Friday, March 13, 2009

Сайн ноён хан Т.Намнансүрэн өргөмөл байгаагүй


Танай сонины өнгөрсөн сарын 24-ний өдрийн 271 дүгээрт “Сайн ноён хан” сангийн захирал Чимэдрэгзэнгийн Надмидтай хийсэн ярилцлагыг нийтэлжээ. Үүнтэй холбогдуулан Ч.Надмид түүхийн үнэнийг гуйвуулан, худал зүйл ярьж, нэр төрөө гутааж буйг нь сануулах үүднээс үүнийг бичив.
Монгол Улсын түүхэнд 1911 онд туурга тусгаар улс (автономит) болж, тусгаар тогтносон Монгол Улсын анхны Ерөнхий сайд, улсын дээд хурлын дарга, тухайн үеийн Цэцэрлэгчийн (аймгийн) Чуулган дарга Түмэнхэн номун эзэн Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэн агсны мэндэлсний 130 жилийн ойг энэ өдрүүдэд тэмдэглэгдэж байна. Түүхэнд 1878 оны арваннэгдүгээр сард төрсөн гэж эцэг нь тэмдэглүүлсэн байдаг.
Ч.Надмид ярилцлагадаа хоёр зүйлийг огт худал хэлж, түүхийг завхруулжээ.

Нэг. Т.Намнансүрэн агсны гуч охион гэж өөрийгөө нэрлэсэн нь үндсээрээ худал. Надмид бол Чоймбол (Чоймжиддорж)-ын өргөмөл хүү Доржпалам агсны охин яахаараа төрсөн ахаараа овоглосныг мэдэхгүй. Чоймжиддорж нь 1927 онд Хан хөгшин уулын хошууны даргаар сонгогдож явсан, Т.Намнансүрэн агсны анхны багш, зөвлөгч, хамтран зүтгэгч, нутгийнхны нэрлэдгээр Доной бэйс (бичгийн), түүх шаштирт Чимэддорж (тахилын нэр нь) агсны гурван хүүгийн дундах нь юм. Сайн ноён хошууны нэрийг 1924 онд Хан хөгшин уулын хошуу болгож, хаад, ноёд аймаг, хошууг угсаа залгамжлан захирч ирсэнийг болиулж, язгууртан гаралгүй, ардуудын дотроос, хошууны Их хурлаас сонгодог болгосноор Чимэддорж бэйс хошууны захирагч болжээ. Учир иймээс Надмид бол Чимэддорж бэйсийн ачинцар гэвэл үнэнд тооцогдовч, генийн хувьд өөр шүү гэдгийг хэлчихье.

Хоёр. Т.Намнансүрэн агсныг таван настайд нь Доной (Чимэддорж) бэйст өргүүлсэн гэдэг бол шал худал, хэн ч үнэмшихгүй, зөвхөн өөрийгөө өргөмжлөх гэсэн явдал гэж сануулж байна. Харин таван настайд нь Доной бэйст шавь оруулж, монгол, манж бичиг заалган, хожим төрт ёс, хууль эрх зүйн мэдлэг чадвар олгуулсан нь түүхийн үнэн. Намнансүрэн агсны эцэг Догшин цоохор ноён Төгс-Очир өөрийнхөө угсааг залгамжлуулахаар бэлтгэж байсны гэрч юм. Улсын түүхийн төв архивт хадгалагдан буй Цагаан бичгийн дансанд “Манай хошууны улсын түшээ гүн Ба (Банданнамжил), Бадруулт төрийн арванхоёрдугаар оны (1886) дөрөвдүгээр сард өвчнөөр бие өнгөрсөн явдлыг мэдүүлж, үүний тул өргөв. Бадруулт төрийн арванхоёрдугаар он, аравдугаар сарын 6 гэж Ц.Төгс-Очир ууган хүүгээ нас барсныг Манжийн журганд мэдүүлжээ.
(УТТА ф-м ¹61 ХН ¹10)

Цааш “Манай хошууны түшээ гүн На (Намнансүрэн), Бадруулт төрийн арвангуравдугаар онд (1887) Улсын түшээ гүнгийн хэргэм залгамжлуулав. Мөн арвангуравдугаар оны арваннэгдүгээр сард Сайн ноён цол, засаг хошой Чин ван хэргэмд нэр батлан тэмдэглэж мэдүүлэв” гэжээ.
(УТТА ф-м ¹61 ХН ¹12)

Т.Намнансүрэн 1896 онд эцгийнхээ орыг залгамжилсан байдаг. Хүнд өргүүлсэн (үрчлүүлсэн) бол ингэхгүй нь тодорхой шүү дээ.
Төгс-Очир ноёнтон гурван эхнэртэй, зургаан хүү, найман охинтой байсны хоёр дахь хүү нь ингэж угсаа залгамжилсан. Харин Намнансүрэн ноёнтон өөрийн төрсөн хүүг нас барсныг мэдээлсэн нь бий. Өргөмөл хүү нь угсаа залгамжилсан юм. Түүхэн дэх тодорхой ийм зүйлийг гуйвуулан худал хэлэх нь ичгүүртэй баймаар. Ч.Надмидын эцэг, эх гарал үүслийг мэддэг нутгийн хөгшчүүд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Уянга суманд олон бий.

Ч.Надмидын эрхэлж буй ажил, юу хийж буй нь мэдэгддэггүй “Сайн ноён хан” сангийн талаар бичсэнгүй. Юутай ч өөрийгөө өндөр дээд язгууртны тоонд оруулах гэж, түүхийг гуйвуулан завхруулж, худал хэлж яваад нь харамсч, ичих нүүртэй, бодох ухаантай байгаасай гэж түүх судалж явдгийн хувьд сануулахын хамт “Өнөөдөр” сонины нэр хүндийг ч хайрлан үүнийг бичив. Үнэн юм, үнэнээрээ байх болтугай. Хойч үе маань ч түүхийн ийм зүйлд соргог байгаасай.

Түүх судлаач Ц.Шүгэр, Д.Төмөртогоо

No comments:

: