Sunday, March 29, 2009

УУЛЫН БҮРГЭД Ч УЙЛДАГ


Зургаан буудалд хүү Сэр-Од, охин Чулуунцэцэг хоёр дээрээ буй Сугарын Сосор гуайд Тагнуулын Төв Газрын архивын дарга хурандаа Я.Батсуурь саяхны нэг өдөр очиж, 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчны үнэмлэх гардуулж өглөө. Намайг “хамт очих уу?” гэхэд нь дуртайяа зөвшөөрсөн юм. Тагнуулын төв газар чөлөөлөх дайны ялалын 50 жилийн ойг угтаж, МУ-ынхаа тусгаар тогтнолын төлөө хилийн чанадад үүрэг гүйцэтгэж явсан ахмад дайчин-тагнуулчдаа эргэн тойрч, дурсамж яриаг нь хуучлуулж, видео хальсанд дүр зургийг нь буулгаж авч байгаа юм байна. Монголын ахмад тагнуулчид даанч цөөрч байгаа билээ. Амьдаас нь амжиж үг сонсоно гэдэг улсын аюулгүй байдлыг хангах байгууллагын түүхийг баяжуулах, дайчин замналыг нь тодруулахад яалт ч үгүй буянтай үйлс мөнөөс мөн. Сосор гуай тун өндөр настай болжээ. Ер гарч буй юм байна. Эрийг нас, уулыг цас даржээ. Хий л баярлаж Батсуурь хурандаагийн гардуулж өгсөн ахмад дайчны гал улаан хавтастай үнэмлэхийг чангаар үнсч, адис аваад мэгштэл уяран уйлж байлаа. Өвгөний уруул л хөдөлнө. Тэгтлээ юу өгүүлэх нь үл сонсогдоно. Дэлгэр зуны цаг гэхэд гэртээ хөвөнтэй дээл, хөнжлөөрбитүү хучуулж, даарч бээрч суух нь өрөвдөлтэй. Нас өтлөхөөр илчээ алддаг ажээ. Хаа хаагуур нь хөндийн салхи сийгэж, хамаг биеийг нь сийгүүлдэг бололтой. Хөөрхий өвөө, тийм байгаагүй л байж таараа. Идэрхэн насандаа эх орныхоо аюулгүй байдлын төлөө хүчин зүтгэсэн нэгэн. МУ-ын Тагнуулын төв газраас С.Сосор гуайн талаар гаргасан лавлагаа тодорхойлолтыг сонсоё.

Сугар овогтой Сосор. 1900-гаад оны хуучин Түшээ гүний хошуу, одоогийн Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг Цагаан дэрс гэдэг газар төржээ. Бага насаа эцэг, эхийн гар дээр өнгөрөөж, 13-тайдаа лам болж, Улаан Эрэгийн хийдэд шавилан сууж байгаад 19 настайдаа хар болж гэр малын ажил эрхлэн амьдрах болжээ. Цэргийн албанд татагдсан боловч өвчний учир чөлөөлөгдсөн байна. 1941-1942 онд Хилийн дөрөвдүгээр заставт салбарын эрхлэгч, 1943 онд Номгон сумын хоёрдугаар багийн дарга хийжээ. 1944 оны 3-р сарын 23-ы өдөр хязгаарын цэргийн наймдугаар отрядын тавдугаар тасгаас Сугарын Сосорыг тагнуулын ажилд оролцуулж, 1949 он хүртэл гадаад улсын Дунд ГҮний хошууны Ар Хорчин сумын нутагт 20 гаруй удаа тагнуулын тусгай даалгавартай явуулж гадаад суурин нууц “Ноён уул”, “Цагаан гол”, “Дурсгалт”, “Туяа”, “Цогтбаатар” нартай удаа дараа холбоо бариулж, тэднийг анхалж судлах, хил дээр дагуулж авчрах, “нууц”-д элсүүлэх ажлыг гагцхүү Сосороор дамжуулж гүйцэтгэжээ. Улсыг Аюулаас хамгаалах байгууллагын даалгавраар Дунд Гүний хошууны дотор явагдаж буй ажил явуулга, япон, гоминданы тагнуулын үйл ажиллагаа, зохион байгуулалт, арга тактик, нутгийн ард түмний санал сэтгэгдэл, зан байдал, тогтвор суурьшил, цэрэг зэвсэг, харуул хамгаалалтын 100 гаруй ашиг сонирхолтой, хэзээ ч ямар ч үед үүрэг даалгавар биелүүлдэг онцгой сайн “нууц” байлаа.
Сосор 1944 онд нэг удаа, 1945 онд долоон удаа, 1946 онд дөрвөн удаа, 1947 онд гурван удаа, 1948 онд дөрвөн удаа, 1949 онд хоёр удаа гадаадад явж тагнуулын үүрэг даалгавар гүйцэтгэжээ. Тухайн үед үүрэг даалгавар сайн биелүүлсний учир тэнзэн ташуур, цагаан гурил, дээлийн даавуу зэргээр найман удаа хөхүүлэн шагнагджээ. Тэрбээр 1945 онд урьдын Дунд гүний хошууны харъяат Чойжав, Альшаагийн Гурван Тойноор нутаглаж байсан халхын оргодол Цагаан, Даваа нарыг баривчлж авчрах Дунд гүний хошууны туслах Баатартай уулзаж судалж, улмаар “нууц”-д элсүүлэх даалгаварыг амжилттай биелүүлсэн болно” гэжээ.
Сосор гуайн тагнуулчны гавьяаг сонирхож, улсыг аюулаас хамгаалах байгууллагын архивт хадгалагдаж буй түүний “ажлын хэрэг”-ийн шарласан зарим хуудаснаас сөхье.
1944 оны 9-р сарын 28. Аравдугаар сарын таван хүртэл үүрэг гүйцэтгэхдээ урьдын Дунд гүний хошууны нутагт буй Монголоос очсон оргодлууд хаагуур нутаглаж буй, тэдний санал сэтгэгдэл ямаршуу байгааг судлах зорилгоор явжээ. Тэрбээр өгсөн мэдээндээ, “Япон, цахар цэргүүд хэсүүчлэн явж, айл хунар, нутгийн хүн ардыг айлган сүрдүүлж дээрэмдэх нь их болжээ. Гоминданы 200 гаруй цэрэг ирж, Хангай Нөөж, Өлзийт зэрэг газрын эзэлж авсан байна. МУ-тай санаа сэтгэл нийлдэг сэжигтэй улсыг алж хороон устгах болжээ. Хошууг хамгаалж байсан монгол үндэстэн цэргүүд хүчинд түрэгдэж зугтан явжээ. Мөн гоминданы цэргүүд япончуудтай байлдаж байна. Нутгийн хүмүүс үймээн самуунаас Халхын оргодол Дагжид, Гүнжав, “одон” Дугар зэрэг айл байна” гэжээ.
1945 оны 2-р 24. “Урьдын Дунд гүний хошууны нутаг Бумба Цагаан гол гэдэг газар Шагж гэдгээр толгойлуулсан арав орчим цэрэг байна. Тэд япон винтовоор зэвсэглэсэн, хүн бүр тэмээн уналгатай, энэ хавийн ард олныг зэвсэгт дээрэмчдээс хамгаалж байгаа ажээ. Мөн хошууны Далан цэцэрлэг гэдэг газар Мөнжаваар толгойлуулсан арав орчим цэрэг байна. Япон винтовоор зэвсэглэжээ. Мөн Бөхтэй эмээл гэдэг газар суурьшиж буй гуч гаруй цэргийг Шамбий руу татна байх гэсэн яриатай. Хилийн ойр байсан худалдаачдыг нутгийн гүн рүү татжээ. Япончууд нутгийн иргэдийг нутаг орноос нь хөөж, газар нутаг, эд хөрөнгө, мал сүргийг нь дээрэмдэж авч байна. Дунд гүни хошууны Бөхтэйн хошуу гэгч бүрэн баларчээ. Ноён нь баригдаж байгаад суллагджээ. Тэр ноён суллагдаж ирсэн хойноо ард олноос албадан гоминданы цэргийн уналга, хоолыг гаргуулсан байна.
1945 оны 4-р сарын 23. Шамбий хавин тариачин хятадуудыг цэрэгт татаж байна. Буут хотын эргэн тойронд гоминданы цэргүүд бий гэнэ. Япончуудтай байлдаж тэднийг хөөхөөр бэлдэж буй ажээ. Бөхтэйд байсан гурван хэсэг цэргийн хоёр хэсэг цэргийг нь үлдээж, нэг хэсгийг нь цааш явуулах гэж байна. Шинжаан мужид саявтар газрын хар тосны томоохон уурхай нээгдсэн гэж ярьцгааж байна. Дунд гүний хошуунаас цэргийн хэрэгцээний зүйлийг нийлүүл гэдэг шахалтыг ард олон арай ядан биелүүлж байна. Үүний хажуугаар дээрэм их дэлгэрчээ. Орон нутагт Японд тусалдаг, тэдний тагнуул гэсэн сэжигтэй хүмүүсийг баривчилж, байцааж алж байна. Хулгай дээрмийн мөрөөс дайжсан ардууд манай хил рүү дүрвэх явдал их байна.
1945 оны 6-р сарын 10. Урьдын Дунд гүний харъяат Чойжавтай холбоо барихаар явжээ. Нутаглаж байсан газраар нь очиход нүүсэн байв. Нүүдлийн мөрийг хөөж явсаар олж очвол Чойжавыг хошууны цэрэгт дуудаж явсан байх тул уулзаж чадсангүй иржээ. Тус хошуу нас харгалзахгүйгээр цэрэг татаж, 300 гаруй цэрэг хуримтлуулжээ. Тэд нутгийн зүүн хилийг харгалзах юм гэнэ. Өөрсдийн хүнс, уналгатай иржээ. Японы цэргүүд гоминданыхантай байлдаж, гоминданууд ялж, хавийн суурингуудыг эзэлж авчээ. Бас Бумбацагаан гол, Далан Цэцэрлэг зэрэг газар байсан монгол цэргүүдийг буулгажээ. Уг газраар цэрэг байхгүй болсон байна. Тус хошуунаас мянга орчим тэмээг татварлан авч, оронд нь хар будаа өгсөнд ард олон их дургүйцэж байна. Хошууны ноён нь сэрүүн газрыг бараадаж, Хангайн Нөөжид суурьших сурагтай.
1945 оны 9-р сарын 9. Нутгийн ард Цэрэнг дагуулж ирэх даалгавартай явжээ. Цэрэнг эрж хайсаар олж очиж, хил дээр дагуулж сургууль хийлгэж байна. Манай сонирхож буй Чойжав арван цэрэг захирч, Улаан толгой гэдэг газар суух гэж байна. Дунд гүний хошууны шинэ ноён Шинуубал гэдэг хүн болжээ. Энэ хүн Японд нийлэхийг их хүсдэг, ноёны тушаасан бүхнийг үг дуугүй биелүүлдэг хүн юм. Мөн Даваа-Осор гэгч ард гаралтай хүн. Шамбийн ноёдод хээл хахууль өгч байгаа ажээ. Японд хөрөнгө булаагдсан тул түүндээ өширхөж, Шамбийн ноёдтой нийлж Японы талаар тэдэнд мэдээлж, улмаар хошуу нутгаасаа япончуудыг хөөж гаргасан хүн юм байна. Бараа таваар гадагш гаргадаггүй хэвээр байна. Зүүн Буут хот хавьд байлдаан зогсоогүй байна. Баг модны сүм дээр монгол угсааны арван цэрэг суух болжээ.
1945 оны 9-р сарын 26. Дунд гүний хошууны харъяат Чойжавыг хил дээр дагуулан авчрах даалгавартай явжээ. Эрж явсаар очвол Чойжав цэргээс ирээгүй, хэзээ ирэх нь тодорхойгүй, эхнэр нь саяхан эргэж очоод ирсэн байлаа. Нутгийн ардуудын дунд МУ-ын цэрэг Улаан оросын цэргийн хамт Батхаалгад ирж гэнэ. Одоо Армонголтойгоо нийлж Нэгдсэн Монгол улс байгуулах юм гэнэ, японыг бүрмөсөн дарсан гэнэ гэхчлэн яриатай, орос, монголын цэргийг талархаж байна. Хошуу ноён нь 10-р сард Гүмбэнд явахаар бэлтгэж байна. МУ-ын цэрэг их хүчтэй, бас номхон дөлгөөн улс байна гэнэ. Одоо л нэг Японы дарлалаас гарч, монголтойгоо нийлэх цаг ирэв гэж ард хотлоороо ярьцгааж байна. Дайн байлдааны цаг дуусав, бараа таваар элбэгших байх гэлцэнэ гэжээ.
Монголын тагнуулчин Сосорын дэлхийн 2-р дайны шувтарга буюу чөлөөлөх дайны төгсгөлийн жил гадаадын нутагт халхавчаар гарч тагнуулын тусгай үүрэг гүйцэтгэсэн долоон удаагийн явалтаас цухас дурдаж түүний олж ирсэн мэдээнээс өнгөцхөн хэсгийг уншигч танаа сонордуулав. Яаралгүй тайван уншиж буй танд нэг хүн Хятад улсад, Өвөрмонголд очсон, тэгээд буцаад ирсэн ердийн юм шиг санагдаж мэднэ. Тэр даанч тийм бишээ. Сосор гуай цаг биш мөч бүрт хутганы ирэн дээр явж ирсэн юм. Хүний нутагт, дайсны дунд орно гэдгийг тагнуулчаас өөр хэн ч ойлгож мэдэхгүй. Хилийн чанадад үүрэг гүйцэтгэсэн, үүрэг гүйцэтгүүлэхээр бэлдсэн “нууц”-аа гаргасан монгол улсын олон арван тагнуулчин, гүйцэтгэх ажилныг таньдаг, тэднийг мэддэг, үг яриаг нь сонсож байснаараа миний бие үнэнхүү бахархдаг юм. Аюулаас хамгаалах байгууллагын баялаг архиваас ч чамгүй зүйл олж үзэж, сонирхож мэдсээн. Гайхамшигтай юм даанч их байдаг юм. Зах зухаас нь МУ-ын аюулаас хамгаалах байгууллагын 50 жилийн ойгоор нийтлүүлж гаргасан “Элгэн халуун сэтгэл”, “Алс тэртээгээс”найруулал, тэмдэглэлийн хоёр номондоо бичиж үлдээсэн билээ. “Хоршоо” Дүгэр, “богино” Чилхаа нарын зэрэг жинхэнэ жирийн ард түмний дундаас төрж гарч, эх орныхоо төлөө чин зориг гаргаж зүтгэсэн олон арван тагнуулчны нэг нь Сосор гуай юм. Сосор гуай эх нутгийнхаа торгон хил дээр очиж, хүний нутгийн гүн рүү орохоор хөлөө тавимагц хамаг бие нь зарсхийдэг байснаа ярьж байна. Монголын тагнуулчид бүгд л тийм байсан юм билээ. Тэгэхлээр эх орон, харь нутаг гэдгийн хооронд ямаршуухан зай байна даа? Бодоцгоо. Сайтар бодоцгоо. Хүний нутгийн салхи нь үнэр нь байгаль нь хүртэлогт өөр байдаг ажээ. Сосор гуайг халхавчаар явсан гэж дээр хэлсэн. Халхавч гэдэг нь нууцлал “молиго” юм даа. Дайсныг молигодоход бас нарийн учир бий. Үнэмшихээр молигодох учиртай. Дайсан гэдэг биднээс ухаантай улс. Ухаантай улсыг молигодсон, ялсан хүмүүс л “ялалт байгуулсан” гэж ярьдаг юм. Сосор гуайн төрсөн эцэг Гүнчинсамба гэдэг хүн Өвөрмонголын нутагт амьдарч байжээ. Улаанцав аймагт байсан юм гэнэлээ. Ээжтэй нь албан ёсоор суугаагүй бололтой юм. Хүний амьдралд юу эс тохиолдохов. Эх нь Монголын, эцэг нь болох хүн Өвөрмонголын нутагт. Тийм нэгэн хувь заяатай эрийг Монголын тагнуулын байгууллага анхааралдаа авч, судалж, бас гүйцэтгэх ажлын нэгэн “операц” бэлтгэжээ. Эцэгтэйгээ уулзах нь хүүгийн эрх. Уг “эрх”-ийг аюулаас хамгаалахынхан ашиглаж, Сосор залууг Өвөрмонгол руу илгээхээр шийдэж бэлтгэжээ. Сосор ч учрыг сайтар ойлгож “Эх орны төлөө” л учиртай юм бол хүчин зүтгэхээс тэр ер татгалзаж хойш суусангүй. Тагнуулчин гэдэг тоглоом биш. Хүний хил алхаж нэг л сэжиглэгдвэл япон, гоминдан, тэдэнд “элэгтэй” монгол хүний гарт үхнэ. Сосор яваад эргэж ирсэнгүй, баригдсан, алагдсан гэснээр л бүх зүйл дуусна. Харин МУ-ын аюулаас хамгаалах байгууллагад буй түүний “хувийн” болон “ажлын” хэрэгт “үүрэгт ажлаа гүйцэтгэж яваад эргэж ирээгүй” гэсэн мөр л үлдэнэ. Тагнуулчин хүний хувь тавилан тийм болой. Эр зоригийнхоо, овсгоо самбааныхаа хүчээр Сосор тагнуулчин эсэн мэнд амьд үлджээ. Эр зориг, овсгоо самбаа жинхэн тагнуулчин хүнд заяадаг юм. Сосор гуайн хүү Сэр-Од өгүүлэх нь:
Аав шудрага зантай хүн. Мэхлэх залилахыг үзэн ядна. Болохгүй бүтэхгүйд дургүй. Ан сайн хийнэ. Буу сайн буудна. Овсгоотой, тэрүүхэндээ хөөрхөн хөдөлгөөнтэй хүн байжээ. Хоргой, тамхины наймаа хийж, контрбандын хэргээр гуч, дөчөөд онд шоронд хүртэл орсон юм билээ. Угтаа өнөөгийн наймаачдын л ажил байжээ. Мөрч хүндээ. Газар орноо нүхэлсэн юм билээ. Өмнөговьд байхад хилийн отрядынхан үе үе ирж аавыг газарчнаар, газар орны байдлыг хэлүүлж тодруулахаар аваад явчихдаг байсан юм. Тагнуулчин ажлаа больж, насан өндөр болсон хойноо хилийн заставын газарчин, хилчдэд туслах сайн дурын группын гишүүнээр мөн ч олон жил ажилласан даа. Жигмэд ахын 5-6 настай охин алга болчихсон. Аашилж загнахаар нь зугтчихсан юм билээ. Эцэг эхийнх нь үнхэлцэг хагарчих шахсан. Аавд хандсан юм. Олигтой мөр ер байгаагүй. Аав хадан дээрээс нэг юм олж харах шиг болсон. Хүмүүс хаднаас юу ч олж хараагүй юм. Тэгтэл аав хадан дээр үлдээсэн охины үл ажиглагдах мөрийг олж харсан юм билээ. Тэгээд л явсан. Сүүлд хэлэхнээ чулуу хөдөлгөж явсан хүүхдийн мөрийг ажжээ. Тэгж охиныг олсон юм. Сүүлд заставын хоёр байлдагч алга болчихлоо. Тэмээтэйгээ харанхуй шөнө явжээ. Тэмээнийхээ бөхнөөс “АК” автомат, ротын пулемёт, кодын үг бүхийн цүнхээ өлгөчихөөд явж байжээ. Тамхиа асаахаар шүдэнз зурахад тэмээ нь туйлж тавраад арилаад өгчээ. Байлдагчид тэмээнээсээ унаж хоцроод яах ч учраа үл олж, тэмээнүүд чухам хаашаа явсныг мэдэж чадалгүй хоцорчээ. Цөхрөнгөө батрал эрж хайгаад, эцэст нь застав дээрээ ирж болсон явдлыг ярьжээ. Заставынхан аавд хандсан байна. Аав мөрийг нь “шиншилж” тэмээ хил даваад явсан болохыг хэлжээ. Үнэхээр хил давчихсан байжээ. Хятадууд тэмээг нь хэд хоногийн дараа “оллоо” гээд буцааж өгчээ. Автомат, пулемётыг нь ширхэгчлэн задлаж үзсэн нь тогтоогджээ. Хятадууд бас овсгоо гаргажээ…
Сосор гуай тагнуулчнаа болиод хилчин болсон юмсан. Тэрбээр үнэхээр ихийг үзсэн баян тансаг түүхтэй нэгэн. Өвөрмонголын ноён Дэмчигдонровыг монголд орж ирэхэд дагалдаж явсан тухай аюулаас хамгаалахын нөхдөөс сураг сонссоноо Сосор гуайн хүү Сэр-Одоос лавлаж сонирхсонд “аав ярьдаг юм… ярьдаг ч гэж дээ, би шалж гуйж байж товчхон яриулсан юм. Түүнээс биш хилийн чанадад ажиллаж байсан тухайгаа юу ч ярьдаггүй, биднийг шалахаар “тийм юм бий нь бий, тэгэхдээ та нарт огт хамаагүй ажил” гээд халгаадаггүй байлаа. Дэмчигдонровын талаар намайг шалаад болохгүй болохоор нэг удаа “1949 онд юм. Өвөрмонголын Баян шандын хийдэд Өвөрмонголын хошуудын бүх ноёд цугларсан юм. Ар монголтой нийлэх асуудлыг авч хэлэлцэн манай нутаг руу ирхээр болсон юм билээ. Ирүүлэх арга замыг нь ч манай тал зориуд үнэмшүүлж хийсэн байх. 10-р сард санагдана. Хилийн 8-р отрядаас төлөөлөгчийг малын эрлээр яваа хүний халхавчаар Өвөрмонголд илгээсэн. Тэгэхэд би газарчилж хамт явсан юм. Агуйт, Цагаан дэлийн заставын чиглэлээр Дэмчигдонров тэргүүтэй монголын ноёдыг дагуулж, МУ-ын нутагт оруулж ирсэн. Дэмчигдонров гэдэг нь суудал дүүрэн сайхан эр байсан. Тэд тун баяр хөөртэй явсан юм. Замын туршид үргэлж дуу дуулаад их өндөр сэтгэгдэлтэй явсан. Дэмчигдонров хар хүрэн дээлтэй, ногоон бажгар дурдан бүстэй, хүрэн бор зузаан царайтай, үе үехэн исгэрч уртын сайхан дуу дуулсан хүн байсан юм. Өвөрмонголын том жижиг олон ноён түүнийг дагалдаж явсан Цогчин дуганд Дэмчигдонров өөрөө морилж явсан. Дэмчигдонров маш гоё том эмээл тохож явсан юмдаг. Эмээл нь ясан хяртай, мөнгөн тоногтой, оюу шигтгэсэн, пааландсан юм шиг гялалзсан, холбоотой хоёр ган дөрөөтэй байсан юм. Тэр сайхан том эмээлд Дэмчигдонров ноён багтаж ядаж явсан. Үнэхээр лагс, бие хаа сайтай, жинхэнэ сайхан зузаан бор монгол эр байлаа. Дэмчигдонров ноёны тэр сайхан эмээл Өмнөговийн Цогтцэций сумын "хангал” Аюуш гэдэг адуучинд бий гэж аав ярьдаг юм. Аюуш гуай эдүгээ ная гарсан Цогтцэций суманд эсэн мэнд дуулддаг. Манай өвөө Сугар угийн малчин эр. “Сангийн далай” нэгдлийн анхны гишүүн. Үхэр, адуу, тэмээ нийлсэн 400-гаад мал нэгдэлд нийгэмчилсэн юм билээ.”Ардчилал”-ын хувьчлалаар хоёр тэмээ, таван ямаа л маньд оногдсон. Аав дөрвөн эхнэрийн 14 хүүхэдтэй хүндээ. 1956 онд бурхан болсон Содном эхнэрийнх нь хүү, охин хоёр нь Чулуунцэцэг эгч бид хоёр юм. Өөр эхнэрийнх нь хүүхдүүдээс 70 шахсан хөгшин хүртэл нутагтаа бий. Сугар өвөө маань хувийн мал ихтэй байсан хүндээ. “Сөөнгө” Сугар гэхээр нутгийнхан бүгд анхдахгүй ээ. Аав маань эхээсээ дөрөв, тавуулаа. Өөрөө хамгийн том нь. Жигмэд, Цогбат, Жаалдуу гээд дүүтэй. Нэг охин дүү нь нүүдлээр төөрчихөөд олдоогүй юм гэнэлээ. Жигмэд, Цогбат хоёр нь амьд сэрүүн. Цогбат ах Номгон сумандаа тэтгэвэртээ сууж байгаа. ЗХУ-ын Тамбов хотод эсгий үйлдвэрийн мэргэжил эзэмшсэн, эсгий үйлдвэрийн хэргээр 1937 онд хэлмэгдээд хожим нь цагаатгагдсан юм. Жигмэд ах уурхайн өрмийн мастер мэргэжилтэй. Худалдааны агент олон жил хийсэн хүн л дээ. Одоо тэтгэвэртээ. Аав дөчөн жилийн ойн медальтай. Сайн ажиллаж, нэгдэл нь зардлаараа улсын наадам үзүүлж байсан юм. Миний хувьд гэвэл малын эмчийн мэргэжилтэй, эдүгээ хүрээлэнд ажиллаж, завсар зайгаар нь хүрээлэнгээс ажилтнууддаа авч өгсөн газар дээр идэшний ногоо тарьж, Чулуунцэцэг эгчтэйгээ ханьсан түүний зөвлөлгөөгөөр ажиллаж байна. Эгч минь галуу үржүүлж, төрөл бүрийн идэшний ногоо, галууны өндөгтэй давгүй сайхан амьдарч зах зээлд айлын зэрэгтэй айлууд явж байна. Хөдлөхгүй, хөдөлмөрлөхгүй бол зах зээлд дан ганц конторын ажил, албаны хэдэн төгрөгөөр амьдрах аргагүй боллоо. Аавын хөдөлмөрч, санасандаа хүрэхийн төлөө чармайдаг зан үр хүүхэд бидэнд нөлөөлсөндөө. Ач, зээ, гуч нарт нь ч нөлөөлж байх шиг байна. Аав байшинд байж чадахгүй юмаа. Миний гэрт, эрүүл агаар, задгай дэлгэр байх л дуртай даа. Даанч нас өндөр болчихож. Босч явж тэгтлээ чадахгүй, тэнхээ нь үнэнхүү барагдаж байна. Гэлээ гэхдээ нүднийх нь гал цог огт буураагүй ээ” гэлээ.
Үнэхээр Сосор өвөөгийн нүдний гал цог огт буураагүй байна. Тэрбээр бүхнийг нүдээрээ ярьж, нүдээрээ хэлж байлаа. Намайг ойртож суухыг Сосор өвөө нүдээрээ надад хэлэв. Бүр орон дээр нь бүр ойртож суугаад чихэнд нь уруулаа тулгаж, ахмад дайчны үнэмлэх гардаж авч, сэтгэл нь нэн хөдөлж буйг харж мэдсэн болохоор “танд юу бодогдож байна даа өвөө” гэсэнд Сосор өвөө миний хэлснийг тод сонссон бололтой нүд нь улам тод гялалзсанаа тэр дороо нүднийх нь цөцгий нулимсаар битүү дүүрч, ам нь үл мэдэг хөдөлж, уруул нь омголзон, “би, би, би …Би Монгол улсынхаа төлөө л бодож явлаа шүү дээ” гээд нялх хүүхэд шиг мэгштэл уйлахад МУ-ын тагнуулчныг дагаад гэрт байсан бидний хэдэн хүн өөрийн эрхгүй нулимсаа барьж чадалгүй мэлтэлзүүлж бие биесээ үг дуугаралгүй ширтлээ. Уулын бүргэд ч насны эцэст уйланхай уярамтгай болдог юмсанжээ.

У.Амарсайхан
1995 он

No comments:

: