Tuesday, March 10, 2009

Хорлоогийн Чойбалсан


Дорнод Монгол түүхэн үйл явдлаар дүүрэн, олон арван түүхэн бие хүнийг төрүүлсэн өнө эртний түүхт нутаг болох нь шаштир цадигт мөнхрөн үлджээ. Тэдний дотроос Монголын ойрхи үеийн түүхэнд нүгэл, буяныг дэнслүүлэн орж ирсэн нэгэн томоохон түүхт хүн бол Хорлоогийн Чойбалсан юм. Тэрбээр 1895 оны II сард Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошууны зүүн Суваргачин отгийн хамжлага, малчин эмэгтэй Хорлоогийн 3 дугаар хүү болон төржээ. Уг нь түүний эцэг Манжуур дахь Дагуур Монголын газраас цагаачилж ирсэн Жамц хэмээх эр байсан аж.

Гэвч тэр нутаг усныхан, ялангуяа хошуу тамгын газраас түүнийг элдвээр хавчиж байсан учир Чойбалсангийн эх Хорлоотой бат бэх гэр бүл болж чадалгүй хүүгээ эхийн хэвлийд байхад орхин явсан байна. Харин Хорлоог ядарч байгааг дуулаад, Жамц буцаж ирж өргөж тойлж хүүгээ төрсний дараа Дугар нэр хайрлажээ. Хувь заяаны эрхээр Жамц тэнд удаан байж чадсангүй, яваад эргэж ирж чадалгүй өөд болсон байна. Нутгийнхны дунд:
"Дагуур гаралтай Жамц чинь
Дагуулах ханьтай болсон шүү
Даамай амраг Хорлоо минь
Сэтгэлээ тайлах болсон шүү" хэмээн дуу гарч байсан гэдэг.

Бяцхан хүү Дугар хоёр айл дамжин үрчлэгдэж, эцэст нь төрсөн эхийн гар дээр буцаж ирсэн бөгөөд өнчрөл хагацлын зовлонг амсан зүдсэн байна. Тэрээр 7 наснаасаа төвд ном үзэж, 13 насандаа Санбээсийн хүрээнд шавилан сууж сахил санваар хүртэн, Чойбалсан хэмээх нэртэй болсон байна. Чойбалсан хүү ном сурах бузгай төлөвийг олж байсан боловч хийдэд шавилан суух нь тун уйтгартай байсан аж. Иймээс тэрээр сүм хийдийг орхихыг санаархах болов. Чойбалсан 1910 оны зун хөдөөлөөд, буцаж Санбэйсийн хүрээнд суулгүй зүг буруулан, үеийн нөхөр Гэндэн-Яринпилийн хамт Их Хүрээнд ирж, хар бор ажил хийж амь зуух болов. Залуу хөвгүүн 17 насандаа Монгол улсын Гадаад яамнаас эрхлэн байгуулсан орос, монгол хэл бичгийн сургуульд тус сургуулийн багш буриад Данчиновын дэмжлэгээр орж суралцжээ. Жилийн дараа сурлага сахилгаараа шалгарч 1914-1917 онд Орос улсын Эрхүү хотноо 8 хүүхдийн хамт суралцжээ.

Тэрээр 1917 оны Оросын хувьсгалын улмаас нутаг буцаж ирж цахилгаан мэдээний түр сургууль дүүргэсэн байна. Чойбалсан Орост болж буй үйл явдлыг нүдээр үзэж учрыг ухан нутагтаа ирээд, үндэсний ардчилсан үзэлтэн Бодоотой дотно нөхөрлөсөн нь түүний цаашдын хувь заяанд эргэлтийн шинжтэй мөчлөг болсон юм. 23-хан настай залуу Чойбалсан 1918 онд эх үүсвэрээ тавьсан Консулын хувьсгалт бүлгийн гишүүн болж, хувьсгалын долоон нөхдийн бүрэлдэхүүнд багтаж, Эрхүү хотноо очин, их үйл хэргийг сэдэлцэж эхэлсэн юм. Тэрээр хувьсгалын хэрэгт идэвхийлэн оролцож, Ардын журамт цэргийн суртлыг номлогч, улмаар 1921 оны V сарын сүүлчээр баруун замын тусгай ангийн цэргийн захирагч, Ардын журамт цэргийн дэд жанжнаар тус тус томилогдон. хүчин зүтгэжээ. Иймээс ч Монгол оронд үүрлэсэн оросын цагаантныг устгах үйл ажиллагааг удирдахад онцгой гавъяа байгуулсан гэж Зөвлөлт Засгийн газар үзэж түүнийг Д.Сүхбаатар, С.Магсаржав нарын хамт 1922 онд Улаан тугийн одонгоор шагнан хөхиүлсэн юм.

1921 оны хувьсгалын дараа Х.Чойбалсан улс орноо илбэн тохинуулах өөрчлөх шинэтгэх үйлсэд залуугийн эрч хүч, харьцангуй өндөр боловсролтой, юм үзэж нүд тайлсны хүний хувьд ирмүүн зүтгэлтэй оролцсон юм. Юуны өмнө 1921 оны VIII сарын 25-нд МХЗЭ-ийн үүсгэн байгуулахад оройлон оролцож, Эвлэлийн Төв Хорооны анхны даргаар сонгогджээ. 1922-1931 оны үе бол Х.Чойбалсангийн амьдрал, Үйл ажиллагааны тухайд тун ороо бусгаа үе байв. «Бодоогийн хэрэг» гэгчид холбогдон намын орлогч гишүүн болон шийтгэгдэж, ЗХУ-д цэргийн сургуульд явсан боловч өвчний учир буцаж иржээ. Харин 1924 оны наллраас 1928 он хүртэл бүх цэргийн жанжин. 1929-1930 онд Улсын Бага Хурлын дарга байж, бас феодалын хөрөнгө хураах төв комиссыг толгойлж байлаа. 1930 онд Х.Чойбалсан "барууны үзэлтэн", архинд орсон гэх зэргээр шүүмжлэгдэж нэг хэсэг ажилтай, ажилгүйн хооронд гутрангуй явжээ. 1931 оны эцсээр тэрээр Мал тариалангийн яамны сайдаар томилогдож, дахин төрийн том албанаа дэвшин гарч ирсэн байна. 1934 онд Москвад очиж жпл шахам болжээ.

Мөн энэ үедээ «Лхүмбийн хэрэг» гэгчид нэр холбогдож байв. Москвад өнгөрүүлсэн жил шахмын хугацаанд Чойбалсан чухам юу хийж байсан тухай өдгөө хүртэл учир битүүлэг үлджээ. Зарим судлаачид архины эмчилгээнд явсан байх гэж таамаглах авч их зонхи нь Зөвлөлтийн тусгай албад түүнийг дахин сэнхрүүлэн боловсруулсан байх гэж үздэг. Учир нь түүнд 1935 оны III сард ЗХУ-аас суудлын 20 автомашин бэлгэнд ирж, удалгүй мөн оны эцсээр Сталины шууд санаачилга оролцоотойгоор Ерөнхий сайдын орлогчоор томилогджээ. Энэ үеэс түүний тасралтгүй өгсөн дээшлэх зам эхэлсэн юм. Сталин, түүний гар хөл бологчид, Коминтерн өөрсдийнхөө бодлого, үйл ажиллагааг Монголд үг дуугүй хэрэгжүүлэх хүнийг эрэн хайсаар сая нэг олсон бололтой. Удалгүй Чойбалсанг 1936 онд Дотоод яамны сайдаар хавсран томилжээ. 1930-аад оны сүүлчээр Чойбалсангийн гарт ихээхэн эрх мэдэл төвлөрч. улмаар тус улсын Засгийн газрын тэргүүний эрхийг хүчээр булааж, Сталины шууд гар хөл болон үй олон хүнийг хилсээр хэлмэгдүүлжээ.

Х.Чойбалсангийн толгойлсон "Онцгой бүрэн эрхт комисс» Дотоод яамнаас оруулсан нэрсийн жагсаалтаар асуудал шийддэг нэг өдрийн хурлаар 129-1278 хүн шийтгэдэг байжээ. Эдгээр хүмүүс хэргийн бүрдэл ч байхгүй, өмгөөлөгч ч байхгүй Онцгой бүрэн эрхт комиссын хуралд орж байсан байна. 1939-1940 онд "Японы тагнуул" хувьсгалын эсэргүү хэмээн хилс хэрэгт баригдаж шийтгүүлсэн 28451 хүнээс 73 хувь нь буудуулсан байна. Үүнээс 36 хувь нь нам төрийн албан хаагчид, цэргийн хүмүүс, ажилчин, энгийн ард, үлдсэн нь лам хувраг байлаа. Үүний буруутан нь Монголын геополитикийн орчинд гарсан их хувьсгал, түүнд үндэслэсэн Оросын стратегийн сонирхол байсан боловч Чойбалсангийн хахир хатуу, хардамтгай зан авир ихээхэн нөлөөлжээ. Энэ үеийн нийгэм сэтгэл зүйн уур амьсгалын талаар яруу найрагч Дашзэвэгийн Банзрагч:
Гучаад оны шуурга хаяа хатавчаар исгэчнэ
Гунигийн бараан сүүдэр хар цайнд тунарна
Гол харлуулсан бодолд цагаан гэр минь барайна
Гай зовлон нөмөргөсөн улаан Сталины сүүдэр
Лай ланчиг ихтэй Монгол цусыг минь хөргөнө
Хөрст газар хөрвөж байхад ч ийм гарз гараагүй
Хөвчин улс байлдаж байхад ч ийм гай дайраагүй хэмээн ончтой шүлэглэжээ.

Айл өрх бүрт өнчрөл хагацал, гуниг зовлон чирч ирсэн улс төрийн аймшигт хэлмэгдүүлэлт дахин хэзээ ч бүү давтагдаг. Түүх сэрэмжлүүлж байна.Уран барилгын хосгүй их дурсгал олон зуун сүм хийд, тэдгээрт хадгалагдаж байсан түүх, соёлын үнэт дурсгалыг устгасан нь Х.Чойбалсангийн үйл ажиллагаатай шууд холбоотой байв. МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга агсан Д.Дамба: "Намайг Өмнөговь аймгийн Намын хорооны даргаар ажиллаж байхад сүм хийдийг ид устгаж байв. Зөвхөн Хошууд хийд, Ламын хийд, Галбын болон Үл Олдохын хийдүүдийг буулгахаар аймгийн төвөөс махан сахал хэмээх Юндэнгээр толгойлуулсан 40 гаруй хүнтэй бригад гаргасан. Ажлыг шуурхай зохион байгуулж байсан боловч маршал Чойбалсан нар "Сүм дуган нураах ажлыг яаравчил.

Нөхөр Дамба ямар санаатай энэ ажлыг удаашруулж байна" гэж тулгаж сүрдүүлсэн албан даалгавар, цахилгаан ирүүлсээр байсан" хэмээн дурсан ярьж байв. Зөвлөлтийнхний өөрсдийн нь хамгийн хямдаар тооцоолсноор Монголын сүм хийдүүдийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө 57 сая алтан рубль болж байв. Дээр нь нураасан хүн хүч, хөдөлмөрийг тооцвол чамгүй тоо гарах нь зайлшгүй. Монгол улсын гадаад байдал хурцадсаар 1939 онд Халхын гол орчим БНМАУ болон Япон халз тулалдахад хүрэв. Энэ дайнд Монгол Ардын хувьсгалт цэргийг маршал Х.Чойбалсан командалжээ. Халх голын байлдаан Монгол Зөвлөлтийн цэргийн ялалтаар төгсөв. Дөрвөн сар гаруй үргэлжилсэн Халх голын байлдааныг бид БНМАУ-ыг булаан эзлэх гэсэн японы империализмын оролдлого, түүнийг няцаасан ЗХУ-ын аугаа их ялалт гэж явцуу өрөөсгөл утгаар тайлбарлаж иржээ.

Гэтэл 1939 оны Халх голын байлдаан нь ЗХУ Коминтернээс бүс нутгийн талаар явуулсан стратегийн бодлогын нэг хэсэг байснаас бус, Монгол, Япон хоёр зайлшгүй халз тулахаас өөр аргагүй болсон тийм зэвсэгт мөргөлдөөн хараахан биш байсан юм. Энэ дайн "Японы тагнуул", "Хувьсгалын эсэргүү" үнэхээр байсан юм байна шүү гэсэн бодлыг олон түмэнд төрүүлэн, улс төрийн бурангуй хэлмэгдүүлэлтийг зөвтгөх аястай болж, Чойбалсанг тахин шүтэж эхэлсэн юм. Монголын ард түмэн улс төрийн хэлмэгдүүлэлт, дайны зовиур бэрхшээлийг амссаар 1940-өөд онтой золгожээ. Үүнийг мэдэрсэн Чойбалсан МАХН-ын X их хурал, Улсын VIII Их хурлыг сайтар бэлтгэлтэй хийх, гаргах шийдвэр нь олон түмний урам зоригийг сэргээж чадахуйц байх ёстой гэж үзэж, эл хэрэгт туслалцаа эрэхээр 1939 оны XI сард Москваг зорьсон юм. Хэрэг явдал санасан ёсоор бүтэж Зөвлөлтийн тал Наушкаас Улаанбаатар хүртэл төмөр зам тавих, мах комбинат, автотехникийн болон цементийн завод барихад туслах болжээ 1940 онд МАХН-ын X, Улсын VIII их хурал хуралдаж, улс орны хөгжлийн тулгамдсан зорилтуудыг тодорхойлжээ. улсын VIII их хурал БНМАУ-ын хоёр дахь Үндсэн хуулийг баталсан юм.

Нэг хүнийг тахин шүтэх явдал газар авч байсан учраас тухайн үед «Маршал Чойбалсангийн Үндсэн хууль» гэж нэрлэж байсан билээ. Монголын ард түмэн Улсын Намын VIII их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө чин сэтгэлээсээ шургуу хөдөлмөрлөж байсан юм. Сталин, Чойбалсанг тахиж шүтэж байсны улмаас Монголын мал сүргийн тоог 200 саяд хүргэх үл гүйцэлдэх лоозон дэвшүүлснийг хэрэгжүүлэхийн тулд улсын сайн малчдын зөвлөлгөөн хийж, малын тоо толгой ашиг шимийг нэмэгдүүлэх, малчин ардуудын хувийн аж ахуйгаа хөгжүүлэх сонирхол санаачлагыг урамшуулах талаар зарим арга хэмжээ авч байв. Тухайлбал, малчдад «Улсын сайн малчин» цол олгож, маршал Чойбалсан өөрөө хөдөө орон нутагт явж, газар дээр нь одон медаль, бараа таваараар шагнаж байлаа. Зөвлөлтийн тусламжийн хариуд манай улс жилд 40 мянган тонн ноос, ноолуур бэлтгэж өгөх үүрэг хүлээсэн билээ. Ийм учраас «Ноос бол алт» гэсэн компанит ажлыг улс орон даяар өрнүүлж, ЗХУ-д нийлүүлэх ноосны хэмжээг хоёр дахин нэмэгдүүлжээ.

Энэ ажлыг зохион байгуулахдаа Чойбалсан өөрөө яамдын сайд, дарга нарт ямаа самнах, хонь хяргах талаар биечлэн үзүүлж зөвлөгөө, семинар өгч байв. Энэ үед дэлхийн II дайн цар хүрээгээ тэлж, олон улсын байдал хүндэрсээр байсан юм. 1941 оны VI сарын 22-нд фашист Герман ЗХУ-д гэнэт хал-дан довтолсноор манай улсын гол холбоотон - Зөвлөлт гүрэн дэлхийн II дайнд татагдан оржээ. Эх орны дайны эхний өдрөөс БНМАУ Зөвлөлтийн талд баттай зогсож, «Бүхнийг фронтод» гэсэн уриан дор ажиллаж, хөдөлмөрлөж эхэлжээ. Зөвлөлтийн ард түмэнд бололцоотой бүхнээрээ туслах хөдөлгөөн манай нийт хүн амын дунд өрнөв. Малчин ардууд хагас сая шахам шилдэг морьдоо фронтод зориулан хямд үнээр худалдаж, 32 мянга гаруй морио бэлэглэжээ. Монголын төлөөлөгчид фронтод удаа дараа хүрэлцэн очиж, 700 гаруй вагон дулаан хувцас, хүнсний зүйл, хувийн бэлгийг гардуулсны дээр «Хувьсгалт Монгол» танкийн бригад, «Монгол ард нисэх онгоцны эскадрилийг байгуулж, Улаан армид хүлээлгэн өгчээ.

Дэлхийн II дайныг төгсгөхөд 1945 оны II сард Ялтад хуралдсан ЗХУ, АНУ, Их Британий Засгийн газрын тэргүүн нарын бага хурал чухал ач холбогдолтой болжээ. Бага хурал дэлхийн II дайны дараа дэлхий дахинд энх амгалан байдал тогтоох, бататгах асуудлын зэрэгцээ Японд дайн зарлах тухай хэлэлцэн тохиролцжээ. Гурван их гүрний Засгийн газрын тэргүүн нар ЗХУ-ын саналыг хүлээн зөвшөөрч, гадаад монголын статус квог хэвээр байлгахаар тогтсон байна. Энэ нь улс орныхоо тусгаар тогтнолыг олон улсын хэмжээнд зөвшөөрүүлэхийн төлөөх Чойбалсан тэргүүтэй БНМАУ-ын Засгийн газрын хүчин чармайлт, ЗХУ-ын дэмжлэгийн үр дүн байсан юм. Гэвч ЗХУ-тай хэлэлцээр хийх явцдаа Дундат иргэн улсын Засгийн газар Монголыг өөрийн салшгүй хэсэг гэж үзсээр байсан юм. Гэвч Сталин Ялтын бага хурлын шийдвэр дээр баттай зогссоноор 1945 оны VII сарын эхээр Чойбалсанг Москвад урьж, туурга тусгаар улсын Засгийн газрын тэргүүнийг угтдаг ёсоор хоёр улсын төрийн далбааг мандуулан, хүндэт харуул жагсан хүлээж авчээ.

Сталин БНМАУ-ыг II дайны төгсгөлд оролцож, дорно дахинд энх тайван байдал тогтооход хувь нэмэр оруулах саналыг Чойбалсанд тавьжээ. Холбоотон гүрнүүдийн өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу ЗХУ 1945 оны VIII сарын 8-нд Японд дайн зарласны дараа, мөн сарын 10-нд БНМАУ Японд дайн зарлав. Мөн Чойбалсангийн командалсан Монгол ардын хувьсгалт цэргийн ангиуд ЗХУ-ын Өвөр Байгалийн фронтын мото механикжсан нэгтгэлийн хамт VIII сарын 11 -нд эх орныхоо торгон хилийн дээсийг алхаж, Долоннуур, Жанчхүүгийн чиглэлээр Японы цэргийн эсрэг байлдааны ажиллагаа өрнүүлэн Хойт Хятадын зарим муж, Өвөр Монголын нутгийн чөлөөлжээ. 1945 оны X сард Дундат иргэн улсын саналын дагуу БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөө монголын бүх ард түмний санал хураалт болж, ард иргэд улс Монголынхоо төлөө нэгэн дуугаар саналаа өгөв.

Ингэснээр Хятад улс БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй байдалд хүрчээ. Х.Чойбалсанг Ерөнхий сайд баих хугацаанд БНМАУ 1939, 1945 оны хоёр томоохон дайнд оролцон ялалт байгуулсан. нь түүний тэртэй тэргүй тахин шүтэгдэж байсан байдлыг улам лавшруулж, дарангуйлах нэр хүндийг нь улам өргөжээ. 1945 онд маршал Чойбалсангийн 50 насны ойг тэмдэглэхэд бүх зохиолч, яруу найрагчид уран бүтээлээ зориулж байв. Эрдэмтэн зохиолч Цэндийн Дамдинсүрэн «Маршал Чойбалсангийн 50 насны ойд зориулсан ерөөл»-дөө
Таны насалсан
Тавин жил бол
Тайван цагийн
Мянган жилтэй тэнцэнэ
Хоёр гурван мянган жилийн
Хосгүй түүхт их хэргийг
Хорлоогийн хүү Чойбалсан бүтээлээ!
хэмээн зүйрлэл, хэтрүүлэг хэрэглэн дүрсэлж байв. Энэ нь ямар ч их хүн цаг үеийнхээ бүтээгдэхүүн байдгийн илрэл юм. Эгэл ард олон Х.Чойбалсанг үнэн сэтгэлээсээ биширч "шалгарсан жолоодогч"-оо хэмээн хүндэтгэж байв. Гэхдээ Чойбалсангийн засгийн эрх барьсан он жилүүдэд Монголын эдийн засаг, соёлын түүхэнд мөнхрөн үлдсэн олон чухал үйл явдлууд болсон юм. Налайхын чулуун нүүрсний уурхай, Төв цахилгаан станц, аж үйлдвэрийн комбинатын хэд хэдэн фабрик, завод, мебелийн фабрик, автомеханик заводыг өргөтгөх ба шинэчлэх ажил эхлэв. Зүүн баяны нефтийн үйлдвэр, «Совмонгометалл» нийгэмлэгийн харьяа уул уурхайн үйлдвэрүүд ашиглалтанд оржээ. Наушки-Улаанбаатарын хооронд өргөн төмөр зам тавьж, морин өртөөг халж, авто өртөө байгуулав.

Боловсрол, соёлын талаар гарсан том өөрчлөлт бол монгол уйгаржин бичгийг кирилл үсэгт үндэслэсэн шинэ бичгээр сольж, бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгах талаар томхон ахиц гаргасан явдал юм. Анхны 10 жилийн дунд сургууль, ялангуяа 1942 онд Улсын их сургуулийг байгуулж сургуулийн насны бүх хүүхдийг бага сургуулийн боловсролтой болгох зорилтыг хэрэгжүүлж байсан нь ардын боловсролын салбарт олсон үсрэнгүй амжилт байв. Маршал Чойбалсан өөрөө ч «Монголын ардын үндэсний хувьсгалын анх үүсч байгуулагдсан товч түүх», «Монгол ардын үндэсний хувьсгалт цэргийн агуу хөгжлийн товч зам», «Ардын Хатанбаатар Магсаржавын хураангуй түүх» зэрэг зохиол бичиж, илтгэл өгүүллэгүүд нь 4 ботиор хэвлэгдэж байв. Иргэдийн шүтэх бишрэх эрхийг хүндэтгэн үзэж, Гандантэгчилэн хийдийн хурал, мөргөлийн ажиллагааг 1944 онд дахин сэргээжээ. 1944 онд сонгуулийн эрх хасагдсан хүмүүст сонгуулийн эрх олгож, 1949 онд сонгуулийн бүх нийтийн, шууд, тэгш бөгөөд саналаа нууцаар хураах шинэ систем тогтоож, 1951 онд Улсын Их Хурлын анхны сонгуулийг явуулсан байна.

Х.Чойбалсан их гүрнүүдийн зүгээс бага буурай орны удирдагчид үзүүлдэг дарамт, шахалт, амаргүй хувь тавиланг амсан зүдэж байсан хэдий ч, улс орныхоо тусгаар тогтнолыг тууштай сахин хамгаалах, гадаад бодлогын харьцангуй бие даасан чиг шугам баримтлахыг хичээн оролдож байв. И.В.Сталины мэндэлсний 70 жилийн ойн ёслолын арга хэмжээнд Европ, Азийн ардын ардчилсан орнуудын нам, төрийн удирдагчид бүгд л Москвад очиж үнэнчээ харуулахад, Х.Чойбалсан харин өөрийн биеэр очоогүй юм. ЗСБН Автономит Тува улсын тэргүүн Салжиг Тока манай улсад айлчлах Үедээ Монголыг ЗХУ-ын бүрэлдэхүүнд орохыг ятгах аястай үг хэлэхэд Чойбалсан ихэд хилэгнэж, тэсч чадалгүй алгадсан гэдэг яриа буй. 1950 онд Монголын хэдэн сэхээтэн улс орныхоо хөгжлийг түргэтгэх гол арга зам бол ЗХУ-ын бүрэлдэхүүнд даруй орох явдал хэмээх санал өргөхөд тэрбээр асар их дургүйцэн, тэднийг зэмлэж байсан ажээ.

Маршал Чойбалсан хувийн амьдралын хувьд ч зарим нэгэн зөрчилтэй байжээ. Тэрбээр эхлээд 1921 оны хувьсгалын дараахан Нийслэл Хүрээний гангачуулын нэг болох Бортолгой хэмээх бүсгүйтэй гэр бүл болж, 14 жил дэр нийлүүлжээ. 1935 онд тэр хоёр албан ёсоор салж, өрх тусгаарласан байна. Бортолгой хэлэхдээ: "Чойбалсан чи бол нам, төрийн өндөр хариуцлагатай албан үүрэг хүлээсэн хүн Над мэтийн шашин мөргөлд автсан энгийн дорд хүүхнээр юу хийх вэ? Үзэл бодол таарахгүй бол чи бид хоёрын хэн хэнд сэтгэлийн зовлон. Би чамайг жирийн нэг сайн эмэгтэйтэй танилцуулъя" хэмээн Б.Гүндэгмаатай ойртуулаад салсан гэдэг. Б.Гүндэгмаа бол маршал Чойбалсанг насан эцэс болтол дэргэд нь байсан түшигтэй хань нь байлаа. Маршал Чойбалсан Нэргүй, Сувдаа хэмээх өргөмөл хүү, охин хоёртой байсан. Нэргүйг маршалын төрсөн хүү гэдэг.

"Монголын бүх ард түмний дотны хайрт жолоодогч", "хайрт эцэг" хэмээн өргөмжлөгдөж байсан сайхь зүтгэлтэн 1952 оны 1 сарын 26-нд таалал төгсчээ. Намын Төв Хороо, Их Хурлын Тэргүүлэгчид, Сайд нарын Зөвлөлийн эмгэнэлийн бичигт "...манай улсын бүх түүх бол Ардын хувьсгалыг мандуулах ба манай орныг цэцэглүүлэх үйл хэрэгт бүх амьдралаа зориулсан нөхөр Чойбалсангийн нэртэй холбоотой юм" гэж тэмдэглэсэн байна. Чойбалсангийн нэр улс төрийн хэлмэгдүүлэлт, нэг хүнииг тахин шүтэлт зэрэг Монголын нийгэмд ноцтой сөрөг үр дагавар авчирсан бурангуй явдалтай холбоотой боловч эцсийн эцэст Монгол улсын тусгаар тогтнолын төлөө буян нүглийг дэнслэх түүхэн амаргүй хувь заяа түүнд оногдсон билээ. Чухамхүү түүхэн сургамж хэмээх энэ буюу.

No comments:

: