Sunday, March 29, 2009

БУУНЫ СУМ БУРХНЫ ЗАРЛИГ БАЙЛАА


Ахмадууд маань ямар атаархмаар ой сайтай хүмүүс вэ? Аль ч талаараа “яс сайтай” гэдэг аргагүй үнэн юмаа. Мижигийн Чимэдцэрэн гуай тэдний бие төлөөлөгч. Тэрээр 78 настай, 30-аад оны Аюулаас хамгаалах байгууллагын эмэгтэй ажилтнуудаас эдүгээ амьд сэрүүн байгаа цөөн хүний нэг ээ. Өвөрхангай аймгийн Баянгол сумын харъяат, бяцхан охин одоогоос 60 гаруй жилийн тэртээ эцэг, эхээ даган Улаанбаатар хотод иржээ. Таван жилийн турш хотын бага сургуульд онцсайн суралцсан түүнийг шилдэг сурагчдын хамт оюутны сургууль /багшийн сургуулийг ингэж нэрлэдэг байжээ/-д шилжүүлэн суралцуулав. Багшлах боловсон хүчин нэн шаардлагатай байсан тэр цагт ирээдүйн багш нарыг бэлтгэх ийм арга бас байлаа. Цэвээн Жамсранов, Эрдэнэбат хаан, Жамъян гүн, Шагж /монгол хэлний толь бичиг зохиогч/, Цэвэгжав, Ишдулам зэрэг монголын үндэсний сэхээтний сор болсон эрдэмтэн багш нараар хоёр жил ном заалгаж, Далхжав /Ардын багш агсан/, Циенжав, Дамдинсүрэн /ахмад нэрт сэтгүүлч/ зэрэг нөхдийнхөө хамт сургуулиа дүүргээд хотын бага сургуульд багш болжээ. Удсан ч үгүй түүнийг хотын намын хороо бичээчээр “дэвшүүлэн” ажилд аваад байтал Дотоодыг хамгаалах газрын улс төрийн хэлтсийн дарга Лувсанжамбаа гэнэт дуудан, өөрийнхөө хэлтэст бичээч болгожээ. Энэ бол 1934 оны 4-р сарын 16-ны өдөр.
Тэгэхэд би дөнгөж 18 настай байлаа. Насаар надаас дөрөв, тав ах Данзан-Очиртой хоёулаа хүн ардын санал сэтгэгдэл, лам нарын тухай, боловсролын салбар дахь элдэв гажуудал дутагдлыг өгүүлсэн олон арван мэдээг зогсоо зайгүй машиндаж, удирдлагын тушаал, даалгаварыг биелүүлдэг байлаа. Дотоодыг хамгаалах газар ёстой шижигнэсэн сайхан залуучуудаар дүүрэн байсан юм. Сайн, муу чухам юу хийж байсныг би мэдэхгүй. Ямар боловч тэд хүчээ дайчлан, өндөр хариуцлагатай, цаг харамгүй ажиллаж байсан. Даргын тушаал хууль, дарга гэдэг хүн жинхэнэ дарга шиг дарга байсан юм. Дарга нараа эгцэлж харахаас ч бараг эмээдэгсэн. Айж хулчийсандаа биш, хүндэтгэн биширдэгтээ тэгж заншсан юм. Дотоод яамыг муулахад би үнэхээр дургүй. Дотоод яам гэдэг завхрал хийсэн цөөн дарга, удирдлага биш, том, нэр хүндтэй хамт олон. Завхралыг дуртайдаа тэд хийгээгүй, шахалт дарам тын гайгаар хийсэн гэж боддог. Хүчээр завхрал хийлгэчихээд эцэст нь Дотоод яамны шилдэг дарга, боловсон хүчнүүдийг хойш нь баривчилж аваад явчихсан юм. Одоогийн УАБХЕГ-ын өмнөхөн байсан улаан дүнзэн дан байшинд Зөвлөлтийн 17-р армийн тусгай хэлтэс байрладаг байлаа. Нэг үдэш Дотоод яамны олон дарга тэнд дуудагдаж очоод, эргэж ирээгүй юм. Машинд нь дайгдаж, зуслан явдаг байсан бидний хэдэн бүсгүй, даргаа хүлээгээд оройжин зогссон жолооч нараас нь хожим мэдэж билээ. Тэгэхэд Дотоодыг хамгаалах газарт зөвлөлтийн талаас ерөнхий сургагч, орлогч сургагч, тасгийн сургагч, боловсронгуй төлөөлөгч гээд тэдний дор халимаг, буриад орчуулагчид байсан юм. Ерөнхий сургагч Кичиков гэж царай муутай хүн байсан. Орос хүн бишдэгээ, бага ястан байсан болов уу. Тэр үед сургагчдын тушаал ёстой бууны сум, бурхны зарлиг байлаа.
Дотоод яамныхан харгислаж байсан гэж эдүгээ бараг амтай бүхэн мэдэмхийрч хараадаг болжээ. Юм үнэнээрээ сайхан. Ардчилал гэдгийг би хувьдаа үнэний төлөө тэмцэл гэж ойлгодог.
Бичээчийн хувьд машиндсан зүйлээ төлөөлөгч бүрд өрөөнд нь оруулж өгдөг байв. Хүн байцааж суугаа олон төлөөлөгчтэй тааралдсан. Зодож нүдсэн, харааж хашгирсан хүн ер хараагүй. Хөл газар хүрэхгүй өндөр модон сандал дээр байцаагдсан хүн бүрийг суулгаад, мэдүүлэг авдаг байсан гэж сонин хэвлэлд бичиж, радиогоор сүр бараатай ярихыг сонсоод гайхдаг юм. Дотоодыг хамгаалах газарт одоогийн Туул рестораны өмнө замын урд байсан хоёр давхар хүрэн дүнзэн байшинд байрлаж байгаад сүүлд нь Улсын банкны арын шинэ байранд орсон. Хуучин байранд бидний хэрэглэж байсан бүдүүвтэр хийцийн матмал сандлуудыг шинэ байранд аваачиж, ажилтнуудад тавьж өгсөн. Тэр сандал дээр суухад миний л хөл лав чөлөөтэй газарт хүрдэг байсан юмдаг. Тусгай, цөөн өндөр сандал байсан байж мэдэх юм. Ажилтнуудын өрөөнд байсан матмал сандлуудын олонхи нь л лав ердийнх байсныг би мэднэ. Харин намайг Дорнод аймгийн тусгай хэлтэст бичээчээр ажиллаж байхад хоёр төлөөлөгч байцааж байсан хүнээ хадаастай сандал дээр суулгасан, дан цамцтай нь гадаа гаргаад оруулж ирээд л гал өрдсөн халуун пийшингийн дэргэд зогсоож байсан ганц тохиолдлыг харснаа насан туршдаа мартдаггүй юм.
1945 он. Дотоод яамны цэргийн тусгай хэлтсийн бичээч Чимэдцэрэн бичээч, нарийн бичгийн дарга, аж ахуйн няравын үүрэг хавсран тусгай хэлтсийн 25 ажилтан, салаа цэргийн хамт тулалдааны замаар Долон нуур хүртэл явж үүрэг гүйцэтгэжээ. Онгоны отрядаар дамжин хил давлаа. Монгол улсын эсрэг тагнан турших үйл ажиллагаа явуулж байсан Японы тагнуулын пункт алхам тутамд тааралдана. Тусгай групп японы тагнуулчдыг илрүүлэн баривчилж, байлдааны замыг цэвэрлэж явлаа. Гоминданыханд монголчууд Монгол эх оронтой гэдгээ санал нэгтэй илтгэн харуулах сонгуулийн үйл ажиллагаа орон даяар эхлэхийн өмнөхөн тэд эх орондоо буцаж иржээ.
1948 он шиг санагадана. Дотоод яамны тагнуулын газрын дарга намайг дуудаж, хилийн чанадад ажиллах гүйцэтгэх тагнуулын группын шифрлэгчээр явах болсныг мэдэгдсэн юм. Бичээчийн хажуугаар богино хугацаанд шифрлэгчийн мэргэжил эзэмшсэн. Гүрсэд, Лувсанбалдан, Зундуй гээд хэд хэдэн нөхдийн хамт явлаа. Машинаар Нөмрөгийн гол хүрэв. Нөмрөгийн голыг резинэн завиар гаталсны дараа Хятадын ардын чөлөөлөх армийн нөхөд тосон авч, морин тэргээр халуун рашаан хүргэв. Машинаа морин тэргээр сольсноос эхлээд сэтгэл хачин эвгүйтэж, хүний газар өнчин хоцрох шиг болсон. 1949 оны хавар дахин тагнуулын группын бүрэлдэхүүнд орж, шифрлэгчээр томилогдов. Миний нөхөр хурандаа Вандан манай группыг толгойлж явсан юм. Бээжин, Харбин, Мүгдэнд жил шахам тагнуулын үүрэг гүйцэтгэж, хятадын ардын чөлөөлөх армийнханд туслаад, эцэст нь Хайлаараас эх орондоо буцаж ирж билээ. Хятад хар хөвөнтэй цамц, шаахай өмсөн, зүсээ хувиргаад үүрэг биелүүлнэ. Хятадын армийн тусгай албаныхнаас нь бусад нь биднийг монгол хүн гэж үл мэднэ. Бага ярьж, ихийг хийж явсан. Хүний газар ингэж амь дүйсэн үүрэг гүйцэтгэхэд эхлээд эцэг эх, дараа нь эх орон ямагт элэг зүрхнээс уяатай байдаг юм. Эх нутгийнхаа барааг харахаар чулуун зүрхтэй хүний ч нүдний нулимс аяндаа гарах бололтой юм билээ….
Дотоод яамны цэргийн тусгай хэлтсийн бичээч Чимидцэрэн ийнхүү эх орон, хөрш их гүрний ард түмний тусгаар тогтнол, аз жаргалант амьдралын төлөө гадаад тагнуулын онцгой даалгавар гүйцэтгэсэн манай ховор бөгөөд гавьяатай эмэгтэйчүүдийн нэг ээ. Чимидцэрэн гуай өгүүлэх нь:
Цаг өөрчлөгдөж, амьдрал хуулиа л дагаж байна гэж боддог. Их ч үймж будилах төлөвтэй. Эцэстээ сайн сайханд хүрэх болов уу гэж найдна. Радио сонсож суухад сэтгэл зовниж, бухимдал төрүүлэхээр зүйл зөндөө. Гэмт хэрэг, шудрага бус явдал, дан ганц хувийн ашиг сонирхлын тусын тулд улс эх орноо эдийн засгийг сарниулан бусниулах дутагдл гаарч гүйцлээ. Ийм булай бузартай цагтаа бид дотоодыг хамгаалахынхан хайр найргүй тэмцэж байсан юм. Эдүгээ аюулаас хамгаалахынханд яаж ч ханддаг болоов дээ. Их, бага хурлаар очиж хамаг нууц бичиг, хэргий нь үзсэн ч гэх шиг. Бодсон санасандаа хүрлээ гэж Элбэгдорж ярьсан ч гэх шиг элдэв л юм дуулдах юм. Аюулаас хамгаалах байгууллагад олон жил ажиллаж, жаргал зовлонг нь хуваалцсаны хувьд маниасаа дор сэтгээгүй байгаадаа гэж гайхаж сууна. Ажиллах чиглэлийг нь өөрчлөх шаардлага гарч болно. Тэгэхийг хэн ч үгүйсгэхгүй. Харин хүч чадлыг нь сулруулж боловсон хүчний нь үрэн таран хийнэ гэвэл хэзээ ч нөхөж барагдашгүй завхрал гажуудал болно гэдгийг хатуу хэлэх байна. Хожимдоогүй дээрээ алдаа завхралдаа дүгнэлт хийж, улс орныхоо аюулгүй байдлыг сахиж хамгаалах найдвартай баталгаа бий болгохгүй бол Монгол улс маань ямар ч юмны зөөлөн идэш болохыг хэн байг гэхэв. Баталгаа бий юу? Хэрэгтэй, зайлшгүй хэрэгтэй гэдэг нь ухамсартай, эрүүл саруул иргэн бүрт ойлгомжтой биш үү гэлээ.

У.Амарсайхан

No comments:

: