Wednesday, March 25, 2009

Монгол ба Израйль


1947 оны арван нэгдүгээр сарын 29-нд НҮБ-ын төлөвлөгөө ёсоор Палестины нутаг дээр жүүдийн (еврейн) улс байгуу лахаар боллоо. Ингээд 1948 оны тавдугаар сарын 14- нд хэдэн зууны турш ертөнцөөр нэг тарж, нүд үзүүр лэгдэн явсан жүүдүүд эцэг өвгөд ийнхөө Ариун газар шороон дээр эргэн цуглаж Израйль улсыг тунхаглажээ.
Цаг үргэлж дайны байдалтай байж, хөршүүдийнхөө үзэн ядалт дор амьдардаг ч Израйлийн эдийн засаг эрчимтэй хөгжиж, аюулгүй байдлаа бүрэн хангаж байна. Ямар ч баялаггүй, тэр битгий хэл цэвэр усны ахиухан нөөц ч үгүй элсэн цөлд олон улсын харилцаанд чухал үүрэг бүхий, улс төр, эдийн засгийн нөлөө бүхий улсыг хэрхэн байгуулж чадав.

Еврейн үндэсний үзэл болох сионизмын тулгуур баримтлал нь “дэлхийгээр нэг тарсан үндэстнээ цуглуулах, нэгтгэх. Тусгаар улсаа байгуулах” байсан. Энэ үзэл баримтлалаа хэрэгжүүлэхдээ жүүдүүд тухайн үед олон улсын харилцаанд үүссэн нөхцөл, голлох талуудын ашиг сонирхол, улс төр, эдийн засаг болон эрх зүйн төлөв байдлыг ухаалаг ашигласан юм.
Газар зүйн байршлаа их гүрнүүдийн геополитикийн ашиг сонирхолтой уялдуулан үндэсний аюулгүй байдлаа хангаж байгаа тэдний туршлагаас суралцаж яагаад болохгүй гэж. Хоёрхон хөрштэй, тэдний байнгын хяналт, барьцаанд байдаг улсын хувьд бид энэ чиглэлээр илүү дорвитой ажиллах, тусгаар тогтнол, бие даасан байдлаа итгэл төгс болгох, баталгаажуулахад ухаалаг бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Иргэдээ 800 мянгаас 7,2 сая болтол нь өсгөж чадсан гайхалтай хүн ам зүйн бодлогыг израйльчууд хэрэгжүүлжээ. Дөнгөж хоёр сая 500-д хүрээд байгаа монголчуудын тоог бид боломжоороо өсгөх л ёстой.
Израйль 1990-ээд оноос гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, өндөр технологийг эрчимтэй хөгжүүлснээр АНУ-ын хөрөнгийн бирж дээр гарсан компаниудын тоогоор Канадын дараа хоёрдугаарт орж байна. Асар их баялагтай ч өндөр технологи эзэмшиж амжаагүй, дэлхийн хөрөнгийн эргэлтэд багтаж чадаагүй бидэнд тэднээс сурах юм мэдээж их бий.

Үндэсний аюулгүй байдлаа хангах оновчтой бодлого

Израйль дэлхийн 161 оронтой дипломат харилцаатай. Арабын орнуудаас Египет, Иордан, Мавритан гуравтай л хэвийн харилцаатай. Бусад нь Израйлийг “араб ертөнцийн дайсан” гэж зарласан ажээ. Ийм нөхцөлд аюулгүй байдлаа хангах нь жүүдүүдийн өдөр тутмын амин чухал хэрэгцээ болж байдаг.

18 наснаас дээш бүх иргэн эр, эмгүй цэргийн жинхэнэ болон бэлтгэл албыг хашдаг. ДНБ-ийхээ 24 хувийг батлан хамгаалах салбарт зориулж байснаа өндөр технологи хөгжүүлсний ачаар энэ зардлыг 7,3 хувьд хүргэж бууруулжээ. Тусгаар тогтнолоо дипломат бодлогоор хамгаалахын чухлыг жүүдүүд мартдаггүй. Геополитикийн ач холбогдлоо үнэлүүлж чадсаны хувьд жил бүр АНУ-ын төсвөөс зургаан тэрбум ам.долларыг “терроризмыг хазаарлах” нэрээр сааж байна.
Монгол Улс Израйльтай 1991 оны аравдугаар сарын 2-нд дипломат харилцаа тогтоожээ. Израйльчууд Монголтой харилцаагаа өргөжүүлэх, харилцан ашигтай байх зарчимд ажиллах сонирхолтойг Ерөнхий сайд асан Ариэль Шарон Монголд айлчлахдаа илэрхийлж, Израйлийн тал “Өндөр технологийн ноу-хаугаа Монгол Улстай хуваалцахад бэлэн байна” гэжээ. Хариуд нь тун жоохон юм хүссэн нь “НҮБ-ын хурал, чуулган дээр Израйлийн эсрэг санал өгөхгүй байх” юмсанж. Гэвч монголчууд энэ саналд хариу өгөөгүй байна. Тэр хэмжээгээрээ бид өндөр технологи эзэмших, хурдацтай хөгжих боломжоо алдаж байгаа билээ.

Монгол яаралтай хөгжихгүй, баяжихгүй, чадваржихгүй бол, аюулгүй байдлаа хангах хэмжээний болохгүй бол нээгдэж мэдэгдсэн асар их баялгаасаа болоод хүнд байдалд орох болоод байна. Зовж, зүдэрч олсон тусгаар тогтнолыг хөгжлөөр, эдийн засгийн өсөлт, ухаалаг бодлогоор л хамгаална.

Эдийн засгаа өөд нь татах жүүд ухаан

Дэлхийн банкны үнэлгээгээр Израйль нь Ойрхи Дорнодод бизнес, аж ахуй эрхлэхэд хамгийн таатай орноор тодорчээ. ДНБ-ий хэмжээгээрээ дэлхийд 53-т, нэг хүнд ногдох орлогоороо 37-д (26 800 ам.доллар)орж байна. Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний өсөлт нь жилийн тогтмол 4,5-5,4 хувь. Алтны нөөц нь 28,48 тэрбум ам.доллар ажээ.
Байгалийн баялаг байхгүй ч хөдөө аж ахуй, аж үйлдвэрийг эрчимтэй хөгжүүлснээр дотоодынхоо хүнсний хэрэгцээг бүрэн хангах төдийгүй экспортолдог юм байна. Өндөр технологийн ачаар жимс, хүнсний ногоо, эм тариа, химийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж, хүнсний аюулгүй байдлаа бүрэн хангаж, хянаж байна. Дайсагнасан улсуудын хүрээлэлд байдаг атлаа тэднээс хүнсээ импортолбол юу болох нь тодорхой.

Израйль программ хангамж, цэргийн нарийн технологиор гаршин, алмаз экспортолдог. Мэдээллийн технологи, ус цэвэршүүлэх, нөөцлөх, харуул хамгаалалтын технологиор дэлхийд тэргүүлэх улс болж чаджээ.
Аялал жуулчлал, ялангуяа шашны жуулчлал их хөгжсөн юм байна. Амар амгалан эх орондоо бид хангалттай тооны жуулчин татаж чадахгүй суухад айдас хүйдэс дүүрэн нутагтаа еврей нар жилд 15-17 сая жуулчин авч байна. Зул сарын баярын өдрүүдэд гэхэд л дэлхийн өнцөг булан бүрээс 90 мянган жуулчин Иерусалимд ирдэг ажээ.
Монголчуудын зүгээс Израйлийн хүнсний аюулгүй байдлын бодлого, ХАА-н технологиос суралцах оролдлого бас ч гэж хийж байжээ. 1994 онд ХХАА-н дэд сайд тэргүүлтэй төлөөлөгчид Израйлийн олон улсын хамтын ажиллагааны Төв “МАШАВ”-ын урилгаар анх айлчилж, ХАА-н салбарын хөгжилтэй танилцсан байна. Тэр үедээ хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурсны дагуу манай мэргэжилтнүүд тэдний зардлаар Израйльд сургалтад хамрагджээ.

Хоёр орны хамтын ажиллагааны гол талбар нь ХАА болж байгаа бөгөөд Израйлийн мэргэжилтнүүд Монголд ирж манай улсын ХАА-н нөхцөл байдал, боломжийг судалсан байна. Хүлэмжид дуслаар усжуулах тоног төхөөрөмж нэвтрүүлэхэд зориулж 50 мянган ам.долларын буцалтгүй тусламжийг Израйль улс олгож байлаа.
1994 онд “Дэвшил трэйд” компани, Дарханы жимс ногооны эрдэм шинжилгээний хүрээлэнд улаан лооль, өргөст хэмхийн израйль сортуудыг тарьсан нь амжилттай болсон байна. Дуслаар усжуулах төхөөрөмжийн зарим сэлбэг хэрэгсэл, улаан лооль, өргөст хэмхийн үр, бордоо зэргийн үнэ 17 мянган ам.долларыг Израйлийн тал гаргасан байна. Израйльчууд “Аж ахуйн хөгжил, агробизнес”, “Сүүний үйлдвэрлэл, сүүн бүтээгдэхүүний борлуулалтын менежмент” сэдэвт сургалтыг Израйль, Монголд удаа дараа зохион байгуулжээ.

Овсгоотой, ажил хэрэгч хүмүүс шүүрч аваад, хэрэгжүүлээд явсан бол хүнснийхээ дотоодын хэрэгцээний ядаж талыг ч болов хангадаг болохоор сайхан санал ч тавьжээ. Оргүйд орвол, оройтсон нь дээр гэгчээр одоо эргэж зууралдаад ХАА-гаа өөд нь татаад авмаар л байна. Нүүдлийн МАА, өгөөж багатай газар тариалангийн технологи маань өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангаж чадахгүйгээс бид хүнснийхээ 70 хувийг импортоор авч байна. 30 хувийг нь гадаадаас авахад л аюулгүй байдал алдагдана гэж ярьж байхад бид юу вэ?
Израйлийн ХАА, газар тариалан бол иргэншсэн, эрчимжсэн салбар юм гэдгийг нүдээрээ харах завшаан надад тохиолдсон юм. Иргэншиж буй нийгмийн хэрэгцээг эрчимжсэн, соёлжсон, өндөр үр ашигтай хөдөө аж ахуй л хангах юм билээ.
Байгалийн нөөц, баялаг байхгүй, үйлдвэрлэл, өргөн хэмжээний бизнес явуулах ямар ч боломжгүй, хэт жижиг хэмээн үзэгддэг газар нутаг дээр цугласнаараа “жүүдүүд хөрөнгө цуглуулах, ашиг орлого олох найдлагагүй газар цугладаггүй” гэсэн явган яриаг тэд мохоосон байна. Хойд, өмнөд Америк, Австрали зэрэг шилжин суурьшигчдаас голлон бүрдсэн газруудаас Израйлийн гол ялгаа нь энэ. Бусад газарт шилжин суурьшигчид ер бусын их баялаг, өргөн уудам газар нутаг, байгаль, цаг уурын тааламжтай нөхцөл зэрэгт татагдаж байсан бол жүүдүүдэд тэр нь байсангүй. Тэд Палестины хоосон элсэн дээр буухдаа “энэ ертөнцийн орхигдсон мухарт иргэншил, хүмүүсийн аз жаргалыг цэцэглүүлэхэд өөрийнхөө хувь нэмрийг оруулна” гэсэн бат итгэл өвөртөлж иржээ.

Зүүн хойд Азидаа жүүд шиг байх сан

Хоцорч яваа, гэвч асар их боломж өмнө нь нээгдэж буй жижиг улсын хувьд бид одоо тун ухаалаг байж, бурхнаас олгосон алтан боломжийг ашиглан хүчирхэгжиж авах хэрэгтэй боллоо. Өршөөл энэрлийг мэдэхгүй өрсөлдөөнд тэсч үлдэх, оршин тогтнохын тулд бидэнд жүүд ухаанаас суралцах хэрэгцээ байна. Хоёр аваргын дундаас хожоо унагах, холыг харах шаардлага байна. Ядаж цөөн хэдэн иргэнээ хортой архи, түймэр, шуурга мэтхэний уршгаар хорвоогоос явуулаад баймааргүй. Өндөр технологи эзэмшсэн, ухаалаг, зальжин израйлчуудаас суралцаж Зүүн хойд Азидаа жүүд шиг байхсан.

No comments:

: