Sunday, March 29, 2009

“МОНГОЛЧУУД ХҮНИЙ МУУД ДУРГҮЙ АРД ТҮМЭН….”

У.Амарсайхан

“Хамаг хэргийн эзэн” гэгдэж өөрчлөлт шинэчлэл эхэлснээс чихнээс нь хонх уясан Аюулаас хамгаалахын газрын дарга, Дотоод Яамны орлогч сайд асан Бат-Очирын Жамбалдорж гуайтай уулзаж, юм сонсох хүсэл байвч, “яадаг бол” хэмээн хэрэндээ сэрэмжилсээр бодол санаагаа түүнд хэлбэл тун ч уриалгахан хүлээж авсан билээ. Жамбалдорж гуай телевизийн нэвтрүүлэгт оролцож байхдаа унжгардуу хүн шиг харагдаж байсан (тэгж харуулсан ч юмуу) харин яг нүүр тулж учрахаар огт өөр юмаа. Эдүгээ нас сүүдэр 84 зооглосон гэхэд ухаан санаа нь надаас илүү, яриа хөөрөө нь эмх цэгцтэй, босч суух нь тун ч ханган шингэн ажээ.
-Та ямартай ч олны анхаарлын төвд байлаа. Аль нутгийнх вэ?
-Богдхан уулын аймаг, Хоёр Өлзийт уулын хошууны Баясгалант сумын харъяат, одоогийнхоор Дорноговь аймгийн Өлзийт сумынх гэсэн үг.
-Аав ээжийгээ хэр мэдэхэв?
-Аавыгаа огт мэдэхгүй. Би бутач хүн. Өвөг эцгийн талын Бат-Очир гэдэг хүнээр овоглосон юм. Ээжийгээ бол сайн мэднэ. Миний ээж Сугар гэдэг хүн байсан юм. Би 13 настай ардын хувьсгалтай золгосон. “Богд гэгээнийг уул далдалжээ” гэж ээжийн хэлж байсныг сайн санаж байна. Богд хаан таалал төгсч, шинэ хувьсгалт монгол улсыг тунхаглаж байсан хэрэг юм билээ. Ээж намайг Гүнчин гэлэн гэдэг нутгийн ламд шавь оруулсан юм. Малыг нь маллаж, зарцлагдаж, ном заалгана. 1927 онд юмаадаа. Хошууны дэргэдэх бичиг үсгийн түр курст суралцаж, 1928 оноос Баясгалант сумын нарийн бичгийн дарга болсон.
-Төрийн хар хүн болсон юм биздээ?
-Яг тийм. Сумын захиргааны дарга, нарийн бичгийн дарга, зарлага гэсэн гурван хүн сумынхаа бүх албан ажлыг эрхэлж явуулна. Ганц том гэрт гурвуулаа амьдарна, хоол ундаа хийж иднэ, албан ажлаа явуулна. Өртөөний дэргэд ардууд ээлжээр уяачин хийнэ. 1930 онд Мандах сумын даргаар дэвшив. Хэдхэн сар алба хашиж байтал манай сумын Гэндэнсүрэн бид хоёрыг хошуунаас Улаанбаатар хотноо хамтралын нягтлан бодогчийн курст томиллоо. 1931 онд төгссөн юмдаг. Чандмань, Хантайшир, Цэцэрлэг, Мандал, Богд хан, Хан хэнтий уулын таван аймаг байсныг татан буулгаж, 13 аймаг байгуулав. Манай аймаг Өмнөговь нэртэй боллоо. Курсээ төгсөөд иртэл Дэлгэрхангай уулын ард олон гэр барьжээ. Шинээр байгуулагдсан аймаг нь энэ ажээ. Ж.Самбуу (АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга асан) гэдэг хүн аймгийн дарга нь гэнэ. Намайг Баясгалант суманд хамтралын нягтлан бодогчоор томилов. Хамтралд ядуу, дунд ардууд 100 хувь нэгдсэн гэсэн мэдээ байлаа. Гэхдээ малыг нь нийгэмчлээгүй ажээ. “Феодал хэмээх нударганчууд”-ыг хамтралд оруулахгүй байв. Хамтрал жин тээх зэргээр л жаал жуулхан юм олно. Дарга, нягтлан бодох хоёрын орон тоотой байлаа. 1932 оны хавар намайг аймгийн намын хорооны зааварчлагчаар томилов. Ганц удаа хөдөө ажлаар яваад иртэл “Шинэ эргэлт” эхэлсэн байлаа.
-“Шинэ эргэлт” танай аймагт хэр өрнөсөн бэ?
-Мал тариалангийн яамны сайд Х.Чойбалсан тэргүүтэй, орос зөвлөх дагалдсан, Бадмаев гэдэг орчуулагчтай, Сангийн яамны орлогч сайд, эмэгтэй Цагаанхүү бүрэлдэхүүнтэй Төв хороо, ЗГ-ын төлөөлөгчид ирсэн байв. Үүний өмнөхөн МАХН-ын Төв хороо, Намын төв хянан байцаах комиссын онц гуравдугаар бүгд хурал хуралдаж нугалаа, завхралыг засах, шинэ эргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх шийдвэр гаргасан юм билээ. Баруун дөрвөн аймаг, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Завханд хувьсгалын эсэргүү бослого, үймээн гарч дуулиан болсон байлаа. Тэгэхэд “Коминтернээс МАХН-д захидал ирүүлсэн юм гэнээ” гэсэн яриа байсан. Уг захидалд “Монгол улс ямар байх вэ” гээд “Монгол нь шинэ маягийн хөрөнгөтний ардчилсан БНУ-ын шинжтэй тогтнож чадна” гэж заасан гэдэг. Хэсэгтээ энэ чиг шугамыг баримталсан. Одоогийн бодлоготой тохирч байсан нь эдүгээ сонин санагддаг юм. “Шинэ эргэлт” эрч хүчээ авч хамтрал, коммуныг тараасан. Лам нарыг хар болгохыг больсон. “Уургын улаа” хэмээх албанаас ядуусыг чөлөөлсөн. МАХН-ын 3-р шалгалт явагдав. Намын хорооын зааварлагч байсны хувьд уг шалгалтыг сайн мэдэх юм. Аймгийн төвд босгосон том эрээн асарт шалгалт явагдана. Хүмүүс дураараа орж гарч, хавь ойр нь морь мал багширч, олны хөл үймж, хөдөлгөөнтэй, чөлөөтэй басхүү нам тайван байсан юм. Хааяа Чойбалсан биеэр ирж шалгалтанд сууна. Намын гишүүд асуултад хариулж, бодсон санаснаа ний нуугүй ярина. Одоогийн ил тод байдал яг санагддаг. Хүн бүр дээр тогтоол гаргана. Нууцлахгүй, шууд л уншаад өгчихнө. Намаас сайн дураараа гарах нь гарцгааж, намын бат илэрхийлэх бөөн бөөнөөрөө намын хороон дээр ирдэгсэн. Цэргийн хэлтэст цэргийн бүтгэл овоолгоостой. Залуу лам нар сүм хийддээ буцаж очсон нь энэ. Нударганчуудыг хавчдагаа болив. Тэгэхдээ ядуусыг хялайхгүй. Ерөнхий сайд Гэндэнгийн “Баяжихтун” гэдэг лоозон гарав. Нам, эвлэл, үйлдвэрчний ажилтнууд морин өртөөгөөр явах эрхгүй болов. Эдгээр байгууллагад төвөөс багахан төсөв хуваарилна. Түүгээр нь морь тэмээ худалдан авч унаагаа залгана. Нугалаа, завхралын өмнө МАХН давамгайлж байснаа шинэ эргэлтээс хойш засаг захиргаа давамгайлах эрхтэй болов. Аймгийн намын хорооын дэргэд Намын төв хянан шалгахын төлөөлөгч гэж бас нэг намын хороо байлаа. 1932 оны намар аймаг, хотын намын бүгд хурлаар Төв хянан шалгах комисс татан буугдаж, аймгийн намын комисс байгуулагдав. Уг комисс урьдах комиссын адил улс төр, аж ахуй гэхчлэн бүх ажилд дур мэдэн оролцох эрхгүй бөгөөд зөвхөн намын гишүүдтэйгээ ажиллаж, гишүүдийнхээ сахилга хариуцлагын асуудлыг авч хэлэлцэнэ. Намайг комиссын даргаар томилов. Ганц орон тоотой, гишүүд нь орон тооын бус. Тийнхүү нам хүртэл шинэ эргэлтийн бодлогод татагдсан юм. Монголд байсан төвдийн том лам Сүмбэр ренченбу Улаанбаатараас Өмнөговийг дайрч өмнөд хил нэвтрэв. Маш олон тэмээ ачаа, малтай явсан. Төвийн зөвшөөрөлтэй гээд ямар ч саадгүй, гаальгүй өнгөрүүлсэн. НТХ-оос тусгай төлөөлөгч хүртэл ухуулга хийж, ийнхүү хилээр чөлөөтэй гарах учиртай болохыг ярьж явсан. “Богдын хамаг алтыг аваад гарсан юм гэнэлээ” гэсэн яриа байдаг үнэн, худлыг бүү мэд. 1934 оны намар намын 9-р их хурлын өмнөхөн намайг Өмнөговь аймгийн намын хорооны даргаар, намын их хурлаар НТХ-ны гишүүнээр сонгосон юм. НТХ-ны гол дарга байсан Элдэв-Очир намынхаа их хуралд оролцож чадаагүй, өвчтэй гэртээ хэвтэж байлаа. Тэр радиогоор үг хэлсэн юмдаг. Их хурлын дараа НТХ-ны гишүүд Ленин клубын зүүхэнтэй, баруун тийшээ харсан том хөх хаалгатай хашаанд Элдэв-Очирын гэрт очиж хэвтэрт орсон түүнтэй уулзаж байсан юм.
-Таныг КУТВ-т сурч байсан гэж дуулсан юм байна?
-КУТВ буюу Дорно дахины хөдөлмөрчдийн коммунист их сургууль гэдэгт Москва хотноо 1936 оны 8-р сард саналаараа явсан. Их сургууль гэсэн нэртэй атлаа дунд боловсрол ч эзэмшээгүй хүмүүс очдог байсан юм. Би монголчуудынхаа намын үүрийн нарийн бичгийн дарга байлаа. Биднээс нэлээд нь гэнэт дуудагдаж нутаг буцсан. 1938 онд нутагтаа дадлага хийхээр ирэхэд НТХ-ны нарийн бичгийн дарга байсан Лувсандорж, ЭТХ-ны дарга агсан Содномдаржаа, Жагварал, Самбуу, Цагаан гээд бас нэлээд олон хүнийг буцааж явуулалгүй аваад үлдсэн. Бид 13-уулаа сургуулиа төгсөж ирсэн. Намайг Москвад суралцаж байхад НТХ-ны бүгд хурал болж, завхрал зэрэг элдэв асуудал авч хэлэлцэж байсан боловч НТХ-ны гишүүний хувьд намайг ганц ч удаа дуудаж оролцуулаагүй юм. 1939 оны 5-р сард нутагт ирснээс хойш төгсөгчдөд ажил өгч намайг хүлээлгээд байв. Ирсний дараахан НТХ-ны нарийн бичгийн дарга Лувсаншарав дуудаж, Дотоод яамны ажлын завхралыг засах тухай НТХ-ны нууц тогтоол уншуулж, “НТХ-ны гишүүний чинь хувьд уншуулж байгаа юм” гэж анхааруулав. Чойбалсанд даалгасан заалтууд байсан санагдана. Маршал Чойбалсан ДЯ-ны сайд болчихсон байсан үе 1939 оны 4-р сарын 22-ны өдрийн тогтоол байлаа. Үүний өмнө ДЯ-ны удирдах ажилтны зөвлөлгөөн болж ажлынхаа арга барилыг сүрхий шүүмжилцгээснийг би хожим мэдсэн. Уг зөвлөлгөөний шийдвэрийг үндэслэж, НТХ-ны нууц тогтоол гарчээ гэж би боддог. Лувсаншарав зөвлөлгөөнд оролцжээ. Тэрбээр зөвлөлгөөнд суугаад л завхралын асуудлыг мэдсэн хэрэг огт биш. Чойбалсан, Шүүх яамны сайд Цэрэндорж хоёрын хамт Онцгой комиссын гишүүн байсан хүн. Онцгой комиссын 50 удаагийн хурлын есд нь Лувсаншарав биеэр байж бусдад нь Баасанжав, Лосол, Насантогтох нар ээлжлэн оролцож, харин Цэрэндорж бүгдэд нь биеэр суусан юм билээ. Нэг удаагийн хурал гэхэд 1200 хүний хэргийг оруулж 80 хувьд нь дээд хэмжээ өгсөн байдаг юм. 1939 онд Онцгой комиссыг татан буулгаж, Дотоод яамны тусгай комисс байгуулсан. Энэ нь Онцгой комиссоос ялгаатай, зөвхөн Дотоод яамны ажлын нууцлалтай холбоотой асуудлыг авч хэлэлцдэг байлаа.
-Та хэдийд Дотоод яаманд очсон бэ?
-КУТВ-ийг төгсөж ирсний дараа хэсэг хүлээгээд гэнэт нэг өдөр Дотоод яамны сайд Чойбалсан ЗГ-ын ордонд дуудав. Хоёр орос хүн хамт байлаа. Дотоод яамны зөвлөх Мальков, Аюулаас хамгаалах газрын зөвлөх Скоков хоёр байсныг сүүлд мэдсэн. Намайг Аюулаас хамгаалах газрын даргаар томилов. НТХ-ны тэргүүлэгчдээр ч оруулаагүй юм. Тэндээс Мальков ЭСЯ руугаа явж, Скоков намайг дагуулж Дотоод яаман дээр очив. Дотоодыг хамгаалах газар Дотоод яам болон өргөжиж, сайдаар нь Улсын маршал өрлөг жанжин Хорлоогийн Чойбалсан томилогдсон байсан юм. Намайг бие бүрэлдэхүүнд ч албан ёсоор танилцуулсангүй. Аюулаас хамгаалах газрын дарга Насантогтох Холбооны газар очсон сураг сонссон, бид хоёр нүүр нүүрээ хараагүй, ажлаа ч хүлээлцсэн юмгүй. Эсэргүүцэн тагнах хэлтсийн дарга Баясгалан, улс төрийн хэлтсийн дарга Чимэддорж, мөрдөн байцаах хэлтсийн дарга Базарханд зэрэг хэлтсийн дарга нар уван цуван орж ирж ажлаа танилцуулна. Ийнхүү Дотоод яамны Аюулаас хамгаалах газрын даргаар 1939 оны 6-р сарын 14-нд НТХ-ны тогтоолоор томилогдсон юм. Бүтэн хагас жил ажиллаад Дотоод яамны орлогч сайд болсон.
-1939 оны 7-р сарын баривчилгаа явагдахад та Аюулаас хамгааах газрын дарга байж. Юу болсон юм бэ?
-1939 оны 7-р сарын эхээр НТХ-ны бүгд хурал хуралдсан 7-р сарын 8-нд бүгд хурал тарсан юм. Бямба гариг байлаа. Мальков, Скоков хоёр “бид маргааш амраадхая, Баянгол явлаа гээд яваад өгсөн”. Би ажил дээрээ ирсэн, 10 цагийн үед Чойбалсан утасдав. “Ороод ир” гэлээ. Явж орвол, “Чи явж НТХ дээр очоод Лувсаншарав байгаа эсэхийг мэдээд ир, зөвхөн байна уу, үгүй гэдгийг л мэдээд ирээрэй” гэв. Би очоод байгааг нь мэдээд буцаж иртэл Лувсаншарав надаас түрүүлж машинаар яаман дээр ирж портфель барьчихсан гол хаалгаар орж яваа харагдав. Намайг ороход Зөвлөлтийн элчин сайд Иванов Чойбалсантай хамт байлаа. Лувсаншаравыг оросууд баривчлаад авч явав. ЭСЯ-ны Лось гэхчлэн оросууд байсан санагдана. Чойбалсан намайг Дээд шүүхийн Даншийцоодол, Дотоод яамны Баясгалан зэрэг хэд хэдэн хүнийг олж дуудаж ирэх үүрэг өгөв. Шагдарсүрэн зэрэг зарим хүн олдоогүй. Дуудагдсан хүмүүс баригдсан юм. Өрөөндөө сууж байтал яамны жижүүр утасдлаа. “ЗГ-ын жижүүр утасдаж байна. Сайд, дарга нарын олон машин хүлээж байна. Жолооч нар нь яахав гээд асуугаад байна” гэхэд нь би “гэр гэртээ харьцгаа гэж хэл” (нэгэнт болсон явдлыг мэдсэн учир) гэж үүрэг өгөв. 7-р сарын 10-ны даваа гаригийн өглөө Мальков, Скоков хоёр Баянголоос ирлээ. Болсон явдлыг тэдэнд хэлсэнд “бидний хойноос унаа явуулахгүй яасан юм” гэлээ. Хоёр хоногийн дараа Скоков надад “Лувсаншарав хэргээ хүлээсэн. Чойбалсан, элчин сайд Иванов, Дотоод яамны зөвлөх Мальков нарыг алаад, улсын баярын өмнө төрийн эргэлт хийх гэж байсан байна” гэхэд нь би “ямар муухай юм бэ” гэж бодож үстэй толгой үнэнхүү арзайж байсан билээ. Түүнээс хойш би ч юм асуугаагүй, тэд ч юу ч хэлдэггүй байсан. Хэрэг явдалд бүрэн итгэж байлаа. Хожим нь НТХ-ны 1956 оны 4-р сарын бүгд хурлаар ЗХУКН-ын 20-р их хурлын дүнг хэлэлцэхэд өөрийнхөө тэнэг хийгээд, мухар сохор итгэн биширч, “үнэнч шударга” зүтгэж явсандаа харамссан юм. Скоков, “Дорнодод байсан цэргийн командлагч, орлогч жанжин Лувсандоной баригдаж, энэ хэрэг анх илэрсэн” гэж хэлж байсан. Зарим хүн Лувсандонойг Дотоод яам баривчилсан гэдэг. Энэ худал, оросууд баривчилсан юм.
-Оросууд их эрх мэдэлтэй байж дээ.
-Онцгой эрх мэдэлтэй байсан. Гол нь дөрвөн байгууллага. Намын төв хороо, Засгийн газар, Цэргийн яам, Дотоод яамны зөвлөхүүд бүх хэрэг явдалд биечлэн оролцдог байсан нь үнэн юм.
-Ер нь манайд японы тагнуул болон дээд удирдлагад энэ талын сэжигтэй хүн байсан гэж та боддог уу?
-Огт оргүй биш л гэж боддог.
-Та яагаад завхрал баривчилгаанд өртөөгүй юм бэ?
-“Жамбалдорж Лувсаншаравын мэдүүлгээр нэр нь илэрсэн учраас Дотоод яамнаас халсан” юм гэж Чойбалсан хэлсэн гэдэг. Энэ худал. Лувсаншаравын мэдүүлэгт миний нэр илэрсэн бол би тэр дороо буудуулчих байсан юм. Лувсаншаравын мэдүүлэг ил тод болвол аяндаа учир нь олдох учиртай. Баривчлагдаагүй үлдсэний тухайд гэвэл 1939 оны 7-р сар гэхэд би дотоод яаманд очоод сар ч болоогүй байсан. Хоёрт гэвэл эсэргүү хэрэгт дотоод яамнаас олон хүн нэгэнт татагдаад, учир нь олдохгүй байсан. Надад элдэв юм мэдэх бололцоо байгаагүй. Түүнээс биш ийм сүрхий хэрэг болж байхад аюулаас хамгаалах газар юу хийж байсан, хаана нь байсан гээд наад зах нь арга хэмжээ авах шүү дээ.
-Онцгой комисс татан буугдаад, дараа нь байгуулагдсан Дотоод яамны тусгай комиссын даргаар таныг томилсон гэж сонссон юм байна. Тусгай комисс юу хийв, онцгой комиссоос юугаараа ялгаатай байв?
-Тусгай комисс зөвхөн дотоод яамны нууцлал, үйл ажилтай холбогдсон асуудлыг авч хэлэлцэж байсан гэж дээр хэлсэн. Өөр гол онцлог гэвэл тусгай комисс дээд хэмжээ оногдуулж байгаагүй. Бидний сайных ч биш, комиссын ажлын заавар тийм байсан. Жишээ нь тусгай комисс 1939 онд 71 хүний хэрэг авч хэлэлцээд 44 хүнд хорих ял оноож, 34 хүнийг суллаж, урьд шийтгэгдсэн 27 хүний хэргийг цагаатгасан. Харин манай бэлдэж оруулсан 241 хүнд хорих ял өгч, 18 хүнийг суллаж, урьд шийтгэгдсэн 798 хүнийг цагаатгасан. Дээд шүүхээр оруулсан 120 хүний 20 нь дээд хэмжээ авсан. 1941 онд тусгай комисс 86 хүний хэргийг авч хэлэлцээд 23 хүнд дээд хэмжээ, 27 хүнд хорих ял өгч 36 хүнийг сулласан. Дээд шүүхээр оруулсан 161 хүний 39-нд дээд хэмжээ өгсөн юм.
-Тусгай комисс 1941 онд 23 хүнд дээд хэмжэ өгсний учир юу вэ?
-Сүүл рүүгээ дээд хэмжээ өгдөг болсон юм. Энэ тухай ямар шийдвэр байсныг эрээд олоогүй.
-Хөдөлмөрийн чинь дэвтрээс үзэхэд таныг НТХ 1941 оны 7-р сарын 19-нд ДЯ-ны орлогч сайдаас чөлөөлж, Шүүх яамны сайдаар томилсон байна. Яагаад өөр ажилд шилжүүлсэн юм бэ?
-Дотоод яамыг шалгарсан хүнээр толгойлуулах хэрэгтэй гэж ярьж байсан юм. Шагдарсүрэн Аюулаас хамгаалах газрын дарга болсон. Дараа нь Дотоод яамны сайд болсон. Намайг Шүүх яамны сайдаар томилоход НТХ-ны тэргүүлэгчдийн хурлаар оруулж, Улсын бага хурлын тогтоол гарч бүх юм журам номоороо хийгдсэн.
-Та Дотоод яаманд ажиллаж байсандаа харамсдаг уу?
-Хийх ёстой юмыг хийж байна гэж бодож, бүрэн итгэж, үнэнч зүтгэж явсан. Ямар сайндаа 1934 онд ардын хувьсгалын 13 жилийн ойг дарга Элдэв-Очир, Лувсаншарав, Лувсандорж гурвын гарын үсэгтэй сайшаалын үнэмлэх дээр 1939 онд би “эсэргүү” Лувсаншарав, Лувсандорж нарын гарын үсгийг өөрөө баллаж, сохолж байхав дээ. Ингэж “эсэргүү”-г үзэн ядаж явлаа. Үүний гэрч болсон сайшаалын үнэмлэх одоо хүртэл надад хадгалаастай байна.
-Чойбалсангийн талаар та ямар бодолтой байдаг вэ?
-Чойбалсан хувьсгал, монгол-зөвлөлтийн ард түмний найрамдалд хязгааргүй үнэнч байсан гэж би хэлнэ. Үүнийг түүний ажил амьдрал аяндаа нотолно. Боловсрол, онолын мэдлэг, бичиг үсэг муутай. Хэн ч дууриаж чадахааргүй “Чойбалсан” гэж хуучин бичгээр татлахгүй, хичээнгүйлэн гарын үсгээ зурдаг байсан юм. Эртнээс оросуудтай нөхөрлөсөн хүн. Хиагтаас хүрээ рүү орж ирэхдээ орос цэргийн ангитай хамт ирсэн. Хуйсагнуур зантай, намайг тоохгүй байна уу гэж хардах шинжтэй. Хэд хоног дуугаа хураачихаж мэднэ. Би байн байн орно. Ганцаараа байх гэж ер үгүй. Гол төлөв хоёр, гурвуул байна. Зөвлөлтийн элчин сайд Иванов байнга шахам байна. Ганцааранд нь ажил танилцуулах үед “зөвлөх, сургагчид танилцуулсан уу” гэж лавлана. Иванов хамаг эрх мэдлийг барьж байсан. Тэр дотоод яамны хүн. Монголд байхад нь генерал цол өгч байсан юм. Зөвлөлтийн армийн 17-р тусгай хорооны дарга, хурандаа Панин үе үе үзэгдэнэ. Оросууд үнэхээр бүгдийг гартаа атгаж байсан. Баривчилгаа явуулж, баривчилсан хүмүүсээ хойшоо явуулсан. Үүнд монголын тал оролцоогүй. Ивановоос хойш Чойбалсан өөр болсон. Биеэ даах шинжтэй болсон. Хөдөө, орон нутгаар их явна. Сайн малчидтай их уулзана, тэднийг их ч дэмжинэ. Архи сүрхий уусан үе бий. Дөрөв, тав хоног ажилдаа ирэхгүй ч удаа байсан. Сэтгэл нь хямардаг байсан байх. Харгис хэрцгий хүн биш. Дарамтанд байсныг үгүйсгэх аргагүй.
-Таныг үнэлдэг байсан уу?
-Хашир, томоотой, идэвх зүтгэлтэй гэж үздэг байсан санагддаг.
-Та УТТ-ны гишүүнээр хэр удаан ажилласан юм бэ?
-1947 оны 12-р сард УТТ-ны орлогч гишүүн, 1952 оны 5-р сард жинхэнэ гишүүн, 1954 оны 11-р сард дахин орлогч гишүүн болсон юм.
-Та хэдийд МАХН-аас хөөгдсөн бэ?
-1961 онд Дотоод яамны завхралын асуудлыг шалгах Гэндэн даргатай комисс гарч, 1962 оны 1-р сарын МАХН-ын ТХ-ны бүгд хурлаар намайг Улсын арбитрын газрын даргаас халж, намаас хөөсөн. “Хамаг хэргийн эзэн” Жамбалдорж гэж үзсэн. Би хамаг хэргийн эзэн биш. Дээрээ нам, засаг, даргатай байсан. Нам, засаг даалгахад манай оронд хэн ч байсан хэрэв “үнэнч” гэж бодсон бол энэ ажлыг хийх байсан. Үүгээрээ би өөрийгөө цагаатгаж байгаа хэрэг огт биш. Би амжилт, дутагдлын аль алиныг хүлээхгүй. Ганцаар дур мэдэн ажиллаж байгаагүй цаг. Энэ тухайгаа МАХН-д удаа дараа бичиж тайлбарласан.
-Та телевизийн “Хариуцлага” нэвтрүүлэгт оролцсон….
-Дожоодорж үнэн санаагаа хэлэхгүй, хөөрхөн хуурч оруулсан. Бодит байдлыг тодруулахаасаа өмнө намайг л шууд унагачих гэсэн атгаг муу санаатай байсан юм билээ. Телевизийн нэвтрүүлэг биш мөрдөн байцаалт шиг санагдсан. Бүгдийг аятайхан хуурч авчраад бие биесээр нь идүүлэх гэсэн бодолтой байсан санагдана. Ийм хүн хэвлэл мэдээллийн байгууллагад олон байвал тун аюултай. Хэвлэл, мэдээлэл гэдэг том зэвсэг. Ухаантай хүмүүсийн гарт байх ёстой хүчтэй эд.
-Ю.Цэдэнбалын тухай та ямар бодолтой байдаг вэ?
-1939 онд намайг Аюулаас хамгаалах газрын дарга болоход Санхүүгийн сургуульд байгаад удалгүй Сангийн Яамны сайд болсон. Тэгээд цааш дэвшсэн хүн. Эхэн үедээ нэлээд шудрага байсан. Өөрийгөө магтлаа гэж дургүйцэж ч байсан. Оросуудын нөлөөнд орж, хэт эрх мэдэл өгч, нэг талыг баримталсан. Жилд ил, далд хэд хэдэн удаа чухал цаг үеэр Орос, бусад оронд амарч, биеийн амрыг боддог байсан. Эхнэр нь ч нөлөөлсөн байх. Ажилсаг, мэдлэг чадвартайн хувьд өөлөх юмгүй. Гэхдээ их ухаантай хүн биш.
-Ил тод байдал, ардчилал танд сайнаар нөлөөлөв үү? Эсвэл муугаар нөлөөлөв үү?
-Сайнаар нөлөөлөхгүй яахав. Зөв ч бай, буруу ч бай юм үнэнээрээ, бодитой байх сайхан. Ганц талыг барьж туйлшрах л тун аюултай. Өнгөрсөн түүх үүнийг нотолж байна.
-Таныг “дотоод яамны Жамбалдорж” гэж бишгүй хараасан, хэвлэлд удаа дараа бичсэн. Хялайх, загнах, зүхэх, айлгаж сүрдүүлэх, сэтгэл санаагаар зовоох, элдвээр хавчих, дарамт үзүүлэх тохиолдол байсан уу?
-Харин энэ талаар гомдох юм надад бараг байхгүй шүү. Монголчууд хүний мууд дургүй, хүнлэг ард түмэн. Намайг хэн ч элдвээр зовоогоогүй. Цөөхөн атгаг муу санаатай хүний оролдлого нь явуургүй юм. Тэр тусмаа ил тод, ардчиллын цаг үед.
-Амьдарч буй цаг үеийнхээ талаар ахмад настны хувьд та юу хэлмээр байна?
-Зээл тусламжид дулдуйдмааргүй байна. 70 жилд 7 тэрбум рублийн зээл тусламж авсан гэдэг. Одоо 7 жилд хичнээн дойлуурын зээл тусламж авахыг бүү мэд. Монголчууд чаддаггүйгээ биш гэхэд чаддагаа хийж өөрсдөө өөрсдийгөө хөгжүүлэх юмсан. Литр сүү хоёр төгрөг байхад тийм сүүнээс коммунизм амтагдаж байхыг би мэдэхгүй юм. Харин одоогийн литр нь 70 төгрөгний үнэтэй сүүнээс цаанаа л нэг монгол биш юм амтагдаад байна.
Нээрээ монгол сүүнээс юу амтагдаад байгаа юм болоо? Уншигч та ажсан уу? Би л хувьдаа ажаагүй мөртлөө ажиглаад үзсэн ч олигтой юм олж мэдсэнгүй. Би ч би л дээ. Харин Жамбалдорж гуай юу хэлэх гээд байгаа юм болоо.

1993 он

No comments:

: