Wednesday, March 25, 2009

Хүйтэн дайны дараа үеийн шилжилтийн явц: Төв Ази болон Монголын хэтийн төлөв

Профессор Д. Баярхүү

Дэлхийн улс төрд оролцон тоглогч гол таван бүлэг хүчний дүр төрх АНУ-ын Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн Профессор Ханс Биннендайкийн тодорхойлсноор үйл явдлын өрнөлийн давамгайлах дөрвөн хандлагаар илэрч байгаа бөгөөд хандлага бүр нь оролцон тоглогчдод өөрсдөд нь ялгаатай байдлаар нөлөөлж байна.Хамгийн их нөлөө бүхий оролцон тоглогч нь зах зээлийн эдийн засгийн ардчилалтай орнууд юм. Тэдний үзэл суртал нэгэнт дэлхийн хэмжээнд загвар болоод байгаа бөгөөд энэ 10 жилийн эцэс гэхэд дэлхийн улс үндэстний тэн хагасаас илүү нь ардчиллын замаар замнах ажээ.

Шилжилтийн үедээ яваа цаашид зах зээлийн ардчиллаар замнах найдвар төрүүлж буй орнууд хоёрдахь бүлгийг бүрдүүлж байна. Энд голлох орнууд нь Хятад, Орос, Энэтхэг бөгөөд тэдний хөгжлийн хандлага дэлхий дахинаа илүү төлөвшсөн даяар тогтолцоо бүрэлдэн тогтоход шийдвэрлэх хүчин зүйл болох гэнэ.
Гуравдахь бүлэгт Ирак, Иран, Хойт Солонгос, Ливи, Судан, Афганистан, Куба, Серби зэрэг “найдваргүй” гэж нэрлэгдэх болсон орнууд орно.
Харин дөрөвдэх бүлэгт Босни, БНА Конго Улс, Камбож, Алжир, Сомали, Таджикистан, Гаити зэрэг олон бүтэлгүйтэж яваа орнууд орж байна.

Эцэст нь тусгаар улсын статусгүй боловч тусгаар улсын олон шинжийг улам бүр агуулах болсон зах зээлийн ардчиллыг дэмжигч үндэстэн дамнасан корпорацууд, олон улсын гэмт хэргийн синдикатууд тэрчлэн зах зээлийн ардчиллыг унагаахыг эрэлхийлэгч террорист байгууллагууд тавдахь бүлэг болж байна.
Эдгээр таван бүлэг оролцон тоглогчдод дэлхий дахины үйл явдлын өрнөлийн дараахь дөрвөн хандлага сайн, муу хоёр янзаар нөлөөлж ирсэн бөгөөд оролцон тоглогчдын заримыг хооронд нь нэгтгэж, заримыг салган холдуулах нөлөөлөл үзүүлж байгаа ажээ.

Эхний хандлага нь мэдээллийн шинэ технологи дээр тулгуурласан, эдийн засаг, улс төр, цэрэг дайны хэрэг болон харилцаа холбооны хөгжлийн хурдцыг эрс дээшлүүлж өгсөн, өөрөө эрчтэй ахиж буй даяарчлал юм байна. Эдийн засгийн даяарчлал зах зээлийн ардчилалд урьд өмнө байгаагүй их баялагийг авчирсны дээр шилжилтийн эдийн засагт тустай, түүгээр ч барахгүй үндэстэн дамнасан гэмт хэргийн синдикатуудыг ч хүчирхэгжүүлж болно. Гэтэл найдваргүй орнууд даяарчлалын улс төр, соёл, эдийн засгийн зарим хүчин зүйлийг үл зөвшөөрдөг бол бүтэлгүйтэж буй орнууд даяарчлалын үр шимээс хүртэж ч чадахгүй улам бүр хоцрогдсоор байна.
Дараагийн нэг хандлага нь ардчиллын үйл явц бөгөөд засгийн эрхийг тайван замаар шилжүүлэх зэрэг давуу талтай, тэр чанараараа шилжилтийн шатанд яваа Орос, Энэтхэг зэрэг орнуудыг илтээр татаж байна.

Хөгжил, үйл явцын өрнөлийн гуравдахь хандлага нь задарч салах үзэгдэл аж. Энд хачирхалтай нь нэгдмэл болж буй дэлхий ертөнцөд зарим нэг бүлэглэлийн бусдаас ялгарч, бүс нутгийн хэмжээнд эрх мэдэл, хүч чадлаа нэмэгдүүлэх эрмэлзэлд даяарших үйл явц улам бүр түлхэц болсон байна. Эрх мэдэл шилжих энэ үзэгдэл дэлхийн улс төрийн оролцон тоглогчдод харилцан адилгүй үйлчилж байгаа нь, тухайлбал, АНУ-д муж улсуудын хооронд эрх мэдлийг илүү тэнцвэртэй хуваахад хүргэж, Европын Холбоонд шийдвэрийг доод шатанд гаргах үзэл баримтлалд хүргэсэн бол Орос, Энэтхэг, Хятадад зэвсэгт зөрчилдөөнд хүргээд байна.

Дөрөв дэх хандлага нь цөмийн зэвсгийг дэлгэрүүлэх явдал байна. Энд цөмийн зэвсэгтэй АНУ, Орос, Хятад, Ирак, Хойт Солонгос зэрэг орны бодлого, хоорондын харилцаа чухал ажээ.
Хүйтэн дайны дараахнаас эхэлсэн улс төр, эдийн засгийн шилжилтийн үйл явц нь эдийн засаг дээр суурилсан, эдийн засаг-улс төрийн, улс төр-эдийн засгийн, улс төрийн гэж ангилагдаж байгаа бөгөөд энэ өнцгөөс авч үзвэл манай Монгол Улсын шилжилтийн үйл явцын хувьд улс төрийн шинэтгэл амжилттай хэрэгжих боловч эдийн засгийн шилжилт нь удаашрах хандлагатай байгаа юм.

No comments:

: