ” гэж бичсэн байв.

Тэдний энэ үзэл баримтлал, санал бодлыг эхний үед Х.Чойбалсан зэмлэн буруушааж байсан бол Ю.Цэдэнбал харин ч дэмжиж бас л зэмлүүлж байжээ. Тэрбээр, ЗХУ-ын бүрэлдэхүүнд сайн дураар багтан орох нь хамгийн найдвартай дөт зам гэсэн саналыг дэмжиж “Хэрэв чингэвэл, Монгол үндэстэн мөхөж сөнөхгүй төдийгүй, харин ч эдийн засаг, соёлын талаар цэцэглэн хөгжиж чадахыг Зөвлөлтийн холбооны улсуудын жишээ тодорхой харуулж байна шүү дээ” гэж ятгахад Чойбалсан уурлаж “Төр улс нь устчихвал, яваандаа үндэстэн ястан нь устахгүй яах вэ?” хэмээн эрс няцааж байсан тухай баримт бий.
Маршал Чойбалсанг талийгаач болсоны хойтон жил (1953 он) И.Сталин нас барсан тул түүнийг оршуулах ёслолд оролцохоор явахынхаа өмнөхөн Л.Цэнд, Д.Төмөр-Очир нарын зургаан сэхээтний хоёр дахь удаагаа бичсэн захидлыг нь Улс Төрийн Товчоогоор хэлэлцээд БНМАУ-ыг ЗХУ-д нэгтгэн оруулах саналыг сайшаасан тогтоол гаргаж ЗХУКН-ын Төв Хороонд хүргүүлсэн гэж манай зарим түүхчид үздэг. ЗХУ-ын дипломатч, түүхч эрдэмтэн М.С.Капица бичихдээ, “Ю.Цэдэнбал Москва руу нисэхийнхээ өмнөхөн гэнэт ийм тогтоол гаргаж болохгүй тухай шийдвэр өгсөн” гэжээ.
Тэр тогтоол нь эдүгээ олдохгүй байгаа хэдий ч ямар нэг хэлбэрээр ЗХУ-ын дээд удирдлагуудад хүрсэн байлаа.

Ийнхүү хэлэх үндэслэл гэвэл, 1953 оны 3 дугаар сарын 8-нд В.Молотов Ю.Цэдэнбалтай уулзаж ярилцахдаа:
“ЗСБНХУ-д нэгдэх гэсэн асуудлын тань талаар Тантай ярихыг надад даалгасан юм. Танай энэ шийдвэр бол бүдүүлэг алдаа юм. Одоо бол цаг нь бишээ. Зөвлөлтийн империализмын тухай дахиад л ярьцгаах болно. Энэ шийдвэрээ цуцлах хэрэгтэй. Гэхдээ яахав, цуцлах л болж дээ. Танай энэ шийдвэрээс чинь болчимгүй зан ханхалж байна. Анхнаасаа зөвлөж ярих хэрэгтэй байсан шүү дээ... Ер нь танайд нэг нь нөгөөгөөсөө илүү зүүн тийш хэлбийх юм” гэж бичжээ.
Энэ ярианаас анхаарал татаж байгаа зүйл нь “Одоо бол цаг нь бишээ” гэсэн үг юм. Энэ нь ихээхэн учиртай, алсын зорилго бүхий санаа байсныг түүх сүүлд тайлж өгсөн билээ.
Ю.Цэдэнбал гуайч ЗХУ-д нэгдэж орох гэсэн анхныхаа бодлоос эрс татгалзаж Монгол улсынхаа тусгаар тогтнолын асуудлаар гуйвшгүй хатуу байр суурьтай болсон байна.
Дээрхи ярианаас хойш 20 жилийн дараа 1973 онд Л.И.Брежнев, Ю.Цэдэнбалтай уулзахдаа Болгарын удирдагч Т.Живков ЗХУ-д нэгдэн орох тухай шийдвэр гаргасанаа бидэнд саяхан мэдэгдлээ гэж хэлээд түүний санал бодлыг нь тандсан байна. Гэвч Ю.Цэдэнбал ямар нэг хариу хэлэлгүй өнгөрч байжээ.

Үүний дараа 1976 оны 8 дугаар сард Болгарын Варна хотод амарч байхад нь ЗХУ-аас Болгар улсад суугаа Элчин сайд В.Э.Пазовский уулзаж ярилцахдаа: “нөхөр Живков Болгарыг Зөвлөлт Улстай нэгтгэх асуудлыг тавьж байгаа юм. Нөхөр Брежнев 73 онд ирээд хариулахдаа Югослав, Румыныхэн буруу ойлгож мэднэ. Та нар яарах хэрэггүй. Танай улсын өмнө талд урьд эрх чөлөөгөө олсон Монгол улс байгаа юм... Тэд яараагүй байна шүү дээ...” гэжээ. Энэ ярианаас үзвэл Брежнев эхлээд Монголыг ЗХУ-д нэгтгэх бодолтой байсан нь илэрхий. Тэгэхдээ яарахгүй, үйл явцын дундуур аажим шийднэ гэж үзэж байжээ. Молотов, Брежнев хоёрын аль аль нь Монголыг яваандаа ЗХУ-д нэгтгэх саналыг үгүйсгэдэггүй хүмүүс байсан нь энэ бүгдээс тодорхой.
Болгарыг ЗХУ-тай нэгтгэх гэсэн Болгар-Зөвлөлтийн удирдагчдын сэтгэлийн хөөрөлд Ю.Цэдэнбал автагдаагүй бөгөөд нэг улсыг нөгөөтэй нь нэгтгэх биш, эхлээд эдийн засгийн талаар ойртон нягтруулах нь чухал гэсэн байр суурьтай байжээ. Энэ талаар ЗХУ-ын дипломатч Ш.Г.Надиров “Ю.Цеденбал 1984 год” номондоо “Социалист орнуудыг бүх талаар ойртуулан нягтруулах зарим арга хэмжээний тухай ЗХУКН-ын Төв Хороо, СнЗ-ийн тогтоолын талаар танилцуулахад минь, хэд хэдэн санаа хэлээд танилцуулсан бичгийн буланд “БНМАУ-ын тусгаар тогтнол, бие даасан байдлыг хадгалсан нөхцөлд” гэсэн цохолт хийсэн билээ хэмээн бичжээ.
Энэ нь Ю.Цэдэнбал ЗХУ-ыг эрхэмлэн дээдлэж, түүний дэмжлэг тусламжинд тулгуурлан улс орноо хөгжүүлж байсан боловч Москвагийн зааврыг тэр бүр хүлээж авахгүй, эвтэйхэн зайлсхийх арга тактик сүвэгчилж чаддаг байсных нь нэг илрэл бизээ.

Ю.Цэдэнбалын гадаад бодлогын бас нэг чухал чиглэл нь тэр үеийн “хүйтэн дайны” нөхцөл, ЗХУ, БНХАУ-ын хооронд нэн хурдацмал байдал үүссэн түгшүүртэй цаг мөчид улсынхаа тугсаар тогтнолыг улс төр, дипломатын аргаар Хятадын санаархлаас хамгаалах асуудал байлаа. Хятадын санаархал гэдэг нь Манжийн дарлалаас Монголтой хамт ангижирсан тэр цагаас эхлэн улмаар, Мао Зедүний үед болон дараа нь манай улсыг Хятадад нэгтгэн авах бодлого тууштай явуулж байсан явдал юм. ЗХУ-ын дээд удирдлагуудад энэ асуудлыг нэг бус удаа тавьж гэрээ хэлэлцээр хийж зөвшөөрүүлж амжсан удаатай ч тэр нь бүтэлгүй болсон ба сүүлдээ олон улсын байдал Монголд нэн ашигтай өөрчлөгдсөн сүүлийн үеийн нөхцөлд ч тэр асуудлаа тавьсаар байлаа. 1960-аад оны үед ЗХУ, БНХАУ-ын харилцаа эрс муудаж Даманск арлын төлөө зэвсэгт мөргөлдөөн хийж байдал ихээхэн хурцадсан нөхцөлд Ю.Цэдэнбал ЗХУ-д хандан зөвлөлтийн цэрэг, байлдааны техникийг Монголд оруулах хүсэлт тавьж хэрэгжүүлсэн бөгөөд энэ нь Монгол, Орос (ЗХУ)-ын түүхэнд болсон гуравдахь удаагийн онцгой ажиллагаа байлаа.

Ю.Цэдэнбал БНХАУ-ын удирдагчдаас БНМАУ-ын тусгаар тогтнолыг үйл ойшоон явуулж байсан бодлогын эсрэг ямарч гуйвалт дайвалт, эргэлзэх зүйлгүй тууштай тэмцэж байсан юм.
ЗХУ-ын нам, төрийн тэргүүнүүд ойр ойрхон нас нөхчөж дотоод байдал нь нилээд түвэгтэй болж өөрчлөн байгуулалт хийх, гадаад бодлогодоо эрс шийдвэртэй өөрчлөлт хийх урьдчилсан нөхцөлийг бүрдүүлж байх үед М.С.Горбачев тэргүүтэй шинэ лидерүүдэд Ю.Цэдэнбалын Хятадын эсрэг хатуу байр суурь төдий л таашаагдаагүй гэдгийг Элчин сайд асан миний бие ямар нэг хэмжээгэр гадарлаж байсан. БНХАУ-тай харилцаагаа хэвийн байдалд оруулахын тулд тэд нар Ю.Цэдэнбалаас зөөлөн байр суурьтай удирдагчтай ярих, өөрийнхөө дотоодын зүтгэлтнүүдийн заримыг нь халж солих алхам хийсэн болов уу гэж би хувьдаа боддог. 1984 онд Монголын дээд удирдлагад хийсэн өөрчлөлт үүнтэй ямар нэг холбоотой байж ч мэдэх юм.
Эцэст нь хэлэхэд миний бие Прага хотноо “Энх тайван, социализмын асуудал” сэтгүүлийн редакцид МАХН-ын төлөөлөгчөөр, ЗХУ-д Элчин сайдаар ажиллаж байхдаа манай улсын гадаад бодлогын асуудлаар түүнтэй ярилцаж, нэг бус удаа үүрэг даалгавар авч явсаны хувьд төрсөн сэтгэлдээ хэлье. Хорин хэдхэн наснаасаа Ю.Цэдэнбал Монгол улсынхаа тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөө 1939 ба 1945 оны дайнд оролцсон хийгээд анх 1945 онд Нью-Иоркд очиж БНМАУ-ыг НҮБ-д гишүүнээр элсүүлэх асуудалд тавьж байсан, мөн ЗХУ, Хятадын гол удирдагчидтай уулзан ярилцаж явсан зэргээс эх орон, тусгаар тогтнол гэсэн эрхэмсэг дээд ухамсар, ариун нандин ойлголт нь бүрэлдэж төлөвшсөн гэж би хувьдаа боддог.

Ю.Цэдэнбал Монгол улсын удирдагч байсан жилүүдэд дэлхий ертөнц цэрэг-улс төрийн хоёр бүлэглэлд хуваагдан үзэл суртлын “хүйтэн дайн” дэгдээсэн төдийгүй түүхэнд хамгийн их цус урсгасан “халуун дайн” шатаасан; манай хоёр аварга хөршүүд маань байснаа бие биенээ дайсан хэмээн үзэж чадахаа болиод, үе үе буун дуу гаргадаг болсон; ЗХУ-ыг эрхэмлэн шүтсээр яваад эцэстээ өөрөө Кремлийн хяналтад орсон зэрэг нэн ээдрээтэй, эгзэгтэй нөхцөл байдалд тэрбээр тусгаар тогтнолоо тууштай хамгаалсаар улсаа НҮБ-д гишүүнээр элсүүлсэнээс гадна, “БНМАУ-ЗСБНХУ-БНХАУ” гэсэн гурвалсан холбооны сүлжээнд хүч мөхөс гүрнийхээ язргуур эрх ашиг, стратегийн сонирхолыг туйлбартай хамгаалсан идэвхтэй гадаад бодлого явуулж хэрэгжүүлсэн тул түүнийг дэлхийд нэртэй том дипломатч мөн гэж зүй ёсоор үнэлэх нь түүхэн үнэнд нийцнэ.

Ю.Цэдэнбалын түүхэн гавъяаг ганц өгүүлбэрт багтааж товчхон хэлбэл, тэрбээр дэлхийн хөгжлөөс олон зуун жилээр хоцорсон Монгол улсад шинэ соёл иргэншлийн гэрэл туяа тусган ард түмнээ гээгээрүүлж, соёлжуулж, нийгмийн халдварт өвчнөөс салган эрүүлжүүлсэний гадна феодализмын үед огт байгаагүй эдийн засгийн цоо шинэ цогцолбор буй болгосон төдийгүй, үе үеийн өвгөд дээдсийнхээ алтан амиараа олж авсан тусгаар тогтнолыг нүдний цөцгий мэт хайрлан баттай хамгаалж, улсынхаа нэр алдрыг даян дэлхийлд цууриатуулж чадсан Монголын XX зууны төрийн нэрт зүтгэлтэн, цогт эх оронч, холын хараатай улс төрч мөн бөлгөө.

Шинжлэх ухааны доктор (Sc.D.), профессор,
МУИС-ын Олон Улсын Харилцааны сургуулийн багш Ц.Гүрбадам

No comments:

: