Монголын их сэтгэгч номч лам Зава Дамдин гавжийн 140 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд түүний төрсөн нутаг болох Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Дэлгэрийн Чойрын хийдийн дэргэдэх “Зава Дамдин” судар бичгийн хүрээлэн болон тус аймгийн иргэд хамтран олон ажил төлөвлөжээ. Зава Дамдин хувраг нь их сэтгэгч төдийгүй Буддын философийн томоохон төлөөлөгч бөгөөд Буддын гүн ухааны таван үндсэн ухааныг бүрэн эзэмшсэн хүн аж. Зава гэдэг нь түүний цол хэргэм нь үндсэн гэсэн утгатай түвд гаралтай үг юм байна. Түүний амьдрал, түүхийн талаар судалсан Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Монголын бурхны шашны их сургуулийн захирал, соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Сонинбаярын өгүүллийг дор нийтэлж байна.
Дэлгэрцогт сумын нутаг дахь Чойрын хийдэд Зава Дамдины шавь болох 20-иод лам одоогоор шавилан сууж ном айлтгадаг байна. Тэд энэ сарын 30-31-нд багшийнхаа ойд зориулан сүсэгтэн олныг хамруулсан их даллага хурж, мөн түүний хөшөөг залах ёслол зохион байгуулахаар болжээ. Үүний дараа буюу ирэх сарын 2-нд Улсын төв номын санд олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохионо. Үүнд Орос, Хятад, Канад, Австрали, Энэтхэг зэрэг орны эрдэмтэд болон манай шашны сургуулийн багш, хийдийн лам хуврагууд Зава Дамдины талаарх судалгаа шинжилгээний асуудлаар сонирхолтой илтгэлүүд тавьж хэлэлцэх аж. Мөн хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт эрдэмтэн, академич Ш.Бира, профессор Л.Хүрэлбаатар болон Улсын төв номын сангийн захирал, судлаач орчуулагч, сэтгүүлч Г.Аким нар энэ хуралд оролцох бөгөөд Түвдээс лам нар ирэхээр болжээ.
Унасан газар угаасан ус
Заваа Дамдин Түшээт хан аймгийн үйзэн гүний хошууны (Дайчин бэйсийн хошуу) Ахай сумын нутаг Дарцагтын Эмээлийн Цагаан хадны бууцанд эцэг Шагдар, эх Содномпил нарын гэрт мэндэлжээ. Одоогийн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутаг юм. Машид гарсан хэмээгч XҮ жарны Гал туулай жилийн цагаан сарын шинийн гуравны өлзий учрал бүрдсэн сайн өдөр мэндэлсэн байна. Энэ нь нийтийн тооллын 1867 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр тохиожээ. Дайчин бэйсийн хошууны сүүлчийн ноён Мөнх-Очирын үед Зава Дамдин амьдарч байсан юм. Зава Дамдин төрсөн нутгийнхаа уул Дарцагтын сан тахилгыг түвд хэлээр зохиож бичжээ. Зава Дамдины эцгийн ах лам Лувсанжинба нь Цахиуртын жасын хурлын гэсгүй байв. Зава Дамдины эх нь одоогийн Сүхбаатар аймгийн Уулбаян, Баяндэлгэр сумын гаралтай байна.
Шавийн эрдэм багшаас, Зулын гэрэл тосноос
Дайчин бэйсийн хошууны Хорины хамба лам гэж алдаршсан Лувсанбалдансанжаажав нь Зава Дамдиныг хүүхэд байхад сан тавьж угаасан бөгөөд түвд цагаан толгойн үсэг заасан анхных нь багш юм. Энэ Лувсанбалдансанжаажав Түвдийн XII далай лам Пэрэнлэйжамцын үед Түвдийн Балдан брайбүн хийдэд очиж Буддын гүн ухаан судлаад Равжамба мяндаг хүртэж байв. Түвдийн Үйзангийн олон нандин газруудад эргэл мөргөл хийж Энэтхэгийн Доржданд хүрч бурхан багшийн гэгээрлийн хутаг олсон газар Жадамбыг айлдсан гэж шавь нар нь ярьцгааж байсан. Хожим нь Зава Дамдин гуай өөрийнхөө ачит багш Лувсанбалдансанжаажавын намтар солдивыг зохиосон юм.
Тойн хувраг болсон нь
Зава Дамдин долоон насандаа өөрийн хошуу нутгийн Цахиуртын жаст сууж лам хувраг болжээ. Цахиуртын жасын гэсгүй ах лам Лувсанжинбаар уншлага заалгуулсны дээр ловон багш Лувсанбалдансанжаажаар түвд хэл бичиг заалгуулж Их хүрээний уншлагын аймгийн номуудыг бүрэн цээжилсэн байна. Анхлан шавилан сууж лам болсон хийд Цахиуртын жас нь Дайчин бэйсийн хошууны Эрдэнэ-Ахай сумын нутагт Халх-Өөлдийн дайн самууны үед өндөр гэгээний ар гэр, ахан дүүс, хүрээ хийд нь Бага газрын чулууны орчим нүүж суурьшиж байсан түүхтэй. Тэр үед өндөр гэгээний авай ээж Цахиуртын жасыг үндэслэн байгуулсан юм. Өндөр Гэгээний түүхтэй салшгүй холбоотой Авай ээжийн жас, Далай ээжийн жас Дундговь аймгийн Дэлгэрцогт сум, Адаацаг сум, Төв аймгийн Баянбараат сумдын нутагт байна. Авай ээжийн жас буюу Цахиуртын жасын түвд нэр нь Дорждамба гэдэг байв. Зава Дамдин гуай анх лам болж хуралд хурсан газар гэж хожим хойноо Цахиуртын жас дээр олон дахин морилж байсан байна.
Их хүрээнд ном үзсэн нь
Өөрийн багш Лувсанбалдансанжаажавын зөвлөсний дагуу Их хүрээний гүн ухааны ном судалдаг гол сургуулийн нэг Гунгаачойлин дацанд шавилан суусан юм. Их хүрээний Тойсамлингийн аймагт сууж Гунгаачойлин дацанд цанид чойрын гүн ухааны ном судалсан. Их хүрээний хувилгааны аймгийн цорж Жигжидээр учир шалтгааны ухааны үндэс болсон Дүйрааг заалгасан байна. Их хүрээнд байхдаа гавж Лувсандаш, гавж Балдандорж нараар учир шалтгааны ухаан, билиг барамидийн гүн ухааныг хөтлүүлэн заалгажээ. Амдо нарын аймгийн Агваанринчин, Эрхэмийн аймгийн аграмба Минжүүрдорж, Боржигон Жамц, Жаддүвдандар аграмба нарын зэрэг их хүрээний алдартай номын мэргэдээр гүн ухааны номыг хөтлүүлэн заалгаж суралцсан байна. 1905 онд их хүрээний Гунгаачойлин дацанд гавжийн дамжаа барьж гавж болсон байна. 1904 оны луу жил XIII Далай лам Түвдэнжамц их хүрээнд морилоход бараалхаж номын абшиг хүртсэн юм. Гавж болсны дараа Их хүрээний залуу лам нарт Буддын гүн ухаан зааж сургаж байв.
Ном зохиол туурвисан нь
Зава Дамдин гавж Төвд хэлээр 17 боть ном зохиосон юм. Түүний зохиолуудын дотор учир шалтгааны ухаан, билиг барамидын гүн ухааны зохиолууд байна. Зава Дамдин гуай “Хорчойнжун” хэмээх түүхийн зохиолоо бичихийн өмнө бэлтгэл болгож хураангуйлсан “Номын лавай мишээсний дуун эгшиг” хэмээх үндэс зохиолоо туурвижээ. Энэхүү үндэс зохиолдоо тулгуурлан “Хорчойнжун” зохиолоо 1931 онд бичиж дуусгасан байна. Энэхүү “Хорчойнжун” номыг гадаад, дотоодын эрдэмтэн мэргэд сонирхон үздэг юм. Түүний зохиолуудын нэг болох “Их нигүүлсэхүйн магтаал” гэдэг номыг XIҮ Далай лам үзэж, болгоон таалж сайшааж байжээ.
Дэлгэрийн Чойрыг байгуулсан нь
Дайчин бэйсийн хошууны гол хийд болох Их жасын чойрын дацангийн лам нар салж нүүн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутаг Хөшөөн тал, Сэнжит халтарын ууланд түр суурьшиж байсныг Зава Дамдин гавж 1918 онд Дэлгэрцогт уулын энгэрт газар сонгож нүүлгэн шинээр цогцлоон байгуулсан юм. Орон нутагтаа Дэлгэрийн чойр гэж алдаршсан Дашчойжирлон хийдийг ҮIII Богд Живзундамбад айлтгасан Чойеинодсэллин гэдэг нэр хайрлаж мөрдөж явах жаяг зохиож өгсөн байдаг. Зава Дамдин гавжийн төрөлх нутагтаа үндэслэн байгуулсан Дэлгэрийн чойрын хийд 1937 он хүртэл 20 шахам жилийн дотор өргөжин тэлж буддын гүн ухаан судалдаг цанид чойрын дацан, тарнийн гүн ухааны онолыг судалдаг жүд дацан, зурхайн гүн ухааныг судалдаг зурхайн дацан зэрэг олон эрдэм ухааны чиглэлээр сургалт явуулдаг дацангууд бүхий томоохон хийд болтлоо хөгжсөн байна.
Судар бичгийн хүрээлэнд ажилласан нь
Богд Хаант Монгол Улсын үед Монголын түүх бичиг зохиох эрдэмтдийн дунд Зава Дамдин гавж уригдан ирж ажиллаж байв. 1921 онд үндэс суурь нь тавигдсан Судар бичгийн хүрээлэнд Зава Дамдин гавжийг урьжээ. 1924 онд Судар бичгийн хүрээлэнд сул гишүүнээр Зава Дамдиныг сонгож байсан байна. Тэр үеийн Судар бичгийн хүрээлэнг толгойлж байсан Онходын Жамъян гүн, Сэцэн ханы Бат-Очир бичээч, Сутай уулын Мишиг абугай нарын зэрэг олон эрдэмтэдтэй хамт ажиллаж байв. 1924 онд Бүгд Найрамдах улс байгуулж Үндсэн хууль батлах үед Зава Дамдин гавжийг урилгаар оролцуулж байж. Монгол Улсын төрийн сүлд, далбааг хэлэлцэж батлахад Зава Дамдин гавжийн саналыг үндэслэж төрийн туг, сүлдэнд Алтан соёмбо үсэг оруулсан юм гэдгийг надад Мянгадын гэвш Сандаг гуай хуучилж байсан.
Гадаад, дотоодын эрдэмтэдтэй харилцаж байсан нь
Монгол Улсын Ерөнхий сайд байсан А.Амар гуайтай Судар бичгийн хүрээлэнд байхдаа танилцаж А.Амар гуай хүндэтгэн биширч шавь орсон байдаг. А.Амар сайд Судар бичгийн хүрээлэнгийн дарга байхдаа өөрийнхөө жасааг Зава Дамдин зэрэг лам нараар уншуулдаг байсан тухай Даяанч багш дурсдаг байв. Оросын монголч эрдэмтэн Владимирцов эрдэм шинжилгээ судалгааны ажлаар 1920-иод оны үед хүрээнд ирж Цэвээнжамсранов зэрэг Судар бичгийн хүрээлэнгийн эрдэмтэдтэй уулзах үед Зава Дамдин гавжтай танилцсан байна. Оросын дорно дахин судлаач, гүн ухаантан Шербатскотой Зава Дамдин гавж судар ном солилцдог өргөн харилцаатай байсан бөгөөд Шербатскотойн шавь Тубянский Судар бичгийн хүрээлэнд 1930-аад оны үед ажиллаж байхдаа Зава Дамдин гавжтай дотно харилцаа тогтоон “Севервений Монголия” сэтгүүлд Зава Дамдины түүхийн зохиолуудын талаар судалгааны өгүүлэл хэвлүүлсэн юм. 1920-иод оны үед Түвдээс ирсэн Дарма Лочинлхаарамбатай танилцаж ном эрдмийн харилцаатай байв. Буриадын Агваан лхаарамбатай ном эрдмийн нягт холбоотой байсан бөгөөд Зава Дамдины түүхийн зохиол “Хорчойнжун” номонд гарч байгаа зарим зүйлийг тодруулж асуусан баримт байдаг. Зава Дамдин гавж Да хүрээнд сууж байхдаа хүрээний гавж аграмба нарт дуун ухаан гэж алдаршсан эртний Энэтхэгийн санскрит хэлний зүй зааж байжээ.
Таалал төгссөн нь
Зава Дамдин гавжийн бие лагшин 1936 оны үеэс чилээрхсэн юм. Энэ үедээ Да хүрээнд байсан Дайфу хэмээх хятад эмнэлэгт биеэ үзүүлж сувилуулдаг байв. Нэг удаа Гандан хүрээнд Майдар эргэж байгааг дуулаад бараа бологч нартаа хэлж би энэ удаагийн Майдарт мөргөх ёстой юм шүү гэж. Их хүрээний Майдар уламжлалаараа эргэж байх үед Зава Дамдин гавж тосон хадаг өргөн дөхөж ойртоход Хүрээ Майдар түр зогсож Зава Дамдин гуай Майдар бурханд мөргөж “Донба лана” уншин адис авсны дараа Майдар эргэж явсныг түүний шавь нар дурсан ярьцгаадаг. Мөн өөрийн дотны бараа бологч шавь нартаа ярихдаа Сүнгийн анги лам бид хоёр Майдарын оронд төрөх ерөөлийг их тавьсан, би удахгүй явах цаг болсон гэж байв. Шадар бараа бологч нартаа гэрээслэн захисан нэг үг байдаг юм. Намайг өнгөрсний дараа миний цогцсыг миний байгуулсан хийд Дэлгэрийн чойрын баруухантай байдаг Цамын-Ус гэдэг газар би залуу цагтаа тэнд дөрвөн хүнийг гэлэн болгосон юмсан, тэнд тавьж хайлна бизд ээ гэж айлджээ. Гэрээс ёсоор тэмээ тэргэнд шарилыг нь ачаад шавь нар нь авч явсан үед Дотоод яамнаас баривчлахаар ирсэн байдаг.
Зава Дамдины байгуулсан Дэлгэрийн Чойр дахин сэргэсэн нь
1990 оны эхээр хуучин Дэлгэрийн чойр дээр хэсэг лам хуврагууд Чойрын суурин дээр хурлаа дахин сэргээн гаргасан юм. Энэ өвгөчүүлийн дотор уран Гэнпил, уран Мятав нар голлон хөөцөлдөж хурлаа сэргээсэн байдаг. Зава Дамдин гавжийн өргөө гэр, ном судар, бусад зүйлсийг Гэнпил уул хаданд нууж байснаа хуралдаа гаргаж тавьсан байна. 1990 оны эхээр хөдөө орон нутагт хурал ном дахин сэргэх үед хамгийн анх Дэлгэрийн чойрт Майдар эргэсэн юм. Одоо Зава Дамдин гуай зарлиг номыг сонсож явсан настай хоёр, гуравхан хүний нэг Дэлгэрцогт сумын иргэн, эдүгээ 90 гаран насыг зооглож яваа Дагвадорж гуай юм.
Зава Дамдины зохиол бүтээлийн судалгаа
Монголын түүхий сурвалж бичгүүдийн дотор нэлээд алдартай түүхийн ном “Хорчойнжун” судрыг 1940, 1950-иад оны үед түвдэч Ишсамбуу, гавж Цэвэгийн Дорж нар монгол хэлнээ орчуулсан байна. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, академич Ш.Бира гуай Зава Дамдины “Хорчойнжун” судрыг шинжлэх ухааны үүднээс судалж 1960-аад оны эхээр эрдмийн зэрэг хамгаалсан юм. Энэ бол Монголын эрдэмтдийн дотроос Зава Дамдины “Хорчойнжун” зохиолыг судалсан анхны тохиолдол. Орос хэлнээ Зава Дамдины “Алтан дэвтэр” хэмээх номыг 1960 оны эхээр хэвлүүлжээ. 1990-ээд оны эхээр сэтгүүлч До.Чулуунбаатар Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутаг Дэлгэрийн чойрын суурин дээр очин Гэнпил гуайгаас ярилцлага авч Монгол телевизээр нэвтрүүлж байсан. 1996 онд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул М.Бум-Аюуш, Л.Мөнх-Очир, Н.Даариймаа, Адаацаг сумын уугуул Х.Нямбуу, Дорнодын Матад сумын Г.Аким нарын хамт мөхөс миний бие “Зава Дамдин сан”-г байгуулж 1997 онд Дундговьд Зава Дамдины мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглүүлж байв. Энэ ойд зориулж миний бие Зава Дамдины намтрыг түвд хэлнээс орчуулж гаргасан.
No comments:
Post a Comment