Sunday, March 29, 2009

БИД “ТҮР ТОМИЛОЛТ”-ООР ЯВСАН …


Цагаа ирэхээр аливаа нууц тайлагддаг жамтай. “Маш нууц” гэдэг үнэндээ харьцангуй ойлголт санагддаг юм. Хүн гэдэг хүн билээ. Түүхийн аясаар эдүгээ ертөнцөд буй түм буман нууцын нэг нь энэ удаа тайлагдаж байна. Тавь гаруй жилийн өмнө үнэндээ саяхан хүртэл энэ явдал “Маш нууц” байсан юм. Өнөөдөр харин нэгэнт түүх болж хувирчээ. Фашизмыг бут ниргэж, хүн төрөлхтнийг үхлийн аюулаас аврахад Монголын ард түмний байгуулсан түүхт гавьяаг тод томруун гаргаж тавих ёстой энэ өдрүүдэд уг маш нууцыг дэлгэж тавих нь нууцыг алдах бус, харин ч бахдам нэгэн гавьяат үйлс мөн гэж үзнэм. Монголчууд бахархахаар олон сайхан хөвгүүд эрчүүлтэй улсаа. Тэдний нэг болох монгол улсын аюулаас хамгаалах байгууллагын ахмад ажилтан, далд фронтын дайчин, бэлтгэл хурандаа Жамсрангийн Самбууням гуайтай уулзаж байна. Тэрбээр есөн нөхдийн хамт аугаа их орны дайны гал ид манарч байсан хүнд бэрх өдрүүдэд Холбоот Орос улсын нийслэл Москва хотын захад дайсны ар талд хаягдан тусгай үүрэг гүйцэтгэх “хорлон сүйтгэх групп”-ийн бүрэлдэхүүнд орж тагнуулын сургууль хийж байсан юм. Самбууням гуай ийн өгүүлэв.
Ах нь Сэлэнгэ аймгийн Баруунхараад төрсөн хүн. 3, 4-тэйдээ хотод иржээ. Маний ярьдгаар “хотын хог” дээр өсч дээ. Бага, дунд сургууль дүүргэсэн. Шүүх яаманд бичээч байхад минь 1937 онд хилийн цэргийн газар намайг бичээчээр авсан юм. Тэр цагаас хойш аюулаас хамгаалах байгууллагатай хувь заяагаа холбосон. Яам тамга анхнаасаа нэг байгууллага байсан юм шүү дээ. Угтаа гэвэл 1937-1939 оныг дуустал хилийн цэргийн штабт ажилласан юм. Халх голын байлдааны жил болж байна даа. Япончууд довтолж байдал тун эгзэгтэй байлаа. Цэрэг татсан. Бүх нийтийн дайчилгаа болсон. Одоогийн нисэхийн ойролцоо Бүхэг түргэнд цэргийн карантин байлаа. 3 мянган цэрэгтэй цэргийн том анги байгуулсан юм. Гэтэл Халх голын дайн дуусаж татагдсан цэргүүд дайнд яваагүй юм. Цэргүүдийг хилийн отрядад тарааж суурьшуулсан. Уг нь шинэ цэргүүдийг фронтын байлдаанд оруулахаар байлдааны бэлтгэл сургууль хийлгэж байсан юм. Маршал Хорлоогийн Чойбалсан ДЯЯ-ны сайд байлаа. Улсыг аюулаас хамгаалах газар, Хилийн цэргийн хэрэг эрхлэх газар нэг дор, нэг удирдлагатай байлаа. 1939 оны 8-р сард миний бие Яамны сайдын үүдэнд суудаг, ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг албанд томилогдсон.
-Та маршалтай хир ойр байсан бэ?
-Маршал Чойбалсан олон албан тушаал хавсарч байсан үе юм. Яаман дээр цөөн ирнэ. Харин манай маршал Г.К.Жуков, түүний комиссар хоёрыг дандаа ДЯЯ-н дээр хүлээн авдаг байсан юм. Жуковыг үдэх ёслолыг Яамны хурлын танхимд хийснийг тод санаж байна. Бид идээ будаа бэлтгэж гүйж л явлаа. Миний хувьд гол төлөв санал сэтгэгдлийн холбогдолтой мэдээг маршалд товчилж танилцуулна. Яамны зөвлөх хэлтсийн дарга нар өөр өөрийн шугамаар танилцуулах ёстой зүйлээ өөрсдийн биеэр очиж маршалд танилцуулдаг байсан юм. Маршал итгэсэн хүндээ их сайн байсан санагддаг. Дутагдал гаргавал айхавтар ширүүлнэ. Хожим 1947, 1948 онд би хоёр жил яамны хамгаалалтын хэлтсийн даргаар ажилласан юм даа.
-ДЯЯ-ны сайд хэдийд солигдсон юм бэ?
-10-р их хурлын дараа солигдож, Шагдаржав ДЯЯ-ны сайд болсон санагдана. Яамны зөвлөх Скоков, ЗХУ-ын элчин сайд Иванов байсан юм.
-Та хэдийд хойшоо явсан бэ?
-1942 оны 5-р сард.
-Гэнэтхэн явах байсан уу?
-Тэгэлгүй яахав. Нэг өдөр бидний 10 хүнийг маршал Чойбалсан гэнэт дуудаж, “та нар байлдааны тусгай үүрэг даалгавар гүйцэтгэнэ. ЗХУ-д очиж бэлтгэл хийнэ” гэсэн. Япончууд Монгол улс руу довтлохоор яг зэхчихсэн, Германыг ялах явцыг харгалзаж байсан үе юм. Фронтын ар талд маш нууц үүрэг даалгавар биелүүлэхээр явах болсноо бүгд ойлгосон. Бидний ахлагчар Батаа /хурандаа генерал агсан/, бүрэлдэхүүнд нь Жигжид /Холбооны мэргэжилтэй/, Рэнцэнхорлоо /хурандаа/, Тэрбиш /аюулаас хамгаалахын ажилтан/, Лувсанбалдан /жүжигчин, аюулаас хамгаалахын ажилтан/, Сурмаажав /аюулаас хамгаалахын ажилтан/, Лувсандагва, Шийлэг /орон нутгийн аюулаас хамгаалахын ажилтан/, Цэнд-Аюуш /аюулаас хамгаалахын ажилтан/ нарын хамт миний бие оролцсон юм. Биднийг хуучин эрхэлж байсан ажлаас халсан тушаал гараагүй. Түр томилолтоор ажиллуулна гэсэн юмдаг. Хэрэв Япон улс БНМАУ-д довтолбол бид шууд ЗХУ-аас Японы ар талд хаягдах ёстой байсан юм. Гэр орныхондоо түр томилолтоор ажиллах болсон гэдгээс өөр юу ч хэлээгүй гарсан. Хожим мэдэхэд манай гэр бүлийнхэн өөр хоорондоо уулзаж, сэм сураг тавихдаа биднийг дайнд, харийн орон руу явчихлаа гэдгийг тааварлацгааж, амьд мэнд эргэж ирдэг болов уу гэж тун их сэтгэл зовж байсан юм билээ. Муу ээж минь учиргүй их уйлдаг байсан гэдэг.
-Та нар ямаршуу янзтай явсан бэ?
-Цэргийн дүрэмт хувцсаа тайлж, бидэнд бэлдэж өгсөн энгийн хувцас өмссөн. Явахынхаа өмнөхөн цэрэг хувцастайгаа ДЯ-н дээр яамны сад Шагдаржав, зөвлөх Скоков, Элчин сайд Иванов, биднийг авч явах зөвлөлтийн нэг офицерийн хамт 14-үүлээ зураг авахуулсан юм. Энэ зураг мөн ЗХУ-д тагнуулын сургууль хийж байх үед авахуулсан хоёрхон ширхэг, түүхэн гэрэл зураг одоо надад хадгалагдаж байдаг юм. 1942 оны 5-р сард Улаанбаатараас ачааны машинаар Улаан-Үдийг чиглэж гарсан. Улаан-Үдэд галт тэргэнд шилжиж суулаа. Фронтын галт тэрэгний цувааг өмнөө оруулж саатаж явсаар 10 шахам хоногийн дараа Москва хотын бараа харсан. Москва хотын галт тэрэгний буудал дээр биднийг зөвлөлтийн аюулаас хамгаалах байгууллагын хүмүүс угтаж авсан. Москвагийн захад фронтын ар талд тусгай үүрэг гүйцэтгэх группүүд бие биенээсээ нууцлагдаж, тагнуулын бэлтгэл сургууль хийж байсан юм билээ. Бид тийм тусгай группын нэг болсон. Бүгд нэрээ сольсон. Бүгд жагсаалын цэрэг болсон... дугаар ангийн байлдагч тэр гэсэн үнэмлэх өгсөн. Ер нь бүгд л казах нэртэй, казах хүмүүс болсондоо. Би гэхэд л Гайдаров нэртэй болсон. Цэргийн анги нэгтгэл байрладаг Москвагийн захын тосгоны нэг байшинд оруулсан. Бэлтгэл сургуульдаа шууд орсон юм.
-Ямар бэлтгэл сургууль хийх вэ?
-1-р холбооны мэргэжилд сургасан. Агаараас гадна газрын холбоо, радио холбоонд сургасан. Зэвсэг техник эзэмшсэн, япон винтов, автомат буу гэхчлэн төрөл бүрийн буу зэвсэг хэрэглэж сурсан. Онгоцноос шүхрээр буух сургууль хийсэн. Фронтын ар талд дайсны объектуудыг дэлбэлэх, алсаас харилцаа холбоог нь чагнаж сонсох, нууц бичиг баримт хуулж авах, дайсны хорлон сүйтгэх группын талаар мэдээ олох, манай талд итгэлтэй хүмүүсийг судлах, ашиглах, элсүүлэх, дайсны нэмэгдэл хүчийг замд нь хориг тавьж саатуулах, гүүр, зэвсгийн склад зэргийг дэлбэлэх, дайсны штабын командлалын удирдлагыг устгах, тэдний яриа хөөрөөг чагнах техник тавих зэрэг арга барилд суралцсан юм. Нэг буриад орчуулагч, холбоо, электрон техник болон тэслэх дэлбэлэх, цахилгаан техникийн мэргэжилтэн, нийтдээ гуравхан хүн бидэнтэй байнга ажилладаг байсан юм.
-Ямаршуу хоол ундтайв дээ?
-Зөвлөлтийн дайчдын адил цэргийн хүнсний нормоор хангагдана. Агшаасан будаа, хүрэн будаа иддэг байлаа. Багахан маслын нормтой. Хиам, төмс, махан консервиар амт оруулсан хоол өгнө. Тусгай эмэгтэй тогоочтой байсан юм.
-Фронт хол уу?
-100 км-н цаана фронтын шугам байсан. Цэргийн анги байрласан манай тосгон руу германы тагнуулчид үе үе орж ирнэ. Нэг удаа биднийг хээрийн сургууль хийж байхад зэвсгийн склад дэлбэрсэн юм. Их бууны сум, миномёт зэрэг зэр зэвсэгтэй склад дэлбэрч, нирхийсэн сүртэй дуу шуу гарч, галт тэрэгний холбоо, цахилгаан чийдэн тасарсан. Пуужингийн нэг том сум Батаар, Жигжид бид гурвын яг толгой дээгүүр шунгинан өнгөрч, бидний ардхан байсан маш том ургаа модыг тас татаж дэлбэрэлгүй газарт гүн шигдэж орсон юм. Бид гурав хэдийгээр окопон доторх хэвтэж байсан боловч хэрвээ тэр пуужин дэлбэрсэн бол тэр хавийн газар дэлхий орвонгоороо эргэж бид гурав чимх үнс болох байсан биз. Бидний азаар тэр пуужин дэлбэрч амжаагүй. Маргааш нь цэргүүд тосгон хавийг самнан явж, дэлбэрч амжаагүй үлдэж хоцорсон их бууны сум, пуужингуудыг эрж олон цуглуулж, аюулгүй болгосон юм. Зарим нь хайж явахад нь дэлбэрч хүний амь хохироосон дуулдсан.
-Москва хот ямаршуухан байдалтай байсан бэ?
-Шөнө нь хав харанхуй байсан. Агаарт бөмбөлөгүүд хөөргөнө. Бөмбөлөгүүдээсээ урт урт төмөр гинжирхүү юм уяатай. Харанхуйд Москва руу дайрсан фашистын нисэх онгоц төмөр гинжинд нь орооцолдож унадаг байсан юм. Өдрийн цагт Москва руу агаарын довтолгоон хийсэн дайсны онгоцууд зенитчдын мэргэн галд өртөнө. Хотын хамгаалалт тун сайн байсан гэж боддог юм. Шөнийн буудлага нь их сүртэй. Их буугаар шөнө буудахад тэнгэрийн хаяа нэлэнхүйдээ улаан ягаан өнгөтэй болчихдог юм билээ. Фронт ойрхоныг хэлэх үү, буун дуу, сумны тэсрэлт ер тасрахгүй. Нисэх онгоцоор байнга бөмбөгдөнө. Орос хүмүүс үнэхээр зоригтой, тэсвэртэй, хатуужилтай, эх орныхоо төлөө бүгдээрээ үхэхээс буцдаггүй улс билээ. Бид байсхийгээд л түргэн жагсаал авна. Сталинградын дэргэд аймшигт тулалдаан болж байлаа. Газар, тэнгэр нийлж үхэл тэмцэл хоёр харшилдаж байсан юм. Германууд байдгаараа хичээж байсан. Оросууд байдгаараа барьж байсан. Сталинградын тулалдаан Монгол орны, бид арвын хувь заяаг шийдвэрлэх ёстой байлаа.
-Энэ чинь юу гэсэн үг вэ?
-Сталинград унавал Япон Монгол руу яг дайрч орохоор зэхчихсэн байлаа. Милитаристууд Японы ЭСЯ-ны цэргийн атташе германуудтай хамт Сталинградын дэргэд оччихоод тулалдааны эцсийн үр дүнг харж, тэсч ядан зогсож байсан гээд л бодчих. Азаар зөвлөлтийн баатарлаг улаан арми Сталинградын дэргэд Гитлерийг Германы ялагдашгүй гэдэг армийг бут ниргэж, герман-японы дайчдын хорон муу санааг тас цохьсон юм. Тэгсэнээр Монгол улс, монголын ард түмэн аврагдаж, милитарист японы эрх баригчид БНМАУ-д халдан довтлох гэсэн түрэмгий бодлогоосоо ухарсан. Бид арав, 7 сарын турш ЗХУ-д тагнуулын сургууль хийгээд, 1943 оны эхээр эх орондоо буцаж ирсэн.
-Та нар тагнуулын сургуульд хир зэрэг амжилттай суралцсан бэ?
-Тун муугүй суралцсан. Ялангуяа холбооны чиглэлээр Батаа, Жигжид, Лувсанбалдан нар гайхагдаж байсан юм. Тэд гарамга суралцсан. Лувсанбалдан гэж онцгой авьяастай, сэргэлэн сайхан залуу байсан юм.
-Та Сталинградын ялалт болж, японы ар талд хаяулалгүй нутагтаа буцах болсондоо баярласан уу?
-21 настай байлаа. Галд орж, галав юүлэх нас шүү дээ. Муу эр дайнд хөөрнө гэгчийн үлгэрээр дайтах юмсан, байлдах юмсан гэж хорхойтож байсныг нуух юун. Юунаас ч айдаггүй байлаа. Эх орноо хамгаална гэсэн том бодолтой, зүрхтэй л байсан үе дээ. Онгоцоор нисч дайсны ар талд хаягдахад яг бэлэн болчихсон, байнгын бэлэн байдалд байлаа. “Нислэгт” гэхэд яг год үсрээд гарах байлаа. Бидний хорхойг фашистуудын ялагдал дарчихсан юм.
-Эх орондоо буцаж ирээд юу хийсэн бэ?
-Бүгд хуучин ажилдаа орсон. Түр томилолтоор явж ирсэн гэсхийгээд өнгөрсөн.
-Та нарын тагнуулын сургуулийн ажил тэгээд л дуусах нь тэр үү?
-Үгүй шүү. Яамны удирдлага ЗХУ-д аюулаас хамгаалах сургуульд бидний хориод хүнийг суралцуулахаар явуулсан. Тагнуулын тусгай сургууль хийсэн нөхдийн маань хувьд тэр чиглэлээрээ тун амжилттай ажилласан. Рэнцэнхорлоо 1945 оны чөлөөлөх дайны үеэр Өвөрмонголын нутагт суурьшин тусгай даалгавар биелүүлсэн юмдаг. Надтай хамт хойно сурахаар очсон нөхдөөс Вандан, Хуягийн Цэрэндорж нарыг сонгож 1945 оны чөлөөлөх дайнд тусгай үүрэг гүйцэтгүүлсэн юм. Тэд Москвагаас шууд явж үүрэг гүйцэтгэсэн. Би ЗХУ-д хоёр жил суралцаж сургуулиа төгсөөд 1946 онд эх орондоо буцаж ирсэн. Баруун хязгаарын байдал түгшүүртэй байлаа. Хасгийн дээрэмчид Гоминданы хятадын гар хөл болж, хил даван орж ирж, дээрэм тонуул хийж, хүн ардын амгалан тайван байдал, сэтгэл санааг байнга түгшээж байсан юм. Эх орны баруун хязгаарын аюулгүй байдлыг сахиж хамгаалах, тохинуулахад аюулаас хамгаалахын ажилтнууд онцгой үүрэг гүйцэтгэсэн юм. 1942 онд ЗХУ-д очиж тагнуулын тусгай сургууль хийсэн манай нөхдөөс Лувсанбалдан, Цэнд-Аюуш, Шийлэг нар хасгийн дээрэмчдийг бут цохиход гарамгай гавьяа байгуулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн гэж боддог. Рэнцэнхорлоо бид хоёр командлалын даалгавар биелүүлэх хэсгийг Баянголын аманд нууцалж бэлдсэн юм. Тэдэнд мэдээ олох, дайсны цувааг саатуулах, дайсны маршрутад тэсэрч дэлбэрэх зүйл тавих зэрэг арга барил заасан. Бэлтгэгдсэн казах нөхдийг Рэнцэнхорлоо авч явсан. Баруун хязгаарт буй хасгийн дээрэмчдийн хүчийг сэлбэж, нэмэгдэл хүч болохоор явсан гоминданы цэргийн цувааг саатуулахад багагүй гавьяа байгуулсан гэж боддог. Рэнцэнхорлоо хурандаа түүхэнд тэмдэглэх гавьяа байгуулсан ахмад дайчин мөн. Монгол улсын Сэргийлэх байгууллагын алдрын замд ч түүний оруулсан хувь нэмэр асар их.
-Рэнцэнхорлоо гуай та хоёр уулздаг уу?
-Уулзалгүй яахав. Саяхан бие нь яльгүй чилээрхээд эмнэлэгт хэвтсэн дуулдсан. Бид ч цагийн аясаар аргагүй л нас өндөр болж байна шүү дээ. Залуу насаа эргэж санахад үнэхээр сайхан гялалзаж явж дээ.
-Та нас сүүдэр яг хэд хүрч байна?
-Ирэх жил 75 хүрнэ.
-Үр хүүхэд, ач зээ олонтой биздээ?
-Дөрвөн охинтой. Отгон охин, хөгшин бид хоёртой цуг байгаа. 16 зээтэй болчихжээ.
-Аугаа их эх орны дайны ялалтын 50 жилийн ойн баярыг та сайхан тэмдэглэв үү?
-Тун сайхан тэмдэглэсэн. Сайхан ч тэмдэглэхээс болохгүй лут том түүхт баяр шүү дээ. Олон сая хүний амь насаар олдсон аугаа их ялалт. Энэ ялалтыг одоо мартчих гээд байдаг болоо юу даа. Түүхийг, хүн төрөлхтнийг фашизмын хүрэн тахлаас аварч чөлөөлсөн их ялалтыг тэгтлээ амархан мартчих гэж байдаг юмуу? Цагийн аясаар толгой нь эргээд байвал огт толгойгүй болно шүү дээ. Хүмүүс нь толгойгүй бол улс нь ч толгойгүй болж л таараа. Ахынх нь хувьд ялалтынхаа баярыг их сайхан тэмдэглэсэн. Өөд болсон бүх нөхдөө нэг сайн сэтгэлдээ дахин харж дурслаа. Эх орны аугаа их дайнд хувь нэмрээ оруулсныг минь ард түмэн өндрөөр үнэлж цагтаа шагнасан Алтан гадас одон, “Бид ялав” медалиа зүүж, өөрийгөө толинд нэг харлаа. МУ-ын ТТГ-ын дарга хошууч генерал Сандагийн гарын үсэг зурсан 1945 оны чөлөөлөх дайнд идэвхтэй оролцож явсныг баталж өгсөн Соёмбо тэмдэг бүхий “10” гэсэн дугаартай гал улаан хавтаст үнэмлэхийг 1995 оны 4-р сарын 27-ны билэг дэмбэрэлтэй сайхан өдөр өөрийн биеэр гардаж авлаа. “Үүнээс өөрөөр яаж сайхан баярлах вэ дээ. Төрийн сүлд өршөө” гэж сүжиглэлээ шүү дээ.
Аюулаас хамгаалахын ахмад дайчин өвгөн хурандаа Жамсрангийн Самбууням гуайдаа Аз жаргал, эрүүл энх, улам урт удаан наслахыг л чин сэтгэлийн угаас хүсье дээ. Монголын чекистүүдийн яруу алдар бадартугай.

У.Амарсайхан
1995 он

No comments:

: