Monday, March 30, 2009

Хэзээ ч тэсэрч мэдэх бүс нутаг


Дэлхийн 2-р дайны төгсгөлд холбоотон гүрнүүдийн нэрийн өмнөөс АНУ Японыг дангаараа эзлэн авч тус оронд шинэ дэглэм тогтоосон юм. Ингээд 1947 онд баталсан шинэ Үндсэн хуулийн Дайнаас татгалзах нь хэмээх 2-р бүлэг буюу 9-р зүйлийг утгачлан орчуулбал "Шударга ёс журамд түшиглэсэн олон улсын энх тайвны төлөө чин сэтгэлээсээ эрмэлзэн Японы ард түмэн дайн хийж болох үндэстний бүрэн эрхээсээ болон улс хоорондын маргаантай асуудлыг шийдвэрлэхэд зэвсэгт хүчнийг ашиглах ба заналхийх явдлаас үүрд татгалзана" Энэхүү зорилго эрмэлзлэлээ хэрэгжүүлэхийн тулд хуурай замын, тэнгисийн, агаарын цэрэг болон дайны бусад хүчийг хэзээ ч байлгахгүй. Улс орны дайн байлдаан хийх эрхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж заасан байдаг ажээ. Гэхдээ Японд 1950 онд 15 мянган хүнтэй "Цагдаагын бэлтгэл корпус"ыг эмхлэн байгуулсан байна. Дараа нь энэхүү бэлтгэл корпусыг 1952 онд Үндэсний аюулгүй байдлын корпус болгон өргөтгөж 1957 онд Үндэсний батлан хамгаалах газар болгосон юм. Ингэхдээ Японы өөрийгөө хамгаалах хүчний үндсэн үүргийг шууд ба шууд бус түрэмгийллээс Япон орныг батлан хамгаална гэж тодорхойлжээ. Мөн Японд 18-25 насны залуус сайн дурын үндсэн дээр цэрэгт цалин хөлстэй алба хаадаг байна. Армийн төсвийг 1976 оны үеэс ҮНБ-ий 1 хувиас хэтрүүлэхгүй байх бодлогыг албан ёсоор тунхагласан бөгөөд 1996 онд батлан хамгаалах хүчинд 4.84 триллион иен зарцуулсан нь ҮНБ-ий 0.977 хувь, төсвийн 6.5 хувь болсон ажээ. Армийн бие бүрэлдэхүүний хувьд 1991 онд 273,801 байхаар тогтоогдсон тоо хэмжээ 1996 оны байдлаар 252,693 хүн байжээ. Японы нутаг дэвсгэр нь цэргийн 5 тойрогт хуваагддаг бөгөөд тойрог бүрт 1 арми байдаг ажээ. 1996 оны байдлаар Япон улс хуурай замын цэргийн 13 дивиз /156 мянган цэрэг/, тэнгисийн цэргийн хүч нь 49 мянган хүнтэй 16 байлдааны хөлөг онгоцтой, агаарын цэргийн хүч нь 46 мянган хүнтэй 520 байлдааны нисэх онгоцтой байдаг ажээ. Япон дахь Америкийн цэргийн бааз нь 1951 оны Япон-АНУ-ын аюулгүй байдлыг хангах гэрээгээр хууль зүйн үндэслэлтэй болжээ. Уг гэрээний үндсэндээр АНУ Японы Окинава аралд цэргийн баазаа байгуулсан бөгөөд 1970-аад оноос 2 тал харилцан тохиролцсоны үндсэндээр гэрээг жил бүр сунгасаар иржээ. Нийтдээ Японд АНУ-ын 20 мянган цэрэг, 150 гаруй нисэх онгоц бүхий цэргийн баазууд байрладаг байна. Япон улс АНУ-ын цэргийн баазын зардалд жил бүр 2 тэрбум илүү долларыг зарцуулдаг байна. Мөн Япон улс нь 1967 онд Цөмийн зэвсэг эзэмшихгүй, үйлдвэрлэхгүй, нутаг дэвсгэртээ оруулахгүй гэсэн цөмийн зэвсэггүй байх 3 зарчим баримтлахаа албан ёсоор зарласан юм. Харин Зүүн хойд Азийн бүс нутагт 1996 оны байдлаар Хятадын 2.2 сая цэрэгтэй 96 дивиз, тэнгисийн цэргийн 940 хөлөг онгоц, Агаарын цэргийн 6000 гаруй байлдааны нисэх онгоц байжээ. Мөн хугацаанд ОХУ-ын Алс Дорнодод хуурай замын 190 мянган цэрэгтэй 15 дивиз, тэнгисийн цэргийн 660 хөлөг онгоц, 900 гаруй байлдааны нисэх онгоцтой байдаг байна. Харин ОХУ-ын энэ бүс нутагт байгаа цэрэг зэвсэг, техникийн тоо хэмжээ 1991-1992 оны үеийнхээс эрс багасчээ. Жишээ нь тэр үед ЗХУ-ын хуурай замын 36 дивиз, тэнгисийн 780 хөлөг онгоц, 1860 байлдааны нисэх онгоцтой байжээ. Мөн БНСУ хуурай замын 550 мянган цэрэгтэй 22 дивиз, тэнгисийн 25 мянган цэрэг, 210 байлдааны хөлөг онгоц, 990 нисэх онгоцтой байгаа ажээ. үүнээс гадна Өмнөд Солонгосын нутагт АНУ-ын 27 мянган цэрэгтэй 1 дивиз, байлдааны 90 нисэх онгоц байрлаж байгаа ажээ. Хойд Солонгос бол хуурай замын 1 сая цэрэгтэй 26 дивиз, тэнгисийн цэргийн 750 хөлөг онгоц, 590 нисэх онгоцтой ажээ. Тайваньд хуурай замын 200 мянган цэрэгтэй 12 дивиз, 30 мянган тэнгисийн цэрэгтэй 390 хөлөг онгоц, 470 нисэх онгоцтойгоос гадна мөн АНУ-ын 7-р флотын 60 хөлөг онгоц, 140 байлдааны нисэх онгоц байрладаг байна.

No comments:

: