Friday, March 13, 2009

С.Довчин сайд ба залуу санхүүч Ю.Цэдэнбал


С.Довчин Сайд Сангийн явдлын яаманд 1924-1926 онд дэд сайд, 1926-1939 онд сайдаар ажиллаж байсан. Aж үйлдвэрийн гавьяат, нэгдүгээр зэргийн одон, Алтангадас одонгоор шагнагдсан. 1936 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр С.Довчингийн Сангийн явдлын яамны сайдаар ажилласны 10 жилийн ойг улс даяар тэмдэглэн өнгөрүүлж байжээ.
С.Довчинг Сангийн явдлын яамны сайдын албыг хашиж байхад нь 1939 оны 7 дугаар сарын 10-ны (Ардын хувьсгалын 18 жилийн ойн баярын өмнө) өдөр улс төрийн хилс хэрэгт баривчилж 1940 оны 7 дугаар сарын 5-ны өдөр ЗХУ-ын цэргийн онц шүүхээс цаазаар авах ял оноосон байна. Түүнийг 1962 онд цагаатгасан юм. 1911-2006 оны хооронд Монгол Улсын Сангийн сайдаар ажиллаж байсан 27 сайдаас хамгийн олон буюу 13 жил сайдын албыг хашсан хүн бол Санжийн Довчин юм.
Тэрбээр феодалын үеийн монголын мөнгө зээл, Санхуугийн системийн бодлогыг үндсээр нь өөрчилж чадсан томоохон эдийн засагч байлаа. Гэвч энэхүү нүсэр ажлыг амжуулахад тухайн үеийн ЗХУ-ын эдийн засгийн бодлогоос гажих аргагүй байсан юм. 1932 онд хуралдсан МАХН-ын Төв хорооны онц гуравдугаар бугд хурлаас гаргасан шинэ эргэлтийн бодлого нь Монгол орныг нийгэм эдийн засгийн хямралаас гаргах, ард олны аж амьдралыг сайжруулах, жижиг бутархай аж ахуйн хувийн сонирхлыг дээшлуүлэхэд бүрэн чиглэгдэж байв.
Шинэ эргэлтийн үзэл санааг тууштай хэрэгжүүлэгчдийн нэг нь С.Довчин сайд байсан бөгөөд энэ талаар Намын Төв Хороо, Засгийн газрын хуралдаанд нийт арван удаа илтгэл тавьж "Үнэн" болон "Ардын үндэсний эрх" сонинд "Албан татварын компанийг өргөнөөр явуулья", "Жас нарын хөрөнгийг хураах, Улсын албан татварын хуулийг зөвөөр нийлүүлэхийг анхааруулъя" зэрэг 40 гаруй материал нийтлуүлж ард түмэнд сурталчилж байжээ.
С.Довчин сайд боловсон хүчний талаар холын бодлоготой хүн байсан нь Ю.Цэдэнбалыг ажилд оруулсан жишээнээс харж болно. Тэрбээр Улс орны нягтлан бодох бүртгэл, санхүүгийн мэргэжлийн өндөр боловсроп өргөн мэдлэгтэй үндэсний боловсон хүчингүйгээр эрхлэн явуулах боломжгүй гэж үзэн 1924 онд одоогийн Санхүү эдийн засгийн дээд сургуулийн гал голомт болох Гаалийн түр сургуулийг Сангийн явдлын яамны Баялгийг бадруулах хэлтсийн харъяанд байгуулагдан ажиллахад хүчин зүтгэсэн хүн.
Үүний зэрэгцээ тус сургуульд сургагч багшаар хавсран ажиллаж, өргөтгөн хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн юм. Тухайн үед Монгол Улсын үндэсний санхүү, банкны алба бүрэлдэн бий болж, тархай бутархай хувийн зонхилсон эдийн засгаас таваарлаг аж ахуйд шилжих шилжилтийн үе эхлэж үүний зэрэгцээгээр бүртгэл тооцооны системийг цоо шинээр нэвтрүүлж аж ахуйгаа үр ашигтайгаар эрхлэн хөтлөх зорилт тулгарсан билээ.
Энэ зорилтыг шийдвэрлэхэд тухайн үеийн боловсролтой нягтлан бодогч, санхүүгийн ажилтан бэлтгэх үүрэг бүхий санхүүгийн техникумыг шинэчлэн бэхжүүлэх ажлыг тасралтгүй явуулж байв. Түүнчлэн С.Довчин сайд гадаадад тэр дундаа ЗХУ-ын их, дээд сургуульд Санхүүгийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх бодлогыг барьж хэрэгжүүлж эхэлсэн байна. Үүний нотолгоо нь анх удаа гадаадад дээд боловсрол эзэмшсэн Монголын анхны санхүү эдийн засагч Юмжаагийн Цэдэнбал байв.
С.Довчин сайд Ю.Цэдэнбалыг санхүүч мэргэжлээр дээд сургууль төгсөөд ирэхэд нь тухайн үеийн МАХН-ын Төв Хороо, Сайд нарын зөвлөлийн мэдэлд өгөлгүй, өөрийн яамандаа ч авч ажиллуулалгүй Санхүүгийн техникумын хичээлийн эрхлэгчээр томилж байжээ. Сайд С.Довчингийн 1938 оны есдүгээр сарын 16-ны өдөр гаргасан 90 тоот тушаалд :
"Нэг. Тус яамнаас үүний урьд холбоот улсын Санхүүгийн дээд сургуульд суралцуулахаар явуулсан нөхөр Ю.Цэдэнбал тус сургуупьд удаан жилээр туйлын сахилга хатуужилтайгаар сууж, зохих мэргэжлүүд дор сайтар суралцан төгсгөж ирсэн явдалд баяр хүргэж, сайшаан тэмдэглэхийн хамт нөхөр Цэдэнбалыг сурсан боловсрол мэрэгжлийн байдлыг дагуулан тус яамны харъяат Санхүүгийн техникумын хичээлийн эрхлэгчээр томилон ажиллуулсугай.
Хоёр. Нөхөр Цэдэнбал нь тус сургуулийн бүхийл хичээлийн талын ажлыг эрхлэхийн хамт, зарим онц тусгай мэргэжлийн хичээлүүдийг багшлан заах үүрэгтэй байваас зохино.
Гурав. Нехөр Цэдэнбалын албан хаасан хоногийг есдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тооцож цалин сар бүр 350 төгрөгөөр тогтоох ба орон сууц, гэрэл, түлшийг тус сургуулиас хэрэглүүлвээс зохихоос гадна нөхөр Цэдэнбал болвоос удаан жилээр сургууль дор явж сая ирсэн бөгөөд хувцас зэрэг зүйлээр дутмаг байдпыг онц болгон үзэж, тус сургуулийн төсвөөс 500 төгрөг тусламж болгон олговоос зохихыг сургуулийн захиргаанд даалгасугай.
Дөрөв. Нөхөр Цэдэнбал нь өөрийн чадвартай, сурлага мэргэжлээрээ тус сургуулийн бүхий л ажил ялангуяа сурлага боловсролын ажил дээр маш их амжилтуудыг гаргаж чадмой хэмээн тус яамнаас үзэж тодорхойлмой" гэжээ.
С.Довчин сайдын дээрх томилгоо нь Монгол Улсын түүхэнд тод мөрөө үлдээсэн юм. Ю.Цэдэнбал Монгол Улсын төрийг 44 шахам жил удирдаж, хэрхэн, яаж хөгжүүлснийг манай улсын шинэ үеийн түүх бэлхэнээ харуулж байгаа билээ. Энэхүү чадварлаг удирдагчийг олж харан төрд томилсон С.Довчинг тус улсын санхүүгийн хэрэгт онцгой чармайн зүтгэсний учир БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 1936 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 372 дугаар тогтоолоор Сангийн яамны сайдын албыг 10 жил хашсан ойд үүрдийн дурсгал болгон Санхүүгийн техникумыг С.Довчингийн нэрэмжит болгон баталжээ.

Д.Баасанжав, Ш.Цэцэг-өлзий

No comments:

: