Sunday, March 29, 2009

ТЭМЦЭГЧ ҮҮ, УРВАГЧ УУ…


Гучаад оны дундуур Японд оргон гарсан, Монголын цэргийн офицер агсан Бямбаа гэгчийн тухай 1994 онд төвийн хэвлэлд сүрхий дуулиан дэгдэж, японд хэвлэгдсэн гэх номыг орчуулж, “бизнес” хийх зэргээр ёстой “шуугиан” болсныг уншигчид санаж буй. Яг тэр үеэр танил нөхөр маань надтай тааралдаж, “Тэр Бямбаа гэгч чухам ямар учиртай хүн бэ, баатар уу, аль эсвэл эх орноосоо оргож гарсан урвагч уу, архивт вм байж л таараа. Чи тодруулж, үнэнийг бичихгүй юу?” гэж хүссэн ч, шаардсан ч юм шиг хэлж билээ. Би ч тэр сүрхий дуулиан тарьж буй Бямбаа гэгчийн тухай гадаадын эх булгаас иш татсан юмыг олж харснаас бус, манайд юу байдгийг мэдэхгүй болохоор сураг тавиад үзье гэж бодсон юм. Үнэхээр манай архивт Бямбаа гэгчийн тухай шаггүй материал хадгалагдаж буйг олж үзлээ.
1945 оны чөлөөлөх дайны үед БНМАУ-ын улсын аюулгүй байдлыг хангах газрын тусгай группийнхэн Зүүн хойд Хятадын нутагт байсан Японы тагнуулын хэд хэдэн салбарын архивыг олзолжээ. “Олз”-ны дийлэнх ажлын шаардлагаар ЗХУ-д зөөгджээ. Үлдэж хоцорсон юм нэлээд байв. Тэдгээрийн дотор сайн дураараа монголоос оргож очсон Бямбаа гэгч цэргийн албан хаагч японы тагнуулын салбарт тун дэлгэрэнгүй мэдүүлэг өгч, идэвхи гаргаж амиа хаацайлан, Японд морь, нохой мэт зүтгэх санаагаа шуудхан илэрхийлсэн материал япон хэл дээр байсныг аюулаас хамгаалах байгууллагын ажилтнууд монгол хэлнээ хөрвүүлжээ.

БЯМБАА ГЭГЧ ХЭН БЭ

Овог Баасан, нэр Бямбаа буюу Бямбажав. 1913 онд Дорнод аймгийн Булган сумын нутагт төрсөн. 1926 он хүртэл орон нутагтаа мал маллаж, 1926 онд Баянтүмэнгийн бага сургуульд орж, 1928 онд төгсөөд дахин мал дээр гарчээ. 1931 онд Улаанбаатар хотод цэргийн бэлтгэл сургуульд сурч төгсчээ. 1933 онд Ленинградын морин цэргийн сургуульд явж, 1935 онд өвчний учир буцаж иржээ. Тэрбээр Ардын цэргийн 2-р корпусын 5 дугаар дивизийн 15 дугаар хорооны пулемёт ангийн штабт болон Улаанбаатар хотноо 1-р дивизийн 2-р хорооны пулемётын ангид багш, Баянтүмэнгийн дивизийн 15 дугаар хорооны клубын даргаар ажиллаж байгаад, Баянтүмэнгийн дивизийн тасагт шилжихэд хамт очжээ.
Дэслэгч, ахлах дэслэгч цол шагнуулж, 1937 оны нэгдүгээр сард МАХН-д элсч, сангийн эд хогшил эвдэн сүйтгэсний учир 1938 оны нэгдүгээр сард намаас хөөгджээ. Ажил төрөл нь суларч, намаас хөөгдсөний дараа Дорнод аймгийн Булган сумын харъяат эхнэр Лхамсүрэн нь түүнээс салж явжээ. Бямбаагийн эцэг нь гурван настайд нь нас барсан, эх Баасан, дүү Чулуунбат, охин дүү Должин, Долгор нар нь амьд сэрүүн байсан бөгөөд үхэр, хонь, адуу тэмээ нийлсэн 300 орчим малтай, 10 гаруй үхэр тэрэгтэй айл байжээ. Бямбаагийн хөрөнгө гэж тусгайлсан юмгүй бололтой.
Тэрвээр Монголоос оргох болсон шалтгаанаа 2-р корпусын дарга байсан Дамба, 15-р хорооны сумангийн дарга дэслэгч Лувсандорж, 14-р хорооны дарга дэд хурандаа Дамдин, мөн хорооны клубын дарга Сампилноров нартай сэтгэлийнхээ үгийг илэн далангүй ярилцдаг байсан. Дамба 1937 онд баригдахаасаа өмнө хэрэв ямар нэгэн байдлаар “тусгаар тогтнолын төлөвлөгөө” задарч, намайг баривчилбал чи ямар нэгэн бололцоо сүвэгчилж, цэргийн нууц бичиг баримт хулгайлж, Хянганы хойт мужийн цэргийн командлагчид дамжуулж, дараагийн даалгавраа хүлээ гэсэн юм. Дамба баригдаж буудуулсан. Дамбын даалгаврыг биелүүлэх арга зам хайж, улмаар БНМАУ-ын нам төрийн удирдах хүмүүсийн гэрэл зургийг болон цэргийн эд хогшил эвдэн сүйтгэснээсээ эмээж, манжууртай холбоо тогтоож, Японоос тусламж авч, “хувьсгалын эсэргүү”-чүүдээс өшөө авах зорилгоор оргосон гэж мэдүүлжээ. Оргохынхоо өмнө Бямбаа бэлтгэл ажил болгож Амар, Чойбалсан, Лувсаншарав, Баасанжав, Догсом нарын зэрэг нам төрийн удирдах хүмүүсийн гэрэл зургийг шавартай хольж, халх цэргийн клубын эгшигт хайрцгийг эвдэх, хувьсгалын үйл хэрэгт идэвхтэй зүтгэдэг салааны дарга Чоймболын гар буу, цэргийн тактикийн сургуулийн зургийг хулгайланавч устгажээ. Жижүүрийн үүрэг гүйцэтгэж байснаа ашиглан, штабын бичиг хэргийн төмөр авдарт түлхүүр тааруулж, ой мод, гол мөрөн, уул нуруу, зам харилцаа, улс орны эдийн засгийн байдлыг тодорхой тэмдэглэсэн цэргийн нууцад шууд холбогдох 10 ширхэг зургийг хулгайлжээ. Бямбаа оргох үедээ Монголын ардын цэргийн офицерийн зуны бүрэн хувцас, орос винтов буу, сумны хамт, “нагаан” буу, Тамсаг орчмын байлдааны тактикийн дөрвөн хэсэг зураг, нууцлалын зэрэглэлтэй Монголын ардын цэргийн дүрэм, Монгол, Оросын нам төрийн удирдах хүмүүсийн 11 ширхэг гэрэл зураг биедээ авч очжээ. Түүнийг Тамсагаас оргоод удаагүй байхад монголын ардын цэргийн эрлийн 4 машин ойртож ирсэн авч, шөнийн цагт зүг чиг алдаж, өөр зүгт явжээ. Монгол улсын хилийн дотор Рашаан бүрд хэмээх голоор оргодол Бямбаагийн араас морьтой хоёр цэрэг хөөн ирж, түүний унаж явсан хоёр морийг бууджээ. Бямбаа өвсөн дотор нуугдаж, нөгөө хоёр цэргийн морьдыг буудаж алаад арав гаруй км газар явганаар явж, Манжуурын хилийг давж оржээ. Манжуурт очмогцоо Японы талд биеэ тушааж, авч очсон цэргийн нууцлалын холбогдолтой зураг, тэмдэглэлийг Японы талд өгч, гадаад Монголын эсрэг чармайн ажиллах хүсэл эрмэлзлэлтэйгээ хэлжээ. Хэрэв түүний оргож ирсэн шалтгааныг ойлгож зөвшөөрвөөс Токио хотод очиж, морин цэргийн сургуульд орж суралцах хүсэлтэйгээ мөн яаравчлан хэлжээ. “Хувьсгалын эсрэг тусгаар тогтнолын төлөө” Монгол улсад үймээн гаргах бодолтойгоо ч нуусангүй. Тэрвээр японы тагнуулын байгууллагынханд “Монгол улсын бүх цэрэг 4 корпустай, корпус нь дотроо 4 дивизтэй, дивиз бүр 2500, корпус нь 1500 цэрэгтэй. Монголын улаан цэрэг гол төлөв морин цэргээс бүрддэг. 1-р корпус харъяа дивизгүй, улаан цэргийн кадруудыг бэлтгэх гол үүрэгтэй. Уг корпусын дор Цэргийн ерөнхий сургууль, бага дарга нарыг бэлтгэх сургууль, шинжилгээний газар гэхчилэн бий. 2-р корпусын гол хүч морин цэрэг, Дорнод, Өмнөговь аймгийг харъяална. Корпусын штаб Баянтүмэнд байрладаг. 5-р дивиз Баянтүмэнд, 6-р дивиз Тамсагт, 7-р дивиз Матадад, 8-р дивиз Байшинтад, Өвөрмонголын чиглэлийн хилийг хамгаалахаар ” 1937 оны долдугаар сард Замын- Үүдэд Жамьянжав даргатай хуягт бригад байрлуулсан. 2-р корпусын дарга Цагаан, штабын дарга Раднаа нь корпусын орлогч даргын үүргийг хавсардаг. Тус бүрдээ сургагчтай бөгөөд сургагчид нь монгол цэргийн даргын форм , хувцас хэрэглэдэг. Корпусын нисэх анги 200 цэрэг, 20 онгоцтой, гол төлөв тагнуулын үүрэг гүйцэтгэдэг, хөнгөн бөмбөгдөгч онгоцтой, нийтдээ 50 гаруй нисэгчтэй, 9.77 мм-ийн их буутай. Тээврийн анги нь 100 цэрэг, 20 машинтай , цэргийн эмнэлэг нь 5 эмч, амбулаторитой. Таван эмч бүхий мал эмнэлэгтэй, Дивизийн холбооны салбар 85, хорт утааны салаа 35, зэсвгийн тасаг 3, хангах тасаг 5, бага даргын сургууль 99 хүнтэй гэхчлэн цэргийн зохион байгуулалт бүрэлдэхүүнийг тодорхой мэдүүлжээ. Бямбаа нам засгийн удирдагч Амар, Лувсаншарав, Догсом болон төрийн сайд Цэрэндорж, Довчин, Наваан, Дорж, НТХ-ны нарийн бичгийн дарга Баасанжав, Элдэв-Очир нарын гэрэл зургийг тайлбар бичигтэйгээр японы талд өгч, улмаар Гэндэн, Дэмид нарын талаар “Гэндэн, Дэмид нараас хувьсгалын эсрэг төлөвлөгөө биелүүлэхийн тулд боломжтой цаг ирэхийг нууцаар хүлээж байсан юм. Боломжтой цаг гэдэг нь японы цэрэг ЗХУ-тай байлдах, японы цэрэг Хятадад дайн хийх, японы цэрэг өвөрмонгол орж ирэх явдал байлаа. Өөрөөр хэлбэл японы цэрэг их хэмжээгээр монгол улсын хилд ойртож ирэх явдлыг бололцоотой цаг гэж үзэж байсан юм. Японы цэрэг ирвэл Улаанбаатар хот руу 2-р корпусаар гол хүчээ хийж , давшиж ороод ,юуны түрүүн монголд буй зөвлөлтийн улаан армийг устгах, ЗХУ-тай байлдах явдалд оролцох төлөвлөгөөтэй байсан юм.
1935 оны эхний үед хувьсгалын эсрэг нууц төлөвлөгөө бий болсон. 1935-1937 он хүртэл эсэргүү төлөвлөгөө биелүүлэхталаар чармайсан боловч япон улс тэдний төлөвлөгөөг ойлгоогүй юм. Ерөнхий сайд Гэндэн янз бүрийн бололцоо хайж, Зөвлөлтөд суугаа Японы элчин сайдтай уулзахыг хичээж байсан боловч түүний далд бодлого 1937 оны гуравдугаар сарын үед илэрсэн. 1937 оны долдугаар сард үүссэн япон-хятадын дайныг олдошгүй сайн бололцоо гэж үзэж байсан юм. Цэргийн Ерөнхий штабын дарга байсан Малж, Японы цэрэг өвөрмонголд орохд Замын-Үүдийн хуягт ангийн дарга Жамъянжавт “Японы цэрэг лав Сөнөд хошуунд ирнэ. Тэднийг буудаж болохгүй. Харин холбоо барьж, хятад цэргийг цохиж, өөрсдөө япон цэрэгтэй хамтарч Улаанбаатар руу давшиж орох хэрэгтэй. 2-р дивиз тэр аяараа тэрчлэн Улаанбаатар дахь 1-р дивиз мөн байлдаанд орох болно” гэж нууц тушаал өгсөн юм.
Гэвч японы байлдааны анги хилээ хааж хятад цэргийг ч гадаад монголд орох боломжгүй болгосон. Тиймээс Гадаад Монголын тусгаар тогтнолын төлөвлөгөөний эцсийн сайн бололцоо арилж цэвэрлэлтийн ажил эхэлсэн юм.
Замын-Үүдэд японы цэргийг оруулах төлөвлөгөөг дотоодын хамгаалах газрынхан илрүүлж, зөвлөлтийн улаан армийн танкийн бригадыг ирүүлж, ангийн дарга Жамъянжавыг баривчилсан. Дарьжав Улаанбаатар дахь 1-р дивизийг хөдөлгөж, 1937 оны 11-р срын 15-нд зөвлөлтийн эсрэг бослого гаргахаар төлөвлөж байсныг дотоодыг хамгаалах газрынхан олж мэдэж, дор нь баривчилсан. Цэргийн Яамны Сайд Дэмид 1937 оны долдугаар сард Москвад уригдаж очих замдаа Сибирийн төмөр замын галт тэрэгний буудал дээр дагалдан явьаа өөрсдийн хүмүүстээ хорлогдож алуусан. Цэргийн Ерөнхий штабын дарг Малж баричвлагдаж буудуулсан гэжээ.
Тэрчлэн Бямбааг ашиглаж Монгол улс руу ухуулга таниулга хийх тал дээр их тус нэмэр болно гэж үзнэ. Энэ талаар төвийн байгууллага сайн боловсруулах хэрэгтэй байна гэж санал тавьж илтгэжээ. Бямбааг 1938 оны арвадугаар сарны 9-нд Цанцуньд хүргэжээ. Түүнээс хойш Бямбаа японы талд
мэдүүлэг өгснийг болон японы тагнуулын байгууллага түүнийг хэрхэн ашиглсан нь тодорхойгүй ажээ. Тэрвээр хэрэв Манжуурт хүргэгдвэл япончууд Зөвлөлтийн консулд өгчихөөс тун их айж, өөр хотод хүргэхийг япончуудаас удаа дараа гуйжээ.
Бямбаа гэгч ийм л нэгэн. Түүний япончуудад өгсөн “илэн далангүй” мэдүүлгээс үзэхэд Бямбаа гэгч нь эх орноосоо урвагч болох нь илт байна. Японы тагнуулын байгууллагын архивын материал ч бэлхнээ баталж байна. яалтай ч Бямбаа “баатар” хүн огт биш. Милитарист японы цэрэг хятадыг эзлэн авч, улмаар БНМАУ-ыг түрэмгийлэн эзэлвээс Бямбаа чухм ямаршуухан дүр төрхөөр буцаниржг чин сэтгэл гаргаж, ЯПоны цэрэгт морь нохой мэт хэрхэн үнэнч шудрага зүтгэх байсныг хэн мэдлээ.
Цаг өөрчлөгдөхөд түүх өөрчлөгддөггүй юм. Жинхэнэ “монгол хүү” оюун ухаан, бие бялдар ид тэгшрэн гялалзаж явах идэрхэн 25 насандаа эх орноосоо оргож, дайсанд урвадаггүй юм. Харин эх орныхоо төлөө үхдэг юм. Бямбаа гэгчийн хар хэрэг өнөө ч бидэнд нэгийг хэлж, сануулаад байна. Ухаанд нь ухна ишиг шингэчихээгүй л юм бол бид нэгийг бодох л учиртай . “Тусгаар улс”-д өөрийн гэсэн “тусдаа” алын бодлого байдаг юм. Коммунист, капиталист ямар улс байхаас үл хамаарна.

Түүхээс сургамж авахаас биш түүхийг умартан мартaж яав ч болохгүй ээ.

У.Амарсайхан

No comments:

: