Tuesday, March 24, 2009

Афганистаны түүхээс


Афганистан улс сүүлийн 30 гаран жил байнгын иргэний дайн, эзлэн түрэмгийлэл дор оршиж байлаа. 1979-1989 оны хооронд 10 жил интер националч үүргээ гүйцэтгэсэн зөвлөлтийн цэрэг Афганистан аас гарсны дараа тэнд омог хоорондын мөргөлдөөн гарч эхэлсэн.
Мэдээж ийм тохиолдолд дээрэм тонуул, аллага хүчирхийлэл газар авч эхэлжээ. Энэ бүх эмх замбараагүй байдал 1996 онд тус улсын засгийн эрхэнд лалын шашны радикал /хэт хуучинсаг/ хөдөлгөөний гишүүд болох талибууд гарснаар нэг хэсэг намжжээ.
Талибууд Афганистанд дундад зууны үеийн шариатын дэглэм тогтоож, европ хувцас өмсөх, сахлаа хусах, эмэгтэйчүүдэд бичиг үсэг сурахыг хориглов. Тэд Коран сударт нийцэхгүй гэсэн болгоныг үндсээр нь устгаж байлаа.
Харин 2001 оны 9 сарын 11-ны хэрэг явдлаас болж америкчууд өөрсдийн холбоотнууд болон талибыг эсэргүүцэгчдийн хамтаар алан хядагчдын эсрэг ажиллагаа явуулан Кабулыг эзлэн талибын дэглэмийг түлхэн унагажээ.
Гэсэн хэдий ч талибууд нууц байдалд шилжин одоог хүртэл НАТО-ын цэргүүд болон Афганистаны засгийн газрын эсрэг байлдааны үйл ажиллагаа явуулж байна.
Тэгвэл иймэрхүү хэрэг явдал 60-аад жилийн өмнө ч гэсэн Афганд болж байсан аж.
1910-аад оны үед Афганистан орон Английн протекторатын /хараат/ дор байсан бөгөөд бие дааж гадаад бодлого барихаасаа татгалзсаны хариуд Английн эзэн хаанаас жил бүр Афганистаны эмир 60 мянган фунт стерлинг авдаг байжээ.
Ийм байдалтай 1919 он хүртэл байж байгаад тэр үеийн эмир Абдуррахман ан хийж байх үедээ алагдсан байна. Энэ аллагад түүний гуравдугаар хүү Аманулла оролцсон байж магадгүй гэсэн хардлага байдаг. Үүнээс хойш Афганы хаан ширээг талийгаачийн төрсөн дүү Насрулла эзлэх байсан ч тэр ердөө 7 хоног л сэнтийдээ заларч амжжээ.
Насруллаг талийгч хааны хүү Аманулла ширээнээс нь түлхэн унагажээ. Аманулла хаан ширээнд заларсан эхний өдрөөсөө Английн эсрэг ширүүн эсэргүүцэж эхлэв. Эцсийн дүнд тэр англичуудын эсрэг ариун дайн зарлажээ.
Харамсалтай нь энэ дайн ердөө сар гаруйхан үргэлжлэв. Сайтар бэлтгэгдэж зэвсэглэсэн английн арми Афганчуудыг хэд хэдэн удаа бут цохижээ. Гэсэн хэдий ч саяхан дэлхийн нэгдүгээр дайн дууссан, Английн колони хэд хэдэн улсад эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж эхэлсэн тул англичуудад энэ дайн ашиггүй байв.
Тиймээс тэд Афганистантай эвлэрлийн гэрээ байгуулж энэ гэрээгээр Афганистан улс нь үндсэндээ бие даасан хараат бус орон болжээ.
Шинэ эмир Аманулла хаан өөрийн улсад их өөрчлөлт шинэчлэл зохион байгуулж эхэлжээ.
Тэрээр Европын хэд хэдэн улсад айлчилж Франц, Герман, Итали, ЗХУ зэргээс орчин үеийн шинэ зэр зэвсэг худалдан авч, мөн европын инженер-техникийн мэргэжилтнүүдийг урив.
Айлчлалаас буцаж ирснийхээ дараа улс орондоо шинэ журам тогтоож, олон эхнэр авах, эмэгтэйчүүдийг гивлүүргүй явахыг зөвшөөрч, боолчлолыг халж, лалынхны хувьд хамгийн аймшигтай нь Кабулд охидын сургууль байгуулав.
Гэвч европ загварын эдгээр шинэчлэлийг жирийн афганчууд тийм ч тааламжтай хүлээж авсангүй.
Аманулла хааны шинэчлэлийг эсэргүүцэж нэгэн жирийн харц тажик үндэстэн Хабибулла эсэргүүцлийн хөдөлгөөнийг удирдав.
Хабибулла нь 1890 онд Кабулын ойролцоох Калакан тосгонд төрсөн бөгөөд түүний эцэг нь эмирийн армид алба хааж байхдаа ус зөөгч байжээ. Тиймээс Хабибулла Бача и Сакао гэдэг хочтой болсон нь ус зөөгчийн хүү гэсэн утгатай ажээ.
1920 онд Хабибулла цэрэгт татагдаж офицер цолтой болжээ. 1922 онд халагдаад дээрэмчин болсон байна. Тэрээр Зөвлөлт засгийн эсрэг Туркменстанд байлдаж байгаад 1924 онд эх орондоо эргэн ирэв.
Ирсэн даруйдаа дахин цэрэгт татагдаж, хэд хэдэн гавьяа байгуулж одонгоор шагнуулж байсан ч тэр жилдээ зэвсэгтэйгээ оргох оролдлого хийсэн хэргээр шоронд оров. Гэсэн ч удалгүй түүнийг нөхөд нь гяндангаас оргуулжээ. Хабибулла оргосныхоо дараа дээрэмчдийн бүлэг зохион байгуулж дээрэм тонуул хийж явахдаа сэр Томас Лоурэнс гэх Пир-Карам-Шахтай танилцжээ.
Тэр нь Английн Интеллиженс Сервисийн бие төлөөлөгч байсан бөгөөд нэлээд сэргэлэн дээрэмчин түүнд таалагдаж даварч эхлээд байгаа Эмир Аманулла хааныг ширээнээс нь түлхэн унагаж байрыг нь эзлүүлэхэд тохиромжтой хүн гэж үзсэн байна. Англичууд Хабибуллаг сайтар бэлтгэж, мөнгөөр хангаж өгөөд Афганистан руу явуулав.
1928 онд тэрбээр босогчдын зэвсэгт отряд зохион байгуулж 1929 оны 1 сард Кабул руу довтлов. 1 сарын 14-нд Аманулла хаан ширээнээсээ татгалзаж, маргааш нь Хабибуллагийн отряд Кабулд орж иржээ.
Шинэ эмир Хабибулла түрүүчийн эмирийн бүхий л өөрчлөлт шинэчлэлтийг хориглож, сургуулийг хааж, боловсролын болон хууль зүйн яамыг татан буулгав. Мусульманчууд зөвхөн медрест сурах ёстой болсон бөгөөд шүүхийг зөвхөн шариатын хуулиар шүүхээр болгожээ.

1 comment:

Anonymous said...

Энэ афганчууд хэчээ ч өөдлөхгүй ээ.

: