Monday, March 30, 2009

Сюй Шү Жан гэж хэн байв?


Сюй Шү Жан бол умард хятадын цэргийн эрхтэн, улс төрийн завшаанч, монгол улсын түүхэнд хар мөрөө үлдээсэн нэгэн билээ. Тэрбээр 1880 онд Хятадын Цянсу мужийн сэхээтний гэрт төрж багаасаа бичгийн боловсрол суралцжээ. Эцэг нь Хятадын төр, цэргийн зүтгэлтэн Дуань Ци Жүйн танил дотны хүн байсан болохоор хүүгээ 1905 онд Япон улсад явуулан түшмэл бэлтгэх сургуульд явуулан суралцуулжээ. Сюй Шү Жан 1907 онд сургуулиа төгсөж ирээд Дуань Ци Жүйн захиргаанд цэргийн зөвлөгчөөр ажиллажээ. 1911 оны цагаагчин гахай жилийн хувьсгал гарч Чин улсын эзэн хаант төрийг түлхэн унагаж БНДИУ-ыг байгуулсны дараа цэргийн эрхтэн Юань Ши Кай ДИУ-ын ерөнхийлөгч болж Дуань Ци Жүй хятадын хуурай замын цэргийн ерөнхий захирагч болход Сюй Шү Жан бас дэвшиж хуурай замын цэргийн агтны хэлтсийн дарга болов. Тэр өөрийгөө дэмжигч Дуань Ци Жүйг сурталчлахын тулд Пин Бао гэдэг сонин гаргаж байлаа. 1916 онд Юань Ши Кай гэнэт нас барж Дуань Ци Жүй ДИУ-ын ерөнхий сайд болоход Сюй Шү Жан төрийн зөвлөлийн дарга болов. орос оронд Октябрын хувьсгал гарч Оросын харьяаны Буриад Монгол, Хятадын харьяаны Барга, Дотоод Монголд үндэсний эрх чөлөөний тэмцэл өрнөж байхад хятадын эрх баригчид баруун хойд хил хязгаараа хамгаалах яаралтай арга хэмжээ авах шаардлагатай болжээ. Ингээд 1919 оны 6-сарын 13-нд Баруун хойт хязгаарын хэргийг бодуулан шийтгэх яам гээчийг байгуулж, цэргийн ерөнхий захирагч бөгөөд Ар монголын Их хүрээнд суугаа ДИУ-ын "дүхүчин" бүгдийг хамгаалах сайдын зөвлөхөөр Сюй Шү Жан-ыг томилов. Тэрбээр ирэнгүүтээ зарим эрх баригчидтай нууц хэлэлцээ хийж Автономит байгууллыг устгуулах явуулга зугуухан хийсээр Хүрээний хятад сайд Чэнь И-гийн төлөвлөсөн Гадаад Монголын хойчийг сайжруулах дүрэм гэгч 64 зүйлт заалтыг үл хэрэгсэн түүний үйл ажиллагааг хориглож Сюй Шү Жан өөрөө Монголыг хойчийг сайжруулах 8 зүйл гэгчээ монголчуудад тулган "ДИУ-д Монголыг нийлүүлэн авч төвхнүүлэх цаг ирсэн тул шалтгаацан саатуулбал Богд хаан, та 2-ыг Бээжинд хүргэж учрыг асууна" гэж ерөнхий сайд Шанздуб Бадамдоржийн суудаг хашаа хүртэл зэвсэглэсэн хятад цэрэг жагсаан зогсоож өөрийн бэлдэж ирсэн Монголын автономийг устгахыг гуйх, монголчуудын өргөдлийн эхийг гаргаж өгөөд өөрсдийн тамгаа дарж, гарын үсгээр зурахыг даруй шаардсан юм. Ерөнхий сайд Бадамдорж шаардалтын дагуу уг өргөдлийг улсын дээд доод хурлаар хэлэлцүүлэхэд дээд хурал зөвшөөрч, доод хурал эрс эсэргүүцсэн юм. Харин үйл ажиллагаанд нь Богд хаан эрс дургүйцсэн бөгөөд түүнийхээ төлөө шоронд хоригдсон байна. Сюй Шү Жан шаардлагыг Бадамдоржоор зөвшөөрүүлж аваад 1919 оны 11 сарын 17 нд Бээжин явахдаа Монголын эрх баригчдад хандан Та нар намайг иртэл томоотой эвтэй сууж байгаарай гэж захисан нь Монголчууд хятадтай нэгдэх талаар нэгдмэл санаатай байгаагүйтэй холбоотой байжээ. Тэрбээр Бээжинд очоод монголоос гаргуулж авсан өргөдлөө ерөнхийлөгчдөө гардуулснаасгадна энэ хэрэгт идэвхтэй хүчин зүтгэсэн монголын лам ноёдыг шагнуулах асуудал тавихад зарлиг ёсоор болгосонд урамшсан Сюй Шү Жан Их хүрээнд даруй буцаж ирээд 1920 оны 1 сарын 4-нд Монголын 5 яамны данс бичиг, мөнгөн санхүүг шилжүүлж цэргийн зэвсгийг хурааж, монгол цэргүүдийг тараах ажлыг шуурхайлан хийж, улмаар цагаан сараар бүх эрх мэдлийг авснаа тэмдэглэх ёслол хийв. Үүнийгээ явууртай болгохын тулд лам нарын төлөөлөгчдийг Бээжинд явуулахын зэрэгцээ Баруун хойт хязгаарыг товхинуулах их хурал гэгчийг Их хүрээнд хуралдуулахаа зарлав. Армонголын автономийг хүчээр тус оронд дарангуйллын харгис дэглэм тогтоосон энэ этгээд дахин эргэж ирээгүй юм. 1920 оны зун хятадын Аньфугийн бүлэг Чжилийн цэргийн бүлэгтэй цэрэглэн тулалдаад ялагдсан тул Сюй Шү Жан нутагтаа яаралтай дуудагдаж нутагтаа буцсан. Тэрээр мөдхөн бүх албан тушаалаасаа халагдаж баривчлагдсан боловч Японы дэмжлэгтэйгээр Шанхайд очиж нуугдсан гэдэг. 1925 онд Дуань Ци Жүй засгийн эрхэнд дахин гармагц улсдаа дахин буцаж ирээд Бээжингээс Шанхай орох замдаа цэргийн эрхтэн Фэн Юй Ян гэгчийн явуулсан нууц тагнуул алуурчинд алагджээ.
Хэрвээ Жижиг (Сюй гэдэг түүний овог биш жижиг гэсэн хоч нэр. Хятадаар Сяо гэж дууддаг) Шү Жан манайд ирж ихэд дээрэнгүй байдал гаргаж Монголчуудын дургүй хүргээгүй бол бид хувьсгал хийхгүй байсан. (Монголчууд юмыг яс, махаараа мэдэрдэг гэж дэмий үг биш). Тэгээд Монгол Төвдийн хорооны түшмэл Чэн И-ийн 63 (сүүлд нь шанздовын яамны Бадамдорж шарын тал буюу лам нарыг эрх ямбыг нэмсэн заалт нэмсэн тул 64 зүйл гэрээ гэдгээрээ түүхэнд үлдсэн) зүйл гэрээг хүчээр хүлээн зөвшөөрөх ба нөлөө бүхий хятадын эрлийзүүд, эд хөрөнгөнд шунасан манай "банхар"-уудын туслалцаатайгаар амархан хэрэгжих байсан. Тэрхүү 63 зүйл гэрээ хэрэгжсэн бол бид өнөөдөр Түвд шиг уйлаад л сууж байх байсан, магадгүй байхгүй байсан ч байж болох юм. Тэр Чэн И бас их ухаантай байсан байгаа юм. Сун Янсэн, Чан Кайши нар манай шинэ үеийн түүхийн хуудсанд их нөлөө үзүүлсэн хүмүүс юм шүү. Эдгээр хүмүүсийг Хятадын зарим эрдэмтэд улсаа худалдсан ялт этгээдүүд гэж үздэг юм (xудалдагдсан улс гэж бид юм).

moonrider

No comments:

: